A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН хууль

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг тогтоох, эрүүл мэндийн даатгалыг бий болгох, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, даатгалын болон эрүүл мэндийн байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж

Хэвлэх

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ зүйлд 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Эмнэлгийн төлбөргүй тусламж

3 дугаар зүйл.Эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журам

Хэвлэх

1.Монгол Улсын иргэнд түүний даатгуулсан эсэхийг үл харгалзан эмнэлгийн дараахь тусламжийг төлбөргүй үзүүлнэ;

1/улсын эмнэлгийн поликлиник, амбулатори, өрх /хэсэг, сум,баг/-ийн эмчийн үзлэг болон энэ хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5-д зааснаас бусад шинжилгээ, үйлчилгээ; /Энэ заалтыг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/энэ хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6-д зааснаас бусад эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ; /Энэ заалтыг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3/эрүүл ахуй, халдвар судлалын үйлчилгээ, төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх тарилга, халдварт өвчний голомтын ариутгал, халдваргүйтгэл/

4/жирэмсэн, төрөх, төрсний дараахь үед эмнэлгийн заалтаар хийлгэсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ /зөвхөн жирэмслэлт, төрөлттэй холбоотой шалтгаанаар/;

5/сүрьеэ бруцеллёз, дархлалын олдмол хомсдол зэрэг архаг халдварт өвчин, удамшлын эмгэг, чихрийн шижин, эдгээртэй адилтгах удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардагдах өвчин, хорт хавдар, сэтгэцийн зарим эмгэгийн эмчилгээ;

6/нийтийг хамрах аюул бүхий байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлтийн үед гэмтсэн, өвчилсөн хүмүүсийн эмчилгээ;

7/аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хүний амь нас аврахаар болон их хэмжээний хохирлоос сэргийлж яваад гэмтсэн, өвчилсөн хүмүүсийн эмчилгээ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмнэлгийн төлбөргүй тусламжийн зардлыг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөргүй тусламж авсан иргэн эрүүл мэнд, амь насаа зориуд бусниулахыг оролдсон болон гэмт хэрэг, зөрчлийн улмаас эмнэлгийн тусламж авахад хүрсэн, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлгийн бусад тусламжийг хувийн ашиг сонирхлын үүднээс урвуулан ашигласан бол гарсан зардлыг эрх бүхий байгууллагатай хамтран гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. /Энэ хэсэгт 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-д заасан эмнэлгийн тусламжийг үзүүлэх заавар, мөн хэсгийн 5-д заасан өвчний нэр, үе шатыг тодорхойлсон жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ зүйлийн З дахь хэсэгт заасан нөхөн төлбөр гаргуулах зааврыг төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Эрүүл мэндийн даатгал

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгал, түүний хэлбэр

Хэвлэх

1.Эрүүл мэндийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу даатгалын хураамж төлж, даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэхэд гарах эмчилгээ, үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн. /Энэ хэсэгт 1994 оны 12 дугаар сарын 8, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Эрүүл мэндийн даатгал /цаашид "даатгал" гэх/ нь заавал даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

5 дугаар зүйл.Даатгалын зөвлөл

Хэвлэх

1.Эрүүл мэндийн даатгалын орон тооны бус салбар зөвлөл /цаашид "даатгалын зөвлөл" гэх/-ийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд ажиллуулна. /Энэ хэсгийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Даатгалын зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/даатгалын сангийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих;

2/даатгалтай холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагад шийдвэрлүүлэхээр оруулах;

3/даатгалтай холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах;

4/даатгалын гэрээний болон гэрчилгээний загварыг батлах.

3.Даатгалын зөвлөл нь дор дурдсан байгууллагуудаас тус бүр тэнцүү тооны төлөөлөгч оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна:

1/даатгагч, түүний эрх ашгийг төлөөлсөн байгууллага;

2/даатгуулагч, түүний эрх ашгийг төлөөлсөн байгууллага;

3/эрүүл мэндийн /эмнэлгийн/ байгууллага;

4/төрийн захиргааны төв байгууллага /төсөв, санхүү, хууль, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн /Энэ заалтад 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Даатгалын зөвлөл нь аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд орон тооны бус салбар зөвлөлтэй байна.

6 дугаар зүйл.Даатгалыг эрхлэх байгууллага

Хэвлэх

1.Иргэний эрүүл мэндийн заавал даатгуулах даатгалыг нийгмийн даатгалын байгууллага эрхэлнэ. Сайн дурын, нэмэлт, давхар даатгалыг өмчийн бүх хэлбэрийн даатгалын байгууллага /цаашид "даатгагч" гэх/ эрхэлж болно.

2.Даатгалыг эрхлэх байгууллага нь эрүүл мэндийн даатгалын хяналтын улсын байцаагчтай байхаас гадна дэргэдээ магадлагаа-шинжилгээний алба, даатгалын эмнэлэгтэй байж болно.

3.Эрүүл мэндийн даатгалын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 8, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7 дугаар зүйл.Даатгалд хамрагдах хүрээ

Хэвлэх

1.Монгол Улсын дараахь иргэн эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна: /Энэ хэсэгт 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

1/аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан; аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин;

2/хувиараа хөдөлмөр эрхлэгч, аж ахуйн нэгжийн эзэн;

3/16 хүртэлх насны хүүхэд /ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бол 18 нас хүртэлх/

4/мэргэжлийн сургуульд суралцагч;

5/тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн;

6/хүүхдээ 2 нас /ихэр бол З нас/ хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/; /Энэ заалтыг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7/тахир дутуугийн I, II зэрэг тогтоолгосон иргэн;

8/хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч;

9/хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин; /Энэ заалтыг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

10/нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн дагуу нийгмийн халамжид хамрагдсан иргэн. /Энэ заалтыг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаадын иргэн, харьяалалгүй хүн даатгалд сайн дураар даатгуулна /даатгалд даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг цаашид "даатгуулагч" гэнэ./

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагч өөрөө хүсвэл сайн дураар давхар даатгуулж болно.

4.Эрүүл мэндийн даатгалтай иргэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг шатлалаар ялгаатай тогтоосон жагсаалтын дагуу тусгай зөвшөөрөл авсан төрийн болон холимог өмчийн, хувийн хэвшлийн байгууллага үзүүлнэ. Жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

8 дугаар зүйл.Даатгалын хураамжийн хувь хэмжээ,бүрдүүлэх журам

Хэвлэх

1.Даатгуулагчийн төлөх хураамжийг дараахь байдлаар тооцно:

1/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийн хувь хэмжээг тэдний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 6 хувиас хэтрүүлэхгүйгээр Засгийн газар жил бүр тогтооно; /Энэ заалтыг 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгчийн болон аж ахуйн нэгжийн эзний даатгалын хураамж төлбөл зохих орлогын хэмжээг татварын албанд гаргасан орлогын мэдүүлгийг үндэслэн тогтооно; /Энэ заалтыг 1994 оны 12 дугаар сарын 8, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3/Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,9-т заасан мэргэжлийн сургуульд суралцагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин даатгалын хураамжаа өөрөө төлнө.

/Энэ заалтыг 1994 оны 12 дугаар сарын 8, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-10-т заасан даатгуулагч болон хорих ял эдэлж байгаа ялтны төлөх даатгалын хураамжийн хэмжээг даатгалын зөвлөлийн саналыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтооно. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийн 50-иас доошгүй хувийг аж ахуйн нэгж, байгууллага нь төлөх бөгөөд үлдэх хэсгийг нь даатгуулагч өөрөө төлнө.

4.Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтныхаа төлөө төлөх даатгалын хураамжийг албан татвар ногдуулах орлогоос нь хасна.

5.Төсөвт байгууллагын ажилтны даатгалын хураамжийн 50-иас доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг тухайн байгууллагын төсөвт жил бүр тусгана. /Энэ хэсэгт 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З, 5-8, 10-т заасан даатгуулагчийн даатгалын хураамжийг төр хариуцна. Даатгалын хураамжийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс тухайн шатны төсвийн захирагч нь сар бүрийн эхний 5 хоногт багтаан даатгагчид шилжүүлнэ. /Энэ хэсэгт 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7.Хорих ял эдэлж байгаа ялтны даатгалын хураамжийг засан хүмүүжүүлэх байгууллага нь төлнө.

8.Сайн дураар даатгуулагч нь даатгагчтай байгуулсан гэрээнд заасны дагуу даатгалын хураамж төлнө.

9.Аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа нь ажилтныхаа, багийн Засаг дарга нь малчдынхаа эрүүл мэндийн даатгалын хураамжийг бүрдүүлж даатгагчтай тооцоо хийх ажлыг гэрээний үндсэн дээр зохион байгуулна. /Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн ба түүнд 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

10.Даатгалын хураамжийг төр хариуцаж байгаа иргэн хүсэлтээрээ даатгалын хураамжаа өөрийн хөрөнгөнөөс бүрэн төлж болно. /Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн ба түүнд 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

9 дүгээр зүйл.Даатгалын сан

Хэвлэх

1.Даатгалын сан даатгалын хураамж болон бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

2.Даатгалын санг даатгуулагчийн эмчилгээ, үйлчилгээ /цаашид "эмчилгээ" гэх/-ний болон даатгалын байгууллагын даатгалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна. /Энэ хэсгийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Даатгалын сангийн үлдэгдлийг дараа жилийн даатгалын хураамжийн хувь хэмжээг тогтооход харгалзана.

10 дугаар зүйл.Даатгалын гэрээ

Хэвлэх

1.Даатгагч нь даатгуулагч болон эмнэлэг, эмийн сантай гэрээ байгуулна. Гэрээнд даатгалын хураамж, түүнийг төлөх хугацаа, даатгалтай иргэнд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, даатгалын сангаас төлөх эмчилгээний төлбөрийн дээд хязгаар болон оролцогч талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээний нөхцөлийг тус тус тодорхой тусгана. Гэрээг эрүүл мэндийн даатгалын орон нутаг дахь салбар зөвлөл хянан баталгаажуулна. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Даатгалын гэрээний үлгэрчилсэн загварыг даатгалын зөвлөл батална.

11 дүгээр зүйл.Даатгалын гэрчилгээ

Хэвлэх

1.Даатгалын гэрээ байгуулсан даатгуулагчид даатгалын гэрчилгээ олгоно.

2.Даатгалын гэрчилгээ нь нэг талаас даатгуулагч эрүүл мэндээ даатгуулсныг, нөгөө талаас даатгагч тухайн даатгуулагчийг даатгалд авсныг гэрчлэх албан ёсны баримт болно.

3.Даатгалын гэрчилгээ нь даатгалын гэрээнд заасны дагуу хураамж төлсөн тэмдэглэлийг тухай бүр хийлгэсэн тохиолдолд хүчинтэйд тооцогдоно.

4.Гэрчилгээний загварыг даатгалын зөвлөл батална.

12 дугаар зүйл.Даатгуулагчийн эмчилгээний зардлын төлбөрийг төлөх

Хэвлэх

1.Даатгуулагчийн эмчилгээтэй холбогдсон хувьсах зардал /дулаан, цахилгаан, усны зардлаас бусад/-ын төлбөрийг үйлчлэх хүрээний нэг даатгуулагчид ногдох зардлын нормоор тооцон аймаг, дүүргийн тусгай зөвшөөрөл авсан төрийн болон холимог өмчийн, хувийн эмнэлэгт гэрээний дагуу даатгалын байгууллагаас урьдчилан төлнө. Харин тогтмол зардал болон нэгдсэн бодлогоор төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх шийдвэртэй холбогдон нэмж шаардагдах хөрөнгийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэг шатлалаас нөгөөд болон хувийн эмнэлгээс төрийн болон холимог өмчийн эмнэлэгт даатгуулагч эмнэлгийн заалтаар шилжин эмчлүүлэх тохиолдолд ялгавартай төлбөрийн тарифыг эмнэлэг хоорондын тооцоонд хэрэглэнэ. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан даатгуулагч болон мэргэжлийн сургуульд суралцагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин, сайн дурын даатгуулагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд нэг ор хоногийн эмчилгээний хувьсах зардал /дулаан, цахилгаан, усны зардлаас бусад/-ын 10 хувийг өөрсдөө хариуцан төлнө. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Энэ зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан эмчилгээний зардлын норм, төлбөрийн хэмжээг даатгалын зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалаар ялгавартай тогтооно. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Даатгуулагч хариуцсан өрх /хэсэг, сум, баг/-ийн эмчийн жороор эмийн сангаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эм авсан бол уг эмийн үнийн зохих хувийг даатгалын сангаас түүнд нөхөн олгоно.

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж нийтэд тогтмол мэдээлнэ. /Энэ хэсэгт 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагчийн дараахь эмчилгээний зардлын төлбөр, эмийн үнийг даатгалын сангаас төлөхгүй, даатгуулагч өөрөө хариуцна:

1/гоо сайхны үйлчилгээ, засал;

2/бүх төрлийн протез /нүдний шил, сонсголын аппарат, хиймэл шүд гэх мэт/;

3/өөрийн хүсэлтээр хийлгэсэн нэмэлт эмчилгээ,үйлчилгээ; /Энэ заалтад 1997 оны 2 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

4/эмийн сангаас авсан эм /Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийн үнийн тодорхой хэсгийг даатгагч нөхөн төлнө. Даатгалын сангаас нөхөн төлөх төлбөрийн хэмжээг даатгалын зөвлөл тухай бүр тогтооно/; /Энэ заалтыг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5/улсын эмнэлгийн поликлиник, амбулаторийн дор дурдсан шинжилгээ, үйлчилгээ:

а/улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлгийн бүх төрлийн шинжилгээ; /Энэ заалтыг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

б/эрүүл мэндийн дүгнэлт гаргахад шаардагдах шинжилгээ, үйлчилгээ;

в/аялал жуулчлал, хувийн болон албан ажлаар гадаадад явагчдад хийх урьдчилан сэргийлэх тарилга; /1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар энэ заалтын "в", "г", "е"-г хүчингүй болсонд тооцож, "д"-г "в" болгож өөрчилсөн/

/Энэ заалтыг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

6/Улаанбаатар хот болон аймгийн төв болох хотын дор дурдсан эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ:

а/иргэний хүсэлтээр хэвтрийн өвчтөнийг онгоц, галт тэрэгний буудал, ар гэрт нь хүргэх;

б/шарил зөөвөрлөх;

в/иргэн өөрийн хүсэлтээр эмч дуудаж зөвлөлгөө авах;

г/амь насанд аюулгүй, гэрийн нөхцөлд үзүүлж болох эмчийн тусламж, үйлчилгээ. /Энэ заалтыг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн/

7/яаралтай, амь насанд аюултай тохиолдлоос бусад үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалыг алгасан улсын хэмжээний үйлчилгээтэй эмнэлгийг иргэн өөрөө сонгон хэвтэж эмчлүүлэх; /Энэ заалтыг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

8/Засгийн газраас тогтоосон бусад төлбөрт үйлчилгээ. /Энэ заалтын дугаар "5" байсныг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар "7", 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар "8" болгож тус тус өөрчилсөн./

7.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан даатгуулагч ажилгүй болсон тохиолдолд даатгалтай байсан нийт хугацааных нь 25 хувьтай тэнцэх хугацаанд түүний эмчилгээний зардлын төлбөрийг даатгагч төлнө. /Энэ хэсэгт 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгуулагчид эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх эмчилгээний зардлын дээд хязгаарыг Засгийн газар жил бүр тогтооно. Засгийн газраас тогтоосон дээд хязгаараас давсан зардлыг даатгуулагч өөрөө төлөх буюу сайн дурын нэмэлт даатгалаар нөхөн төлүүлж болно. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан журам сайн дураар даатгуулагчдад хамаарахгүй.

10.Даатгалгүй иргэний эмчилгээний төлбөрийг дараахь хэлбэрээр тооцон авна:

1/иргэн эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд түүнд шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлсний дараа эмчилгээний зардлын төлбөрийг бодит зардлаар тооцон өөрөөр нь төлүүлнэ;

2/сайн дурын даатгуулагч дараалсан 12 сараас доошгүй хугацааны даатгалын хураамж төлсөн нөхцөлд даатгалын сангаас эмчилгээний зардлын төлбөр хийлгэх эрх үүснэ. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.Энэ зүйлийн 6 дахь хэсгийн 5,6 дахь заалтад заасан шинжилгээ, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсгийг 1997 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.Энэ хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэнд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эмнэлгийн байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлсэн нөхцөлд эмчилгээний зардлыг даатгалын сангаас төлнө. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн./

13 дугаар зүйл.Даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлүүлэх

Хэвлэх

Даатгалын сангаас гарсан дараахь зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:

1/гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эмчилгээний зардлын төлбөрийг гэм хор учруулсан буруутай этгээдээр;

2/хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн, орчинд нь аюул учруулах нөхцөл бүрдсэний улмаас эрүүл мэнд нь хохирсон /осол гэмтэл, хордлогод өртөх, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөх зэрэг/ даатгуулагчийн эмчилгээний зардлын төлбөрийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагаар.

3/эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эмчилгээний болон тарилгын дараахь хүндрэл гарсан нь тогтоогдсон тохиолдолд эмчилгээний зардлын төлбөрийг тухайн эрүүл мэндийн байгууллагаар. /Энэ заалтыг 2000 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

бусад зүйл

14 дүгээр зүйл.Даатгалын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж, байгууллага, төсвийн захирагч даатгалын хураамжийг энэ хууль болон гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй бол уг хураамжийг нөхөн төлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих хураамжийн 0. 3 хувьтай тэнцэх алдангийг даатгагчид төлөх ба хэрэв хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан, бууруулсан орлогод ногдох хураамжийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. /Энэ хэсгийг 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Даатгуулагч нь даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын хураамжийг төлөөгүй бол уг гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.

3.Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1О дахь хэсэг, 1З дугаар зүйлд заасан эмчилгээний зардлын төлбөр, нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийвэл учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

4.Даатгагч нь эмнэлгийн байгууллагад төлөх төлбөрийг хугацаа хожимдуулсан бол уг төлбөрийг нөхөн төлүүлж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг тухайн эмнэлгийн байгууллагад төлнө.

5.Энэ зүйлийн 1, 2, 4 дэх хэсгийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гомдол, маргааныг шүүх шийдвэрлэнэ.

6.Даатгалын хураамж, төлбөр тооцооны хугацаа хожимдуулсан буюу бүртгэл тооцоог будлиантуулсан албан тушаалтанд Монгол Улсын хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. /1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар 14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцож, 15 дугаар зүйлийн дугаарыг "14" болгож өөрчилсөн./

15 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Энэ хууль 199З оны 8 дугаар зүйлд заасан даатгалын хураамж төлөх, 12 дугаар зүйлд заасан эмчилгээний зардлын төлбөр хийх тухай заалтуудыг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ