- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ПАТЕНТИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2006 оны 1 дyгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2006 оны 1 дyгээр сарын 19-ний өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
ПАТЕНТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг хамгаалах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, оновчтой саналыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ зүйлд 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2 дугаар зүйл.Патентын тухай хууль тогтоомж
1.Патентын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон Монгол Улсын хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын патентын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
Энэ хуульд:
1/"шинэ бүтээл" гэж байгалийн хуульд тулгуурлан анх сэдэж, үндэслэлийг нь нээн илрүүлсэн үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах цоо шинэ шийдлийг;
2/"бүтээгдэхүүний загвар" гэж үйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бүтээгдэхүүний хэлбэр, хийцэд хамаарах өвөрмөц, цоо шинэ шийдлийг;
3/"ашигтай загвар" гэж аливаа үйлдвэрлэлийн арга, хэрэгсэл, бүтээгдэхүүн, тэдгээрийн үндсэн хэсэг, зохион байгуулалтад хамаарах, шинэ, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой ашигтай шийдлийг; /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4/"патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, эсхүл бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг;
5/"ашигтай загварын гэрчилгээ" гэж ашигтай загварыг улсын бүртгэлд бүртгэн авч, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй баримт бичгийг; /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19, 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиудаар тус тус өөрчлөн найруулсан./
6/"лиценз" гэж патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг бусдад ашиглуулах зөвшөөрлийг;
7/"анхдагч огноо" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг Оюуны өмчийн газарт, ашигтай загварын мэдүүлгийг тухайн байгууллагад анх өгч бүртгүүлсэн он, сар, өдрийг;
8/"давамгайлах огноо" гэж мэдүүлгийнхээ анхдагч огноогоос өмнө Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн гишүүн аль нэг оронд уг шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг мэдүүлж бүртгүүлсэн мэдүүлгийн он, сар, өдрийг; /Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
9/"патент эзэмшигч" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент болон ашигтай загварын гэрчилгээ, түүнтэй холбоотой онцгой эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийг; /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
10/"Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц /1883/ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээр /1960/, Патентийн хамтын ажиллагааны гэрээ /1970/, Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах хэлэлцээр /1994/ -ийг; /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
11/"Патентийн хамтын ажиллагааны гэрээнд нийцсэн Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг" гэж конвенцийн давамгайлах огноо бүхий Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан шинэ бүтээл, ашигтай загвар, мэдүүлгийг тус тус ойлгоно. /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
4 дүгээр зүйл.Патент олгох зүйл, шалгуур
1.Шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой, цоо шинэ үйлдвэрлэх арга ажиллагаа буюу бүтээгдэхүүн /шинэ бүтээл/ зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно.
2.Шинэ бүтээл нь тухайн мэргэжлийн хүнд ялгагдах давуу шинж чанартай байвал түүнийг шинэ бүтээлийн түвшин агуулсан гэж үзнэ. Шинэ бүтээлийн түвшинг Оюуны өмчийн газраас эрх олгосон шинжээч тодорхойлно.
3.Үйлдвэрлэлийн аргаар хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж болох шинэ бүтээлийг үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэж үзнэ.
4.Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон үйлдвэрлэх арга ажиллагаа буюу бүтээгдэхүүнийг цоо шинэ гэж үзнэ.
5.Дараахь зүйлийг шинэ бүтээлд тооцохгүй:
1/нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга;
2/цахим тооцоолуурын хөтөлбөр, алгоритм;
3/аж ахуйн үйл ажиллагаа, оюуны үйлдэл, тоглоом зэрэгт хамаарах хуваарь, дүрэм, аргачлал;
4/нийгмийн дэг журам, зан суртахуун, байгаль орчин, хүний эрүүл мэндэд харш шийдэл.
5/хүн, мал, амьтны эмчилгээ, оношлогооны арга; /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
6/бичил биетээс өөр амьтан, ургамал болон тэдгээрийг гаргаж авах биологийн арга. Үүнд биологийн бус ба микробиологийн үйл ажиллагаа хамаарахгүй. /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн ба 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Мэдүүлэг хүлээн авах хүртэл дэлхийн аль нэг оронд хэвлэгдээгүй, тус улсад ямар нэг замаар тархаж мэдэгдээгүй, үйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бүтээгдэхүүний хэлбэр, хийцэд хамаарах өвөрмөц, цоо шинэ шийдэл /бүтээгдэхүүний загвар/ зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно.
5 дугаар зүйл.Оюуны өмчийн газар
1.Монгол Улсад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварлын асуудлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар хариуцан дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ: /Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./
1/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авч хянан шийдвэрлэх;
2/патент, ашигтай загварын гэрчилгээ олгох; /Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, лицензийн гэрээний улсын бүртгэл хөтлөх; /Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх; /Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
5/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдгийн тухай мэдээллийг хэвлэн нийтлэх; /Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
6/патенттай холбогдсон маргааныг шийдвэрлэхэд лавлагаа гаргаж өгөх;
7/патент, ашигтай загварын гэрчилгээний загварыг тогтоох. /Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
8/хуулийн этгээд, иргэдийг патентийн тухай хууль зөрчсөн гэж үзвэл холбогдох байгууллагад мэдэгдэх;
9/хуульд заасан үндэслэл, журмын дагуу патентийг хүчингүйд тооцох;
10/бүтээлийн зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг төлөөлөн хамгаалах;
11/патентийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрх хэмжээнийхээ дотор зохион байгуулах;
12/патентийн асуудалтай холбоотой өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;
13/патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж зөвшөөрөл олгох;
14/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын үнэлгээг зохиогчийн хүсэлтээр тогтоох; /Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
15/оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах. /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
16/эрхлэх асуудлаар байгууллага албан тушаалтнаас холбогдох баримт бичгийг гаргуулж авах. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Оюуны өмчийн газар үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Оюуны өмчийн газрын дүрмийг Засгийн газар батална.
4.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын ажлыг технологийн бодлогынхоо бүрэлдэхүүн хэсэг болгон явуулна. /Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар,
6 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргах
1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд Оюуны өмчийн газарт гаргана.
2.Шинэ бүтээл тус бүрд мэдүүлэг гаргана. Нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт нэг мэдүүлэг гаргаж болно. /Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Шинэ бүтээлийн мэдүүлэг нь өргөдөл, шинэ бүтээлийн тодорхойлолт, томьёолол, товч тайлбараас бүрдэнэ. Шаардлагатай бол түүнд холбогдох зураг, магадлагааг хавсаргана.
Шинэ бүтээлийн тодорхойлолт нь шинэ бүтээлээр дэвшүүлсэн зорилгод хүрэхэд тухайн шийдлийн урьдах техникийн түвшингээс онцгой ялгарах шинж чанарыг илрүүлж, шийдлийн хамаарах салбарын мэргэжлийн хэрэглэгчдэд түүний давуу байдал болон шинэ бүтээлийг ашиглах аргыг хангалттай, бүрэн ойлгомжтой гаргасан цогц мэдээллийг агуулна.
Шинэ бүтээлийн томъёолол нь тухайн шинэ бүтээлийн онцгой ялгарах шинж чанарыг илрүүлэн гаргаж, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон бөгөөд ойлгомжтой, товч, тодорхой байна. Нэг шинэ бүтээл нь нэг буюу хэд хэдэн томъёололтой байж болно.
Тодорхойлолт, зураг нь томъёоллын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлана.
Товч тайлбар нь зөвхөн техникийн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд түүнийг шинэ бүтээлийн эрхийн хамгаалалтын хүрээг тогтооход ашиглахгүй. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар өөрчлөлт, 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
4.Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг нь өргөдөл, бүтээгдэхүүний загварын зураг, тодорхойлолтоос бүрдэнэ. Шаардлагатай бол зураг, тодорхойлолтод холбогдох бусад материалыг түүнд хавсаргана.
Бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч Оюуны өмчийн газарт гаргана.
/Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар догол мөр нэмсэн./
5.Өргөдөлд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар зохиогч, мэдүүлэг гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, мэдүүлэг гаргасан огноо, патент авах хүсэлт, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын нэрийг тусгана. Мэдүүлэг гаргагч нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар зохиогч биш байвал шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана.
Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбогдсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын тухайд хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын магадлагаа, тодорхойлолтыг зайлшгүй хавсаргасан байна. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
6.Мэдүүлэг гаргагч өргөдөлдөө үндэсний, бүсийн, олон улсын мэдүүлгийн огноог давамгайлах огноогоор тогтоолгох тухай хүсэлтээ илэрхийлж болно. Парисын конвенцийн болон Дэлхийн худалдааны байгууллагын аль нэг гишүүн оронд давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбарыг Оюуны өмчийн газрын хүсэлтээр хавсаргана. /Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
7.Мэдүүлэг гаргагч нь өөрийгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно. Патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ.
Патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг Оюуны өмчийн газар тогтооно.
Патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээд боловсролтой, оюуны өмчийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан, ял шийтгэлгүй, Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн байна.
Патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагааны хөлсний хэмжээг патентийн асуудал эрхэлсэн сайд, санхүүгийн асуудал эрхэлсэн сайдын хамтарсан шийдвэрээр тогтоох ба орлогынх нь 10 хувийг Оюуны өмчийн газарт үлдээнэ. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
8.Мэдүүлгийг монгол хэлээр үйлдэнэ. Хэрэв өөр хэлээр үйлдсэн бол мэдүүлэг гаргагч Оюуны өмчийн газарт уг мэдүүлгийг ирүүлсэн өдрөөс хойш 2 сарын дотор монгол хэлнээ хөрвүүлж өгнө.
Энэ хугацаанд хөрвүүлж өгөхгүй бол мэдүүлэг гаргасанд тооцохгүй. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
9.Олон улсын нэг ангилалд хамаарах адил төстэй 50 хүртэл бүтээгдэхүүний загварыг нэг мэдүүлгээр мэдүүлж болно. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
10.Мэдүүлэг гаргагч мэдүүлгийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд мэдүүлгээ буцаан авч болно. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
61дүгээр зүйл.Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу олон улсын мэдүүлэг гаргах
1.Монгол Улсыг нэр зааж гаргасан шинэ бүтээл, ашигтай загварын олон улсын мэдүүлгийн анхдагч огноог энэ хуулиар, эсхүл Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу бүртгүүлсэн олон улсын бүртгэлийн огноогоор тогтооно.
2.Монгол Улсын иргэн буюу Монгол Улсад оршин суудаг гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний гаргасан олон улсын мэдүүлгийн хувьд Оюуны өмчийн газар буюу Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага нь хүлээн авагч байгууллага болно.
3.Хүлээн авагч байгууллага олон улсын мэдүүлгийг гэрээнд заасан хэл дээр хүлээн авч, хураамж авна.
4.Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авахаар Монгол Улсын нэрийг заасан бол Оюуны өмчийн газар нь нэр заагдсан байгууллага болно.
5.Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ олон улсын урьдчилсан магадлан шүүлт хийлгэхээр Монгол Улсыг сонгосон бол Оюуны өмчийн газар сонгогдсон байгууллага болно.
6.Сонгогдсон байгууллага нь мэдүүлэгт хийх урьдчилсан магадлан шүүлтийн тайланг гэрээнд заасан хугацаанд хүлээж авна.
7.Монгол Улсыг сонгосон олон улсын мэдүүлгийн хувьд мэдүүлэг гаргагч Патентийн хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу урьдчилсан магадлан шүүлтийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө хураамж төлнө.
8.Оюуны өмчийн газар олон улсын мэдүүлэгт хийгдэх бүх үйл ажиллагааг зохих гэрээ, журам, зааврын дагуу гүйцэтгэнэ.
/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
7 дугаар зүйл.Ашигтай загварын мэдүүлэг гаргах
1.Ашигтай загварын мэдүүлгийг зохиогч болон түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд Оюуны өмчийн газарт гаргана. Мэдүүлэг нь өргөдөл, тодорхойлолт, томъёолол, тайлбарлах зургаас бүрдэнэ. Ашигтай загварын томъёолол нь уг шийдлийн ялгарах шинжийг тодорхойлж, эрхийн хамгаалалтын хүрээг тогтооно.
2.Мэдүүлэг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, эсхүл мэдүүлэг гаргагч нь ашигтай загварын хууль ёсны зохиогч, өв залгамжлагч биш байвал тухайн ашигтай загварыг бүртгэхгүй.
/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8 дугаар зүйл.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн анхдагч огноог тогтоох
1.Оюуны өмчийн газар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж шаардлага хангасан гэж үзвэл мэдүүлэг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтооно.
2.Оюуны өмчийн газар мэдүүлэг шаардлага хангаагүй гэж үзвэл түүнд нэмэлт, засвар хийх шаардлагатайг мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.
3.Мэдүүлэг гаргагч энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 3 сарын дотор холбогдох нэмэлт, засварыг хийж өгвөл Оюуны өмчийн газар мэдүүлгийг анх хүлээн авсан өдрөөр түүний анхдагч огноог тогтооно. Хэрэв З сарын дотор нэмэлт, засвар хийж илрүүлээгүй бол тухайн мэдүүлгийг хэрэгсэхгүй.
9 дүгээр зүйл. Ашигтай загварын мэдүүлгийн анхдагч огноог тогтоох
Ашигтай загварын бүрдэл хангасан мэдүүлгийг Оюуны өмчийн газарт хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтооно.
/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10 дугаар зүйл.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт шүүлт хийх
1.Мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа Оюуны өмчийн газар тухайн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан шалгуур хангасан эсэхэд шүүлт хийнэ.
2.Мэдүүлэг гаргагч мэдүүлсэн шинэ бүтээл буюу түүнтэй мөн чанараараа ижил бүтээлийг гадаадад патент буюу өөр ямар нэг эрхийн баримт авахаар мэдүүлсэн талаар Оюуны өмчийн газарт түүний хүсэлтээр мэдээлэл гаргаж өгнө.
3.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр мэдүүлэгтээ нэмэлт, өөрчлөлт хийж болно.
Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр шүүлт хийхийг хойшлуулж болно. Шүүлт хийхийг хойшлуулах хугацаа нь энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийт хугацаагаар хязгаарлагдана. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
4.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр мэдүүлгээ 2 буюу түүнээс дээш мэдүүлэг болгон салгаж болно. Энэ тохиолдолд салгасан мэдүүлгийн анхдагч огноо буюу давамгайлах огноог анхны мэдүүлгийнхээр тогтооно.
Шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдлийн мэдүүлгийг эцсийн шийдвэр гарахаас өмнө ашигтай загварын гэрчилгээ авах мэдүүлэг болгон, ашигтай загварын гэрчилгээ хүссэн мэдүүлгийг шинэ бүтээлийн мэдүүлэг болгон тус тус хөрвүүлж болох бөгөөд анхдагч огноог анхны мэдүүлгээр хадгална. /Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар догол мөр нэмсэн./
5.Оюуны өмчийн газар мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж үзвэл Оюуны өмчийн газар энэ хугацааг 12 хүртэл сараар сунгаж болно.
6.Патент олгохоор шийдвэрлэсэн шинэ бүтээлийн ном зүй, томъёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентын хэвлэлд нийтэлж зарлана.
7.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болох нь нотлогдоогүй бол шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг дүгнэлт гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор мэдүүлэг гаргагчид хүргүүлж, мэдүүлгийг патентын санд хадгална.
8.Мэдүүлж буй бүтээгдэхүүний загвар урьд танил болсон загварууд буюу тэдгээрийн онцлог шинжийн нэгдлээс мэдэгдэхүйц ялгарахгүй бол уг загварыг шинэ ба эх загвар гэж үзэхгүй. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
11 дүгээр зүйл. Ашигтай загварын мэдүүлэгт магадлан шүүлт хийх
1.Мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор ашигтай загвараар бүртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шүүлт хийж дүгнэлт гаргана.
2.Дараахь тохиолдолд ашигтай загвараар бүртгэж гэрчилгээ олгохгүй:
1/ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон;
2/ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нэвтэрч ашиглагдсан;
3/урьд нь үндэсний болон гадаадын хэвлэлд нийтлэгдсэн.
/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Патент, ашигтай загварын гэрчилгээ олгох
/Энэ бүлгийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон.
12 дугаар зүйл. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент олгох
1.Шинэ бүтээлийн ном зүй, товч мэдээлэл, бүтээгдэхүүний загварын зургийг патентын хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш З сарын дотор Оюуны өмчийн газарт няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол Оюуны өмчийн газар патент олгоно.
Мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 10 жилийн хугацаанд патент авах хүсэлтийг гаргана. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт, 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Няцаасан нотолгоо ирсэн, маргаан гарсан тохиолдолд тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлэх хүртэл патент олгохыг хойшлуулна.
3.Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлгийг нь патентын санд хадгална.
13 дугаар зүйл.Ашигтай загварын гэрчилгээ олгох
Ашигтай загвараар бүртгэгдэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын дотор Оюуны өмчийн газар ашигтай загварын гэрчилгээ олгоно.
/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14 дүгээр зүйл.Патент, ашигтай загварын гэрчилгээний хүчинтэй байх хугацаа
Патент олгосон огнооноос эхлэн шинэ бүтээлийн патент 20 жил, бүтээгдэхүүний загварын патент 10 жил, ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд тус тус хүчинтэй байна.
/Энэ зүйлд 1996 оны 12 дугаар сарын 19, 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиудаар тус тус өөрчлөлт орсон./
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент эзэмшигчийн эрх
/Энэ бүлгийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
15 дугаар зүйл.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар зохиогчийн эрх
1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар зохиогч дараахь эрх эдэлнэ:
1/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвараа өмчлөх;
2/патент авах эрхээ бусдад шилжүүлэх;
3/шинэ бүтээл;
4/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын технологийн баримт
5/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвараа ашиглууснаас олсон орлогоос зохих хэмжээний шан хөлс авах. /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
2.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар хамтран сэдэж бүтээсэн зохиогчид патент авах эрхийг хамтран эдэлнэ.
3.Ижил шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг тусдаа сэдэж бүтээсэн бол мэдүүлгээ Оюуны өмчийн газарт түрүүлж өгсөн зохиогч, харин давамгайлах огноо мэдүүлсэн тохиолдолд түрүү давамгайлах огноотой мэдүүлэг өгсөн зохиогч патент авах эрх эдэлнэ.
4./Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
16 дугаар зүйл.Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрх
1.Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч дараахь эрх эдэлнэ:
1/ашигтай загвараа өмчлөх, эзэмших, ашиглах;
2/ашигтай загварыг бусдад төлбөртэйгээр ашиглуулах.
2.Ашигтай загварын гэрчилгээг хэд хэдэн этгээд хамтран эзэмшиж байгаа нөхцөлд өмчлөх эрхийг хамтран эдэлнэ.
/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
17 дугаар зүйл. Патент эзэмшигчийн эрх
1.Патент эзэмшигч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвараа ашиглах онцгой эрх эдэлнэ.
2.Патент бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг зөвхөн патент эзэмшигчийнх нь зөвшөөрлөөр ашиглана.
3.Патент эзэмшигч патент эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрх эдэлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар,ашигтай загварыг ашиглах
/Энэ бүлгийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
18 дугаар зүйл. Патент бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашиглах
1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулах үйлдлийг шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашигласан гэж үзнэ.
2.Патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг дараахь байдлаар ашиглавал патент эзэмшигчийн онцгой эрхийг зөрчсөн гэж үзэхгүй:
1/патент эзэмшигч өөрөө, эсхүл түүний зөвшөөрөлтэйгээр бусад этгээд тус улсын зах зээлд гаргасан бүтээгдэхүүнийг ашиглах;
2/тус улсад эрдэм шинжилгээ, сорилт туршилтын ажилд ашиглах;
3/тус улсын нутаг дэвсгэрт түр буюу тохиолдлоор орж ирсэн бусад орны тээврийн хэрэгсэлд ашиглах.
3.Мэдүүлгийн анхдагч огнооноос өмнө өөр этгээд тухайн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашиглаж байсан буюу ашиглах бүх нөхцөлийг урьдчилан бүрдүүлсэн бол тэдгээрийг патент эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй ашиглаж болно. Харин тухайн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашиглах хэмжээ, хүрээг өргөтгөж болохгүй.
4.Оюуны өмчийн газар патент бүхий шинэ бүтээл. бүтээгдэхүүний загварыг үр дүнтэй ашиглах зорилгоор шинэ бүтээлийн улсын нөөцийн сан бий болгоно. Санг бүрдүүлж буй бүтээлийн патент эзэмших эрхийг патент эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр Оюуны өмчийн газар эдэлнэ. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн ба түүнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
19 дүгээр зүйл.Лицензийн гэрээ
1.Сонирхогч этгээд патент бүхий шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг патент эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулан ашиглана.
2.Лицензийн гэрээнд дараахь зүйлийг тусгана:
1/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;
2/гэрээний талуудын эрх, үүрэг;
3/шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам.
3.Лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ.
4./Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5./Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
6.Лицензийн гэрээ нь гуравдагч этгээдийн ашиг сонирхолд харшлахгүй байх бөгөөд гэрээний талууд гэрээний нууцыг чанд хадгална. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.Патент эзэмшигч өөрийн шинэ бүтээлээ сонирхогч этгээдэд чөлөөтэй ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ Оюуны өмчийн газарт гаргаж болно. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
8.Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн нөхцөлтэйгээр байгуулж болохгүй. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
20 дугаар зүйл.Лиценз албадан хэрэглэх
1.Патент бүхий шинэ бүтээлд сонирхогч этгээдийн хүсэлтийн дагуу Оюуны өмчийн газрын шийдвэрээр дараахь тохиолдолд лиценз албадан хэрэглэж болно:
1/шинэ бүтээлийг үндэсний аюулгүй байдал, хүн амын хүнсний хангамж, эрүүлийг хамгаалах зэрэг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн заавал ашиглавал зохих;
2/мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 4 жил буюу патент олгосон өдрөөс хойш З жил /аль сүүлд хугацааг тооцно/-ийн хугацаанд шинэ бүтээлийг огт ашиглаагүй тохиолдолд тухайн шинэ бүтээлийг Монгол Улсад ашиглах нөхцөл байгаагүйг Оюуны өмчийн газарт патент эзэмшигч нотолж чадаагүй;
3/лицензийн гэрээгээр патент бүхий бүтээлийг ашиглаж байгаа байдал нь шударга бус өрсөлдөөний шинжийг агуулсан гэж патент эзэмшигч үзвэл. /Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Лиценз албадан хэрэглэх тухай Оюуны өмчийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол патент эзэмшигч гомдлоо шүүхэд гаргаж болно.
3.Лиценз албадан хэрэглэх тухай гэрээ хийх нөхцөлд патент бүхий бүтээл ашигласны төлбөрийг лиценз авагч тал патент эзэмшигчид төлнө. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./
21 дүгээр зүйл.Ашигтай загварыг ашиглах
1.Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч тухайн бүтээлийг бусдад ашиглуулахдаа гэрээ байгуулна.
2.Гэрээнд бүтээл ашиглах нөхцөл, хүрээ, хугацаа, төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журам зэргийг тусгана.
/Энэ зүйлийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
22 дугаар зүйл.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар ашиглах аж ахуйн нэгж, байгууллага болон патент эзэмшигчийн үүрэг
/Энэ зүйлийн нэрэнд 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
1.Аж ахуйн нэгж, байгууллага шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахдаа олсон ашгийг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж үйлдвэрлэлийн нууцыг нь хадгална. /Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч өөрчлөгдөхөд энэ тухай бичгээр Оюуны өмчийн газарт мэдэгдэх ба энэ өөрчлөлт нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөхгүй . /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
23 дугаар зүйл.Улсын нууцад холбогдох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар
Улсын нууцад холбогдох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт хамаарах харилцааг хуулиар зохицуулна.
24 дүгээр зүйл.Патент, лицензийн хураамж
1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах патентийг хүчинтэй байлгах, лицензийн гэрээг бүртгүүлэхэд хураамж төлнө. Хураамжийг Оюуны өмчийн газар хураана. /Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
2.Хураамжийн хэмжээг хуулиар тогтооно.
25 дугаар зүйл.Патентын хураамж төлөх хугацаа
1.Патентыг хүчинтэй байлгах хураамжийг тогтоосон хугацаагаар төлнө.
2.Патентыг хүчинтэй байлгах эхний З жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө.
3.Хэрэв патент эзэмшигч энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд патентыг хүчинтэй байлгах хураамжийг төлөөгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын дотор төлж болно. Энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлнө.
4.Патентийг хүчинтэй байлгахыг сонирхогч этгээд патент эзэмшигчийн зөвшөөрлөөр патентийн хураамжийг төлж болно. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
26 дугаар зүйл.Патентыг хүчингүйд тооцох
1.Сонирхогч этгээд патентыг хүчингүй болгох тухай шүүхэд өргөдөл гаргаж болно.
2.Энэ хуулийн 4, 6, 8, 10, 12 дугаар зүйлд заасныг зөрчиж патент олгосон байвал шүүх патентыг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд Оюуны өмчийн газар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулж патентын хэвлэлд нийтэлнэ.
3.Патент эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс татгалзсан, хураамжийг энэ хуулийн 25 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Оюуны өмчийн газар патентыг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд төрийн хяналтад зайлшгүй байх шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент эзэмших эрх төрийн захиргааны холбогдох төв байгууллагад шилжинэ.
4.Патентийн хураамжийг төлөөгүй шалтгаанаар патентийг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентийг сэргээж болно. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар нэмсэн./
ЗУРГАAДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
27 дугаар зүйл.Гомдол, маргаан шийдвэрлэх
Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт шүүлт хийхтэй холбогдон гарсан гомдлыг Оюуны өмчийн газар 6 сарын дотор хянан шийдвэрлэж хариуг бичгээр мэдэгдэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл маргалдагч тал шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
/Энэ зүйлийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
28 дугаар зүйл.Патентын тухай хууль тогтоомж, зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд хүлээлгэх хариуцлага
1.Патентийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч иргэнийг 5000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 хүртэл төгрөгөөр торгох, шүүгч иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл гэм буруутай иргэн, албан тушаалтныг 7-14 хүртэл хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгон, тухайн барааг устгаж, үйлдвэрлэлийг зогсооно. /Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17, 1999 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн хуулиудаар тус тус өөрчлөн найруулсан./
2.Зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
3.Патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх асуудлыг Монгол улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.
29 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
1.Энэ хууль 199З оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
2.Энэ хуулийг буцааж хэрэглэхгүй.
ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A
