- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ
/1997. 01. 31-ний өдрийн хуулиар Монгол улсын Татварын ерөнхий хуулийн нэр, мөн хуулийн хоёрдугаар бүлгийн нэр, мөн бүлгийн 15 дугаар зүйлийн нэрээс бусад Татварын ерөнхий хуулийн "Монгол Улсын татварын" гэснийг "Монгол Улсын үндэсний татварын" гэж, "улсын татварын" гэснийг "үндэсний татварын" гэж, "татварын байцаагч" гэснийг "татварын улсын байцаагч" гэж тус тус өөрчилсөн./
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын үндэсний татварын тогтолцоо, албан татвар, хураамж, төлбөрийн нийтлэг зарчим, татвар төлөгчийн эрх, үүрэг, хариуцлага, үндэсний татварын алба, татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Татварын хууль тогтоомж
1.Татварын хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3.Татвар бий болгох, ногдуулах, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна. Чөлөөт бүсийн харилцааг зохицуулсан хуульд энэ заалт хамаарахгүй /Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар 2 дахь өгүүлбэрийг нэмсэн./
4.Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж тогтвортой байдлын гэрээг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуулийн хүрээнд байгуулна. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Засгийн газраас стратегийн хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
3 дугаар зүйл.Татварын тогтолцоо
Монгол Улсын үндэсний татварын тогтолцоо албан татвар, хураамж, төлбөр /цаашид "татвар" гэх/-өөс бүрдэнэ:
1/хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд, тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ. Албан татвар шууд болон шууд бус татвараас бүрдэнэ;
2/хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ;
3/төрийн өмч /иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц зэрэг/ ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.
31дүгээр зүйл.Хуулийн нэр томъёо
1.Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан" гэж орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг биетээр нуун дарагдуулах, үндэслэлгүйгээр бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шилжүүлэх, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, нягтлан бодох бүртгэл болон татварын тайланд санаатайгаар буруу бичилт хийх, хууль бус хэлцэл хийж, хууран мэхлэх, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, хуурамчаар өглөг үүсгэх, түүнчлэн баримт бичгийг татвар төлөхгүйн тулд хуурамчаар үйлдэх, аж ахуйн нэгж, байгууллагынхаа нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон эд хөрөнгө, иргэний бичиг баримтаа бусдад ашиглуулах замаар татвараас зайлсхийх боломж олгосон зэрэг үйлдэл, эс үйлдлийг;
2/"татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг санаатайгаар бууруулсан" гэж татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, тайлан, мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсанд санаатай багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх, зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах үйлдлийг;
3/"татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийн тоо хэмжээг болгоомжгүйгээр бууруулсан" гэж татвар ногдох орлого, татвар ногдох зүйлийн тоо хэмжээг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсанд тусгахдаа тооны үйлдэл алдах, түүнчлэн нягтлан бодох бүртгэлээ зохих ёсоор хөтөлж, тайлан тэнцлээ зөв гаргасан боловч татвар ногдох орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнг буруу тодорхойлсон үйлдлийг;
4/"тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болох" гэж Улсын Их Хурал уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгож, татварын тооцоог хийж дуусгах хугацаа дууссанаар;
5/"татвар, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн" гэж тухайн татвар төлөгч:
а/хаягаа буруу тодорхойлсон;
б/хаягийн өөрчлөлтөө татварын албанд мэдэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээндээ тэмдэглэл хийлгээгүй;
в/нягтлан бодох бүртгэлийн болон тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсыг гаргаж өгөөгүй;
г/татварын албанаас дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй;
д/шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байх зэрэг шалтгаанаар ногдох татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүйг;
6/"хүчингүй гэрээ, хэлцэл" гэж утга агуулгаараа хууль зөрчсөн буюу хуулиас гадуур хийгдсэн, бага насны хүмүүс, сэтгэл мэдрэлийн өвчтэй буюу ухаан солио зэрэг шалтгааны улмаас эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдтэй хийсэн хэлцэл, айлган сүрдүүлэх буюу аргагүй гачигдлыг далимдуулан хийсэн хэлцэл, хууль ёсны үр дүн гаргахын тулд биш зөвхөн дүр үзүүлэн хийсэн хэлцлийг;
7/"хууль бус үйлдлээр олсон орлого" гэж татварын болон бусад хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг;
8/"саад учруулсан" гэж татварын албаны байцаагч албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэл болон тайлан тэнцэл, татварын тайлан мэдээг гаргаж өгөхгүй байх, байр агуулахад нэвтрэн орох боломж олгохгүй байх, тооллого тооцоог будлиантуулах, түүнчлэн үзлэг шалгалт, ажлын зураг авалтыг хийлгэхгүй байх зэрэг санаатай үйлдэл, эс үйлдлийг;
9/"эсэргүүцэл үзүүлсэн" гэж татварын албаны байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан цохих, өшиглөх, түлхэх, аливаа зүйлээр цацах, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэх, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох үйлдлийг;
10/"шилжүүлсэн орлого" гэж гэрээ хэлцлийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад болон иргэний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаар нь дамжуулан олгохоор бэлэн бусаар шилжүүлснийг;
11/"татвар төлөгч байгууллага" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татварын алба болон бүртгэх эрх бүхий бусад байгууллагад бүртгүүлсэн, энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөгч байгууллага гэж тодорхойлсон аж ахуйн нэгж, байгууллага, санг;
12/"ашгийн төлөө байгууллага, сан" гэж аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоороо зардлаа бүрэн нөхөх зарчмаар ажиллах ёстой хуулийн этгээдийг;
13/"дундын суутгал" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас жилийн дундуур иргэдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах болон хуульд заасан бусад орлогод уг орлогыг олгож буй этгээд нь татварын хууль тогтоомжид заасны дагуу татварыг нь ногдуулан суутган авч төсөвт шилжүүлэхийг;
14/"татварын өр" гэж татварын хуулиар тогтоосон хугацаанд нь төлөгдөөгүй татвар, тэдгээрт ногдсон хүү, торгууль, татварын хяналт шалгалтаар илэрч төлөгдөхөөр тогтоогдсон нөхөн татвар, хүү, торгуулийг."
/Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
4 дүгээр зүйл.Татвар бий болгох, өөрчлөх, хүчингүй болгох, түүний хувь, хэмжээ
1.Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгоно.
2.Татварын хувь,хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.
5 дугаар зүйл.Татвар төлөгч
Хуулийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, тодорхой эрх бүхий, эсхүл эд хөрөнгө эзэмшин ашиглаж байгаа дараахь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага татвар төлөгч байна:
1/Монгол Улсын иргэн;
2/тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсад орлого олж байгаа оршин суугч бус этгээд; /Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3/тус улсын нутаг дэвсгэрт оршин байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, сан, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байрладаггүй боловч тус улсад орлого олж байгаа хуулийн этгээд; /Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4/тус улсад орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газар.
Энэ зүйлийн 1, 2-д заасан татвар төлөгчийг цаашид "иргэн" гэнэ.
6 дугаар зүйл.Татвар төлөгчийг бүртгэх
1.Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага татварын албанд бүртгүүлнэ.
2.Татвар төлөгч иргэнийг бүртгэх журмыг тухайн төрлийн татварын хуулиар тогтооно.
7 дугаар зүйл.Татвар ногдох зүйл
Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц хамаарна.
8 дугаар зүйл.Татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх хэлбэр
Хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараахь хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө:
1/ногдуулсан татварыг хорогдуулах;
2/татварын хувь, хэмжээг бууруулах;
3/татвар төлөгчийг дэмжих, үйл ажиллагааг нь урамшуулах зорилгоор тодорхой зориулалт бүхий татварын хөнгөлөлт үзүүлэх;
4/тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг татвараас чөлөөлөх;
5/татвар төлөгчийг татвараас чөлөөлөх;
6/татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх;
7/хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт.
9 дүгээр зүйл.Татвар төлөх журам
1.Татварыг татварын тайлан буюу орлого, татвар тодорхойлох хуудсаар, эсхүл суутгал хийх замаар ногдуулж, төлбөрийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр гүйцэтгэнэ. Энд зааснаас өөрөөр татвар ногдуулж төлөх журмыг тухайн төрлийн татварын хуулиар тогтооно.
2.Татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтооно. Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. Хэрэв энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварыг төлж тайлагнана.
3.Тогтоосон хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, хүү, торгуулийг аж ахуйн нэгж, байгууллагаас үл маргах журмаар гаргуулна.
Татвар ногдуулах, суутган авах, төсөвт төлөх тооцоо хийсэн этгээдэд төлбөр тооцооны ажил, үйлчилгээний хөлс, шимтгэл олгохгүй. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
4.Аж ахуйн нэгж, байгууллага шууд бус татварыг өөрийн үйл ажиллагааны үр дүн гарахыг хүлээлгүй төлнө.
5.Аж ахуйн нэгж, байгууллагын татвар ногдуулах, төлөх тооцоог татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гүйцэтгэнэ.
6.Татвар ногдох орлогыг нэхэмжилсэн, падаан бичигдсэн, төлбөр хийгдсэн өдрийн аль түрүүчийнхээр нь тооцно. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэртэй татварын орлогын хугацааг төлбөр хийгдсэн өдрөөс эхэлж тооцно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
10 дугаар зүйл.Татвар төлөгчийн үүрэг
Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:
1/татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;
2/татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх;
3/анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;
4/татварын хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
5/татварын албаны шалгалтын актыг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах. Актыг зөвшөөрөхгүй тохиолдолд тайлбараа бичгээр гаргаж өгнө;
6/аж ахуйн нэгж, байгууллага бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх;
7/татварын хуульд тусгайлан татвар ногдуулахаар заасан орлогод татвар ногдуулж, хуульд заасан хугацаанд төсөвт төлөх; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
8/хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
9/аж ахуйн нэгж, байгууллага нь дундын суутгал хийсэн татварын ногдуулалт, төлөлтийн мэдээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, хаяг, регистрээр улирал тутам гаргаж өөрийн харьяалагдах татварын албанд өгөх; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
10/татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
11/өөрийн нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн дансыг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
12/эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг хувь хүн, хуулийн этгээдэд түрээсэлсэн, худалдсан тохиолдолд харьяалагдах татварын албанд мэдэгдэх; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
13/банкинд данс нээсэн болон түүнийг хаасан бол энэ тухай харьяалгдах татварын албанд мэдэгдэх; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
14/татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан Үндэсний татварын ерөнхий газраас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлал, зөвлөмжийг дагаж мөрдөх; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
15/хууль тогтоомжид заасан бусад үүрэг. /Энэ заалтын дугаарыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./
11 дүгээр зүйл.Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих
1.Татвар төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:
1/тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон;
2/тухайн төрлийн татвар төлж дууссан;
3/татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн;
4/татвар төлөгч иргэн нас барсан, нас барсанд тооцогдсон;
5/аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан.
2.Нас барсан, нас барсанд тооцогдсон иргэний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь шилжинэ.
3.Өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон аж ахуйн нэгж, байгууллагад шилжинэ. Аж ахуйн нэгж, байгууллага тусгаарласан, салсан тохиолдолд татвар ногдох зүйлтэй хувь тэнцүүлэн татвар төлөх үүрэг тэдгээрт шилжинэ.
4.Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан бол татан буулгах комисс, дампуурсан бол нэхэмжлэгчдийн зөвлөл төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг уг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж төлнө.
12 дугаар зүйл.Татвар төлөгчийн эрх
Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ:
1/татварын хууль тогтоомжид заасан нөхцөлд хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх. Хэд хэдэн нөхцөлөөр хөнгөлөлт эдлэх тохиолдолд аль нэгийг нь сонгон авах;
2/татварын албаны шалгалтын акттай танилцах;
3/татвар ногдуулалт, төлөлт, шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;
4/татварын албаны буруугаар учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;
5/илүү төлсөн татварыг эгүүлэн авах буюу суутган тооцуулах;
6/татварын алба, түүний байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий төрийн захиргааны байгууллага болон шүүхэд хууль тогтоомжийн дагуу гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь татвар төлөхийг зогсоох үндэслэл болохгүй. Харин уг гомдлыг хянаж байгаа шүүхийн шийдвэрээр татвар төлөхийг түр зогсоож болно.
13 дугаар зүйл. Татвар төлөгчид хүлээлгэх хариуцлага
1.Татварын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татвар төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ:
1/татвар ногдох орлогоо нуусан буюу санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогын татвар ногдуулах орлоготой тэнцэх хэмжээний торгууль ногдуулах; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан буюу түүний тоо, хэмжээг санаатайгаар бууруулсан бол ногдох татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татвартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах;
3/татвар ногдох зүйлийн тоо, хэмжээг болгоомжгүйгээр бууруулсан бол ногдох татварыг нөхөн төлүүлж, саатуулсан хоног тутам нөхөн төлүүлсэн татварын дүнгээс бодож 1 хувийн хүү ногдуулах. Хүүгийн хэмжээ нь төлбөл зохих татварын 5О хувиас хэтэрч болохгүй;
4/татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс бодож хоног тутам 0.5 хувийн хүү ногдуулах. Энэ "хүү" гэсэн ойлголт нь Монгол Улсын Иргэний хуулийн "анз" гэсэн ойлголтонд хамаарахгүй. /Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5/хууль тогтоомжид заасан бусад хариуцлага.
2.Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Энэ нь Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй. Татвар, хүү, торгууль төлөх хөөн хэлэлцэх хугацааг зохих журмын дагуу татвар тодорхойлж, түүнийг төлөх хуульд заасан хугацаа дууссан үеэс эхэлж тооцно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14 дүгээр зүйл.Банк, санхүүгийн байгууллагын үүрэг, хариуцлага
1.Банк, санхүүгийн байгууллага татварын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үзүүлэлтийг татварын албанд гаргаж өгнө. /Энэ хэсэгт 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Банкны байгууллага харилцагч аж ахуйн нэгж, байгууллагын татварын төлбөрийг 12 цагийн дотор гүйцэтгэх бөгөөд тухайн төлбөр хүлээн авсан банкны байгууллага тэр өдөрт багтаан төсвийн харилцах дансанд оруулах үүрэгтэй. Хэрэв уг үүргийг биелүүлээгүй бол татварын алба гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгээс бодож хоног тутам 0,5 хувийн хүү ногдуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын татварын ангилал
15 дугаар зүйл. Монгол Улсын татварын бүрэлдэхүүн
Монгол Улсын татвар нь улсын болон орон нутгийн татвараас бүрдэнэ:
1/Улсын Их Хурал, Засгийн газраас хувь, хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг улсын татвар гэнэ;
2/аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь, хэмжээг нь тогтоосон бөгөөд тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татварыг орон нутгийн татвар гэнэ.
16 дугаар зүйл. Улсын татвар
Улсын татварт дараахь татвар хамаарна:
1/аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар;
2/гаалийн албан татвар;
3/нэмэгдсэн өртгийн албан татвар;
4/онцгой албан татвар;
5/авто бензин, дизелийн түлшний албан татвар;
6/ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;
7/хүн амын орлогын албан татвар; /Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
8/орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар. /Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
9/зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар /Энэ заалтыг 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17дугаар зүйл. Орон нутгийн татвар
Орон нутгийн татварт дараахь татвар хамаарна:
1/ /Энэ заалтыг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон./
2/бууны албан татвар;
3/нийслэл хотын албан татвар;
4/нохойны албан татвар;
5/өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;
6/үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
7/улсын тэмдэгтийн хураамж;
8/ус, рашаан ашигласны төлбөр;
9/авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;
10/ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;
11/байгалийн ургамал ашигласны төлбөр;
12/түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;
13/агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;
14/газрын төлбөр;
15/ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр."
/Энэ зүйлийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18 дугаар зүйл.Татварын хувь, хэмжээг тогтоох
1.Улсын Их Хурал энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын хувь, хэмжээг тогтооно. /Энэ хэсэгт 1995 оны 6 дугаар сарын 02, 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан./
2.Засгийн газар нь энэ хуулийн 17 дугаар зүйлийн 13-15-д заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно. /Энэ хэсэгт 1995 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1-12-д заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно. /Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Монгол Улсын үндэсний татварын алба
19 дүгээр зүйл.Үндэсний татварын албаны тогтолцоо
1.Үндэсний татварын алба нь Үндэсний татварын ерөнхий газар, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын улсын байцаагчаас бүрдэнэ.
2.Үндэсний татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын албаны бүтцэд татварын хэрэг бүртгэх нэгжтэй, үндэсний татварын алба нь Татварын хөгжлийн сантай байна. Татварын хөгжлийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3.Үндэсний татварын ерөнхий газар, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөл ажиллана. Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
20 дугаар зүйл.Үндэсний татварын албаны дүрэм
Улсын татварын албаны дүрмийг Засгийн газар батална.
21 дүгээр зүйл.Үндэсний татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.
2.Үндэсний татварын ерөнхий газар Сангийн сайдын, нийслэл, аймгийн татварын газар, хэлтэс Үндэсний татварын ерөнхий газрын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч нийслэл,аймгийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана.
3.Үндэсний татварын ерөнхий газар бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
4.Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг Үндэсний татварын ерөнхий газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.Татварын улсын байцаагчийг түүний шууд харьяалдаг татварын албаны дарга томилно.
6.Үндэсний татварын ерөнхий газрын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/татварын албаны бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд удирдлага, зохион байгуулалт, хяналтаар хангах;
2/татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шинээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлал, зөвлөмж гаргах;
3/татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх;
4/татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсад дагаж мөрдөх тушаал гаргах;
5/татварын бодлого боловсруулахад оролцох;
6/орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх;
7/татварын улсын байгцаагчийн гаргасан актыг хуулийн дагуу хянан үзэж, өөрчлөх, хүчингүй болгох;
8/Үндэсний татварын ерөнхий газрын ажилтнуудыг томилох чөлөөлөх;
9/татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих;
10/Үндэсний татварын албаны төсөв, хөрөнгийг захиран зарцуулах. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг санхүү, эдийн засгийн мэргэжилтэй, татварын албанд 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно. /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
22 дугаар зүйл.Үндэсний татварын алба, татварын байцаагчийн үйл ажиллагааны зарчим
Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч үйл ажиллагаандаа хууль дээдлэх ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчим баримтална.
23 дугаар зүйл.Үндэсний татварын албаны чиг үүрэг
Үндэсний татварын алба дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2/татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журам, заавар, аргачлал гаргах, сургалт, сурталчилгаа явуулах;
3/улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх.
24 дүгээр зүйл.Үндэсний татварын алба, татварын байцаагчийн бүрэн эрх
1.Үндэсний татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлт үзүүлэх, түүнийг татвараас чөлөөлөх;
2/анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй татвар төлөгчид хуульд заасан жишгээр татвар ногдуулах; /Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3/татварын хэрэг бүртгэх ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явуулах; /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4/тогтоосон хугацаанд татвар төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагын банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох;
5/татварын албанаас тогтоосон төлбөл зохих татвар, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол татвар хураах үйл ажиллагааг зохих журмын дагуу явуулах; /Энэ заалтад 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6/илүү төлсөн татварыг дараачийн сар, улирал, жилийн татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 30 хоногийн дотор эгүүлэн олгох;
7/татвар, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, татварын мэдээ, тайланг хугацаанд нь ирүүлээгүй, татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй татвар төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
8/доод шатны албаны гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;
9/татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
10/шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл буюу гомдол гаргах;
а/татварын хууль тогтоомж ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг бүрмөсөн зогсоох; /Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
б/татвар төлөгч хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж олсон орлого, ашигласан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд, материалыг бүрмөсөн хураах; /Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
в/татвар төлөгч хууль тогтоомжоор хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй явуулж олсон орлогыг бүрмөсөн хураах; /Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
г/татвар төлөгч хуурамч буюу хүчингүй гэрээ хэлцэл, хууль бус үйлдлээр олсон орлогыг бүрмөсөн хураах; /Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
д/албан үүргээ гүйцэтгэхэд нь татварын байцаагчид саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, түүнийг үйл ажиллагаатай нь холбогдуулан мөрдөн хавчсан, амь бие, эрүүл мэндэд нь халдаж хохирол учруулсан гэм буруутай этгээдэд зохих шийтгэл хүлээлгэх;
е/татварын өр төлбөрийг барагдуулах; /Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./
ж/ хууль тогтоомжид заасан бусад асуудал. /Энэ заалтын дугаарыг 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар"е"-г "ж" гэж өөрчилсөн./
2.Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл,төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
2/татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг татвар төлөгчийн харилцагч аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах; /Энэ заалтаас 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар "банк" гэснийг хассан./
3/татвар ногдох зүйл нуусныг гэрчлэх баримт болон эд хөрөнгийг татвар төлөгчөөс түр хугацаагаар хураан авах, хуулбарлах, барьцаалах, битүүмжлэх; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4/орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйлийг хадгалж буй татвар төлөгчийн байр, агуулах /түүний байршлаас үл хамааран/-д нэвтрэн орж шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол үзлэг хийх;
5/аж ахуйн нэгж, байгууллага бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөс нөхөн төлүүлэх;
6/татвар төлөгчид энэ хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх;
7/татвар төлөгчийн хөрөнгө, үйлдвэрлэл, худалдааны нууцыг хадгалах;
8/албан үүргээ гүйцэтгэх явцад иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэх.
25 дугаар зүйл. Татварын улсын байцаагчид хүлээлгэх хариуцлага
Татвар төлөгчийн хууль бус үйл ажиллагааг нуух, татварын орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй татварын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
26 дугаар зүйл.Татварын улсын байцаагчийн мэргэжлийн зэрэг, зэргийн нэмэгдэл, шагнал
1.Татварын улсын байцаагч мэргэжлийн зэрэгтэй байх бөгөөд түүнд зэргийн нэмэгдэл олгоно.
2.Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгоно.
3.Татварын улсын байцаагчид сар тутам олгох мэргэжлийн зэргийн нэмэгдэл, ажлын үр дүнгийн шагналын нийлбэр нь түүний албан тушаалын сарын үндсэн цалингийн хэмжээнээс хэтрэхгүй байна.
4.Мэргэжлийн зэрэг тогтоох, зэргийн нэмэгдэл, ажлын үр дүнгийн шагнал олгох журмыг Засгийн газар тогтооно.
27 дугаар зүйл.Үндэсний татварын албаны төсөв
Үндэсний татварын албаны үйл ажиллагааны зардлыг төсвөөс санхүүжүүлэх бөгөөд татварын алба бие даасан төсөвтэй байна.
/Энэ зүйлд 1997 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
28 дугаар зүйл.Татварын улсын байцаагчийн эрхийн баталгаа
1.Татварын улсын байцаагч дүрэмт хувцас үнэ төлбөргүй хэрэглэнэ. Татварын улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална.
2.Татварын улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, бусдын нөлөөгөөр амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дараахь буцалтгүй тусламж, үндсэн цалингийн зөрүүг олгоно:
1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
2/тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;
3/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн З жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан буцалтгүй тусламж, үндсэн цалингийн зөрүүг төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл
29 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв,орон нутгийн байгууллага,тэдгээрийн албан тушаалтны үүрэг
Төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан татварын хяналтын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй.
30 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хууль 199З оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
