A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ /энэ хуулийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

199З оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар төрийн, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллага, эмч, эмнэлгийн ажилтан, иргэд, уг өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүний эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ

Хэвлэх

1.Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Засгийн газрын эрх, үүрэг

Хэвлэх

1.Засгийн газар хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хяналт тавих;

2/хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

3/дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүмүүс эрхэлж болохгүй ажил, үйлчилгээг тогтоох.

2.Засгийн газар энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгууллага, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий үндэсний хороог байгуулан ажиллуулж болно.

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудлыг боловсруулах, энэ талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2/дархлалын олдмол хомсдол өвчний халдвар, өвчлөлтэй холбогдсон албан ёсны мэдээллийг хариуцах;

3/дархлалын олдмол хомсдол өвчний халдварт өртөмтгий болон халдвар тараах боломж бүхий бүлгийг тогтоох;

4/энэ зүйлийн 3 дахь заалтад засан бүлэгт хамаарагдах хүмүүс дархлалын олдмол хомсдол өвчний халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээ хийлгэж байх хугацаа, халдвар авсан буюу өвчилсөн хүмүүст хяналт тавих, эмнэлгийн тусламж үзүүлэх тухай журам тогтоож, биелэлтийг нь хангах;

5/дархлалын олдмол хомсдол өвчний халдварыг бусдад дамжуулахгүй байх талаар уг өвчний халдвар авсан буюу өвчилсөн нь тогтоогдсон хүн болон түүний хууль ёсны асран хамгаалагчдад өгөх албан зааварчилгыг батлах.

5 дугаар зүйл.Эрүүл мэндийн байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

Эрүүл мэндийн байгууллага хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/хүн амын дунд дархлалын олдмол хомсдол өвчний халдвар илрүүлэх, магадлах, уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх арга хэмжээ авах;

2/хариуцсан нутаг дэвсгэртээ оршин суугаа дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн нь тогтоогдсон хүн уг өвчний халдварыг бусдад халдаахгүй байх талаар мэргэжлийн хяналт тавих, түүнд болон түүний хууль ёсны асран хамгаалагчдад албан зааварчилга өгөх ажлыг зохион байгуулах;

3/зүү, тариур болон эмнэлгийн бусад багаж хэрэгслээр дархлалын олдмол хомсдол өвчний халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

4/дархлалын олдмол хомсдол өвчний халдвар илрүүлэх шинжилгээ хийж баталгаажаагүй цусны бүтээгдэхүүн, донорын эд эрхтэнийг эмчилгээ, сэргийлэлтийн зориулалтаар хэрэглэхгүй байх.

6 дугаар зүйл.Засаг даргын эрх, үүрэг

Хэвлэх

Бүх шатны Засаг дарга тус тусын эрх хэмжээний хүрээнд хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг өөрийн харьяалах нутаг дэвсгэрт зохион байгуулж, хяналт тавих;

2/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З-т заасан бүлэгт хамаарагдах хүмүүсийг дархлалын олдмол хомсдол өвчний халдвар илрүүлэх үзлэг, шинжилгээнд оруулах ажлыг зохион байгуулах.

7 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг

Хэвлэх

Бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх, энэ талаарх сурталчилгааны ажилд иргэд, олон нийтийн болон бусад байгууллагыг оролцуулах, уг өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна.

8 дугаар зүйл.Хэвлэл, мэдээлэл, Засгийн газрын бус байгууллагын үүрэг

Хэвлэх

Хэвлэл, мэдээлэл, шашин олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нь дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар хүн амын дунд зохиох сургалт, сурталчилгааны ажилд оролцох үүрэгтэй.

9 дүгээр зүйл.Иргэний үүрэг

Хэвлэх

1.Монгол Улсын иргэн дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар дараахь үүрэг хүлээнэ.

1/дархлалын олдмол хомсдол өвчний халдвар болон өвчнийг илрүүлэх, магадлах эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгэх тухай Засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын албан ёсны шаардлагыг биелүүлэх;

2/энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З-т заасан бүлэгт хамаарагдах хүмүүс тогтоосон хугацаанд эмнэлгийн үзлэг, шинжилгээнд орох;

3/дархлалын олдмол хомсдол өвчний халдвараас сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар төрийн, эрүүл мэндийн болон холбогдох бусад байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох;

4/дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

5/дархлалын олдмол хомсдолын өвчний талаар үнэн зөв, бодит мэдээлэл олж авах, дархлалын олдмол хомсдол өвчний халдвараас урьдчилан сэргийлэх аргад суралцах.

2.Энэ зүйлийн заалт тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон дамжин өнгөрөгч гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүст нэгэн адил хамаарна.

10 дугаар зүйл.Эмч, эмнэлгийн ажилтны үүрэг

Хэвлэх

Эмч, эмнэлгийн ажилтан хүн амыг дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/эмч дархлалын олдмол хомсдол өвчин, түүний халдварыг илрүүлсэн, оношилсон тухайгаа харьяалах эрүүл мэндийн байгууллагад зохих журмын дагуу заавал мэдээлэх;

2/дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн нь тогтоогдсон хүн биеэ хэрхэн авч явах, уг өвчний халдварыг бусдад тараахгүй байх талаар түүнд болон түүний хууль ёсны асран хамгаалагчид албан зааварчилга өгөх;

3/дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн нь тогтоогдсон хүнд энэ өвчин эдгэршгүй гэсэн үндэслэлээр эмнэлгийн зайлшгүй тусламж үзүүлэхээс татгалзахгүй байх.

11 дүгээр зүйл.Дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүний үүрэг

Хэвлэх

Дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүн дараахь үүрэг хүлээнэ:

1/дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн нөхцөл, шалтгааны талаар эрүүл мэндийн байгууллагад үнэн зөв мэдээлэл өгөх;

2/эрүүл мэндийн байгууллагын шаардлагын дагуу эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгэх;

3/эмнэлгийн тусламж авах бүрдээ дархлалын олдмол хомсдол өвчний халдвартай буюу өвчтэй тухайгаа эрүүл мэндийн байгууллагад заавал мэдэгдэх;

4/цус, бусад эд, эрхтэний донор байхаас татгалзах;

5/халдварыг бусдад тараахгүй байх, тарааж болох аливаа үйлдэл, харилцаанаас татгалзах;

6/эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнаас өгсөн албан зааварчилгыг чанд сахин биелүүлэх;

7/дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн тухайгаа Монгол Улсад орж ирэхдээ улсын хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байгууллагад мэдэгдэх.

12 дугаар зүйл.Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх албадлагын арга хэмжээ

Хэвлэх

1.Дархлалын олдмол хомсдол өвчин, түүний халдварыг илрүүлэх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд орвол зохих хүн заасан хугацаанд үзлэг, шинжилгээнд орохоос санаатайгаар зайлсхийсэн байвал түүнийг Засаг даргын захирамжаар албадан ирүүлнэ.

2.Дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн хүн өөртөө хяналт тавих чадваргүйгээс энэ хуульд заасан үүргээ биелүүлж чадахгүй болсон тохиолдолд түүнийг албадан тусгаарлаж эмчилнэ.

3.Дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн нь тогтоогдсон хүн жирэмсэн болсон тохиолдолд эмнэлгийн байгууллагын заалтаар жирэмслэлтийг таслан зогсооно.

4.Дархлалын олдмол хомсдол өвчний халдвар авсан буюу өвчилсөн нь тогтоогдсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс зайлсхийвэл тэднийг хууль тогтоомжид заасны дагуу тус улсаас албадан гаргана.

13 дугаар зүйл.Дархлалын олдмол хомсдол өвчний халдвартай холбогдуулан хүний эрхийг хамгаалах

Хэвлэх

1.Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний салшгүй эрх болон бусад эрхийг хуульд өөрөөр заагаагүй бол дархлалын олдмол хомсдол өвчтэй буюу түүний халдвар авсан гэсэн үндэслэлээр хязгаарлахыг хориглоно.

2.Иргэд дархлалын олдмол хомсдол өвчин, түүний халдварыг илрүүлэх үзлэг, шинжилгээ, халдвар судлалын хяналт хийж байгаа хүнээс уг үзлэг, шинжилгээ, хяналтыг хийх эрхтэй болохыг нь нотлох албан ёсны баримт бичгийг шаардах эрхтэй.

3.Иргэд дархлалын олдмол хомсдол өвчих, түүний халдварыг илрүүлэх үзлэг, шинжилгээнд сайн дураараа орж болно.

4.Байгууллага, албан тушаалтан, иргэн албан ажлын шугамаар болон бусад байдлаар өөрт илэрхий болсон дархлалын олдмол хомсдолын халдвар авсан буюу өвчилсөн хүмүүсийн уг өвчний халдвар авсан шалтгаан нөхцөл, өвчний явцын талаарх хувийн нууцыг нийтэд задруулахыг хориглоно.

14 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн шатны Засаг дарга гэм буруутай этгээдэд дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

1/энэ хуулийн 5 дугаар зүйлийн З, 10 дугаар зүйлийн З дахь заалт, 1З дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн бол аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000, иргэн, эмч, эмнэлгийн ажилтныг 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

2/10 дугаар зүйлийн 1,2 дахь заалтад заасан үүргийг биелүүлээгүй бол 10000-20000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

3/9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 11 дүгээр зүйлийг зөрчсөн бол 20000-50000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна;

4/5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчсөн байгууллагыг 100000-250000, 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000, иргэн, эмч, эмнэлгийн ажилтныг 20000-30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1994 оны З дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ