A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/
Бүлэг: 1979

Энэ хуулийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1991 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэхүү хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах, бүртгэх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах, тухайн нэгжийн удирдлагын зохион байгуулалт, гишүүний эрх, үүрэг, хариуцлагатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгж

Хэвлэх

1.Өөрийн нэрийн өмнөөс үйлдвэрлэл, үйлчилгээ тогтвортой эрхэлж, үйл ажиллагаатайгаa холбогдон үүсэх үүргийг эд хөрөнгөөрөө хариуцаж байгаа этгээдийг аж ахуйн нэгж гэнэ.

2.Аж ахуйн нэгжийн дор дурдсан хэлбэрүүд байж болно:

1/хувиараа эрхлэх аж ахуй;

2/хоршоо;

3.Улсын үйлдвэрийн газрын эрх зүйн онцлогийг энэ хуулийн 5 дугаар бүлгийн заалтаар тодорхойлно. /Энэ хэсэгт 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, байгууллага, харьяалалгүй хүмүүс дангаараа эсхүл Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран энэ хуулийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж байгуулж болно.

/Энэ хэсэгт 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон

21дүгээр зүйл.Аж ахуйн нэгжүүд нэгдэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийг байгуулах, бүртгэх

Хэвлэх

1.Аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагчийн санаачилгаар байгуулна.

2.Хувиараа эрхлэх аж ахуйг иргэний гаргасан өргөдөл, бусад аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагчийн бичгээр үйлдсэн гэрээ, дүрмийг үндэслэн Улсын татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын алба, сум, дүүргийн татварын алба /цаашид "бүртгэх байгууллага" гэх/ харьяаллын дагуу бүртгэнэ.

Хууль тогтоомжид заасны дагуу тодорхой мэргэжил, тусгай зөвшөөрөл шаардах үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, гэрчилгээг авсан байна. /Энэ хэсгийг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/аж ахуйн нэгжийн оноосон нэр, харьяалал, хаяг, орших газар;

2/гишүүний нэр, мэргэжил, хаяг;

3/эрхлэх ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, хугацаа; /Энэ заалтад 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

4/эд хөрөнгийн хэмжээ, түүнийг бүрдүүлэх хугацаа, хэлбэр.

4.Хоршоо, компани нь дүрэмтэй байна. Дүрэмд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/аж ахуйн нэгжийн оноосон нэр, хаяг, орших газар;

2/эрхлэх ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл; /Энэ заалтад 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

3/дүрмийн сангийн хэмжээ;

4/үйлдвэрлэл, удирдлагын зохион байгуулалтын бүтэц;

5/татан буулгах, эцсийн тооцоо хийх;

6/ашиг, алдагдлыг хуваарилах;

7/гишүүний эрх, үүрэг;

8/энэ хуулийн дагуу тусгавал зохих бусад зүйл.

5.Гэрээ, дүрмийн заалтаар маргаан гарсан тохиолдолд гэрээг баримтална.

6.Гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт орвол энэ тухай 14 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

7.Үүсгэн байгуулагч нь гэрээ үйлдэж, нотариатаар гэрчлүүлэн дүрмээ баталснаас хойш З0 хоногийн дотор бүртгэх байгууллагад өргөдлөө гаргана. Аж ахуйн нэгжийн оноосон нэр нь урьд улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжийн оноосон нэртэй давхардсан байж болохгүй. Гэрээ, дүрмийн үндэслэлийг бүртгэх байгууллага шалгах эрхтэй. Бүртгэх байгууллага энэ хуулийн дагуу аж ахуйн нэгжийг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээнд аж ахуйн нэгжийн эрх зүйн үндсийг заана. Бүртгэх байгууллага аж ахуйн нэгжийг бүртгэсэн тухай нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

8.Аж ахуйн нэгж нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй.

9.Бүртгэх байгууллага нь аж ахуйн нэгжийн гэрээ, дүрмийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл зохих үндэслэлийг тодорхойлж аж ахуйн нэгжийг бүртгэхээс татгалзана. Аж ахуйн нэгж бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

10.Бүртгэх байгууллага нь аж ахуйн нэгж, түүний гэрээ, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн тухай 7 хоногийн дотор зохих шатны статистикийн байгууллагад мэдэгдэж нийтэд мэдээлнэ.

4 дүгээр зүйл.Санхүүгийн хяналт шалгалт

Хэвлэх

1.Аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу улсын санхүүгийн байгууллагаас хянан шалгана.

2.Аж ахуйн нэгж санхүү, аж ахуйн үйл ажиллагаандаа мэргэжлийн дүн шинжилгээ хяналт шалгалт хийлгэх зорилгоор хөндлөнгийн байцаагчийг гэрээгээр ажиллуулж болно.

3.Хөндлөнгийн байцаагчаар улсын санхүүгийн байгууллагад бүртгэгдсэн мэргэжлийн хүн ажиллана. Аж ахуйн нэгжийн гишүүн, ажилтны шууд удирдлагын дор ажилладаг иргэн тухайн аж ахуйн нэгжид хөндлөнгийн байцаагчаар ажиллахыг хориглоно.

4.Хөндлөнгийн байцаагч нь аж ахуйн нэгжийн санхүүгийн баримт бичигтэй танилцах, өөрийн зорилго,үүргийг биелүүлэхтэй холбогдох тайлбар, тодорхойлолтыг аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнаар шаардан гаргуулах эрхтэй.

5.Хөндлөнгийн байцаагч нь бүх гишүүний хуралд оролцож санал дүгнэлтээ сонсгох эрхтэй. /Энэ хэсэгт 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох

Хэвлэх

1/гэрээ, дүрэмд заасан хугацаа дууссан;

2/өөр этгээдэд эрхээ шилжүүлэхгүйгээр тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн;

3/шүүхийн шийдвэрээр;

4/хуульд заасан бусад үндэслэлээр.

6 дугаар зүйл.Эцсийн тооцоо хийх, аж ахуйн нэгжийг татан буулгах

Хэвлэх

1.Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж нь эцсийн тооцоо хийнэ. Гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5 дугаар зүйлийн З-т зааснаас бусад тохиолдолд түүнийг тухайн аж ахуйн нэгжийн удирдлага гүйцэтгэнэ.

2.Эцсийн тооцоо хийж байгаа этгээд нь:

1/энэ тухай банк болон сонирхогч этгээдэд мэдэгдэнэ;

2/дуусгалтын тайлан тэнцлийг гаргаж, бүх гишүүний хурлаар хэлэлцүүлж батлуулна;

3/эцсийн тооцоо хийж дууссаныг бүртгэх байгууллагад мэдэгдэж, тухайн аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасуулах тухай хүсэлт гаргана.

3.Эцсийн тооцоо хийж байгаа этгээд, тухайн аж ахуйн нэгжийн гишүүний хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэнэ.

4.Аж ахуйн нэгжийн эцсийн тооцоог хийхдээ түүний өр төлбөрийг бүрэн төлсний дараа юуны өмнө гишүүний хувь хөрөнгийг биет байдлаар эгүүлэн өгөх буюу үнийг төлж, үлдсэн эд хөрөнгийг гишүүдээс оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүү хэмжээгээр хуваана. Хэрэв гишүүний хувь хөрөнгийг бүрэн хэмжээгээр олгох боломжгүй байвал үлдсэн эд хөрөнгийг гишүүдийн хувь хөрөнгөтэй хувь тэнцүү хэмжээгээр хуваана.

5.Аж ахуйн нэгж бүртгэгдсэн өдрөөсөө хойш 1 жил 6 сарын дотор гэрээ, дүрэмд заасан эрхлэх ажлаа эхлээгүй бол түүнийг улсын бүртгэлээс хасна.

6.Үйл ажиллагаа нь зогсоон аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хассанаар тухайн аж ахуйн нэгжийг татан буугдсанд тооцож, энэ тухай бүртгэх байгуулага нийтэд мэдээлнэ.

7 дугаар зүйл.Бусад заалт

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж гадаад худалдааны үйл ажиллагаа бие даан явуулах эрхтэй.

2.Аж ахуйн нэгж нь банк, санхүү, статискийн байгууллагад тэдгээрээс тогтолосон журмын дагуу мэдээ, тайлангаа үнэн зөв, тогтмол мэдээлж байх үүрэгтэй.

3.Хувьцаат компани үйл ажиллагааныхаа үр дүнг Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол жилд 1 удаа хэвлэн нийтлүүлж байх үүрэгтэй.

71дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол бүртгэх байгууллага олсон орлогыг хурааж 500-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй буюу гэрээ, дүрэмд зохих нэмэлт, өөрчлөлт хийж улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр тэдгээрт зааснаас өөр төрлийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол аж ахуйн нэгжийн гэм буруутай албан тушаалтанд бүртгэх байгууллага 500-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

3.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн З, 28 дугаар зүйлийн 1, З, З6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасан журмыг зөрчсөн бол бүртгэх байгууллага 1000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

/Энэ зүйлийг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өлдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хувиараа эрхлэх аж ахуй

8 дугаар зүйл. Хувиараа эрхлэх аж ахуйн тухай ойлголт

Хэвлэх

1.Иргэн хувийн өмчдөө тулгуурлан мөнгөн орлогын байнгын эх үүсвэртэй байхын тулд үйлдвэрлэл, үйлчилгээг хоршоо, компанийн хэлбэрээр бус дангаараа тогтвортой эрхэлж үйл ажиллагаатайгаа холбогдон үүсэх үүргийг эд хөрөнгөөрөө хариуцах аж ахуйн нэгжийг хувиараа эрхлэх аж ахуй гэнэ.

2.Энэхүү аж ахуй эрхэлж байгаа иргэн хувьцаат компаниас бусад аж ахуйн нэгжийн гишүүн болон хувьцаат компанийн үүсгэн байгуулагч байхыг хориглоно.

9 дүгээр зүйл.Хувиараа эрхлэх аж ахуйг бүртгэх

Хэвлэх

1.Иргэн хувиараа эрхлэх аж ахуйг бүртгүүлэх тухай өргөдлөө бүртгэх байгууллагад гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Өргөдөлд дор дурдсан зүйлийг заавал тусгана: /Энэ хэсэгт 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

1/нэр, хаяг, регистрийн дугаар;

2/аж ахуйн нэгжийнх нь хувьд оноосон нэр, хаяг, орших газар;

3/эрхлэх ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл. /Энэ заалтад 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

2.Өргөдөл хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хувиараа эрхлэх аж ахуйг улсын бүртгэлд авна.

3.Өргөдөлд дурдсан зүйлд өөрчлөлт орох тохиолдолд энэ тухай 7 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хоршоо

10 дугаар зүйл.Хоршооны тухай ойлголт

Хэвлэх

1.Хоршоог бүрэн болон бүрэн бус хариуцлагатай гэж ангилна.

2.Иргэд эд хөрөнгөө нэгтгэж, хөдөлмөрөө хорших замаар аж ахуй эрхэлж, түүнтэй холбогдон үүсэх үүргийг гишүүн нь хоршооны эд хөрөнгө болон өөрийн эд хөрөнгөөр хамтран хариуцах аж ахуйн нэгжийг бүрэн хариуцлагатай хоршоо гэнэ.

3.Иргэд эд хөрөнгөө нэгтгэн аж ахуй эрхэлж, түүнтэй холбогдон үүсэх үүргийг наад зах нь нэг гишүүн өөрийн бүх эд хөрөнгөөр /бүрэн/, бусад гишүүн нь зөвхөн оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр /бүрэн бус/ хариуцлага хүлээх аж ахуйн нэгжийг бүрэн бус хариуцлагатай хоршоо гэнэ.

11 дүгээр зүйл.Бүрэн хариуцлагатай хоршоо байгуулах, бүртгэх

Хэвлэх

1.Иргэд хоршоог энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу болвсруулсан гэрээ, дүрмийн үндсэн дээр байгуулна.

2.Хоршооны гишүүн нь хувьцаат компаниас бусад аж ахуйн нэгжийн гишүүн болон хувьцаат компанийн үүсгэн байгуулагч байхыг хориглоно.

3.Гишүүд хоршоог бүртгүүлэх тухай өргөдлөө татварын улсын албанд хамтран гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Өргөдөл хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хоршоог улсын бүртгэлд авна.

4.Гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь хоршоог татан буулгах үндэслэл болно.

12 дугаар зүйл.Бүрэн хариуцлагатай хоршооны эд хөрөнгө

Хэвлэх

1.Хоршоонд гишүүдээс оруулсан хувь хөрөнгө, үйл ажиллагааных нь явцад шинээр бий болсон эд хөрөнгө тухайн хоршооны эд хөрөнгө байна. Түүнчлэн гишүүнээс тодорхой хугацаагаар хоршоонд ашиглуулахаар гэрээ байгуулан шилжүүлсэн биет зүйлс нь хоршооны эд хөрөнгөд хамаарна.

2.Хоршооны эд хөрөнгийг гишүүд дундаа хамтран өмчилнө.

13 дугаар зүйл.Бүрэн хариуцлагатай хоршооны гишүүний эрх, үүрэг

Хэвлэх

1.Гишүүн нь хоршоог төлөөлж, хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцож, оруулсан хувь хөрөнгөтэйгээ хувь тэнцүү хэмжээгээр ашиг хувааж, алдагдлыг хариуцна.

2.Гишүүн нь хоршооны үйл ажиллагаатай холбогдсон гэрээ, хэлцэл хийхдээ бусад бүх гишүүний зөвшөөрлийг авна.

3.Оруулсан эд хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр саналын адил эрхтэй байна.

4.Хоршооны үйл ажиллагаа зогссон тохиолдолд тухайн гишүүн хоршоонд оруулсан эд хөрөнгөө биет байдлаар эгүүлэн авах эрхтэй. Хэрэв тухайн эд хөрөнгийг биет байдлаар эгүүлэн өгөх бололцоогүй бол түүний үнийг мөнгөөр төлж болно.

14 дүгээр зүйл. Бүрэн хариуцлагатай хоршооны удирдлага

Хэвлэх

1.Хоршоог аль ч гишүүн удирдах эрхтэй. Хоршооны удирдах эрхийг нэг буюу хэд хэдэн гишүүнд эдлүүлэхээр гэрээнд зааж болно. Энэ тохиолдолд бусад гишүүн хоршоог удирдах эрх эдлэхгүй.

2.Удирдах эрх эдэлж байгаа гишүүн итгэмжлэлгүйгээр, бусад гишүүн итгэмжлэлтэйгээр хоршоог төлөөлнө.

3.Удирдах эрх эдэлж байгаа гишүүнийг үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл гишүүд түүнийг уул үүргээс чөлөөлж болно.

4.Хоршооны удирдлага гишүүдэд үйл ажиллагааныхаа талаар тогтмол мэдээлж байх үүрэгтэй.

15 дугаар зүйл.Бүрэн хариуцлагатай хоршооны хариуцлага

Хэвлэх

1.Хоршоо үйл ажиллагаатайгаа холбогдон үүсэх үүргийг өөрийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна. Хэрэв хоршооны эд хөрөнгө нь тухайн үүрэгтэй холбоотой өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй байвал гишүүд өөрсдийн эд хөрөнгөөр хамтран төлнө. Энэ талаар гэрээ, дүрэмд ямар нэг хөнгөлөлт, хязгаарлалт заахыг хориглоно.

2.Шүүх хоршооноос өр төлбөр гаргуулах тухай маргааныг хянаж шийдвэрлэхдээ түүний бүх гишүүнийг заавал байлцуулахыг шаардахгүй. Харин гишүүний эд хөрөнгөөс өр төлбөр гаргуулах тухай хянан шийдвэрлэхдээ тухайн гишүүнийг заавал байлцуулна.

16 дугаар зүйл. Бүрэн бус хариуцлагатай хоршоо байгуулах, бүртгэх

Хэвлэх

1.Хоршоог иргэд энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу боловсруулсан гэрээ, дүрмийн үндсэн дээр байгуулна. Гэрээ, дүрэмд энэ хуулийн З дугаар зүйлд зааснаас гадна гишүүнийг бүрэн буюу бүрэн бус хариуцлага хүлээх байдлаар нь ялгаж заана.

2.Хоршоог бүртгүүлэх тухай өргөдлөө бүрэн хариуцлагатай бүх гишүүн татварын улсын албанд хамтран гаргана. Өргөдөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хоршоог улсын бүртгэлд авч энэ тухай нийтэд мэдээлэхдээ бүрэн бус хариуцлагатай гишүүний тоо, түүний оруулсан хувь хөрөнгийн хэмжээг заана.

17 дугаар зүйл.Бүрэн бус хариуцлагатай хоршооны эд хөрөнгө

Хэвлэх

Хоршоонд гишүүдээс оруулсан хувь хөрөнгө, үйл ажилагааных нь явцад шинээр бий болсон эд хөрөнгө тухайн хоршооны эд хөрөнгө байна.

/Энэ зүйлд 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18 дугаар зүйл.Бүрэн бус хариуцлагатай хоршооны гишүүний эрх, үүрэг

Хэвлэх

1.Хоршооны үйл ажиллагаанд бүрэн хариуцлагатай гишүүн заавал биечлэн оролцоно. Бүрэн бус хариуцлагатай гишүүн хоршооны үйл ажиллагаанд оролцож болно.

2.Бүрэн бус хариуцлагатай гишүүн нь хоршоог удирдах, төлөөлөх эрхгүй. Энэ тухай гэрээ, дүрэмд өөрөөр заасан байвал уул гэрээ, дүрмийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

3.Хэрэв бүрэн бус хариуцлагатай гишүүн нь хоршооны бусад гишүүнтэй тохиролцсоны үндсэн дээр оруулсан эд хөрөнгийнхөө хэмжээг багасгасан бол энэ тухай улсын бүртгэлд бүртгэх хүртэлх хугацаанд үүссэн үүргийг анх оруулсан эд хөрөнгийнхөө хэмжээгээр хүлээнэ.

4.Бүрэн бус хариуцлагатай гишүүн хоршооны үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, бичиг баримттай биечлэн танилцах эрхтэй.

5.Гэрээ, дүрэмд өөрөөр заагаагүй бол оруулсан хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамаарч гишүүн бүр санал өгөх адил эрхтэй байна.

6.Гишүүн хоршоонд оруулсан хувь хөрөнгөтэйгээ хувь тэнцүүлсэн хэмжээгээр ашиг хувааж, алдагдлыг хариуцна.

7.Бүрэн бус хариуцлагатай гишүүн хувь хөрөнгө эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхтэй.

8.Хоршооноос гарсан гишүүн өөрт ногдох хувь хөрөнгө, гэрээгээр ашиглуулахаар шилжүүлсэн биет зүйлсээ эсхүл түүний үнийг эгүүлэн авах эрхтэй.

9.Хоршооны гишүүн нь бусад гишүүний зөвшөөрсний дагуу хариуцлагын хэлбэрээ өөрчилж болох бөгөөд энэ тухай бүртгэх байгууллагад заавал мэдэгдэнэ.

19 дүгээр зүйл. Бүрэн бус хариуцлагатай хоршооны удирдлага

Хэвлэх

1.Хоршооны удирдлагыг бүрэн хариуцлагатай гишүүнээс сонгоно. Хоршооны удирдлагад нэг буюу хэд хэдэн гишүүн байж болно.

2.Удирдах эрх эдэлж байгаа гишүүдийн хооронд саналын зөрүү гарвал уул асуудлыг бүх гишүүн хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.Дор дурдсан асуудлыг гишүүд санал нэгтэй шийдвэрлэнэ:

1/гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

2/хоршооны эрхлэх ажилд үл хамаарах асуудал.

4.Гэрээ/ дүрэмд өөрөөр заагаагүй бол дор дурдсан асуудлыг хуралд оролцож байгаа гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ:

1/хоршооны удирдлагыг сонгох, чөлөөлөх;

2/хоршооны гишүүнээр элсүүлэх, гишүүнийг хасах;

3/гэрээнд заасан бусад асуудал.

5.Хоршооны удирдлага үйл ажиллагааныхаа талаар гишүүдэд тогтмол мэдээлж байх үүрэгтэй.

20 дугаар зүйл.Бүрэн бус хариуцлагатай хоршооны хариуцлага

Хэвлэх

1.Хоршоо үйл ажиллагаатайгаа холбогдон үүсэх үүргийг өөрийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна. Хэрэв хоршооны эд хөрөнгө нь тухайн үүрэгтэй холбоотой өр төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол бүрэн хариуцлагатай гишүүн өөрийн эд хөрөнгөөр төлнө. Энэ талаар гэрээ, дүрэмд ямар нэг хөнгөлөлт, хязгаарлалт заахыг хориглоно.

2.Шүүх хоршооноос өр төлбөр гаргуулах тухай маргааныг хянаж шийдвэрлэхдээ түүний бүх гишүүнийг заавал байлцуулахыг шаардахгүй. Харин бүрэн хариуцлагатай гишүүний эд хөрөнгөөс өр төлбөр гаргуулах тухай хянан шийдвэрлэхдээ тухайн гишүүнийг заавал байлцуулна.

21 дүгээр зүйл.Бүрэн бус хариуцлагатай хоршооноос гарах, гишүүнийг хасах

Хэвлэх

1/гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй;

2/бүрэн хариуцлагатай гишүүн хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй болсон;

3/нас барсан буюу сураггүй алга болсонд тооцогдсон.

22 дугаар зүйл. Бүрэн бус хариуцлагатай хоршооны үйл ажиллагааг зогсоох

Хэвлэх

1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хоршооны үйл ажиллагааг зогсооно.

2.Бүрэн бус хариуцлагатай гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нь хоршооны үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй.

3.Бүрэн хариуцлагатай бүх гишүүн хоршооноос гарвал түүний үйл ажиллагааг зогсоож татан буулгана.

4.Хоршоог татан буулгахад бүрэн бус хариуцлагатай гишүүн нь оруулсан хувь хөрөнгөө бүрэн хариуцлагатай гишүүнээс тэргүүн ээлжинд эгүүлэн авах давуу эрхтэй.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Компани

23 дугаар зүйл.Компанийн тухай ойлголт

Хэвлэх

1.Гишүүдийн хувь хөрөнгөөс бүрдэх дүрмийн сантай, өөртөө гишүүдээс тусгайлан өмчилсөн эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ эд хөрөнгөөрөө хариуцдаг, гишүүн нь компанийн хүлээсэн үүргийн талаар хариуцлага хүлээдэггүй аж ахуйн нэгжийг компани гэнэ.

2.Тодорхой тоо хэмжээ, нэг бүрийн тэнцүү үнэлгээ бүхий ногдол хувьд хуваагдах дүрмийн сантай, гишүүн нь зөвхөн оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээхээр гэрээнд заасан компанийг бүрэн бус хариуцлагатай компани гэнэ. Түүний оноосон нэрийн ард "ББХК" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.

3.Нэг бүрийн нэрлэсэн үнэ бүхий тодорхой тоо хэмжээний хувьцаанаас бүрдсэн дүрмийн сантай, хувьцаа эзэмшигч нь захиалсан хувьцааныхаа нийт үнийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг компанийг хувьцаат компани гэнэ. Түүний оноосон нэрийн ард "ХК" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ.

24 дүгээр зүйл. Бүрэн бус хариуцлагатай компани байгуулах, бүртгэх

Хэвлэх

1.Компанийг энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу гэрээ, дүрмийн үндсэн дээр байгуулна.

2.Компани байгуулах тухай гэрээнд энэ хуулийн З дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/дүрмийн сагийн хэмжээ, түүнд гишүүнээс оруулсан хувь хөрөнгийн хэмжээ;

2/гишүүнээс дүрмийн санд мөнгөн хэлбэрээр оруулах хувь хөрөнгөө гүйцэд оруулаагүй бол түүнийг гүйцээн оруулах хугацаа, хүлээлгэх хариуцлага;

3/санал хураах болон санал тэнцсэн үед шийдвэр гаргах журам;

4/компанийн удирдлага компанийг төлөөлөх журам;

5/хяналтын зөвлөл байгуулах шаардлагатай гэж үзвэл уул зөвлөл, түүний гишүүний эрх, үүрэг, бүрэн эрхийн хугацаа, гишүүнийг сонгох журам.

3.Ганц гишүүнтэй компани багуулахад ийм компани байгуулах тухай баримт үйлдэнэ. Уул баримтыг үйлдэхэд энэ хуулийн З дугаар зүйлийн заалтыг үндэс болгоно.

4.Бүрэн бус хариуцлагатай компанийн дүрмийн сан нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэнэ. Дүрмийн сангийн хэмжээ 500 мянган төгрөгөөс доош байхыг хориглоно.

5.Дүрмийн санг бүрдүүлэхэд гишүүдээс миөнгөн хэлбэрээр оруулах хувь хөрөнгийн хэмжээ нь дүрмийн сангийн З0 хувиас багагүй байна. Гэхдээ түүний хэмжээ 200 мянган төгрөгөөс доошгүй байна.

6.Компанийн үүсгэн байгуулагч компанийг бүртгүүлэх тухай өргөдлөө татварын улсын албанд гаргана. Өргөдөл хүлэн авснаас хойш 21 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд авна.

7.Дүрмийн санд гишүүдээс мөнгөн хэлбэрээр оруулах хувь хөрөнгийн тал хувь, биет зүйлсээр оруулах хувь хөрөнгө компанийн мэдэлд бүрэн шилжсэн, ганц гишүүнтэй компанийн гишүүн дүрмийн сангаа бүрдүүлсэн нөхцөлд компанийг бүртгэнэ.

25 дугаар зүйл.Бүрэн бус хариуцлагатай компанийн гишүүний эрх, үүрэг

Хэвлэх

1.Дүрмийн санд оруулах хувь хөрөнгөө гишүүн нь компанийн мэдэлд бүрэн шилжүүлэх үүрэгтэй.

2.Гишүүнийг хувь хөрөнгөө нийлүүлэхээс чөлөөлөх, түүнчлэн хувь хөрөнгөө нийлүүээгүй байхад нь нийлүүлсэнд тооцохыг хориглоно. Энэ талаар гэрээнд өөрөөр зааж болохгүй.

3.Дүрмийн санд мөнгөн болон биет зүйлсээр оруулах хувь хөрөнгөө гишүүн гэрээнд заасан хугацаанд оруулаагүй нөхцөлд хүлээлгэх хариуцлагыг гэрээнд тусгана.

4.Гишүүн дүрмийн санд хувь хөрөнгө оруулахаас гадна нэмэлт ажил гүйцэтгэх, үйлчилгээ хийх үүрэг хүлээж болно.

5.Гишүүн дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр ногдол хувь эзэмших эрхтэй. Ногдол хувь нь гишүүний санал, ногдол ашиг авах эрхийг тодорхойлох бөгөөд гишүүнд ногдол хувь эзэмших эрхийн гэрчилгээ олгоно.

6.Ногдол хувь эзэмших эрхийг тухайн компанийн гишүүд өөр хоорондоо шилжүүлж болно. Ногдол хувь эзэмших эрхээ компанийн гишүүн бус этгээдэд зөвхөн бусад гишүүнтэй зөвшөөрөлцсөний үндсэн дээр шилжүүлж болно.

7.Ногдол хувь эзэмших эрхийг тухайн компанийн гишүүн тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй.

8.Санал хураалтад нэг ногдол хувь тутамд нэг саналын эрх ногдоно.

9.Ногдол хувь эзэмших эрх авсан этгээд түүний эзэмшигч болсон тухайгаа болон тухайн компанийн гэрээ, дүрмийг хүлээн зөвшөөрч байгаагаа компанид бичгээр мэдэгдэнэ.

10.Компаниас гарсан гишүүн оруулсан хувь хөрөнгийн үнийг эгүүлэн авах эрхтэй.

11.Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгахаас бусад тохиолдолд гишүүн нь дүрмийн санд оруулсан биет зүйлсийг эгүүлэн олгохыг шаардах эрхгүй. Энэ тухай гэрээнд өөрөөр заахыг хориглоно.

26 дугаар зүйл.Бүрэн бус хариуцлагатай компанийн удирдлага, бүх гишүүний хурал

Хэвлэх

1.Компанийн эрх барих байгууллага нь бүх гишүүний хурал бөгөөд чөлөө цагт нь түүний бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ.

Компанийн үйл ажиллагааны цар хүрээ, онцлогоос шалтгаалж төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулахгүйгээр түүний бүрэн эрхийг Ерөнхий захирал хэрэгжүүлж болно. /Энэ хэсгийг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Бүх гишүүний хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ. Дор дурдсан асуудлыг заавал бүх гишүүний хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

1/тайлан тэнцэл, ашиг хуваарилах;

2/гишүүнээс нэмэлт хөрөнгө гаргуулах, эгүүлэн олгох;

3/гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох;

4/төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүн, Ерөнхий захирлыг сонгох, чөлөөлөх, тэдгээрт олгох цалин хөлс, урамшууллыг тогтоох; /Энэ заалтыг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5/Энэ заалтыг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хассан.

6/компанийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, салгах, тусгаарлах/, үйл ажиллагааг нь зогсоох;

7/гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

8/гэрээнд заасан бусад зүйл.

3.Нэг гишүүнтэй компанийг үүсгэн байгуулагч нь бүх гишүүний хурлын эрхийг эдэлнэ.

4.Компанийн аль нэг гишүүн нь өөрийн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр бүх гишүүний хуралд оролцуулж болно. Төлөөлөх тухай итгэмжлэл нь зөвхөн тухайн хуралд хүчинтэй. Төлөөлөх тухай итгэмжлэлийг төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлнэ. Бүх гишүүний хурал хойшилсон тохиолдолд тухайн итгэмжлэл хүчинтэй хэвээр байна.

Ерөнхий захирал, төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүн компанийн гишүүнийг төлөөлөх эрхгүй. /Энэ хэсэгт 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

5.Бүх гишүүний хурлыг төлөөлөн удирдах зөвлөл зарлан хуралдуулах бөгөөд хурлаар хэлэлцэх асуудлыг холбогдох танилцуулгын хамт хурал эхлэх өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө гишүүн бүрт хүргэнэ.

Хууль тогтоомж болон гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх гишүүний хурлаар хэлэлцсэн асуудлыг саналын олонхиор шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Бүх гишүүний хуралд компанийн дүрмийн сангийн 50-иас дээш хувийг эзэмшигчид оролцож байвал хурлыг хүчин төгөлдөр гэж тооцох боловч хэлэлцэх асуудлын төрөл, компанийн гишүүдийн тоо зэргийг харгалзан компанийн дүрэмд өөрөөр тогтоож болно. Ингэхдээ тайлан тэнцэл батлах, ашиг хуваарилах, компанийн удирдлагыг сонгох, компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг хэлэлцэх хурлыг компанийн дүрмийн сангийн 50-иас доош хувийг эзэмшигчдийн ирцтэй хийхээр дүрэмд зааж болохгүй.

Бүх гишүүний хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга удирдах бөгөөд түүний эзгүйд хурлыг удирдах хүнийг дүрэмд заана. /Энэ хэсгийг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Бүх гишүүний хуралд асуудал хэлэлцүүлэхээр компанийн гишүүн бүр санал оруулах эрхтэй.

8.Хэлэлцэхээр товлоогүй асуудлыг зөвхөн хуралд оролцож байгаа гишүүдийн зөвшөөрснөөр хэлэлцэж болно. /Энэ хэсэгт 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

9.Дүрмийн сангийн аравны нэгээс доошгүй хэсгийг оруулсан гишүүн зорилго, шалтгаанаа зааж бүх гишүүний хурал хуралдуулах тухай хүсэлтээ /бичгээр/ төлөөлөн удирдах зөвлөлд хэдийд ч гаргах эрхтэй. Төлөөлөн удирдах зөвлөлд 7 хоногийн дотор хариу өгөөгүй буюу шийдвэр гаргах эрх бүхий этгээд эзгүй байвал хүсэлт гаргасан гишүүн бүх гишүүний хурлыг зарлан хуралдуулж болно. /Энэ хэсэгт 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

10.Гишүүд нь хуралдахгүйгээр шийдвэр гаргаж болно. Ийм шийдвэрийн төслийг гишүүдэд бичгээр мэдэгдэх бөгөөд гишүүд төсөлд мөн бичгээр санал өгнө. Гишүүдээс ирүүлсэн саналын дүн, гаргасан шийдвэр болон түүний хугацааг төлөөлөн удирдах зөвлөл хамгийн сүүлийн санал хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гишүүдэд бичгээр мэдэгдэнэ. Хэрэв аль нэг гишүүн уг асуудлыг хурлаар хэлэлцэхийг шаардвал бүх гишүүний хурлыг хуралдуулна. /Энэ хэсэгт 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

11.Бүх гишүүний хурлаас гаргасан шийдвэрийн бүртгэлийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл хөтөлнө. Ганц гишүүнтэй компанийн шийдвэрийн бүртгэлийг үүсгэн байгуулагч нь компанийг удирддаггүй тохиолдолд хөтөлнө. /Энэ хэсэгт 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

12.Бүх гишүүний хурал нь Ерөнхий захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг саналын дийлэнх олонхиор шийдвэрлэнэ.

Төлөөлөн удирдах зөвлөлийг түүний гишүүдийн дотроос сонгосон дарга толгойлно. Ерөнхий захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, даргыг сонгох хугацаа, журам, зөвлөлийн гишүүний тоог дүрэмд заана. /Энэ хэсгийг 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.Ерөнхий захирал дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

1/компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тогтмол мэдээлнэ; /Энэ заалтыг 199З оны 7 дугаар сарын 5- ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/бүх гишүүний хуралд ажлаа хариуцан тайлагнана;

3/компанийг төлөөлж харилцана. Гэхдээ тодорхой асуудлаар Ерөнхий захирлын төлөөлөх эрхийг хязгаарлах тухай гэрээнд тусгаж болно;

4/тухайн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчидтай компанийг төлөөлөн гэрээ байгуулна;

5/бүрэн эрхийнхээ асуудлаар тушаал гаргана. Ерөнхий захирал төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөн шийдвэрлэх асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол бүх гишүүний хурлаас тогтооно; /Энэ заалтыг 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6/тайлан тэнцэл болон компанийн эд хөрөнгийн талаарх мэдээ, тайланг хариуцаж, бүх гишүүний хурлаар хэлэлцүүлэхийн хамт компанийн үйл ажиллагааны талаар гишүүдэд мэдээлэх, санхүүгийн болон бусад бичиг баримттай танилцах боломж тэдэнд олгоно;

7/компаниас гаргасан мэдээ, мэдээллийн үнэн зөвийг хариуцна;

8/шаардлагатай бол бүх гишүүний хурлыг зарлан хуралдуулах. /Энэ заалтыг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.Ерөнхий захирал хувийн эрх ашгийн үүднээс компанийн нэрийг ашиглан гэрээ/ хэлцэл хийхийг хориглоно. Түүнчлэн бүх гишүүний хурлын зөвшөөрөлгүйгээр өөр аж ахуйн нэгжийн удирдлагад байхыг хориглоно. /Энэ хэсэгт 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

15.Ерөнхий захирлыг чөлөөлсөн, мөн компанийг төлөөлөх эрх бүхий этгээд өөрчлөгдсөн тохиолдолд компанийн шинээр сонгогдсон удирдлага энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх бөгөөд бүртгэх байгууллага нь нийтэд мэдээлнэ.

16.Ерөнхий захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн хооронд санал зөрвөл Ерөнхий захирал нь төлөөлөх удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсгийг 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн./

261дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл

Хэвлэх

1.Төлөөлөн удирдах зөвлөл дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/компанийн эдийн засаг, технологийн бодлого, хэтийн төлөв, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох;

2/компанийн аппаратын зохион байгуулалтын бүтэц, цалингийн сан, урамшууллын журмыг тогтоох;

3/компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаархи Ерөнхий захирлын эрх хэмжээг тогтоох;

4/компанийн гишүүдийн бүртгэлийг хөтлөх /бүртгэлд гишүүний тоо, нэр, хаяг, дүрмийн санд оруулсан хувь хөрөнгө, нэмэлт ажил гүйцэтгэх, үйлчилгээ хийх тухай гишүүний хүлээсэн үүрэг зэргийг бичнэ/ бүртгэлд орсон өөрчлөлтийн талаар бүртгэх байгууллагад мэдээлэх;

5/бүх гишүүний хурлыг зарлан хуралдуулах;

6/компанийн тайлан тэнцэл, ашиг хуваарилалт, дүрмийн сангийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх, эдгээр асуудлаар бүх гишүүний хуралд дүгнэлт гаргах;

7/дүрэмд заасан бусад бүрэн эрх.

2.Төлөөлөн удирдах зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлыг хурлаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд зөвлөлийн дарга гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарна.

3.Төлөөлөн удирдах зөвлөл ажлаа бүх гишүүний хуралд хариуцан тайлагнана.

4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн орон гарсан бол түүний бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр бүх гишүүний дараагийн хурал хүртэлх хугацаанд өөр этгээдэд шилжүүлж болно.

5.Ганц гишүүнтэй компанийн үүсгэн байгуулагч нь төлөөлөн удирдах зөвлөлийн холбогдох бүрэн эрхийг хэрэгжүүлж болно.

/Энэ зүйлийг 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн./

27 дугаар зүйл.Бүрэн бус хариуцлагатай компанийн хяналтын зөвлөл

Хэвлэх

1.Компани нь гишүүний тоо, эрхлэх ажлын шинж чанараас хамаарч З-аас доошгүй гишүүнтэй хяналтын зөвлөлийг компанийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор сонгон ажиллуулж болно. Харин дүрмийн сангийн хэмжээ 10 сая төгрөгөөс дээш буюу гишүүний тоо 50-иас дээш байвал хяналтын зөвлөлийг заавал сонгон ажиллуулна.

2.Бүх гишүүний хурлаас хяналтын зөвлөлийг сонгоно. Тухайн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгохыг хориглоно.

3.Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг бүх гишүүний дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүний хурлыг хяналтын зөвлөл зарлан хуралдуулах эрхтэй.

5.Ерөнхий захирлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэртэй холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд хяналтын зөвлөлөөс томилсон хяналтын зөвлөлийн гишүүн нь тухайн компанийг төлөөлөн оролцож болно. /Энэ хэсгийг 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Компанийн удирдлага буруу шийдвэр гаргасны улмаас хохирол учирвал түүнд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.Хяналтын зөвлөлийн гишүүнд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 14-т заасан заалт нэг адил хамаарна.

28 дугаар зүйл. Бүрэн бус хариуцлагатай компанийн дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх

Хэвлэх

1.Бүх гишүүний хурлын шийдвэрийн дагуу дүрмийн сангийн хэмжээг өөрчилж болно. Гэхдээ гишүүд гэрээнд заасан хувь хөрөнгөө дүрмийн санд бүрэн гүйцэд оруулсан нөхцөлд дүрмийн санг нэмэгдүүлнэ. Дүрмийн санг өөрчлөх тухай шийдэр гарснаас хойш 14 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэх бөгөөд энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.

2.Дүрмийн санг нэмэгдүүлэх тухай шийдвэрийг дор дурдсан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэнэ:

1/дүрмийн санд мөнгөн хэлбэрээр нэмж оруулах хувь хөрөнгийн 50-иас доошгүй хувийг оруулсан;

2/биет зүйлсээр нэмж оруулах хувь хөрөнгийг компанийн мэдэлд бүрэн шилжүүлсэн.

3.Дүрмийн санг хорогдуулах тухай шийдвэр гарч энэ тухай бүртгүүлэхээр мэдэгдэж нийтэд мэдээлснээс хойш 90 хоногийн дотор харилцагч талын гомдлын шаардлагыг барагдуулсан, тэдгээрийн өр төлбөрийг төлөх талаар баталгаа гаргасан нөхцөлд улсын бүртгэлд бүртгэнэ.

4.Дүрмийн санг өөрчилсөн тухай шийдвэрийг улсын бүртгэлд авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр гэж үзнэ.

29 дүгээр зүйл. Бүрэн бус хариуцлагатай компаниас гишүүнийг хасах

Хэвлэх

1.Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гишүүнийг компаниас хасч болно.

2.Гишүүнээс хасах шалтгааныг тухайн гишүүнд мэдэгдэх ёстой. Гишүүнээс хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд тухайн гишүүн санал өгөх эрхтэй.

3.Хасагдсан гишүүн хасах тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн шийдвэр авснаас хойш З0 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.

30 дугаар зүйл. Бүрэн бус хариуцлагатай компаниас гишүүн гарах

Хэвлэх

1.Компаниас гишүүнийг хассан буюу гишүүнээс өөрөө татгалзсан нь компаниас гишүүн гарах үндэслэл болно.

2.Гишүүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд өв залгамжлагч, гишүүн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд эрх залгамжлагч ногдол хувь эзэмших эрхийг нь тус тус эзэмшиж болно.

31 дүгээр зүйл. Хувьцаат компанийг байгуулах, бүртгэх

Хэвлэх

1.Хувьцаат компанийг үүсгэн байгуулагчийн төслийн үндсэн дээр байгуулна. Компани нь ганц үүсгэн байгуулагчтай байж болно.

2.Хувьцаат компанийг байгуулахад захиалагчдаас мөнгөн хэлбэрээр оруулах хувь хөрөнгийн хэмжээ дүрмийн сангийн 30 хувиас багагүй байна. Гэхдээ түүний хэмжээ 2 сая төгрөгөөс доошгүй байна. Хувьцааны захиалга авах замаар компанийн дүрмийн санг бүрдүүлнэ.

3.Хувьцаа захиалах эрх зүйн үндэслэл нь төсөл байна. Төсөлд дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/компанийн оноосон нэр, хаяг, орших газар, харьяалал, эрхлэх ажил, ажиллах хугацаа;

2/дүрмийн сангийн төлөвлөсөн хэмжээ /5 сая төгрөгөөс доошгүй/;

3/хувьцааны тоо хэмжээ, нэрлэсэн үнэ;

4/захиалга эхлэх, дуусах хугацаа;

5/үүсгэн байгуулагчийн эдлэх давуу эрх;

6/дүрмийн санд биет зүйлсээр оруулах хувь хөрөнгө, түүний үнэ;

7/төлөвлөсөн хувьцааны хэмжээнээс хэтэрсэн захиалгыг хэрхэн шийдвэрлэх;

8/зохион байгуулах хурал хуралдуулах журам.

4.Захиалгын хуудсанд захиалагч этгээд өөрөө буюу түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байвал хувьцааны захиалга хийгдсэнд тооцно.

5.Хувьцааны захиалгыг хүлээн авах хугацаа дууссанаас хойш З0 хоногийн дотор зохион байгуулах хурлыг үүсгэн байгуулагч зарлан хуралдуулна.

6.Зохион байгуулах хурал дор дурдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

1/хувьцаа захиалгын үр дүнг гаргаж дүрмийн сангийн З0-аас доошгүй хувь бүрдсэн эсэхийг тогтоох;

2/компани байгуулсан тухай шийдвэр гаргах;

4/биет зүйлсээр оруулах хувь хөрөнгийг үнэлсэн тухай шийдвэр гаргах, түүнийг компанийн мэдэлд шилжүүлэх хугацаа тогтоох;

5/компанийн удирдлагыг сонгох.

7.Дор дурдсан шаардлага хангагдсан нөхцөлд компанийг бүртгүүлэх тухай өргөдлийг уул компанийн удирдлага татварын улсын албанд гаргана:

1/зохион байгуулах хурлыг зохих журмын дагуу хуралдуулсан;

2/хувьцааг дүрмийн сангийн хэмжээгээр захиалагчид нь бүрэн захиалсан;

3/захиалагчид дүрмийн сангийн З0-аас доошгүй хувийг бүрдүүлсэн;

4/бусад.

8.Өргөдөл хүлээн авснаас хойш З0 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд авна.

32 дугаар зүйл. Хувьцаат компанийн дүрэм

Хэвлэх

1.Компанийн дүрэмд энэ хуулийн З дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/дүрмийн сангийн хэмжээ, хувьцааны төлбөрийн нөхцөл;

2/хувьцааны тоо хэмжээ, нэрлэсэн үнэ, төрөл;

3/компанийн эрх барих дээд байгууллага, түүнийг хуралдуулах журам, хуралдааны дэг, эрх хэмжээ;

4/компанийн удирдлага, хяналтын зөвлөлийн гишүүний тоо, тэдгээрийг сонгох журам/ бүрэн эрхийн хугацаа;

5/гишүүний эрх, үүрэг;

6/ашиг хуваарилах журам;

7/хувьцааны үнийг хугацаа хожимдуулж төлснөөс үүсэх хохирлыг төлүүлэх журам.

33 дугаар зүйл.Хувьцаа эзэмшигчийн эрх/ үүрэг

Хэвлэх

1.Хувьцаат компанийн гишүүнийг хувьцаа эзэмшигч гэнэ. Төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн төлөөллийг орон нутгийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгжийн хувьд тухайн шатны засаг дарга, улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгжийн хувьд Засгийн газраас эрх олгосон яам, тусгай газар хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 1993 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

1/хувьцааныхаа үнийг компанийг бүртгэснээс хойш нэг жилийн дотор бүрэн төлөх;

2/хувьцааныхаа нэрлэсэн үнийн нийт хэмжээтэй хувь тэнцүүлсэн хэмжээгээр ногдол ашиг компаниас авах;

3/компанийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд түүний өр төлбөрийг бүрэн төлсний дараа үлдсэн хөрөнгөөс хувьцааныхаа нэрлэсэн үнийн нийт хэмжээтэй хувь тэнцүүлсэн хэмжээгээр өөрт ногдох хэсгийг авах. Харин дүрмийн санд биет зүйлсээр оруулсан хувь хөрөнгөө биет зүйлсээр нь эгүүлэн олгохыг шаардах эрхгүй;

4/хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, тайлбар өгөх, санал гаргах;

5/хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдолтой мэдээллийг бичгээр авах. Энэ талаарх хүсэлтэд төлөөлөн удирдах зөвлөл хурал эхлэхээс 7 хоногийн өмнө хариу өгөх үүрэгтэй;

6/хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн төлөөлөх этгээдээр дамжуулан оролцох. Төлөөлөх этгээдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулахад энэ хуулийн 26 дугаар зүйлийн 4-т заасан заалтыг баримтална.

7/хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн буюу төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протокол, Ерөнхий захирлын тушаал, компанийн санхүүгийн тайлантай танилцах эрхтэй. /Энэ заалтыг 1993 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нэг хувьцаанд нэг саналын эрх ногдоно.

34 дүгээр зүйл.Хувьцаат компанийн удирдлага, хувьцаа эзэмшигчдийн хурал

Хэвлэх

1.Компанийн эрх барих байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд чөлөө цагт нь түүний бүрэн эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Дор дурдсан асуудлыг заавал хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:

1/компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

2/дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх;

3/компанийг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох;

4/төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, тэдгээрт олгох цалин хөлс, урамшууллыг тогтоох; /Энэ заалтыг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5/тайлан тэнцэл хэлэлцэх, ашиг хуваарилах.

4.Хувьцаа эзэмшигчдийн хуралд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 6, 7, 9, 10 дахь хэсэг, төлөөлөн удирдах зөвлөлд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 1, 2, З, 4 дэх хэсэг нэгэн адил хамаарна. /Энэ хэсгийг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчид зөвхөн санал нэгтэй зөвшөөрсөн тохиолдолд хурлын хэлэлцэх асуудалд тусгагдаагүй зүйлийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж болно.

6.Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийснээс хойш 14 хоногийн дотор хурлын шийдвэр болон ирцийн бүртгэлийн баталгаат нэг хувийг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ. /Энэ хэсэгт 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.Ерөнхий захирлыг төлөөлөн удирдах зөвлөл сонгоно. /Энэ хэсгийг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.Ерөнхий захирал дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

1/компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнана; /Энэ заалтыг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2/тухайн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчидтай компанийг төлөөлөн гэрээ байгуулна;

3/компанийн тайлан тэнцэл, эд хөрөнгө, ашиг хуваарилах журмын талаар санал боловсруулж төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ;

/Энэ заалтыг 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/Энэ заалтыг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хассан.

5/бүрэн эрхийнхээ асуудлаар тушаал гаргана. /Энэ заалтыг 1993 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.Ерөнхий захирлын эрхийг тодорхой асуудлаар компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр хязгаарлаж болно. Тогтоосон хязгаарлалтыг зөрчсөний улмаас тухайн компанид ямар нэгэн хохирол учруулбал уул хохирлыг Ерөнхий захирал хариуцна.

10.Ерөнхий захиралд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 1З дахь хэсгийн 3, 7 дахь заалт, мөн зүйлийн 14 дэх хэсэг нэгэн адил хамаарна. /Энэ хэсгийг 199З оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35 дугаар зүйл.Хувьцаат компанийн хяналтын зөвлөл

Хэвлэх

1.Хувьцаат компани нь дүрмийн сангийн хэмжээ, гишүүний тоог үл харгалзан З-аас доошгүй гишүүнтэй хяналтын зөвлөлийг заавал ажиллуулна.

2.Хяналтын зөвлөлд энэ хуулийн 27 дугаар зүйлийн заалт нэгэн адил хамаарна.

36 дугаар зүйл.Хувьцаат компанийн дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх

Хэвлэх

1.Дүрмийн сангийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчилнө. Өөрчлөх тухай шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.

2.Хувьцаа захиалагч хувьцаа эзэмшигчдийн хурлаар тогтоосон хувьцааны нэрлэсэн үнийг төлөх замаар шинээр гарсан хувьцааг авна. Гэхдээ захиалга хийх үед хувьцааны нэрлэсэн үнийн 30-аас доошгүй хувийг төлнө.

3.Шинээр гарсан хувьцааг эзэмшигч нь компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн тухайн жилийн ашиг хуваарилахад оролцох эрхтэй.

4.Дүрмийн санг хорогдуулах тухай шийдвэр гарч энэ тухай бүртгүүлэхээр мэдэгдэж нийтэд мэдээлснээс хойш 90 хоногийн дотор харилцагч талын гомдлын шаардлагыг барагдуулсан, тэдгээрийн өр төлбөрийг төлөх талаар баталгаа гаргасан нөхцөлд улсын бүртгэлд бүртгэнэ.

5.Дүрмийн санг өөрчилсөн тухай шийдвэрийг улсын бүртгэлд авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр гэж үзнэ.

37 дугаар зүйл.Компанийн удирдлагын хариуцлага

Хэвлэх

Компанийн удирдлага буруу шийдвэр гаргасны улмаас хохирол учирвал түүнд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

38 дугаар зүйл. Компанийн үйл ажиллагааг зогсоох

Хэвлэх

1.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үндэслэлээр компанийн үйл ажиллагаа зогсох тохиолдолд эцсийн тооцоо хийнэ.

2.Компанийн эрх барих байгууллага нь дуусгалтын тайланг хэлэлцэж батлахын хамт Ерөнхий захирал, төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх тухай шийдвэр гаргана. /Энэ хэсэгт 1993 оны 7 дунгаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Компанийн үйл ажиллагаа зогссон тухай нийтэд мэдээлснээс хойш 6 сарын дотор тухайн компанийн эд хөрөнгийг гишүүдэд хуваахыг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ

39-44 дүгээр зүйл./Эдгээр зүйлүүдийг 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

45 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.

ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б. ЧИМИД