A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид "төрийн алба" гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, түүнээс төрийн алба хаах болзол, журам, баталгааг тогтоон зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хууль тогтоомж

Хэвлэх

Төрийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Төрийн алба, түүний ангилал

Хэвлэх

1.Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ.

2.Төрийн албаны мөн чанар нь ард түмнийхээ тусын тулд төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино.

3.Төрийн албыг дор дурдсанаар ангилна:

1/улс төрийн алба;

2/захиргааны алба;

3/тусгай алба;

4/үйлчилгээний алба.

4 дүгээр зүйл.Төрийн албаны зарчим

Хэвлэх

1.Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.

2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална:

1/захирах, захирагдах ёс;

2/ил тод байх;

3/төрийн алба нь ард түмэнд үйлчлэх;

4/иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх;

5/төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх;

6/төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах;

7/хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн албан тушаал

5 дугаар зүйл.Төрийн албан тушаалын ангилал, төрөл

Хэвлэх

1.Төрийн албан тушаалыг дор дурдсанаар ангилна:

1/улс төрийн албан тушаал;

2/захиргааны албан тушаал;

3/тусгай албан тушаал;

4/үйлчилгээний албан тушаал.

2.Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.

3.Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндааг Улсын Их Хурал тогтооно.

6 дугаар зүйл.Төрийн улс төрийн албан тушаал

Хэвлэх

1.Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгуулийн болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны ажилтны дараахь албан тушаал хамаарна:

1/Монгол Улсын Ерөнхийлөгч;

2/Монгол Улсын Их Хурлын дарга;

3/Монгол Улсын Ерөнхий сайд;

4/Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн;

5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн;

6/дэд сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайдын зөвлөх, хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын тохируулагч агентлагийн дарга /Энэ заалтад Улсын Их Хурлын 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон ба 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, зөвлөх;

8/Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

9/бүх шатны Засаг дарга;

10/Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн;

11/улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны ажилтны албан тушаал;

12/хуульд заасан бусад албан тушаал.

2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хот, тосгоны захирагч зэрэг нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтны албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай хуулиар адилтган үзэж болно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 11-д заасан албан тушаал эрхэлдэг ажилтан нь улс төрийн тухайн албан тушаалтанд захирагдах боловч төрийн албан хаагчийн хувьд холбогдох төрийн байгууллагын ажлын албанд харьяалагдана.

4.Улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл түүнд үйлчилж байсан орон тооны ажилтан нь чөлөөлөгдөнө. Гэхдээ шинээр сонгогдсон буюу томилогдсон төрийн албан тушаалтан хүсвэл уг ажилтныг өөрт нь үйлчлэх орон тооны ажилтнаар үргэлжлүүлэн ажиллуулж болно.

7 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаал, түүний ангилал

Хэвлэх

1.Төрийн захиргааны албан тушаалд дараахь албан тушаал хамаарна:

1/Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

2/Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал;

3/энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т зааснаас бусад Монголбанкны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

4/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны гүйцэтгэх албан тушаал;

5/Монгол Улсын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

6/Төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны гишүүн;

7/Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог байгууллагын шууд харьяа төрийн захиргааны байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

8/засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал;

9/төрийн байгууллагын дэргэдэх төрийн зохицуулалт, хэвлэл мэдээлэл, сургалт, эрдэм шинжилгээний зэрэг чиг үүргийг төрөөс хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий байгууллагын удирдах албан тушаал;

10/Үндэсний статистикийн газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтан; /Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн./

11/хуульд заасан бусад албан тушаал. /Энэ заалтын дугаарыг 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар"10" байсныг "11" болгож өөрчилсөн./

2.Төрийн захиргааны албан тушаалыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэж бүлэглэнэ.

3.Төрийн захиргааны албан тушаалыг дор дурдсанаар ангилна:

1/тэргүүн түшмэл;

2/эрхэлсэн түшмэл;

3/ахлах түшмэл;

4/дэс түшмэл;

5/туслах түшмэл.

4.Тэргүүн түшмэлийн албан тушаалд яамны Төрийн нарийн бичгийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

5.Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд яамны газрын дарга, түүний орлогч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

6.Ахлах түшмэлийн албан тушаалд яамны хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

7.Дэс түшмэлийн албан тушаалд яамны байцаагч, мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

8.Туслах түшмэлийн албан тушаалд яамны туслах байцаагч, туслах мэргэжилтэн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна.

9.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг Улсын Их Хурал тогтооно.

10.Хуульд өөрөөр заагаагүй бол яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг Засгийн газар тогтооно.

8 дугаар зүйл.Төрийн тусгай албан тушаал

Хэвлэх

1.Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй дараахь албан тушаал хамаарна:

1/бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн;

2/зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хорих, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч; /Энэ заалтад 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

3/Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч, Үнэт цаасны хорооны дарга, гишүүн, Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга; /Энэ заалтад 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

4/Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн. /Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

5/хуульд заасан бусад албан тушаал. /Энэ заалтын дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 4 байсныг 5 болгон өөрчилсөн./

2.Төрийн тусгай албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу тогтооно.

9 дүгээр зүйл.Төрийн үйлчилгээний албан тушаал

Хэвлэх

1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслахаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авч ажиллуулах дараахь албан тушаал хамаарна:

1/төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;

2/төрийн байгууллагын дэргэдэх төрийн зохицуулалт, хэвлэл, мэдээлэл, сургалт, эрдэм шинжилгээний зэрэг чиг үүргийг төрөөс хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий байгууллагын гүйцэтгэх ба туслах албан тушаал;

3/боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг төрийн байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал;

4/төрийн өмчийн үйлдвэрийн газрын захиргааны албан тушаал.

2.Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг Засгийн газар тогтооно.

10 дугаар зүйл.Төрийн албан тушаалд тавих шаардлага

Хэвлэх

1.Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх ур чадвар, боловсрол, мэргэшлийн бэлтгэл, туршлагатай байх явдал мөн.

2.Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг хуулиар тогтооно.

3.Засгийн газар шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн тогтоож болно.

4.Төрийн үйлчилгээний албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг албан тушаалын тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлно.

101дүгээр зүйл.Төрийн тусгай албан хаагчийг захиргааны санаачилгаар халах

Хэвлэх

Албан байранд болон албан үүргээ гүйцэтгэж яваа, түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундаа уусан нь төрийн тусгай албан хаагчийг захиргааны санаачилгаар халах үндэслэл болно.

/Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төрийн албан хаагч

11 дүгээр зүйл.Төрийн албан хаагч

Хэвлэх

1.Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ.

2.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.

3.Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг мөрдөнө.

4.Төрийн захиргааны албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар тогтооно.

5.Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.

6.Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.

12 дугаар зүйл.Төрийн захиргааны албан хаагчийн тангараг

Хэвлэх

1.Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөнө.

2.Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтооно.

13 дугаар зүйл.Төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг үүрэг

Хэвлэх

1/Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

2/өргөсөн тангарагтаа үнэнч байх;

3/эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;

4/харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;

5/албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

6/албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх;

7/албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;

8/албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих;

9/албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;

10/төрийн албан тушаалд томилогдмогц өөрийн өмчийн байдлын талаар мэдэгдэж, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар зохих байгууллагад мэдээ өгч байх;

11/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

14 дүгээр зүйл. Төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг эрх

Хэвлэх

1/төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг албан ёсоор тогтоож түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах;

2/цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатныхаа албан тушаалтанд амаар буюу бичгээр тавих;

3/өөрийн хувийн хэрэг болон түүнд оруулах ажил байдлын тодорхойлолт зэрэг материалтай танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх;

4/өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах;

5/хууль тогтоомжид зааснаар төрийн албан тушаал хавсран эрхлэх;

6/хууль тогтоомжоор хориглоогүй, албан тушаалынхаа ашиг сонирхолд харшлахгүй арга хэлбэрээр хувийн аж ахуйгаа гардан эрхлэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр хөтлүүлэх зэргээр орлого олох;

7/төрийн албанаас чөлөөлөгдөх;

8/хууль тогтоомжид заасан бусад эрх.

15 дугаар зүйл.Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

Хэвлэх

1/албан үүрэгтэйгээ холбоогүй асуудлаар нам, олон нийтийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох;

2/ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

3/албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах;

4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр гадаад орны төрийн дээд цол, одон, медаль, төрийн бусад шагнал авах;

5/Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчих;

6/албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс бэлэг, мөнгөн шагнал, шан харамж, зээл авах, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр үйлчлүүлэх зэрэг хууль бус бусад хангамж эдлэх;

7/албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;

8/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх;

9/аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гардан эрхлэх, бусдад зуучлан хөтлөх;

10/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжийг гардан удирдах, тэдгээрийн нэгдлийн удирдах зөвлөлийн болон захиргааны гишүүн байх;

11/албан тушаал эрхэлдэг төрийн байгууллагад, эсхүл шууд удирдлага, хяналтад нь ажилладаг байгууллагад гурав дахь этгээдийн төлөөлөгч буюу итгэмжлэгдсэн этгээд байх;

12/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхийг зогсоосон өдрөөс хойш 2 жилийн дотор сүүлийн 5 жилийн хугацаанд эрхэлж байсан ажил, албан тушаалынхаа дагуу шууд холбоотой ажилладаг байсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид албан тушаал эрхлэх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн захиргааны албан тушаал эрхлэх болзол, журам

16 дугаар зүйл. Төрийн захиргааны албан тушаал эрхлэх болзол

Хэвлэх

1.Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн захиргааны албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.

2.Төрийн захиргааны албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно:

1/Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ял шийтгэлгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй бол;

2/төрийн захиргааны албан тушаалаас сахилгын шийтгэлээр халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй бол;

3/хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай төрөл садангийн хүн /эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, дүү, үр хүүхэд, тэдгээрийн гэр бүлийн хүн/ нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол;

4/гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол;

5/хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж иргэнийг төрийн захиргааны албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүйд тооцно.

17 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаалд авах

Хэвлэх

1.Төрийн захиргааны албан тушаалын сул орон тооны талаар ажил олгогч нийтэд мэдээлж, иргэдийг сонгон шалгаруулах замаар ажилд авна. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

2.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1, З дахь хэсэгт заасан шаардлага, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн захиргааны албан тушаалд орох эрхтэй. /Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

3.Иргэн төрийн захиргааны албан тушаалд анх орох тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах зорилго бүхий төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид "мэргэшлийн шалгалт" гэх/ өгнө. /Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

4.Мэргэшлийн шалгалтад тэнцэж төрийн захиргааны албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтыг мэргэшлийн шалгалтын онооны дэс дарааллаар үйлдэж хамгийн их оноо авсан хүмүүсээс эхлэн төрийн захиргааны албан тушаалд анх авах ажлыг зохион байгуулна. /Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

5.Мэргэшлийн шалгалт авах болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно. /Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

6.Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна. /Энэ хэсгийн дугаарыг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

18 дугаар зүйл.Төрийн захиргааны албаны туршилтын хугацаа

Хэвлэх

1.Төрийн захиргааны албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно.

2.Төрийн захиргааны албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.

19 дүгээр зүйл.Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх

Хэвлэх

1.Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ.

2.Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ.

3.Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.

20 дугаар зүйл.Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв

Хэвлэх

1.Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.

2.Тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч; эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд; ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын сайд, төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.

3.Зэрэг дэв олгохдоо төрийн албанд нийт ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзана.

4.Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

5.Төрийн захиргааны албаны зарим онцлог салбарын албан тушаалын зэрэг дэвийг хуулиар тогтоож болно.

21 дүгээр зүйл.Төрийн захиргааны албан тушаал хавсрах, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх

Хэвлэх

1.Албан ажлын ашиг сонирхол, албан тушаалынх нь бүрэн эрхэд харшлахгүй бол төрийн захиргааны албан хаагч удирдлагын зөвшөөрснөөр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 8-д зааснаас бусад тохиолдолд өөрийн буюу төрийн бусад байгууллагад өөр ажил, орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэж болно.

2.Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн захиргааны албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.

3.Төрийн захиргааны албан тушаал хавсрах, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам, хавсран гүйцэтгэж болохгүй төрийн албан тушаалын жагсаалтыг Засгийн газар тогтооно.

22 дугаар зүйл.Төрийн захиргааны албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түр томилох

Хэвлэх

1.Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.

2.Төрийн захиргааны албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн захиргааны албан хаагчийг сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авна.

4.Төрийн байгууллага нь албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн захиргааны албан тушаалд иргэнийг 6 сар хүртэл хугацаагаар түр томилж болно. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

5.Иргэнийг төрийн захиргааны албан тушаалд түр томилоход энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журам хамаарахгүй.

6.Төрийн захиргааны албан тушаалд түр томилогдсон иргэн нь албан тушаал эрхлэх хугацаандаа тухайн албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

23 дугаар зүйл.Төрийн захиргааны албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас түр халах, чөлөөлөх

Хэвлэх

1.Төрийн захиргааны албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, эсхүл төрийн албанаас уг албанд эргэж орох эрхтэйгээр хална:

1/албан үүргээ хангалтгүй биелүүлсэн;

2/мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон;

3/биеийн эрүүл мэндийн байдлын улмаас албан үүргээ биелүүлэх боломжгүй болсон;

4/оршин суух газар нь өөрчлөгдсөний улмаас тухайн орон тооны албан тушаалыг эрхлэх боломжгүй болсон.

2.Төрийн захиргааны албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө:

1/биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон;

2/урт хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон;

3/цэргийн жинхэнэ алба хаах болсон.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.

24 дүгээр зүйл.Төрийн захиргааны албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, төрийн захиргааны алба хаах насны дээд хязгаар

Хэвлэх

1.Төрийн захиргааны албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:

1/төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;

2/тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

3/өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

2.Төрийн захиргааны албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь эрэгтэй хүнд 65 нас, эмэгтэй хүнд 6О нас байна.

3.Төрийн захиргааны албан хаагч нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

4.Төрийн захиргааны албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч ёсоор болгох, эсхүл түүнийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэнэ.

25 дугаар зүйл.Төрийн захиргааны албан хаагчийг төрийн албанаас халах

Хэвлэх

1/гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

2/Монгол Улсын харьяатаас гарсан.

26 дугаар зүйл.Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах

Хэвлэх

1.Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1-11-д заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, эсхүл албан байранд болон албан үүргээ гүйцэтгэж яваа үедээ согтууруулах ундаа уусан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны албан хаагчид дараахь сахилгын шийтгэл ногдуулна:

1/сануулах;

2/албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах;

3/төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.

2.Төрийн захиргааны албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.

3.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

4.Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй.

5.Төрийн захиргааны албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

6.Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1-11-д заасныг зөрчсөн төрийн захиргааны албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.Төрийн захиргааны албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.

8.Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа

27 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн баталгаа

Хэвлэх

1.Төрийн албан хаагч нь дараахь баталгаагаар хангагдана:

1/төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах;

2/албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;

3/гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөн авах;

4/албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүн нь тухайн төрийн албан хаагчийн ажиллаж байгаа төрийн байгууллагаар хамгаалуулах;

5/төрөөс орон байраар хангагдах;

6/Хөдөлмөрийн хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх;

7/төрийн алба хаах хугацаанд болон тэтгэвэрт гарсан үедээ хууль тогтоомжоор тогтоосон нөхцөл, журмын дагуу эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах;

8/Эрүүл мэндийн даатгалын хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон улсын эмнэлгийн комиссын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 6О-аас доошгүй хувийг төр хариуцах;

9/төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах;

10/гэр бүлээс нь их, дээд, мэргэжлийн сургуульд элссэн 1 хүүхдийнх нь сургалтын зардлыг дотоодын их, дээд, мэргэжлийн сургуулийн тус тусын жишгээр тооцож төр хариуцах;

11/хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.

2.Төрийн захиргааны албан хаагч нь дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:

1/энэ хуулийн 2З дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;

2/Улсын Их Хурал,Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-5-д заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн захиргааны албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;

3/төрийн байгууллага татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах;

4/төрийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах албан хаагчид аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгөх.

28 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн цалин хөлс

Хэвлэх

1.Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.

2.Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:

1/улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс;

2/төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээ

3/тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс;

4/үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон эрдмийн, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс тус тус бүрдэнэ.

3.Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг тогтооход дараахь шаардлагыг харгалзан үзнэ:

1/төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтоох;

2/төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь нийгмийн амьжиргааны дундаж түвшин болон хувийн хэвшилд ажиллагчдын албан тушаалын цалингийн дундаж түвшинтэй уялдсан байх;

3/төрийн албан хаагчийн албан тушаалын дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5,О буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишгийг өөрчлөх саналыг тухайн жилд нь боловсруулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;

4/төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг албан тушаалын ангилал, зэрэглэл болон төрийн тухайн албан тушаал эрхэлсэн хугацаанаас хамааралтайгаар төрийн албаны салбар, төрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр боловсруулж мөрдүүлэх.

4.Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаа, хорих байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсэгт 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон, Энэ хэсгийг 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Дор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг Засгийн газар тогтооно.

1/сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;

2/төрийн захиргааны албан хаагчид;

3/зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаа, хорих байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид;

4/үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид. /Энэ хэсэгт 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон мөн энэ хэсгийг 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Улс төрийн болон энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, З-т заасан тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг хууль тогтоомжоор тогтооно.

7.Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл олгох журам, хэмжээг Засгийн газар тогтооно.

8.Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг Засгийн газар тогтооно.

1.Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор түүний цалин хөлснөөс төлбөл зохих бүх шимтгэлийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийн 80-аас доошгүй хувийг төрийн байгууллагын төсвөөс нөхөн төлнө.

2.Төрийн албан хаагчид дараахь нөхөх төлбөр олгоно:

1/албан томилолтын зардал;

2/албан ажлын хэрэгцээнд батлагдсан нормативын дагуу хувийн унаа албан ажилдаа хэрэглэсэн тохиолдолд хувиас гарсан зардал;

3/гадаад улсад болон нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор төрийн байгууллагад ажиллахаар томилогдсон албан хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжинд нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардал;

4/хууль тогтоомжид заасан бусад нөхөх төлбөр.

3.Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

30 дугаар зүйл.Төрийн албан хаагчид олгох тусламж

Хэвлэх

1.Энэ хуулийн 2З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн захиргааны албан хаагчид тусламж олгож болно.

2.Энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн захиргааны албан хаагчид 6 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

3.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан төрийн захиргааны албан хаагчийн амь насыг хохироосон тохиолдолд түүний ар гэрт З жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

4.Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын тэтгэмжээс гадна дараахь тохиолдолд тусламж олгож болно:

1/гэр бүлийг нь дэмжих;

2/ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгох;

3/төрөл садан /эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү, үр хүүхэд, тэдний гэр бүлийн хүн/-гийн хүн нас барах, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүнээ тэтгэх;

4/хууль тогтоомжид заасан бусад тусламж.

5.Төрийн албан хаагчид тусламж олгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно.

31 дүгээр зүйл.Төрийн албан хаагчийн шагнал, урамшил

Хэвлэх

1.Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ үр дүнтэй биелүүлж өндөр амжилт гаргасан гавьяа зүтгэлийг нь үнэлж төрийн байгууллагын захиргаа түүнийг дараахь байдлаар шагнаж, урамшуулна:

1/мөнгөн шагнал олгох;

2/эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах;

3/Засгийн газар ба төрийн дээд байгууллагаас шагнуулахаар тодорхойлох.

2.Төрийн албан хаагчид энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаас гадна улирлын ажлын үр дүнгээр болон онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлсний төлөө мөнгөн урамшил олгоно.

3.Төрийн албан хаагчийг энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан шагналаар шагнах болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар, энэ зүйлийн 1 дэх хэсгийн З-т зааснаар шагналд тодорхойлох журмыг хуулиар тус тус тогтооно.

4.Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1,5 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшил олгож болно.

32 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж

Хэвлэх

Төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар зохицуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Төрийн албаны удирдлага, зохион байгуулалт

33 дугаар зүйл.Төрийн албаны удирдлага

Хэвлэх

1.Төрийн албан хаагчийн ерөнхий удирдлагыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.

2.Төрийн захиргааны албан хаагчийн стандартын удирдлагыг төрийн албаны төв байгууллага хэрэгжүүлнэ.

3.Төрийн захиргааны албан хаагчийн шуурхай удирдлагыг төрийн байгууллагын ажлын албаны эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.

4.Төрийн байгууллага нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангахтай холбогдсон дараахь асуудлаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ:

1/төрийн албан хаагчийн сургалт;

2/төрийн албан хаагчийн аж байдал;

3/төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа;

4/төрийн албан хаагчийн эрүүл мэнд;

5/төрийн албан хаагчийн амралт, сувилал;

6/төрийн албан хаагчийн аюулгүй байдал.

5.Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангах хөтөлбөр, тэдгээрийн талаар төрийн байгууллагуудаас хэрэгжүүлэх бодлогыг уялдуулах асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулна.

34 дүгээр зүйл.Төрийн албаны төв байгууллага

Хэвлэх

1.Төрийн албаны төв байгууллага нь Төрийн захиргааны албаны зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ мөн.

2.Зөвлөл нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд бие даасан байдалтай ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.

3.Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тэдгээрийн З нь орон тооны, 4 нь орон тооны бус байна.

4.Зөвлөлийн орон тооны З гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигч нь төрийн албан тушаалд 1О-аас доошгүй жил ажилласан, ял шийтгэлгүй, Монгол Улсын З5 нас хүрсэн иргэн байна.

5.Улсын Их Хурал Зөвлөлийн орон тооны гишүүнийг 6 жилийн хугацаагаар томилно.

6.Зөвлөлийн орон тооны гишүүнээр нэг удаа улируулан томилж болно.

7.Зөвлөлийн даргыг орон тооны гишүүдийн дотроос Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно.

8.Зөвлөлийн орон тооны бус гишүүн нь дор дурдсан албан тушаалтан байна:

1/Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;

2/Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;

3/Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга.

9.Зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон хүний намын гишүүнийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн орон тооны З гишүүний дотор нэг намын хоёр, эсхүл нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн хоёр хүн байж болохгүй.

10.Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална.

11.Зөвлөлийн орон тооны гишүүн нь гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль ноцтой зөрчсөн бол түүнийг уг албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

12.Зөвлөлийн орон тооны гишүүнээр нөхөн томилогдсон хүн нь орон гарсан өмнөх хүнийхээ бүрэн эрхийн үлдсэн хугацаанд уг албыг хашина.

13.Зөвлөлийн дарга, орон тооны гишүүний цалин хөлс, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад хангамжийг Улсын Их Хурал тогтооно.

14.Зөвлөлийн ажлын албаны үүргийг Засгийн газрын ажлын алба гүйцэтгэнэ.

35 дугаар зүйл.Зөвлөлийн чиг үүрэг

Хэвлэх

1/удирдлагын үндэсний чадавхийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

2/төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн захиргааны албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, энэ хуулийн З9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэх;

3/хууль тогтоомжийн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, түүнийг өөрчлөх, биелэлтийг нь хангах;

4/төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, төрийн алба, төрийн албан хаагчтай холбогдолтой шаардлагатай мэдээллээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийг хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

5/төрийн байгууллагын ажлын албаны төрийн захиргааны албан хаагчийн удирдлагатай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

6/төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох ажилтны талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх;

7/төрийн захиргааны албан хаагчийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах;

8/мэргэшлийн шалгалтаар иргэнийг төрийн захиргааны албанд авах болон төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах;

9/төрийн албаны ажилтны сургалт болон төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохицуулах;

10/төрийн байгууллагын бүтэц, албан тушаалын орон тоо, төсөв, цалингийн сан, төрийн албан тушаалын ангилал, зэрэглэл, зэрэг дэв, төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, жишиг тогтооход санал өгөх;

11/төрийн захиргааны албаны үйл ажиллагаанд шинжилгээ хийж, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал боловсруулах, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн удирдлагын зардлын төслийг зохиох, хянаж батлахад зохих журмын дагуу санал, хүсэлт гаргах;

12/төрийн байгууллагаас төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангах.

36 дугаар зүйл.Төрийн албаны стандарт

Хэвлэх

1.Төрийн албаны стандарт нь төрийн албыг үр дүнтэй удирдах, хэрэгжүүлэх, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ.

2.Төрийн албаны стандарт нь төрийн албан хаагчаас албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, санхүү, статистикийн болон төрийн албатай холбогдсон бусад мэдээ, тайлан гаргах, төрийн байгууллага, төрийн албан хаагчаас албан хэрэг хөтлөх, ангилах, архивын баримт бичиг, нэгж бүрдүүлэх, хяналт шалгалт хийх, мэдээллээр хангах зэрэг бусад үйл ажиллагааны журмыг тогтооно.

3.Төрийн албаны стандарт боловсруулж батлах, мөрдөх журмыг Засгийн газар тогтооно.

37 дугаар зүйл.Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэл

Хэвлэх

1.Төрийн албан хаагчийн хувийн хэрэг /цаашид "хувийн хэрэг" гэх/ нь төрийн албан хаагчийн тухай болон түүний төрийн албан тушаал эрхэлсэн тухай мэдээлэл агуулна.

2.Төрийн албан хаагчид зөвхөн нэг хувийн хэрэг хөтөлнө.

3.Төрийн албаны төв байгууллага нь төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа болон нөөцөд байгаа төрийн бүх албан хаагчийн тухай мэдээ агуулсан байна.

4.Хувийн хэрэг, тоо бүртгэл хөтлөх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.

38 дугаар зүйл.Төрийн албаны санхүүжилт

Хэвлэх

1.Төрийн албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

2.Төрийн байгууллага нь хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж үл болно.

3.Төрийн үйлчилгээний салбарт хамаарах төрийн байгууллага хууль тогтоомжид заасан журмын дагуу аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж болно.

4.Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчид олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй.

5.Төрийн албаны санхүүжилт болон төрийн байгууллагын төсөвт хөрөнгийн ашиглалтад тавих хяналтыг хууль тогтоомжид заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.

39 дүгээр зүйл.Төрийн захиргааны албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх

Хэвлэх

1.Төрийн байгууллага болон төрийн захиргааны албан хаагч, түүнд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ:

1/энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн захиргааны албан хаагч, түүнд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан;

2/төрийн захиргааны албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргаан.

2.Төрийн захиргааны албан хаагч, түүнд нэр дэвшигч нь төрийн албатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэсэн тухай төрийн албаны төв байгууллагын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно.

3.Төрийн байгууллага болон төрийн захиргааны албан хаагч, түүнд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

40 дүгээр зүйл.Хориглох зүйл

Хэвлэх

1.Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудалтай холбогдсон бичиг баримт хуурамчаар үйлдэх, шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.

2.Төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно.

41 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

2.Төрийн захиргааны албан тушаалын сул орон тоонд иргэнийг ажилд авахад энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн албан тушаалтныг шүүгч 10000-30000 төгрөгөөр торгох бөгөөд уг зөрчлийг давтан үйлдэж торгуулбал түүнийг ажил, албан тушаалаас халах саналыг эрх бүхий этгээдэд тавина. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

42 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ