- Нүүр
- Монгол Улсын хууль
- ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/

/Энэ хуулийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэх, Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Прокурорын байгууллага
Монгол Улсын прокурорын байгууллага /цаашид "прокурорын байгууллага" гэх/ нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3 дугаар зүйл.Прокурорын байгууллагын тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ
1.Прокурорын байгууллагын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим
Прокурорын байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаа нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, гадны нөлөөнд үл автах, хуулийг нэг мөр хэрэглэх зарчимд үндэслэнэ.
5 дугаар зүйл.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх
1.Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараахь байдлаар хэрэгжинэ:
1/дээд шатны прокурорын шийдвэрийг доод шатны прокурор заавал биелүүлэх. Дээд шатны прокурорын шийдвэр хуульд нийцсэн байна;
2/доод шатны прокурор нь дээд шатны прокурорын өмнө ажлаа хариуцан тайлагнах;
3/хуульд өөрөөр заагаагүй бол дээд шатны прокурор нь өөрийн тодорхой бүрэн эрхийг доод шатны прокурорт шилжүүлэх;
4/дээд шатны прокурор нь доод шатны прокурорын хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах;
5/дээд шатны прокурор нь доод шатны прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлыг хянан шийдвэрлэх.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалтууд тодорхой хэргийн нотлох баримтыг прокурор өөрийн дотоод итгэлээр үнэлэхэд хамаарахгүй.
6 дугаар зүйл.Гадны нөлөөнд үл автах
1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гадны нөлөөнд үл автан, гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг удирдлага болгоно.
2.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бусад байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хөндлөнгөөс оролцож, дарамт шахалт үзүүлж болохгүй.
7 дугаар зүйл.Хуулийг нэг мөр хэрэглэх
Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ орон нутгийн болон байгууллага, салбарын онцлогийг үл харгалзан хуулийг нэг мөр хэрэглэх явдлыг өөрийн чиг үүргийн хүрээнд хангана.
8 дугаар зүйл.Прокурорын байгууллагын тогтолцоо
1.Прокурорын байгууллага:
1/Улсын ерөнхий прокурорын газар;
2/аймаг, нийслэлийн прокурорын газар;
3/сум, сум дундын буюу дүүргийн прокурорын газраас бүрдэнэ.
2.Прокурорын газрыг ажлын шаардлага, хүн ам, нутаг дэвсгэрийн байдлыг харгалзан Улсын Их Хурал байгуулна. Прокурорын хяналтын ажлын онцлог, Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн дагнасан прокурорын газрыг байгуулж болно.
3.Прокурорын газар үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулалтын бүтцийн нэгж, алба болон ажлын аппараттай байна.
4.Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэлийн прокурорын дэргэд тэдгээрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар зөвлөх эрх бүхий зөвлөл ажиллана.
9 дүгээр зүйл.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нар, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа
1.Прокурорын байгууллагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн 6 жилийн хугацаагаар томилсон Улсын ерөнхий прокурор толгойлно.
2.Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд тэд Улсын ерөнхий прокурорын өмнө ажлаа хариуцан, түүний эзгүйд бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.
3.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийн хугацаа тэдгээрийг томилсон өдрөөс эхэлж, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг шинээр томилсноор дуусгавар болно.
4.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч гэмт хэрэгт холбогдсон бол энэ тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгч бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болно.
5.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараахь тохиолдолд Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:
1/биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон;
2/өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажилд томилсон буюу сонгосон;
3/чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан;
4/гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Прокурорын эрх хэмжээ
10 дугаар зүйл.Хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналт
1/төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;
2/гэмт хэргийн үйл баримтыг шалгаж тогтоох, гэмт этгээдийг илрүүлэх талаар хийж байгаа хэрэг бүртгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх;
3/мөрдөн байцаалт заавал явуулахаар хуульд тусгайлан зааснаас бусад эрүүгийн хэргийг бүртгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх.
11 дүгээр зүйл.Мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт
1/мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
2/мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх.
12 дугаар зүйл. Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт
1/ял эдлүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
2/хорих ял эдлүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, дэглэмд нийцэж байгаа эсэх;
3/ял эдэлж байгаа этгээдийн хууль ёсны эрхийг хангаж байгаа эсэх;
4/эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэх.
121дүгээр зүйл.Эрүүлжүүлэх, цагдан хорих, баривчлах, албадан саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд тавих хяналт
1/эрүүлжүүлэх, цагдан хорих, баривчлах, албадан саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
2/эрүүлжүүлэх, цагдан хорих,баривчлах, албадан саатуулах, шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хуулиар тогтоосон нөхцөл, дэглэмд нийцэж байгаа эсэх;
3/эрүүлжүүлэгдсэн, цагдан хоригдсон, баривчлагдсан, албадан саатуулагдсан этгээдийн хууль ёсны эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэх.
13 дугаар зүйл.Прокурор шүүх хуралдаанд оролцох
1.Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
2.Прокурор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоно. Улсын яллагч хууль болон хангалттай нотлох баримтад тулгуурласан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв гэм буруу нь шүүх хуралдааны явцад нотлогдоогүй гэж прокурор үзвэл яллахаас татгалзана. Мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд улсын яллагч заавал оролцоно.
3.Иргэн, захиргааны зэрэг бусад төрлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу төрийг төлөөлөн оролцоно.
4.Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдал болон хуульд нийцээгүй гэж прокурор үзвэл эсэргүүцэл бичнэ.
14 дүгээр зүйл. Прокурорын үндсэн бүрэн эрх
1.Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх журмын биелэлтийг хянах;
2/эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаанд хяналт тавих;
4/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, хуулийг хэрэглэх талаар болон тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид заалт өгөх;
5/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хүний эрх, эрх чөлөө, хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хөндсөн ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага гарвал зөвшөөрөл өгөх асуудлыг хянан шийдвэрлэх;
6/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах зарим ажиллагааг явуулахад оролцох;
7/хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох буюу өөрчлөх;
8/мөрдөн байцаалт заавал явуулах шаардлагатай гэж үзвэл эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтээс мөрдөн байцаалтад шилжүүлэх;
9/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хуулийг ноцтой зөрчсөн буюу уг хэрэгт хувийн сонирхолтой, эсхүл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байвал хэргийг бодитойгоор мөрдүүлэхийн тулд тухайн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоох, өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид шилжүүлэх;
10/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны үр дүнг үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад болон шүүхэд шилжүүлэх, эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах;
11/хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
12/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаар прокурорын байгууллагад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;
13/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг аль ч байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, иргэн, хуулийн этгээдийн банкин дахь данс, гүйлгээний талаархи мэдээллийг бүх шатны прокурорын байгууллагын удирдлагын зөвшөөрөлтэйгээр гаргуулах, газар дээр нь танилцах, мэргэжлийн байгууллага, шинжээч, мэргэжилтний дүгнэлт, магадлагаа гаргуулах; /Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
14/албан тушаалтан, иргэнээс тайлбар, мэдүүлэг гаргуулах, хуульд заасан журмын дагуу албадан ирүүлэх;
15/хуулийг биелүүлэх, гэмт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд санал тавих буюу гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгахыг шаардах;
16/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэвийн ажиллагааг хангах, уул ажиллагаанд илэрсэн дутагдлыг арилгах талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын захиргаанд шаардлага тавих;
17/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлыг шалгах;
18/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын захиргаанаас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны талаар гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, хууль бус тушаал, шийдвэрт эсэргүүцэл бичих;
19/баривчлах, албадан саатуулах, цагдан хорих байранд ямар ч цагт саадгүй нэвтрэн орох, хоригдож байгаа хүмүүстэй биечлэн уулзах, хууль ёсны үндэслэлгүйгээр хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах.
2.Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
4.Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ял эдлүүлэх, шүүхийн тогтоолыг биелүүлэх ажиллагааг шалгах;
2/ял эдлүүлэх байгууллагад ямар ч цагт саадгүй нэвтрэх, холбогдох этгээдээс тайлбар гаргуулах;
3/ял эдэлж байгаа хүмүүстэй биечлэн уулзах;
4/ял эдлүүлэх үндэслэл болсон тогтоол, шийдвэр, баримт бичигтэй танилцах;
5/ял эдлүүлэх байгууллагын захиргаанаас ял эдлүүлэх ажиллагааны талаар гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, хууль бус тушаал, шийдвэрт эсэргүүцэл бичих;
6/ял эдлүүлэх дэглэмийг өөрчлөх, ялын төрлийг солих, ял эдлүүлэхээс чөлөөлөх буюу хойшлуулах зэрэг асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд оролцож, санал дүгнэлт гаргах;
7/хууль ёсны үндэслэлгүйгээр ял эдэлж байгаа болон сахилгын хорих байранд хууль бусаар хоригдож байгаа хүнийг нэн даруй суллах.
5.Шүүх хуралдаанд оролцох прокурорын бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх журмыг байцаан шийтгэх хуулиар тогтооно.
6.Прокурор хууль тогтоомж, түүнд нийцүүлэн Улсын ерөнхий прокуророос гаргасан журам, заавар, төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахих, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах үүрэгтэй.
141 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажилд тавих прокурорын хяналт
1.Гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг илрүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас явуулах гүйцэтгэх ажил хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд прокурор хяналт тавина.
2.Гүйцэтгэх ажилд хяналт тавих прокурорын эрх хэмжээг хуулиар тогтооно.
15 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурорын бүрэн эрх
1.Улсын ерөнхий прокурор дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, удирдах;
2/Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах;
3/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргуулахаар Улсын дээд шүүхэд санал оруулах;
4/хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Улсын дээд шүүхэд асуудал шилжүүлэх;
5/анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр хуульд нийцээгүй гэж үзвэл эсэргүүцэл бичих; /Энэ заалтыг 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6/Улсын дээд шүүхийн хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох;
7/Улсын Их Хурлаас баталсан төсвийг хуваарилах, түүнд багтаан прокурорын газруудын зохион байгуулалтын бүтэц, орон тоог тогтоох;
8/Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилуулах, чөлөөлүүлэх тухай саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;
9/харъяа прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, шийтгэх;
10/хуулийг хэрэгжүүлэх талаар прокурорын хяналтын болон
11/прокурорын байгууллагын дотоод асуудлаар тушаал гаргах.
2.Улсын ерөнхий прокурор хуулиар тогтоосон бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
16 дугаар зүйл.Улсын Их Хуралтай харилцах
1.Улсын ерөнхий прокурор тус улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа талаар санал дүгнэлт гаргана.
2.Прокурорын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Үндсэн хууль тайлбарлах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд гаргаж болно.
17 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй харилцах
1.Улсын ерөнхий прокурор прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар Ерөнхийлөгчид тогтмол мэдээлж байна.
2.Ерөнхийлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу Улсын ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар дүгнэлт гаргана.
18 дугаар зүйл.Засгийн газартай харилцах
1.Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний хүсэлтээр Улсын ерөнхий прокурор өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцож, санал дүгнэлт гаргаж болно.
2.Улсын ерөнхий прокурор шаардлагатай гэж үзвэл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Ерөнхий сайдтай зөвшилцөн Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж болно.
19 дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах
1.Улсын ерөнхий прокурор Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргана.
2.Улсын ерөнхий прокурорын ийнхүү гаргасан хүсэлт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
20 дугаар зүйл.Улсын дээд шүүхэд асуудал шилжүүлэх
Хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай баримт Улсын ерөнхий прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад илэрвэл түүнийг шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхэд шилжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
21 дүгээр зүйл.Эрх зүйн хэлбэрийн төрөл
1.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эсэргүүцэл, мэдэгдэл, тогтоол, даалгавар, зөвшөөрөл, нэхэмжлэл гаргана.
2.Прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн бусад төрлийг хуулиар тогтоож болно.
22 дугаар зүйл.Прокурорын эсэргүүцэл
1.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх байгууллагаас эдгээр ажиллагааны талаар гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, зөвтгүүлэхээр тухайн албан тушаалтан буюу дээд шатны албан тушаалтанд прокурор эсэргүүцэл бичнэ. Ийнхүү эсэргүүцэл бичигдсэн шийдвэрийн хүчин төгөлдөр үйлчлэх явдлыг уул эсэргүүцлийг хэлэлцэж эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлнэ.
2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ. Хэрэв прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан албан тушаалтан түүнийг биелүүлэхээс татгалзвал прокурор тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлтээ шүүхэд гаргана.
3.Прокурорын хүсэлтийг байцаан шийтгэх хуульд заасан журмаар шүүх хянан шийдвэрлэх бөгөөд прокурор шүүхийн зардлаас чөлөөлөгдөнө.
4.Прокурор шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичих, түүнийг шүүхээр хянан шийдвэрлэх журмыг байцаан шийтгэх хуулиар тогтооно.
23 дугаар зүйл.Прокурорын мэдэгдэл
1.Прокурор нь хууль зөрчсөн үйл ажиллагаа, түүнд шууд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар өөрийн эрх хэмжээний хүрээнд мэдэгдэл бичнэ.
2.Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг нэн даруй арилгах арга хэмжээг мэдэгдэлд заасан хугацаанд авч хэрэгжүүлэн албан ёсоор хариу өгнө.
24 дүгээр зүйл.Прокурорын тогтоол
Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн дагуу хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтоол гаргана.
25 дугаар зүйл.Прокурорын даалгавар
Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, хуулийг зөв хэрэглэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг цаг тухайд нь бүрэн бодитой явуулах арга хэмжээний талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бичгээр даалгавар өгнө. Прокурорын даалгаврыг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт давж заалдах журмыг байцаан шийтгэх хуулиар тогтооно.
26 дугаар зүйл.Прокурорын зөвшөөрөл
1.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хөндсөн ажиллагаа явуулахад прокурор бичгээр зөвшөөрөл өгнө.
2.Прокурорын зөвшөөрөл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулах албан тушаалтны шийдвэрийг батламжлах хэлбэрээр үйлдэгдэнэ.
27 дугаар зүйл.Прокурорын нэхэмжлэл
Прокурор төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана.
28 дугаар зүйл. Прокурорын шийдвэрийг биелүүлэх, түүнд гомдол гаргах
1.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ. Албан тушаалтан, иргэн прокурорын дуудсанаар заавал хүрэлцэн ирж, тавьсан асуудлаар тайлбар өгөх үүрэгтэй.
2.Прокурорын шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, иргэн түүнийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно. Дээд шатны прокурор гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэж бичгээр хариу мэдэгдэнэ.
3.Прокурорын шийдвэрийн талаархи гомдлыг шалгуулах буюу шийдвэрлүүлэхээр тухайн шийдвэрийг гаргасан прокурорт шилжүүлж болохгүй.
4.Энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан прокурорын зөвшөөрлийн талаархи гомдлыг тухайн шатны шүүхэд гаргана.
5.Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хохирогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт болон улмаар шүүхэд гомдол гаргаж болно.
6.Улсын ерөнхий прокурорын шийдвэр хуульд нийцээгүй бол өөрөө хүчингүй болгоно.
7.Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзсэн этгээд Улсын дээд шүүхэд гомдол гаргаж болно.
8.Энэ зүйлийн заалтууд шүүгчид хамаарахгүй.
9.Прокурорын шийдвэрийг биелүүлэх талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хүлээх үүрэг, хариуцлагыг хуулиар тогтооно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Прокурорын үйл ажиллагааны баталгаа
29 дүгээр зүйл.Улс төрийн баталгаа
1.Прокурорын байгууллагад улс төрийн нам, холбоо, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
2.Прокурор хууль ёсны эрх ашгаа хамгаалах, мэргэшлээ дээшлүүлэх зорилгоор мэргэжлийн болон олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх чөлөө эдэлнэ.
3.Прокурор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.
30 дугаар зүйл.Эдийн засаг, нийгмийн баталгаа
1.Прокурорын байгууллагын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
2.Прокурорын байгууллагын төсвийг Улсын ерөнхий прокурорын саналын үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төвлөрсөн төсөвт тусгайлан тусгана. Прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байвал зохино.
3.Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
4.Прокурорын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
5.Прокурорын байгууллагыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техникийн хэрэгсэл, ажилтнуудыг орон сууцаар хангах зэрэг үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн захиргааны байгууллага бүх талын дэмжлэг үзүүлнэ.
6.Прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг, хэрвээ хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төр хариуцна.
7.Прокурор албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт З жилийн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
8.Энэ зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасан тэтгэвэр, тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсний зардал, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, хуульд заасан тохиолдолд хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
31 дүгээр зүйл.Хууль зүйн баталгаа
1.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр, бусад прокурорыг Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
2.Прокурорыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан, эсхүл эрүүгийн хариуцлагад татах хангалттай үндэслэл тогтоогдсон бол энэ тухай Ерөнхий прокурор, түүний орлогчийн талаар Ерөнхийлөгчид, бусад прокурорын талаар Улсын ерөнхий прокурорт 48 цагийн дотор мэдэгдэнэ.
3.Ерөнхийлөгч буюу Улсын ерөнхий прокурор уг асуудлыг 10 хоногийн дотор хянаж прокурорыг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.
4.Прокурорыг эрүүгийн хариуцлагад татсантай холбогдуулан түүний бүрэн эрхийг Улсын ерөнхий прокурор түдгэлзүүлж болно.
5.Прокурорыг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийх шаардлагатай бол энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан журмын дагуу зөвшөөрөл авна.
6.Бусад байгууллага, албан тушаалтан прокурорын хяналтын ажлыг Улсын ерөнхий прокурорын зөвшөөрөлгүйгээр шалгах буюу албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдож илэрхий болсон эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцын талаар мэдээлэл өгөхийг прокуророос шаардаж болохгүй.
7.Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас хохирлыг төр хариуцна.
8.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.
32 дугаар зүйл.Бусад баталгаа
1.Прокурор хуулиар тогтоосон үүрэгт нь хамаарахгүй ажил, албан тушаал хавсарч болохгүй. Харин багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж болно.
2.Прокурор нь амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд нь шууд тулгарсан гэмт халдлагын аюулаас хамгаалахын тулд бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй.
33 дугаар зүйл. Прокурорыг үл хүндэтгэгчид хүлээлгэх хариуцлага
Прокурорыг үл хүндэтгэгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Прокурорын байгууллагын боловсон хүчин
34 дүгээр зүйл.Прокурор
1.Хууль зүйн дээд боловсролтой, мэргэшлийн шаардлага хангасан, ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэнийг прокуророор томилно.
2.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор хуулийн мэргэжлээр нийтдээ 10-аас доошгүй жил ажилласан, Монгол Улсын 35 нас хүрсэн иргэнийг томилно.
3.Аймаг, нийслэлийн прокуророор хуулийн мэргэжлээр нийтдээ 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно.
35 дугаар зүйл.Прокурорын албан тушаалын бүрэлдэхүүн
1.Улсын ерөнхий прокурорын газарт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор болон хяналтын прокурор ажиллана. Туслах прокурор нь зохион байгуулалтын бүтцийн нэгж, албыг удирдаж болно.
2.Аймаг, нийслэлийн прокурорын газарт аймаг, нийслэлийн прокурор, түүний орлогч, туслах прокурор болон хяналтын прокурор ажиллана.
3.Сум, сум дундын буюу дүүргийн прокурорын газарт ахлах болон хяналтын прокурор ажиллана.
36 дугаар зүйл.Прокурорын зэрэг дэв, бэлгэдэл энгэрийн тэмдэг
1.Прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх,хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөхийн зэрэг дэвтэй байна.
2.Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвийг Ерөнхийлөгчийн зарлигаар, бусад зэрэг дэвийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар олгоно.
3.Зэрэг дэв олгохдоо албан тушаалын ангилал, ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзана.
4.Прокурорын байгууллага бэлгэдэлтэй байна. Прокурор энгэрийн тэмдэг хэрэглэнэ.
5.Прокурорын зэрэг дэв олгох дүрэм, бэлгэдэл, энгэрийн тэмдгийн загвар, тэдгээрийг хэрэглэх журмыг Ерөнхийлөгч батална.
6.Прокурор дүрэмт хувцастай байна. Прокурорын дүрэмт хувцсанд прокурорын зэрэг дэвийг тусгасан ялгах тэмдэг байна. Тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг Ерөнхийлөгч батална. /Энэ хэсгийг 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
37 дугаар зүйл.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг шалгах
1.Прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг Улсын ерөнхий прокурор толгойлсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл шалгаж дүгнэнэ.
2.Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхийлөгч батална.
38 дугаар зүйл.Прокурорыг ажлаас чөлөөлөх
1/өөрөө хүсэлт гаргасан;
2/өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон буюу сонгосон;
3/биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;
4/насны тэтгэвэрт гарсан;
5/мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй тухай мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан.
39 дүгээр зүйл.Сахилгын шийтгэл
1.Прокурор хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн, прокурорын ёс зүйн хэм хэмжээ, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:
1/сануулах;
2/албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
3/албан тушаал бууруулах;
4/ажлаас халах.
2.Прокурорын шийдвэр хүчингүй болсон буюу өөрчлөгдсөн нь түүний гэм буруугаас шалтгаалсан бол сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно.
3.Прокурорын сахилгын дүрмийг Ерөнхийлөгч батална.
4.Прокурор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсноор Улсын ерөнхий прокурор түүнийг ажлаас нь хална.
5.Аймаг, нийслэлийн прокурор болон түүнтэй адилтгах прокурор нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан сахилгын шийтгэлийг харьяа прокурорт оногдуулж болно. /Энэ заалтыг 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.Прокурор сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг
өдрөөс хойш 1 сарын дотор; /Энэ заалтыг 1995 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./
40 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын боловсон хүчний сургалт
Прокурорын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах ажлыг Засгийн газар эрхэлнэ.
41 дүгээр зүйл. Прокурорын газрын гүйцэтгэх болон техникийн ажилтан
Прокурорын газарт үйл ажиллагаагаа явуулахад нь шаардагдах хэвийн нөхцөлийг хангах үүрэг бүхий гүйцэтгэх болон техникийн ажилтан ажиллана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
42 дугаар зүйл. Прокурорын байгууллагын тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас
Прокурорын байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга,тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
43 дугаар зүйл.Прокурорын байгууллагын хэвлэл, эрдэм шинжилгээний байгууллага
Прокурорын байгууллага хууль хамгаалах бусад байгууллагатай хамтарсан хэвлэл, сургалт-эрдэм шинжилгээний байгууллагатай байж болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
