- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАНДАРТЧИЛАЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
СТАНДАРТЧИЛАЛ,ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь стандартчилал, чанарын баталгаажуулалт, стандарт, чанарын хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомж
1.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СТАНДАРТЧИЛАЛ
3 дугаар зүйл.Стандартчилал, түүний зарчим
1.Бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ний харилцан орлолт, аюулгүй байдал, мэдээлэл, техник, хэмжил, сорилтын нийцтэй, нэгдмэл байдлыг хангах зорилгоор нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагааг стандартчилал гэнэ.
2.Стандартчиллын объектын үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг сонирхогч талууд харилцан тохиролцон боловсруулж, эрх бүхий байгууллага зохих журмын дагуу баталсан норматив-техникийн баримт бичгийг стандарт гэнэ.
3.Стандартчилалд дараах зарчмыг баримтална:
1/төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч тэгш эрхтэйгээр оролцох;
2/нийгмийн эрх ашигт нийцэх;
3/бие даасан, хараат бус байх;
4/стандарт нь шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн түвшин, практикийн ололтод тулгуурласан,товч тодорхой агуулгатай байх.
4 дүгээр зүйл.Стандартын ангилал
1.Стандартыг хэрэглэх хүрээгээр нь Монгол Улсын /цаашид "улсын" гэх/ болон аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "байгууллагын" гэх/-ын гэж ангилна.
2.Улсын стандартыг албан журмын шинжтэй заавал мөрдөх стандарт, сайн дурын шинжтэй зөвлөмжийн стандарт гэж тус тус ялгана.
5 дугаар зүйл.Улсын стандарт
1.Заавал мөрдөх улсын стандарт, улсын зохих стандартын заавал мөрдөх үзүүлэлт, шаардлагыг дараахь объектод тогтооно:
1/хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлага;
2/хөдөлмөрийн болон бусад нөхцөлд тавих шаардлага, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын арга ажиллагаа;
3/эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлага;
4/техник, технологийн хүрээнд бүтээгдэхүүний харилцан орлолт, хэмжлийн болон мэдээллийн нэгдмэл, үнэн зөв байдлыг хангах үзүүлэлт, хэм хэмжээ, зохион байгуулалт-арга зүйн нийтлэг шаардлага;
5/байгаль орчны төлөв байдлыг болон бүтээгдэхүүн, хөдөлмөрийн нөхцөлийг шалгах, сорих, шинжлэх, хэмжих арга.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан объектын дэлгэрэнгүй жагсаалтыг Засгийн газар батална.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан жагсаалтад ороогүй объектод хэрэглэх улсын стандарт нь сайн дурын шинжтэй зөвлөмжийн байх бөгөөд уг стандартын үзүүлэлт, шаардлага нь олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилттэй стандартын түвшинд хүрсэн байвал зохино.
4.Улсын стандарт нь зохиогчийн эрхэд хамаарах бүтээл болохгүй.
5.Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага улсын стандарт боловсруулах, шинэчлэх талаар сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг хянаж стандартчиллын хөтөлбөрт тусгана.
6.Улсын стандартыг стандартчиллын хөтөлбөрт заасан байгууллага сонирхогч талуудтай зөвшилцөн боловсруулж, Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагын зөвлөл батлан улсын бүртгэлд бүртгэнэ.
7.Улсын стандарт нь товчилсон тэмдэглэгээ болон улсын бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
8.Аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ, холбогдох баримт бичигт заавал мөрдөх улсын стандартыг хэрэглэх тухай заалтыг тусгана.
6 дугаар зүйл.Байгууллагын стандарт
1.Байгууллагын стандартыг дараахь объектод тогтоож болно:
1/энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан жагсаалтад ороогүй объект;
2/улсын стандартын үзүүлэлт, шаардлагыг өндөржүүлсэн буюу дэлгэрүүлсэн хэм хэмжээ.
2.Байгууллагын стандарт нь заавал мөрдөх улсын стандартын үзүүлэлт, шаардлагад харшлахгүй байна.
3.Байгууллагын стандартыг боловсруулах, батлах, түүний үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөх улсын стандартад нийцүүлэх, аймаг,нийслэлийн стандартчилал, баталгаажуулалтын байгууллагад бүртгүүлэх ажлыг аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
4.Байгууллагын стандарт нь товчилсон тэмдэглэгээ болон нутаг дэвсгэрийн бүртгэлийн дугаартай байх бөгөөд түүнийг баталсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
7 дугаар зүйл.Стандарт хэрэглэх
1.Аж ахуйн нэгж, байгууллага нь бүтээгдэхүүнийг улсын буюу байгууллагын хүчин төгөлдөр стандартын дагуу үйлдвэрлэнэ.
2.Аж ахуйн нэгж, байгууллага нь хууль тогтоомж, үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн эрх ашигт харшлахааргүй, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлхээргүй олон улс, бүс нутаг, гадаад улсын дэвшилттэй стандартыг зохих журмын дагуу бүртгүүлэн хэрэглэж болно.
3.Шинэ технологи, бүтээгдэхүүн эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсад хэрэглэхээр зааснаас өөр стандартыг түр хэрэглэх зөвшөөрлийг Стандартчилал, баталгаажуулалтын төв болон аймаг, нийслэлийн байгууллагаас олгож болно.
4.Аж ахуйн нэгж, байгууллага улсын буюу байгууллагын стандартгүйгээр бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх, эсхүл хүчин төгөлдөр бус стандарт хэрэглэх, стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд стандартын тэмдэглэгээ тавихыг тус тус хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
8 дугаар зүйл.Бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалт, түүний хэлбэр, хүрээ
1.Тухайн бүтээгдэхүүн нь холбогдох стандарт, бусад норматив- техникийн баримт бичигт тогтоосон үзүүлэлт, шаардлагад тохирч байгааг эрх бүхий байгууллагаас баримт бичгээр нотлох ажиллагааг чанарын баталгаажуулалт гэнэ.
2.Аж ахуйн нэгж, байгууллага нь хүний эрүүл мэнд, байгаль орчин,мал, амьтанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй болон энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалтад заавал хамруулна.
3.Аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад бүтээгдэхүүнийг сайн дураар чанарын баталгаажуулалтад хамруулж болно.
4.Зохих гэрээнд өөрөөр заагаагүй бол чанарын баталгаажуулалтыг улсын стандарт, холбогдох норматив-техникийн баримт бичигт үндэслэн явуулна.
5.Тухайн бүтээгдэхүүнд хэрэглэх улсын стандартгүй тохиолдолд Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагаас зөвшөөрсөн олон улс, бүс нутаг, гадаад улсын стандартад үндэслэн чанарын баталгаажуулалт явуулж болно.
6.Бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтыг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага, эсхүл түүнээс чанарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллага явуулна.
9 дүгээр зүйл.Лаборатори итгэмжлэх
1.Эрх бүхий байгууллагаас тухайн лаборатори бүтээгдэхүүний нэг буюу хэд хэдэн үзүүлэлтийг холбогдох стандарт, аргачлалын дагуу үнэн зөв, зохих магадлалтайгаар тодорхойлох сорилт, туршилт,шинжилгээ / цаашид "сорилт" гэх/ хийх чадвартайг нь тогтоож, уг сорилтыг хийх эрх олгох үйл ажиллагааг лаборатори
2.Дараахь шаардлагыг хангасан лабораторид Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага итгэмжлэл олгоно:
1/тухайн бүтээгдэхүүний сорилтын дүнг үйлдвэрлэгч, борлуулагчаас хараат бусаар гаргах нөхцөл бүрдүүлсэн байх;
2/сорилтыг улсын стандарт, эрх бүхий байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулах зориулалтын, өндөр нарийвчлал бүхий баталгаатай багаж, төхөөрөмжтэй байх;
3/ажиллагсад нь зохих мэргэшил, туршлагатай байх;
4/сорилт явуулахад шаардагдах улсын стандарт, аргачилал, стандартчилсан загвар, холбогдох бусад материалыг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлсэн байх;
5/сорилт явуулах нөхцөл, орчинг улсын холбогдох стандартын дагуу хангасан байх.
3.Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн лабораторийг итгэмжлүүлэх тухай хүсэлтээ энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тухай танилцуулгын хамт Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагад гаргана.
4.Сорилтын дүнгийн талаарх итгэмжлэгдсэн лаборатори хоорондын маргааныг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага шийдвэрлэнэ.
5.Лаборатори итгэмжлэх журмыг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага тогтооно.
10 дугаар зүйл.Итгэмжлэгдсэн лабораторийн эрх, үүрэг
1/сорилтыг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагаас тогтоосон төрөл,чиглэлийн хүрээнд улсын стандартын дагуу явуулж зохих дүгнэлт гаргах;
2/сорилтын дүнгийн талаар итгэмжлэгдээгүй лаборатори хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх;
3/чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүнд сорилт хийж стандартчилал, баталгаажуулалтын холбогдох байгууллагад мэдээлэх;
4/сорилтын дүнгийн үнэн зөв, мадаггүй байдлыг бүрэн хариуцах;
5/сорилтын ажилд шаардагдах стандарт, норматив-техникийн баримт бичгийг боловсруулах;
6/энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийнх нь үйл ажиллагааны нөхцөл, шаардлага өөрчлөгдсөн тохиолдолд итгэмжлэл хүлээлгэсэн байгууллагад мэдээлэх.
11 дүгээр зүйл.Чанарын баталгаажуулалт явуулах журам
1.Аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи тогтворжиж, чанарын удирдлага, дотоод хяналтын тогтолцоо бүрдэж хэвшсэн, улсын зохих стандарт, бусад норматив-техникийн баримт бичгээр тогтоосон үзүүлэлт, шаардлагыг хангасан тухай танилцуулга болон бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулах тухай хүсэлтээ итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн,дүгнэлтийн хамт энэ хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан байгууллагад өгнө.
2.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан танилцуулга, хүсэлт, сорилтын дүн, дүгнэлтийг үндэслэн чанарын баталгаажуулалтын шалгалт явуулна.
3.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан байгууллага чанарын баталгаажуулалтын шалгалтад бүтээгдэхүүн нь тэнцсэн аж ахуйн нэгж,байгууллагатай гэрээ байгуулан уг бүтээгдэхүүндээ зохих стандартад тохирсоныг илэрхийлэх чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгоно.
4.Чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгосон нь түүний эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагад чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулснаас хэрэглэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнд зохих хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөхгүй.
5.Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн бүтээгдэхүүний чанарын удирдлагын иж бүрэн тогтолцоог энэ хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан байгууллагаар үнэлүүлж гэрчилгээ авч болно.
12 дугаар зүйл.Импорт, экспортын бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах
1.Аж ахуйн нэгж, байгууллага импорт, экспортоор бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахдаа түүний чанар, аюулгүй байдлын талаарх Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг хэрэглэх тухай заалтыг тусгана.
2.Чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах импорт, экспортын бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээрийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, шалгах журмыг Засгийн газар батална.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан импортын бүтээгдэхүүн нь холбогдох стандартад тохирсныг гэрчилж тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэг буюу сорилтын дүнтэй байна.
4.Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан чанарын гэрчилгээ болон тохирлын тэмдгийн загвар, сорилтын дүнг тэмдэглэх маягтыг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн байна.
5.Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүнд зохих сорилт, шалгалт хийсний үндсэн дээр чанарын гэрчилгээг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага буюу түүнээс чанарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллага олгоно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.Энэ зүйлийн 2, З дахь хэсэгт заасан журмыг зөрчиж бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СТАНДАРТ, ЧАНАРЫН ХЯНАЛТ
13 дугаар зүйл. Стандарт, чанарын төрийн хяналт, түүний хүрээ
1.Стандарт, чанарын төрийн хяналт нь стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, заавал мөрдөх улсын стандартын мөрдөлтөд бүтээгдэхүүний зураг төслийг зохион боловсруулах, түүнийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах, хэрэглэх болон хаягдал ашиглах шатанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсооход чиглэгдэнэ.
2.Стандарт, чанарын төрийн хяналтад дараахь зүйлийг хамруулна:
1/заавал мөрдөх улсын стандарт, улсын стандартын заавал мөрдөх үзүүлэлт, шаардлагын мөрдөлт;
2/энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүн чанарын баталгаажуулалтад хамрагдсан байдал;
3/импорт, экспортын бүтээгдэхүүний чанар;
4/бүтээгдэхүүний чанарын ангилал, зэрэглэл, сорилт, чанарын баталгаажуулалтын үнэн зөв байдал;
5/чанарын гэрчилгээтэй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6/стандартчилал, чанарын баталгаажуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаарх хууль тогтоомжийн биелэлт.
14 дүгээр зүйл.Стандарт, чанарын төрийн хяналтын зохион байгуулалт
1.Стандарт, чанарын төрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан./
2.Стандарт, чанарын төрийн хяналтыг улсын байцаагчид хэрэгжүүлэх бөгөөд тэдгээр нь тогтоосон журмын дагуу олгосон зэрэг, дэвтэй байна.
3.Стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагчийг дараахь байдлаар томилж, чөлөөлнө:
1/улсын Ерөнхий байцаагчийг стандартчиллын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд;
2/Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагын улсын ахлах болон улсын байцаагчийг улсын Ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн стандартчиллын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд;
3/аймаг, нийслэлийн стандартчилал,баталгаажуулалтын байгууллагын улсын ахлах болон улсын байцаагчийг улсын Ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга;
4/энэ зүйлийн З дахь хэсгийн 1,2,З-т зааснаас бусад улсын байцаагчийг улсын Ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн аймаг,нийслэлийн Засаг дарга.
4.Стандарт, чанарын төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн нөхцөл, хүн, малын эмнэлэг, эм,био бэлдмэл, эрүүл ахуй, байгаль орчин, мал, амьтны үржил, үр, ургамал хамгаалал, эрчим хүч, уул уурхай, барилга, тээвэр, холбоо, худалдааны зэрэг мэргэжлийн хяналтын албад оролцоно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон./
5.Стандарт, чанарын төрийн хяналтын алба хүний эрүүл мэнд, байгаль орчин,мал,амьтанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бүтээгдэхүүний талаар иргэний мэдээллийн дагуу шалгалт явуулж болох бөгөөд үнэн зөв, чухал мэдээлэл өгсөн иргэнийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу урамшуулах буюу мэдээллийг худалдан авч болно.
6.Стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагч төрийн хяналт хэрэгжүүлэхэд шаардагдах бүтээгдэхүүний дээж, сорьцыг зохих стандартын дагуу авч протокол үйлдэнэ. Эдгээр дээж, сорьцны үнэ, дээж авах, бэлтгэх, тээвэрлэх, шинжлэх зэрэг зардлыг уг аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
15 дугаар зүйл.Стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагч
1.Стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхтэй:
1/энэ хуулийн 1З дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтын хэрэгжилтэд хяналт тавих;
2/хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах, импортоор нийлүүлэх, улсын стандартад тохироогүй хөдөлмөрийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг зогсоох, уг бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгуулах;
3/стандартгүй бөөнөөр үйлдвэрлэл явуулах эсхүл,заавал мөрдөх улсын стандарт зөрчиж буюу хүчин төгөлдөр бус стандарт хэрэглэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэхийг тус тус хориглох;
4/стандарт, чанарын тэрийн хяналтыг хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, мэдээ баримтыг авч танилцах, шаардлагатай багаж төхөөрөмж хэрэглэх;
5/илэрсэн зөрчлийг арилгуулах талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавих, хугацаатай үүрэг өгч, гүйцэтгэлийн хариуг товлосон хугацаанд авах;
6/стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх.
2.Стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагчаас дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
1/аливаа аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэний хувийн ашиг сонирхлыг төлөөлөх, эдгээрт ашигтай давуу тал бий болгосон шийдвэр гаргах;
2/шалгалтын дүн болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны нууцыг задруулах;
3/стандарт, чанарын төрийн хяналт хэрэгжүүлэхэд олгосон бүрэн эрх,хөрөнгө, техник, хэрэгслээ зориулалт бусаар ашиглах.
16 дугаар зүйл.Стандарт, чанарын олон нийтийн хяналт
1.Стандартчилал, чанарын баталгаажуулалт, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн байгууллага, түүний төлөөлөгч хяналт тавьж зохих үзлэг хийж болно.
2.Олон нийтийн байгууллага хяналтын талаарх санал, мэдээллийг стандарт, чанарын төрийн хяналтыг эрхэлсэн болон эрх бүхий бусад байгууллагад өгч болно.
3.Иргэн, олон нийтийн байгууллага, түүний төлөөлөгч нь стандарт, чанарын төрийн хяналтын ажилд хамтран оролцож болно.
4.Олон нийтийн байгууллага нь зохих хууль тогтоомжийн хүрээнд шалгуулагч аж ахуйн нэгж, байгууллагаас стандартчилал, чанарын баталгаажуулалтын талаарх мэдээ, баримтыг авч танилцах, дутагдлыг арилгуулах талаар шаардлага тавих эрхтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ
СТАНДАРТЧИЛАЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА
17 дугаар зүйл.Стандартчилал, баталгаажуулалтын байгууллагын тогтолцоо
Стандартчилал, баталгаажуулалтын байгууллагын тогтолцоо нь Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага болон түүнээс стандартчилал, баталгаажуулалтыг хэрэгжүүлэх эрх авсан орон нутгийн стандартчилал, баталгаажуулалтын байгууллагаас бүрдэнэ.
18 дугаар зүйл.Стандартчилал,баталгаажуулалтын төв байгууллага
1.Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага нь улсын хэмжээнд стандартчилал, чанарын баталгаажуулалт, сорилт, стандарт, чанарын төрийн хяналтын ажил эрхлэх төрийн захиргааны байгууллага мөн.
2.Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага нь дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/стандартчилал, сорилт, чанарын баталгаажуулалтын талаарх төрийн бодлого,стандарт, чанарын төрийн хяналтыг хэрэгжүүлэх;
2/стандартчилал, чанарын удирдлага, баталгаажуулалт, сорилтын асуудлаар шинжлэх ухаан техникийн төслийн ажил хийх;
3/эрхэлсэн асуудлаар мэдээлэл-арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах.
3.Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
1/улсын хэмжээнд стандартчилал, чанарын баталгаажуулалтыг хэрэгжүүлэх, улсын стандартыг улсын бүртгэлд бүртгэж, албан ёсоор мэдээлэх;
2/энэ хууль болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн зохих заалтын биелэлт, улсын стандартын мөрдөлт, импорт, экспортын бүтээгдэхүүний чанарт төрийн хяналт тавих;
3/улсын хэмжээнд стандартчилал, чанарын баталгаажуулалт, сорилт, стандарт, чанарын төрийн хяналтыг нэгдсэн аргазүйн удирдлагаар хангах, холбогдох заавар, маягтыг батлан мөрдүүлэх;
4/салбар дундын болон ерөнхий техник, зохион байгуулалт, аргазүйн улсын стандарт, шаардлагатай тохиолдолд заавал мөрдөх улсын стандартыг боловсруулах;
5/бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалт явуулах, сорилт хийх;
6/монголын болон олон улс, бүс нутаг, гадаад улсын стандарт, норматив-техникийн бусад баримт бичгээр төв санг бүрдүүлэн төрөлжсөн архивын хэлбэрээр ажиллуулах;
7/зохих стандартад тохироогүй, чанар муутай буюу сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагчийн талаар болон итгэмжлэгдсэн лаборатори, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүний тухай олон нийтэд мэдээлэх,
8/стандартчиллын техникийн хороодыг байгуулах, тэдгээрийн дүрмийг баталж үйл ажиллагааг нь зохицуулах;
9/лаборатори итгэмжлэх,мэргэжлийн байгууллагад чанарын баталгаажуулалт хийх эрх олгох;
10/эрхэлсэн асуудлаараа судалгаа, шинжилгээний ажил хийх;
11/аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, гэрээний дагуу төлбөртэй ажил, үйлчилгээ,сургалт явуулах,улсын стандартыг хэвлэн борлуулах;
12/эрхэлсэн асуудлаараа олон улсын байгууллагад гишүүнээр элсэх, олон улс, бүс нутаг, гадаад улсын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх.
4.Засгийн газар Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагын дүрмийг батална.
19 дүгээр зүйл.Стандартчилал,баталгаажуулалтын төв байгууллагын зөвлөл
1.Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага нь төрийн болон олон нийт, шинжлэх ухааны холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчдөөс бүрдсэн стандартчиллын үйл ажиллагаанд оролцогч талуудын тэгш байдлыг хангах зорилго бүхий орон тооны бус зөвлөлтэй байна.
2.Зөвлөл дараахь асуудлыг эрхэлнэ:
1/улсын стандарт, стандартчиллын хөтөлбөр, холбогдох дүрэм, журмыг батлах, хүчингүй болгох;
2/хууль тогтоомжид нийцүүлэн стандартчилал, чанарын баталгаажуулалтын ажлын хэтийн бодлого, чиглэлийг тодорхойлох;
3/стандартчилал, чанарын баталгаажуулалт, сорилт, стандарт, чанарын төрийн хяналтын талаарх нэгдсэн дүнг хэлэлцэж зохих шийдвэр гаргах.
3.Зөвлөлийн гишүүдийг Засгийн газар томилно.
4.Зөвлөлийг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагын Ерөнхий захирал толгойлно.
20 дугаар зүйл.Орон нутгийн стандартчилал, баталгаажуулалтын байгууллага
1.Аймаг, нийслэлийн Засаг дарга аймаг, нийслэлийн стандартчилал, баталгаажуулалтын байгууллагыг байгуулан ажиллуулж, Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага түүнд стандартчилал, баталгаажуулалтыг хэрэгжүүлэх эрх олгоно.
2.Аймаг, нийслэлийн стандартчилал, баталгаажуулалтын байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн, Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Аймаг, нийслэлийн Стандартчилал, баталгаажуулалтын байгууллага дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
1/нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1,З-т заасан үндсэн чиг үүрэг, мөн зүйлийн З дахь хэсгийн 2,5,7,11-д заасан үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлэх;
2/тухайн нутаг дэвсгэрт хэрэглэх улсын болон байгууллагын стандарт боловсруулах ажлыг зохицуулах, байгууллагын стандартын нутаг дэвсгэрийн бүртгэл хөтлөх;
3/стандартын салбар сан ажиллуулах.
4.Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага нь хилийн боомт, гүний гааль зэрэг шаардлагатай газарт стандарт, чанарын төрийн хяналтын албыг байгуулна.
21 дүгээр зүйл.Стандартчилал, чанарын баталгаажуулалтад оролцогч бусад байгууллага
1.Төрийн захиргааны төв байгууллага нь:
1/тухайн чиглэл, салбарын техникийн бодлогыг стандартчилал, чанарын баталгаажуулалтад зөв тусгаж хэрэгжүүлнэ;
2/салбарын мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлнэ;
3/тухайн чиглэл, салбарын стандарт боловсруулах техникийн хороог ажиллуулна;
4/мэргэжлийн лабораториудыг бэхжүүлэх, тэдгээрийн техникийн түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авна.
2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь:
1/ /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон./
2/нутаг дэвсгэртээ стандартчилал, чанарын баталгаажуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулна.
3.Стандартчиллын техникийн хороо нь:
1/сонирхогч иргэн, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч, мэргэжилтнээс бүрдсэн Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагын бодлого, чиглэлийн дагуу орон тооны бус хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна;
2/тодорхой чиглэлээр олон улс, бүс нутаг, улсын стандарт болон стандартчиллын хөтөлбөр боловсруулж батлуулна;
3/эрхэлсэн асуудлаараа зөвлөмж гаргана.
4.Олон нийтийн байгууллага нь:
1/өөрийн төлөөлөгчийг техникийн хорооны үйл ажиллагаанд оролцуулах;
2/стандарт боловсруулах, хэрэглэх талаарх саналаа стандартчилал, баталгаажуулалтын холбогдох байгууллагад танилцуулах;
3/стандартчилал,чанарын баталгаажуулалт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжид санал тавьж хэрэглэгчдэд мэдээлэх;
4/стандартчиллын төв байгууллагатай гэрээ байгуулсаны дагуу стандартчилал, чанарын баталгаажуулалтын тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй.
5.Аж ахуйн нэгж, байгууллага нь:
1/заавал мөрдөх улсын стандарт, бусад норматив-техникийн баримт бичиг, гэрээнд заасан үзүүлэлт, шаардлагыг биелүүлэх;
2/өөрийн бүтээгдэхүүнд холбогдолтой улсын стандартыг боловсруулах ажлыг санхүүжүүлэх;
3/өөрийн бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалтад хамруулахтай холбогдсон зардлыг хариуцах;
4/бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж тэдгээрийг хэрэглэгч болон стандарт, чанарын төрийн хяналтын өмнө бүрэн хариуцах;
5/энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүнээ чанарын баталгаажуулалтад зохих хугацаанд хамруулах;
6/өөрийн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх талаархи чанарын удирдлагын нийтлэг, дэвшилттэй аргыг нэвтрүүлэх;
7/шаардлагатай тохиолдолд стандартчиллын техникийн хорооны ажилд оролцох;
8/бүтээгдэхүүндээ сорилт хийлгэх буюу өөрөө гүйцэтгэх лабораторитай байж, түүнийхээ техникийн түвшинг байнга дээшлүүлж, хэмжих, шалгах ажиллагаанд шаардагдах бүх нөхцөлийг бүрдүүлж ажиллуулах;
9/ /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
10/шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн технологийг боловсронгуй болгоход холбогдох стандарт, арга зүйг ажиллагсаддаа эзэмшүүлэх;
11/стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагчид ажлаа саадгүй явуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлж шаардагдах нөхцөл, техник хэрэгслээр хангах үүрэгтэй.
6.Борлуулах зориулалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэн нь энэ зүйлийн 5 дахь хэсгийн 1,4,9-д заасныг баримтална.
7.Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага нь зохих нөхцөлийг бүрдүүлсэн аж ахуйн нэгж, олон нийтийн болон бусад байгууллагад стандартчилал, чанарын баталгаажуулалт, сорилт зэрэг ажил гүйцэтгэх эрх өгч болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
22 дугаар зүйл.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын санхүүжилт
1.Стандартчилал, баталгаажуулалтын төв болон орон нутгийн байгууллагаас энэ хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан үндсэн чиг үүрэг, мөн зүйлийн З дахь хэсгийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсвөөс, мөн зүйлийн З дахь хэсгийн 10-т заасан үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухаан, технологийн сангаас, бусад зардлыг тухайн байгууллагын төлбөрт үйлчилгээний болон бусад орлогоос тус тус санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Техникийн хорооны үйл ажиллагааг түүнд оролцогч, сонирхогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага санхүүжүүлнэ.
3.Стандартчилал, чанарын баталгаажуулалт, сорилтын олон улсын байгууллагын гишүүний татварыг улсын төсвөөс төлнө. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4.Стандартчилал, баталгаажуулалтын төв болон орон нутгийн байгууллагаас үзүүлэх ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг стандартчилалын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд тогтооно.
5.Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага нь гадаад улс, олон улсын болон сонирхогч бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хандив, тусламж, орлогын бусад эх үүсвэрээс бүрдсэн Стандартчилал, баталгаажуулалтын хөгжлийн сантай байна.
23 дугаар зүйл.Стандартчилал,чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан хуульд заасан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
2.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч буюу стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагч дор дурдсан шийтгэл ногдуулна:
1/стандартчилал, баталгаажуулалтын төв болон түүнээс чанарын баталгаажуулалт хийх эрх авсан байгууллагын холбогдох албан тушаалтан стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчиж үйл ажиллагаагаа явуулсан, шийдвэр гаргасан бол 5000-15000 төгрөгөөр торгох;
2/стандарт, чанарын төрийн хяналт хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээ, мэдүүлгийг хуурамчаар гаргасан, стандарт, чанарын улсын байцаагчаас өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 30000-150000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3/итгэмжлэгдсэн лаборатори нь сорилтын дүн, дүгнэлтийг зориуд буруу гаргасан, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, эрхээ хэтрүүлсэн, эсхүл холбогдох стандарт, норматив-техникийн баримт бичгийг зөрчиж үйл ажиллагаагаа явуулсан бол 50000-100000 төгрөгөөр торгох;
4/энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4,5-д заасан объектод тогтоосон заавал мөрдөх улсын стандартыг зөрчсөн, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалтад хугацаанд нь хамруулаагүй бол зөрчил гаргасан иргэнийг 5000-15000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;
5/энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан объектод тогтоосон заавал мөрдөх улсын стандартын үзүүлэлт шаардлагыг зөрчсөн,эсхүл 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, эсхүл бүтээгдэхүүний чанарын ангилал, зэрэглэлийг зориуд өсгөсөн буюу улсын стандартын тэмдэглэгээ, чанарын гэрчилгээ, тохирлын тэмдгийг хууль бусаар ашигласан бол хууль бусаар олсон орлогыг хурааж зөрчил гаргасан иргэнийг 15000-25000 , аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр торгох;
6/энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан объектод тогтоосон заавал мөрдөх улсын стандартын үзүүлэлт, шаардлагыг зөрчсөн бол уг бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 25000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох.
3.Стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,төрийн хяналтыг хэрэгжүүлэхэд зориулан олгосон эд хөрөнгийг өөр зориулалтаар ашигласан бол түүнд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
4.Улсын байцаагчид албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, заналхийлсэн, үйл ажиллагаатай нь холбогдуулан мөрдөн хавчсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруутай этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөнөөс бусдад учруулсан материалын хохирлыг гэм буруутай этгээдээр зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэхийг сонирхогч этгээд нэхэмжлэх эрхтэй.
6.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх тухай стандарт, чанарын төрийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
