A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • КАЗИНОГИЙН ТУХАЙ /энэ хуулийг 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

КАЗИНОГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь казино байгуулах, зөвшөөрөл олгох, бүртгэх, ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

Хэвлэх

2.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1."иазино" гэж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршсан тоглоом тоглуулдаг зориулалтын өрөө, танхим бүхий газрыг;

2.1.2."казинотой холбогдох тоног төхөөрөмж" гэж аз туршсан тоглоом тоглуулах зориулалтын тоног төхөөрөмж буюу машин, техник хэрэгслийг;

2.1.3."слот машин" гэж мөнгө буюу түүнийг орлогч токенс хэрэглэн тоглодог электрон хэрэгсэл буюу машиныг;

2.1.4."токенс" гэж слот машин тоглуулахад хэрэглэдэг мөнгө орлогч металл зоосыг;

2.1.5."чип" гэж тоглоомын үйл ажиллагаанд мөнгийг орлуулан хэрэглэх зориулалтын тусгай хуванцар зоосыг.

3 дугаар зүйл.Казиногийн тоглоомын төрөл

Хэвлэх

3.1.Казиногийн тоглоом дараахь төрөлтэй байна:

3.1.1.ширээний тоглоом;

3.1.2.слот машин;

3.1.3.видео техник хэрэгслийн тоглоом.

3.2.Казиногийн тоглоомын нэрсийг Казиногийн асуудал эрхлэх зөвлөл батална.

4 дүгээр зүйл.Казиногийн үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

4.1.Казино нь үйл ажиллагаандаа шударга өрсөлдөх, эрх тэгш, ил тод байх үндсэн зарчмыг баримтална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Казино байгуулах, зөвшөөрөл олгох

5 дугаар зүйл.Казино байгуулах

Хэвлэх

5.1.Монгол Улсын Засгийн газар казино ажиллуулах зөвшөөрөл олгох талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.үндэсний аюулгүй байдал, нийгэм, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор казиногийн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, казиногийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг зохицуулан чиглүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх;

5.1.2.казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрлийг олгох;

5.1.3.казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрлийг далд тендер зарлаж дүгнэсний үндсэн дээр 3 хүртэл аж ахуйн нэгжид олгох;

5.1.4.тендерийн нөхцөл, болзлыг нарийвчлан боловсруулж зарлах.

5.2.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж энэ хуулиар тогтоосон журмын дагуу онцгой эрхийн зөвшөөрөл авсны үндсэн дээр казиногийн үйл ажиллагааг эрхэлж болно.

5.3.Онцгой эрхийн зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж шинээр казиногийн салбар нээх буюу тоглоомын төрөл, тоогоо нэмэгдүүлэх бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу тухай бүр зөвшөөрөл авна.

6 дугаар зүйл.Казино байгуулах зөвшөөрөл олгох

Хэвлэх

6.1.Засгийн газар дараахь шаардлага хангасан аж ахуйн нэгжид казино байгуулж ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрлийг олгоно:

6.1.1.казиногийн 51-ээс доошгүй ширээний тоглоом ажиллуулах зориулалтын өрөө тасалгаа бүхий өөрийн буюу түрээсийн байртай;

6.1.2.казино ажиллуулахад шаардагдах олон улсын стандартад нийцсэн зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бусад хэрэгслээр хангагдсан тухай баталгаа гаргасан;

6.1.3.аж ахуйн нэгжийн дүрмийн сангийн хэмжээ нь 3 тэрбум төгрөгөөс доошгүй;

6.1.4.казиног ажиллуулахад бэлтгэгдсэн мэргэжлийн ажилтнуудаар хангагдсан тухай баталгаа гаргасан;

6.1.5.барьцааны 1 тэрбум төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний хөрвөх валютыг Засгийн газрын зохих дансанд оруулсан.

6.2.Казино ажиллуулахыг хүссэн аж ахуйн нэгж энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд зохих зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг Засгийн газарт гаргах бөгөөд өргөдөлд дараахь бичиг баримтыг хавсаргана:

6.2.1.аж ахуйн нэгжийн танилцуулга;

6.2.2.хуулийн этгээдийн нэр, хаяг, бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар, эрхэлж байсан болон эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний танилцуулга, гишүүдийн нэр, хаяг;

6.2.3.аж ахуйн нэгжийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээдийн овог, нэр, хаяг, регистрийн дугаар, намтар, гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэхийг гэрчилсэн хуулийн байгууллагын тодорхойлолт ;

6.2.4.төлбөрийн чадварын тухай үйлчлүүлэгч банкны тодорхойлолт;

6.2.5. казиногийн дүрэм;

6.2.6.казинод тоглуулах тоглоомын нэр, төрөл, тус бүрийн дүрэм;

6.2.7.казиног ажиллуулах байр,тоног төхөөрөмж болон аж ахуйн нэгжийн нотариатаар батлуулсан хөрөнгийн баталгаа;

6.2.8.казинод ажиллах ажиллагсдын хөдөлмөрийн үндсэн нөхцөл, хөдөлмөрийн гэрээний загвар;

6.2.9.казиногийн мөнгөн кассын дүрэм;

6.2.10.барьцааны мөнгийг зохих дансанд тушаасныг тодорхойлох баримт.

6.3. Онцгой эрхийн зөвшөөрөл авч чадаагүй тохиолдолд энэ хуулийн 6.1.5-д заасан барьцааны мөнгийг аж ахуйн нэгжид буцаан олгоно.

6.4.Энэ хуулийн 6.3-т заасан аж ахуйн нэгж хүсвэл казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн салбар казиног ажиллуулахаар түүнтэй гэрээ байгуулж болно.

6.5.Засгийн газар аж ахуйн нэгжээс гаргасан өргөдлийг хүлээн авмагц Казиногийн асуудал эрхлэх зөвлөлд шилжүүлнэ.

7 дугаар зүйл. Казиногийн асуудал эрхлэх зөвлөл

Хэвлэх

7.1.Энэ хуулийн 6.1-д заасан Засгийн газрын чиг үүргийг Казиногийн асуудал эрхлэх зөвлөл / цаашид " Зөвлөл" гэх/ хэрэгжүүлнэ.

7.2.Зөвлөл нь улсын төсвөөс санхүүжих бөгөөд дарга, нарийн бичгийн дарга, 5-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд Зөвлөлийн хуралд таслах эрхгүй оролцоно. Зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.

7.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнд санхүү, тайлан бүртгэлийн болон хуулийн мэргэжлийн хүмүүсээс оруулах бөгөөд Зөвлөлийн гишүүн нь Монгол Улсын ял шийтгэлгүй иргэн байна.

7.4.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Улсын Их Хурлын Эдийн засгийн асуудал эрхэлсэн байнгын хороотой зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар 5 жилийн хугацаагаар томилж, дүрмийг батална.

7.5.Зөвлөлийн гишүүнийг дараахь тохиолдолд Зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлнө:

7.5.1.өөрөө хүсэлт гаргасан;

7.5.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас Зөвлөлийн гишүүний үүрэгт ажлыг эрхлэх боломжгүй болсон;

7.5.3.гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдож, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

7.5.4.төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр батлагдсан.

7.6.Зөвлөлийн гишүүнийг дахин томилохыг хориглоно.

8 дугаар зүйл.Зөвлөлийн эрхлэх асуудал, эрх, үүрэг.

Хэвлэх

8.1.Зөвлөл нь үндэсний аюулгүй байдал, нийгэм, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэ хуулиар тогтоосон журмын дагуу казино ажиллуулахыг хүссэн аж ахуйн нэгжийн өргөдөл, холбогдох бусад бичиг баримтыг судлах, шалгах, санал дүгнэлт гаргах, Засгийн газраар шийдвэрлүүлэхээр оруулах асуудлыг эрхэлнэ.

8.2.Зөвлөл өргөдөл, холбогдох бусад бичиг баримтыг энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл гаргагчид буцаана.

8.3.Зөвлөл өргөдөл, холбогдох бусад бичиг баримт зохих шаардлага хангасан гэж үзвэл 30 хоногийн дотор холбогдох санал, дүгнэлтийг гаргаж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

8.4.Зөвлөл дараахь асуудлаар санал дүгнэлт гаргана:

8.4.1.казино ажиллуулахыг хүссэн аж ахуйн нэгжийн өргөдөл, холбогдох бичиг баримтыг судлан үзээд аж ахуйн нэгжээс санал болгож буй нөхцлүүд нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж буй эсэх;

8.4.2.аж ахуйн нэгжийн санхүүгийн чадавхи, хөрөнгийн бололцоо хангалттай эсэх;

8.4.3.зөвшөөрөл олгож болох эсэх.

8.5.Зөвлөл дараахь эрх үүрэгтэй:

8.5.1.казиногийн үйл ажиллагаа буюу тоглоомын хэрэгсэл, холбогдох тоног төхөөрөмж үйлдвэрлэх, хадгалах, худалдан борлуулах, нийлүүлэх ажлыг эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн ажиллагааг хянан шалгах, казиногийн байр болон тоглоомын хэрэгсэл, холбогдох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг шалгах;

8.5.2.шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн дагуу казиногийн байр, эд хөрөнгийг битүүмжлэх, хяналт шалгалтын зорилгоор тоглоомын хэрэгсэл, холбогдох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг түр буюу бүрмөсөн хураах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

8.5.3.казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн бичиг баримт, санхүү, нягтлан бодох бүртгэлийг хөндлөнгийн хяналтаар шалгуулах болон хуулбарлах, эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж шалгах;

8.5.4.казиногийн дотоод дүрэм болон тоглоомуудын дүрэм, журмыг батлах;

8.5.5.казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжээс улсын төсөвт төлөх онцгой татварын төлөлтөнд хяналт тавих;

8.5.6.үйл ажиллаагааныхаа талаар жил бүр Засгийн газарт тайлагнах;

8.5.7.казиногийн үйл ажиллагаатай холбогдох асуудлыг Засгийн газарт тухай бүр танилцуулж шийдвэрлүүлэх;

8.5.8.казиногийн үйл ажиллагаатай холбогдолтой бичиг баримтыг аж ахуйн нэгж, холбогдох бусад байгууллагаас гаргуулан авах.

8.6.Зөвлөл шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллага, хүмүүсийг оролцуулсан шинжээчдийн хэсгийг томилж, аж ахуйн нэгжээс ирүүлсэн бичиг баримтыг судлуулж санал дүгнэлт гаргуулж болно.

8.7.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан мөн. Хуралдааныг Зөвлөлийн дарга даргалах ба асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.

8.8.Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн дарга зарлан хуралдуулах ба Зөвлөлийн гишүүдийн дийлэнхи олонхи оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.

8.9.Зөвлөл аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтийг хуралдаанаараа хэлэлцэж, гарсан саналыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

8.10./Энэ хэсгийг 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

8.11.Зөвлөл нь Монгол Улсын нутагт ажиллуулах казиногийн бүх тоглоомонд ашиглах чип, токенс, бусад хэрэгслийн загварыг батална.

9 дүгээр зүйл.Зөвшөөрлийн хугацаа

Хэвлэх

9.1.Засгийн газар казиногийн үйл ажиллагаа эрхлэх онцгой эрхийн зөвшөөрлийг аж ахуйн нэгжид 10 хүртэл жилийн хугацаагаар олгоно.

9.2.Зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлох бөгөөд шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцно.

9.3.Засгийн газар шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг сунгаж болно.

10 дугаар зүйл. Казиногийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг бүртгэх

Хэвлэх

10.1.Казиногийн үйл ажиллагаа эрхлэх онцгой эрх авсан аж ахуйн нэгж нь энэ тухайгаа Үндэсний татварын ерөнхий газарт бүртгүүлнэ.

10.2.Үндэсний татварын ерөнхий газар эрх бүхий байгууллагын шийдвэр, аж ахуйн нэгжийн өргөдлийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

10.3.Үндэсний татварын ерөнхий газар өргөдлийг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэж, энэ тухайгаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

10.4.Казиног эрх бүхий байгууллагад улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэнд тооцно.

10.5.Казино өөрийн оноосон нэртэй байж болно.

11 үгээр зүйл.Зөвшөөрлийг хүчингүй болгох

Хэвлэх

11.1.Засгийн газар Зөвлөлийн саналыг үндэслэн дараахь тохиолдолд казино ажиллуулах онцгой эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгож болно:

11.1.1.зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон;

11.1.2.Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон;

11.1.3.зөвшөөрөл авч улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 6 сарын дотор үйл ажиллаагаагаа явуулж эхлээгүй буюу үйл ажиллагаа нь 3 сараас дээш хугацаагаар тасалдсан;

11.1.4.аж ахуйн нэгж татан буугдсан;

11.1.5.Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ бусдад дур мэдэн шилжүүлсэн;

11.1.6.хуульд заасан бусад үндэслэл.

11.2.Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан бүртгэх байгууллага нь тухайн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасч, энэ тухайгаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Казино ажиллуулах журам

12 дугаар зүйл.Казино ажиллуулах байр

Хэвлэх

12.1.Казиног Зөвлөлөөс зөвшөөрсөн зориулалтын байранд эрхэлнэ.

12.2.Казиногийн тоглоомын өрөөнүүд хоорондоо тусгаарлагдсан байх ба тус тусын хаалгаар орж гарна.

12.3.Казиногийн байр, тоглоомын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл нь ажиллагсад, үйлчлүүлэгчдийн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.

12.4.Казинод нийтийн тоглоомын өрөөнүүдээс гадна хууль тогтоомжоор хориглоогүй үйлчилгээний өрөөнүүдийг ажиллуулж болно.

12.5.Казинод мөнгө солих цэг ажиллуулах ба гадаад валютыг тухайн өдрийн төгрөгтэй тэнцэх ханшаар сольж үйлчилнэ.

12.6.Казинод зээлээр тоглох, зээллэгийн буюу ломбард /барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ/-ын үйлчилгээ ажиллуулахыг хориглоно.

12.7.Казино Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дотоод журмыг мөрдөнө.

12.8.Казиногийн дотоод журмын биелэлтэд нь хяналт тавих болон дэг журам сахиулах ажлыг казино өөрөө хариуцна.

12.9.Казиногийн тоглоомын ширээ бүр нь дүрс бичлэгийн болон дуу бичлэгийн хяналтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.

12.10.Ширээ бүрийн дууны болон дүрсний бичлэгүүд нь 72 цагийн турш хадгалагдана.

12.11.Казиногийн ажилтан болон үйлчлүүлэгч нь Монгол Улсын хууль тогтоомж, казиногийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй.

13 дугаар зүйл.Казино ажиллуулах журам

Хэвлэх

13.1.Казиног өдөр бүр ажиллуулж болно.

13.2.Казинод зөвхөн зөвшөөрөгдсөн тоглоомуудыг тоглуулна. Шинээр тоглоомын төрөл ажиллуулах бол холбогдох зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу авч, дүрмийг эрх бүхий байгууллагаар батлуулна.

14 дүгээр зүйл. Казиногийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Хэвлэх

14.1.Казинод дараахь хүмүүсийг тоглуулахыг хориглоно:

14.1.1.21 нас хүрээгүй иргэн;

14.1.2.согтууруулах ундаа хэрэглэсэн болон эрхийн бүрэн чадамжгүй этгээд, гэмт хэрэгтэн этгээд;

14.1.3.Зөвлөлийн гишүүд болон казиногийн удирдлага, нийт ажилтнууд.

14.2.Казиногийн ажилтнууд болон тоглож буй үйлчлүүлэгчид нь казино тоглож байгаа байдлыг ямарч байдлаар гадагш мэдээлэхийг хориглоно.

14.3.Казиногийн ажилтнууд хувьдаа гар цайлгах мөнгө, шан харамж авахыг хориглоно.

15 дугаар зүйл.Казинод орох шаардлагатай төрийн албан хаагч

Хэвлэх

15.1.Албан ажлын шаардлагаар дор дурдсан төрийн албан хаагч казинод орж болно:

15.1.1.шүүх, прокурор, Хууль зүйн яамны холбогдох ажилтан;

15.1.2.Улсын аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан;

15.1.3.казино ажиллуулж байгаа дүүрэг, хорооны Засаг дарга;

15.1.4.татварын албаны ажилтан.

15.2.Албан ажлын шаардлагаар казинод орох эрх бүхий төрийн албан хаагчдад Зөвлөл тусгай үнэмлэх олгож, энэхүү үнэмлэхээр эдгээр албан хаагчид казинод нэвтрэн орно. Казинотой холбогдольой асуудлаар гарсан хэрэг, маргааныг хянан шалгах эрх бүхий албан тушаалтанд энэ заалт хамаарахгүй. /Энэ хэсгийг 1998 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан төрийн албан хаагчид бооцоо тавьж казинод тоглохыг хориглоно.

16 дугаар зүйл.Хянан шалгах зөвлөл

Хэвлэх

16.1.Казинод аж ахуйн нэгжийн эрх барих байгуулагын шийдвэрээр Хянан шалгах зөвлөлийг 9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах бөгөөд уг зөвлөлийн ажиллах журмыг Зөвлөл батална.

16.2.Хянан шалгах зөвлөл нь ажиглалтын алба, хамгаалалтын алба, хяналтын албатай байх ба тэдгээр нь дараахь эрх, үүрэгтэй:

16.2.1.казинод тоглохоор ирэгсдийн бичиг баримтыг шалгах;

16.2.2.ажилтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих;

16.2.3.казиногийн байранд зөрчил, маргаан гарвал зохицуулах;

16.2.4.казиногийн дүрэм, журам зөрчсөн этгээдийг тоглоомын танхимаас хөөн гаргах;

16.2.5.дээр дурдсан этгээд нь тавьсан шаардлага биелүүлэхгүй бол албадан гаргах;

16.2.6.энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан ажилтныг ажлаас халах тухай саналыг аж ахуйн нэгжийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх.

16.2.7.казиногийн байранд танхайрсан, ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтныг доромжилсон, заналхийлсэн үйлдэл гаргасан этгээдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэх.

17 дугаар зүйл.Казиногийн тоглоомыг тоглуулах журам

Хэвлэх

17.1.Казиногийн ширээнүүдэд дугаар хадаж, тоглоом бүрийн бооцооны дээд, доод хэмжээг бичиж тавьсан байна.

17.2.Казиногийн бүх төрлийн тоглоомыг тоглуулахдаа эрх бүхий байгууллагаар баталгаажсан тодорхой үнэлгээ бүхий зориулалтын чип, токенс буюу бусад хэрэгслийг ашиглана.

17.3.Казиногийн тоглоом бүр эрх бүхий байгууллагаас баталсан дүрэмтэй байх ба дүрмийг хүний нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байна.

17.4.Тоглоомыг ажиллуулах ажилтнууд дүрмийг тоглогчдод тайлбарлаж танилцуулна.

17.5.Казиногийн ажилтан тоглоомын ширээг захиалгатай гэж сул байлгаж болохгүй.

17.6.Казиногийн тоглоомыг тоглуулахдаа энэ хуулийн 17.2-г зөрчиж хуурамч чип, токенс хэрэглэхийг хориглоно.

18 дугаар зүйл.Хуурамч буюу батлагдаагүй чип, токенс, тоглоомын хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглох

Хэвлэх

18.1.Казиногийн тоглоомын үйл ажиллагаанд хуурамч буюу эрх бүхий байгууллагаар батлагдаагүй чип, токенс, олон улсын стандартыг хангаагүй тоглоомын хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.

18.2.Казиногийн ажилтан болон бусад этгээд мөнгө, үнэт зүйл, чип, токенсийг хууль бусаар олж авах зорилгоор тоглоомын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг онгойлгох, үйл ажиллагаанд нь нөлөөлөх зориулалтаар аливаа багаж, техник хэрэгсэл, түлхүүрийг биедээ авч явах буюу ашиглахыг хориглоно.

18.3.Эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр казиногийн тоглоомын хэрэгсэл, слот машин, тоног төхөөрөмж, бусад хэрэгслийг ашиглах, үйлдвэрлэх, худалдахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Санхүү, татвар

19 дүгээр зүйл.Санхүүгийн тайлан тэнцэл

Хэвлэх

19.1.Казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж нь хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу санхүүгийн тайлан тэнцлийг эрх бүхий байгууллагад зохих ёсоор гаргаж өгөх үүрэгтэй.

19.2.Казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж нь санхүүгийн үйл ажиллагаанд холбогдолтой дараахь маягтуудыг хөтөлнө:

19.2.1.тоглоомын ширээ бүрийн тоглолтын явцыг бүртгэх;

19.2.2.чип, токенс авалтыг бүртгэх;

19.2.3.чип, токенс тушаалтыг бүртгэх;

19.2.4.гүйлгээнд байгаа чип, токенсыг бүртгэх;

19.2.5.шоо, хөзөр, хөзрийн хайрцгийг бүртгэх;

19.2.6.нөөцийн сангаас авсан буюу буцааж тушаасан мөнгөний баримтыг бүрдүүлэх;

19.2.7.тоглоомын бооцооны тавилыг хөтлөх.

19.3.Дээр дурдсан бүртгэлийг Хянан шалгах зөвлөл дугаарлан хөтлөж, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

19.4.Бүртгэлийг баллаж, засварлаж болохгүй бөгөөд хэрэв засах шаардлага гарвал улаан өнгийн үзгээр засаж, хянан шалгаад зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

19.5.Казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж сар бүрийн эхний 2 хоногт урьд сарын санхүүгийн нэгдсэн тайлан гаргаж, бооцоо, чип, токенс, чекээр орсон орлого, хандив, цалин гэх мэт орлого, зарлагын үзүүлэлт тус бүрээр тайланг гаргана.

19.6.Казиногийн ажилтан тоглоомын нэр, төрөл, тоо хэмжээ, бооцооны хэмжээ, нөөцийн сангаас авсан мөнгөний хэмжээ, өдөр бүрийн орлого, алдагдлыг тооцож, Хянан шалгах зөвлөлд гаргаж өгнө.

20 дугаар зүйл.Татвар

Хэвлэх

20.1.Казиногийн үйл ажиллагаатай холбоотой татварыг Татварын ерөнхий хууль1, бусад хууль тогтоомжоор зохицуулна.

20.2.Казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж нь хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд татварыг төлөх үүрэгтэй.

20.3.Казиногийн байранд татварын газрын бие төлөөлөгч байнга хяналт тавьж ажиллана.

20.4.Казиногийн онцгой албан татварын орлогын гуравны нэгтэй тэнцэх хэсгийг аймаг, нийслэлийн төсөвт оруулна.

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

21 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

21.1.Казиногийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

21.1.1.энэ хуулийн 12.6-д заасныг зөрчиж, зээлээр тоглосон, тоглуулахыг зөвшөөрсөн, зээллэгийн буюу ломбардын үйлчилгээний цэг ажиллуулсан бол аж ахуйн нэгжийн удирдлага, казиногийн ажилтан, тоглогчийг 500000 төгрөгөөр торгох;

21.1.2.зөвшөөрөлгүйгээр тоглоомын төрөл ажиллуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 500000 төгрөгөөр торгох ба тоглоомын хэрэгсэл болон олсон орлогыг хураах;

21.1.3.энэ хуулийн 14 дүгээр зүйл, 15.3-т заасныг зөрчиж, казинод тоглуулахыг хориглосон хүмүүсийг казинод оруулж тоглуулсан тохиолдолд тоглосон болон тоглуулсан этгээдийг 100000 төгрөгөөр торгох;

21.1.4.энэ хуулийн 14.2, 14.3-ийг зөрчсөн этгээдийг 100000 төгрөгөөр торгох;

21.1.5.энэ хуулийн 16.7-д заасан үйлдэл гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100000 төгрөгөөр торгох;

21.1.6.энэ хуулийн 17.6-д заасан зөрчил гаргасан этгээдийг 100000 төгрөгөөр торгох;

21.1.7.энэ хуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 500000 төгрөгөөр торгох.

21.2.Энэ зүйлд заасан захиргааны хариуцлагыг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу хүлээлгэнэ.

21.3.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр казиногийн үйл ажиллагаа эрхэлсэн этгээдэд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ