- Нүүр
- Монгол Улсын хууль
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго, агуулга, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай
хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай1, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай2 хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар дээд боловсролын сургалтын байгууллагаас бусад байгууллагад мэргэжил эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо
4.1.Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."мэргэжил" гэж тодорхой ажил, хөдөлмөрийг эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг;
4.1.2."мэргэжлийн боловсрол" гэж иргэний авьяас, сонирхол, хэрэгцээнд нийцүүлж албан ба албан бус хэлбэрээр эзэмшүүлсэн мэргэжлийн ур чадварын түвшин, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;
4.1.3."мэргэжлийн сургалт" гэж иргэнд тодорхой мэргэжил эзэмшүүлэх үйл ажиллагааг;
4.1.4."мэргэшил" гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадварын түвшинг.
5 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго
5.1.Мэргэжлийн боловсролын зорилго нь иргэний авьяас, сонирхол, нийгмийн хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд оршино.
5.2.Мэргэжлийн сургалтын зорилго нь мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршино.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага
6 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлагын
6.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага нь төрийн захиргааны, тухайн байгууллагын болон сургуулийн өөрийн удирдлагаас бүрдэнэ.
6.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын төрийн захиргааны удирдлагыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ.
6.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын болон түүний өөрийн удирдлагатай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 33, 36 дугаар зүйл, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1, 20.2-т заасны дагуу зохицуулна.
6.4.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийг үүсгэн байгуулагч, ажил олгогч, хөдөлмөр эрхлэлтийн алба, багш, суралцагч, төгсөгчдийн төлөөлөлтэй байгуулж ажиллуулна.
6.5.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан байгууллага болон аймаг, нийслэлийн боловсролын газар нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг мэргэжил-арга зүйн удирдлагаар хангана.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7 дугаар зүйл. Боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн
7.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаас гадна мэргэжлийн боловсрол, сургалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.мэргэжлийн боловсрол, сургалтын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;
7.1.2.мэргэжлийн боловсролын болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх.
7.2.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн боловсрол, сургалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.2.1.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, энэ тухай мэдээллээр байгууллага, иргэнийг хангах;
7.2.2.мэргэжлийн сургалтын мэдээллийн сан бүрдүүлэх, түүнд дүн шинжилгээ хийх;
7.2.3.мэргэжлийн сургалт эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох;
7.2.4.мэргэжлийн түр сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх, нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах.
8 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл
8.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтын ажиллагааг дэмжих чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
8.2.Зөвлөл нь Засгийн газар, түүний байгууллага, ажил олгогч, ажилтны эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй байна.
8.3.Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газар батална.
8.4.Зөвлөл нь ажлын албатай байж болно. Зөвлөлийн ажлын албаны ажиллах журмыг энэ хуулийн 8.1-д заасан зөвлөл батална.
9 дүгээр зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын
9.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил-арга зүйн төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, зөвлөлгөө өгөх, мэргэжил-арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй алба мөн.
9.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын мэргэжил-арга зүйн төвийн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Мэргэжлийн боловсрол
10 дугаар зүйл. Мэргэжлийн боловсролын агуулга
10.1.Мэргэжлийн боловсролын агуулга нь суралцагчид ажил, мэргэжлийн үндэсний ангилал, мэргэжлийн стандартаар тодорхойлсон мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэнэ.
10.2.Мэргэжлийн боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
10.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэх;
10.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологийн чиглэлээр тодорхой мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг олгох;
10.2.3.мэргэшүүлэх хэсгийн агуулга нь мэргэжлийн чадвар, дадал эзэмшүүлэх, тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх.
10.3.Мэргэжлийн боловсрол нь шатлалтай байна.
10.4.Мэргэжлийн боловсролын агуулгыг багц цагаар хэмжинэ.
11 дүгээр зүйл. Мэргэжлийн боловсролын стандарт
11.1.Мэргэжлийн боловсролын стандарт нь суралцагчид зайлшгүй эзэмшсэн байвал зохих мэргэжлийн боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын байгууллагад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно.
11.2.Мэргэжлийн боловсролын улсын стандартыг боловсролын болон холбогдох төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн боловсролын сургалтын болон мэргэжил-арга зүйн байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоо хамтран боловсруулж, Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай1 хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ.
12 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын
12.1.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь онолын хичээл, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажил байна.
12.2.Үйлдвэрлэлийн сургалт, дадлагыг сургууль дээрх, ажлын байран дахь, төгсөлтийн өмнөх гэсэн хэлбэрээр зохион байгуулна.
12.3.Мэргэжлийн боловсролыг өдөр, орой, эчнээ сургалтын хэлбэрээр эзэмшүүлнэ.
13 дугаар зүйл. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага
13.1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь иргэний сонирхол, авъяас, чадварыг харгалзан нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжил эзэмшүүлэх үүрэг бүхий байгууллага мөн.
13.2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, салбар, үйлдвэрлэлийн харъяалалтай сургалтын төв, мэргэжил-арга зүйн төв, тусгай хэрэгцээт сургалтын байгууллагаас бүрдэнэ.
13.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь зохих түвшний боловсролтой мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ.
14 дүгээр зүйл. Мэргэжлийн боловсролын сургалтын
14.1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь сургалтын орчны стандартын шаардлага хангасан хичээлийн танхим, лаборатори, дадлагын газар, сургалтын талбай, туршилт-үйлдвэрлэлийн цех, сургалтын аж ахуй, соёл-спортын төв, номын сан, мэдээллийн төвтэй байна.
14.2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь бүрэлдэхүүн болон харъяалалдаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэх нэгж, туслах аж ахуйтай байж болно.
14.3.Төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн боловсролын байгууллагын сургалт-үйлдвэрлэл, дадлагын бааз болгон ажиллуулж болно.
15 дугаар зүйл.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг
15.1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 19, 25 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
15.2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 19- 24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
16 дугаар зүйл. Суралцагч элсүүлэх
16.1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суурь, түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ. Энэ нь түр сургалтад элсэгчдэд үл хамаарна.
16.2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад элсэгчдийн хяналтын тоо, суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журмыг энэ хуулийн 8.1-д заасан зөвлөлийн саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
17 дугаар зүйл. Мэргэжлийн боловсролын чанарын үнэлгээ
17.1.Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх асуудлыг Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
17.2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчид мэргэжлийн боловсролын үнэмлэх олгоно. Суурь боловсрол эзэмшсэний дараа хоёроос доошгүй жил суралцан төгсөгчид олгох мэргэжлийн боловсролын үнэмлэх нь бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг давхар гэрчилнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Мэргэжлийн түр сургалт
18 дугаар зүйл. Мэргэжлийн түр сургалтын агуулга
18.1.Мэргэжлийн түр сургалтын агуулга нь суралцагчид нэгж буюу бүлэг ажилбарыг гүйцэтгэхэд шаардагдах техник, технологийн анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.
19 дүгээр зүйл. Мэргэжлийн түр сургалт
19.1.Иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, мэргэшүүлэх түр сургалтыг бүх шатны сургууль, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхлэн явуулж болно.
20 дугаар зүйл.Мэргэжлийн түр сургалт төгсөгчийг үнэлж, дүгнэх
20.1.Мэргэжлийн түр сургалтад суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
20.2.Мэргэжлийн түр сургалтын хөтөлбөрийг хангасан төгсөгч болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад ажиллаж тухайн мэргэжлийн шаардлагыг хангасан гэж ажил олгогчийн тодорхойлсон ажилтан мэргэжлийн ур чадварын шалгалтад орох эрхтэй.
20.3. Онол, дадлагын хэсгээс бүрдэх мэргэжлийн ур чадварын шалгалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хэмжээнд зохион байгуулна.
20.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 20.3-т заасан шалгалтын зарим хэсгийг болон бүхэлд нь аж ахуйн нэгж, байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж болно.
20.5.Энэ хуулийн 20.3-т заасан шалгалтад тэнцсэн иргэнд гэрчилгээ олгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
21 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын
21.1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
21.1.1.сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглах;
21.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээний дадлага хийхэд үндсэн болон дагалдангийн орон тоонд ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх;
21.1.3.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг дээд үнэлгээтэй төгсөгч нь шаталсан сургалттай мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын дараагийн шатны сургалтад тухайн жилдээ мэргэжлээрээ шалгалтгүй элсэх.
21.2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлагын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
22 дугаар зүйл. Мэргэжлийн боловсролын
22.1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн онолын багш нь бакалавр, түүнээс дээш, дадлагын багш нь дипломын боловсролоос доошгүй болон үйлдвэрлэлийн зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй байна.
22.2.Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сурган-заах арга зүй эзэмшсэн байна.
22.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын онолын болон дадлагын багшид Бага, дунд боловсролын тухай хуулийн 21.4-т заасны дагуу мэргэжлийн зэрэг олгоно.
23 дугаар зүйл.Мэргэжлийн боловсролын сургалтын
23.1.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
23.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу гэрээгээр ажиллах, мэргэшил дээшлүүлэх;
23.1.2. шинэ техник, технологи судлах, дадлага хийх.
23.2.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүргтэй:
23.2.1.сургалтын явцад эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг ханган ажиллах;
23.2.2.аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
23.2.3.шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтад хэрэглэх.
24 дүгээр зүйл. Нийгмийн түншлэл
24.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг сонирхогч этгээд нэгдэн нийгмийн түншлэлийг бүрдүүлнэ.
24.2.Нийгмийн түншлэл нь дараахь чиглэлээр хамтран ажиллана:
24.2.1.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого боловсруулахад оролцох;
24.2.2.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах;
24.2.3.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг санхүүгийн талаар дэмжих;
24.2.4.сургалтын агуулга, стандарт боловсруулахад оролцох;
24.2.5.үйлдвэрлэлийн сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах;
24.2.6.багш нарын мэргэшил дээшлүүлэх;
24.2.7. мэргэжлийн шалгалт хамтран авах;
24.2.8.төгсөгчийг ажлын байраар хангах;
24.2.9. хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
25 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын
25.1.Төрийн өмчийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал болон анхан шатны ангид сурч байгаа суралцагчийн дотуур байрны нийт зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг сурагчид ногдох хувьсах зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.
25.2.Төрийн бус өмчийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох хувьсах зардлын төсвөөс санхүүжүүлсэн хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.
25.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн үйлдвэрлэлийн сургалт, дадлагын зардлыг сургалтын байгууллага, аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
25.4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1-д заасан иргэний мэргэжлийн түр сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
26 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын хяналт
26.1.Мэргэжлийн боловсролын төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/
26.2.Мэргэжлийн түр сургалтын төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/
27 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай
27.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Боловсролын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаас гадна энэ хуулийн 21.1.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 50000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэлийг боловсролын хяналтын улсын байцаагч ногдуулна.
27.2.Энэ хуулийн 7.2.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000, албан тушаалтныг 50000-60000, иргэнийг 30000-50000 төгрөгөөр тус тус торгох шийтгэлийг хөдөлмөрийн улсын байцаагч ногдуулна.
ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
