- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний

/Энэ хуулийг 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 05 сарын12 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулах, түүнийг тусгай санд төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Албан татвар ногдуулах бүтээгдэхүүн
3.1. Дор дурдсан бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн нэмэгдэл орлогын албан татвар ногдуулна:
3.1.1. алт;
3.1.2. зэсийн хүдэр болон баяжмал.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо
4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "зэсийн үнийн өсөлтийн нэмэгдэл орлого" гэж Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнээс энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан үнэ, зардлыг хассаны дараа үлдсэн орлогыг;
4.1.2. "зэсийн суурь үнэ" гэж хүдэр олборлох болон баяжмал үйлдвэрлэхэд гарсан зардал дээр ашгийг 100 хувиар тооцож нэмсэн дүнг;
4.1.3. "зэс хайлуулах зардал" гэж түүнийг хайлуулах, цэвэршүүлэх болон энэхүү үйл ажиллагаатай шууд холбогдож гарах зардлыг;
4.1.4. "алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого" гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 850 ам долларыг хассаны дараа үлдсэн орлогыг.
5 дугаар зүйл. Албан татвар төлөгч
5.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт олборлосон, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан бүтээгдэхүүнийг борлуулсан хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна.
6 дугаар зүйл. Татвар ногдуулах орлогыг тодорхойлох
6.1. Энэ хуулийн 3.1.2-т заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнээс энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан зардал, үнийг хасч тооцно.
6.2. Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 850 ам долларыг хасч тооцно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.3. Энэ хуулийн 3.1.2-т заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нэг тонн зэсийн суурь үнийг 2600 ам. доллароор тооцно.
7 дугаар зүйл. Татварын хувь хэмжээ
7.1. Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68.0 хувиар тооцож албан татвар ногдуулна.
8 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох,
8.1. Албан татвар төлөгч нь энэ хуульд заасан албан татвар ногдуулах орлогыг өөрөө үнэн зөв тодорхойлж татварыг тусгай санд төлнө.
8.2. Энэ хуульд заасан бүтээгдэхүүн борлуулсан этгээд нь албан татвар төлсөн тайланг татварын хууль тогтоомжид заасан хугацаанд гаргаж, татварын албанд ирүүлнэ.
8.3. Энэ хуулийн 8.2-т заасан тайлангийн маягтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9 дүгээр зүйл. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих
9.1. Энэ хуулийн хэрэгжилтэд татварын алба хяналт тавих бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон аргачлал, зааврыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
