- Нүүр
- Монгол Улсын хууль
- НӨХӨРЛӨЛ, КОМПАНИЙН ТУХАЙ БОЛОН ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

/Энэ хуулийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүйд тооцсон./
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 6 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
НӨХӨРЛӨЛ, КОМПАНИЙН ТУХАЙ БОЛОН ХОРШООНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нөхөрлөл, компанийн тухай болон Хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх
1.Нөхөрлөл, компанийн тухай болон Хоршооны тухай хуулийг эдгээр хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш үүсэн байгуулагдсан нөхөрлөл, компани, хоршоо дагаж мөрдөнө.
2.Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу байгуулагдан ажиллаж байгаа хоршоо, компани нь Нөхөрлөл, компанийн тухай болон Хоршооны тухай хуулийн дагуу тус тус гэрээ, дүрмээ шинэчлэн өөрчилж, уг өөрчлөлтөө улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд Аж ахуйн нэгжийн тухай хуулийн зохих заалтыг дагаж мөрдөнө.
2 дугаар зүйл.Гэрээ, дүрэм болон аж ахуйн нэгжийг шинэчлэн бүртгүүлэх
1.Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу байгуулагдан ажиллаж байгаа хоршоо, компани нь өөрийн гэрээ, дүрэмдээ Нөхөрлөл, компанийн тухай болон Хоршооны тухай хуульд нийцүүлэн зохих нэмэлт, өөрчлөлт оруулж, уг нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоршоо, компани Иргэний хууль, Нөхөрлөл, компанийн тухай хууль болон Хоршооны тухай хуулийн дагуу хуулийн этгээдийн хувьд өөрчлөн байгуулагдвал улсын бүртгэлд шинээр бүртгүүлнэ.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх нөхөрлөл, компани, хоршоог улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
3 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгүүлэх хугацаа
1.Гэрээ, дүрмээ шинэчилсэн буюу өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжүүд энэхүү өөрчлөлтөө 1996 оны 9 дүгээр сарын 1-ний дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор улсын бүртгэлд бүртгүүлээгүй хоршоо, компанийг эрх бүхий байгууллага татан буулгаж, улсын бүртгэлээс хасна.
4 дүгээр зүйл.Үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийх, дүрмийн сан бүрдүүлэх хугацааг тогтоох
1.Үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлж байгаа болон өөрчлөн байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжүүд энэ хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэхийн өмнө үндсэн хөрөнгийнхөө дахин үнэлгээг засгийн газраас баталсан аргачлал, журмын дагуу хийнэ. Энэхүү үнэлгээнд үндэслэн гишүүдийн эзэмшиж буй хувь хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтооно.
2.Энэ хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ, дүрэмдээ зохих нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч дүрмийн сан нь Нөхөрлөл, компанийн тухай хуульд заасан хэмжээнд хүрээгүй компанийн дүрмийн санг бүрдүүлэх хугацааг 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр тогтооно. Энэхүү хугацаанд багтааж дүрмийн сангаа бүрдүүлээгүй компанийг эрх бүхий байгууллага татан буулгаж, улсын бүртгэлээс хасна.
5 дугаар зүйл.Бусад зүйл
1.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрчлөн байгуулагдаж байгаа хоршоо, компанийн байгуулсан гэрээ хэлцэл, төлбөр тооцоотой холбогдсон эрх, үүрэг ийнхүү шинээр өөрчлөн байгуулагдсан нөхөрлөл, компани, хоршоонд шилжинэ.
2.Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7-д заасан хянан шалгагч /хянан шалгагчдын зөвлөл/-аар 1998 оны 1 дүгээр сарын 1 хүртэл мэргэжлийн нягтлан бодогчийг сонгож болно.
3.Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу байгуулагдан ажиллаж байгаа хувиараа эрхлэх аж ахуй, улсын үйлдвэрийн газар нь эдгээртэй холбогдсон харилцааг хуулиар шинэчлэн зохицуулах хүртэл үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлнэ. 6 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох Энэ хуулийг Нөхөрлөл, компанийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
