A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

ОЙН ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ойн тухай хууль тогтоомж

Хэвлэх

Ойн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Ойг өмчлөх, эзэмших, ашиглах

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу ойн нөөц төрийн өмч мөн.

2.Төрийн захиргааны төв байгууллага нь ойн нөөцийг аймаг, нийслэл, сумын эзэмшилд олгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн санг тодорхой хугацаа, нөхцөл, болзол, төлбөртэйгээр аж ахуйн нэгж, байгууллагад дангаар, иргэнд дундын хэлбэрээр эзэмшүүлж, ашиглуулж болно. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Хууль тогтоомж болон гэрээ, эрхийн бичгийн дагуу төлбөр төлж бэлтгэсэн мод, түлээ, ойн дагалт баялаг, түүнчлэн энэ хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад хэлбэрээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ой, мод нь тэдгээрийн өмч болно. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Ойн санг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл.Ойн сан, түүний ангилал, ойн сан бүхий газар

Хэвлэх

1.Ойн сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, сөөг, таримал ойгоос бүрдэнэ.

2.Ойн санг экологи-эдийн засгийн ач холбогдлоор нь дараахь байдлаар ангилна:

1/онцгой бүсийн ой;

2/хамгаалалтын бүсийн ой;

3/ашиглалтын бүсийн ой.

3.Ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн захаас гадагш 1ОО метр хүртэлх газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сан бүхий газарт хамаарна.

5 дугаар зүйл.Ойн мэдээллийн сан

Хэвлэх

1.Ойн мэдээллийн санд ойн төлөв байдал, ойн талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, чанар, үнэлгээ, ойг гэрээний дагуу ашиглагчдад хувиарласан байдал, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх, ойжуулах арга хэмжээний үзүүлэлтийг сум, аймаг, нийслэл, улсын хэмжээгээр тусгана.

2.Мэдээллийн сангийн бүртгэл, тайлангийн маягт, тэдгээрийг хөтлөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ батална.

3.Ойн мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

6 дугаар зүйл.Ой зохион байгуулалт, түүний санхүүжилт

Хэвлэх

1.Ойн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүний хэмжээ, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг судлан тогтоож, ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тодорхойлох ажлыг ой зохион байгуулалт гэнэ.

2.Ой зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

3.Ойн сангийн нөөцийг шинэчлэн тогтоох ой зохион байгуулалтыг 1О жил тутам давтан хийнэ.

4.Ой зохион байгуулалтыг дараахь байдлаар санхүүжүүлнэ:

1/ойн сангийн нөөцийг тогтоох, бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлохтой холбогдсон болон онцгой, хамгаалалтын бүсийн ойд хийх ой зохион байгуулалтыг улсын төсвөөс; /Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2/хамгаалалтын бүс тогтоох болон ашиглалтын бүсийн ойд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хийх ой зохион байгуулалтыг орон нутгийн төсвөөс;

3/иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний дагуу ашиглаж байгаа ойдоо хийх ой зохион байгуулалтыг өөрийн хөрөнгөөр.

5.Ой зохион байгуулалт хийх журмыг Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл.Ойн нөөц ашигласны төлбөр

Хэвлэх

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойн мод, ойн дагалт баялаг ашиглахад нөөц ашигласны төлбөр төлнө.

2.Ойн нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх, түүнээс чөлөөлөх журмыг хуулиар тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Онцгой бүсийн ой, түүний хамгаалалтын дэглэм

8 дугаар зүйл.Онцгой бүсийн ой

Хэвлэх

1.Онцгой бүсийн ойд цармын бүслүүрийн ой, дархан цаазтай газрын онгон бүс, хамгаалалтын бүс, байгалийн цогцолборт газрын онцгой бүсийн ой хамаарна.

2.Усны хагалбар дахь байгаль орчны тэнцлийг хангах, хөрсний эвдрэлээс сэргийлэх зорилгоор цармын бүслүүрийн ойн заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

9 дүгээр зүйл.Онцгой бүсийн ойн хамгаалалтын дэглэм

Хэвлэх

1.Онцгой бүсийн ойд зөвхөн түүний унаган төрх, байгаль орчны тэнцлийг хангах, ойг гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.Онцгой бүсийн цармын бүслүүрийн ойд унанги, гишүү бэлтгэх, төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтын дагуу тодорхой төрлийн ойн дагалт баялаг ашиглахаас бусад төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.Дархан цаазтай газрын онгон бүс, хамгаалалтын бүс, байгалийн цогцолборт газрын онцгой бүсийн ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хамгаалалтын бүсийн ой, түүний хамгаалалт, ашиглалтын дэглэм

10 дугаар зүйл.Хамгаалалтын бүсийн ой

Хэвлэх

Хамгаалалтын бүсийн ойд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тусгай хамгаалалттай газрын ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрд, 1ОО га хүртэлх хэмжээний төгөл мод, зураа, сөөг, ширэнгэ, уулын өвөр энгэрийн төгөл ой, ЗО хэмээс дээш налуу газрын ой хамаарна.

11 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газрын ой

Хэвлэх

Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан тусгай хамгаалалттай газрын ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.

12 дугаар зүйл.Ногоон бүсийн ой

Хэвлэх

1.Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор хот, тосгоны эргэн тойрны ойд ногоон бүс тогтооно.

2.Нийслэлийн эргэн тойрны ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар тогтооно.

3.Нийслэлээс бусад хот, тосгоны эргэн тойрны ЗО хүртэл километрийн доторх ногоон бүсэд хамаарах ойн заагийг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

13 дугаар зүйл.Хориотой зурвасын ой

Хэвлэх

Хөрсний эвдрэлээс сэргийлэх, гадаргын болон газар доорх усны горимыг зохицуулахад ач холбогдол бүхий дараахь ой хориотой зурвасын ойд хамаарна:

1/гол, горхины эх болон нуурын эргэн тойрны 5 километрийн доторх ой;

2/голын урсгалын дагуу эргээс хоёр тийш болон рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрны З километрийн доторх ой;

3/улсын чанартай авто болон төмөр замын дагуу хоёр тийш 1 километрийн доторх ой.

14 дүгээр зүйл.Хамгаалалтын бүсийн бусад ой

Хэвлэх

Энэ хуулийн 11,12, 1З дугаар зүйлд зааснаас бусад хамгаалалтын бүсийн ойн заагийг төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

15 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн ойн дэглэм

Хэвлэх

1.Хамгаалалтын бүсийн ойд түүнийг хамгаалах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг сайжруулах зорилгоор арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.Хамгаалалтын бүсийн ойд энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу ахуйн зориулалтаар түлээ бэлтгэх, 29 дүгээр зүйлд заасны дагуу ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Ашиглалтын бүсийн ой, түүний ашиглалтын дэглэм

16 дугаар зүйл.Ашиглалтын бүсийн ой

Хэвлэх

Энэ хуулийн 8, 10 дугаар зүйлд зааснаас бусад ой ашиглалтын бүсийн ойд хамаарна.

17 дугаар зүйл.Ашиглалтын бүсийн ойн дэглэм

Хэвлэх

1.Төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл, болзолын дагуу зохих төлбөр, хугацаатайгаар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглалтын бүсийн ойд хэрэглээний мод, түлээ бэлтгэн ашиглаж болно. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зохих эрхийн бичгийн дагуу ахуйн зориулалтаар ашиглалтын бүсийн ойд хэрэглээний мод, түлээ бэлтгэж, ойн дагалт баялгийг ашиглаж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Ойг хамгаалах, нөхөн сэргээх

18 дугаар зүйл.Ойг хамгаалах арга хэмжээ

Хэвлэх

1.Ойг хамгаалах арга хэмжээнд ойг гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, удмын санг хамгаалахажил багтана.

2.Аймаг, нийслэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн, хүний үйл ажиллагааны улмаас байгалийн тэнцвэрээ алдсан ойг нөхөн сэргээх, ойг хамгаалах арга хэмжээ авах зорилгоор ойн сангийн ашиглалтыг 3 хүртэл жилийн хуагцаагаар зогсоож болно. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор ойн нөөц бүхий аймгийн Засаг даргын тамгын газарт ойн асуудал хариуцсан албан тушаалтан ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

19 дүгээр зүйл.Ойг гал түймрээс хамгаалах

Хэвлэх

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ойн гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх талаар хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусгана.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойг гэрээний дагуу ашиглахдаа түүнийггал түймрээс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

3.Ойд гал түймэр гарсан шалтгаан, учирсан хохирол, гал түймрийг унтраахад гарсан зардлын хэмжээг тодорхойлох ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилсон ажлын хэсэг гүйцэтгэнэ.

4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойн гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэхэд дараахь шаардлагыг биелүүлнэ:

1/гал түймрийн аюултай үе болох жил бүрийн З дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ил задгай гал түлэхгүй байх, зайлшгүй тохиолдлоор түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах;

2/гал түймрийн аюултай үед ойд мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, аялал, зугаалгаар явах, бусад ажлыг гүйцэтгэхдээ тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид мэдэгдэж гал түймэр гаргахгүй байх талаар зохих арга хэмжээ авах тухай баталгаа өгөх;

3/ойд ажиллах, дамжин өнгөрөх бүх төрлийн тээврийн болон өөрөө явагч бусад хэрэгслийн тэжээлийн систем, утааны янданг гал түймрийн аюулгүй байдлыг хангах шаардлагын дагуу тоноглох;

4/тэсрэх, галын аюултай бодис, тослох материалыг хэрэглэх, хадгалах журам, горимыг мөрдөх;

5/ойн гал түймрийг илрүүлсэн, гал түймрийн тухай мэдээ хүлээн авсан бол өөрийн хүч хэрэгслийг зохион байгуулан гаргаж, гал түймэр унтраах арга хэмжээ авч сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, бусад холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх.

5.Бүх шатны Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гал түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулах бөгөөд түүнтэй холбогдсон Засаг даргын шаардлагыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.

6.Ойг гал түймрээс хамгаалах дүрмийг Засгийн газар батална.

20 дугаар зүйл.Ойг хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах

Хэвлэх

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ойг хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусгана.

2.Хөнөөлт шавьж, өвчний тархалтын голомт нэгээс дээш аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх ажлыг мэргэжлийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний дагуу ашиглаж байгаа ойг хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

4.Хөнөөлт шавьж, өвчний судалгаа явуулах, тэдгээрээс сэргийлэх, тэмцэх ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

5.Ойд хөнөөлт шавьжтай тэмцэхэд төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрснөөс бусад химийн бодис ашиглахыг хориглоно.

21 дүгээр зүйл.Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх

Хэвлэх

1.Ойн өсөлтийг сайжруулах, гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс сэргийлэх зорилгоор ойд хийх арчилгаа, цэвэрлэгээг ойн мэргэжлийн байгууллага орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

2.Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмыг төрийн захиргааны төв байгууллага батлана.

22 дугаар зүйл.Ойд хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

1.Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/насны 5 дугаар анги хүртэлх ой, бүх төрлийн өсвөр мод, түүнчлэн жодоо, яшил, тоорой, жигд, яргай, сухай, гандигар,тэс болон чацаргана зэрэг бүх төрлийн жимсний мод, бутыг огтлох, хугалж гэмтээх;

2/төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хуш, нарс, гацуур, хайлаасийг бэлтгэн ашиглах; /Энэ заалтад 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

3/эцсийн аажим огтлолтынхоос бусад тохиолдолд ойд нэлэнхүйд нь огтлох аргаар мод бэлтгэх; /Энэ заалтад 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

4/ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр өвс хадах;

5/тарьц суулгац ургуулсан талбайд мод бэлтгэх, мал бэлчээх.

23 дугаар зүйл.Ойг нөхөн сэргээх

Хэвлэх

1.Ойн нөөцийг арвижуулах, ойн удмын санг хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх зорилгоор гал түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн болон мод бэлтгэсэн талбайд мод тарьж ургуулах, нөхөн сэргээх ажлыг улсын захиалга, төслийн дагуу улсын болон орон нутгийн төсөв, сан, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачлага, хөрөнгөөр гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэж ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мод бэлтгэсэн талбайг өөрийн хөрөнгөөр ойжуулж, аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан 2 буюу түүнээс дээш настай таримал ойг сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө. Огтолсон нэг модны оронд 5 буюу түүнээс дээш тарьц суулгац ургуулна. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Төрийн захиргааны төв байгууллага ойн сангийн ойгүй талбай, тал хээр, говийн бүс болон гол, горхи, булаг, шандын эхийг ойжуулах, бэлчээр, тариалангийн талбайг хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах ойн зурвас байгуулах зорилгоор ойг тарьж ургуулах хөтөлбөр, төсөл боловсруулж, түүнийг улсын төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Ойг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилд мод бэлтгэж ашигласны төлбөрийн орлогын 7О хувиас багагүй байна.

24 дүгээр зүйл.Мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулах

Хэвлэх

1.Аймаг, нийслэлийн Засаг дарга өөрийн нутаг дэвсгэрт тухайн жилд бүх нийтээр мод тарих өдрийг тогтоож ойжуулах ажлыг зохион байгуулна.

2.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга ойн мэргэжлийн байгууллагатай хамтран мод суулгах талбайг сонгох, хөрс боловсруулах, тарьц суулгацаар хангах, тэдгээрийг услах, арчлах ажлыг зохион байгуулж, энэ ажилд иргэдийг татан оролцуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Ойг ашиглах

25 дугаар зүйл. Бэлтгэж ашиглах модны хэмжээ тогтоох

Хэвлэх

1.Төрийн захиргааны төв байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модны хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага бүрээр, ахуйн зориулалтаар бэлтгэх хэрэглээний мод, түлээний дээд хязгаарыг нийслэл, аймаг тус бүрээр тогтооно. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээнд багтаан нутаг дэвсгэртээ бэлтгэх модны хэмжээг тогтооно.

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон тухайн сумд бэлтгэж болох модны дээд хэмжээнд багтаан өөрийн нутаг дэвсгэрт бэлтгэх модны хэмжээг тогтооно.

26 дугаар зүйл.Мод бэлтгэх гэрээ байгуулах

Хэвлэх

1.Ахуйн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгүүлэх шийдвэрийг сумын Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хязгаарт багтаан гаргана. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Төрийн захиргааны төв байгууллага нь мод бэлтгэх эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагаар дараахь нөхцөлийг харгалзан үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгүүлэх шийдвэрийг гаргана:

1/ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ;

2/мод бэлтгэх техник, технологийн болон мод ашиглалтын түвшин;

3/аймгийн Засаг даргын санал, дүгнэлт. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргын томилсон албан тушаалтантай гэрээ байгуулж, төлбөрийг төлсний дараа сумын Засаг даргаас мод бэлтгэх эрхийн бичиг авна. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мод бэлтгэх гэрээнд дараахь зүйлийг тусгана:

1/мод бэлтгэх үндэслэл / зохих шийдвэр/ ;

2/мод бэлтгэх зориулалт, модны төрөл, хэмжээ, хугацаа;

3/ой зохион байгуулалтын тухай, мод бэлтгэлийн талбай тусгаарласан тухай болон ойн нөөцийн тодорхойлолт;

4/мод бэлтгэх арга ажиллагааны бүдүүвч зураг, төсөл, түүнийг хэрэгжүүлэх хугацаа;

5/мод бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;

6/ойг гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, нөхөн сэргээх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зардлын хэмжээ;

7/мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх нөхцөл;

8/гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага.

5.Мод бэлтгэх гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.

6.Гэрээгээр ашиглаж байгаа ой бүхий газрыг улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан, эсхүл энэ хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ойн ашиглалтыг хориглосон бол ой ашиглагчид анхдагч гэрээнд заасан хэмжээний модыг бэлтгэх өөр газрыг тогтоож өгнө.

27 дугаар зүйл.Мод бэлтгэх эрхийн бичиг олгох

Хэвлэх

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ахуйн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан сумын Засаг дарга, түлээ бэлтгэх эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч тус тус олгоно. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичигт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх, тээвэрлэх хугацаа, газрын нэрийг заана.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мод бэлтгэх эрхийн бичгийг бусдад шилжүүлэн ашиглуулахыг хориглоно.

4.Зохих журмын дагуу бэлтгэсэн гуалин, дүнз, зүсмэл материал, нойтон шургаагийг бэлтгэсэн газраас нь өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах тохиолдолд мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоно. /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээний загвар, олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./

28 дугаар зүйл.Ой ашиглагчийн үүрэг

Хэвлэх

Ой ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

1/ойн тухай хууль тогтоомжийг биелүүлэх;

2/гэрээ, эрхийн бичигт заасан нөхцөл, болзлын дагуу ойн мод, ойн дагалт баялгийг ашиглах;

3/ойн нөөц ашигласны төлбөрийг эрхийн бичиг авахын өмнө төлсөн байх; /Энэ заалтыг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4/гэрээ, эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж тээвэрлэх;

5/мод бэлтгэсэн талбайг тогтоосон журмын дагуу цэвэрлэж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх;

6/модыг огтолж бэлтгэхдээ түүний бүдүүний гуравны нэгийн хэмжээнээс өндөргүй хожуул үлдээх.

7/зохих журмын дагуу бэлтгэсэн гуалин, дүнз, зүсмэл материал, нойтон шургаагийг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ авна. /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн./

29 дүгээр зүйл.Ойн дагалт баялаг ашиглах

Хэвлэх

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойн дагалт баялаг ашиглахдаа тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авна.

2.Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичигт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, бэлтгэх хугацаа, газрын нэрийг заана.

3.Иргэн оршин суугаа сумын нутаг дэвсгэрт төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээнд багтаан ойн дагалт баялгийг ахуйн хэрэгцээндээ төлбөргүйгээр ашиглаж болно.

30 дугаар зүйл.Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх

Хэвлэх

1.Ойгүй буюу ойн нөөц багатай аймаг, сумын болон нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түлээний хэрэгцээг хангах зорилгоор ойн нөөцтэй аймаг, сумын нутагт мод бэлтгэх асуудлыг зохих шатны Засаг дарга нар урьдчилан тохиролцож, төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр зохицуулна. /Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нар тохиролцоонд хүрч чадаагүй, эсхүл улсын чухал хэрэгцээг хангах шаардлагын дагуу мод бэлтгэх асуудлыг төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

31 дүгээр зүйл. Ойн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Шүүгч, байгаль орчны байцаагч буюу байгаль хамгаалагч ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй, эсхүл мод огтлох, ойн дагалт баялаг ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн иргэнийг 500-5000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 төгрөгөөр торгох;

2/гэрээний дагуу ашиглаж байгаа ойдоо гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 төгрөгөөр торгох;

3/энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан гал түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх шаардлагыг биелүүлээгүй, эсхүл 22 дугаар зүйлд заасан ойд явуулахыг хориглосон үйл ажиллагааг явуулсан иргэнийг 1000-10000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-75000 төгрөгөөр торгох;

4/зохих гарал үүслийн гэрчилгээ, эрхийн бичиггүйгээр хэрэглээний мод, түлээ бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, ойн дагалт баялаг ашигласан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэний 3000-10000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000- 75000 төгрөгөөр торгох; /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

5/зохих гэрээ байгуулахгүйгээр ойд үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг 5000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох;

6/энэ хуулийн 12, 1З, 14 дүгээр зүйлд заасан ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг 5000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;

7/онцгой бүсийн цармын бүслүүрийн ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг 10000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох.

2.Ойн тухай хууль тогтоомж зөрчиж модыг хууль бусаар огтолсон, гэмтээсний улмаас их хэмжээний хохирол учруулсан бол гэм буруутай этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

32 дугаар зүйл.Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

Хэвлэх

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас ойн санд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

2.Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо бэлтгэж ашигласан модыг экологи-эдийн засгийн үнэлгээгээр нь, ойн дагалт баялгийн нөхөн төлбөрийг түүнийг мөнгөн үнэлгээгээр тогтооно. /Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ