- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 2 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсыг хөгжүүлэх санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хууль тогтоомж
2.1.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль тогтоомж нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Монгол Улсыг хөгжүүлэх санг бүрдүүлэх эх үүсвэр, зориулалт
3 дугаар зүйл.Монгол Улсыг хөгжүүлэх сан, түүнийг бүрдүүлэх эх үүсвэр
3.1.Энэ хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдэж, мөн хуулийн 6.1-д заасан зориулалтаар зарцуулагдах, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогоос тусгаарлан төвлөрүүлсэн орлогыг Монгол Улсыг хөгжүүлэх сан /цаашид "Сан" гэх/ гэнэ.
3.2.Сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
3.2.1.зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого;
/Дээрх 3.2.1 дэх заалтыг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан/
3.2.2.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан улсын төсвийн ашиг;
3.2.3.Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгө;
3.2.4.Сангийн хөрөнгийн үлдэгдэлд төлсөн хүүгийн орлого;
3.2.5.бусад орлого.
4 дүгээр зүйл.Сангийн хөрөнгийн байршил
4.1.Сангийн мөнгөн хөрөнгийг Төрийн санд байршуулна.
4.2.Энэ хуулийн 4.1-д заасан мөнгөн хөрөнгийг Монголбанк, Засгийн газрын нэгдсэн саналаар санхүүгийн зах зээл дээр байршуулж болох бөгөөд ийнхүү байршуулсан хөрөнгийн хүүгийн хэмжээ болон эрсдлээс хамгаалах арга хэрэгслийг Засгийн газраас Монголбанктай байгуулсан гэрээгээр зохицуулна.
4.3.Энэ хуулийн 4.2-т зааснаар хөрөнгийг байршуулах журмыг Засгийн газар батална. Энэхүү журмын хэрэгжилтэд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хяналт тавина.
5 дугаар зүйл.Санд орлого төвлөрүүлэх
5.1.Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан албан татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн төсөвт төлсөн албан татварыг ажлын гурван өдөрт багтаан энэ хуулийн 4.1-д заасан дансанд шилжүүлнэ.
/Дээрх 5.1 дэх хэсгийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан/
5.2.Энэ хуулийн 3.2.2, 3.2.3-т заасан хөрөнгийг санхүүгийн жил дуусгавар болмогц улсын төсвийн данснаас энэ хуулийн 4.1-д заасан дансанд шилжүүлнэ.
6 дугаар зүйл.Сангийн хөрөнгийн зарцуулалт, хуваарилалт
6.1.Сангийн хөрөнгийг дор дурдсан зориулалтаар зарцуулна:
6.1.1.давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөх;
6.1.2.улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, жижиг, дунд бизнес /аж ахуйн үйл ажиллагаа/-ийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт;
6.1.3.хүүхэд, гэр бүлийг дэмжих.
/Дээрх 6.1.3 дахь заалтыг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан/
6.2.Улс орныг бүхэлд нь хамарсан гамшиг тохиолдсон, эсхүл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан ашигт малтмалын дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурснаас улсын төсвийн орлого буурч, Засгийн газар бүх нөөцөө дайчилсны дараа төсвийн орлогын дутагдал нөхөгдөөгүй тохиолдолд энэ хуулийн 6.1.1-д заасан төсвийн орлогын дутагдлыг нөхнө.
/Дээрх 6.2 дахь хэсгийн "тохиолдсон, эсхүл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан ашигт малтмалын дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурснаас" гэснийг "тохиолдсоны улмаас" гэж 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилсөн бөгөөд түүнийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
6.3.Энэ хуулийн 3.2-т заасан Сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилна:
6.3.1.энэ хуулийн 3.2.1, 3.2.5-д заасан орлогыг мөн хуулийн 6.1-д заасан арга хэмжээ тус бүрт гуравны нэгээр;
/Дээрх 6.3.1 дэх заалтын "3.2.1," гэснийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хассан ба түүнийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
6.3.2.энэ хуулийн 3.2.2-т заасан ашгийг мөн хуулийн 6.1.2-т заасан арга хэмжээнд;
6.3.3.энэ хуулийн 3.2.3-т заасан хөрөнгийг мөн хуулийн 6.1.1-д заасан арга хэмжээнд;
6.3.4.энэ хуулийн 3.2.4-т заасан орлогыг мөн хуулийн 6.1-д заасан арга хэмжээ тус бүрт хүү бодогдсон хөрөнгийн харьцаагаар.
6.4.Энэ хуулийн 6.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Засгийн газар Сангаас хөрөнгө зарцуулах тухай санал боловсруулж холбогдох тооцоо, судалгааны хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
6.5.Энэ хуулийн 6.1.1-д заасан хөрөнгийг мөнгөн болон гурил, улаан буудай, бензин шатахууны нөөц хэлбэрээр байршуулж болох бөгөөд Засгийн газар энэ тухай саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Сангийн төсвийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавих
7 дугаар зүйл.Сангийн төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх
7.1.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн төсвийн төслийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж тухайн жилийн улсын төсвийн төслийн хамт Засгийн газарт мэдүүлнэ.
7.2.Засгийн газар энэ хуулийн 7.1-д заасан Сангийн төсвийн төслийг улсын төсвийн төслийн хамт Улсын Их Хуралд 10 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлнэ.
8 дугаар зүйл.Сангийн төсвийг батлах
8.1.Улсын Их Хурал Сангийн төсвийг дараахь үзүүлэлтээр батална:
8.1.1.Санд төвлөрүүлэх орлогыг хуульд заасан эх үүсвэрийнх нь төрлөөр;
8.1.2.Сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг хуульд заасан зориулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүрээр.
8.2.Энэ хуулийн 6.1.3-т заасан зориулалтаар зарцуулагдах, 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөний хэмжээг зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоос хамааруулж Улсын Их Хурал жил бүр тогтоох бөгөөд түүнийг улирал тутам олгоно.
/Дээрх 8.2 дахь хэсгийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
9 дүгээр зүйл.Сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах
9.1.Төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 8.1.2, 8.2-т заасныг үндэслэн Сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргана.
/Дээрх 9.1 дэх хэсгийн ", 8.2" гэснийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хассан ба түүнийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
10 дугаар зүйл.Сангийн хөрөнгийн тайлан, түүнд аудитын дүгнэлт гаргах, Улсын Их Хуралд тайлагнах
10.1.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнгийн тайланг улсын төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн нэгтгэсэн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг болгон гаргаж Засгийн газарт мэдүүлж хэлэлцүүлнэ.
10.2.Засгийн газар Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37.4-т заасны дагуу энэ хуулийн 10.1-д заасан тайланг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
10.3.Сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнгийн тайланд Төрийн аудитын төв байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.
10.4.Энэ хуулийн 10.1-д заасан тайлан, 10.3-т заасан аудитын дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж улсын төсвийн гүйцэтгэлийг баталснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ.
11 дүгээр зүйл.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих
11.1.Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ.
11.2.Сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
ТАВДУГААР БҮЛЭГ
Бусад
12 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
12.1.Энэ хуулийг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
