- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2003 оны 01 дyгээр сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

/Энэ хуулийг 2003 оны 1 дyгээр сарын 3-ны өдрийн хуулиар хyчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1995 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж
Монгол Улсын төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тогтолцоо, хүрээ
1.Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн хянан шалгах хороо,аймаг,нийслэлийн хянан шалгах хороо, төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ.
2.Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, Шүүх, прокурорын хяналттай холбогдсон харилцааг тус тусын хууль тогтоомжоор зохицуулна.
3.Төрийн хянан шалгах хороо, аймаг, нийслэлийн хянан шалгах хороо, Засгийн газар, яам, тусгай газар, Засгийн газрын дэд бүтцэд хамаарах газар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын үндсэн зарчим
Төрийн хяналт шалгалт /цаашид энэ хуульд "хяналт шалгалт" гэх/ нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчимд үндэслэсэн байна.
5 дугаар зүйл. Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам
1.Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид энэ хуульд "Хяналт шалгалтын байгууллага" гэх/ хяналт шалгалтыг өөрийн санаачилгаар, эрх бүхий байгууллагын даалгаснаар, түүнчлэн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан үндэслэлээр хийнэ.
2.Хяналт шалгалтад холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах замаар хяналт шалгалт хийхийг хориглоно.
3.Хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийнэ.
Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан тухайн байгууллагад мөрдөж буй журамд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтыг зохих удирдамжгүйгээр өөрийн санаачилгаар хийж болно.
4.Хяналт шалгалтын байгууллага нь хяналт шалгалт хийх болсон тухай шалгуулах этгээдэд урьдчилан мэдэгдэж болно.
5.Хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан, хяналт шалгалтын ажилд оролцсон бусад этгээд хяналт шалгалтын явцад авсан мэдээллийг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтын дүн бүрэн гарах хүртэл хяналт шалгалтынхаас өөр зорилгоор ашиглахыг хориглоно.
6.Хяналт шалгалтын байгууллага нь шалгасан асуудлаар тухайн этгээдийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлын шалтгааныг тогтоон, түүнийг арилгах арга хэмжээг авахуулж, шаардлагатай бол зохих хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасны дагуу шийдвэрлэх буюу холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
7.Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна.
8.Хяналт шалгалтын дүнг шалгуулсан этгээдэд танилцуулж холбогдох баримт бичигт гарын үсэг зуруулна. Хэрэв шалгуулсан этгээд хяналт шалгалтын баримт бичигт заасан зүйлийг зөвшөөрөөгүй буюу гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбараа бичиж гарын үсгээ зурна.
9.Хяналт шалгалтын байгууллага нь илгээгчийн овог нэр, хаяг тодорхой бус гомдол, мэдээллийг хүлээж авахгүй.
10.Хяналт шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй зөрчил илэрсэн тохиолдолд хяналт шалгалтын байгууллага холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад харьяаллын дагуу шилжүүлнэ. Эрх бүхий байгууллага хуульд өөрөөр заагаагүй бол асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хяналт шалгалтын байгууллагад нэг сарын дотор мэдэгдэнэ.
11.Улсад эд хөрөнгийн хохирол учруулсан нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон бол уг хохирлыг холбогдох этгээдээр хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шаардана. Уг шаардлагыг хүлээж авсан байгууллага, албан тушаалтан заасан хугацаанд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч энэ тухайгаа хяналт шалгалтын байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
Хэрэв шаардлагыг хүлээж авахаас татгалзсан буюу тогтоосон хугацаанд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ аваагүй бол буруутай албан тушаалтанд энэ хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах, эсхүл уг асуудлыг шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
12.Хяналт шалгалтын байгууллага хийсэн хяналт шалгалтынхаа дүнгийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд мэдээлнэ.
13.Хяналт шалгалтын байгууллага хяналт шалгалт хийхдээ олон нийтийн байгууллага, иргэдийн дэмжлэгийг авч болно.
14.Хяналт шалгалтын байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төр, олон нийтийн холбогдох байгууллага, иргэдтэй харилцаа холбоотой ажиллана. Төр, олон нийтийн холбогдох байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын ажилд зохих дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
15.Хяналт шалгалтын байгууллага өөрийн чиг үүргийн хүрээний асуудлаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж болно.
Хяналт шалгалтын байгууллага мэдээллийн нууцыг чандлан хамгаална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн хянан шалгах хороо, аймаг, нийслэлийн хянан шалгах хороо
6 дугаар зүйл.Төрийн хянан шалгах хороо
1.Төрийн хянан шалгах хороо нь улсын төвлөрсөн төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтыг хянан шалгах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянан шалгах, энэ хуульд заасан албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.
2.Төрийн хянан шалгах хороо нь дарга, найман гишүүнээс бүрдэх бөгөөд хяналт шалгалтын болон ажлын албатай байна.
3.Төрийн хянан шалгах хорооны төсвийг Улсын Их Хурал батална. Төрийн хянан шалгах хороо түүний үйл ажиллагааг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4.Төрийн хянан шалгах хороо үйл ажиллагаагаа жил бүр Улсын Их Хуралд тайлагнана.
5.Төрийн хянан шалгах хороо тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
7 дугаар зүйл.Төрийн хянан шалгах хорооны бүрэн эрх
Төрийн хянан шалгах хороо чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.Дор дурдсан байгууллага, аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулах:
1/улсын төвлөрсөн төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтыг яам, тусгай газар, Засгийн газрын дэд бүтцийн болон Засгийн газраас байгуулдаг бусад байгууллага, Монголбанк, түүнчлэн төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг хариуцан гүйцэтгэж байгаа Засгийн газрын бус байгууллага, төвлөрсөн төсвөөс
санхүүждэг бусад байгууллагад;
2/улсын төвлөрсөн төсвөөс хуваарилж олгосон хөрөнгийн зарцуулалтыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, Засгийн газар, тэдгээрийн ажлын алба, дэргэдэх байгууллага, Шүүхийн тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газарт.
Тагнуулын байгууллага, зэвсэгт хүчин, бусад цэрэг, түүнчлэн цагдаагийн гүйцэтгэх албанд зориулсан төсвийн хөрөнгийн зарцуулалтыг Төрийн хянан шалгах хорооны дарга болон Улсын Их Хурлаас итгэмжилсэн албан тушаалтан хянан шалгана.
Ийнхүү шалгасан тухай асуудлыг Төрийн хянан шалгах хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй;
3/Засгийн газрын тусгай зориулалтын сан, улсын төвлөрсөн төсвөөс хууль тогтоомжийн дагуу олгосон санхүүгийн дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгийн болон олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, холбогдох бусад байгууллага, иргэдээс Монгол Улсын Засгийн газар болон Засгийн газрын бус шугамаар төр, аж ахуйн нэгж, олон нийтийн болон бусад байгууллагад олгосон зээл, өгсөн хандив, тусламж, иргэд, байгууллагын хандив, тэдгээртэй адилтгах хөрөнгийн зориулалт, ашиглалт, зарцуулалтыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр;
4/улсын төсвийн хөрөнгө оруулалтын эрх нээлт, санхүүжилт, түүний үр дүнг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид;
5/улсаас хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий хуулийн этгээдийн данс тооцоонд;
6/төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг Улсын Их Хурлын ажлын алба, дэргэдэх байгууллага, Шүүхийн тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газар, яам, тусгай газар, Засгийн газрын дэд бүтцэд ордог болон Засгийн газраас байгуулдаг бусад байгууллага, Монголбанкинд;
7/төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шаардлагатай бол орон нутгийн мэдлийнхээс бусад төрийн өмчийн болон төрийн өмчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж, төсөвт болон төсвийн санхүүжилт авдаг байгууллагад.
2.Дор дурдсан албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргах:
1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн,Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Шүүхийн тамгын газрын дарга; /Энэ заалтад 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
2/Монгол банкны ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Үнэт цаасны хорооны дарга, гишүүн;
3/Дэд сайд,яамны төрийн нарийн бичгийн дарга;
4/Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга, гишүүн;
5/Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд ордог тусгай газар, Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны бусад байгууллагын дарга;
6/аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын захирагч;
7/Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улс, олон улсын байгууллагад суугаа Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн;
8/хэрэв дээрх байгууллага, албан тушаалтан дэд дарга буюу орлогчтой бол тэдгээр дэд дарга буюу орлогч;
9/хууль тогтоомжид заасан адилтгах бусад албан тушаалтан.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар аймаг, нийслэлийн хянан шалгах хороо, төрийн захиргааны зохих байгууллагаар хяналт шалгалт хийлгэх.
4.Улсын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тооцоонд дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулах, улсын төсвийн төсөлд болон төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал өгөх.
5.Төсвийн орлогыг саатуулсан, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон нөхцөлд шаардлагатай гэж үзвэл тухайн байгууллагын цалингаас бусад санхүүжилтийг түр хугацаагаар зогсоох.
6.Өөрийн ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны асуудлаар дүрэм, заавар батлах, аймаг, нийслэлийн хянан шалгах хороонд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
7.Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахыг зохих албан тушаалтнаас шаардах хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад актыг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих.
8.Төрийн албан хаагч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь хяналт шалгалтын явцад илэрвэл түүнд хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан уг асуудлыг зохих журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа тухайн хяналт шалгалтын байгууллагад 1О хоногийн дотор мэдэгдэнэ.
9.Бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар зохих мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулж авах.
10.Зохих байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах.
11.Хорооны даргын санал болгосноор хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг томилох, чөлөөлөх, хорооны бүтцийг батлах.
12.Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл.Төрийн хянан шалгах хорооны дарга, гишүүн
1.Хорооны даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор, Хорооны гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны санал болгосноор Улсын Их Хурал томилж чөлөөлнө.
2.Хорооны дарга нь дээд боловсролтой, төрийн албанд таваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна. Хорооны дарга төрийн тусгай албан тушаалтанд хамаарна.
3.Хорооны дарга орон тооны, гишүүн орон тооны бус байна.
Хорооны даргын шийдвэрээр гишүүдэд зохих хөлс олгож болно. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4.Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Хорооны дарга, гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, бүрэн эрхийн хугацаа дууссанаар, түүнчлэн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан, огцорсноор дуусгавар болно.
5.Хорооны дарга, гишүүнийг бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө чөлөөлсөн, огцруулсан, түүнчлэн огцорсон бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн томилно.
6.Хорооны дарга, гишүүнээр Засгийн газар, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, шүүгч, прокурорыг томилж болохгүй.
7.Хорооны дарга, гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан бол Улсын Их Хурал бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Үүнээс өөр үндэслэлээр хорооны дарга, гишүүдийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлж болохгүй.
8.Үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хорооны даргыг Улсын Их Хурлын даргын, хорооны гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө огцруулна.
9.Хорооны дарга, гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг хорооны дарга, гишүүнээс огцруулсанд тооцно.
10.Хорооны дарга, гишүүн огцрох тухай хүсэлтээ Улсын Их Хуралд бичгээр гаргаж болно. Энэ тухай хүсэлтийг Улсын Их Хурлын чуулганы үед гаргасан бол 15 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт гаргасан бол чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэж хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
11.Хорооны даргыг түр эзгүйд түүний томилсон хорооны гишүүн орлоно.
12.Хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно.
9 дүгээр зүйл.Төрийн хянан шалгах хорооны даргын бүрэн эрх
Хорооны дарга хорооны гишүүн, хянан байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хороог дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;
2/хорооны хуралдааны хэлэлцэх асуудлыг тодорхойлж хуралдааныг товлох, даргалах;
3/хорооны гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих;
4/хорооны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг хангуулах;
5/хяналт шалгалт хийх удирдамжийг батлах;
6/хорооны төсвийн зарцуулалтад хяналт тавих;
7/хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын санал болгосноор хорооны хянан байцаагчийг томилох, чөлөөлөх;
8/хорооны хянан шалгах болон ажлын албаны орон тоо, ажилтнуудын цалингийн хэмжээг батлах;
9/Улсын Их Хурлын чуулганы болон Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох;
10/эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах;
11/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
10 дугаар зүйл.Төрийн хянан шалгах хорооны гишүүний бүрэн эрх
Хорооны гишүүн хянан байцаагчийн бүрэн эрхээс гадна хорооны хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах, хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох, хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
11 дүгээр зүйл.Төрийн хянан шалгах хорооны хуралдаан
1.Хорооны нийт гишүүний олонхи нь хүрэлцэн ирснээр хорооны хуралдааныг хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
2.Хорооны хуралдаан дэгээ тогтооно.
3.Хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар хорооны тогтоол, дүгнэлт гаргана. Хорооны тогтоолд хорооны дарга, дүгнэлтэд хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
4.Хорооны хуралдааны явцын талаар тэмдэглэл хөтөлнө.
12 дугаар зүйл.Төрийн хянан шалгах хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
1.Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:
1/хорооны удирдлага хяналтын дор хянан шалгах ажлыг зохион байгуулах;
2/хорооны хянан шалгах болон ажлын албыг удирдах;
3/хорооны хуралдааны бэлтгэлийг хангах;
4/хорооны шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, хянан шалгах;
5/хорооны шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж, нийтэлж мэдээлэх;
6/хорооны хуралдааны явцын тэмдэглэл, хорооны бичиг хэрэг хөтлөлт, архивыг зохион байгуулах;
7/хорооны төсвийг зохих журмын дагуу зарцуулж, аж ахуй санхүүг хөтлөн явуулах;
8/хорооны гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангаж, тэдэнд мэргэжил, арга зүй, техник-зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;
9/иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
10/хорооны үйлчилгээний албан тушаалтныг томилох, чөлөөлөх;
11/хорооны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах.
2.Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга хорооны хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно.
3.Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.
13 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн хянан шалгах хороо
/Энэ зүйлийн гарчгаас "түүний бүрэн эрх" гэснийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний хуулиар хассан./
1.Аймаг, нийслэлд хянан шалгах хороо ажиллана.
2.Аймаг, нийслэлийн хянан шалгах хороо нь дарга, зургаан гишүүнээс бүрдэх бөгөөд хянан шалгах албатай байна. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны даргыг Төрийн хянан шалгах хорооны дарга тухайн аймаг,нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргатай зөвшилцөн санал болгосноор Төрийн хянан шалгах хороо, гишүүнийг аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны даргын санал болгосноор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид томилж, чөлөөлнө. Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарна. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2, З, 4, 6, 9 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн заалтууд аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга, гишүүнд нэгэн адил хамаарна.
5.Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга, гишүүн биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан бол тэдгээрийг томилсон байгууллага бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Үүнээс өөр үндэслэлээр дарга, гишүүнийг бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлж болохгүй. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
6.Үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны даргыг Төрийн хянан шалгах хорооны дарга аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргатай зөвшилцөж санал болгосноор Төрийн хянан шалгах хороо, гишүүнийг аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны даргын санал болгосноор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид хугацаанаас нь өмнө огцруулна. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга огцрох тухай хүсэлтээ Төрийн хянан шалгах хороонд, гишүүн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчдэд бичгээр гаргана. Тэдгээрийг томилсон байгууллага уг хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2О хоногийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга, гишүүнээр аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний орлогч, аймаг, нийслэлийн болон сум дүүргийн шүүгч, прокурорыг томилж болохгүй. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
9.Аймаг, нийслэлийн хянан шалгах хороо үйл ажиллагаагаа жил бүр аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнаж, Төрийн хянан шалгах хороонд танилцуулж байна. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
10.Аймаг, нийслэлийн хянан шалгах хороонд хянан байцаагчид ажиллана.
11.Аймаг, нийслэлийн хянан шалгах хороо, түүний үйл ажиллагааг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
14 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны бүрэн эрх
Аймаг, нийслэлийн хянан шалгах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.Дор дурдсан байгууллага, аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулах:
1/орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх талаар явуулж байгаа үйл ажиллагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын алба, байцаагч, шаардлагатай бол аж ахуйн нэгж, байгууллагад;
2/орон нутгийн төсвийн хөрөнгийн зарцуулалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газарт болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бусад байгууллагад, орон нутгийн төсвөөс олгосон санхүүгийн дэмжлэгийн зориулалт, зарцуулалтыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад;
3/орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, түүний үр дүнг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад;
4/орон нутгийн өмчийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий хуулийн этгээдийн данс тооцоонд;
5/олон улсын байгууллага, гадаад орны байгууллага, иргэдээс орон нутагт олгосон хандив, тусламжийн болон орон нутгийн тусгай зориулалтын сангийн хөрөнгийн зарцуулалтыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад;
6/төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, шаардлагатай бол орон нутгийн мэдлийн төрийн өмчийн болон төрийн өмчийн хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж, орон нутгийн төсөвт болон төсвийн санхүүжилт авдаг байгууллагад.
2.Дор дурдсан албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргах:
1/аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын болон улсын зэрэглэлтэй хотын Захирагчийн ажлын албаны дарга, аймаг, нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн дарга;
2/сум, дүүргийн Засаг дарга, түүний орлогч, баг, хорооны Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг, албаны дарга;
3/хууль тогтоомжид заасан адилтгах бусад албан тушаалтан.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар төрийн захиргааны болон орон нутгийн зохих байгууллага, албан тушаалтнаар хяналт шалгалт хийлгэх.
4.Орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тооцоонд дүгнэлт хийж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, орон нутгийн төсвийн төсөлд болон орон нутгийн төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар санал өгөх.
5.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 5, 7, 8, 9, 1О дахь хэсэгт болон хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
15 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны даргын бүрэн эрх
Аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны дарга нь хорооны гишүүн, хянан байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
2/хорооны гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих;
3/хорооны шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, хяналт тавих, хорооны дотоод ажлыг эрхлэх;
4/хяналт шалгалт хийх удирдамжийг батлах;
5/хорооны төсвийг зохих журмын дагуу захиран зарцуулах;
6/хорооны хянан байцаагч, үйлчилгээний албан тушаалтныг томилох, чөлөөлөх;
7/иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
8/эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах;
9/Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн Хуралд зөвлөх эрхтэй оролцох; /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
10/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
16 дугаар зүйл.Хянан байцаагч, түүний бүрэн эрх
1.Төрийн хянан шалгах хорооны болон аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны ахлах хянан байцаагч, хянан байцаагч /энэ хуульд "хянан байцаагч" гэх/ нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарна.
2.Хянан байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй.
Хянан байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна.
3.Хянан байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/Төрийн хянан шалгах хорооны хянан байцаагч энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан асуудлаар, аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны хянан байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан асуудлаар тус тус хяналт шалгалт хийх;
2/мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийн баримт, нягтлан бодох бүртгэл данс, тайлан, тэнцэл, төсөв, түүнчлэн хяналт шалгалтын ажилд холбогдох бусад баримт бичигтэй танилцах, шаардлагатай бол тэдгээрийг түр хугацаагаар хүлээлцэн авч дүн шинжилгээ хийх, акт, хорооны дүрэмд заасан асуудлаар дүгнэлт гаргах; /Энэ заалтад 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./
3/шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулж авах;
4/хийж байгаа хяналт шалгалтын асуудлаар болон хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын талаар амаар буюу бичгээр тайлбар авах, ярианы бичлэг хийх;
5/мөнгө, эд хөрөнгийн зүйл хадгалж байгаа байр, агуулахад нэвтрэн орж, шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол хууль тогтоомжид заасан үзлэг хийх;
6/хийж байгаа хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг шалгуулагч этгээдийн харилцагч аж ахуйн нэгж, банк, санхүүгийн болон бусад байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
7/хяналт шалгалтын ажилд илт саад болж байгаа ажиллагааг таслан зогсоохыг шаардах;
8/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
161дүгээр зүйл.Хянан байцаагчийн тангараг
1.Төрийн хянан шалгах байгууллагын хянан байцаагч нь "Төрийн хянан шалгах байгууллагын хянан байцаагч би хөндлөнгийн аливаа нөлөөнд үл автан гагцхүү хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулж, албан ажлын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ"
2.Хянан байцаагчийн тангараг өргөх ёслолыг "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-д заасны дагуу зохион байгуулна.
/Энэ зүйлийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
162дугаар зүйл.Төрийн хянан шалгах байгууллагын албан тушаалын ангилал, зэрэг дэв
1.Төрийн хянан шалгах байгууллагын албан тушаалыг дор дурдсанаар ангилна:
1/Төрийн хяналтын тэргүүн түшээ
2/Төрийн хяналтын итгэмжит түшээ
3/Хяналтын зөвлөх түшээ
4/Хяналтын ахлах түшээ
5/Хяналтын түшээ
6/Хяналтын дэс түшээ
2.Төрийн хяналтын тэргүүн түшээ, төрийн хяналтын итгэмжит түшээ, хяналтын зөвлөх түшээ, хяналтын ахлах түшээ, хяналтын түшээ, хяналтын дэс түшээ нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.
Төрийн хянан шалгах байгууллагын албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Төрийн хянан шалгах хороо тогтооно.
/Энэ зүйлийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хяналт шалгалтын талаарх төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
17 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
1.Хууль тогтоомжийн биелэлтийг хангах талаар зохиосон ажил, түүний үр дүнг Улсын Их Хуралд жил тутам тайлагнана.
2.Засгийн газар, Засгийн газрын үндсэн, дэд бүтцийн болон захиргааны хяналтын байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохион байгуулж байгаа ажилд дүн шинжилгээ хийж, үр нөлөөг нь сайжруулах арга хэмжээ авна.
3.Засгийн газрын үндсэн,дэд бүтцийн болон нутгийн захиргааны байгууллага, улсын үйлдвэрийн газар, байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүн, биелэлтийг нь мэдээлэх нэгдсэн журам тогтооно.
4.Захиргааны хяналтын үр ашигтай тогтолцоо бий болгох арга хэмжээ авч, захиргааны хяналтын байгууллагуудын харилцан ажиллагааг нийтлэг зорилгод чиглүүлэн зохицуулна.
5.Төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэх, тэдгээрт хяналт тавих, энэ талаар хүлээх хариуцлагын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
6.Шаардлагатай бол Засгийн газрын үндсэн, дэд бүтцийн болон захиргааны хяналтын төв байгууллагаар хяналт хийлгэн дүнг хэлэлцэж холбогдох арга хэмжээ авна.
7.Засгийн газрын үндсэн, дэд бүтцийн болон нутгийн захиргааны байгууллага, улсын үйлдвэрийн газар, байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг тогтооно.
8.Засгийн газраас томилж, чөлөөлдөг албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн асуудлаар Төрийн хянан шалгах хорооноос гаргасан дүгнэлтийг хүлээж авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор түүний дагуу зохих арга хэмжээ авч энэ тухай албан ёсоор мэдэгдэнэ.
9.Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
18 дугаар зүйл.Засгийн газрын үндсэн болон дэд бүтэц, Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
1.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайд, даргын тушаалыг хэрэгжүүлэх ажлыг удирдлагын эрхэлсэн салбар, харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратын хэмжээнд зохион байгуулж явц, үр дүн, биелэлтийг тогтоосон журмын дагуу Засгийн газарт мэдээлж байна.
2.Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ.
3.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайд, даргын тушаалын биелэлтийг харьяа байгууллага, улсын үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой холбогдох аж ахуйн нэгжид хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл,мэдээллийг сонсоно.
4.Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд 2 жилд нэгээс доошгүй удаа баримтын шалгалт хийх арга хэмжээ авна.
5.Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайд, даргын тушаалыг удирдлагын эрхэлсэн салбарын хүрээнд хэрэглэж байгаа байдлыг судалж нэгтгэн тэдгээрийг боловсронгуй болгох саналаа холбогдох байгууллагад оруулна.
6.Өөрсдийн томилж, чөлөөлдөг албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт тавьж шаардлагатай бол хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авна.
19 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга дараахь нийтлэг болон тусгай бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1.Бүх шатны Засаг дарга:
1/хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах;
2/хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ мэдээлэх, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүн, биелэлтийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу дээд шатны Засаг дарга, Засгийн газарт мэдээлэх.
2.Аймаг, нийслэлийн Засаг дарга:
1/Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн өөрийн болон доод шатны Засаг даргын ажлын алба, харьяа байгууллага, аж ахуйн нэгжид дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлэх;
2/хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэглэж байгаа байдлыг судлах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж нэгтгэн, тэдгээрийг боловсронгуй болгох саналаа Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн мэдүүлэх;
3/сум, дүүрэг, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд 2 жилд нэгээс доошгүй удаа баримтын шалгалт хийх арга хэмжээ авна.
4/өөрсдийн томилж, чөлөөлдөг албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт тавьж шаардлагатай бол хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авах.
3.Сум, дүүргийн Засаг дарга:
1/хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай нутаг дэвсгэртээ оршдог байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсож, илтгэл сонсголыг хэлэлцэж хууль ёсыг биелүүлэх талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
2/өөрсдийн томилж, чөлөөлдөг албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн хангаж байгаа байдалд хяналт тавьж шаардлагатай бол хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авах.
20 дугаар зүйл.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, түүний бүрэн эрх
1.Захиргааны хяналтыг хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллага, алба хэрэгжүүлнэ.
2.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, албаны тогтолцоог хуулиар тогтооно.
3.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих;
2/захиргааны хяналтыг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагыг арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол ажлыг нь шалгах;
3/захиргааны хяналтын мэргэжлийн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулах;
4/захиргааны хяналтын хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмыг хэрэглэж байгаа байдлыг судлан нэгтгэж холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг боловсронгуй болгох саналаа зохих байгууллагад оруулах;
5/захиргааны хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж шаардлагатай бол хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авах;
6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
21 дүгээр зүйл.Захиргааны хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх
1.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч,улсын байцаагч,орон нутгийн байгууллагад улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.
2.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын даргыг Монгол Улсын Ерөнхий сайд буюу холбогдох сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар нэмэлт орсон./
3.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагын дарга нь захиргааны тухайн хяналтын улсын ерөнхий байцаагч байна.
2.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх төв болон орон нутгийн байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор холбогдох сайд олгоно. Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хяналтын төв байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч тус тус олгоно. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан./
4.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан./
5.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын дарга нь улсын ахлах байцаагч байна.
6.Захиргааны хяналтыг хэрэгжүүлэх орон нутгийн байгууллагын улсын байцаагчийг тухайн орон нутаг дахь улсын ахлах байцаагчийн саналыг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.
7.Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
8.Улсын байцаагч нь энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ.
9.Захиргааны хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид энэ хуульд "улсын байцаагч" гэх/ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих;
2/хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;
3/холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
4/хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
5/бүтээгдэхүүний дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо хэмжээгээр үнэ төлбөргүй авах, шинжлүүлэх;
6/байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлогод оруулах, мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
7/хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах;
8/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
9/ноцтой осол аюул гарсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон их хэмжээний хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
10/хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах;
11/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
10.Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Нутгийн өөрөө удирдах байгууллагын хяналт шалгалтын талаархи бүрэн эрх
22 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай Засаг дарга, өөрийн нутаг дэвсгэр дэх тухайн засаг захиргааны нэгжид харьяалагдах байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсох, илтгэл сонсголыг хэлэлцэх;
2/дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэрийнхээ холбогдох бүх байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал,өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах;
3/холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, дээд шатны болон тухайн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангахтай холбогдуулан Хурлын төлөөлөгчдөөс тавьсан асуулт, асуулгын хариуг хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл зохих шийдвэр гаргах;
4/аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны бүтэц, төсөв, дүрмийг батлах;
5/хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж хянан шалгах бүрэн эрхээ Засаг дарга хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзвэл түүнийг бүрэн эрхийн нь хугацаа дуусахаас өмнө огцруулах тухай саналыг Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг даргад тавих;
6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсох, илтгэл сонсголыг хэлэлцэх болон 2-т заасан бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Хурлын чөлөө цагт хэрэгжүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Хяналт шалгалтын албан тушаалтны бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа
23 дугаар зүйл.Хянан байцаагч, улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа
1.Хянан байцаагч, улсын байцаагч Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, түүнд олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэвэр, тэтгэмжээс гадна дор дурдсан нэмэгдэл баталгаагаар хангагдана:
1/хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/ хэрэглэсэн тохиолдолд хувиас гарсан зардлыг Төрийн хянан шалгах хорооноос тогтоосон журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгох;
2/хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны турш тус тус авах;
3/хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан амь насыг хохироосон тохиолдолд түүний албан тушаалын хоёр жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг хохирогчийн ар гэрт олгох.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2, З-т заасан тэтгэвэр, тэтгэмж болон албан тушаалын цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, уг хөрөнгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Байгууллага, аж ахуйн нэгжийн хяналт шалгалтын талаархи эрх, үүрэг
24 дүгээр зүйл. Хяналт шалгалтын шийдвэрийн талаар гомдол гаргах эрх
1.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана.
2.Гомдлыг хүлээж авсан хяналт шалгалтын байгууллагын эрх баригч түүнийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх арга хэмжээ авна. Хэрэв гомдол гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
25 дугаар зүйл.Хяналт шалгалтын талаархи байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг
1.Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нь холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн Хурал, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дотоодын хяналт шалгалтын журам тогтоож ажиллана.
2.Холбогдох байгууллага, аж ахуйн нэгж нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгөн болон бусад эд хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэлийн тайлан тэнцлийг Төрийн хянан шалгах хорооноос тогтоосон журмын дагуу Төрийн хянан шалгах хороо, аймаг, нийслэлийн хянан шалгах хороонд ирүүлж байна. /Энэ хэсэгт 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3.Байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор
мэдэгдэх үүрэгтэй.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
26 дугаар зүйл.Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага
Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн бол түүнд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
27 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
1/хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-20000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2/хяналт шалгалтын байгууллага, хянан байцаагч, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-50000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
3/хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 60000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4/хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан,хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
5/шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн, энэ хуулийн 5 дугаар зүйлийн 11, 7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн албан тушаалтныг 30000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3,4-т заасан байгууллагад хяналт шалгалт хийх явцад Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрвэл гэм буруутай албан тушаалтныг 60000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5,6,7-д заасан байгууллагад хяналт шалгалт хийх явцад төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил илэрвэл гэм буруутай албан тушаалтныг 50000 хүртэл төгрөгөөр торгох. /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагад хяналт шалгалт хийх явцад орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалттай холбогдсон хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил илэрсэн болон мөн орон нутгийн өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол гэм буруутай албан тушаалтныг 50000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
9/Улсад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх талаар төрийн хянан шалгах байгууллага болон хянан байцаагчаас тавьсан шаардлагыг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан буюу уг шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй албан тушаалтныг 10000-50000 хүртэл төгрөгөөр торгох. /Энэ заалтыг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2, З, 4, 9-д заасан торгуулийг шүүгч, 1, 5-д заасан торгуулийг Төрийн болон аймаг,нийслэлийн хянан шалгах хорооны дарга, хянан байцаагч, захиргааны хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, 6,7-д заасан торгуулийг Төрийн хянан шалгах хорооны хянан байцаагч, 8-д заасан торгуулийг аймаг, нийслэлийн хянан шалгах хорооны хянан байцаагч тус тус ногдуулна. /Энэ хэсгийг 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
