- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
/Энэ хуулийг 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь нийгмийн халамжийн төрөл,хамрах хүрээг тогтоож, нийгмийн халамжийн санг бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн үндэс, нийгмийн халамжийн асуудал болон үйл ажиллагааг эрхлэх байгууллага, албан тушаалтны чиг үүргийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж
1.Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Нийгмийн халамж, түүний төрөл
1.Нийгмийн халамж нь хүн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан, эх, хүүхэд, тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эцэг /эх/ болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий нийгмийн хамгаалалтын арга хэмжээ мөн.
2.Дор дурдсан иргэнийг хүн амын эмзэг хэсэгт хамааруулна:
1/бие даан амьдрах чадваргүй, асран хамгаалж, тэжээн тэтгэх төрөл садангүй ганц бие ахмад настан, тахир дутуу хүн болон бүтэн өнчин хүүхэд;
2/тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой ахмад настан, тахир дутуу хүн, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/;
3/нэн ядуу амьдралтай иргэн;
4/хуульд заасан нөхцөл, журмын дагуу нийгмийн халамжийн тэтгэвэрт хамаарагдах иргэн.
3.Өрхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ нь Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 4О хувиас доогуур бол тухайн өрх, иргэн нэн ядуу амьдралтайд тооцогдоно.
4.Амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээг Засгийн газар тогтоож байна.
5.Нийгмийн халамж дор дурдсан төрөлтэй байна:
1/нийгмийн халамжийн тэтгэвэр;
2/нийгмийн халамжийн тэтгэмж;
3/нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээ;
4/ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээ;
5/тахир дутуу хүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээ.
4 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн хамрах хүрээ
Хууль тогтоомжид заасан нөхцөл, журмыг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээнд хамаарагдана.
5 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээнд хамаарагдахгүй байх тохиолдол
Нийгмийн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэн /дайн, байлдаан, зэвсэгт тулгаралтад оролцсоноос бусад/ нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, мөн сангаас санхүүжигдэх нийгмийн халамжийн үйлчилгээнд үл хамаарна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нийгмийн халамжийн сан
6 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сан, түүний бүтэц, төрөл
1.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээнд зарцуулах хөрөнгийг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
2.Нийгмийн халамжийн сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд төвлөрсөн болон орон нутгийн салбар сангаас бүрдэнэ.
3.Нийгмийн халамжийн сан дор дурдсан төрөлтэй байна:
1/нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сан;
2/нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сан.
4.Нийгмийн халамжийн сангийн дүрмийг Засгийн газар батална.
7 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сангийн орлогын эх үүсвэр
1.Нийгмийн халамжийн сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
1/Нийгмийн халамжийн санд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
2/сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;
3/олон улсын байгууллага, гадаад улс, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс нийгмийн халамжийн санд шууд зориулалттайгаар олгосон хандивын орлого, тусламж;
4/бусад эх үүсвэр.
2./Энэ хэсгийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8 дугаар зүйл.Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн зарцуулалт
1.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж олгох, зардлыг санхүүжүүлэх зориулалтаар зарцуулна:
1/нийгмийн халамжийн тэтгэвэр;
2/жирэмсний болон амаржсaны, хүүхэд асарсны, олон хүүхэдтэйн, нярай хүүхдийн арчилгааны, ихэр хүүхдийн болон бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөсний тэтгэмж;
3/гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг 4 нас хүртэл төрөөс асрамжлан өсгөж хүмүүжүүлэх зардал;
4/хууль тогтоомжид заасан бусад зардал.
2.Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний сангийн хөрөнгийг хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу дор дурдсан зардлыг санхүүжүүлэх зориулалтаар зарцуулна:
1/ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний зардал;
2/тахир дутуу хүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний зардал;
3/нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны зардал;
4/хууль тогтоомжид заасан бусад зардал.
3.Хуульд өөрөөр заагаагүй бол нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бус чиглэлээр ашиглахыг хориглоно.
4.Нийгмийн халамжийн нэг төрлийн сангийн хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийг Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн хөрөнгө дутагдалтай өөр төрлийн санд 6 сараас дээшгүй хугацаагаар шилжүүлэн зарцуулж болно.
9 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын төсвийг батлах
1.Нийгмийн халамжийн санд улсын төвлөрсөн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газраас оруулсан саналыг үндэслэн жил бүрийн Төсвийн тухай хуулиар тогтооно.
2.Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний санд орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн төсөвт тусгайлан зааж батална.
10 дугаар зүйл.Сангийн тайлан тэнцэл гаргах, тайлагнах
1.Нийгмийн халамжийн сан тус бүрийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд дараахь төсөв захирагч, байгууллага гарган тайлагнаж байна:
1/улирлын тайланг сум, дүүргийн төсвийн ерөнхийлэн захирагч тухайн улирлын дараа сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлэн захирагчид, аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлэн захирагч тухайн улирлын дараа сарын 25-ны дотор нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус гаргаж ирүүлнэ;
2/нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага халамжийн сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 10-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 25-ны дотор тус тус гаргаж, санал дүгнэлтийн хамт Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөлд тайлагнана.
2.Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөл хагас жилийн болон жилийн эцсийн тайлан тэнцлийг хянан хэлэлцэж зохих дүгнэлт гаргана.
11 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн сангийн бүртгэл, тайлан
Нийгмийн халамжийн сангийн бүртгэл, тайлангийн маягтын загварыг Сангийн болон Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нийгмийн халамжийн үйл ажиллагааны зохион байгуулалт
12 дугаар зүйл.Нийгмийн халамжийн асуудал эрхлэх байгууллага, албан тушаалтан, тэдгээрийн чиг үүрэг
1.Нийгмийн халамжийн асуудлыг улсын хэмжээнд нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга эрхлэн хэрэгжүүлнэ.
2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/нийгмийн халамжийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах;
2/нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
3/нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг төлөвлөх, уг санд улсын төвлөрсөн төсвөөс олгох хөрөнгийн тооцоог хянах, сангийн хөрөнгийн талаар Засгийн газарт санал оруулах;
4/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
3.Бүх шатны Засаг дарга нийгмийн халамжийн асуудалтай холбогдсон дор дурдсан чиг үүргийг тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ:
1/нийгмийн халамжийн асуудлаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд авах арга хэмжээний талаар санал боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах;
2/нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тэдгээрийн хэрэгжилт, нийгмийн халамжийн сангийн хагас жилийн болон жилийн эцсийн тайлан тэнцлийн талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид илтгэх;
3/нийгмийн халамжийн санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангуулах;
4/нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний байгууллагын ажиллах журмыг тогтоон мөрдүүлж, тэдгээрийн үйл ажиллагаа, үйлчилгээний төрөл, хэлбэрийг цаашид боловсронгуй болгох санал боловсруулж шийдвэрлэх;
5/нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээнд хамрагдах иргэний талаар зохих тодорхойлолт, шийдвэр гаргах, шаардлагатай гэж үзвэл нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргуулах;
6/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
13 дугаар зүйл.Нийгмийн халамжийн үйл ажиллагааг эрхлэх байгууллага, түүний чиг үүрэг
1.Нийгмийн халамжийн үйл ажиллагааг нутгийн захиргааны байгууллага эрхлэн зохион байгуулна.
/Энэ хэсгийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хассан./
3.Нийгмийн халамжийн үйл ажиллагааг эрхлэх байгууллага дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
2/нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
3/нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг цаг тухайд нь олгох, асрамж, үйлчилгээг сайжруулах;
4/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
14 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөл
1.Нийгмийн халамж, эрүүл мэнд, дэд бүтэц, сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, ахмад настан, тахир дутуу хүмүүсийн зэрэг Засгийн газрын бус байгууллагын төлөөлөгчид оролцсон Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийг 9-өөс илүүгүй гишүүнтэйгээр нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулж ажиллуулна.
2.Нийгмийн халамжийн Үндэсний зөвлөлийг /цаашид «Үндэсний зөвлөл» гэх/ нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
3.Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих;
2/нийгмийн халамжийн үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагын тайлан, мэдээллийг хэлэлцэж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар зохих шатны байгууллагад санал оруулах;
3/нийгмийн халамжийн асуудлаар зөвлөмж гаргах;
4/иргэдээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээтэй холбогдуулж гаргасан гомдлыг барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
5/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
4.Үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална.
5.Үндэсний зөвлөлийн гишүүнд ажлын оролцоог харгалзан улирал тутам цалингийн нэмэгдэл олгож болно. Цалингийн нэмэгдлийн дээд хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
6.Нийгмийн халамжийн салбар зөвлөлийг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулж болно. Салбар зөвлөлийн дүрмийг Үндэсний зөвлөл батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
15 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж зөрчсөн, хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан, нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээнд хамрагдсан гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
16 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1996 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.ГОМБОЖАВ
Текст томруулах
A
A
A
