- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний хамгаалалт/цаашид "иргэний хамгаалалт" гэх/-ын зохион байгуулалт, удирдлагын бүтэц, албан тушаалтны бүрэн эрх, уг асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, иргэний хамгаалалтын талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үүргийг тодорхойлж хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомж
1.Иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
1.Орчин үеийн хөнөөх хэрэгсэл /цаашид "хөнөөх хэрэгсэл" гэх/ гэж цэргийн зэвсэглэлд байгаа үй олноор хөнөөх болон сүйтгэл учруулах өндөр чадвартай бусад зэвсгийг хэлнэ.
2.Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг /цаашид "гамшиг" гэх/ гэж олон хүний амь нас үрэгдэх, эрүүл мэнд хохирох, эд хөрөнгө их хэмжээгээр сүйрэхэд хүргэдэг газар хөдлөлт, хүчтэй салхи, ган, зуд, үер, түймэр, цацраг идэвхит болон химийн хорт бодисын хордуулалт, хүн малын гоц халдварт өвчин зэргийг хэлнэ.
3.Үйлдвэрийн томоохон осол /цаашид "осол" гэх/ гэж үйлдвэр, байгууламж, зам тээврийн хэрэгсэлд эвдрэл гарч, сүйрэлд орох, технологийн горим зөрчигдсөнөөс хэвийн үйл ажиллагаагаа нь алдагдаж, олон хүний амь нас, эрүүл мэнд хохирч, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирч аврах ажил гүйцэтгэх шаардлагатай нөхцөл байдлыг хэлнэ.
4 дүгээр зүйл.Иргэний хамгаалалт
1.Иргэний хамгаалалт нь хөнөөх хэрэгслийн хөнөөл, гамшиг, ослын аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, учирсан хор уршгийг арилгах, эдгээр арга ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх цогцолбор арга хэмжээ мөн6
5 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын үйл ажиллагааны зарчим
1.Иргэний хамгаалалтын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
1/хүн ам, үйлдвэрлэлийн нягтрал, байршил, байгаль, цаг уурын нөхцөл, үйлдвэрлэл, технологийн онцлогийг харгалзан ялгавартай хандах;
2/төвлөрсөн удирдлага, нэгдмэл захирамжийг хэрэгжүүлэх;
3/бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг иж бүрнээр хэрэгжүүлэх.
6 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын үндсэн чиг үүрэг
1.Иргэний хамгаалалт нь дайны ба тайван үед дараахь үндсэн чиг үүрэгтэй байна:
1/хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хүн ам, эд хөрөнгийг хамгаалах, хөнөөлийн голомтод аврах, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажил зохион байгуулах;
2/мал, тэжээвэр амьтан, таримал ургамал, хүнс, тэжээл, усны эх булаг, эд хөрөнгийг цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, бактериологийн халдварлалтаас хамгаалах, түүний хор уршгийг арилгах арга хэмжээ авах;
3/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулын тухай хүн амд зарлан мэдээлэх, иргэний хамгаалалтын холбоо, зарлан мэдээлэл, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрийн бэлэн байдлыг хангах;
4/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас хамгаалах арга ажиллагаанд иргэдийг сургаж бэлтгэх;
5/аврах, хамгаалах ажилд шаардагдах хүч хэрэгслийг зохион байгуулж бэлтгэх, бэлэн байдлыг хангах, материал, техник, багаж, бусад хэрэгслийн нөөц бүрдүүлэх, нөхөн сэлбэх;
6/гамшиг, ослоос үүссэн хөнөөлийн голомтод аврах ажлыг зохион байгуулах.
7 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэгт шилжих
1.Хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас хүн ам, эд хөрөнгийг хамгаалах, аврах ажлыг дэс дараатайгаар зохион байгуулж хэрэгжүүлэх зорилгоор иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг тогтооно.
2.Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг, тэдгээрт шилжих журмыг Засгийн газар тогтооно.
8 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын зарлан мэдээлэл
1.Хөнөөх хэрэгслийн хөнөөл, гамшиг, ослын болзошгүй аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах, иргэний хамгаалалтын удирдлага, албад, хүч хэрэгслийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх зорилгоор иргэний хамгаалалтын зарлан мэдээллийг иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
2.Иргэний хамгаалалтын зарлан мэдээлэл дамжуулах журмыг Засгийн газар тогтооно.
3.Хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын хөнөөлийн үед иргэний хамгаалалтын зарлан мэдээллийн дохиог холбоо, мэдээллийн байгууллага өмчийнхөө хэлбэрээс үл хамааран үнэ төлбөргүй саадгүй дамжуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Иргэний хамгаалалтын зохион байгуулалт, удирдлага, хүч хэрэгсэл
9 дүгээр зүйл.Иргэний хамгаалалтын зохион байгуулалт
1.Иргэний хамгаалалтыг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна.
2.Улсын хэмжээнд иргэний хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, улсын албад, иргэний хамгаалалтын цэргийн болон мэргэжлийн ангиуд байна.
3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд штаб, албад, мэргэжлийн ангиуд байна.
4.Иргэний хамгаалалтын ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх анхан шатны нэгж нь аж ахуйн нэгж, байгууллага байна.
10 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын удирдлагын зохион байгуулалт
1.Монгол Улсын Ерөнхий сайд нь Улсын иргэний хамгаалалтын дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэний хамгаалалтын дарга тус тус байна.
2.Улсын хэмжээнд иргэний хамгаалалтын үйл ажиллагааг улсын иргэний хамгаалалтын дарга чиглүүлж, иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга шууд хариуцаж удирдана.
3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд иргэний хамгаалалтын ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга зохион байгуулж удирдана.
4.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын иргэний хамгаалалтын дарга байна.
5.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэний хамгаалалтын даргын дэргэд иргэний хамгаалалтын арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий иргэний хамгаалалтын штаб ажиллана.
11 дүгээр зүйл.Иргэний хамгаалалтын алба, түүний удирдлага
1.Иргэний хамгаалалтын чиг үүргийг дайны ба тайван үед хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийнхээ дагуу тодорхой үүрэг хүлээх иргэний хамгаалалтын улсын болон аймаг,нийслэл, дүүргийн алба байгуулна.
2.Иргэний хамгаалалтын улсын албыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудыг түшиглэн Улсын иргэний хамгаалалтын дарга, аймаг, нийслэл, дүүргийн иргэний хамгаалалтын албыг иргэний хамгаалалтын үүрэг хүлээсэн аж
3.Иргэний хамгаалалтын улсын албаны дарга нь тухайн төрийн захиргааны төв байгууллагын эрх баригч, аймаг, нийслэл, дүүргийн албаны дарга нь иргэний хамгаалалтын зохих үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч тус тус байна.
12 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын хүч хэрэгсэл
1.Иргэний хамгаалалтын хүч хэрэгсэл нь иргэний хамгаалалтын цэргийн анги, салбар, алба болон иргэний хамгаалалтын үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага дахь мэргэжлийн анги байна.
2.Мэргэжлийн ангийг Монгол Улсын харьяат, хөдөлмөрийн чадвартай, 16-гаас 60 хүртэлх насны эрэгтэй, 16-гаас 55 хүртэлх насны эмэгтэйчүүдээс бүрдүүлэн байгуулна. Энэ заалтад цэргийн албан хаагчид, тахир дутуу хүмүүс, жирэмсэн эмэгтэй, асрамжлах хүнгүй, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүмүүс хамаарахгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Иргэний хамгаалалтын албан тушаалтны бүрэн эрх
13 дугаар зүйл.Улсын иргэний хамгаалалтын даргын бүрэн эрх
Улсын иргэний хамгаалалтын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/иргэний хамгаалалтын талаар баримтлах төрийн бодлогын үндсийг боловсруулах, иргэний хамгаалалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд чиглүүлж удирдах;
2/иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
3/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газарт оруулан батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
4/иргэний хамгаалалтын дайчилгаа явуулах, хүч хэрэгслийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргах;
5/иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын байцаагчдыг томилох; /Энэ заалтыг 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6/гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах,хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий комиссыг томилох, түүний үйл ажиллагааны чиглэлийг тогтоох.
14 дүгээр зүйл.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь иргэний хамгаалалтын талаарх хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ Улсын иргэний хамгаалалтын даргын удирдлагаар хэрэгжүүлнэ.
15 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх
Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомж, Засгийн газар, Улсын иргэний хамгаалалтын даргын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2/иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хууль тогтоомжийн дагуу улсын иргэний хамгаалалтын дарга, холбогдох дээд байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх;
3/иргэний хамгаалалтын штабууд, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээ авах, иргэний хамгаалалтын цэргийн анги, салбарыг удирдах;
4/иргэний хамгаалалтын төвлөрсөн арга хэмжээний зардлын төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах;
5/иргэний хамгаалалтын улсын албаны гүйцэтгэх үүргийг тодорхойлох, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэх;
6/Засгийн газар, улсын иргэний хамгаалалтын даргын шийдвэрийн дагуу хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослоос үүссэн хөнөөлийн голомтод аврах ажил гүйцэтгэхэд шаардагдах хүн хүч, материал, багаж, бусад хэрэгслийг дайчлан ажиллуулах;
7/өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар шийдвэр гаргах;
8/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
16 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын иргэний хамгаалалтын дарга болон иргэний хамгаалалтын албаны даргын бүрэн эрх
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэний хамгаалалтын дарга болон иргэний хамгаалалтын албаны дарга нь өөрийн харьяалах нутаг дэвсгэр буюу албаныхаа хэмжээнд иргэний хамгаалалтын ажлыг зохион байгуулахдаа дараахь нийтлэг бүрэг эрхийг хэрэгжүүлнэ:
1/иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомж, иргэний хамгаалалтын асуудлаар гаргасан дээд шатны иргэний хамгаалалтын даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах;
2/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын шинж байдал, учирч болзошгүй хохирлын хэмжээг урьдчилан тодорхойлох, тэдгээрийн аюулаас хамгаалах, аврах ажил явуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
3/нутаг дэвсгэр, үйлдвэрлэл, үйл ажиллагааны онцлогт зохицуулан штаб, алба, мэргэжлийн ангийг байгуулж, сургах, бэлэн байдлыг нь хангах;
4/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга ажиллагаанд удирдах албан тушаалтан, ажилтан, иргэдийн сургалтыг зохион байгуулах;
5/хот, тосгон байгуулах, барилга байгууламжийг барих, өргөтгөх, шинэчлэх зураг төсөл нь иргэний хамгаалалтын шаардлагад нийцэж байгаа эсэхэд болон өмчийн бүх төрөлд хамаарах аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа иргэний хамгаалалтын багаж, хамгаалах хэрэгслийн ашиглалт, хадгалалтад хяналт тавих;
6/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослоос үүссэн хөнөөлийн голомтод аврах ажил гүйцэтгэхэд иргэний хамгаалалтын мэргэжлийн ангиас гадна албан тушаалтан, иргэн, шаардлагатай материал, техник, багаж, бусад хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу татан оролцуулах;
7/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хор уршгийг арилгахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гаргах, материал техник, багаж, бусад хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, нөхөн сэлбэх арга хэмжээ авах.
2.Иргэний хамгаалалтын албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтлэг бүрэн эрхээс өөрт хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.Аж ахуйн нэгж, байгууллагын иргэний хамгаалалтын дарга энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд зохион байгуулах бөгөөд гамшиг, осол тохиолдсон нөхцөлд аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг явуулах тухай шийдвэр гаргаж, уул аж ахуйн нэгж, байгууллагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг онцгой дэглэмд шилжүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үүрэг
17 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
1.Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомж, иргэний хамгаалалтын талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
2/иргэний хамгаалалтын байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх;
3/иргэний хамгаалалтын үндсэн чиг үүргийг гүйцэтгэх, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
4/хүн амыг сургаж бэлтгэх, аврах ажил явуулах хүч хэрэгслийг бүрдүүлэх, түүний бэлэн байдлыг хангах;
5/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулын тухай хүн амд зарлан мэдээлэх ажлыг зохион байгуулах;
6/иргэний хамгаалалтын асуудлаар гадаад орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх;
7/хүн олноор ажиллах болон хүний эрүүл мэнд,байгаль орчинд аюул учруулахуйц үйлдвэрлэл явуулах барилга, байгууламжийг байгуулахдаа иргэний хамгаалалтын талаар тавигдсан үндсэн шаардлагыг хангуулах.
2.Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын шийдвэрийн дагуу иргэний хамгаалалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар бусад чиг үүрэг гүйцэтгүүлж болно.
18 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг
1.Аж ахуйн нэгж,байгууллага нь иргэний хамгаалалтын талаар дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
1/өөрийн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас хамгаалах, аврах ажил гүйцэтгэх бэлтгэл төлөвлөгөөтэй байж, жил бүр тодотгож, түүнд шаардагдах хөрөнгийг төсөв, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх;
2/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюултай тэмцэхэд иргэний хамгаалалтын төлөвлөгөөний дагуу холбогдох хүч, материал, техник, багаж, бусад хэрэгслийг гаргах;
3/иргэний хамгаалалтын төвлөрсөн арга хэмжээнд холбогдох ажилтныг саадгүй оролцуулах;
4/гамшиг, осолтой тэмцэх, аврах, хамгаалах арга ажиллагаанд ажилтнуудаа сургаж бэлтгэх;
5/иргэний хамгаалалтын тухай хууль тогтоомж болон иргэний хамгаалалтын асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх.
19 дүгээр зүйл.Иргэний хамгаалалтын талаар иргэдийн хүлээх үүрэг
Монгол Улсын иргэн иргэний хамгаалалтын талаар дараахь үүрэг хүлээнэ:
1/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах арга ажиллагаанд сургах зохион байгуулалттай сургалтад оролцох;
2/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулын тухай зарлан мэдээлэх иргэний хамгаалалтын дохионууд, тэдгээрийн дагуу ажиллах журмыг мэдэх, өөрийгөө хамгаалах бололцоотой хэрэгслийг бэлтгэх, эзэмших;
3/хөнөөлийн голомтод нэрвэгдсэн хүмүүст туслах, аврах ажилд оролцох;
4/хөнөөх хэрэгсэл,гамшиг, осолд өртөгдсөн ба эд хөрөнгийг аврах, хамгаалах;
5/хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюул учирсан нөхцөлд нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон журмыг сахин биелүүлэх;
6/иргэний хамгаалалтын эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх.
ТАВДУГААР БҮЛЭГ
Иргэний хамгаалалтын сургалт
20 дугаар зүйл.Иргэний хамгаалалтын сургалт
1.Хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах арга ажиллагаанд хүн амыг сургаж, дадлагажуулахад иргэний хамгаалалтын сургалт чиглэнэ.
2.Иргэний хамгаалалтын сургалтыг удирдах албан тушаалтан, мэргэжлийн анги, ажилтан, оюутан сурагчид гэсэн ангиллаар явуулна.
3.Удирдах албан тушаалтан, мэргэжлийн анги, ажилтны иргэний хамгаалалтын сургалтыг иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
4.Тайван цагт иргэний хамгаалалтын удирдах албан тушаалтан 2-4 жил, мэргэжлийн ангийн дарга нарыг 2 жил, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ажилтныг 1 жил тутам тус тус сургана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
21 дүгээр зүйл. Иргэний хамгаалалтын санхүүжилт
1.Улсын хэмжээний иргэний хамгаалалтын төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төвлөрсөн төсвөөс, аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн байгууллагын иргэний хамгаалалтын зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, аж ахуйн нэгж зардлаа өөрөө хариуцна.
2.Хөнөөх хэрэгслээс үүсэх хөнөөлийн голомтод аврах, хор уршгийг арилгах ажил зохион байгуулахад гарах зардлыг төр хариуцна.
3.Гамшиг, ослын хөнөөлийн голомтод аврах, хор уршгийг арилгах ажил зохион байгуулахад гарах зардлыг төрийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын хувьд төр хариуцна, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын хувьд тэдгээр нь өөрсдөө хариуцаж, асуудлыг даатгалын хууль тогтоомжоор зохицуулна.
4.Иргэний хамгаалалтын арга хэмжээнд ажлаас чөлөөлөгдөн оролцсон хүмүүсийн хөдөлмөрийн хөлсийг тухайн аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
22 дугаар зүйл.Тэтгэвэр, тэтгэмж олгох
Иргэний хамгаалалтын албан тушаалтан /цэргийн албан хаагчдаас бусад/, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, иргэн хөнөөх хэрэгсэл, гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, аврах, хор уршгийг арилгах ажил гүйцэтгэх болон иргэний хамгаалалтын сургуульд оролцох үед хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний гэр бүлд цэргийн тэтгэвэр, тэтгэмжтэй тэнцэх хэмжээний тэтгэвэр, тэтгэмж олгон
23 дугаар зүйл. Гадаадын болон хамтын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн харьяалалгүй хүн
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа олон улсын байгууллага, гадаадын болон хамтын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн,харьяалалгүй хүмүүс Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
24 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 1, З, 4, 5, 6 дахь заалтыг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, иргэний хамгаалалтын улсын байцаагч 20000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсгийн заалтыг зөрчсөн иргэнд 5000-20000, албан тушаалтанд 10000-25000, холбоо, мэдээллийн байгууллагад 50000-75000, 16 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 10000-50000 төгрөгөөр торгох шийтгэлийг шүүгч, иргэний хамгаалалтын улсын байцаагч ногдуулна.
25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа
1.Энэ хуулийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
