- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ДЭГ /ЭНЭ ХУУЛИЙГ 2001 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/

/Энэ хуулийг 2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ДЭГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг /цаашид "хуралдаан" гэх/ зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудлыг хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, биелэлтэд хяналт тавих зэргээр Улсын Их Хурлаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хуралдааны дэгийн тухай хууль тогтоомж
Хуралдааны дэгийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуралдааны үндсэн зарчим
Хуралдааны ажиллагаа хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, цөөнхийн санаа бодлыг хүндэтгэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд үндэслэнэ.
4 дүгээр зүйл.Хуралдааны нийтлэг журам
1.Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нийт гишүүний дийлэнх олонхи буюу гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.
2.Улсын Их Хурлын гишүүд хуралдаан эхлэх цагаас өмнө суудлаа эзэлсэн байна.
3.Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдаанд оролцохдоо хуралдааны дэгийг сахих үүрэгтэй бөгөөд үг хэлэхдээ дараахь журам баримтална:
1/хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авах;
2/чуулганы хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байх;
3/үг хэлэх хугацааг бусдад шилжүүлэхгүй байх.
4.Монгол Улсын Ерөнхийлөгч хуралдаанд өөрийн тааллаар оролцож үг хэлж болно.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэцийн дарга чуулганд зөвлөх эрхтэй оролцож болно.
5.Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагын эрх баригчид, хэлэлцэж байгаа асуудал хариуцсан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, ажлын хэсгийн гишүүд, хуралдаанд байлцаж болно.
6.Улсын Их Хурлын даргын урилгаар хуралдаанд бусад хүмүүсийг байлцуулж болно.
7.Энэ зүйлийн 4, 5 дахь хэсэгт дурдсан хүмүүс хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр үг хэлж болно.
8.Хуралдаанд иргэд, дотоод, гадаадын зочид, төлөөлөгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан зохих журмын дагуу байлцаж болно. Энэ журмыг Улсын Их Хурлын дарга тогтооно.
9.Улсын Их Хурлын хуралдаан нээлттэй байна. Улсын Их Хурлын хуралдааны явц, шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
10.Хэлэлцэх асуудлын шинж байдлыг харгалзан чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулж болно. Асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэхэд дараахь журмыг баримтална:
1/улсын нууцын жагсаалтад хамаарах асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ. Уг жагсаалтад ороогүй асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно;
2/хаалттай хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга /цаашид "Ерөнхий нарийн бичгийн дарга" гэх/, түүний орлогч, Тамгын газрын нууцын асуудал хариуцсан ажилтан, тухайн асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн гишүүдээс бусад хүн байлцах асуудлыг Улсын Их Хурлын даргын баталсан журмын дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга зохицуулна. Хаалттай хуралдаанд оролцох хүмүүсийн нэрсийг урьдчилан гаргасан байх бөгөөд шаардлагатай бол тэднээр хэлэлцэх асуудлын нууц задруулахгүй байх баталгаа гаргуулна;
3/хаалттай хуралдаанд албан ёсоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд бичлэг хийх, дуу хураагч, гар утас авч орох, утсаар ярихыг хориглоно;
4/Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад Улсын Их Хурлын чуулганд зөвлөх эрхтэй оролцож болох албан тушаалтныг хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар хаалттай хуралдаанд байлцуулна;
5/хаалттай хуралдааны талаар зөвхөн нууцын дэвтэрт тэмдэглэл хийнэ;
6/хаалттай хуралдааны талаар энэ хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу нийтэд мэдээлж болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Чуулганы хуралдааны дэг
5 дугаар зүйл.Хуралдаанаар хэлэлцэх асуудал
1.Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Зохих Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оруулж болохгүй.
2.Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар чуулганы хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд хэлэлцүүлгийн дүнг үндэслэн Улсын Их Хурлын дарга чуулганаар хэлэлцэх асуудлын тухай захирамж гаргаж, дарааллыг тогтооно.
3.Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд шинээр асуудал хэлэлцүүлэх тухай саналаа Улсын Их Хурлын даргад бичгээр буюу амаар гаргаж болно.
4.Чуулган, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцсэн байвал зохино. Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг чуулган, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлыг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргаагүй нь уг асуудлыг чуулган, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй байх үндэслэл болохгүй.
5.Чуулганы хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлыг эрс эсэргүүцсэн Улсын Их Хурлын гишүүн, нам, эвслийн бүлэг тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй гэдгээ уг асуудлыг хэлэлцэж эхлэхээс өмнө хуралдаан даргалагчид албан ёсоор мэдэгдэж болно. Энэ тохиолдолд нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд оролцохгүй тухай шалтгаан, хугацаагаа мэдэгдэж, хуралдаан даргалагчид бичгээр өгнө. Ийнхүү чуулганы хуралдаанд оролцоогүй нь хуралдааны хүчин төгөлдөр байхад нөлөөлөхөөр бол дэгийн дагуу хуралдаанд оролцохыг шаардах, эсхүл хуралдаан завсарлах эсэхийг хуралдаан даргалагч шийдвэрлэнэ. Хуралдаан завсарласан хугацаанд нам, эвслийн бүлгийн ахлагч нар уг асуудлаар зөвшилцөнө. Зөвшилцөлд хүрч чадаагүй бол хуралдаанд оролцохгүй байх хугацаа дуусмагц тухайн гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаандаа ирэх үүрэгтэй. Хэрэв хуралдаанд ирэхгүй бол Улсын Их Хурлын дарга хуралдаанд оролцохыг шаардсан захирамж гаргана.
6.Улсын Их Хурлын даргын захирамжаар хуралдаанд оролцохыг шаардсан боловч дээрх шалтгаанаар хуралдаанд оролцохгүй байгаа Улсын Их Хурлын гишүүнийг хуралдаан тасалсанд тооцно.
6 дугаар зүйл.Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг
1.Хуралдаан даргалагч дараахь эрх, үүрэгтэй:
1/хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, гишүүнээс түүнийг биелүүлэхийг шаардах;
2/илтгэл сонсох, санал дүгнэлт гаргах, санал хураах цагийг тогтоох;
3/саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан гишүүдэд үг хэлэх зөвшөөрөл олгох;
4/хуралдаанд оролцсон хүмүүст үг хэлэх зөвшөөрөл олгох;
5/хэлэлцсэн асуудлаар санал хураалт явуулж, дүнг мэдээлж, эцсийн шийдвэрийг сонсгон батлуулах;
6/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цаг тухайд нь гаргах ажлыг зохион байгуулах;
7/хуралдааны дэг, дотоод журам зөрчигчдөд энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан арга хэмжээ авах;
8/хэлэлцэж буй асуудлаар гишүүдийн гаргасан горимын саналыг сонсох, түүгээр санал хураалгах.
Горимын санал гэж хуралдаанаар тухайн асуудлыг хэрхэн хэлэлцэх, шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан саналыг ойлгоно. Горимын саналаар нэг удаа санал хураалгана.
2.Хуралдаан даргалагч чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдэд танхимаас гарах зөвшөөрөл олгоно.
3.Улсын Их Хурал хуралдаан даргалагчид бусад эрх олгож болно.
7 дугаар зүйл.Улсын Их Хурлын хуралдааны хуваарь
1.Улсын Их Хурал хуралдааныхаа үйл ажиллагааг дараахь байдлаар зохион байгуулж явуулна:
1/Даваа гаригт нам, эвслийн бүлгийн хуралдаан; /Энэ заалтад 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2/Мягмар, Лхагва гаригт Байнгын хороодын хуралдаан;
3/Пүрэв, Баасан гаригт Улсын Их Хурлын чуулганы хуралдаан.
2.Шаардлагатай бол Лхагва гаригийн үдээс хойш 15.00 цагаас 18.00 цаг хүртэл чуулганы хуралдаан хийж болно.
3.Байнгын хорооны хуралдааны цагийн хуваарийг Улсын Их Хурлын дэд дарга зохицуулна.
4.Улсын Их Хурлын чуулганы өглөөний хуралдааныг 9.00 цагаас 13.00 цаг хүртэл, оройн хуралдааныг 15.00 цагаас 18. 00 цаг хүртэл явуулна.
Улсын Их Хурлын чуулганы өглөөний хуралдааныг 2 цаг тутам 20 минутын, оройн хуралдааныг 1 цаг 30 минут тутам 10 минутын завсарлагатай явуулна.
5.Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар долоо хоног бүрийн Баасан гаригийн 16. 40 цагаас 18.00 цаг хүртэл хугацаанд Засгийн газрын мэдээлэл, Засгийн газарт тавьсан асуулга, асуултын хариуг сонсоно.
6.Тодорхой асуудал хэлэлцэх явцад шаардлагатай бол гишүүдийн олонхийн саналаар хуралдааныг түр завсарлах буюу хугацааг нь сунгаж болно.
8 дугаар зүйл.Чуулганы дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдааны үед дэг зөрчсөн, бусдыг доромжилсон бол хуралдаан даргалагч дараахь хариуцлага хүлээлгэнэ:
1/урьдчилан сануулах;
2/урьдчилан сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тодорхой асуудал хэлэлцэж шийдвэрлэх
9 дүгээр зүйл.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдааныг зохион байгуулах
1.Монгол Улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг нээж үг хэлнэ.
2.Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн дүн, Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлаар Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн Ерөнхий хорооны дарга илтгэл тавина. Илтгэлтэй холбогдуулж асуулт тавьж, хариулт авч болно.
3.Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөнө. Тангаргын үгийг Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн уншиж бусад гишүүд давтан хэлнэ.
4.Тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар Төрийн сүлднээ мэхийн ёсолж, тангаргын хуудсанд гарын үсэг зурах ёслол үйлдэнэ.
5.Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийг тангараг өргөх ёслол үйлдэж дуустал Ерөнхийлөгч, харин Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг даргална.
10 дугаар зүйл.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
1.Улсын Их Хурлын дарга, дэд даргын сонгуулийг тус тусад нь, тэгэхдээ даргын сонгуулийг эхэлж явуулна.
2.Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан нам буюу эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй.
3.Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын дарга, дэд даргад өөрийн болон бусад гишүүний нэрийг дэвшүүлж болно.
4.Улсын Их Хурлын даргын сонгуульд зөвхөн нэг хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгосонд тооцно. Улсын Их Хурлын даргад хоёр түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн санал авсан хүнийг Улсын Их Хурлын даргаар сонгосонд тооцно. Хоёр нэр дэвшигчийн талаар санал тэнцсэн буюу тэдгээрийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол санал тэнцсэн хоёр гишүүний буюу хамгийн олон санал авсан хоёр гишүүний талаар дахин нууц санал хураалт явуулна. Гурав дахь удаа санал хураахад хүрвэл энэ зүйлд заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурлын гишүүн санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгнө.
5.Улсын Их Хурлын дэд даргын сонгуулийг явуулахад энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмыг баримтална.
11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх, огцруулах
1.Улсын Их Хурлын дарга, дэд дарга биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсч, Улсын Их Хуралд өргөдөл гаргавал Улсын Их Хурал чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон, эсхүл огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж түүнийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрвөл бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө тухайн албан тушаалаас огцруулах асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
12 дугаар зүйл. Улсын Их Хурлын Байнгын хороо, бусад байгууллага байгуулах
1.Улсын Их Хурлын дарга Байнгын хорооны бүрэлдэхүүний талаар нам, эвслийн бүлгийн ахлагч нартай зөвшилцсөнөөр Улсын Их Хурал өөрийн гишүүдээс сонгон Байнгын хороог байгуулна.
Тухайн Байнгын хороо гишүүдийнхээ дотроос Байнгын хорооны даргад нэр дэвшүүлнэ.
Улсын Их Хурлын гишүүн Байнгын хорооны даргад өөр гишүүний нэрийг дэвшүүлэх эрхтэй. Хэрэв нэг албан тушаалд гурав буюу түүнээс дээш хүний нэр дэвшвэл хүн тус бүр дээр саналыг нууцаар хурааж санал хураалтад оролцогсдын олонхийн санал авсан хүнийг Байнгын хорооны даргаар сонгогдсонд тооцно. Хэрэв нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг үлдээж, дахин санал хураалт явуулна. Санал тэнцсэн, эсхүл хэн нь ч олонхийн санал аваагүй бол сонгуулийг дахин явуулна.
2.Санал нууцаар хураах тохиолдолд уг ажлыг зохион байгуулж, дүнг илтгэх үүрэг бүхий санал хураах комиссыг дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан тав хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож байгуулна. Улсын Их Хурлаас тухайн санал хураалтаар зохих албан тушаалд сонгогдох буюу томилогдохоор нэр дэвшигчийг санал хураах комиссын бүрэлдэхүүнд оруулахгүй.
3.Улсын Их Хурлын бусад байгууллагыг байгуулахад дээрх журмыг баримтална.
13 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
1.Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс түүний дарга Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж санал хураасан өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг Улсын Их Хуралд тавина. /Энэ хэсэгт 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
2.Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу явагдсан эсэхийг дүгнэж, санал хураалтын дүнгийн талаар Улсын Их Хуралд илтгэнэ. Уг илтгэлийг сонссоны дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсоно.
3.Нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэж батална. /Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийг чөлөөлөх
1.Ерөнхийлөгч биеийн эрүүл мэнд, хүндэтгэн үзэх бусад шалтгаан, нөхцөлийн улмаас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж чадахгүйгээ илэрхийлж, Улсын Их Хуралд хүсэлт гаргасан бол Улсын Их Хурал түүнийг чөлөөлөх эсэхийг хянан хэлэлцэж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэхдээ эхлээд түүний тайлбарыг сонсоно. Хэрэв энэ талаар Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн дүгнэлт байгаа бол тэдгээрийг Улсын Их Хуралд уншиж сонсгоно. Дараа нь Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, санал, дүгнэлт гаргаж болно.
15 дугаар зүйл.Ерөнхий сайдыг томилох
1.Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан журмаар нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах тухай саналаа Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 14 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
2.Ерөнхий сайдын албан тушаалд нэг хүний нэр дэвшүүлнэ.
3.Нэр дэвшигчийг Ерөнхийлөгч танилцуулна. Нэр дэвшигчийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсоно. Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авч болно. Нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дүгнэлт гаргасны дараа саналыг нууцаар хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдыг томилох эсэх тухай тогтоол гаргана.
4.Ерөнхий сайдад нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол 14 хоногийн дотор дахин өөр хүний нэр дэвшүүлэхийг Ерөнхийлөгчид Улсын Их Хурал зөвлөнө. Дахин нэр дэвшүүлж томилох асуудлыг энэ зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ.
5.Ерөнхий сайдыг томилсон тухай Улсын Их Хурлын тогтоол хүчин төгөлдөр болсноор Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.
16 дугаар зүйл.Засгийн газрын гишүүдийг томилох
1.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурал Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулна. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлсэн хүн бүрийг Улсын Их Хурлын зохих Байнгын хороогоор урьдчилан хэлэлцүүлэх бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлт гарсны дараа Улсын Их Хурал чуулганаараа хэлэлцэнэ.
2.Улсын Их Хурал Засгийн газрын гишүүнд Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүн бүрийг тусад нь хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авсны дараа санал, дүгнэлтээ гаргана. Нэр дэвшигчийг Засгийн газрын гишүүнээр томилох талаар нууц санал хураалтыг хүн бүрээр явуулна. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан хүнийг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд тооцно.
3.Нэр дэвшигч нь Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авч чадаагүй бол Ерөнхий сайд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу 14 хоногийн дотор тухайн албан тушаалд өөр хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
17 дугаар зүйл.Засгийн газрыг огцруулах тухай Улсын Их Хурлын санаачилга
1.Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулахыг хүсч гарын үсэг зурсан саналаа Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснээс хойш хорин дөрвөөс доошгүй цагийн дараа, гэхдээ 15 хоногийн дотор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Ийнхүү хэлэлцэхдээ Засгийн газрыг огцруулах болсон үндэслэл бүхий санал, Байнгын хороодын дүгнэлт, нам, эвслийн бүлгийн саналыг сонсоно. Уг асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын санал, хэрэв Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн З, 4-т заасан үндэслэл байна гэж үзвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг заавал сонсоно. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, эсхүл Засгийн газрыг огцруулахыг санаачлагч гишүүдэд асуулт тавьж, хариулт авна. Улсын Их Хурлын даргын саналаар асуулт, хариултыг тасалсны дараа санал, шүүмжлэл явуулна. Санал, шүүмжлэлийг тасалсны дараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд үг хэлж болно.
2.Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишүүд саналаа нууцаар гаргана.
3.Улсын Их Хурлаас Засгийн газрыг огцруулахгүй гэж шийдвэрлэсэн бол ийнхүү шийдвэрлэснээс хойш 6 сарын дотор энэ асуудлыг Улсын Их Хурал дахин авч хэлэлцэхгүй.
4.Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулахаар шийдвэрлэвэл шийдвэр гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилох үүрэгтэй.
18 дугаар зүйл.Засгийн газрыг огцруулах тухай Ерөнхийлөгчийн санал
Засгийн газрыг огцруулах тухай Ерөнхийлөгчийн саналыг энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан журмаар Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
19 дүгээр зүйл.Засгийн газар огцрох тухайгаа өргөн мэдүүлэх
Үндсэн хуулийн дөчин гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцрох тухайгаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал уг асуудлыг энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Гэхдээ Ерөнхий сайдын санал, дүгнэлтийг эхлэн сонсоно.
20 дугаар зүйл.Улсын Их Хурал Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэхээ илэрхийлэх
1.Үндсэн хуулийн дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхээ илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар холбогдох тогтоолын төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол уг асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргана.
2.Улсын Их Хурал Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй байгаа тухай шийдвэр гаргавал Засгийн газар огцорно. Гэхдээ Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаар шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
21 дүгээр зүйл.Улсын Их Хуралд Улсын дээд шүүхийн шүүгчдийг танилцуулах
1.Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгохын өмнө нэр дэвшигч бүрийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулна.
2.Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдохоор нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахгүй.
22 дугаар зүйл.Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгч томилохдоо Улсын Их Хуралтай зөвшилцөх
1.Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхийлөгч томилохдоо Улсын Их Хуралтай зөвшилцөнө.
2.Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулна.
3.Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн санал, Хууль зүйн байнгын хорооны дүгнэлттэй танилцаад Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилогдохоор нэр дэвшигчдийн талаар санал хураалт явуулж дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
4.Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулж болно.
23 дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, эгүүлэн татах
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын дарга Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд З хүний нэр дэвшүүлнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэр дэвшигч болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс санал болгосон нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулна.
3.Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн саналыг сонсож нэр дэвшигч тус бүрээр нууц санал хураалт явуулж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авсан хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсонд тооцно.
4.Үндсэн хуулийн жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэхдээ энэ талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх нэр дэвшүүлсэн байгууллагын саналыг сонссоны дараа нууц санал хураалт явуулж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
24 дүгээр зүйл.Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Ерөнхийлөгч томилох, эгүүлэн татахдаа Улсын Их Хуралтай зөвшилцөх
1.Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Ерөнхийлөгч томилох, эгүүлэн татахдаа Улсын Их Хуралтай зөвшилцөнө.
2.Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулна. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн санал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаад бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлаар нууц санал хураалт явуулж дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4.Гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилохтой холбогдож гарсан тухайн төлөөлөгчийн газрын байршилтай холбогдсон асуудлыг энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ.
5.Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулж болно.
25 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулга явуулах
1.Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан ёсоор ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлыг гагцхүү хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтны саналаар үүсгэн хэлэлцэнэ.
2.Ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны болон зохих Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулна. Санал дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт тавьж болно.
3.Улсын Их Хурал Байнгын хороодын санал дүгнэлттэй танилцаад, ард нийтийн санал асуулга явуулах талаар санал хурааж шийдвэрлэнэ.
26 дугаар зүйл. Ерөнхийлөгчийн хоригийг хянан хэлэлцэх
1.Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн үндэслэлийг Ерөнхийлөгч, эсхүл Ерөнхийлөгчийн итгэмжилсэн төлөөлөгч Улсын Их Хуралд танилцуулна.
2.Ерөнхийлөгчийн хоригийн талаар тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хариуцаж байсан зохих Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг сонсоно.
Байнгын хороодын санал, дүгнэлтийг сонссоны дараа асуулт, хариулт явуулж, гишүүд санал гаргаж болно. Ийнхүү санал, дүгнэлт гаргаж дууссаны дараа Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавьсныг үндэслэн уг хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулна. Хэрэв Ерөнхийлөгч хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулна.
3.Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийн талаар тогтоол гаргана.
4.Улсын Их Хурал хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хүчингүй болгож, эсхүл тэдгээрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэж батална.
5.Тухайн хууль, бусад шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Ерөнхийлөгчийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг хэрхэх тухай асуудлыг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэл уг хууль, бусад шийдвэр бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно.
6.Хориг тавьсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг уг шийдвэрийг баталснаас хойш 72 цагийн дотор Ерөнхийлөгчид илгээнэ.
27 дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх
1.Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлын талаархи Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд дараахь журмыг баримтална:
1/Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна;
2/Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцуулсны дараа тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хариуцаж байсан Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо дүгнэлтээ танилцуулна;
3/Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Байнгын хороодын дүгнэлтийн талаар асуулт тавьж, санал, дүгнэлт гаргаж болно;
4/Улсын Их Хурал Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээ чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ;
5/Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал тогтоолоороо хүлээн зөвшөөрвөл тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна. Харин Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн бол тэдгээр шийдвэрүүд нь хүчингүй болсонд тооцогдоно;
6/Улсын Их Хурал Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан асуудлаар Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бол энэ талаар Улсын Их Хурал тогтоол гаргана.
2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд дараахь журмыг баримтална:
1/Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний / цаашид "холбогдох албан тушаалтан" гэх/ талаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг хэлэлцэх Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын дарга даргална. Улсын Их Хурлын даргын талаар Үндсэн хуулийн цэцийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэх чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга даргална;
2/холбогдох албан тушаалтны талаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл түүний эзгүйд орлож байгаа цэцийн аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулна;
3/холбогдох албан тушаалтан цэцийн дүгнэлтийн талаар үг хэлнэ. Түүний үг 10 минутаас илүүгүй байна. Хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүд асуулт тавьж болно;
4/холбогдох албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа уг албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх, тухайн зөрчлийг арилгуулах асуудлын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар Улсын Их Хурал, эсхүл тухайн албан тушаалтан өөрөө Үндсэн хуулийн цэцэд хандаж болно;
5/Үндсэн хуулийн цэц тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргавал түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
3.Тухайн албан тушаалтныг огцруулсан, эсхүл эгүүлэн татсан нь түүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар сонсоно.
28 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын талаархи Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцах
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх талаархи Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй Улсын Их Хурал танилцаж, энэ тухайгаа Ерөнхийлөгчид мэдэгдэнэ.
29 дүгээр зүйл.Ерөнхийлөгч, Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээний төслийг Улсын Их Хуралтай зөвшилцөх
1.Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу Ерөнхийлөгч Монгол Улсын нэрийн өмнөөс байгуулах олон улсын гэрээний мөн хуулийн гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9-д заасны дагуу Засгийн газар дараа соёрхон батлуулах Монгол Улсын олон улсын гэрээний / цаашид "гэрээ " гэх/ төслийг Улсын Их Хуралтай зөвшилцөнө.
2.Монгол Улсын олон улсын гэрээний төслийг нөгөө талтай зарчмын хувьд тохиролцсоны дараа, түүнд гарын үсэг зурахаас өмнө Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэнэ. Гэрээний төсөл, эсхүл түүний дэлгэрэнгүй танилцуулга, холбогдох бусад баримт бичгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэхээс гурваас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурлын гишүүдэд тараасан байна. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Бусад Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүн төслийн талаархи санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд бичгээр ирүүлэх бөгөөд уг саналыг тус Байнгын хорооны хуралдаанд заавал танилцуулна. Байнгын хорооны хуралдаанаас төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гарвал Засгийн газар гэрээний төслийг нөгөө талтай эцэслэн тохиролцохдоо тэдгээрийг тусгах чиглэлээр ажиллаж, дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийг урьдчилан хэлэлцэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрөх;
2/гэрээг байгуулах шаардлагагүй гэж үзэж татгалзах. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрсөн, эсхүл уг гэрээг байгуулахаас татгалзсан тухай шийдвэр, түүнд холбогдох санал, дүгнэлтээ шаардлагатай гэж үзвэл чуулганы хуралдаанд танилцуулна. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээг байгуулах шаардлагагүй гэж үзсэн тухай шийдвэр гаргавал Ерөнхийлөгч, Засгийн газар уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж болно. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
7.Хүчин төгөлдөр болоогүй байгаа олон улсын олон талт гэрээнд Ерөнхийлөгч Монгол Улсын нэрийн өмнөөс гарын үсэг зурахын өмнө уг асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөд энэ зүйлийг нэгэн адил баримтална.
30 дугаар зүйл. Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх, түүнтэй дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай асуудлыг хянан хэлэлцэх
1.Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Гадаад улстай дипломат харилцаа шинээр буюу сэргээн тогтоох тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо урьдчилан хэлэлцэнэ. Байнгын хороо уг асуудлыг сайшаан зөвшөөрч тухайн улстай тодорхой тохиролцохыг Засгийн газарт үүрэг болгоно. Засгийн газар тухайн улстай тодорхой тохиролцсоны дараа уг асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дахин хэлэлцэж санал, дүгнэлтээ чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ. /Энэ хэсэгт 1997 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Гадаад улстай дипломат харилцаагаа цуцлах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн асуудлыг зохих Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ чуулганы хуралдаанаар хэлэлцүүлнэ.
31 дүгээр зүйл.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцах
1.Монгол Улсын Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
2.Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр Улсын Их Хуралд ирүүлнэ. Ерөнхийлөгч тайлангаа Улсын Их Хурлын чуулганд уншин сонсгох бөгөөд тайлантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж болно.
32 дугаар зүйл.Улсын төвлөрсөн төсвийн төслийг хэлэлцэж, батлах
1.Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн улсын төвлөрсөн төсвийн төслийг Байнгын хороод эрхэлсэн асуудлынхаа хүрээнд салбарын төсвийн төслийн талаар нарийвчилсан задаргаа, мэдээ, судалгаа, тооцоо гаргуулан авч хянана. Шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан ажиллуулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг бэлтгэнэ.
2.Чуулганы хуралдаанаар улсын төвлөрсөн төсвийн төслийг 4 үе шаттайгаар хэлэлцэж батална.
Нэг дэх хэлэлцүүлгээр улсын төвлөрсөн төсвийн төслийг хэлэлцэх үед Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчид, төвлөрүүлэн захирагчдыг байлцуулан асуулт, хариулт явуулж, санал, шүүмжлэл гаргана. Төсвийн төслийн талаар гишүүд үг хэлж, санал гаргасны дараа төслийг зохих Байнгын хороонд шилжүүлнэ.
Хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо санал, дүгнэлтээ, Улсын Их Хурлын гишүүд тусгай саналтай бол түүнийгээ бичгээр Төсвийн байнгын хороонд урьдчилан ирүүлнэ. Төсвийн байнгын хороо эдгээр саналыг нягтлан үзэж дүгнэлтдээ тусгана. /Энэ доголд 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
Улсын Их Хурлын Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын дэд хорооны дүгнэлт, Улсын Их Хурлын гишүүний гаргасан тусгай саналыг Төсвийн байнгын хорооны дүгнэлтийн хамт чуулганы хуралдаанд сонсгоно. Санал, дүгнэлтийг сонссоны дараа гишүүд үг хэлж болно. /Энэ доголд 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
Гаргасан саналын дагуу санал хураалт явуулж, улсын төвлөрсөн төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр зохих Байнгын хороонд шилжүүлнэ.
Гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо хоёрдугаар хэлэлцүүлгээр төсөлд орсон өөрчлөлтүүдийг тусгаж, танилцуулгын хамт чуулганы хуралдаанд оруулна. Хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн асуудлаар Төсвийн байнгын хорооны саналаар чуулганы хуралдаанаар дахин санал хурааж болно. /Энэ доголд 1997 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
Дөрөв дэх хэлэлцүүлгээр улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэж батална.
Монгол Улсын тухайн жилийн төвлөрсөн төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хурал сонсоно.
3.Улсын төвлөрсөн төсвийн төсөлд тодотгол хийх асуудлыг энэ зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
4.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр шаардсан асуудлыг хэлэлцэхдээ энэ зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж болно.
33 дугаар зүйл.Улсын Их Хурлын хуралдааны үед хэрэгжих хяналт
Улсын Их Хурал хуралдааныхаа үед хяналтаа дараахь хэлбэрээр хэрэгжүүлнэ:
1/Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг бусад байгууллагын илтгэл, мэдээлэл сонсох;
2/Засгийн газарт асуулга тавих;
3/Засгийн газарт асуулт тавьж хариу авах;
4/ажлын хэсэг байгуулах, түүний ажлын дүнг сонсох.
34 дүгээр зүйл.Засгийн газрын мэдээлэл сонсох, Засгийн газарт асуулт тавьж, хариу авах
1.Долоо хоногийн Баасан гариг бүрийн 16. 40 цагаас 18. 00 цаг хүртэл Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Засгийн газрын мэдээлэл, Засгийн газарт тавьсан асуулга, асуултын хариуг сонсоно.
Засгийн газрын мэдээлэл хийх хугацаа 15 минутаас илүүгүй байна. Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авч болно.
Асуулт, хариултын үргэлжлэх нийт хугацааг хуралдаан даргалагч тогтооно.
2.Засгийн газарт тавьсан асуулт гэдэг нь тодорхой нэг асуудлын талаар мэдээлэл авах зорилгоор Улсын Их Хурлын гишүүнээс Засгийн газарт, эсхүл Засгийн газрын аль нэг гишүүнд амаар болон бичгээр хандсаныг хэлнэ.
3.Улсын Их Хурлын гишүүн асуултын хариуг чуулганы хуралдаанд сонсох эсэх, хэзээ сонсох тухай саналаа Улсын Их Хурлын даргад ирүүлнэ.
4.Засгийн газар, түүний гишүүн асуултын хариуг 14 хоногийн дотор өгнө. Асуултын хариуг Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын аль нэг гишүүн чуулганы хуралдаанд сонсгоно.
5.Бичгээр тавьсан асуултын хариу 5 минутаас илүүгүй байна.
6.Асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүд хуралдаан даргалагчийн зөвшөөрсний дагуу тавьсан асуулттайгаа нэг сэдэвтэй, ойролцоо, ижил асуултыг чуулганы хуралдаан дээр тодруулан тавьж болно.
35 дугаар зүйл.Засгийн газарт асуулга тавих
1.Засгийн газарт тавьсан асуулга гэдэг нь Улсын Их Хурлын нэг буюу хэд хэдэн гишүүн нийлж, эсхүл Байнгын болон бусад хороо, нам, эвслийн бүлгээс улс орны нийтлэг эрх ашгийг хөндсөн болон бүрэн эрхэд нь хамаарах бусад асуудлаар Засгийн газрын бодлого, байр суурийг тодруулах, тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж Засгийн газарт бичгээр хандсаныг хэлнэ.
2.Асуулга нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд нийцсэн байна.
3.Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг асуулгынхаа хариуг хэзээ сонсох талаархи саналаа Улсын Их Хурлын даргад ирүүлнэ.
4.Засгийн газар асуулгын хариуг 30 хоногийн дотор бичгээр өгөх бөгөөд Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүн асуулгын хариуг чуулганы хуралдаанд сонсгоно. Асуулгын хариулт 15 минутаас илүүгүй байна.
5.Асуулгын хариутай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүд тухайн сэдвээр тодруулан асууж болно.
6.Асуулга тавьсантай холбогдуулан Улсын Их Хурлаас зохих шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг холбогдох Байнгын хороонд тавина.
36 дугаар зүйл.Ажлын хэсэг байгуулж, хяналтыг хэрэгжүүлэх
1.Улсын Их Хурал тодорхой албан тушаалтан, байгууллага эсхүл тодорхой асуудлын талаар баримт нотолгоо бүрдүүлэх, мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулах, санал дүгнэлт бэлдүүлж, Улсын Их Хуралд хэлэлцүүлэх зорилгоор ажлын хэсгийг байгуулж болно.
2.Ажлын хэсгийг Улсын Их Хурлын дарга өөрийн санаачилгаар, эсхүл зохих Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан саналын дагуу захирамжаараа байгуулна.
3.Улсын Их Хурлын даргын захирамжинд ажлын хэсэгт орох Улсын Их Хурлын гишүүдийн нэрс, ажлын үр дүнг танилцуулах хугацааг заана.
4.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн нам, эвслийн бүлгийн аль алины нь төлөөлөл байвал зохино.
5.Ажлын хэсэг дараахь бүрэн эрхтэй:
1/тухайн байгууллагын эрх баригчдыг дуудан ирүүлэх, тэдний мэдээллийг сонсох, асуулт тавьж, хариулт авах, судалгаа тайлан, дүгнэлт бусад мэдээллийг гаргуулан авах эрхтэй;
2/хяналтын явцад олж авсан төрийн нууцыг хадгалах, шаардлагатай гэж үзвэл дүнг Улсын Их Хурлын хаалттай хуралдаанд хэлэлцүүлэх санал гаргах.
6.Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг зөвшөөрөөгүй ажлын хэсгийн гишүүн тусдаа дүгнэлт гаргаж болно. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн зохих Байнгын хороо саналаа чуулганы хуралдаанд оруулна. Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд гишүүд асуулт тавьж, санал, дүгнэлт гаргаж болно. Шаардлагатай бол чуулганы хуралдаанаар ажлын хэсэг, Байнгын хорооны санал дүгнэлтийн талаар санал хураалгаж, Улсын Их Хурал зохих шийдвэр гаргана.
7.Ажлын хэсгийн хяналтын явцад тухайн асуудлыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх байгууллагаас шалгаж эхэлсэн бол Улсын Их Хурлын хяналт хэрэгжүүлэх ажлын хэсэг үйл ажиллагаагаа даруй зогсооно.
ДӨРӨВДҮГЭЭГ БҮЛЭГ
Төсөл хэлэлцэх
37 дугаар зүйл./Энэ зүйлийг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
38 дугаар зүйл.Төсөл хэлэлцэх, батлах үе шат
1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын дарга түүний агуулгыг үндэслэн тухайн асуудлыг эрхэлсэн зохих Байнгын хороонд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Улсын Их Хурлын төсөл хэлэлцэх, батлах үйл ажиллагаа дараахь үе шаттай хэрэгжинэ.
Нэгдүгээр үе шат:
1/нам, эвслийн бүлэг, зохих Байнгын хорооны хуралдаанаар төслийг чуулганаар хэлэлцэх эсэх тухай дүгнэлт гаргах;
2/Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх тухай санал хураалт явуулах.
Хоёрдугаар үе шат:
1/нам, эвслийн бүлэг, Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
2/Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах;
Гуравдугаар үе шат:
1/анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг тусгаж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх;
2/Улсын Их Хурлын чуулганаар төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх;
3/төслийг батлах.
Дөрөвдүгээр үе шат:
1/эцсийн хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг тусгаж хууль, тогтоолын төслийн эцсийн найруулгыг бэлтгэх;
2/Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцах;
3/шийдвэрийг ёсчлох;
4/Ерөнхийлөгч Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавьсан бол тухайн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх. /Энэ хэсгийн дугаарыг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар "1" байсныг "2" болгон өөрчилсөн./
3.Төсөл хянан хэлэлцэх явцад Улсын Их Хурал, эсхүл түүний Байнгын хороо ажлын хэсэг байгуулж болно. /Энэ хэсгийн дугаарыг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар "2" байсныг "3" болгон өөрчилсөн./
4.Хууль санаачлагч нь төслийг зохих Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээс өмнө татан авч болно. /Энэ хэсгийг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн./
39 дүгээр зүйл.Байнгын хороогоор төсөл урьдчилан хэлэлцэх
1.Төслийг зохих Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн харьяалагдах Байнгын хорооны хуралд таслах эрхтэй, бусад Байнгын хорооны хуралд таслах эрхгүйгээр оролцоно. Байнгын хорооны хуралд Улсын Их Хурлын гишүүн санал, дүгнэлт гаргах, саналаа хураалгах, тухайн асуудлаар цөөнх болж зарчмын зөрүүтэй саналаа Байнгын хорооны дүгнэлтэд тусгуулах эрхтэй.
Байнгын хорооны хуралдаанд тухайн төслийн талаар хууль санаачлагчид асуулт тавьж, хариулт авч болно. Асуулт, хариулт үргэлжлэх хугацааг хуралдаан даргалагч тогтооно.
Хэрэв уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын санал, дүгнэлтийг заавал сонсоно.
2.Байнгын хорооны хуралдааныг тухайн Байнгын хорооны дарга даргалах бөгөөд хуралдаанд зөвхөн тухайн Байнгын хорооны гишүүн таслах эрхтэй оролцоно. Төслийн талаар бусад Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг зохих Байнгын хороо санал, дүгнэлтдээ хамтатган тусгана.
Төсөл хэлэлцэхэд биечлэн оролцох боломжгүй Улсын Их Хурлын гишүүн санал дүгнэлтээ зохих Байнгын хороонд бичгээр урьдчилан гаргаж болох бөгөөд түүнийг Байнгын хорооны хуралдаанд заавал танилцуулж хэлэлцүүлнэ.
3.Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн талаар санал хураалт явуулсны үндсэн дээр уг төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргаж, түүнийг чуулганы хуралдаанд илтгэх гишүүнийг томилно.
Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хэлэлцэхээр шийдвэрлэсэн төслийг Байнгын хороо анхны хэлэлцүүлэгт бэлтгэн, төслийн талаар санал, дүгнэлт гаргаж, түүнийг чуулганы хуралдаанд илтгэх гишүүнийг томилно.
Байнгын хороо төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн дүгнэлтээ, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн санал, дүгнэлттэй хамтатган гаргаж болно.
4.Төслийг зохих Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж болох бөгөөд нэгдсэн дүгнэлт гаргаж болно. Байнгын хороодын хамтарсан хуралдааны ирцийг тус хороодын нийт гишүүний дийлэнх олонхи нь ирснээр хүчин төгөлдөрт тооцож, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргавал Байнгын хороодын дарга нар хамтран гарын үсэг зурж ёсчилно.
5.Хэрэв нэг асуудлаар хоёр буюу түүнээс дээш төсөл байгаа бол хууль санаачлагчийн зөвшөөрснөөр зохих Байнгын хороо тэдгээрийг нэгтгэн зохицуулж, нэг төсөл болгон чуулганы хуралдаанд хэлэлцүүлж болно.
Хэд хэдэн төслийг нэгтгэхийг хууль санаачлагч зөвшөөрөөгүй бол Байнгын хороо тэдгээр төслийн талаар нэгбүрчлэн энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлт гаргана.
Хууль санаачлагчийн зөвшөөрөлгүйгээр төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй.
6.Хууль санаачлагч, зохих Байнгын хороо болон бусад Байнгын хороо зарчмын зөрүүтэй саналаар зөвшилцөлд хүрэхийн тулд шинжээч томилон дүгнэлт гаргуулах, Засгийн газрын холбогдох гишүүний болон бусад албан тушаалтны санал сонсох зэргээр ажиллаж болно.
40 дүгээр зүйл.Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар төсөл хэлэлцэх
1.Улсын Их Хурал Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль санаачлагчаас өргөн мэдүүлж, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан баталсан төслийг хэлэлцэнэ.
Ерөнхийлөгчийн хориг, Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд хандаж гаргасан илгээлт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын ажлын дүн, тайлан сонсох, түүний удирдлагыг томилох, чөлөөлөх, Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлахаас бусад асуудлаар чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр тухайн чуулганы явцад өргөн мэдүүлбэл Төрийн байгуулалтын байнгын хороо, зохих Байнгын хорооны санал, дүгнэлтийг харгалзан түүнийг чуулганаар хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
2.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх , эсхүл буцаах асуудлыг шийдвэрлэхдээ:
1/төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг сонсоно. Илтгэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч болно;
2/Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн дүгнэлтийг сонсоно;
3/төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулна;
4/хэрэв 39 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэд хэдэн төслийн талаар Байнгын хорооноос нэгбүрчлэн дүгнэлт гаргасан бол аль төслийг нь сонгон анхны хэлэлцүүлэгт оруулах тухай санал хураалт явуулна.
Төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл төслийг буцаах тогтоол гаргана. Уг тогтоолд төслийг буцаах болсон үндэслэлийг заасан байвал зохино.
3.Чуулганаар хэлэлцэхээр тогтсон төслийг дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийн хамт Улсын Их Хурлын гишүүдэд уг төсөл хэлэлцэж эхлэхээс долоо хоногийн өмнө зохих Байнгын хороо эрхлэн тараана. Төсөл олшруулах , тараах ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ эрхэлнэ.
4.Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа дараахь журмыг баримтална:.
1/зохих Байнгын хорооны дүгнэлтийг танилцуулах хугацаа 15 минутаас илүүгүй байна. Дүгнэлтэд уг төслийн үзэл баримтлал төрийн бодлогод нийцэж байгаа эсэх, төсөл хууль тогтоомжийн бичлэгийн техник, хэл зүйн шаардлагыг хангасан эсэх болон төслийн зүйл, заалтын талаар зарчмын өөр саналтай бол үндэслэл, шалтгааныг заана.
Зохих Байнгын хороо төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлт болон Улсын Их Хурлын гишүүний зарчмын зөрүүтэй саналыг томъёолж бүх гишүүдэд тараасан байна;
2/Байнгын хорооны дүгнэлтийн дараа Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн дүгнэлтийг сонсоно. Дүгнэлтийг бүлгийн ахлагч, эсхүл тухайн асуудлыг хариуцаж буй бүлгийн аль нэг гишүүн танилцуулна.
Нам, эвслийн бүлгийн дүгнэлтийг танилцуулах хугацаа тус бүр 10 минутаас илүүгүй байна.
Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлаар үг хэлэх, тайлбар хийхдээ энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасан хугацааг баримтлах бөгөөд санал, дүгнэлтээ Байнгын хорооны болон нам, эвслийн бүлгийн дүгнэлтэд тусгуулж урьдчилан тараасан байна;
3/төслийн талаар гарсан зарчмын зөрүүтэй санал гэдэгт:
а/Байнгын хорооноос санал нэгтэй буюу олонхийн саналаар оруулахаар шийдвэрлэсэн төсөлд тусгагдаагүй санал;
б/зохих Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж зөвшилцөлд хүрээгүй Улсын Их Хурлын гишүүний санал;
в/Улсын Их Хурал дахь олонхи, цөөнхийн нам, эвслийн бүлгээс зарчмын гэж үзэж дүгнэлтдээ тусгасан саналыг ойлгоно.
Зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд уг саналынхаа талаар тайлбар хэлж болох бөгөөд түүнийг дэмжсэн болон эсрэг саналтай тус бүр нэг гишүүн үг хэлж болно;
4/Улсын Их Хурлын гишүүн Байнгын хорооны дүгнэлтэд тусгуулсан зарчмын зөрүүтэй саналаа бичгээр томъёолж урьдчилан өгсөн байна. Харин найруулгын чанартай засварыг ажлын хэсэгт өгнө.
Зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж хуралдаан даргалагчид бэлтгэн өгөх асуудлыг Тамгын газар хариуцна;
5/хуралдаан даргалагч зарчмын зөрүүтэй асуудал бүрээр санал хураалгана. Тэгэхдээ зарчмын зөрүүтэй асуудлыг ямар хувилбараар шийдвэрлэх саналтай байгаа, эсхүл уг асуудлаарх төслийн заалтыг дахин гүйцээн боловсруулж саналыг сонсохын аль нэгээр хэлэлцүүлж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ;
6/хэрэв Ерөнхийлөгч хэлэлцэж байгаа төсөлтэй холбогдуулан Улсын Их Хуралд илгээлт, санал ирүүлсэн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүдэд урьдчилан тарааж танилцуулсан байна.
Хуралдаан даргалагч зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалгахдаа санал хураах цагийг тогтоож, нийт гишүүдэд зарлаж болно. Хэрэв санал хураах цагийг товлон зарласан бол Улсын Их Хурлын гишүүн өөрийн биеэр хүрэлцэн ирж санал хураалтад оролцоно;
5.Улсын Их Хурлын гишүүн нь зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой горимын санал гаргах хүсэлт тавьж болно. Хуралдаан даргалагч горимын саналыг сонсож, шаардлагатай бол түүгээр санал хураалгана.
6.Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураасны дараа дараахь шийдвэрийн аль нэгийг санал хурааж шийдвэрлэнэ:
а/төслийг бүхэлд нь эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх;
б/төслийг хууль санаачлагчид буцаах.
7.Анхны хэлэлцүүлгийн явцад төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй түүнчлэн уг төслийг батлах санал гарсан бол түүний эцсийн хэлэлцүүлгийг шууд явуулж болно.
8.Улсын Их Хурал төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр зохих Байнгын хороонд шилжүүлэхдээ дэмжигдсэн саналын дагуу төслийг зарчмын хувьд өөрчлөх, найруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын болон хууль санаачлагчийн хамтарсан ажлын хэсэг байгуулж болно.
9.Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, хэлэлцүүлэхээр оруулах хугацааг төсөл боловсруулах ажлын хэмжээ, шаардлагыг харгалзан хуралдаан даргалагч тогтооно.
10.Анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлыг төсөлд тусгаж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:
1/төслийг хууль санаачлагч, зохих Байнгын хороо хариуцаж ажлын хэсэгт эцэслэн боловсруулна;
2/төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн дүгнэлт гаргасан зохих Байнгын хороо анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн байдлыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүний болон хууль санаачлагчийн томъёолж өгсөн санал бүрийг хянан үзэж төсөлд зохих нэмэлт, өөрчлөлт оруулж, хууль тогтоомжийн бичлэгийн техник, хэл зүй, найруулгын талаас нь нягтлан зохих танилцуулга бэлтгэнэ.
11.Төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа дараахь журмыг баримтална:
1/төслийн талаар зохих Байнгын хорооны танилцуулга хийх хугацаа 10 минутаас илүүгүй байна;
2/зохих Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт, хариулт явуулж болно;
3/эцсийн хэлэлцүүлгийн явцад дараахь асуудлаар санал хурааж болно:
а/эхний хэлэлцүүлгийн үед гүйцээн боловсруулахаар шийдвэрлэсэн төслийн зүйл, заалт байгаа бол;
б/эхний хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар дахин санал хураах шаардлагатай гэсэн зохих Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг нь дэмжсэн бол;
в/төслийн аль нэг зүйл, заалт хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хууль болон уг төслийн бусад зүйл, заалттай зөрчилдөж байна гэж зохих Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо үзсэн бол дээрх асуудал тус бүрээр санал хурааж шийдвэрлэнэ.
4/санал хураалгахын өмнө тухайн саналыг гаргасан Улсын Их Хурлын гишүүн, тайлбар өгөх буюу үг хэлж болно. Тайлбар өгч, үг хэлсэн хүмүүстэй ижил тооны гишүүд хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр дээрх саналын эсрэг үг хэлж болно.
5/эцсийн хэлэлцүүлэг дууссаны дараа төслийг бүхэлд нь батална. Төслийг бүхэлд нь батлах санал хураалтын цагийг хуралдаан даргалагч товлон зарлаж болно.
Хэрэв төслийг бүхэлд нь батлаагүй бол төслийг хууль санаачлагчид буцаана.
12.Шаардлагатай гэж үзвэл эцсийн хэлэлцүүлгээр баталсан хуультай холбогдсон тогтоолын төслийг хэлэлцэн батална;
13.Эцсийн хэлэлцүүлгээр баталсан төслийн эцсийн найруулгыг хэлэлцүүлэг дууссанаас хойш ажлын 6 өдөрт багтаан Улсын Их Хуралд танилцуулна. Эцсийн найруулгыг танилцуулах ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга хариуцна.
41 дүгээр зүйл.Санал хураалт, түүнийг явуулах журам
1.Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд төслийн талаар санал хураалт явуулахдаа Байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэн зарчмын зөрүүтэй саналыг уг саналын томъёоллоор, харин Байнгын хорооноос олонхийн дэмжлэг аваагүй саналыг төслийн томъёоллоор санал хураалгана.
Байнгын хорооны хуралдаанд санал хураалт явуулахдаа төслийн томьёоллоор санал хураалт явуулна. Энэ тохиолдолд нам, эвслийн бүлэг, Улсын Их Хурлын гишүүний гаргасан санал хажуугийн саналд тооцогдоно.
2.Байнгын хорооны хуралдаанаар тухайн асуудлаар санал хураалт явуулсны дараа цөөнх болсон, эсхүл цөөнхийг төлөөлсөн 3 хүртэл гишүүн тайлбар хэлж болно. Хэрэв цөөнх дахин санал хураалгахыг хүсвэл төслийн томъёоллоор дахин санал хураалт явуулна.
Эхний 2 санал хураалтад нэг томъёолол 2 удаа олонхийн дэмжлэг авсан бол уг томъёоллыг баталсанд тооцно.
Хэрэв эхний санал хураалтад олонхийн дэмжлэг авсан томъёолол 2 дахь санал хураалтад олонхийн дэмжлэг авч чадаагүй бол 2 дахь санал хураалтад цөөнх болсон, эсхүл цөөнхийг төлөөлсөн 3 хүртэл гишүүн тайлбар хэлж болно.
Хэрэв цөөнх дахин санал хураалгахыг хүсвэл төслийн томъёоллоор дахин нэг удаа санал хураалт явуулж олонхийн санал авсан томъёоллыг баталсанд тооцно.
3.Санал тэнцвэл дахин нэг удаа санал хураалгана. Хэрэв санал дахин тэнцвэл хуралдаан даргалагч хоёр талаас тус бүр нэг гишүүний тайлбарыг сонсгоно. Санал дахин тэнцвэл хэрхэхийг хуралдаан даргалагч шийднэ.
4.Үндсэн хууль, энэ хууль болон , бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд санал хураалт явуулахдаа хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар уг асуудлыг шийдвэрлэнэ.
Энэ хууль болон бусад хуульд нууц санал хураалт явуулж шийдвэрлэхээр зааснаас бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна. Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, харин нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуур ашиглан явуулна.
5.Улсын Их Хурлын гишүүн чуулганы тухайн өдрийн хуралдаанд ирцээ бүртгүүлсэн бол хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд санал хураахад заавал оролцоно. Хуульд заасан журмын дагуу санал хурааж нэгэнт баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санал хураах үед байгаагүй гэсэн шалтгаанаар Улсын Их Хурлын гишүүн дахин хэлэлцүүлэх эрх эдлэхгүй.
6.Улсын Их Хурлын гишүүн зөвхөн "зөвшөөрсөн", "татгалзсан" гэсэн 2 саналын аль нэгийг өгнө. Хуралдаанд оролцож байгаа боловч санал өгөхгүй байгаа гишүүнийг татгалзаж байгаад тооцно.
7.Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн тухайн санал хураалгаж буй асуудлаар нэрээр нэг удаа санал өгнө.
42 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүн санал хураалтанд таслах эрхтэй оролцохгүй байх
Улсын Их Хурлын гишүүн дараахь тохиолдолд санал хураалтанд таслах эрхтэй оролцохгүй:
1/өөрийг нь Улсын Их Хурлын дарга, дэд даргад нэр дэвшүүлж, сонгох санал хураалт;
2/өөрийнх нь харьяалагдаагүй, зөвлөх эрхтэй оролцож байгаа Байнгын хорооны хуралдааны санал хураалт ;
3/өөрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх, гишүүнээс чөлөөлөх, эгүүлэн татах эсэх асуудлаар санал хураалт;
4/өөрийг нь гэмт хэрэгт холбогдсон эсэх асуудлыг шалгах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад олгох талаархи санал хураалт;
5/холбогдох байгууллагад өөрийг нь сэжигтнээр албадан саатуулах, сэжигтнээр болон ял сонсгосны дараа цагдан хорих, өөрт нь шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, гэр, албан өрөө, биед нь нэгжлэг хийхийг зөвшөөрөх эсэх асуудлаар явуулах санал хураалт.
43 дугаар зүйл.Улсын Их Хурлын шийдвэрийг ёсчлох
1.Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгатай танилцсанаас хойш ажлын З өдрийн дотор Улсын Их Хурлын дарга уг шийдвэрт гарын үсэг зурж ёсчилно.
2.Улсын Их Хурлын шийдвэрийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Ерөнхийлөгчид илгээнэ.
44 дүгээр зүйл. Улсын Их Хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох
1.Улсын Их Хурал өөр хугацаа тогтоогоогүй бол шийдвэрийг ёсчилж илгээснээс хойш Ерөнхийлөгч ажлын 5 өдөрт багтаан тухайн хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавьсан бол түүнийг хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжинд хэлэлцэж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хоригийг хүлээн зөвшөөрөөгүй бол Улсын Их Хурлын тухайн шийдвэр хэвээр үлдэнэ.
2.Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулган ажлаа дууссаны дараа Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавьсан бол Улсын Их Хурал ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж болно. Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлээгүй бол дараагийн ээлжит чуулганаар эхний ээлжинд хэлэлцэн шийдвэрлэнэ.
3.Улс оронд онцгой нөхцөл байдал бий болсон, эсхүл Улсын Их Хурлын чуулганы ажиллагаа өндөрлөх гэж байгааг харгалзан Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг Улсын Их Хурал тогтоон өгч болно.
4.Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.
45 дугаар зүйл.Улсын Их Хурлын шийдвэрийг нийтлэх, мэдээлэх
1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг "Төрийн мэдээлэл" эмхтгэлд албан ёсоор нийтэлнэ. /Энэ хэсгийг 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ "Төрийн мэдээлэл" эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд ийнхүү дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ. /Энэ хэсгийг 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Улсын Их Хурлын чуулганы явцын тухай олон нийтэд сонордуулах албан ёсны мэдээллийг зөвхөн Тамгын газар хариуцан нийтлүүлнэ.
4.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлийг Улсын Их Хурлын номын сан, Улсын төв болон аймаг, нийслэл дэх төв буюу төвлөрсөн номын санд тавина.
46 дугаар зүйл."Төрийн мэдээлэл" эмхтгэл
1."Төрийн мэдээлэл" эмхтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам, агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ. Энэхүү эмхтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар долоо хоног тутам гаргана.
2."Төрийн мэдээлэл" эмхтгэлийг хэвлэн нийтлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцна. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь тус эмхтгэлийн эрхлэгч байж, түүнийг хэвлэн нийтлэх хугацаа, журмыг тогтооно.
/Энэ зүйлийг 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ТАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
47 дугаар зүйл.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнийг ашиглах, хадгалах
1.Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Улсын Их Хурлын гишүүдийн ажлын зөвлөлгөөн, Байнгын хорооны хуралдааны явцыг албан ёсоор дэс дараалан тэмдэглэн авах, уг тэмдэглэлийг ашиглах, хадгалах ажлыг Ерөнхий нарийн бичгийн даргын тогтоосон журмын дагуу Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ.
2.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны явцын тэмдэглэлийг гараар болон соронзон хальсанд нэгэн зэрэг бичнэ. Шаардлагатай гэж үзвэл хуралдааны явцын талаар дуутай дүрс бичлэг хийж хадгална.
3.Хуралдааны явцын тэмдэглэлд дараахь баримт бичгийг заавал хавсаргана:
1/тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, урилгаар оролцсон болон байлцсан хүмүүсийн нэр, албан тушаал;
2/хуралдаанаар хэлэлцсэн хууль, бусад шийдвэрийн төсөл / хувилбарууд/ тэдгээрийн танилцуулга, дүгнэлт, санал;
3/хэлэлцэж байгаа асуудлаар Улсын Их Хурлын гишүүнээс бусад гишүүдэд тараасан санал;
4/хуралдааны явцад Улсын Их Хурлын гишүүдэд сонордуулсан өргөх бичиг, мэдэгдэл, цахилгаан утас;
5/хуралдааны явцад хэлэлцсэн, сонордуулсан, тараасан бусад баримт бичиг;
6/гишүүн тусгайлан тэмдэглүүлэхээр өөрөө бичсэн зүйл.
4.Хуралдааны явцын тэмдэглэлийг гараар бичихдээ дараахь зүйлийг заавал тусгана:
1/хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцэж эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут;
2/ямар асуудал, хаанаас, хэн төлөөлж оруулсан тухай товч томъёолол;
3/хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт, гаргасан санал, шүүмжлэл, хэлсэн үг;
4/санал хураалтын дүн / тоо, хувиар/ , хэрэв нэрээр санал хураавал Улсын Их Хурлын гишүүн нэг бүрийн нэр, өгсөн санал;
5/ ирц /тоо, хувиар/ , байхгүй гишүүний нэр, шалтгаан;
6/хуралдаанд хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан, хуралдааны даргын зөвшөөрөлгүй гарч явсан гишүүний нэр, цаг минут;
7/гишүүний тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үг.
5.Гишүүний хуралдаанд хэлсэн үгийг тодорхой бичих бөгөөд тусгайлан тэмдэглүүлсэн зүйлийг тухайн гишүүнд хянуулж гарыг үсэг зуруулна.
6.Улсын Их Хурлын гишүүн хүсвэл өөрийн болон бусдын хэлсэн үгийн бичлэгтэй танилцаж болно.
7.Гаргасан шийдвэрийг төслийн хувилбарын хамт гар тэмдэглэлд хэлэлцсэн дарааллаар нь дугаарлан заавал хавсаргана.
8.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны явцын тэмдэглэлтэй Ерөнхий нарийн бичгийн дарга танилцаж гарын үсэг зурна.
48 дугаар зүйл.Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэг ашиглах, хадгалах
1.Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон бичлэгийг Улсын Их Хурлын чуулганы материал бэлтгэж хэвлүүлэх, хэвлэл, мэдээллийн байгууллагад лавлагаа өгөх, маргаантай асуудал шийдвэрлэхэд ашиглуулна.
2.Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг Улсын Их Хурлын гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын ажилтан шууд, бусад байгууллагын албан тушаалтанд Ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр үзүүлж, сонсгоно.
3.Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудад 7 хоног хүртэлх хугацаагаар ашиглуулах бөгөөд зөвшөөрөлгүй олшруулах, хувилахыг хориглоно. Харин бусад байгууллагын албан тушаалтанд архивын ажилтны дэргэд үзүүлж, сонсгоно.
4.Хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг Тамгын газрын архивт хадгална. Энэ тухай журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга тогтооно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
