- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /энэ хуулийг 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

/Энэ хуулийг 2002 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1994 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь өөрийн буюу бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалж иргэн, хуулийн этгээдээс нэхэмжлэл, хүсэлт, гомдол гарган мэдүүлсэн эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Шүүхэд мэдүүлэх эрх
1.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа сонирхогч этгээд уул эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд мэдүүлэх эрхтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн талаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно.
4 дүгээр зүйл.Шүүхэд иргэний хэрэг үүсгэх
Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг / цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно:
1/эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины эрх нь зөрчигдсөн гэж үзээд иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэл;
2/бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх хуулиар олгогдсон иргэн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэл;
3/онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт;
4/төрийн захиргаа, шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу гаргасан гомдол;
5/хуульд заасан бусад үндэслэл.
5 дугаар зүйл.Шүүхийн өмнө эрх тэгш байх
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал; хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана.
6 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах
1.Хэрэг хянан шийдвэрлэх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ.
2.Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.
7 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна.
2.Хэргийн оролцогч нь төрийн албан ёсны хэл, бичгийг мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар өгөх, үг хэлэх, бичиг баримт гаргаж өгөх эрхтэй.
3.Шүүх нь хэрэгт цугларсан баримт болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүмүүсээс гаргасан тайлбар, бичиг баримт, хэлсэн үгийг хэргийн оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрийг эдгээр хүмүүст орчуулагч / хэлмэрч/ -аар дамжуулан танилцуулах үүрэгтэй.
8 дугаар зүйл.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
1.Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
2.Хэргийн оролцогч биш бол 16 насанд хүрээгүй хүнийг шүүх хуралдаан явагдаж байгаа танхимд байлгаж болохгүй.
3.Хэргийн нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбогдолтой бол шүүх хуралдааныг бүрэн буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно.
4.Хаалттай хуралдааны явцад илэрхий болсон, түүнчлэн албан үүрэгтэй нь холбогдуулж шүүгчид итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг шүүгч, хуралдаанд оролцогчид задруулж болохгүй.
9 дүгээр зүйл.Шүүх хуралдааныг тасралтгүй явуулах
1.Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах, зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.
2.Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй.
10 дугаар зүйл.Мэтгэлзэх зарчим
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.
2.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэх; хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүднээс тэдгээр нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, хүсэлт, тайлбар гаргах, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэйгээр оролцох замаар мэтгэлзэнэ.
11 дүгээр зүйл.Хууль хэрэглэх
1.Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн , хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ.
2.Тодорхой хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал оруулна.
3.Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн утга агуулга, ерөнхий үндэслэлд нийцүүлэн шийдвэрлэнэ.
4.Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй.
12 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх
1.Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүн, аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтан заавал биелүүлнэ.
2.Шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан биелүүлнэ.
13 дугаар зүйл.Хэргийн харьяалал
1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл хүсэлт, гомдол / цаашид "нэхэмжлэл" гэх/ -ыг шүүх харьяалан хянан шийдвэрлэнэ.
2.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигчид хэлэлцэн тохиролцсон бол гадаадын иргэн, хуулийн этгээд оролцсон болон тэдгээрийн хооронд үүссэн маргааныг арбитр хянан шийдвэрлэнэ.
14 дүгээр зүйл.Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа / оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах
1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
2.Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргийг байнга явуулж байгаа байгууллагын оршин байгаа газрын шүүхэд гаргана.
3.Хариуцагчийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг түүний эд хөрөнгө байгаа газрын шүүхэд буюу сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд гаргана.
4.Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
15 дугаар зүйл.Нэхэмжлэлийг сонгон авсан нутаг дэвсгэрийн харьяалал
1.Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч, нэхэмжлэгчийн алины нь ч оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
2.Хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхтэй байгаа нөхцөлд түүний үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийг оршин байгаа газрынх нь шүүхэд гаргаж болно.
3.Гэрээнд үүрэг гүйцэтгэх газрыг тусгайлан заасан бол түүнтэй холбогдсон нэхэмжлэлийг уг гэрээг биелүүлбэл зохих газрын шүүхэд гаргаж болно.
4.Өөр өөр газар оршин суугаа / оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа / оршин байгаа/ газрын шүүхэд гаргана.
16 дугаар зүйл.Шүүхийн онцгой харьяалал
1.Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана.
2.Өв залгамжлагч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авахаас өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргах нэхэмжлэлийг уг эд хөрөнгө бүхэлдээ буюу түүний гол хэсэг нь байгаа газрын шүүхэд гаргана.
3.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.
17 дугаар зүйл. Хоорондоо холбоотой хэд хэдэн хэргийн шүүхийн харьяалал
1.Нэг хариуцагчид холбогдох хэд хэдэн нэхэмжлэл өөр өөр шатны шүүхэд харьяалагдахаар байвал уг нэхэмжлэлийг дээд шатны шүүхэд нь гаргана.
2.Эрүүгийн хэрэг үйлдэгдсэнээс үүссэн нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлээгүй бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хэлэлцүүлэхээр энэ хуульд заасан харьяаллаар гаргана.
18 дугаар зүйл.Харьяаллыг өөрчлөх
1.Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигчид хэлэлцэн өөрчилж болно.
2.Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан шүүхийн онцгой харьяаллыг зохигчид хэлэлцэн өөрчилж болохгүй.
19 дүгээр зүйл.Хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяалал
1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх нь хуулиар Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхэд харьяалуулснаас бусад бүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
2.Аймаг, нийслэлийн шүүх дор дурдсан хэргийг дараахь журмаар хянан шийдвэрлэнэ:
1/ / Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2/сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийг давж заалдах болон хяналтын журмаар;
2.Улсын дээд шүүх дор дурдсан хэргийг дараахь журмаар хянан шийдвэрлэнэ:
1/хуулиар харьяалуулсан хэргийг анхан шатны журмаар ;
2/Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар;
3/Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хяналтын журмаар.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хэргийн оролцогч
20 дугаар зүйл.Хэргийн оролцогчдын бүрэлдэхүүн
Зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ.
21 дүгээр зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн чадвар
Хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэгтэй байх чадвар / эрх зүйн чадвар/ -ыг бүх иргэн, хуулийн этгээд тэгш эдэлнэ.
22 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн чадамж
1.Шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээд гэнэ.
2.14-өөс 18 хүртэлх насны / насанд хүрээгүй/ хүмүүс өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд биечлэн хамгаалах эрхтэй.
3.Шүүх энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан хүмүүст хамаарагдах хэрэгт тэдний эцэг, эх, харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй. Харин тэдгээрийн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хөлсийг зарцуулах явдалтай холбогдсон хэргийг шийдвэрлэхдээ тэдний эцэг, эх, харгалзан дэмжигчийг оролцуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
4.14 насанд хүрээгүй / бага насны / хүмүүс, түүнчлэн сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүмүүсийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх буюу асран хамгаалагч шүүхэд хамгаална.
23 дугаар зүйл.Зохигч
1.Зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд зааснаар тэдгээртэй эрх зүйн хувьд ижил байдалтайгаар хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл буюу нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, эсхүл нэхэмжлэлээс бүрэн татгалзах эрхтэй.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөн хүлээх буюу нэхэмжлэлийг зөвшөөрөн хүлээхээс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй.
24 дүгээр зүйл.Хэргийн оролцогчдын эрх, үүрэг
1.Хэргийн оролцогчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь эрх эдэлнэ:
1/эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед танилцах;
2/хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж, гарсны дараа хэргийн материалтай танилцах түүнээс тэмдэглэл хийх;
3/шүүх хуралдаанд оролцох;
4/бусад оролцогчдод асуулт тавих;
5/гэрчийг байцаалгах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан ажиллагаа гүйцэтгүүлэх; нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, хуурамч гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах; шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;
6/шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч / хэлмэрч/ -ийг татгалзах;
7/шүүхийн шийдвэрийг давж заалдах.
2.Хэргийн оролцогчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь үүрэг хүлээнэ:
1/гаргасан шаардлага, тайлбар, татгалзлаа өөрөө нотлох, түүний нотлох баримтыг өөрөө цуглуулах;
2/шүүхийн дуудсанаар ирэх;
3/шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх;
4/хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих;
5/шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх.
25 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн зохигч оролцох
1.Нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч тус тус хамтран гаргаж болно. Зохигч бүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие дааж оролцоно.
2.Хамтран нэхэмжлэгчид буюу хамтран хариуцагчид нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд байлцах шаардлагагүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно.
26 дугаар зүйл.Нэхэмжлэгч, хариуцагчийг солих
1.Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр нь буюу хариуцах ёсгүй этгээдийг нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар нь солино.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол нэхэмжлэг, хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулна.
3.Хариуцагчийг өөр этгээдээр солихыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол шүүх уг этгээдийг хоёр дахь хариуцагчаар татан оролцуулна.
27 дугаар зүйл.Гуравдагч этгээд
1.Маргаж байгаа зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигчийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
3.Шүүхээс гарах шийдвэр нь маргаж байгаа зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт муугаар нөлөөлөхөөр байвал тэрээр шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн санаачлагаар, эсхүл зохигчийн хүсэлт, түүнчлэн шүүхийн санаачлагаар гуравдагч этгээдийн хувиар хэрэгт оролцох эрхтэй.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг зөвшөөрөн хүлээх, эвлэрэн хэлэлцэхээс бусад зохигчийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
28 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах
1.Маргаантай байгаа эрх зүйн харилцааны зохигчдын аль нэг нь уг эрхийн харилцаанаас гарсан / хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг түүний эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно.
2.Эрх залгамжлагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан этгээдийн гүйцэтгэвэл зохих бүх үүргийг бүрэн хариуцна.
29 дүгээр зүйл.Бусдын эрхийг хамгаалж байгаа иргэн, хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох
1.Иргэн, хуулийн этгээд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалахын тулд хуульд заасан бол нэхэмжлэл гаргаж болно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Харин тэдгээр нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан явдал уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.
30 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөх
1.Иргэн нь өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно.
2.Төлөөлөл нь хуульд зааснаар, эсхүл сайн дураар буюу гэрээгээр төлөөлөх хэлбэртэй байна:
1/иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй болон зарим буюу хэсэгчилсэн чадамжтай, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг хуульд заасан төлөөлөгч нь төлөөлнө;
2/эрх зүйн бүрэн чадамж бүхий иргэн сайн дураараа гэр бүлийн гишүүн, төрөл садангаараа, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно.
31 дүгээр зүйл.Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх
1.Эрх зүйн бүрэн чадамжгүй болон зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүний эрх, эрх чөлөө , хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч-эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд хамгаалах бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.
2.Сураггүй алга болсонд тооцогдсон хүн оролцвол зохих байсан хэрэгт түүний эд хөрөнгийг хамгаалахаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.
3.Нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан хүний өв залгамжлагч оролцвол зохих байсан хэрэгт хэрэв өв залгамжлагч нь уул өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалахаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн сонгон авсан төлөөлөгчийг оролцуулж болно.
32 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүрэг
1.Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь эрх эдэлнэ:
1/шаардлагатай нотлох баримтыг цуглуулах;
2/шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар хүсэлт гаргах;
3/төлөөлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах;
4/эсрэг талын болон бусад оролцогчдын гаргасан нотлох баримт, шаардлага, татгалзал, тайлбартай танилцах, тэдгээрт тайлбар өгөх;
5/бусад зохигчид, оролцогчдод асуулт тавих;
6/нотлох баримт шинжлэхэд оролцох, нэмэлт нотлох баримт шинжлүүлэх, гэрч байцаалгах, шинжээч томилуулах, шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах;
7/шүүх хуралдааны болон хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны тэмдэглэлтэй танилцах;
8/шүүх бүрэлдэхүүн, оролцогчдыг татгалзан гаргах;
9/шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах.
2.Өмгөөлөгч нь гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардагдах эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй.
33 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх
1.Хуулийн этгээд нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.
2.Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаалыг буюу эрх олгогдсоныг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.
34 дүгээр зүйл.Төлөөлөгчийн бүрэн эрх
1.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.
2.Төлөөлөгчийн бүрэн эрхийг хуульд заасны дагуу бүрдүүлсэн итгэмжлэлээр тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно.
3.Өмгөөлөгчийн бүрэн эрх нь эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгээр батлагдана.
35 дугаар зүйл.Төлөөлөн оролцож болохгүй байдал
1.Дараахь иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцож болохгүй:
1/18 насанд хүрээгүй;
2/эрх зүйн бүрэн чадамжгүй;
3/шүүгч, прокурор, мөрдөн байцаагч.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан иргэн нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар болон өөрийн ажиллаж байгаа байгууллагын төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нотлох баримт
36 дугаар зүйл.Нотлох баримт
1.Зохигчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан хэрэгслээр тодорхойлогдож буй нөхцөл байдлыг нотлох баримт гэнэ.
2.Хэрэгт нотлох баримт нь зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно.
37 дугаар зүйл.Нотлох баримт гаргах ба цуглуулах
1.Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад оролцогчид нотлох баримт гаргаж болно.
3.Хэргийн оролцогч нь хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно.
4.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, шинжилгээ хийлгэх, гэрчийг байцаах зэрэг тохиолдолд нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.
5.Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
6.Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргана. Шүүх хуралдаан дээр гаргах боломжтой нотлох баримтыг хуралдаан дээр гаргаж болно.
7.Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас нэг тал нь татгалзсан ч эсрэг тал нь түүнийг иш татах эрхтэй.
8.Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд тогтоол буюу захирамж гаргана.
38 дугаар зүйл.Нотлох баримтыг үнэлэх
1.Шүүх нотлох баримт ба хэргийн байдлыг хооронд нь харьцуулан дүгнэж, тал бүрээс нь бодитойгоор хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.
2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээтэй талаас нь үнэлнэ.
3.Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
4.Шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий гэж үзэгдсэн үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
39 дүгээр зүйл.Шүүхийн даалгавар, түүнийг биелүүлэх
1.Хянан шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захирамжид хэргийн товч агуулга, тодруулбал зохих нотлох баримтыг зааж, даалгавар биелүүлэх хугацааг тогтооно.
3.Шүүхийн даалгавар хүлээн авсан шүүх түүнийг заавал биелүүлнэ.
4.Шүүхийн даалгавар биелүүлэхэд хөтөлсөн тэмдэглэл, бүрдүүлсэн бүх материалыг хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүхэд тогтоосон хугацаанд явуулна.
40 дүгээр зүйл.Гэрчийн мэдүүлэг
1.Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно.
2.Гэрчийг шүүх өөрийн санаачлагаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна.
3.Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.
4.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудлагаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно.
5.Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрөө байвал тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч болно. Шүүгч нүүрэлдүүлэн мэдүүлэг авахдаа гэрчүүдээс бие биенээ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууна. Дараа нь тодруулах гэж байгаа зүйлийн талаар гэрчүүдээр ээлжлэн мэдүүлэг гаргуулна. Мэдүүлэг өгсний дараа шүүгч гэрчүүдэд асуулт тавьж болно. Харилцан нүүрэлдэж байгаа гэрчүүд бие биендээ асуулт тавьж болно.
6.Зохигчдын эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр байцааж болно. Энэ тохиолдолд тэд гэрчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
7.Дараахь хүмүүсийг гэрчээр дуудах ба байцааж болохгүй:
1/үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгч;
2/эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд.
41 дүгээр зүйл.Бичмэл нотлох баримт
1.Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичмэл хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ.
2.Бичмэл нотлох баримтыг шүүхэд жинхэнэ эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар батлуулсан хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно.
3.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа бичмэл нотлох баримтын жинхэнэ эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын батлагдсан хуулбарыг хэрэгт үлдээнэ.
42 дугаар зүйл.Эд мөрийн баримт
1.Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадах биет зүйлийг эд мөрийн баримт гэнэ.
2.Эд мөрийн баримтыг хэрэгт, эсхүл тусгай байр, саванд нэгбүрчилсэн тодорхой бүртгэлтэйгээр хадгална. Шүүхэд авчирч хадгалах боломжгүй эд мөрийн баримтыг түүний байгаа газарт нь үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө. Шаардлагатай бол уг эд мөрийн баримтын талаар кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг хийж, бэхжүүлэн авч, хэрэгт хавсаргах буюу түүнийг битүүмжилж болно. Хүнсний ба түргэн гэмтэх бусад зүйлд үзлэгийг шүүхээс хэргийн оролцогчдод мэдэгдэж даруй хийнэ. Үзлэг хийсний дараа уг зүйлийг хуульд өөрөөр заагаагүй бол гаргаж өгсөн этгээдэд буцаан олгоно.
3.Шаардлагатай бол эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буюу бусад итгэлтэй хүмүүст, эсхүл зохих нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд хадгалуулж болно. Хадгалахаар авсан этгээд эд мөрийн баримтыг хэвийн байдлаар хадгалах үүрэгтэй.
4.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эд мөрийн баримтыг хуульд өөрөөр заагаагүй бол эзэмшигчдэд нь буцаан олгоно. Харин эд мөрийн баримтын кино ба гэрэл зураг, зураглал, дүрс бичлэгийг хэрэгт үлдээнэ.
43 дугаар зүйл.Бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гарган өгөх
1.Иргэн, хуулийн этгээд нь шүүхээс шаардсан бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг тогтоосон хугацаанд явуулна. Хэрэв иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг явуулах боломжгүй бол энэ тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтан , иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
3.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, түүний албан тушаалтан гаргаж өгөх үүрэгтэй. /Энэ хэсгийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./
44 дүгээр зүйл. Шинжээч, түүний эрх, үүрэг, шинжээчийн дүгнэлт
1.Хэргийг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд зохигчийн хүсэлтээр буюу өөрийн санаачлагаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно.
2.Шаардлагатай тохиолдолд шүүгч хэд хэдэн шинжээчийг нэгэн зэрэг томилж болох бөгөөд тэдгээр нь санал нэгтэй байвал нэг дүгнэлт гаргаж, түүнд бүгд гарын үсэг зурна. Харин аль нэг шинжээч нь бусад шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байвал дүгнэлтээ тусад нь гаргаж болно.
3.Шинжээч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, тавьсан асуултад үнэн зөв хариулах үүрэгтэй. Шинжээч санаатайгаар худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.
4.Шинжээчид өгсөн материал нь даалгасан үүргийг биелүүлэхэд хангалтгүй буюу шинжээч нь оногдсон үүргийг биелүүлэхэд шаардагдах мэдлэг эзэмшээгүй байвал дүгнэлт гаргахаас татгалзаж болно.
5.Шинжээч нь шаардлагатай гэж үзвэл тухайн хэргийн материалтай танилцах, нэмэлт материал гаргаж өгөхийг шүүхэд хүсэх эрхтэй.
6.Шинжээч дүгнэлтээ бичгээр гаргана. Дүгнэлтэд ямар шинжилгээ хийсэн, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт, шүүгчээс тавьсан асуултад өгсөн үндэслэл бүхий хариултыг тодорхой бичнэ.
7.Шинжээч хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар шүүхээс асуулт тавигдаагүй ч гэсэн дүгнэлтдээ оруулах эрхтэй.
45 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа
1.Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан, хэргийн оролцогчдыг оролцуулан хийж, тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдын гарын үсгийг зуруулна. Харин хэргийн оролцогчид ирээгүй нь уг ажиллагаа явуулахад саад болохгүй.
2.Хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг оролцуулна. Хөндлөнгийн гэрч нь түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй. Хөндлөнгийн гэрч тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй.
46 дугаар зүйл.Орчуулагч / хэлмэрч/
1.Хэргийн оролцогч нь монгол хэл мэдэхгүй, түүгээр харьцаж чадахгүй бол орчуулагч /хэлмэрч/ -аа өөрөө сонгон авах буюу эсхүл орчуулагч /хэлмэрч/ -ийг шүүгч захирамж гарган томилно.
2.Орчуулагч /хэлмэрч/ нь тухайн этгээдийн нэхэмжлэл, шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал; түүнчлэн түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын нэхэмжлэл, шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг орчуулж /хэлмэрч/ өгөх, хэргийн материалтай танилцахад нь туслах үүрэгтэй.
3.Орчуулагч /хэлмэрч/ нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, үнэн зөв орчуулах /хэлмэрчлэх/ үүрэгтэй.
4.Орчуулагч /хэлмэрч/ зориуд буруу орчуулбал /хэлмэрчилбэл/ Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.
47 дугаар зүйл.Нотлох баримтыг хангах
1.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргах боломжгүй буюу бэрхшээл төвөгтэй болох үндэстэй гэж үзсэн хэргийн оролцогч нь уг нотлох баримтыг хангуулахаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд хүсэлт гаргаж болно.
2.Хүсэлтэд ямар нотлох баримтыг хангах, тэр нь хэргийн ямар байдлыг батлах, хангуулах болсон шалтгааныг заана.
3.Шүүгч хүсэлтийг хүлээн авч нотлох баримтыг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай захирамж гаргана.
48 дугаар зүйл. Тэмдэглэл
1.Анхан шатны шүүх хуралдаан болон хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах, хяналтын шүүх хуралдаан явуулах, түүнчлэн хэргийн оролцогчдоос мэдүүлэг, тайлбар авах, үзлэг, туршилт хийх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэх, нотлох баримтыг шинжлэн судлахад тэмдэглэл үйлдэнэ.
2.Тэмдэглэлийг шүүх хуралдаан дээр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга; хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны үед шүүгч, түүний даалгавараар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга үйлдэнэ.
49 дүгээр зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны тэмдэглэл
1.Хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны тэмдэглэлийг уг ажиллагааны явцад буюу түүнийг дуусмагц үйлдэнэ.
2.Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгнө.
3.Тэмдэглэлд уг ажиллагааг явуулсан этгээд болон түүнд оролцсон буюу байлцсан бүх хүн гарын үсэг зурна. Тэдгээр нь гарын үсэг зурахаас татгалзах эрхгүй.
4.Тэмдэглэлд гэрэл зураг, зураглал, ул мөрнөөс буулгаж авсан хэв болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж болох бөгөөд тэмдэглэлд энэ тухай заана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж
50 дугаар зүйл.Шүүхийн зардал
1.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.
2.Шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх боловч энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан зардлыг зохигчдоор нөхөн төлүүлж улсын төсвийн орлогод оруулна.
51 дүгээр зүйл.Нөхөн төлүүлэх шүүхийн зардал
Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчдоор нөхөн төлүүлнэ:
1/шинжээч, орчуулагч /хэлмэрч/-ийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэсэн ажил нь үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс;
2/гэрчийн тээвэр, байр, хоолны зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;
3/үзлэг хийх, туршилт явуулах, таньж олуулах ажиллагаа явуулахад гарсан зардал;
4/эд мөрийн баримт хадгалуулсны зардал.
52 дугаар зүйл.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох
Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:
1/шинжээч, орчуулагч /хэлмэрч/, гэрчид олгох тээвэр, байрны зардлыг зохих баримтыг үндэслэн; хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж буй албан томилолтын зардлын хэмжээгээр;
2/шинжээч, орчуулагч /хэлмэрч/-ийн ажлын хөлсийг дундаж үнэлгээгээр;
3/мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд гэрч хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөлсний дунджаар;
4/бусад зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр.
53 дугаар зүйл.Шүүхийн зардлыг нөхөн төлөхөөс чөлөөлөх
1.Зохигч төлбөрийн чадваргүй буюу хуульд заасан бусад үндэслэлээр түүнийг шүүхийн зардал нөхөн төлөхөөс шүүхийн шийдвэрээр чөлөөлж болно.
2.Шүүх тухайн этгээдийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн зардлыг нөхөн төлөх хэмжээг нь багасгах буюу хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлүүлэх эрхтэй.
54 дүгээр зүйл.Шүүхийн зардлыг хуваарилах
1.Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.
2.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.
3.Дээд шатны шүүх хэргийг шинэчлэн хэлэлцүүлэхгүйгээр шүүхийн шийдвэрийг өөрчилбөл шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн шийдвэрлэнэ.
4.Зохигчид эвлэрэн хэлэлцэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
5.Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч нь шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин нэхэмжлэгч шаардлагаа дэмжээгүй явдал нь хариуцагч өөрийн үүргийг сайн дураар гүйцэтгэснээс болсон бол шүүхийн зардлыг хариуцагч нөхөн төлнө.
55 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамж
1.Хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхдээ холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ, хураамж төлөх, хөнгөлөх журмыг Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна.
2.Хураамжийг буцаан олгох, нөхөн төлүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Тэмдэгтийн хураамжийн хуулийн холбогдох заалт болон энэ хуулийн 56, 57, 58 дугаар зүйлд зааснаар зохицуулна. /Энэ хэсэгт 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ .
56 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх, хураамжаас чөлөөлөх
1.Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. /Энэ хэсгийг 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хассан ба 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн ихэссэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.
3.Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй буюу хуульд заасан бусад үндэслэлээр түүнийг тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлж болно. /Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Зохигчдын эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, хэсэгчлэн төлүүлж болно. /Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
57 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийг буцаах
1.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр буцаан олгоно.
2.Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, зохигчид эвлэрэн хэлэлцэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
/Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ба 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
58 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах
Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасны адилаар зохицуулна.
/Энэ зүйлийг 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ТАВДУГААР БҮЛЭГ
Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах
59 дүгээр зүйл.Нэхэмжлэлийн хэлбэр
Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргана.
60 дугаар зүйл.Нэхэмжлэлийн бүрдүүлбэр
1.Нэхэмжлэлд дараахь зүйлийг заана:
1/нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа;
2/нэхэмжлэгчийн овог, нэр, хаяг;
3/хариуцагчийн овог, нэр, хаяг;
4/нэхэмжлэлийн агуулга;
5/нэхэмжлэлийн үнэ;
6/шаардлагыг нотлох баримт;
7/хавсаргасан бичиг баримтын жагсаалт.
2.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг хавсаргана. /Энэ хэсгээс 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар "улсын тэмдгийн хураамж төлсөн баримт" гэсэн үгсийг хассан ба 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар эдгээр үгийг нэмсэн./
3.Нэхэмжлэлд нэхэмжлэгч буюу төлөөлөгч гарын үсгээ зурж, нэхэмжлэл болон түүнд хавсаргасан бичиг баримтыг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.
61 дүгээр зүйл.Нэхэмжлэлийн үнийг тодорхойлох
1.нэхэмжлэлийн үнийг дараахь байдлаар тодорхойлно:
1/мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр;
2/эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн үнийн дүнгээр;
3/бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр;
4/гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээс;
5/тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр;
2.Гадаад валютын ханшийг Монголбанкны зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно.
62 дугаар зүйл.Нэхэмжлэлийг хүлээн авах
Нэхэмжлэлийг тухайн шүүхийн шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, ийнхүү авснаа баримтжуулна.
63 дугаар зүйл.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах
1.Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана:
1/шүүхэд харьяалагдахгүй бол;
2/уг шүүхэд харьяалагдахгүй бол;
3/шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал;
4/нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй этгээд байвал;
5/нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол;
6/нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын тогтоол буюу шүүгчийн захирамж байгаа бол; /Энэ заалтад 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
7/зохигчдын маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх хянан шийдвэрлэж байгаа бол;
8/зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол;
9/энэ хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал;
2.Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа захирамж гаргах бөгөөд түүнд уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.
64 дүгээр зүйл.Нэхэмжлэлийг арбитрт шилжүүлэх
Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арбитрт харьяалагдах нэхэмжлэлийг шүүгч захирамж гарган арбитр шилжүүлнэ.
65 дугаар зүйл.Хэрэг үүсгэх
Шүүгч энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 63 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.
/Энэ зүйлд 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
66 дугаар зүйл. Хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа
Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна:
1/зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээдэд шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх;
2/хариуцагчид нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгийн хувийг гардуулах;
3/шаардлагатай бол энэ хуулийн 37 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулах.
67 дугаар зүйл.Зохигчид эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч шаардлагыг зөвшөөрөх, биелүүлэх
1.Хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн, эсхүл зохигчид эвлэрэн хэлэлцвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захирамж нь шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэнэ.
3.Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлбэл шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана.
68 дугаар зүйл.Нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагыг нэгтгэх ба тусгаарлах
1.Нэхэмжлэгч хоорондоо холбоотой хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж болно. Нэгтгэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан хянан шийдвэрлэх нь зохистой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.
2.Хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан хянан шийдвэрлэх нь зохистой байвал тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.
3.Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт урьд оролцож байсан зохигчид оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган хянан шийдвэрлэх нь уг хэргийг түргэн, зөв, шийдвэрлэхэд ашигтай гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хэлэлцэж болно.
69 дүгээр зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах
1.Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй:
1/хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх;
2/хариуцагчаас ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглох;
3/хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох;
4/нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах. /Энэ хэсгийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Мөн 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг авч болно.
3.Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авахдаа энэ хуулийн 70 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг нэхэмжлэгчид мэдэгдэнэ.
4.Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно. Хариуцагч нь мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн харилцах дансанд оруулж болно.
70 дугаар зүйл.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг биелүүлэх, түүнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх
1.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.
2.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байна.
3.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээнээс хариуцагчид учирсан хохирлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.
71 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа
1.Хуулиар тусгай хугацаа тогтоогоогүй бол хэргийг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамжаараа сунгаж болно.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад хугацааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүх тогтоож болно.
4.Хугацаа тоолох, тодорхойлоход Иргэний хуульд заасан журмыг хэрэглэнэ.
72 дугаар зүйл. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах
1.Шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулна.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэхээ нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд шүүхэд мэдэгдэж, эс зөвшөөрвөл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
73 дугаар зүйл.Сөрөг нэхэмжлэл
1.Үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан хянан шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл нь энэ хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан хэлэлцэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан хэлэлцэх эсэхийг шүүгч шийдвэрлэнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны бэлтгэл хангах
74 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүх хуралдааны үед шүүхийн тогтоолоор, шүүх хуралдаанаас өмнө шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ:
1/зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаантай байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжих ёстой байвал;
2/зохигчид асран хамгаалалт тогтоох шаардлагатай болбол;
3/зохигч нь онц ба дайны байдал зарласан нөхцөлд цэргийн алба хааж байгаа бол;
4/эрүү, иргэний ба захиргааны журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй бол;
5/зохигч хүнд өвчний учир эмнэлэгт байгаа бол;
6/хариуцагчийг эрэн сурвалжилж байгаа бол;
7/хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар Улсын дээд шүүхэд санал оруулсан бол.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад хүндэтгэн үзэх шалтгаан байвал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж болно.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хугацааг шүүх буюу шүүгч тогтооно.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчдын хүсэлт буюу шүүхийн санаачлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинэчлэн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.
75 дугаар зүйл. Шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараахь бэлтгэл ажиллагааг явуулна:
1/хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай гэж зохигчид үзсэн, эсхүл энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох;
2/хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх;
3/хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэх бол шүүх бүрэлдэхүүн болон хуралдаан даргалагчийг томилуулах, иргэдийн төлөөлөгчийн тоог тогтоолгох ба тэдгээрийг томилуулах;
76 дугаар зүйл.Шүүхийн мэдэгдэх хуудас
1.Зохигчид, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэж, хүрэлцэн ирээгүйгээс гарах холбогдлыг заана. Шүүхийн мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар буюу биечлэн хүргэнэ. Шаардлагатай үед утас, цахилгаан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно.
2.Мэдэгдэх хуудсыг иргэнд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг түүний удирдах албан тушаалтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.
3.Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уул хуудсыг түүний хамт амьдран суудаг насанд хүрсэн иргэн, эсхүл нутгийн захиргааны байгууллагын болон албан тушаалтанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.
4.Зохигчид нь мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзвал энэ тухай мэдэгдэх хуудсанд тэмдэглэж шүүхэд буцаана. Энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно.
6.Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн бусад оролцогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол тэдгээрийг шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх буюу тэдгээрт захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
77 дугаар зүйл.Шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох
Хэрэг шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилно.
78 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчийг томилох
1.Шүүх хуралдаанд тухайн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрээс сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.
2.Шүүх хуралдаан даргалагч иргэдийн төлөөлөгчийн тоог тогтоож, энэ хуулийн 92 дугаар зүйлийн заалтыг удирдлага болгон тэдгээрийг томилно.
79 дүгээр зүйл.Хэрэг шилжүүлэх
1.Харьяаллын журмаар нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэж дуусгах ёстой боловч дараахь шалтгаанаар шүүх хуралдааны үеэр буюу түүнээс өмнө шүүхийн тогтоол буюу шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно.
1/хэргийг тал бүрээс нь бүрэн, зөв, түргэн хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл;
2/оршин суугаа газар нь урьд мэдэгдээгүй байсан хариуцагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд шилжүүлж өгөхийг хүсвэл;
3/нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллын журмыг зөрчсөн нь илэрвэл.
2.Шилжүүлсэн хэргийг хүлээн авсан шүүх түүнийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлсэн хэргийн харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй.
80 дугаар зүйл.Хэрэг шилжүүлэх журам
Хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх тухай шүүхийн тогтоол /шүүгчийн захирамж/-д гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа уг хэргийг шилжүүлнэ. Хэрэв гомдол гарсан байвал уг гомдлыг шийдвэрлэсэн дээд шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийг шилжүүлнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчид хуралдааны нийтлэг журам
81 дүгээр зүйл.Шүүх бүрэлдэхүүн
1.Анхан шатны журмаар шүүгч дангаар шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.
2.Урьд нь шүүгч дангаар шийдвэрлэж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр нь давж заалдах буюу хяналтын шүүх хуралдаанаас хүчингүй болж хэргийг дахин хянан шийдвэрлэх тохиолдолд түүнийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
3.Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
4.Хяналтын журмаар хэргийг аймаг, нийслэлийн шүүх 3 шүүгчийн, Улсын дээд шүүх нийт шүүгчдийн олонхийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.
5.Энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож болох шүүгчдийн тоо нийт шүүгчдийн олонхид хүрэхгүй бол оролцох эрх бүхий шүүгчдийн бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэнэ.
82 дугаар зүйл. Шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг
1.Шүүгч дор дурдсан хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтад заасан хэргийг дангаар хянан шийдвэрлэнэ:
1/Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 1, 3, 4, 6 дахь хэсэг;
2/Хөдөлмөрийн хуулийн 92 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10 дахь хэсэг;
3/Гэр бүлийн тухай хуульд шүүх шийдвэрлэхээр заасан асуудал; /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4/тэтгэврийн харилцаанаас үүссэн маргаан;
5/Тэтгэмжийн хуулийн 27 дугаар зүйл;
6/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10 дахь заалт;
7/шүүх торгууль ногдуулахаар хуульд заасан асуудал;
8/бусад хуулиар шүүхэд харьяалуулсан хэрэг. /Энэ хэсгийг 1995 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг ээдрээ төвөгтэй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар түүнийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж болно.
83 дугаар зүйл.Шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж үл болох
Хэргийг гагцхүү нэг шүүгч буюу шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж шийдвэрлэнэ. Хэрэв шүүх бүрэлдэхүүний хэн нэг нь шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжгүй болсон бол түүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүгчээр сольж, уг хэргийг шинээр эхлэн хэлэлцэнэ.
84 дүгээр зүйл.Шүүх хуралдааны оролцогчид
Шүүх хуралдааны оролцогчид гэдэгт хэргийн оролцогч, иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч / хэлмэрч/ , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хамаарна.
85 дугаар зүйл.Прокурор, түүний эрх, үүрэг
1.Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
2.Шүүх хуралдаанд оролцох прокурор тухайн хэргийн материалтай танилцах, нотлох баримт шинжлэхэд оролцох, хүсэлт гаргах, дүгнэлт гаргах, шүүхийн шийдвэр бодит байдал буюу хуульд нийцээгүй гэж үзвэл давж заалдах журмаар гомдлын эсэргүүцэл, эсхүл хэрэг нь хяналтын журмаар Улсын дээд шүүхэд хянагдах бол Улсын ерөнхий прокурорт саналаа бичих эрхтэй.
3.Төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл прокурор төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Ийнхүү нэхэмжлэл гаргасан прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Прокурор гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болохгүй.
86 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгч, түүний эрх, үүрэг
1.Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх шүүх хуралдаанд 3 хүртэл тооны иргэдийн төлөөлөгч оролцуулна.
2.Иргэдийн төлөөлөгч нь шүүхийн байранд уг хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, нотлох баримт шинжлэхэд оролцох, зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд, гэрч, шинжээчид асуулт тавих, нэмэлт нотлох баримт судлах талаар болон шүүх хуралдааныг хуульд заасан
үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах, түүнчлэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх эдэлж, маргааны үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар дүгнэлт гаргах үүрэгтэй.
87 дугаар зүйл.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдаанд оролцогчдод мэдэгдэх хуудас хүргүүлэх, шүүх хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх, шүүх хуралдааны ирцийг бүртгэж шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, хуралдааны ажиллагааг тэмдэглэл үйлдэж баталгаажуулах, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, хэргийг цэгцэлж үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ. "
/Энэ зүйлийг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
88 дугаар зүйл. Шүүхийн хуяг
1.Шүүхийн хуяг нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/шүүх хуралдааны дэгийг сахиулах, шүүх бүрэлдэхүүн болон хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах;
2/шүүх хуралдааны дэг, хуралдаан даргалагчийн шийдвэрийг оролцогчид болон хуралдааны танхимд байгаа хүн үл биелүүлбэл албадан биелүүлэх;
3/шүүхэд дуудагдсан этгээд ирэхгүй бол албадан ирүүлэх.
2.Шүүх хуралдааны үед шүүхийн хуяг нь зөвхөн хуралдаан даргалагчид захирагдана.
89 дүгээр зүйл.Шүүх хуралдаан
Хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
90 дүгээр зүйл.Шүүх хуралдаан даргалагч, түүний эрх, үүрэг
1.Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгч буюу түүний томилсон шүүгч; дангаар хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгч шүүх хуралдааныг тус тус даргална.
2.Шүүх хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдахдаа хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор тогтоох, хэргийн оролцогчдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх, мэтгэлзэх боломжоор хангана.
3.Шүүх хуралдаан даргалагч хуралдааныг зохих журмаар явуулах шаардлагатай арга хэмжээг авна.
91 дүгээр зүйл.Шүүх хуралдааны нийтлэг журам
1.Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй.
2.Шүүх хуралдаанд оролцогчид тайлбар, мэдүүлэг, дүгнэлт гаргахдаа суудлаасаа босно. Хуралдаанд оролцогч нь өвчний улмаас хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр суугаагаараа үг хэлж болно.
3.Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч хуралдааны танхимд орж ирэх, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үед танхимд байгаа бүх хүн суудлаасаа босно.
4.Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг хуралдаан даргалагчийн захирамжаар шүүх хуралдааны танхимаас гаргаж, энэ хуулийн 241 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
5.зөрчлийн улмаас хэргийн оролцогч, гэрч, шинжээчийг хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд хуралдааныг хуралдаан даргалагчийн захирамжаар тодорхой хугацаагаар хойшлуулах буюу эсхүл тэдгээрийн тайлбар, мэдүүлгийг сонсохгүйгээр хэргийг хэлэлцэх боломжтой гэж үзвэл үргэлжлүүлэн явуулах бөгөөд хуралдаан даргалагч уг этгээдэд түүний байхгүйд хэлэлцсэн асуудлыг танилцуулна.
92 дугаар зүйл.Татгалзан гаргах үндэслэл
1.Шүүгч дараахь үндэслэл байвал хэрэг хэлэлцэхэд оролцож болохгүй:
1/урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дага, гэрч, шинжээч, орчуулагч / хэлмэрч/ -ийн хувиар оролцсон;
2/уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн төрөл садан бол , эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс орсон байвал;
3/хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал;
2.Анхан шатны болон давж заалдах , хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. Энэ нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд үл хамаарна. Анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчтэй төрөл садан шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч / хэлмэрч/ , шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэгэн адил хамаарна.
5.Шинжээч энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь тохиолдолд шүүх хуралдаанд оролцож болохгүй:
1/албан тушаалын буюу бусад байдлаар хэргийн оролцогч нь шинжээчид нөлөөлж болох байвал;
2/урьд нь түүний хийсэн шалгалтын материал уг хэргийн үндэс болсон бол.
93 дугаар зүйл.Татгалзан гаргах хүсэлт, татгалзан гарах
1.Энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч / хэлмэрч/ , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй.
2.Энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан үндэслэлээр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийг татгалзан гаргахыг зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч, прокурор, гуравдагч этгээд хүсч болно.
3.Татгалзан гарах тухай хүсэлт гарвал шүүх хэргийн оролцогчдын саналыг сонсож болно. Түүнчлэн татгалзан гаргагдаж байгаа этгээд хүсвэл түүний тайлбарыг сонсоно.
4.Татгалзан гарах тухай асуудлыг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ.
5.Шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэнэ. Санал тэнцвэл уг шүүгчийг татгалзан гаргасанд тооцно. Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.
6.Иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч / хэлмэрч/ , шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэргийг хэлэлцэж байгаа шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шийдвэрлэнэ.
94 дүгээр зүйл.Шүүгчийг татгалзан гаргасны үр дагавар
1.Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол хэргийг өөр бүрэлдэхүүн /шүүгч/ -ээр хянан шийдвэрлэнэ.
2.Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг адил шатны өөр шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр Ерөнхий шүүгчийн захирамжаар дээд шатны шүүхэд шилжүүлнэ. /Энэ хэсэгт 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган, зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд олонхи шүүгч оролцож байгаа шүүхээр хэргийг хянан хэлэлцүүлнэ. /Энэ хэсгийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./
95 дугаар зүйл. Шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргах
1.Бүх шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.
2.Зөвлөлдөх тасалгаанд хэргийг шийдвэрлэх талаар шүүгчийн гаргасан санал нууц байна.
96 дугаар зүйл.Санал хураах
1.Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
2.Хуралдаан даргалагч өөрийн саналыг бусад шүүгчийн дараа гаргана. Асуудал шийдвэрлэхэд шүүгч саналаа өгөхөөс татгалзах эрхгүй.
3.Улсын дээд шүүхэд хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх бүрэлдэхүүний санал тэнцвэл тухайн асуудлаар олонхийн санал аваагүй гэж үзнэ.
97 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийн агуулга
1.Шүүхийн шийдвэр нь тодорхойлон бичих ба тогтоох хэсгээс бүрдэнэ.
2.Тодорхойлон бичих хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, иргэдийн төлөөлөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогчдыг заахын хамт нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн татгалзал, зохигчдын төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, прокурорын дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана.
3.Тогтоох хэсэгт хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, шийдвэрийг давж заалдах журам, шийдвэр биелүүлэх арга, журам, хугацааг заана.
98 дугаар зүйл.Шүүх хуралдааны тэмдэглэл
1.Шүүх хуралдааны тэмдэглэлд хэзээ, хаана хийсэн , эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг нь тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, мэдүүлэг, шинжээчийн тайлбар, нотлох баримтыг шинжлэн судалсан байдал, шүүх бүрэлдэхүүн болон иргэдийн төлөөлөгчөөс хэргийн талаар асууж тодруулсан байдал, прокурорын дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, шүүхийн шийдвэрийг сонсгосон байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.
3.Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
99 дүгээр зүйл.Торгууль ногдуулах журам
1.Хуульд зааснаар торгууль ногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол торгуулийг уг хэргийг хэлэлцэж буй шүүх тогтоол, шүүгч шийтгэвэр гарган ногдуулна.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд торгууль ногдуулах асуудлыг шүүгч торгууль хүлээвэл зохих этгээдийг дуудан ирүүлж шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түүний ирээгүй явдал шийдвэр гарахад саад болохгүй.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Анхан шатны шүүх хуралдааны дэг
100 дугаар зүйл.Шүүх хуралдааныг нээх
Шүүх хуралдаан даргалагч нь хуралдааныг нээж, ямар хэргийг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдээлж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө.
101 дүгээр зүйл. Шүүх хуралдааны ирц ба эрхийг шалгах
1.Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулна.
2.Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчдийн бүрэн эрхийг шалгана.
102 дугаар зүйл.Зохигч, оролцогчид шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдол
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг шүүх тогтоол буюу шүүгч захирамж гарган хойшлуулна. Харин тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана. Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж болно. /Энэ хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./
2.хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч ирээгүй бол түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад оролцогч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хэрхэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шийдвэрлэнэ.
4.Томилогдсон иргэдийн төлөөлөгч ирээгүй бол өөр иргэдийн төлөөлөгч томилж оролцуулна.
103 дугаар зүйл.Орчуулагч / хэлмэрч/ -ийн үүргийг тайлбарлах
Хуралдаан даргалагч орчуулагч / хэлмэрч/ -д түүний үүрэг, буруу орчуулбал / хэлмэрчилбэл/ хүлээлгэх хариуцлагыг сануулж, хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
104 дүгээр зүйл.Гэрчийг гаргах
1.Шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийг хуралдааны танхимаас түр гаргана.
2.Гэрчүүдийг хооронд нь уулзаж харилцуулахгүй байлгах талаар хуралдаан даргалагч арга хэмжээ авна.
105 дугаар зүйл.Шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлах
1.Хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, иргэдийн төлөөлөгч, прокурор, шинжээч, орчуулагч / хэлмэрч/ , шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан өгнө.
2.Татгалзан гаргах хүсэлт гарвал түүнийг энэ хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
106 дугаар зүйл.Хэргийн оролцогчдын эрх үүргийг тайлбарлах
Хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод тэдний эрх, үүргийг нь тайлбарлан өгнө.
107 дугаар зүйл.Хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх
Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хэлэлцэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчдын саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.
108 дугаар зүйл.Хэрэг хэлэлцэж эхлэх
1.Хэрэг хэлэлцэх ажиллагаа нь хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигчид эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байгаа эсэхийг хуралдаан даргалагч тодруулна.
109 дүгээр зүйл.Зохигчид эвлэрэн хэлэлцэх
Зохигчид эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөн хүлээсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчдыг эвлэрэл, хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзалыг баталсан тогтоол буюу захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.
110 дугаар зүйл.Зохигч, оролцогчид мэтгэлзэх
1.Нэхэмжлэгч, түүний талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага ба түүний үндэслэлээ гаргаж нотолно.
2.Хариуцагч, түүний талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь татгалзал, түүнийг үндэслэл ба нотлох баримтаа гаргаж мэтгэлзэнэ.
3.Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй иргэн, хуулийн этгээд нь хариуцагчийн өмнө тайлбар гаргана.
4.Зохигч, оролцогчид нь харилцан асуулт тавьж болно.
5.Шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, прокурор нь хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр зохигч, оролцогчдод аль ч үед асуулт тавьж болно.
111 дүгээр зүйл.Нотлох баримтыг шинжлэх
Шүүх гэрч, шинжээчийг байцаах, цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг явуулах болон бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 112, 113, 114, 115 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна.
112 дугаар зүйл. Гэрчийг байцаах
1.Хуралдаан даргалагч гэрчийг шүүх хуралдааны танхимд оруулж, түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг түүнд урьдчилан сануулж, энэ тухай хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
2.Гэрч бүрийг тус тусад нь асууна. Мэдүүлэг өгч дуусаагүй байгаа гэрч шүүх хуралдааны ажиллагаа явагдаж байх үед хуралдааны танхимд байж болохгүй. Хэрэв мэдүүлэг өгсөн гэрчийг гарч явахыг хуралдаан даргалагч зөвшөөрөөгүй бол тэрээр шүүх хуралдаан дуустал танхимд байна.
3.Гэрч мэдүүлгээ өгсний дараа түүнд асуулт тавьж болно. Гэрчийг дуудаж асуухыг хүссэн этгээд тэргүүн ээлжинд, дараа нь хэргийн бусад оролцогч асуулт тавина. Харин шүүхийн санаачлагаар дуудсан гэрчид нэхэмжлэгч эхэлж асуулт тавина. Шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, прокурор нь гэрчийг мэдүүлэг өгч байх аль ч үед нь хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр асуулт тавьж болно.
4.Насанд хүрээгүй гэрчийг байцаахдаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл сурган хүмүүжүүлэгчийг байлцуулна. Түүний мэдүүлгийг шүүх сонсохдоо үнэн зөв мэдүүлэг өгөхөд нь нөлөөлж болохоор оролцогчийг хуралдааны танхимаас түр гаргаж болно. Ийнхүү гарсан этгээд хуралдааны танхимд буцаж ороход насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг түүнд танилцуулж, асуулт тавих боломж олгоно. Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг сонссоны дараа түүнийг хуралдааны танхимаас гаргана.
113 дугаар зүйл.Бичмэл болон эд мөрийн баримтыг шинжлэх
1.Шүүх хэрэгт цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судалж, шаардлагатай гэж үзсэн болон хэргийн оролцогч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг хуралдаанд уншиж сонсгон, эд мөрийн баримтыг танилцуулна.
2.Төр, байгууллага, хувь хүний нууц, нэр төр, алдар хүндийн асуудалтай холбогдсон зүйлийг хуралдаанд танилцуулахгүй, захидал харилцааны нууцыг хамгаалахын тулд хувийн захидал бичгийг тухайн этгээдийн зөвшөөрөлтэйгээр нээлттэй шүүх хуралдаанд уншин сонсгож болно. Хэрэв зөвшөөрөл аваагүй бол хувийн захидал, бичгийг уншин сонсгох ба шинжлэх явдлыг хаалттай шүүх хуралдаанаар гүйцэтгэнэ.
3.Хэрэгт байгаа бичмэл баримт хуурамч болох нь мэдэгдвэл ийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсэж болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримт шаардан авч болно.
4.Бичмэл баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх түүнийг нотлох баримтаас хасч, буруутай этгээдэд энэ хуулийн 241 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэх буюу эсхүл холбогдох материалыг хэрэг бүртгэх байгууллагад харьяаллын дагуу шилжүүлнэ.
114 дүгээр зүйл.Шинжээчийн дүгнэлт сонсгох, шинжээчийг байцаах
1.Шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно.
2.Шинжээч шүүх хуралдаанд оролцож байгаа бол өөрийн дүгнэлтийг тайлбарлана. Дараа нь шинжээчид асуулт тавьж болно. Шинжээч томилуулахыг хүссэн этгээд тэргүүн ээлжинд, дараа нь хэргийн бусад оролцогч асуулт тавина. Харин шүүхийн санаачлагаар томилогдсон шинжээчид нэхэмжлэгч эхэлж асуулт тавина. Шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, прокурор нь шинжээч дүгнэлтээ тайлбарлаж байх аль ч үед хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр асуулт тавьж болно.
3.Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэсгүй гэж үзэж зөвшөөрөөгүй, эсхүл шинжээчид зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно.
115 дугаар зүйл.Зохигчдоос нэмж тодруулах
Нотлох баримт шинжлэн судалсны дараа хуралдаан даргалагч нь нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна.
116 дугаар зүйл.Прокурор дүгнэлт гаргах
Прокурор маргааны үйл баримт, хууль хэрэглэх талаар дүгнэлтээ бичгээр , гаргана. Гаргасан дүгнэлтийг шүүх хуралдаанд уншин сонсгож, хэрэгт хавсаргана.
117 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах
1.Иргэдийн төлөөлөгч нь маргааны үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар гагцхүү хуульд нийцсэн дүгнэлтийг бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно.
2.Иргэдийн төлөөлөгч шаардлагатай гэж үзвэл дүгнэлтээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.
3.Иргэдийн төлөөлөгчид санал нэгдвэл хамтарсан, зөрвөл тус тусдаа дүгнэлт гаргана. Гаргасан дүгнэлтээ шүүх хуралдаанд уншин сонсгож, хэрэгт хавсаргана.
118 дугаар зүйл.Шүүх зөвлөлдөх тасалгаанд орох
Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргасны дараа даргалагч хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн шийдвэр, түүнийг гаргах
119 дүгээр зүйл. Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах
1.Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ.
2.Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.
3.Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
4.Шүүх шийдвэрээ гагцхүү хэрэгт байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.
120 дугаар зүйл.Хэргийг хэрэгсэхгүй болгох
Энэ хуулийн 63 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед тогтоогдох буюу мөн хуулийн 67 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болбол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
121 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд дараахь байдлаар шийдвэрлэж шийдвэр гаргана:
1/нэхэмжлэлийн шаардлагыг хангах;
2/нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох;
3/нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох;
122 дугаар зүйл. Шийдвэрийг уншиж сонсгох, хуралдааныг хаах
1.Шүүх шийдвэрээ уншин сонсгож, давж заалдах журам болон шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан өгч, хуралдаан хаасныг мэдэгдэнэ.
2.Шүүхийн шийдвэрт илт буруу зүйл бичигдсэн, эсхүл тооны алдаа байвал шүүх өөрийн санаачилгаар буюу хуралдаанд оролцогчийн хүсэлтээр шийдвэрийн утга агуулгыг өөрчлөхгүйгээр засварлаж болно.
3.Шүүх гаргасан шийдвэрээ хэргийн оролцогчдод уг шийдвэр гарсан өдрөөс хойш 5 хоногийн дотор өгнө. /Энэ хэсэгт 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
123 дугаар зүйл. Нэмэлт шийдвэр
1.Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүх өөрийн санаачилгаар буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр дараахь тохиолдолд дор дурдсан асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн нэмэлт шийдвэр гаргаж болно:
1/нэхэмжлэлийн ямар нэг шаардлагын талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан;
2/эрх олгох тухай асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагчийн төлбөл зохих мөнгө, эд хөрөнгийн хэмжээ буюу хариуцагч нь ямар ажиллагаа гүйцэтгэхийг заагаагүй бол;
3/шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх асуудлыг шийдвэрлээгүй буюу буруу шийдвэрлэсэн, эсхүл эд мөрийн баримтыг хэрхэхийг заагаагүй бол;
4/шийдвэрийн ямар нэг заалт тодорхой бус байвал.
2.Шүүх хуралдаан хийх, нэмэлт шийдвэр гаргах, түүнийг давж заалдах, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох асуудал энэ хуульд заасан зохих журмаар зохицуулагдана.
124 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох
1.Шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:
1/шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор түүнд давж заалдах гомдол, эсэргүүцэл гараагүй бол; /Энэ хэсэгт 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар 30 гэснийг 10 болгож өөрчилсөн./
2/шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан бол уг шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тухай шүүхийн магадлал гарсны дараа;
2.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа зохигчид ба хэргийн бусад оролцогчид, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагчид нь шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайн үндэслэлээр дахин шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагаанд маргах эрхгүй.
125 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
1.Шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс нь эхлэн биелүүлнэ.
2.Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрийг гарсан өдрөөс нь эхлэн /даруй/ биелүүлэхээр тогтоож болно.
126 дугаар зүйл.Шийдвэр биелүүлэхийг хойшлуулах буюу хэсэгчлэн биелүүлэх, биелүүлэх арга журмыг өөрчлөх
Шүүх шийдвэр гаргасныхаа дараа шаардлагатай бол хэргийн оролцогчдын хүсэлтээр зохигчдын эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шийдвэр биелүүлэхийг хойшлуулах, хэсэгчлэн биелүүлэхээр тогтоох буюу биелүүлэх арга, журмыг өөрчлөх эрхтэй бөгөөд энэ асуудлаар шүүгч захирамж гаргана.
127 дугаар зүйл.Тогтмол хугацаанд төлөгдөх төлбөрийн тухай шийдвэрийг өөрчлөх
Хариуцагчаас тогтмол хугацаанд төлбөр гаргуулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа уг төлбөрийн хэмжээ буюу төлөх хугацаанд нөлөөлөх байдал өөрчлөгдвөл зохигчид шинээр нэхэмжлэл гаргах замаар төлбөрийн хэмжээ ба хугацааг өөрчлөхийг шаардах эрхтэй.
128 дугаар зүйл.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, тэдгээрийг гаргах
1.Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгох, шийдвэр биелүүлэхтэй холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
2.Тогтоолыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр хэрэг хянан шийдвэрлэж байгаа үед; захирамжийг шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа үед буюу шүүх хуралдааны бус үед гаргана.
3.Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, шинэчлэн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх, шийдвэр биелүүлэхтэй холбогдсон болон шүүх хуралдааны бус үед шийдвэрлэж буй асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг шүүх бичгээр гаргана. Бусад асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах замаар амаар гаргаж болно.
129 дүгээр зүйл.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох буюу өөрчлөх
Энэ хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу бичгээр гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь илт үндэслэл муутай гарсан буюу, эсхүл хэргийн байдал өөрчлөгдсөн бол тухайн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хүчингүй болгох буюу өөрчилж болно.
/Энэ зүйлд 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
АРАВДУГААР БҮЛЭГ
Гэрлэлт цуцлах тухай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа
130 дугаар зүйл.Гэрлэлт цуцлах тухай хэргийг хэлэлцэх
Шүүх гэрлэлт цуцлах тухай хэргийг энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу хэлэлцэнэ.
131 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл
1.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
2.Хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй, эсхүл нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
3.Зохигчид хэргийг хэний оршин суугаа газрын шүүхэд хэлэлцүүлэхийг тохиролцон тогтоож болно.
4.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд гэрлэгчдийн овог, нэр, гэрлэлтээ хэзээ, хаана бүртгүүлсэн, гэрлэлт цуцлуулах шалтгаан , хүүхэдтэй бол түүний овог, нэр, төрсөн он, сар, өдөр, түүнчлэн хүүхдээ хүмүүжүүлэх талаар хоорондоо хэлэлцэн тохирсон зүйл бий эсэхийг зааж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
132 дугаар зүйл.Тэтгэвэр гаргуулах ба эд хөрөнгө хуваарилах
Гэрлэгчдийн дундын эд хөрөнгийг хуваах, туслалцаа шаардагдаж байгаа хөдөлмөрийн чадваргүй эхнэр буюу нөхөрт тэтгэвэр олгуулах тухай асуудлыг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно.
133 дугаар зүйл.Гэрлэгчид шүүх хуралдаанд ирэх
1.Зохигчдын төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй.
2.Гэрлэгчдийн аль нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.
3.Гэрлэгчид нь хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хэлэлцэж болно. Харин нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана.
4.Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хэлэлцэхийг хүссэн нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд ирэхээс шүүгчийн захирамжаар чөлөөлж болно.
134 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлах тухай хэргийг шийдвэрлэх
1.Шүүх хэргийг шүүх хуралдаанд бэлтгэх болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. /Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
2.Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэр бүлийн байнгын хүчирхийлэлд байгаа тохиолдолд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. /Энэ хэсгийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан тогтоол буюу захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно. /Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
4.Гэрлэгчид эвлэрээгүй бол шүүх гэрлэлтийг цуцлах тухай буюу гэрлэлт цуцлахыг татгалзсан шийдвэр гаргана. Шүүх гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээхийг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэнэ. Хуульд заасан бол гэрлэлт цуцлахыг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүх тодорхойлж, түүнийг гэрлэгчдийн хэн нь ямар хэмжээгээр төлбөл зохихыг тогтооно. /Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
135 дугаар зүйл.Гэрлэгчдийн эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээг биелүүлэх тухай захирамж гаргах
Гэрлэгчид харилцан тохиролцож эд хөрөнгийн гэрээ, талууд тэжээн тэтгэх тухай гэрээг тус тус байгуулсан бөгөөд тэдгээрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр эдгээр гэрээг биелүүлэхтэй холбогдуулан шүүгч захирамж гаргана.
/Энэ зүйлийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
1351дугаар зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргах
1.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг зохигчдын хэн нэгний нь оршин суугаа газрын шүүхэд гаргана.
2.Нэхэмжлэлд гэрлэлт цуцлалтыг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай бичиж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
/Энэ зүйлийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
1352 дугаар зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай хэргийг хэлэлцэх
1.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай хэргийг хэлэлцэхдээ зохигчид, зохигчдын төлөөлөгч буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулна.
2.Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.
3.Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай шийдвэр гаргана.
/Энэ зүйлийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа
136 дугаар зүйл. Онцгой ажиллагааны журмаар хэлэлцэх хэргүүд
Шүүх дараахь хэргүүдийг онцгой ажиллагааны журмаар хэлэлцэнэ:
1/эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох тухай;
2/хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай;
3/сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай;
4/эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх тухай;
5/иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох тухай;
6/хэргийн шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай;
7/аж ахуйн нэгжийг дампуурсанд тооцох, ноёрхогч болохыг тогтоох болон эдгээртэй адил төрлийн бусад үйл явдлыг тогтоох тухай.
8/хүүхдийн эцэг, эхийг тогтоох тухай /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
9/эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх тухай /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
10/хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
11/асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосныг хүчингүйд тооцох тухай. /Энэ заалтыг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
12/банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтоох тухай. /Энэ заалтыг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
137 дугаар зүйл.Онцгой ажиллагааны журмаар хэрэг хэлэлцэх
1.Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийг шүүх бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу хэлэлцэнэ. /Энэ хэсэгт 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
2.Энэ хуулийн 136 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хүсэлт гаргасан этгээд болон холбогдох хуулийн этгээд, иргэнд мэдэгдэж хэлэлцэнэ.
138 дугаар зүйл. Эрх зүйн ач холбогдол бүхий бөгөөд шүүх тогтоовол зохих үйл явдал
1.Иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн болон амины эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарагдах дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно:
1/садан төрлийн холбоо;
2/бусдын асрамжинд байгаа эсэх;
3/төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлах, нас баралтыг бүртгүүлсэн байдал;
4/эрх олгосон ямар нэгэн баримт бичиг / иргэний паспорт, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/ -т дурдсан овог, нэр, төрсөн он, сар, өдөр нь паспорт төрөлтийн тухай гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх;
5/осол, гэмтэл гарсан эсэх;
6/хүний ажиллаж байсан байдал;
7/тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал.
2.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргагч гагцхүү уг үйл явдлыг батлах бичиг баримтыг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн бичиг баримтыг сэргээх боломжгүй бол шүүх түүнийг тогтооно.
139 дүгээр зүйл.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргах
1.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана.
2.Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт, баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана.
140 дүгээр зүйл.Хүнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт гаргах
1.Хүнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлтийг уг хүний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах шүүхэд гаргана.
2.Сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулахыг хүсэж байгаа зорилго, түүнчлэн иргэний сураггүй болсныг батлах байдал, эсхүл түүнийг нас барсан буюу амь үрэгдсэн гэж үзэх үндэслэлээ хүсэлтэд зааж, түүнийг нотлох баримтыг хавсаргана.
141 дүгээр зүйл.Хүнийг сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт хүлээн авсан шүүгчийн ажиллагаа
1.Хүсэлт хүлээн авсан шүүх алга болсон хүний талаар мэдээ өгч чадах ямар хүмүүс /төрөл садан, хамт ажиллаж , сурч байсан хүн/ байгааг тодруулж, алга болсон хүний талаар түүний сүүлчийн оршин сууж байсан буюу ажиллаж байсан газрын зохих байгууллагад ямар мэдээ байгааг лавлана.
2.Шүүх шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаар дамжуулан уг хүнийг эрэн сурвалжлах арга хэмжээ авахуулах бөгөөд түүний эд хөрөнгөд хамгаалалт тогтоохыг зохих байгууллага, албан тушаалтанд даалгаж болно.
142 дугаар зүйл.Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэргийг хэлэлцэх
1.Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэргийг шүүх хэлэлцэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна.
2.Хүнийг сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа түүний эд хөрөнгөд хамгаалалт тогтоолгохын тулд уг шийдвэрийг эд хөрөнгө байгаа газрын асран хамгаалах байгууллагад явуулна.
3.Хүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэх буюу түүний эд хөрөнгөд хамгаалалт тогтоолгохын тулд шийдвэр гаргасан шүүх байгаа газрын иргэний гэр бүлийн байдлын бүртгэх болон асран хамгаалах байгууллагад уг шийдвэрийг явуулна.
143 дугаар зүйл.Хүнийг сураггүй алга болсонд тооцсон буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
1.Сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан хүн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.
2.Шинэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа уг хүний эд хөрөнгөд тогтоосон хамгаалалтыг өөрчлөх буюу иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэсэн зүйлийг хүчингүй болгуулахын тулд уг шийдвэрийг зохих байгууллагад явуулна.
144 дүгээр зүйл.Хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хүсэлт гаргах
1.Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг хүний гэр бүлийн гишүүн ба сонирхогч бусад этгээд / сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга / , асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана.
2.Хүсэлтийг уг хүний оршин суугаа буюу эмчлүүлж байгаа газрын шүүхэд гаргана.
3.Хүсэлтэд сэтгэцийн өвчний улмаас уг хүн өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгаа байдлыг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
145 дугаар зүйл.Хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэргийг хэлэлцэх
1.Хүсэлт хүлээн авсан шүүх нь шүүх-сэтгэц гэм судлалын шинжээч томилон, шинжилгээ хийлгэж, тухайн хүний сэтгэцийн байдал, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох, өөрийгөө зөв удирдаж чадах эсэх талаар дүгнэлт гаргуулна.
2.Шинжилгээ хийлгэхээс зайлсхийсэн этгээдэд шүүгчийн захирамжийн дагуу албадан шинжилгээ хийлгэж болно.
3.Хэргийг шүүх хэлэлцэхдээ асран хамгаалах байгууллагын төлөөлөгчийг оролцуулах бөгөөд тухайн хүний эрүүл мэндийн байдал нь боломжтой бол ирүүлнэ.
146 дугаар зүйл.Хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай шүүхийн шийдвэр
1.Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн хүн эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоож шийдвэр гаргана.
2.Хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа уг хүнд асран хамгаалалт тогтоолгохын тулд зохих байгууллага болон хүсэлт гаргасан этгээдэд уг шийдвэрийг явуулна.
3.Эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон хүн эдгэрэх буюу эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал уг хүн, түүний асран хамгаалагч, түүнчлэн энэ хуулийн 144 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийн хүсэлтийн дагуу шүүх-сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай болсон тухай шийдвэр гаргаж болно.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа уг хүнд тогтоосон асран хамгаалалтыг хүчингүй болгуулахын тулд уг шийдвэрийг зохих байгууллагад явуулна.
147 дугаар зүйл. Хүнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн зардал
1.Хүнийг сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна.
2.Сэтгэцийн талаар эрүүл гэдгийг мэдсээр байж хүний эрх зүйн чадамжийг хасуулахын тулд энэ хуулийн 144 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлт гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна.
"1471дүгээр зүйл.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, хэргийг хэлэлцэх
1.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
2.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
3.Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай хэргийг хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна.
4.Талуудын хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна.
5.Зохигчдын төлөөлөгч, өмгөөлөгч болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
6.Шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана.
7.Шүүх энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан шийдвэр гаргахдаа хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хууль ёсны төлөөлөгч байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхийг шийдвэрлэж, учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр тогтооно.
/Энэ зүйлийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
"1472дугаар зүйл. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах, хэргийг хэлэлцэх
1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
2.Асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газар тодорхойгүй бол хүсэлтийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтэд энэ тухай шалтгааныг тодорхой дурдаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
4.Шүүх хуралдаанд талуудыг оролцуулна.
5.Зохигчдын төлөөлөгч, өмгөөлөгч болон нийгмийн халамжийн байгууллагын төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно.
6.Шүүх нэхэмжлэлийг хангавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана. "
/Энэ зүйлийг 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
148 дугаар зүйл.Үрэгдсэн бичиг баримтыг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргах
1.Эд хөрөнгийн болон амины эрх олгогдсон бичиг баримтыг үрэгдүүлж устгагдсанд тооцуулсан тохиолдолд уг бичиг баримтыг эзэмших эрхийн талаар маргаан гарвал тухайн эрхийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг хуульд өөрөөр заагаагүй бол шүүхэд гаргана.
2.Хүсэлтийг уул бичиг баримтыг олгосон байгууллагын оршин байгаа газрын шүүхэд гаргана.
3.Хүсэлтэд уг бичиг баримтыг эзэмшиж байсан этгээд ямар эрхтэй болох тухайгаа үндэслэж, түүнийг нотлох баримтыг хавсаргана.
4.Хүсэлт гаргасан этгээд бичиг баримт эзэмшиж байгаа этгээдэд холбогдуулан энэ хуульд заасан ердийн журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг шүүгч тайлбарлаж өгнө.
149 дүгээр зүйл. Үрэгдсэн бичиг баримтыг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоолгох тухай хэргийг хэлэлцэх
1.Үрэгдсэн бичиг баримтыг устгагдсанд тооцуулснаас алдагдсан эрхийг сэргээн тогтоох тухай хэргийг шүүх хэлэлцэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна.
2.Шүүх хүсэлтийг хангавал үрэгдсэн бичиг баримтын оронд дахин шинийг олгохыг уг бичиг баримтыг олгосон байгууллагад үүрэг болгосон шийдвэр гаргана.
150 дугаар зүйл.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлт гаргах
1.Эрхийн тухай маргаан байхгүй байхад иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллага өөрийн бүртгэлд залруулга хийхээс татгалзсан тохиолдолд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргана.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг түүнийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.
3.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд ямар зүйл буруу бичигдсэн, уг асуудлыг эрхлэх ямар байгууллага залруулга хийхээс хэдийд татгалзсаныг бичиж, холбогдох нотлох баримтыг хавсаргана.
151 дүгээр зүйл.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох тухай хэргийг хянан шийдвэрлэх
1.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох тухай хэргийг шүүх хүсэлт гаргагчид мэдэгдэж хэлэлцэнэ.
2.Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа бүртгэлд зохих залруулга хийлгэхийн тулд иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагад уг уг шийдвэрийг явуулна.
152 дугаар зүйл.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх
Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн материал үрэгдсэн байвал хэргийн оролцогчдын хүсэлт, түүнчлэн шүүхийн санаачлагаар түүнийг бүрэн буюу зарим хэсгийг нь сэргээж болно.
153 дугаар зүйл. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай
1.Хэргийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг хэргийг хэлэлцсэн шүүхэд, шийдвэр гүйцэтгэлийн материалыг сэргээх тухай хүсэлтийг уг шийдвэрийг гүйцэтгэвэл зохих газрын шүүхэд гаргана.
2.Хүсэлтэд хэрэг буюу шийдвэр гүйцэтгэлийн материалын талаар тодорхой дурдаж, тэдгээртэй холбогдолтой бичиг баримт буюу түүний хуулбарыг хавсаргана.
154 дүгээр зүйл.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хэлэлцэх
1.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг шүүх хэлэлцэхдээ үрэгдсэн хэрэг, шийдвэр гүйцэтгэлийн материалаас үлдсэн болон үрэгдэхийн өмнө иргэн, хуулийн этгээдэд олгосон бичиг баримт, түүний хуулбар, ач холбогдол бүхий бусад баримт сэлтийг ашиглана. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг шийдвэрлэх шүүх уг хэргийн оролцогчид, шаардлагатай бол хэргийг урьд хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн этгээдийг гэрчийн хувиар байцааж болно.
2.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх талаар цугларсан нотлох баримт хангалтгүй байвал энэ тухай хүсэлтийг шүүхийн тогтоол буюу шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгоно. Ийнхүү хэрэгсэхгүй болгосон бол сонирхогч этгээд энэ хуульд заасан ердийн журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
155 дугаар зүйл.Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээхтэй холбогдсон зардал
1.Иргэний хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх тухай хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах зардлыг төр хариуцна.
2.Энэ хуулийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг зориуд худал гаргасан нь тогтоогдвол шүүхийн бүх зардлыг буруутай этгээдээс гаргуулна.
156 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлт гаргах
/Энэ зүйлийг 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
157 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийг дампуурсанд тооцуулах тухай тухай хүсэлт хүлээн авсан шүүгчийн ажиллагаа
/Энэ зүйлийг 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
158 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийг дампуурсанд тооцох тухай хэргийг хэлэлцэх
/Энэ зүйлийг 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
159 дүгээр зүйл.Нэхэмжлэгчдийн хурлыг зохион байгуулж, хэрэг гүйцэтгэгчийг томилох
/Энэ зүйлийг 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
160 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийг дангаар болон зүй ёсны дангаар ноёрхогч, эсхүл давамгайлах байдалтай буюу энэ байдлаа алдсаныг тогтоох
/Энэ зүйлийг 2000 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1601дүгээр зүйл.Банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтоох
1.Банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авсанаас хойш шүүх 14 хоногийн дотор хэргийг хянан хэлэлцэнэ.
2.Банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтооход зайлшгүй шаардлагатай баримт бичиг /гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхийн бичиг зэрэг/-ийг сэргээж болно.
3.Банкны зээлийн батлан даалт, барьцааны гэрээний дагуу батлан даасан буюу барьцаалсан хөрөнгөө банкны мэдэлд шилжүүлэхтэй холбоотой иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд шүүгч энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг заавал авна.
/Энэ зүйлийг 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ
Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа
161 дүгээр зүйл.Шүүх гомдлоор авч хэлэлцэх хэрэг
1.Шүүх дараахь хэргийг гомдлоор авч хэлэлцэнэ:
1/төрийн захиргаа, шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол;
2/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуульд заасны дагуу тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагаанд гаргасан гомдол; /Энэ заалтыг 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
3/шүүх шийдвэрлэхээр хуульд заасан бусад хэрэг. /Энэ заалтын дугаарыг 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн./
2.Гомдлоор авч хэлэлцэх хэргийг шүүх энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу хэлэлцэнэ.
162 дугаар зүйл.Гомдол гаргах
1.Энэ хуулийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг хуулиар өөр харьяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана.
2.Гомдолд ямар байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа, тухайн шийдвэр, үйл ажиллагаа ямар хууль тогтоомжид харшилж байгаа, түүнийг хууль бус гэж үзсэн үндэслэл, нотолгоог заана.
3.Гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан бол уг шаардлагыг хангасан нөхцөлд шүүх түүнийг хүлээн авч хэлэлцэнэ.
1621дүгээр зүйл.Тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлэх.
1.Шаардлагатай гэж үзвэл шүүх хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тендерийн хорооны шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилтийг түдгэлзүүлж болно.
/Энэ зүйлийг 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
163 дугаар зүйл.Гомдлыг хянан хэлэлцэх
1.Гомдлоор хэрэг хянан хэлэлцэхдээ шүүх гомдол гаргагч болон холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийг оролцуулна.
2.Гомдол гаргагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол гомдлыг буцаах тухай шүүгчийн захирамж гаргана. Шүүх хуралдаанд байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгч ирээгүй явдал хэргийг хэлэлцэхэд саад болохгүй.
3.Гомдол гаргагч нь гомдол, түүний хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгч нь гомдлыг зөвшөөрч байгаа эсэх, хэрэв зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлээ нотлох үүрэгтэй.
4.Шүүх нь байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг зохих эрх бүхий этгээд гаргасан эсэх, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтооно.
164 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр
Шүүх гомдлыг хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/хуульд заасан тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулахыг үүрэг болгох, шийдвэр, үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн олгох;
2/гомдлыг хэрэгсэхгүй болгох.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
165 дугаар зүйл.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих
1.Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцээд гаргасан шүүхийн шийдвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд , иргэдийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцсон прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. /Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Давж заалдах гомдол, эсэргүүцлийг сум болон сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэрийн талаар зохих аймаг, нийслэлийн шүүхэд; аймаг, нийслэлийн шүүхийн болон Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаар Улсын дээд шүүхэд тухайн шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргана.
166 дугаар зүйл.Давж заалдах гомдол эсэргүүцлийн агуулга
1.Давж заалдах гомдол, эсэргүүцэлд дараахь зүйлийг заана:
1/гомдол, эсэргүүцлийг ямар шүүхэд гаргаж байгаа;
2/гомдол, эсэргүүцэл бичиж байгаа этгээдийн нэр, хаяг, эсхүл албан тушаал;
3/аль шүүхийн , ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;
4/шийдвэрийн чухам ямар заалтыг зөвшөөрөхгүй байгаа, түүний үндэслэл;
5/гомдол, эсэргүүцэл бичиж буй этгээдийн хүсэлт;
6/хавсаргасан бичиг баримтын жагсаалт.
2.Давж заалдах гомдол, эсэргүүцэлд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.
3.Давж заалдах гомдол, эсэргүүцлийн үндэслэлд анхан шатны шүүхээр хянан хэлэлцээгүй шинэ нотлох баримт заах эрхгүй.
167 дугаар зүйл.Давж заалдах гомдол, эсэргүүцэлд тайлбар өгөх
1.Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хэргийг шийдвэрлэсэн шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна.
2.Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд нь гомдол, эсэргүүцлийн талаар өөрийн тайлбарыг гаргах эрхтэй.
168 дугаар зүйл.Давж заалдах гомдол, эсэргүүцлээс татгалзах
1.Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан этгээдэд шүүх хуралдаанаас өмнө гомдол, эсэргүүцлээсээ татгалзвал шүүх түүнийг гомдол, эсэргүүцэл гаргаагүйд тооцно.
2.Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан этгээд гомдол, эсэргүүцлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл хууль бус ажиллагааны улмаас хийгдсэн тухай нотлох баримт илэрсэн тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт хамаарахгүй бөгөөд хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэнэ.
169 дүгээр зүйл.Хуралдаанд биеэр оролцох
1.Зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд, прокурор, гомдол гаргасан иргэдийн төлөөлөгч давж заалдах хуралдаанд оролцохыг хүсвэл шүүх тэдгээрт хуралдаанд биеэр оролцох эрхийг нь хангах, хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хэлэлцэхэд саад болохгүй.
170 дугаар зүйл.Хэргийг хянан хэлэлцэх
1.Шүүх давж заалдах гомдол, эсэргүүцэлтэй хэргийг 30 хоногт багтаан хянан хэлэлцэнэ.
2.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч буюу түүний томилсон шүүгч даргална.
3.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдол, эсэргүүцэлд дурдсан үндсээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.
4.Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч нь илтгэн танилцуулна. Дараа нь нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд харилцан асуулт тавих, прокурор, иргэдийн төлөөлөгч хүсвэл тайлбар гаргаж болох ба хэргийн материалыг судалснаар хуралдааныг завсарлан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө
171 дүгээр зүйл.Шүүхийн магадлал
1.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь байдлаар шийдвэрлэж, магадлал гаргана:
1/анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хангахгүй орхих;
2/анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
3/анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
4/анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах;
2.Магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга, давж заалдах гомдол, эсэргүүцлийн товч агуулга, гаргаж буй шийдвэр, түүний үндэслэлийг тусгана.
3.Магадлал нь уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.
172 дугаар зүйл.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
1.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
1/шүүх буруу хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй;
2/зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биеэр оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн;
3/хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын бусад эрх ноцтой зөрчигдсөн;
4/хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн;
5/хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй;
6/шүүхийн шийдвэрт шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан;
7/хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд илэрсэн.
8/энэ хуулийн 37 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. /Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Давж заалдах гомдол гаргасны дараа зохигчид эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан , хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож магадлал гаргана.
173 дугаар зүйл.Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах
Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 172 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж болно.
174 дүгээр зүйл.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн заалтыг заавал биелүүлэх
Шүүхийн магадлалд дурдсан заалтыг хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх заавал биелүүлнэ. Гэхдээ давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт заагдаагүй буюу түүгээр няцаагдсан байдлыг өөрөө тогтоох ба нотлогдсон гэж үзэх, түүнчлэн уг хэргийг дахин хэлэлцээд ямар
шийдвэр гаргавал зохихыг анхан шатны шүүхэд зааж өгөх эрхгүй.
175 дугаар зүйл.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гомдол гаргах
1.Хэргийн оролцогч нь энэ хуулийн 37, 63, 67, 69, 74, 79, 93, 99, 102, 109, 120, 126, 129, 134, 157, 159, 219, 228, 229 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 165 дугаар зүйлийн 2, 166, 168 дугаар зүйлд заасан журмаар гомдол гаргаж болно.
176 дугаар зүйл.Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх
1.Шүүх нь шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гаргасан гомдлыг энэ хуулийн 170 дугаар зүйлд заасан журмаар хянан хэлэлцээд дараахь байдлаар шийдвэрлэж, магадлал гаргана:
1/тогтоол, захирамж, шийтгэврийг хэвээр, үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
2/тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах;
3/тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгож, асуудлыг өөрийн магадлалаар шууд шийдвэрлэх.
2.Энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан магадлал нь эцсийн шийдвэр болно.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
177 дугаар зүйл.Хяналтын журмаар эсэргүүцэл бичих
1.Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт; Улсын дээд шүүхийн шүүгч, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн давж заалдах гомдол, эсэргүүцэл гараагүй хүчин төгөлдөр болсон шийдвэр, давж заалдах хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд хэргийн оролцогчийн гомдлоор буюу өөрийн санаачлагаар эсэргүүцэл бичих эрхтэй. /Энэ хэсэгт 1999 оны 4 дүгээр сарын 22, 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиудаар тус тус өөрчлөлт орсон./
2.Улсын ерөнхий прокурор давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналаар эсэргүүцэл бичих эрхтэй.
3.Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч бичсэн эсэргүүцлээ хяналтын журмаар хянан хэлэлцэхээс өмнө буцаан авч болно. /Энэ хэсэгт 1999 оны 4 дүгээр сарын 22, 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиудаар тус тус өөрчлөлт орсон./
/Энэ зүйлийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
178 дугаар зүйл.Эсэргүүцлийг хянан хэлэлцэх
1. Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бичсэн эсэргүүцлийг тухайн аймаг, нийслэлийн шүүх хяналтын журмаар хянан хэлэлцэнэ.
2. Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрт Улсын дээд шүүхийн шүүгчийн бичсэн эсэргүүцлийг зохих аймаг, нийслэлийн шүүх хяналтын журмаар; давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлийг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянан хэлэлцэнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 1999 оны 4 дүгээр сарын 22, 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиудаар тус тус өөрчлөлт орсон /
179 дүгээр зүйл.Шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх
Хэргийг хяналтын шүүх хуралдаанаар шийдвэрлэтэл анхан шатны буюу давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн биелэгдээгүй хэсгийн биелэлтийг аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч захирамжаар түдгэлзүүлж болно.
180 дугаар зүйл.Хэрэг татан авах
1.Аймаг, нийслэлийн болон Улсын дээд шүүхийн шүүгч ямар ч хэргийг доод шатны шүүхээс татан авах эрхтэй.
2.Улсын ерөнхий прокурор нь доод шатны прокурорын санал бичсэн хэргийг татан авах эрхтэй.
181 дүгээр зүйл.Эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн зөвлөлдөх хуралдаанаар хэлэлцэх журам
/Энэ зүйлийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хассан./
182 дугаар зүйл.Хэрэг хянан хэлэлцэх хугацаа
Эсэргүүцэл бичигдсэнээс хойш 21 хоногт багтаан аймаг, нийслэлийн болон Улсын дээд шүүхэд хяналтын шүүх хуралдаанд хэргийг хэлэлцүүлнэ. Энэ хугацааг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч сунгаж болно.
/Энэ зүйлийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
183 дугаар зүйл.Хэргийн оролцогчдод мэдэгдэх
1.Хэргийн оролцогчид хяналтын шүүх хуралдаанд оролцохыг хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг тэдэнд мэдэгдэнэ.
2.Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
184 дүгээр зүйл.Хяналтын шүүх хуралдаан
1.Аймаг, нийслэлийн шүүхийн хяналтын шүүх хуралдааныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч буюу түүний томилсон шүүгч даргална.
2.Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, түүний эзгүйд шүүгчээр хамгийн олон жил ажилласан, хэрэв ажилласан хугацаа адил бол насаар хамгийн ахмад шүүгч даргална.
3.Хэргийг нэг шүүгч нь илтгэнэ. Илтгэгч хэргийн байдал, шийдвэр, магадлал, тогтоол, эсэргүүцлийн агуулгыг танилцуулна. Шүүгчид илтгэгчид асуулт тавьж болно.
4.Хэргийг Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлээр хэлэлцэж байгаа бол тэрээр шүүх хуралдаанд оролцож, эсэргүүцлийг дэмжиж тайлбар өгч болно.
5.Хяналтын шүүх хуралдаанаас тогтоол гарна. Аймаг, нийслэлийн шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд шүүх бүрэлдэхүүн, Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдааны тогтоолд хуралдаан даргалагч, хэрэг илтгэсэн шүүгч гарын үсэг зурна. Тогтоолд анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, түүнд бичсэн эсэргүүцэл, прокурорын дүгнэлтийн агуулга, гаргаж буй шийдвэр, түүний үндэслэлийг тусгана. /Энэ хэсгийг 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
185 дугаар зүйл.Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол
1.Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь байдлаар шийдвэрлэж, тогтоол гаргана:
1/шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хангахгүй орхих;
2/шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
3/магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
4/шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг энэ хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах;
2.Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх магадлал, тогтоолыг энэ хуулийн 172 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгоно.
187 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоолыг дахин хянах
1.Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоол нь эцсийн шийдвэр болно.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч түүнд нэг удаа эсэргүүцэл бичиж хэлэлцүүлэх эрхтэй.
1871дүгээр зүйл.Биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай шийдвэр
Биелэгдсэн шийдвэрийг давж заалдах болон хяналтын журмаар, эсхүл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хүчингүй болгож байгаа бол биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай асуудлыг өөрөө шийдвэрлэх, эсхүл анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх үүрэгтэй. /Энэ зүйлийг 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах
188 дугаар зүйл.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл
1.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр / анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоол/ -ийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх дахин хянан үзэж болно.
2.Шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр дахин хянана:
1/шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчдод мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл;
2/шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт худал хуурамч, эсхүл шүүгч, иргэдийн төлөөлөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэргийн оролцогчийн уг хэргийг шийдвэрлэх үед гаргасан үйлдэл / эс үйлдэл/ эрүүгийн гэмт хэрэг болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдвол;
3/шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон бол.
189 дүгээр зүйл.Шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргах
1.Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэс бий болсноос эхлэн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор гаргах эрхтэй.
2.Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн шүүхэд; аймаг, нийслэлийн болон Улсын дээд шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд тус тус гаргана.
190 дүгээр зүйл.Хүсэлтийг шийдвэрлэх
1.Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 170, 184 дүгээр зүйлд заасан журмаар шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
2.Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч оролцохыг хүсвэл түүнд мэдэгдэх ба түүний ирээгүй явдал хүсэлтийг хэлэлцэхэд саад болохгүй.
3.Шүүх хүсэлтийг хянан хэлэлцээд түүнийг хангах буюу эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана.
4.Шүүх хүсэлтийг хангах тухай тогтоол гаргавал уг тогтоолоор урьд гаргасан шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр зохих шүүхэд шилжүүлнэ.
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
/Энэ бүлгийг 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
Олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа
235 дугаар зүйл.Монгол Улсын олон улсын гэрээ
Монгол Улсын олон улсын гэрээнд иргэний хэргийг хянан шийдвэрлэх талаар Монгол Улсын хуульд тогтоомжид зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
236 дугаар зүйл. Монгол Улсын шүүхэд үл хамаарах эрх
Гадаад улсаас тус улсад суугаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлдэг иргэн нь сайн дураар захирагдахаас бусад тохиолдолд Монгол Улсын шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарагдахгүй.
237 дугаар зүйл.Шүүхэд эрх олгох
Монгол Улсын шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны эрх хэмжээнд хамаарагдахгүй эд хөрөнгийн маргааныг тус улсын шүүхийн эрх хэмжээнд хамааруулах тухай зохигчид хэлэлцэн тохирч болно.
238 дугаар зүйл.Шүүхийн харьяалал
Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хийсэн гадаад хэлцлээс үүссэн маргааны шүүхийн газар нутгийн ба шүүхийн харьяаллыг зохигчид харилцан тохиролцсоноор өөрчилж болно.
239 дүгээр зүйл.Олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх
Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол энэ хуулийн 237 дугаар зүйлийн дагуу маргааныг хянан шийдвэрлэхдээ олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно.
240 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх
Монгол Улсын шүүхийн болон гадаад улсын шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж, гадаад улстай байгуулсан буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
241 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.Шүүх хуралдааны журам зөрчиж хуралдаан даргалагчаас сануулга авсан этгээд зөрчил дахин гаргасан бол шүүгч түүнд 500- 2500 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Шүүхэд хуурамч бичмэл баримт гаргаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч иргэнд 20000-50000, албан тушаалтанд 30000-60000, хуулийн этгээдэд 50000-150000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
242 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
1.Энэ хуулийг 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр ажиллагаанд байгаа хэргийг тухайн шатаар хянан шийдвэрлэхэд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
