- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ /энэ хуулийг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
/Энэ хуулийг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1995 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж дараахь төрөлтэй байна:
1/нийгмийн халамжийн тэтгэвэр;
2/жирэмсний болон амаржсаны тэтгэмж;
3/хүүхэд асарсны тэтгэмж;
4/олон хүүхэдтэйн тэтгэмж;
5/нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж;
6/ихэр хүүхдийн тэтгэмж;
7/бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмж.
3 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дор дурдсан иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрхтэй:
1/бие даан амьдрах чадваргүй, асран хамгаалж тэжээн тэтгэх үр хүүхэд , төрөл садангүй, нэн ядуу амьдралтай 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй;
/Энэ заалтыг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2/хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу хүн;
3/төрөлхийн тахир дутуу болон 16 насанд хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүн;
4/тэжээгч нь нас барсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
5/бүрэн хараагүй,хэлгүй, дүлий болон одой хүн;
6/хүний амь аврах, байгалийн гамшиг, осолтой тэмцэж иргэний журамт үүргээ биелүүлж яваад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж тахир дутуу болсон хүн;
7/энэ зүйлийн 6-д зааснаар журамт үүргээ биелүүлж яваад нас барсан иргэний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
8/нэн ядуу амьдралтай өрх толгойлсон бөгөөд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг.
/Энэ заалтад 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ
1.Нийгмийн халамжийн тэтгэврийг тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 60 хувиар бодож олгоно.
/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Энэ хуулийн З дугаар зүйлийн 6, 7-д заасан иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж олгоно.
5 дугаар зүйл.Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ
1.Эх хүүхдээ төрүүлэхийн өмнө 45 /ихэр бол 70/ хоног, амаржсаны дараа 56 хоног, ихэр хүүхэд төрүүлсэн, эсвэл хүүхдээ хүндрэлтэй төрүүлсэн бол 70 хоногийн амралтын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
2.Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу эмнэлгийн дүгнэлтээр ураг хөндүүлсэн, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эхэд амаржсаны тэтгэмж олгоно.
3.Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ асарч байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн эхний хоёр удаагийн төрөлт хамаарагдана.
4.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Засгийн газраас тухайн үед тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож олгоно.
5.Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, төрийн болон цэргийн байгууллагын албан хаагч эхэд энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгох тэтгэмж, тухайн эхийн сарын хөдөлмөрийн хөлсний зөрүүг аж ахуйн нэгж, байгууллага нь олгож болно.
6 дугаар зүйл.Хүүхэд асарсны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ
1.Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бөгөөд амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой эх төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ 2 настай /ихэр бол 3 настай/ болтол нь асрах хүсэлтээ гаргавал амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсний дараа хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
2.Хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд нэн ядуу амьдралтай эх болон их, дээд сургууль, коллежийн оюутан эх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг авах эрхтэй.
3.Хүүхэд асарсны тэтгэмжийг тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар бодож сар бүр олгоно. /Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа хүүхэд дахин төрүүлсэн болон үрчлэн авсан эхийн түрүүчийн хүүхэд асарсны тэтгэмжийг зогсоож, дараагийн хүүхдээ асрахад нь зориулан түүнд хүүхэд асарсны тэтгэмж олгоно. Уг тэтгэмж нь эхийн зөвхөн эхний хоёр удаагийн чөлөөний хугацаанд хамаарна.
5.Хүүхдээ асарч байгаа эхэд аж ахуйн нэгж, байгууллага нь нэмэгдэл тэтгэмж олгож болно.
7 дугаар зүйл.Олон хүүхэдтэйн тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ
1.Төрүүлсэн болон үрчилж авсан 16 хүртэл насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй, тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой эх /эцэг/ олон хүүхэдтэйн тэтгэмж авах эрхтэй.
2.Амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, 16 хүртэл насны 2 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-ийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамааруулна.
3.Олон хүүхэдтэйн тэтгэмжийг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний байдлаар эсэн мэнд байгаа энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан насны хүүхэд тус бүрээр тооцож, дараахь хэмжээгээр жилд 1 удаа олгоно.
Хүүхдийн нас Хүүхэд бүрт олгох тэтгэмжийн хэмжээ /төгрөгөөр/
0-3 800
4-7 1500
8-15 2500
8 дугаар зүйл.Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ
1.Нэн ядуу өрхийн эх хүүхдээ төрүүлснээс хойш З сарын дотор нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж авах эрхтэй.
2.Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмжийн хэмжээг Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөл тогтоож байна.
9 дүгээр зүйл.Ихэр хүүхдийн тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ
1.Хоёр ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа эхийн төрснөөс хойш З сарын дараа хүүхэд тус бүрд 5000 төгрөгийн тэтгэмж нэг удаа олгоно.
2.Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг төрийн зардлаар асрамжлан өсгөөгүй бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг хүүхэд тус бүрд олгоно.
10 дугаар зүйл.Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмж авах эрх,тэтгэмжийн хэмжээ
1.Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч,өсгөж хүмүүжүүлж байгаа эцэг /эх/ үрчлэн авсан хүүхдээ 16 нас хүртэл нь тэтгэмж авах эрхтэй.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн хэмжээг Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
11 дүгээр зүйл.Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацаа
1.Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох иргэн өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-д өгнө:
1/нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгох иргэн уг тэтгэврийг тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа;
2/жирэмсний тэтгэмж авах эх жирэмсний амралт эхэлсний дараа 2 долоо хоногийн дотор, амаржсаны тэтгэмж авах эх амаржсаны дараа 4 долоо хоногийн дотор ;
3/олон хүүхэдтэйн тэтгэмж эхний удаа авах иргэн жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор;
4/хүүхэд асарсны тэтгэмж авах эх амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсний дараа 2 долоо хоногийн дотор;
5/нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж авах эх хүүхдээ төрүүлснээс хойш 4 долоо хоногийн дотор, ихэр хүүхдийн тэтгэмж авах эх ихэр хүүхдээ төрүүлснээс хойш З сар өнгөрсний дараа 2 долоо хоногийн дотор;
6/бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмж авах иргэн хүүхдээ үрчлэн авснаас хойш 4 долоо хоногийн дотор.
2.Тэтгэвэр авах өргөдлийг сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ хүлээж авснаас хойш З0 хоногийн дотор, тэтгэмж авах өргөдлийг 21 хоногийн дотор тус тус хянан шийдвэрлэнэ.
12 дугаар зүйл.Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг
1.Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
1/энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1,8-д заасан насанд хүрсэн, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай буюу амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой болох тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ;
2/энэ хуулийн З дугаар зүйлийн 2, З, 5, 6-д заасан иргэний тахир дутуу болсныг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
3/энэ хуулийн З дугаар зүйлийн 4, 7-д заасан хөдөлмөрийн чадваргүй гишүүний төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт.
2.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг эхийн өргөдөл, эмнэлгийн хуудсыг үндэслэн олгоно.
3.Хүүхэд асарсны тэтгэмж олгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
1/тухайн эхийн амьдарч байгаа өрхийн нэг хүнд ногдох орлого нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур буюу нэн ядуу амьдралтай өрх, иргэнд тооцогдох эсэх талаар баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
2/хөдөлмөр эрхэлдэг эхэд хүүхдээ асрахад зориулж аж ахуйн нэгж, байгууллагаас чөлөө олгосон тухай шийдвэр;
3/суралцаж байгаа тухай их, дээд сургууль, коллежийн тодорхойлолт;
4/хүүхдийн төрсний гэрчилгээ.
4.Олон хүүхэдтэйн тэтгэмж олгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
1/хүүхдийн төрсний гэрчилгээ, эх /эцэг/-ийн иргэний паспорт буюу түүнтэй адилтгах баримт бичиг;
2/тухайн жилд хүүхэд нэмэгдэж, хасагдсан хөдөлгөөн, хүүхэд эсэн мэнд өсөн хүмүүжиж байгаа тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
5.Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж олгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
1/хүүхэд эсэн мэнд өсөж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт;
2/хүүхдийн төрсний гэрчилгээ;
3/нэн ядуу амьдралтай өрх, иргэнд тооцогдох тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
6.Ихэр хүүхдийн тэтгэмжийг олгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
1/ихэр хүүхдийн төрсний гэрчилгээ;
2/ихэр хүүхэд эсэн мэнд өсөж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт;
3/гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг төрийн зардлаар асрамжлан өсгөөгүй тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
7.Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч,өсгөсний тэтгэмж олгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:
1/бүтэн өнчин хүүхдийн төрсний гэрчилгээ;
2/бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эцэг /эх /-ийн иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг;
3/бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авч,өсгөн хүмүүжүүлж байгаа тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт.
13 дугаар зүйл.Тэтгэвэр, тэтгэмж олгох
1.Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 2, З, 5 дахь хэсэгт заасны дагуу олгоно.
2.Жирэмсний болон амаржсаны , хүүхэд асарсны, нярай хүүхдийн арчилгааны, ихэр хүүхдийн, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмжийг сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ тухайн иргэний ажиллаж, сурч байгаа аж ахуйн нэгж, байгууллагаар дамжуулан олгож, зохих тооцоог хийж байна.
3.Олон хүүхэдтэйн тэтгэмжийг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор багтаан банкны байгууллагаар дамжуулан олгоно.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг хөдөлмөр эрхэлдэггүй иргэнд сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас олгоно.
14 дүгээр зүйл.Тэтгэврийг нэгтгэн тогтоох, тэтгэвэр, тэтгэмжийг түдгэлзүүлж зогсоох,түүнээс суутгал хийх
Энэ хуулийн З дугаар зүйлийн 4,7-д заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нийгмийн халамжийн тэтгэврийг нэгтгэн тогтооход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн заалтыг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг түдгэлзүүлж зогсоох буюу түүнээс суутгал хийхэд мөн хуулийн 27, 29 дүгээр зүйлийн заалтыг тус тус баримтална.
15 дугаар зүйл.Тэтгэвэр,тэтгэмжийн хэмжээг өөрчлөх
1.Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нийгмийн халамжийн бүх төрлийн тэтгэвэр ,тэтгэмжийг өөрчлөх индексийг Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.
2.Амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр нийгмийн халамжийн тэтгэвэр болон хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоож байна.
16 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
1.Энэ хуулийн 3, 4, 10 дугаар зүйлийг 1996оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс, 7 дугаар зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс, бусад зүйлийг 1996 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.
2.Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ
Текст томруулах
A
A
A
