- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ХҮН АМЫН ЭМЗЭГ ХЭСЭГТ ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БОЛОН АСРАМЖИЙН ЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ /энэ хуулийг 1998 оны 1

/Энэ хуулийг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ХҮН АМЫН ЭМЗЭГ ХЭСЭГТ ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БОЛОН АСРАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүн амын эмзэг хэсэгт төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тогтоож, үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ, түүний төрөл
1.Ахмад настан, тахир дутуу хүн, бүтэн өнчин хүүхэд болон гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг төрөөс байнга асарч сувилах үйлчилгээг нийгмийн асрамжийн үйлчилгээ гэнэ.
2.Иргэнийг түр хугацаагаар хооллох, эсвэл түүнд наад захын хувцас, хүнс болон ахуй, соёлын зарим зүйл олгох, мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээг нийгмийн халамжийн үйлчилгээ гэнэ.
3.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ дор дурдсан төрөлтэй байна:
1/ахмад настныг байнга асрамжлах үйлчилгээ;
2/тахир дутуу хүнийг байнга асрамжлах үйлчилгээ;
3/өнчин хүүхдийг байнга асрамжлах үйлчилгээ;
4/нэн ядуу амьдралтай иргэнд үзүүлэх халамжийн үйлчилгээ;
5/гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл нь төрийн зардлаар асрамжлан өсгөж, хүмүүжүүлэх үйлчилгээ;
6/амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-д үзүүлэх халамжийн үйлчилгээ.
3 дугаар зүйл.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний хамрах хүрээ
1.Нийгмийн асрамжийн үйлчилгээнд дор дурдсан иргэн хамрагдана:
1/бие даан амьдрах чадваргүй , асран хамгаалж,тэжээн тэтгэх төрөл садангүй ганц бие, эсвэл асран хамгаалагч,тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоогүй нь тогтоогдсон ахмад настан, тахир дутуу хүн;
2/хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бүтэн өнчин хүүхэд;
3/төрийн зардлаар асрамжлан өсгөхийг эцэг, эх нь зөвшөөрсөн гурав ба түүнээс дээш ихэр хүүхэд.
2.Нэн ядуу амьдралтай иргэн, амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/ нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдана.
4 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргах
5 дугаар зүйл.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний зардлын хэмжээ
1.Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дор дурдсан зардлын норматив, эд юмсын эдэлгээний хугацаа,журмыг тогтоон мөрдүүлнэ:
1/нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоол хүнс, хувцас, эм, ариун цэвэр, хичээлийн хэрэглэлийн нэг хүнд ногдох зардлын норматив,хувцас,хичээлийн хэрэглэлийн эдэлгээний хугацаа;
2/нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаад нас барсан иргэнийг оршуулах зардлын норматив;
3/нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ үзүүлэх журам, нэг хүнд өдөрт оногдох хоолны болон бусад үйлчилгээний зардлын норматив.
2.Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг төрийн зардлаар өсгөж, хүмүүжүүлэх журам, зардлын нормативыг эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
6 дугаар зүйл.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний зохион байгуулалт
1.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний бодлого, арга зүйн асуудлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон асуудлыг нутгийн захиргааны байгууллага тус тус эрхэлнэ.
2.Нийгмийн асрамжийн үйлчилгээг аймаг, нийслэлийн асрамжийн газар, нийгмийн халамжийн үйлчилгээг сум, дүүргийн халамжийн төв тус тус үзүүлнэ.
3.Сум, дүүргийн нутаг дэвсгэрт биеэ даасан асрамжийн газартай бол түүнд тухайн сум, дүүргийн халамжийн үйлчилгээг нэгтгэн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний төв байгуулан ажиллуулж болно.
4.Нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний байгууллагын үлгэрчилсэн дүрмийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
5.Иргэн,хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, Засгийн газрын бус байгууллага өөрийн зардлаар ахмад настан, бүтэн өнчин хүүхэд, тахир дутуу хүнийг халамжлан асрахыг төр дэмжинэ.
6.Иргэн,хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, Засгийн газрын бус байгууллагад энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан чиглэлээр ажиллах зөвшөөрөл олгох буюу асруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хохироосон бол түүний үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг сум, дүүргийн Засаг дарга гаргана.
7 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1996 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ
Текст томруулах
A
A
A
