- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХУУЛЬ /Энэ хуулийг 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ хуулийг 2001 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгж, байгууллагаас нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж
1.Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл
3 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэл хөтлөх
1.Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, түүний эх үүсвэр болон үйлдвэрлэл, ажил, үйлчилгээнийхээ санхүүгийн үр дүн, мөнгөн хөрөнгийн хөдлөлийн талаар нягтлан бодох бүртгэл заавал хөтөлж, тайлан тэнцэл гаргана.
Нягтлан бодох бүртгэлд анхан шатны бүртгэлийн албан ёсны баримт бүрдүүлэх, түүнийг үндэслэж дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл гаргах үйл ажиллагаа хамаарна.
2.Аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийг энгийн эсхүл давхар бичилтийн хэлбэрээр хөтөлнө. Харилцагч санхүүгийн байгууллагатай тохиролцсон аж ахуйн нэгж, байгууллага нь энгийн хэлбэрээр, бусад аж ахуйн нэгж, байгууллага давхар бичилтийн хэлбэрээр нягтлан бодох бүртгэлийг хөтөлнө.
4 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн ажлын зохион байгуулалт
1.Нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлал нь анхан шатны ба нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцлийн маягт, заавар, нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалт, түүнийг хэрэгжүүлэх заавар зэргээс бүрдэнэ.
2.Аж ахуйн нэгж, байгууллага заавал хөтлөх нягтлан бодох бүртгэлийн нийтлэг маягт, түүнийг хөтлөх аргачлалыг Сангийн сайд батална. Аж ахуйн нэгж, байгууллага нь эдгээр маягт, аргачлалаас гадна дотооддоо мөрдөх мэдээ, тайлан, анхан шатны бүртгэлийн маягтыг боловсруулан хэрэглэж болно.
3.Нягтлан бодох бүртгэлийн маягт, аргачлал дараахь шаардлагыг хангасан байна:
1/улсын эдийн засгийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, өмч эзэмшигчээс үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийх, удирдлагын шийдвэр гаргах, хяналт тавих бололцоотой байх;
2/маягтын үзүүлэлт нь улсын нэгдсэн мэдээллийн шаардлага хангасан товч, тодорхой, ойлгомжтой, агуулга нь давхардаагүй, оновчтой загвараар зохиогдсон байх;
3/олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарттай нийцсэн байх;
4/нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл гаргах албан тушаалтан, хугацааг тодорхой заасан байх.
5 дугаар зүйл. Тайлан тэнцлийн бүрэлдэхүүн, түүнийг баталгаажуулах, тушаах
1.Аж ахуйн нэгж, байгууллагын тайлан тэнцэл нь хөрөнгө, түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан тэнцэл, хавсралт тайлангаас бүрдэнэ.
Тайлан тэнцэлд аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлтийг хавсаргасан байна.
2.Аж ахуйн нэгж, байгууллага нь тайлан тэнцлээ оны эхнээс өссөн дүнгээр улирал бүр гаргана. Санхүүгийн тайлан нь татварын алба, хувьцаа эзэмшигч болон хувь нийлүүлэгчидтэй тооцоо хийх үндэслэл болно. Зөвхөн баталгаажуулсан санхүүгийн тайлан болон түүний хураангуйг аудиторын дүгнэлтийн хамт хэвлэн нийтэлж болно. /Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3./Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.Баталгаажуулсан тайлан тэнцлийг харилцагч санхүүгийн байгууллагад тушаана. Энэхүү тайлан тэнцлийг статистик, банкны байгууллага шаардан авч болно.
5.Аж ахуйн нэгж, байгууллага улирлын тайлан тэнцлээ дараа улирлын эхний сарын 20, жилийн эцсийн тайлан тэнцлээ дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор тус тус гаргаж тушаана.
6 дугаар зүйл.Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж
1.Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтийн нэгж нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг, мөнгөөр илэрхийлэгдсэн байна.
2.Аж ахуйн нэгж, байгууллага нь гадаад валютаар гүйлгээ хийсэн бол уг валютыг тухайн үед мөрдөж байгаа Монголбанкнаас тогтоосон ханшаар төгрөгт шилжүүлэн нягтлан бодох бүртгэлд тусгана.
7 дугаар зүйл.Хөрөнгийн үнэлгээ
1.Аж ахуйн нэгж, байгууллага хөрөнгөө түүнийг олж бэлтгэсэн, худалдаж авсан үнэ, барьж байгуулсан өртгөөр нь нягтлан бодох бүртгэлд тусгана.
2.Нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэлд тусгасан үндсэн болон эргэлтийн хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаас тусгай шийдвэр гаргаагүй бол жилийн дундуур өөрчлөхгүй бөгөөд шаардлагатай гэж үзвэл зөвхөн жилийн эцэст дахин үнэлж болно.
3.Төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан байдлаар хувь оролцсон аж ахуйн нэгж, байгууллагын үрэгдүүлж, дутагдуулсан хөрөнгийн тооцоог тухайн үеийн зах зээлийн үнээр хийнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нягтлан бодох бүртгэлийн ажлыг
эрхлэх, удирдах, зохицуулах
8 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн байгууллага, түүний үүрэг
1.Нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар улсын хэмжээнд нэг мөр хангах үүргийг Сангийн сайд хүлээнэ. Энэ зорилгоор Сангийн яамны бүтцэд нягтлан бодох бүртгэлийн арга зүйн удирдлагыг эрхлэх нэгж /газар, хэлтэс/ байж болно.
2.Нягтлан бодох бүртгэлийг зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч хүлээнэ.
3.Аж ахуйн нэгж, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийг мэргэжлийн буюу мэргэшсэн нягтлан бодогчоор гүйцэтгүүлнэ.
4.Сангийн сайдын дэргэд Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөл ажиллана. /Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9 дүгээр зүйл.Нягтлан бодогчийн мэргэжил, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох
1.Нягтлан бодогчийн мэргэжлийг мэргэжлийн сургалтын байгууллага олгоно. Аж ахуйн нэгж, байгууллага нь гагцхүү шинжлэх ухаан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яамны зөвшөөрөлтэйгээр нягтлан бодогчийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж болно.
2.Мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан нягтлан бодогчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу Сангийн яам, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн орон тооны бус зөвлөл тусгай хөтөлбөрөөр шалгаж, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх түүнд олгоно.
3.Төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан байдлаар хувь оролцсон аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг гагцхүү мэргэшсэн нягтлан бодогч удирдана.
10 дугаар зүйл.Нягтлан бодогчийн бүрэн эрх
Нягтлан бодогч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/тухайн аж ахуйн нэгж, байгууллагынхаа санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулах, хяналт шалгалт хийх, арга зүйн зөвлөмж өгөх;
2/баталсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, тайлан тэнцэл гарган аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хувь нийлүүлэгч ба хувьцаа эзэмшигчийг үнэн зөв мэдээллээр хангах;
3/санхүү, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль, хууль тогтоомжийн бусад актыг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хэрэгжүүлж, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих, биелүүлэхийг холбогдох ажилтнуудаас шаардах;
4/хууль тогтоомжийн дагуу тавьсан шаардлагыг нь эсэргүүцэх буюу хэрэгжүүлээгүй тохиолдолд энэ тухай холбогдох байгууллагад мэдэгдэх;
5/санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах. Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардах, гүйцэтгүүлсэн бол үүнээс үүсэх хариуцлагыг нягтлан бодогч хүлээхгүй;
6/өөрийн ажил, үүргийнхээ дагуу шууд хяналт тавьдаг албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэхгүй байх.
11 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэл, хяналтын итгэмжлэгдсэн байгууллага
1.Нягтлан бодох бүртгэл, хяналтын итгэмжлэгдсэн байгууллага /цаашид "итгэмжлэгдсэн байгууллага" гэх/ нь үйл ажиллагааныхаа орлогоор бүрэн санхүүжиж бие даан үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байна.
2./Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
З./Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4./Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5./Энэ хэсгийг 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл
12 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх албан тушаалтныг 60000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацааг зөрчсөн бол хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч буруутай этгээдийг 50000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
3.Санхүүгийн тайлангаа 4 улирал дараалан гаргаагүй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоож, улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг хураана.
4.Мэргэшсэн нягтлан бодогч нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл хөтлөх, шалгах үйл ажиллагаандаа алдаа гаргасан, эсхүл буруу гаргасан тайлан тэнцлийг баталгаажуулсан бол мэргэшсэн нягтлан бодогчийнх нь эрхийг хасах буюу түүнд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 1997 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хууль 199З оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
