A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ /энэ хуулийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ОРОН СУУЦНЫ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь дундын өмчлөлийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг сууц, тухайн орон сууцны сууцны бус зориулалттай хэсгийг өмчлөгчид /цаашид энэ хуульд "сууц өмчлөгч" гэх/ дундаа хамтран өмчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах, орон сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино.

/Энэ зүйлийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2 дугаар зүйл.Дундын өмчлөлийн орон сууцны тухай хууль тогтоомж

Хэвлэх

Дундын өмчлөлийн орон сууцны тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Орон сууц хувьчлах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

1/"дундын өмчлөлийн орон сууц" гэж өмчлөгчид сууц, тухайн орон сууцны сууцны бус зориулалттай хэсгийг нь дангаараа, дундын өмчлөлийн эд хөрөнгийг нь дундаа хамтран өмчилж байгаа дөрөв буюу түүнээс дээш сууцтай нийтийн зориулалттай орон сууцны байшинг; /Энэ заалтыг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/"сууц өмчлөгчид оногдох хэсэг" гэж орон сууцны дундын өмчлөлийн зүйлсийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэх, сууц өмчлөгчдийн холбоог удирдахад тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээг;

3/"сууцны бус зориулалттай хэсэг" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлчилгээ,үйлдвэрлэл явуулах зэрэг сууцны бус зориулалтаар ашиглагдаж байгаа хэсгийг. /Энэ заалтыг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл.Дундын өмчлөлийн эд хөрөнгө

Хэвлэх

1.Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь зүйл хамаарна:

1/нийтийн зориулалттай орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, зоорийн давхар, дээвэр, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, халаалт, халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэлх, цахилгааны ороолтын самбар хүртэлх, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, орон сууцны байшингийн +0. 00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд;

2/хязгаартай ашиглах дундын өмчлөлийн эд хөрөнгө: тухайн сууцны гадна буюу дотор байгаа нэг буюу хэд хэдэн сууцанд үйлчлэх инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга, цонх, төрөл бүрийн хаалт, довжоо, саравч, тагт, сэрүүн тавцан болон бусад тоног төхөөрөмж;

3/орон сууцны дэвсгэр газрыг эзэмших, ашиглах эрх.

2.Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө.

3.Орон сууцны дэвсгэр газрын өмчлөлийн харилцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

4.Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийг Иргэний хуульд заасан гэрээний үндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад олгож болно.

5.Сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн доторх дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны дэвсгэр газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлж буй эрх бүхий мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно.

/Энэ зүйлийг 19997 оны 2 дугаар сарын 6-ны болон 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5 дугаар зүйл.Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг хуваарилах

Хэвлэх

1.Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, зоорийн давхар, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай, түүний тагт, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлоход уг зардлыг тухайн орон сууцны байшин дахь нийт сууцны тоонд хуваана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сууц, сууцны бус зориулалттай хэсгийн өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлоход түүний өмчилж байгаа сууц, сууцны бус зориулалттай хэсгийн талбайг тухайн орон сууцан дахь сууц, сууцны бус зориулалттай хэсгийн нийт талбайн нийлбэрт харьцуулсан харьцаагаар тодорхойлно.

3.Хязгаартай ашиглах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө.

4.Хувьчлагдсан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн их засварт зориулан сууц өмчлөгчдийн холбоонд төрөөс зохих хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлттэй, удаан хугацааны зээл олгож болно.

5.Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан бол дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болно:

1/дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа;

2/сууц, сууцны бус зориулалттай хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа.

6.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт /халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг/-ын төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.

/Энэ зүйлийг 19997 оны 2 дугаар сарын 6-ны болон 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6 дугаар зүйл.Сууц өмчлөгчдийн холбоо

Хэвлэх

1.Нийтийн зориулалттай орон сууцны байшинд хоёр буюу түүнээс дээш этгээд сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо / цаашид "холбоо" гэх/ байгуулна. /Энэ хэсгийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Холбоо нь зөвхөн тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд энэ заалт 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс дөгөж мөрдөгдөнө./

3./Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон./

4.Тухайн орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч, сууцны бус зориулалтын хэсгийг өмчлөгч бусад этгээд тухайн орон сууцан дахь холбооны гишүүн заавал байна.

Төрийн эрх бүхий байгууллагын төлөөлөгч гишүүдийн хуралд төрийн өмчийн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцоно. Харин дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлаар шийдвэр гаргахад хуралд оролцож буй бусад сууц өмчлөгчдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Холбоо нь энэ хууль болон дүрэмдээ заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулж болно.

6.Холбоо татан буугдахаас бусад тохиолдолд түүний аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогыг холбооны гишүүдэд аливаа хэлбэрээр хуваарилахыг хориглоно.

7.Холбоо нь гишүүдийн хүлээх үүргийг, гишүүд нь холбооны хүлээх үүргийг хариуцахгүй.

8.Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчид буюу тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчооны санаачилгаар хийнэ. /Энэ хэсгийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

7 дугаар зүйл.Орон сууцны бүртгэл

Хэвлэх

1.Холбоо нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлийг зохих журмын дагуу гаргаж, үл хөдлөх хөрөнгө бүртгэх газарт бүртгүүлнэ.

2.Дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлд дор дурдсан зүйлийг тусгана:

1/орон сууцны байшингийн иж бүрэн зураг төсөл;

2/сууц бүрийн дугаар, нийт талбайн хэмжээ, өрөөний тоо, сууц өмчлөгчдийн овог, нэр, регистрийн дугаар;

3/тухайн орон сууцан дахь сууцны бус зориулалттай хэсгийг өмчлөгчийн овог, нэр, регистрийн дугаар, түүний өмчилж байгаа хэсгийн талбайн хэмжээ;

4/дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэл, дэвсгэр газрын хэмжээ.

8 дугаар зүйл.Сууц өмчлөгчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Сууц өмчлөгч нь дараахь үүрэг хүлээнэ:

1/энэ хууль болон холбооны дүрмийг сахин биелүүлэх;

2/гишүүдийн хурлын шийдвэрийг биелүүлэх;

3/дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу оролцох.

4/сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар, өөрчлөлт, шинэчлэл хийхдээ архитектур, барилгын үндсэн бүтээц, экологи, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын болон орон сууцны ашиглалтын талаархи хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад орон сууц өмчлөгчдийн эд хөрөнгөд хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

5/сууцныхаа доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцах, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагаас үзүүлсэн сууцны үйлчилгээний хөлсийг төлөх;

6/хэрэв сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиг олох зорилгоор бусдад ашиглуулж байгаа бол хуулиар тогтоосон татвар төлөх;

7/өөрийн болон гэр бүлийн гишүүдийн, түүнчлэн орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууц өмчлөгчөөс олгосон ямар нэг эрхийн үндсэн дээр сууцыг нь эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал түүнийг өөрийн хөрөнгөөр арилгах;

8/сууц, сууцны бус зориулалттай хэсгийг нь орон сууц хөлслөх, эд хөрөнгө түрээслэх гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа этгээд гэрээнд заасан бол энэ хуулийн 5-д заасан зардал, хөлсийг хугацаанд нь төлөөгүйн хариуцлагыг хүлээх;

9/хуульд заасан бусад үүрэг.

2.Сууц өмчлөгч дараахь эрх эдэлнэ:

1/сууцаа гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дүрэмд заасан журмыг баримтлан эзэмших, ашиглах, захиран зарцуулах;

2/холбоо болон бусад сууц өмчлөгчдөөс зөвшөөрөл авахгүйгээр өөрийн сууц, сууцны бус зориулалттай хэсгээ захиран зарцуулах;

3/сууц, сууцны бус зориулалттай хэсгийг худалдахдаа үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаар тогтоосон журмыг баримтлах;

4/хуульд заасан бусад эрх.

/Энэ зүйлийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9 дүгээр зүйл.Холбооны дүрэм

Хэвлэх

1.Холбооны дүрэмд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

2/холбооны зорилго, үйл ажиллагааны чиглэл;

3/холбооны удирдах болон хянан шалгах байгууллагын бүтэц, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ;

4/холбоо болон сууц өмчлөгчдийн эрх, үүрэг;

5/дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам;

6/сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам;

7/холбооны үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө бүрдүүлэх, сан байгуулж ашиглах журам;

8/холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах журам. /Энэ хэсэгт 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Холбооны дүрмийг гишүүдийн хурлаар хэлэлцэж батална.

3.Холбооны үлгэрчилсэн дүрмийг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

10 дугаар зүйл.Холбооны эрх барих байгууллага

Хэвлэх

1.Холбооны эрх барих дээд байгууллага нь гишүүдийн хурал байна.

2.Дор дурдсан асуудлыг заавал гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:

1/холбооны дүрэм, дотоод журам батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах; /Энэ заалтыг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/холбооны төсөв, баланс, тайлан хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулж ашиглах;

3/дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи захирлын эрх хэмжээг тогтоох; /Энэ заалтад 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4/захирлыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүнд олгох хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, түүний тайланг хэлэлцэх, захирлын үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх; /Энэ заалтыг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5/хянан шалгагч /хянан шалгагчдын зөвлөл/-ийг сууц өмчлөгчдөөс сонгож, тэдгээрт олгох урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх; /Энэ заалтыг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6/хууль, дүрэмд заасан бусад асуудал.

11 дүгээр зүйл.Гишүүдийн хурал, түүний хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Сууц өмчлөгчид оногдох хэсгийн 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа сууц өмчлөгчид оролцсоноор гишүүдийн хурал хүчин төгөлдөр болно. Гэхдээ хэлэлцэх асуудлын төрөл, холбооны гишүүдийн тоо зэргийг харгалзан холбооны дүрэмд хуралд оролцох гишүүдийн тооны доод хязгаарыг зааж болно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьд хүрээгүй бол гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах өдрийг товлоно. Дүрэмд өөрөөр заагаагүй бол дахин зарласан хурал энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болно.

3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол гишүүдийн хуралд оролцогч сууц өмчлөгчид оногдох хэсгийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно. /Энэ хэсэгт 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

12 дугаар зүйл.Гишүүдийн хурал хуралдуулах журам

Хэвлэх

1.Гишүүдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.

2.Гишүүдийн ээлжит бус хурлыг захирал, хянан шалгагч (хянан шалгагчдын зөвлөл)-ийн санаачилгаар буюу сууц өмчлөгчид оногдох хэсгийн гуравны нэгээс дээш хувийг эзэмшиж байгаа сууц өмчлөгчдийн шаардсанаар зарлан хуралдуулна.

3.Гишүүд хурлаас гарах шийдвэрийн төсөлд бичгээр санал ирүүлсэн тохиолдолд түүнийг гишүүдийн хуралд оролцсон гэж үзнэ.

4.Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурал даргалагч гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна.

5.Гишүүдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14 хоногийн өмнө гишүүдэд зарлаж, гишүүдийн хурлаас гарах шийдвэрийн төслийг бичгээр мэдэгдэнэ.

6.Товлоогүй асуудлыг зөвхөн хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн зөвшөөрснөөр хэлэлцэж болно.

7.Гишүүдийн хурлыг захирал удирдана. Хэрэв захирлаар удирдуулах бололцоогүй гэж үзвэл хуралд оролцогчдын олонхийн саналаар аль нэг сууц өмчлөгчийг хурал удирдуулахаар сонгоно.

8.Гишүүн өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр гишүүдийн хуралд оролцуулж болно. Төлөөлж оролцох этгээд энэ тухайгаа гишүүдийн хурал эхлэхээс өмнө мэдэгдэнэ.

9.Төлөөлөх тухай итгэмжлэл нь гагцхүү тухайн хуралд хүчинтэй байна. Гишүүдийн хурал хойшилсон боловч тухайн хурлаар хэлэлцэхээр товлосон асуудал өөрчлөгдөөгүй тохиолдолд итгэмжлэл дараагийн хуралд хүчинтэй хэвээр байна.

13 дугаар зүйл.Захирал

Хэвлэх

1.Гишүүдийн хурлын чөлөө цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд захирал удирдана.

2.Дүрэмд өөрөөр заагаагүй бол захирлаар холбооны гишүүн бус хүнийг сонгож болно.

3.Захирал дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

1/дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбооны дансанд төвлөрүүлэх;

2/холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол орон сууцны засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн ажиллагааг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

3/холбооны мөнгөн хөрөнгийг түүний зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн энэ хууль болон холбооны дүрэмд тогтоосон эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээнд зориулан захиран зарцуулах;

4/энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн сууц өмчлөгчөөр төлбөр гаргуулах, эсхүл хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах;

5/дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах;

6/холбооны нэрийн өмнөөс буюу хоёроос доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгууллагад асуудал тавих;

7/гишүүдийн болон гишүүдийн хурлын хянан шалгагч /хянан шалгагчдын зөвлөл/-ийн шийдвэрийн бүртгэл хөтлөх;

8/хууль, дүрэмд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээх. /Энэ хэсэгт 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Захирал жилд нэгээс доошгүй удаа гишүүдийн хуралд ажлаа хариуцан тайлагнана.

5.Захирал эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи гишүүдийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг захирлын гэм буруутай үйл ажиллагаанаас тухайн холбоонд хохирол учирсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна.

14 дүгээр зүйл.Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт

Хэвлэх

1.Захирал болон холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хянан шалгагч (хянан шалгагчдын зөвлөл) гүйцэтгэнэ.

2.Хяналтын үүргийг зөвхөн нэг этгээд гүйцэтгэж байгаа бол түүнийг хянан шалгагч, харин хэд хэдэн этгээд хяналтын үүрэг гүйцэтгэхээр бол хянан шалгагчдын зөвлөл байгуулна.

3.Хянан шалгагчдын зөвлөл сууц өмчлөгчдөөс бүрдэнэ.

15 дугаар зүйл.Хянан шалгагчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Хянан шалгагч /хянан шалгагчдын зөвлөл/ дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

1/захирлын үйл ажиллагаанд хяналт тавих;

2/холбооны үйл ажиллагаа энэ хууль, холбооны дүрэмд заасны дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;

3/нягтлан бодох, бүртгэл хөтлөлт, баланс, тайлан гаргалт хууль тогтоомжийн дагуу үнэн зөв хийгдсэн эсэхийг хянах;

4/эд хөрөнгийн үнэлгээ зөв эсэхийг шалгах;

5/шаардлагатай бол гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах.

2.Хянан шалгагч шалгасан баримт бичиг, баланс, тайлангийн нууцыг хадгалах үүрэгтэй.

16 дугаар зүйл.Хянан шалгагчдын зөвлөлийн хурал, түүний шийдвэр

Хэвлэх

1.Хянан шалгагчдын олонхи оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

2.Хуралд оролцогчдын олонхийн саналаар зөвлөлийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.

3.Хянан шалгагчдын зөвлөлийн тавьсан асуудлыг захирал хүлээн авахгүй буюу тодорхой асуудал хэлэлцүүлэхээр гишүүдийн хурал хуралдуулах хүсэлт гаргасныг нь зөвшөөрөөгүй тохиолдолд хянан шалгагчдын зөвлөл гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж болно.

17 дугаар зүйл.Холбоог татан буулгах

Хэвлэх

1.Холбоо нь дор дурдсан үндэслэлээр татан буугдана:

1/тухайн орон сууцны бүх сууц нэг этгээдийн өмчид шилжсэн;

2/тухайн орон сууц засч сэргээх боломжгүйгээр эвдэрсэн буюу нурж устсан;

3/татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.

2.Холбоог гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгахыг хориглоно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ