A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /энэ хуулийг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2005 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь хүн амыг тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүл, иргэдийн хүлээх үүрэг болон тамхи үйлдвэрлэх, худалдах талаар тавих шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомж, олон улсын гэрээ

Хэвлэх

1.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг Монгол Улсын нийт иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн дагаж мөрдөнө.

4 дүгээр зүйл.Тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх нийтлэг үүрэг

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж, байгууллага, хүн бүр тамхины хор хөнөөлөөс сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн тамхи татдаггүй хүмүүсийг эрүүл мэндээ хамгаалах, тамхи татдаг хүмүүсийг тамхинаас гарахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

2.Гэр бүл бүр хүүхдийг тамхи татах зуршилд сурах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байх үүрэгтэй.

3.Хөхүүл хүүхэдтэй эх, жирэмсэн эмэгтэйчүүд тамхи татахаас зайлсхийх үүрэгтэй.

5 дугаар зүйл.Тамхи худалдах, үйлдвэрлэхэд тавих шаардлага

Хэвлэх

1.Монгол Улсын нутагт тамхи худалдах, үйлдвэрлэхэд дараахь зүйлийг хориглоно:

1/найрлагад нь байгаа бохь, никотины хэмжээг заагаагүй буюу зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээний бохь, никотин агуулсан, түүнчлэн эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийн тухай анхааруулгагүй тамхи худалдах, худалдах зорилгоор ийм тамхийг гадаадаас оруулах, үйлдвэрлэх;

2/16 нас хүрээгүй хүүхдэд тамхи худалдах, тэднээр тамхи худалдуулах;

3/тамхийг задалж ширхэглэн худалдах. /Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хассан./

2.Монгол Улсын нутагт тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх зөвшөөрлийг Засгийн газар олгоно.

З.Монгол Улсын нутагт худалдах, үйлдвэрлэх тамхины найрлага дахь бохь, никотины зөвшөөрөгдөх дээд хэмжээ болон хор хөнөөлийн тухай анхааруулгыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

6 дугаар зүйл.Тамхи сурталчлахыг хориглох

Хэвлэх

Дараахь хэлбэрээр тамхи сурталчлахыг хориглоно:

1/хэвлэл, зурагт хуудас, кино, телевиз, радио, ханын самбар, зар чимэглэл, чөлөөт загвар болон бусад шууд хэлбэрээр биет байдлаар сурталчлах;

2/хүүхдэд тамхи татахыг зааж сургах, сурталчлах;

3/аж ахуйн нэгж, байгууллагыг тамхины нэрээр нэрлэх;

4/тамхины үйлдвэрлэл эрхэлдэг, тамхи дагнан борлуулдаг аж ахуйн нэгж ивээн тэтгэгчээр оролцож сурталчилгаа явуулах;

5/бараанд тамхины зураг, нэр, тэмдэг хэрэглэх;

6/бусад шууд бус хэлбэрээр тамхи сурталчлах.

7 дугаар зүйл.Тамхи татахыг хориглох газар

Хэвлэх

1.Дараахь байгууллага, нийтийн тээврийн хэрэгсэлд тусгайлан зөвшөөрсөн зориулалтын цэгээс бусад газарт тамхи татахыг хориглоно:

1/хүн тээврийн автобус, троллейбус, галт тэрэг, агаарын болон усан онгоц;

2/зорчигч тээврийн буудал;

3/нийтийн худалдаа, үзвэр, үйлчилгээний газар;

4/төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах бүх шатны байгууллагын албан байр;

5/аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний болон албан байр;

6/бүх шатны сургууль, хүүхдийн байгууллагын байр, танхим;

7/эрүүл мэндийн болон биеийн тамир, спортын байгууллагын байр, танхим.

2.Аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа, тамхи татахыг зөвшөөрсөн түүнчлэн хориглохыг анхааруулах зайлшгүй шаардлагатай газарт зохих тэмдэг тавина.

З.Үйлдвэрлэл, үйлчилгээний болон албан ажлын байранд энэ зүйлийн 1,2 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлэх журмыг аж ахуйн нэгж, байгууллага бүр хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаж хэрэгжүүлнэ.

8 дугаар зүйл.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих байгууллага

Хэвлэх

1.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.

2.Аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн удирдлагууд тус тусын эрх хэмжээний дагуу тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.

3.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон олон нийтийн бусад байгууллага тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавьж болно.

9 дүгээр зүйл.Гомдол гаргах

Хэвлэх

Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага гомдлоо шүүх болон холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж болно.

10 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

1/энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, гэм буруутай иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/энэ хуулийн 6 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн гэм буруутай иргэнийг 5000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, сурталчилгааг зогсооно; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба уг заалтад 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3/энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн бол худалдаалж байгаа тамхийг хурааж, гэм буруутай иргэнийг 10000-20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000- 100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба уг заалтад 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4/энэ хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн бол 1000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлагыг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын ажилтан, хууль тогтоомжоор эрх олгосон улсын байцаагч ногдуулна.

3.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн этгээдэд аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан торгох шийтгэлийг нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч ногдуулна. /Энэ хэсгийг 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн./

11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Энэ хуулийг 1994 оны З дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ