- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын гаалийн тарифын тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь, хэмжээг тогтоох зарчим, гаалийн үнийг тодорхойлох, гаалийн татвар ногдуулах, барагдуулахад дагаж мөрдөх журмыг тогтооход оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын гаалийн тарифын хууль тогтоомж
1.Монгол Улсын Гаалийн тарифын хууль тогтоомж нь Гаалийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
1.Энэ хуульд:
1/"гаалийн татвар" гэж барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд энэ хууль болон Гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ;
2/"бусад татвар" гэж энэ хуулиас бусад хуульд заасны дагуу татвар төлөгчөөс гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ;
3/"татвар төлөгч" гэж гаалийн байгууллагад бараа мэдүүлэгчийг хэлнэ;
4/"гаалийн үнэ" гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистикийн мэдээлэл гаргах зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлогдох үнийг хэлнэ;
5/"гаалийн тариф" гэж гаалийн татварын хувь, хэмжээг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн ангиллын дагуу эмхтгэн тогтоосон сүлжээг хэлнэ;
6/"хүмүүнлэг тусламжийн бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах өөр бусад гамшигийн улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулж илгээсэн барааг хэлнэ;
7/"буцалтгүй тусламжийн бараа" гэж Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хариу төлбөргүй илгээж буй барааг хэлнэ.
2.Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томъёог Монгол Улсын Гаалийн тухай хуульд тайлбарласан утгаар ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гаалийн тарифын тогтолцоо
4 дүгээр зүйл.Гаалийн тарифын тогтолцоо
1.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн тарифын дагуу гаалийн татвар ногдуулна. Гаалийн татварыг гаалийн үнийг үндэслэн тооцно.
2.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн тарифыг Монгол Улсын Их Хурал батална.
3.Гаалийн тариф нь ердийн, нэн тааламжтай, хөнгөлөлттэй хувь, хэмжээнээс бүрдэнэ.
4.Монгол Улсад үндэсний нэн тааламжтай нөхцөл олгодог улсын гарал үүсэлтэй бараанд гаалийн тарифын нэн тааламжтай хувь, хэмжээ хэрэглэж болно.
5.Монгол Улсад тарифын хөнгөлөлт үзүүлдэг улсын гарал үүсэлтэй бараанд гаалийн тарифын хөнгөлөлттэй хувь, хэмжээ хэрэглэж болно.
6.Энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаас бусад улсын гарал үүсэлтэй бараанд гаалийн тарифын ердийн хувь, хэмжээ хэрэглэнэ. Гаалийн тарифын ердийн хувь, хэмжээ нь гаалийн тарифын нэн тааламжтай хувь, хэмжээнээс 2 дахин их байна.
7.Шаардлагатай бол Монгол Улсын Их Хурал эрх олгосноор Засгийн газар гаалийн тарифын хувь, хэмжээг өөрчилж болно.
8.Гаалийн тарифын хувь, хэмжээг тогтоох, бууруулах, нэмэгдүүлэх, гаалийн татвараас чөлөөлөхдөө тухайн барааны код, нэр төрлийг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн дагуу заана.
5 дугаар зүйл.Гаалийн тарифын зөвлөл
1.Гаалийн татварын бодлогыг боловсруулах, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох, нэмэгдэл татвар ногдуулахтай холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Гаалийн тарифын орон тооны бус зөвлөл ажиллана.
2.Монгол Улсын Засгийн газар Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг тогтоож, дүрмийг батална. Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдана.
3.Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо гааль, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас гадна эрдэмтэд, судлаачид, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг харгалзан үзнэ.
6 дугаар зүйл.Гаалийн татварын хувь, хэмжээг бууруулах, нэмэгдүүлэх
1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Гаалийн тарифын зөвлөлийн саналын дагуу Монгол Улсын Засгийн газар гаалийн тарифын хувь, хэмжээг дараахь байдлаар өөрчлөн зохицуулж болно:
1/зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулахтай уялдуулан тодорхой нэр төрлийн барааны гаалийн татварын хувь, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах;
2/зарим нэр төрлийн барааны импортыг зохистой байлгах, дотоод зах зээлийн оновчтой бүтцийг бүрдүүлэх зорилгоор гаалийн татварын хувь, хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх;
3/эдийн засгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын зарим бүс нутагт оруулж ашиглах, уг бүс нутгаас гаргах тодорхой нэр төрлийн барааны гаалийн татварын хувь, хэмжээг өөрчлөх;
4/хүн амын өдөр тутмын хэрэглээний зарим нэр төрлийн барааны улирлын эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан гаалийн татварын хувь, хэмжээг түр хугацаа / 6 сар хүртэл/ -гаар өөрчлөх.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гаалийн татварын хувь, хэмжээг тогтоох хэлбэр, нэмэгдэл татвар ногдуулах
7 дугаар зүйл.Татварын хувь, хэмжээг тогтоох хэлбэр
1.Гаалийн татварын хувь, хэмжээг дор дурдсан хэлбэрээр тогтооно:
1/гаалийн үнээс хувиар;
2/барааны нэгжид мөнгөн илэрхийллээр;
3/энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасныг хослуулан.
8 дугаар зүйл.Нэмэгдэл татвар ногдуулах
1.Монгол Улсын Засгийн газар гаалийн татвараас гадна дор дурдсан нэмэгдэл татвар ногдуулж болно:
1/тусгай татвар;
2/демпингийн эсрэг татвар;
3/нөхөн төлөөсийн татвар.
2.Дор дурдсан нөхцөл байдал бүрдсэн байвал нэмэгдэл татвар ногдуулна:
1/дотоодын үйлдвэрлэгчдэд хохирол учруулсан, учруулж болзошгүй;
2/адилтгах барааны үйлдвэрлэлийг явуулах, өргөтгөхөд саад болох;
3/бусад улсаас Монгол Улсыг ялгаварлан гадуурхаж, эрх ашгийг нь хохироох.
3.Гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа бараа нь тоо хэмжээ, үнэ, бусад нөхцөлийн хувьд энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 3-т заасныг бүрдүүлж байгаа бол дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хариу арга хэмжээ авах зорилгоор тусгай татвар ногдуулна.
4.Гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааг экспортлогч орны ердийн үнээс хэт доогуур үнээр нийлүүлж, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасныг бүрдүүлж байгаа бол хамгаалалтын арга хэмжээ авах зорилгоор демпингийн эсрэг татвар ногдуулна.
5.Гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааг үйлдвэрлэх болон Монгол Улсад экспортлоход татаас авсан нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасныг бүрдүүлж байгаа бол нөхөн төлөөсийн татвар ногдуулна.
9 дүгээр зүйл.Нэмэгдэл татвар ногдуулах үндэслэл
Нэмэгдэл татвар ногдуулахын өмнө Гаалийн тарифын зөвлөл бий болсон нөхцөл байдлыг Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжийн дагуу шалгаж, үндэслэлийг гаргана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Гаалийн үнэ
10 дугаар зүйл.Гаалийн үнийг тодорхойлох арга
1.Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан аргыг дарааллын дагуу хэрэглэнэ:
1/хэлцлийн үнийн арга. Энэ арга нь импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга болно;
2/нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга;
3/ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;
4/ялгавар үнийн арга;
5/нийлбэр үнийн арга;
6/уялдуулан хэрэглэх арга. Энэ арга нь импортын барааны гаалийн үнийг тодорхойлох сүүлчийн арга болно.
2.Мэдүүлэгчийн хүсэлтээр энэ зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5-д заасан аргын дарааллыг сольж хэрэглэж болно.
3.Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлалыг Монгол Улсын Засгийн газар батална.
4.Экспортын барааны гаалийн үнийг франко-монгол улсын хилийн үнээр тодорхойлно.
11 дүгээр зүйл.Гаалийн үнийг мэдүүлэх
1.Гаалийн үнийг мэдүүлэгч тодорхойлж гаалийн байгууллагад мэдүүлнэ.
2.Мэдүүлэгч гаалийн үнийг үнэн зөв тодорхойлсноо нотлох бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. Энэ бичиг баримт нь тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, бодитой мэдээлэл дээр үндэслэгдсэн байвал зохино.
12 дугаар зүйл.Гаалийн үнийг шалгах
1.Гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодит үндэслэлтэй тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж шийдвэрлэнэ.
2.Гаалийн байгууллага дор дурдсан тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно:
1/мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй;
2/мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлоход ашигласан мэдээ баримтын лавтай эсэхийг баталгаажуулаагүй;
3/гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн.
Энэ тохиолдолд мэдүүлэгч гаалийн байгууллагын тодорхойлсон үнээс тооцож гаалийн болон бусад татварыг төлнө.
3.Мэдүүлэгч гаалийн байгууллагын тодорхойлсон үнийг зөвшөөрөхгүй бол Гаалийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.
4.Гаалийн үнийг магадлан шалгах явцад гарсан зардлыг мэдүүлэгч хариуцна.
ТАВДУГААР БҮЛЭГ
Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох
13 дугаар зүйл.Хэлцлийн үнийн арга
1.Хилийн чанадаас худалдан авсан бараанд төлсөн, эсхүл төлбөл зохих үнэ /бодит үнэ/-ийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ.
Импортын барааг худалдан авсан хэлцлийн үнэ энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бүрдсэн байвал тухайн барааны гаалийн үнэ болно.
2.Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд дор дурдсан зардал, хураамж, үнэ, хөлс, төлбөрийг шингээж тооцоогүй байвал тэдгээрийг оруулж тооцно:
1/тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэх, ачих, буулгах зардал, даатгалын хураамж;
2/тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн, эсхүл төлөх комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ;
3/тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа /материал, эд анги, бүрдэл хэсэг, багаж хэрэгсэл, хэв загвар/, ажил үйлчилгээ /Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн инженерийн, туршилтын, загвар зохион бүтээх, урлал чимэглэлийн, зураг төслийн зэрэг/-ний өртгийн зохих хэсэг;
4/тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх патентын төлбөр;
5/худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг.
3.Тухайн барааг захиран зарцуулах, ашиглах худалдан авагчийн эрхийг Монгол Улсын хууль тогтоомжоор хязгаарласан, худалдан борлуулах бүс нутгийг заагласан, барааны үнэд үл нөлөөлөх хязгаарлалт тогтоосон байх нь хэлцлийн үнийн аргыг хэрэглэхэд саад болохгүй.
4.Хэлцлийн үнийн аргыг дор дурдсан тохиолдолд хэрэглэхгүй:
1/тухайн барааг захиран зарцуулах, ашиглах, худалдан борлуулах худалдан авагчийн эрхийг энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас өөрөөр хязгаарласан;
2/хэлцэл нь барааны үнийг тодорхойлох боломжгүй нөхцөлөөр хийгдсэн;
3/худалдан авагчийн энэ зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасны дагуу орлогоосоо худалдагчид төлөх хэсгийг тодорхойлох боломжгүй;
4/худалдагч, худалдан авагч хоорондоо хэлцлийн үнэд нөлөөлөхүйц харилцан хамааралтай байвал.
14 дүгээр зүйл.Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга
1.Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэнэ.
2."Нэг төрлийн бараа" гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай дор дурдсан шинж тэмдгээр адилхан барааг ойлгоно:
1/физик шинж;
2/чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд;
3/барааны гарал үүслийн улс;
4/үйлдвэрлэгч.
Нэг төрлийн бараа үнийг нь тодорхойлж байгаа бараанаас физик шинжээрээ ялимгүй ялгаатай байх нь нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзах үндэслэл болохгүй.
3.Энэ зүйлд заасан аргаар гаалийн үнийг тодорхойлоход нэг төрлийн барааг үнийг нь тодорхойлж байгаа бараатай нэгэн зэрэг, эсхүл 90-ээс дээшгүй хоногийн өмнө, ойролцоо тоо хэмжээтэй, худалдааны ижил нөхцөлөөр гаалийн нутаг дэвсгэрт оруулсан байвал зохино.
4.Хэрэв нэг төрлийн бараа нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас өөр тоо хэмжээтэй, худалдааны өөр нөхцөлтэй байвал мэдүүлэгч энэ ялгааг харгалзан үнийн зохих өөрчлөлт хийж, үндэслэлийг баримтаар нотолно.
5.Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зардал, хураамж, үнэ, хөлс, төлбөрийг тооцож оруулсан байна.
6.Нэг төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнийг үндэслэж болохоор байвал хамгийн бага үнийг нь сонгон авч гаалийн үнийг тодорхойлно.
15 дугаар зүйл.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга
1.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг энэ зүйлд дурдсан нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэглэнэ .
2."Ижил төрлийн бараа" гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адилхан биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас аль алиныгаа орлож чадах барааг ойлгоно.
3.Ижил төрлийн барааг тодорхойлоход дор дурдсан шинж тэмдгийг харгалзан үзнэ:
1/чанар, барааны тэмдэг болон барааны нэр хүнд;
2/барааны гарал үүслийн улс.
4.Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 3-6 дахь хэсэгт заасныг баримтална.
16 дугаар зүйл.Ялгавар үнийн арга
1.Ялгавар үнийн аргыг үнийг нь тодорхойлж байгаа болон түүнтэй нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулж, өөрчлөлт оруулалгүйгээр дотоодын зах зээлд борлуулсан байх тохиолдолд хэрэглэнэ.
2.Ялгавар үнийн аргыг хэрэглэхдээ энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан барааг үнийг нь тодорхойлж байгаа барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахаас 90-ээс дээшгүй хоногийн өмнө, худалдагчтай харилцан хамааралгүй этгээдэд хамгийн их тоо хэмжээгээр борлуулсан байх тохиолдлын нэгж үнийг үндэслэнэ.
3.Энэ зүйлд заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо дотоодын зах зээлд борлуулсан барааны нэгж үнээс дор дурдсан зардлыг хасч тооцно:
1/тухайн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулсны дараа тээвэрлэх, ачих, буулгах зардал, дотоодын даатгалын хураамж, комиссын хөлс;
2/гаалийн татвар болон бусад татварын төлбөрийн дүн, худалдааны нэмэгдэл.
4.Энэ зүйлд заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо үнийг нь тодорхойлж байгаа болон түүнтэй нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулснаас хойш өөрчлөлт оруулж /боловсруулалт хийж/ борлуулсан тохиолдолд тийнхүү өөрчлөлт оруулахад гарсан зардлыг хасч тооцож болно.
17 дугаар зүйл.Нийлбэр үнийн арга
Нийлбэр үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан өртөг, зардал, төлбөрийг тооцно:
1/үнийг нь тодорхойлж байгаа барааг үйлдвэрлэхтэй холбогдуулан үйлдвэрлэгчээс зарцуулсан материалын өртөг, ажиллагааны болон бусад зардал;
2/тухайн барааг Монгол Улсын хил хүртэл тээвэрлэх, ачих, буулгах зардал, даатгалын хураамж, бусад төлбөр;
3/тухайн барааг Монгол Улсад нийлүүлснээс экспортлогчийн олсон ашиг.
18 дугаар зүйл.Уялдуулан хэрэглэх арга
1.Энэ хуулийн 13-17 дугаар зүйлд заасан аргуудыг дарааллын дагуу авч үзсэнээр гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол дээрх аргуудыг уялдуулан хэрэглэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо дор дурдсан үнийг үндэслэж үл болно:
1/Монгол Улсад үйлдвэрлэсэн барааны дотоодын зах зээлийн үнэ;
2/экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ;
3/тухайн барааг экспортлогч орноос гуравдагч оронд нийлүүлдэг үнэ;
4/дурын буюу хийсвэр үнэ.
3.Энэ зүйлд заасны дагуу гаалийн үнийг тодорхойлохдоо олон улсын практикт тулгуурлан, арилжааны тухайн үеийн нөхцөл байдлыг аль болох бодитойгоор тусгана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Гаалийн болон бусад татварын төлбөр тооцоо
19 дүгээр зүйл. Гаалийн болон бусад татварыг төлөх
1.Гаалийн байгууллага гаалийн болон бусад татварыг татвар төлөгчөөс хурааж авна.
2.Гаалийн байгууллага, гадаад валютаар тодорхойлсон гаалийн үнийг барааг гаалийн хилээр оруулахад гаалийн эцсийн, гаргахад гаалийн анхны бүрдүүлэлт хийсэн өдрийн гаалийн тооцоонд мөрдөж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшаар үндэсний валют /төгрөг/-д шилжүүлэн гаалийн болон бусад татварыг тооцон хурааж авна. /Энэ хэсэгт 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг гаалийн тооцоонд тодорхой хугацаанд тогтвортой мөрдөх журмыг Монголбанкны ерөнхийлөгч, Монгол Улсын Сангийн сайд батална.
4.Гаалийн болон бусад татварыг гаалийн бүрдүүлэлт хийхээс өмнө урьдчилан төлж болно. Гаалийн байгууллага урьдчилан төлсөн татварын дүнд хүү тооцохгүй.
5.Татвар төлөгч нь гаалийн болон бусад татварыг барагдуулах зорилгоор банк, даатгалын байгууллагаар төлбөрийн баталгаа гаргуулж, эсхүл бараа, эд хөрөнгө барьцаанд өгч болно.
6.Зөвхөн татвар төлсөн болон татвар төлөхөө зохих журмаар баталгаажуулсан тохиолдолд гаалийн байгууллага барааг эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрнө.
20 дугаар зүйл. Гаалийн болон бусад татварын төлбөрийг түр хойшлуулах
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр гаалийн байгууллага гаалийн болон бусад татварын төлбөрийг хоёр сараас илүүгүй хугацаагаар хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлөхийг татвар төлөгчид зөвшөөрч болно.
21 дүгээр зүйл.Гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа
1.Дор дурдсан барааг гаалийн татвараас чөлөөлнө:
1/тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизм. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална; /Энэ заалтыг 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/ /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3/ /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4/тахир дутуу хүмүүст зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, түүнийг үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, түүхий эд ;
5/хүмүүнлэг, буцалтгүй тусламжийн бараа;
6/газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш, ажиллагсдын хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэглээний зүйл; /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон оронд нь 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар шинэ заалт нэмсэн./
7/газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан буцаан гаргах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулсан техник, тоног төхөөрөмжийг буцаан гаргах; /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон оронд нь 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар шинэ заалт нэмсэн./
8/гэрээлэгчийн хуваарьт газрын тосыг гаргах; /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон оронд нь 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар шинэ заалт нэмсэн./
9/валют, үнэт цаасны нэрлэсэн үнэ;
10/дипломат эрх ямба, дархан эрх бүхий байгууллага, төлөөлөгчийн газрын албан хэрэгцээний бараа болон дипломат эрх ямба бүхий хүмүүс, тэдгээрийн гэр бүлийн тохинох эд зүйлс;
11/зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс;
12/гадаад орнууд дахь Монгол Улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газарт, түүнчлэн Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар томилогдон ажиллаад эх орондоо бүрмөсөн буцаж ирж байгаа иргэний хувийн хэрэглээний суудлын автомашин /1-ээс илүүгүй/ /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон оронд нь 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар шинэ заалт нэмсэн./
13/эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн болон тэдгээрийн тохироог баталгаажуулах, чанарыг алдагдуулахгүй хадгалах, тээвэрлэхэд шаардагдах оношлуур, урвалж, багаж, хэрэгсэл, сав, баглаа боодол. /Энэ заалтыг 2000 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./
14/хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник, хэрэгсэл, тоноглол. Энэ заалтад хамаарах барааны жагсаалтыг Засгийн газар батална. /Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
15/импортоор орж ирж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, хориглосноос бусад мод, сөөгний үр, тарьц, суулгац. /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
2./Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.Гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг гагцхүү энэ хуулиар зохицуулна.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Барааны гарал үүсэл
22 дугаар зүйл.Барааны гарал үүслийг тодорхойлох дүрэм
Гаалийн тарифын нэн тааламжтай, хөнгөлөлттэй хувь, хэмжээг хэрэглэх зорилгоор импортын барааны гарал үүслийг тодорхойлох дүрмийг Монгол Улсын Засгийн газар тогтооно.
23 дугаар зүйл.Барааны гарал үүслийн гэрчилгээ
1.Барааны гарал үүслийн улсыг тодорхойлох албан ёсны бичиг баримт нь эрх бүхий байгууллагаас баталгаажуулан олгосон барааны гарал үүслийн гэрчилгээ байна.
2.Барааны гарал үүслийн гэрчилгээг мэдүүлэгч бүрдүүлж гаалийн байгууллагад өгнө.
3.Барааны гарал үүслийн гэрчилгээг бүрдүүлээгүй бол тухайн бараанд гаалийн тарифын ердийн хувь, хэмжээгээр гаалийн татвар ногдуулна.
4.Барааны гарал үүслийн гэрчилгээг тухайн барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрсөн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөхөн гаргаж өгөх тохиолдолд гаалийн татварын зөрүүг буцаан олгож болно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Гаалийн татвар ногдуулахгүй байх, хорогдуулж тооцох, буцаан олгох
24 дүгээр зүйл.Гаалийн татвар ногдуулахгүй байх нөхцөл
1.Гаалийн байгууллага онцгой тохиолдолд, зохих журмын дагуу гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрэх бараанд гаалийн татвар ногдуулахгүй байж болно.
2.Гаалийн татвар ногдуулахгүй байх тохиолдол:
1/гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах бараа дотоодын үйлдвэрийнх болох нь нотлогдох;
2/Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэр дээр байгаа гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүсэд гадаадаас бараа оруулах;
3/ташаарч тээвэрлэсний улмаас барааг буцааж нэвтрүүлэх;
4/гаалийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх болон шилжүүлэн ачих горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх.
25 дүгээр зүйл.Гаалийн татварыг хорогдуулж тооцох
Бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтэж, чанараа алдсан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, тоо хэмжээ, жин нь багассаныг холбогдох бичиг баримтаар нотолсон тохиолдолд гаалийн байгууллага түүнд ногдох татварыг 100 хүртэл хувиар хорогдуулан тооцож болно.
26 дугаар зүйл.Урьдчилан төлсөн гаалийн татварыг хорогдуулан тооцож, буцаан олгох
1.Гаалийн байгууллага урьдчилан төлсөн гаалийн татварыг дор дурдсан тохиолдолд 100 хүртэл хувиар хорогдуулан тооцож, буцаан олгож болно:
1/бараа гаалийн хяналтад байх хугацаанд гэмтсэн, чанараа алдсан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, тоо хэмжээ, жин нь багассаныг холбогдох бичиг баримтаар нотолсон;
2/гаалийн байгууллага барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, түүнээс гаргахыг зөвшөөрөхөөс өмнө уг бараа гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан, эсхүл гаалийн татвар ногдуулахгүй горимд шилжсэн.
2.Гэмтсэн, чанараа алдсан, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон барааны цаашид ашиглаж болох хэсэгт ногдох гаалийн татварыг буцааж олгохгүй.
3.Буцааж олгох гаалийн татварын хэмжээг тодорхойлох боломжгүй бол энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу тодорхой хэмжээний нөхвөрийг олгож болно.
27 дугаар зүйл.Гаалийн татварыг буцаан олгох
1.Гаалийн байгууллага дор дурдсан тохиолдолд гаалийн татварыг 100 хүртэл хувиар буцаан олгож болно:
1/гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бөгөөд гаалийн татвар ногдуулсан бараа гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан, эсхүл гаалийн татвар ногдуулахгүй горимд шилжсэн, эсхүл уг барааг гаалийн хилээр хугацаанд нь буцаан нэвтрүүлсэн;
2/ /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2./Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
28 дугаар зүйл.Журам батлах
Энэ хуулийн 24-27 дугаар зүйлд заасны дагуу гаалийн татвар ногдуулахгүй байх, хорогдуулж тооцох, буцаан олгох журмыг Монгол Улсын Засгийн газар тогтооно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл
29 дүгээр зүйл.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлс
Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлсийн тоо хэмжээ, үнийн дүнг гаалийн удирдах төв байгууллага батална.
30 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
