- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАР НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТӨД ХЯНАЛТ ТАВИХ, ТАТВАР ХУРААХ ТУХАЙ /энэ хуулийг 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

/Энэ хуулийг 2002 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
ТАТВАР НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТӨД ХЯНАЛТ ТАВИХ, ТАТВАР ХУРААХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль тогтоомж
Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Татварын ерөнхий хууль, татварын хуулиуд, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Татварын алба, байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг хангах
1.Үндэсний татварын алба /цаашид "Татварын алба" гэх/, байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгоно. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан нь татварын алба, байцаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.
3.Татварын алба, байцаагчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар хууль тогтоомжоор эрх олгосноос бусад иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд шийдвэр гаргахыг хориглоно.
4.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээж болохгүй.
5.Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан Татварын албаны удирдах дээд байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл.Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангах
1.Татварын алба, байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж тэдэнд итгэл үзүүлэн ажиллана.
2.Татварын алба, байцаагч хуульд заасны дагуу татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд үл оролцоно.
3.Татварын алба болон байцаагч, татварын албаны бусад албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар тодорхойлсон татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд зөвхөн төрийн байгууллагын дор дурдсан албан тушаалтанд Татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно:
1/татварын хууль тогтоомжийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа татварын албаны бусад байцаагч, албан тушаалтан;
2/татварын хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбогдуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулж байгаа болон прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд уг зөрчилд нь холбогдох асуудлаар;
3/Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бусад орны татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтан.
4.Энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн түүний тухай мэдээ, баримтыг бусдад танилцуулж болно.
5.Татварын алба татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдсон, эсхүл татварын үйл ажиллагааг нь сурталчлахыг татвар төлөгч зөвшөөрснөөс бусад тохиолдолд татвар төлөгчийн тухай нийтэд мэдээлэх эрхгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Татварын албанаас татвар төлөгчтэй харилцах
5 дугаар зүйл.Татвар төлөгчийг бүртгэх
1.Татвар ногдох орлого бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон бусдад олгосон орлогод ногдох татварыг суутган авагч этгээд нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үйл ажиллагаагаа эрхэлж эхлэхээс ажлын 1О хоногийн өмнө Татварын албанд бүртгүүлнэ.
2.Орлогоос бусад татвар ногдох зүйл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг эзэмшиж эхэлснээсээ хойш нэг сарын дотор Татварын албанд бүртгүүлнэ.
3.Татвар төлөгч иргэний бүртгэлд түүний овог, нэр, хаяг, иргэний бүртгэлийн болон эрхлэх үйл ажиллагааны нэр төрлийг тусгасан байна.
4.Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлд тэдгээрийн нэр, хаяг, эрхлэх үндсэн үйл ажиллагааны болон төлөх татварын нэр төрөл, удирдлагын овог нэр, банкин дахь дансны дугаарыг тусгана.
5.Татвар төлөгч нь бүртгэлд тусгагдсан зүйл өөрчлөгдөх тухай бүрт хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрчлөлт орсноос хойш нэг сарын дотор Татварын албанд мэдэгдэж бүртгэлдээ өөрчлөлт хийлгэх үүрэгтэй.
6.Татварын алба татвар төлөгч, татвар суутган авагч тус бүрт бүртгэлийн байнгын дугаар олгож, энэ дугаарыг тухайн татвар төлөгчөөс төлбөл зохих бүх төрлийн татварт болон татвар төлөгчид өгч байгаа мэдээ баримтад хэрэглэнэ.
7.Татвар төлөгч, татвар суутган авагч нь татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн болон бусад шаардлагатай баримтад бүртгэлийн дугаараа тусгаж байх үүрэгтэй.
8.Татвар төлөгч, татвар суутган авагчийг бүртгэх, бүртгэлийн дугаар олгох журмыг Татварын албаны удирдах дээд байгууллагаас тогтооно.
6 дугаар зүйл.Татвар төлөгчдөд үйлчлэх
Татварын алба, байцаагч хууль тогтоомжоор тодорхойлогдсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчдөд туслах зорилгоор дараахь үйлчилгээг үзүүлнэ:
1/татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах;
2/татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргийг тодорхойлох, тайлан мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах;
3/татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч хэсгээрээ буюу ганцаарчлан зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх.
7 дугаар зүйл.Татварын алба, байцаагчаас татвар төлөгчтэй харилцахад үйлдэх баримт бичиг
1.Татварын алба, байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас үйлдэнэ. Татварын алба, байцаагчийн хууль ёсны мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудсанд тавигдсан шаардлагыг татвар төлөгч биелүүлэх үүрэгтэй.
2.Татварын алба, байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх, татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичнэ. Мэдэгдэлд түүнийг бичсэн он, сар, өдөр, Татварын алба, байцаагчийн нэр, шаардлага биелүүлэх хугацаа, гардуулсан он, сар, өдрийг тусгана.
3.Татварын алба, байцаагч нь татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, Татварын ерөнхий хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхэд акт үйлдэнэ. Актад түүнийг бичсэн он, сар, өдөр, Татварын алба, байцаагчийн нэр, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, гардуулсан он, сар, өдрийг тусгана.
4.Татварын алба, байцаагч нь татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардлага бичнэ. Шаардлагад түүнийг бичсэн он, сар, өдөр, Татварын алба, байцаагчийн нэр, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж хариу өгөх хугацаа, гардуулсан он, сар, өдрийг тусгана.
5.Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон жишгээр ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичнэ. Мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, татвар төлөгчийн харилцагч банкинд өгөх бол энэ хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ.
6.Цалин хөлс, бусад орлогоос татварын төлбөр гаргуулах бол татвар төлөгчид орлого олгож аж ахуйн нэгж, байгууллагад төлбөрийн хуудас бичнэ. Төлбөрийн хуудсанд татварын төлбөрийг хүлээн авах газрын нэр, хаяг, бичсэн он, сар, өдөр, Татварын алба, байцаагчийн нэр, татвар төлөгчийн хаяг, төлөх татварын хэмжээ, гардуулсан он, сар, өдөр, хариу мэдэгдэх хугацааг тусгана.
7.Татварын алба, байцаагчийн мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх болон төлбөрийн хуудсыг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу тэдгээрийн оршин байгаа эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар шуудангаар хүргүүлснийг дээрх мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх болон төлбөрийн хуудсыг зохих татвар төлөгчид өгсөнд тооцно. Оршин байгаа буюу ажиллаж байгаа газрын хаяг нь хуулийн этгээд буюу иргэний бүртгэлийг хөтлөх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаяг байна.
8 дугаар зүйл.Татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх,хадгалах
1.Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлохтой холбогдсон баримтыг бүрдүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын тухайд нягтлан бодох бүртгэл, иргэний тухайд энгийн бүртгэл хөтөлнө.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичгийг гадаад хэл дээр үйлдсэн бол татвар төлөгч түүнийг монгол хэл дээр орчуулж өгөх үүрэг хүлээнэ. Ийнхүү оруулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч хариуцна.
3.Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгална.
9 дүгээр зүйл.Татварын тайлан, орлого, татвар тодорхойлох хуудсыг бөглөх, тушаах
1.Татвар төлөгч татварын тайлан, орлого, татвар тодорхойлох хуудас /цаашид "татварын тайлан" гэх/-ыг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу бөглөж, харьяалсан Татварын албанд тушаана.
2.Хууль тогтоомжийн дагуу татварын чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамаарагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд түүнд татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх эсэхийг татварын энэхүү тайланг үндэслэн шийдвэрлэнэ.
3.Татварын тайланд аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч болон татвар төлөгч иргэн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна.
4.Татвар төлөгчийн татварын тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд татварын тайланд мөн гарын үсэг зурна. Хариуцсан үүргийнхээ дагуу татварын тайланг гаргахад хэд хэдэн албан тушаалтан оролцдог бол татварын тайланд ерөнхий, ахлах нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч гарын үсэг зурна.
5.Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч Татварын албанд бүртгүүлэн, шалгалт өгсөн байна. Татварын нэг итгэмжлэгдсэн нягтлан бодогч хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын тооцоог хийхэд оролцож болно.
6.Татвар ногдох зүйлийг бусдад шилжүүлсэн аливаа этгээд нь энэ тухай баримтыг уг зүйлийг шилжүүлэн авсан этгээдэд тухай бүр, Татварын албанд шаардсан үед гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
10 дугаар зүйл.Татварын алба мэдээ, баримт цуглуулах
1.Татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3-т заасан үйл ажиллагааг явуулж, татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ, баримт цуглуулахдаа дараахь журмыг баримтална:
1/татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлах;
2/аливаа баримт, мэдээ, материалыг түр хугацаагаар хураан авах, хуулбарлахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тэднээр гарын үсгийг зуруулах;
3/нотолгооны чанартай бичиг баримтын гэрэл зургийг авах, дүрс бичлэг хийх;
4/тайлбар,лавлагааг бичгээр гаргуулах, эсхүл тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах;
5/татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ, баримтыг татвар төлөгч болон холбогдох этгээдээс шаардах.
2.Татварын улсын байцаагч шаардлагатай мэдээ,баримтыг хуулбарлан авахдаа бусдын техник хэрэгслийг ашигласан бол ашигласны хөлсийг зах зээлийн үнээр, эсхүл харилцан тохиролцсон үнээр төлнө.
/Энэ зүйлд 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
11 дүгээр зүйл.Байр, агуулахад нэвтрэн орох журам
1.Татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасан орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татварын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг хадгалж байгаа татвар төлөгчийн нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний болон албан байр, агуулах, зооринд урьдчилан мэдэгдэхгүйгээр нэвтрэн орж шаардлагатай ажиллагааг явуулна. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь гадаад орны дипломат болон консулын газар,олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын дипломат эрх бүхий албан тушаалтны ажлын байр, агуулахад хамаарахгүй.
12 дугаар зүйл.Үзлэг хийх журам
1.Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураах зорилгоор Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасны дагуу үзлэг хийхдээ дараахь журмыг баримтална:
1/үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч байлцуулна;
2/үзлэг хийх ажиллагаанд үзлэгт хамрагдаж байгаа байр, агуулах, хадгалах, тээвэрлэх, зөөвөрлөх сав хэрэгсэл эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, хэрэв боломжгүй бол зохих нутгийн захиргааны төлөөлөгчийг байлцуулна. Үзлэг хийхэд шаардлагатай бол хувийн сонирхолгүй, холбогдох мэргэжилтэнг урьж оролцуулж болно;
3/үзлэг явуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Үзлэг хийхэд оролцсон, байлцсан бүх хүмүүс тэмдэглэлд гарын үсэг зурна. Үзлэгт оролцогчид, байлцсан хүмүүс гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай шалтгааныг тайлбарлах бололцоо олгож тайлбарыг тэмдэглэлд бичнэ.
2.Үзлэгт хамрагдах зүйл нь хэний эзэмшилд байгаагаас үл хамаарч үзлэгийг хийнэ.
/Энэ зүйлд 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
13 дугаар зүйл.Тооллого явуулах журам
Татварын улсын байцаагч татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох зорилгоор Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу тооллого хийхдээ дараахь журмыг баримтална:
1/бараа, эд хөрөнгө, бэлэн мөнгө, үнэт цаасны тооллогыг татвар төлөгч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, хэрэв боломжгүй бол тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулан хийж тооллогын бүртгэл, тэмдэглэл үйлдэнэ;
2/тооллогын бүртгэл, тэмдэглэлд тооллого явуулсан татварын байцаагч, татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна. Татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч тооллогын бүртгэлд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай шалтгааныг тайлбарлах бололцоо олгож тэмдэглэл үйлдэн тооллогын бүртгэлд хавсаргана.
/Энэ зүйлд 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
14 дүгээр зүйл.Ажлын зураг авалт хийх журам
Татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу ажлын зураг авалт хийхдээ дараахь журмыг баримтална:
1/татвар төлөгчийн зөвхөн төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлох, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, зардлыг тогтоох зорилгоор ажлын зураг авалт хийнэ;
2/ажлын зураг авалтыг татвар төлөгчид урьдчилан мэдэгдэх буюу мэдэгдэхгүйгээр хийж болно. Ажлын зураг авалт хийх тухай урьдчилан мэдэгдсэн тохиолдолд уг үйл ажиллагаанд татвар төлөгчийг, урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно;
3/ажлын зураг авалтад төрөл бүрийн хэмжих хэрэгсэл ашиглаж холбогдох мэргэжилтэн оролцуулж болно;
4/татварын улсын байцаагч ажлын зураг авалтын тэмдэглэл, тооцоог хөтөлж, оролцсон этгээдүүд гарын үсэг зурна. Ажлын зураг авалтад оролцсон аливаа этгээд тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай тайлбарыг тэмдэглэлд бичнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төлбөл зохих татварын ногдлыг тодорхойлох, бүртгэх, барагдуулах
15 дугаар зүйл.Татварын ногдлыг тодорхойлох, хянан шалгах
1.Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгана. Татвар төлөгч татварын ногдлыг буруу тодорхойлсон гэж үзвэл Татварын алба, байцаагч шалган тогтооно.
2.Татвар төлөгч хуульд заасан хугацаанд татварын тайланг тушаагаагүй буюу тушаасан боловч түүнд татварын ногдлыг тусгаагүй бол Татварын алба, байцаагч өөрт байгаа мэдээ, баримтад тулгуурлан тодорхойлох, шалгах, жишгээр ногдуулах үндсэн дээр татварын ногдлыг тодорхойлно.
3.Татварын алба, байцаагчийн татварын ногдлыг тодорхойлох, хянан шалгах бүрэн эрх нь татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал хүчин төгөлдөр байна.
16 дугаар зүйл.Татварын ногдлыг бүртгэх
Хууль тогтоомжийн дагуу төлөхөөр тогтоогдсон татварын ногдол, төлөлтийн бүртгэлийг Татварын алба татвар төлөгч бүрээр хөтөлнө.
17 дугаар зүйл.Татварын ногдлыг жишгээр тодорхойлох
1.Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа болон явуулж байсан нь нотлогдож байгаа боловч үйл ажиллагааныхаа баримтыг бүрдүүлээгүй, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл баримт бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй тохиолдолд тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг Татварын алба жишгээр тодорхойлно.
2.Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, орлого зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын хэмжээг тогтоохыг татварын ногдлыг жишгээр тодорхойлох гэнэ. Уг татвар төлөгч нь тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг татвар ногдуулах хугацаанаас өмнөх дараалсан хоёр жилд явуулж байсан бол түүний тийнхүү үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсантай холбогдох баримт, бүртгэл тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлж болно.
3.Татварын ногдлыг жишгээр тодорхойлох татварын улсын байцаагчийг томилох, уг татварын хэмжээг тогтоох асуудлыг тухайн Татварын албаны даргын тушаалаар шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
18 дугаар зүйл.Мэдэгдэх хуудас гардуулах
1.Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар Татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр дараахь агуулга бүхий мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулна:
1/татвар төлөгчийн овог, нэр;
2/татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;
3/мэдэгдэх хуудас бичсэн он, сар, өдөр;
4/татвар ногдох зүйл;
5/төлбөл зохих татварын хэмжээ;
6/мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан татварыг төлөх шаардлага;
7/татвар төлөх газар, хэлбэр;
8/Татварын ногдлыг тооцсон үндэслэл;
9/Татварын албанаас зайлшгүй гэж үзсэн бусад шаардлага.
2.Татварын ногдлыг төлөхгүйд хүрч болзошгүй тохиолдолд Татварын албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаас богино хугацаанд татварыг төлүүлэхээр шийдэж болно.
19 дүгээр зүйл.Татварын өрийг барагдуулах дараалал
1.Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, хүү, торгуулийн өрийг дараахь дарааллаар барагдуулна:
1/тухайн татварт ногдох хүү;
2/торгууль;
3/татварын үндсэн өр.
2.Дараахь тохиолдолд татварын төлбөрийн дарааллыг Татварын алба тусгайлан тогтооно:
1/хэрэв татвар төлөгч тухайн төлбөрийг аль хугацааны ямар татварт хамаарахыг заагаагүй;
2/эд хөрөнгө хураах замаар татварыг төлүүлж байгаа.
20 дугаар зүйл.Татвар төлөх хугацааг сунгах
1.Бодит шалтгааны улмаас татвар төлөх төлбөрийн чадваргүй болж татвар төлөх хугацааг сунгуулах тухай татвар төлөгч бичгээр хүсэлт гаргаж, сунгасан хугацаанд татвараа бүрэн төлөхөө нотолсон тохиолдолд Татварын албаны даргын тушаалаар татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу татвар төлөх хугацааг сунгахаар бол хожимдуулсан татварыг төлөх хуваарь, хөрөнгийн эх үүсвэрийн тооцоо, үйл ажиллагааны төлөвлөгөөг татвар төлөгчөөс гаргуулан авна.
3.Татвар төлөх хугацааг сунгасан тохиолдолд хугацаа сунгасныг үл харгалзан хуульд заасан хугацаа хэтэрсний хүү ногдуулна.
21 дүгээр зүйл.Татварыг суутган тооцох, эгүүлэн олгох
1.Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 5-д заасан татвар төлөгчийн эрхийг хэрэгжүүлэхийн тулд Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараахь журмаар шийдвэрлэнэ:
1/төлбөл зохих бусад татварт суутган тооцох;
2/татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох;
3/эгүүлэн олгох.
2.Илүү төлсөн татварыг суутган тооцох бол энэ тухай Татварын алба татвар төлөгчид мэдэгдэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Татвар хураах
22 дугаар зүйл.Төлөөгүй татварыг хураах
1.Татвар төлөгч татвар, хүү, торгууль /цаашид "татварын төлбөр" гэх/-ийг хууль тогтоомжид заасан хугацаанд төлөөгүй бол Татварын алба түүнийг төлүүлэх талаар дараахь ажиллагаа явуулна:
1/үл маргах журмаар төлүүлэх;
2/эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах;
3/шүүхэд нэхэмжлэл гаргах.
2.Татвар төлөгчийн төлөх ёстой татварын төлбөрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг давхар явуулж болно.
23 дугаар зүйл.Татварын төлбөрийг үл маргах журмаар төлүүлэх
1.Татварын төлбөрийг энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт болон 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд татвар төлөгчийн харилцагч банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс татварын төлбөрийг үл маргах журмаар гаргуулна. Хэрэв татвар төлөгчийн харилцагч банкинд байгаа дансан дахь мөнгөн хөрөнгө нь татварын төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй байвал уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож дансны орлогоос төлбөрийг гаргуулан авна.
2.Татварын төлбөрийг үл маргах журмаар гаргуулах тухай татварын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн Татварын албаны дарга баталж, банкны байгууллагад өгнө. Мэдэгдэх хуудсанд татварын төлбөр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны тухай заасан байна.
24 дүгээр зүйл.Татварын төлбөрийг татвар төлөгчийн эд хөрөнгө , цалин хөлс, бусад орлогоос гаргуулах
1.Татвар төлөгч энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 2 дахь хэсэг болон 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд татвараа төлөөгүй, энэ хуулийн 2З дугаар зүйлд заасны дагуу татварын төлбөрийг үл маргалдах журмаар төлүүлэх боломжгүй тохиолдолд Татварын алба татвар төлөгчтэй тохиролцож эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын төлбөрийг гаргуулна.
2.Татварын төлбөрийг эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос төлөх тухай татвар төлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр Татварын алба холбогдох шийдвэр гаргана.
25 дугаар зүйл.Татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын төлбөр гаргуулах
Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын төлбөр гаргуулахдаа дараахь журмыг баримтална:
1/цалин хөлс, бусад орлогоос татварын төлбөрт суутгал хийлгүүлэхээр татвар төлөгчид орлого олгож байгаа буюу түүний ажиллаж байгаа үндсэн аж ахуйн нэгж, байгууллагад төлбөрийн хуудас хүргүүлнэ;
2/аж ахуйн нэгж, байгууллага төлбөрийн хуудсыг хүлээн авмагц татвар төлөгчийн орлогоос зохих суутгалыг сар тутам хийж суутгал хийснээс хойш З хоногийн дотор уг мөнгийг төлбөрийн хуудсанд заасан дансанд шилжүүлнэ;
3/татварын төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу цалин, орлогоос нь суутгал хийж байгаагаас бусад төлбөрийн өмнө суутгана;
4/татвар төлөгч ажлаас халагдвал аж ахуйн нэгж, байгууллага нь түүний халагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор татварын төлбөрт суутгасан мөнгөний хэмжээ, хаана шилжсэнийг тэмдэглэж төлбөрийн хуудсыг Татварын албанд буцаана.
26 дугаар зүйл. Татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын төлбөр гаргуулах
1.Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын төлбөр гаргуулахдаа Татварын албаны даргын шийдвэрээр комисс томилно.
2.Эд хөрөнгөөс татварын төлбөр гаргуулах комисс дараахь үйл ажиллагаа явуулна:
1/татварын төлбөрт өгөх эд хөрөнгийн чанар, хэрэгцээ, элэгдсэн байдал, татвар төлөгчийн санал, орон нутгийн тухайн үеийн ханшийг харгалзан дуудлагын худалдаанд оруулах анхны үнийг тогтоож тэмдэглэл үйлдэнэ. Хөрөнгийн бүртгэлийг тэмдэглэлд хавсаргана;
2/татварын төлбөрт өгсөн эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдана. Татвар төлөгч хүсвэл, түүнийг буюу түүний хууль ёсны төлөөлөгчийг дуудлагын худалдаанд байлцуулна;
3/дуудлагын худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг татвар төлөгчид буцаан олгоно;
4/дуудлагын худалдаагаар борлуулсан эд хөрөнгийн үнэ нь татварын төлбөр, дуудлагын худалдааны зардлаас давбал энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэнэ;
5/дуудлагын худалдаагаар борлуулсан эд хөрөнгийн үнэ нь татварын төлбөрт хүрэлцэхгүй бол татвар төлөгч уг төлбөрийн үлдсэн хэсгийг барагдуулах үүргээс чөлөөлөгдөхгүй.
3.Эд хөрөнгийн дуудлагын худалдаанд оруулах анхны үнийг тогтооход мэргэжлийн байгууллага, хүмүүсийн туслалцаа авч болно.
27 дугаар зүйл.Татварын төлбөрийг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах
1.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 2 дахь хэсэг болон 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд татварын төлбөрийг татвар төлөгч төлөөгүй, уг төлбөрийг энэ хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй тохиолдолд Татварын алба татварын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч зохих хуулийн дагуу шийдвэрлэнэ.
2.Хэрэв татвар төлөгч татвараа төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тохиролцсон боловч татварын төлбөрт эд хөрөнгө гаргах ажиллагааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулсан, татгалзсан бол Татварын алба татварын хэрэг бүртгэх ажиллагаа явуулж , хэргийг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Татварын улсын байцаагчийн акт
28 дугаар зүйл. Татварын улсын байцаагчийн акт бичих үндэслэл
1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр акт бичнэ. Акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.
2.Татварын улсын байцаагчийн акт нь түүнийг татвар төлөгчид танилцуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Татварын улсын байцаагч татвар төлөгчид актыг танилцуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ.
3.Татварын улсын байцаагч актыг 3 хувь үйлдэж, 1 хувийг татвар төлөгчид өгч, 2 дахь хувийг хяналт, шалгалтын бичиг баримтад, 3 дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална.
29 дүгээр зүйл.Татварын улсын байцаагчийн актын биелэлтийг хангах
1.Татварын алба, татварын улсын байцаагчийн эрх, үүргийн хүрээнд биелэгдэхгүй байгаа актын талаар татварын улсын байцаагч хууль тогтоомжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана.
2.Татварын улсын байцаагчийн актын биелэлтэд уг байцаагчийн харъяалах хэлтэс, тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч болон тухайн татварын албаны дарга хяналт тавина.
30 дугаар зүйл.Татварын улсын байцаагчийн актыг өөрчлөх, хүчингүй болгох
Татварын улсын байцаагчийн актыг үндэслэлгүй гэж үзвэл тухайн татварын албаны даргын тушаалаар уг актыг өөрчлөх буюу хүчингүй болгоно.
/Энэ бүлгийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад этгээдийн үүрэг
31 дүгээр зүйл.Татварын үйл ажиллагааны талаар банкны хүлээх үүрэг
Банк, санхүүгийн бусад байгууллага татварын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар дараахь үүрэг хүлээнэ:
1/татвар төлөгчийн тооцооны болон бусад данс /цаашид "данс" гэх/-ыг Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу нээсэн тухайгаа ажлын 10 хоногийн дотор Татварын албанд мэдэгдэх;
2/дансан дахь мөнгөн хөрөнгөөсөө татварын төлбөр хийх тухай татвар төлөгчийн болон, үл маргалдах журмаар татвар, хүү, торгууль төлүүлэх тухай Татварын албаны шийдвэрийг хуульд заасны дагуу эхний ээлжинд шилжүүлэх ёстой төлбөрөөс бусад тохиолдолд банк, санхүүгийн байгууллага, түүнчлэн бусад зээлдэгч, нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс өмнө биелүүлэх.
3/Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад заасны дагуу тогтоосон хугацаанд татвар төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагын банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох тухай Татварын албаны шийдвэрийг хэрэгжүүлэх.
32 дугаар зүйл.Цагдаагийн байгууллагын үүрэг
1.Татварын алба, байцаагчаас татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох болон шалгалт, тооллого, үзлэг явуулах үйл ажиллагааг хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар саатуулсан, эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн байгууллага шаардлагатай туслалцаа үзүүлж, уг үйл ажиллагааг явуулах бололцоог хангана.
2.Цагдаагийн байгууллага нь Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон хувь хүний нууцад үл хамаарах өөрт байгаа мэдээ, судалгааг Татварын албаны хүсэлтээр гаргаж өгнө.
33 дугаар зүйл.Бусад этгээдийн үүрэг
1.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон төрийн байгууллага, албан тушаалтан үйл ажиллагааныхаа явцад илрүүлсэн татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээллийг Татварын албанд шилжүүлж өгөх үүрэгтэй.
2.Гаалийн байгууллага нь гаалийн мэдүүлэгт татвар төлөгчийн бүртгэлийн дугаарыг тусгаж байгаа эсэхийг хянаж, татвар төлөгчийн экспорт, импортын үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг Татварын албаны хүсэлтээр гарган өгч байна.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
34 дүгээр зүйл.Хүү, торгууль ногдуулах, төлүүлэх журам
1.Татварыг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд татвар төлөхөөр хуульд заасан өдрөөс татвар төлсөн өдрийг хүртэлх хугацаанд хүү ногдуулна.
2.Татварын албаны буруугаар илүү төлөгдсөн татварыг буцаан олгох бол татварыг төсөвт төлсөн өдрөөс эгүүлэн олгосон өдрийг хүртэлх хугацаанд буцаасан татварын дүнгээс бодож өдөр тутам 0,З хувийн хүү төлнө. Энэ хүүг төсвөөс гаргана.
35 дугаар зүйл.Гомдлыг захиргааны журмаар шийдвэрлэх
1.Татварын үйл ажиллагаатай холбоотой татвар төлөгчийн гомдлыг захиргааны журмаар шийдвэрлэхэд энэ хууль болон татварын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөнө.
2.Татварын үйл ажиллагаатай холбоотой татварын улсын байцаагчийн шийдвэрийн талаархи татвар төлөгчийн гомдлыг дараахь журмаар хүлээн авч шийдвэрлэнэ:
1/татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн ажилладаг буюу шууд харьцдаг Татварын албанд;
2/Татварын албаны шийдвэрийн талаархи гомдлыг түүний дээд шатны Татварын албанд;
3/татвар төлөгч шаардлагатай гэж үзвэл гомдлоо Татварын дээд шатны аль ч албанд;
4/ /Энэ заалтыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ зүйлд 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
36 дугаар зүйл.Шүүхэд гомдол гаргах
Татвар төлөгч Татварын албанаас гаргасан аливаа шийдвэрийн талаархи гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
37 дугаар зүйл.Эд хөрөнгө битүүмжлэх
Татварын алба, байцаагч татвар төлөгчийн эд хөрөнгө, мөнгө, баримт, бүртгэл, байр, агуулах /цаашид “эд хөрөнгө” гэх/-ыг дараахь үндэслэл, хугацаагаар битүүмжилж болно:
1/татварын шалгалт, тооллого, үзлэг явуулахтай холбогдуулан эдгээр ажиллагааг хийж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэлх хугацаанд;
2/эд хөрөнгийг нуух, бусдад шилжүүлж болзошгүй тухай мэдээлэл байгаа бол түүнийг магадлан шалгаж дуусах хүртэлх хугацаанд;
3/Татварын Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын а, б, в, г, е-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах үед баримт, бүртгэл, хуурамч буюу хүчингүй гэрээ, хэлцэл, мөнгө, эд хөрөнгийг хамгаалах шаардлагатай бол нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлэх хүртэлх хугацаанд.
/Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
38 дугаар зүйл.Эд хөрөнгө битүүмжлэх журам
1.Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тооллого, үзлэг, шалгалт хийхээр томилогдсон болон шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаж байгаа татварын улсын байцаагч гүйцэтгэнэ.
2.Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахад татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, хэрэв боломжгүй бол тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.
3.Эд хөрөнгийг битүүмжилсэн тухай татварын улсын байцаагч акт, тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд эд хөрөнгийн хэлбэр, хэмжээ, чанар, тоо, өнгө, шинж тэмдгийг тусгана. Актад эд хөрөнгийг битүүмжилсэн үндэслэл, хугацааг заана.
4.Эд хөрөнгийг битүүмжлэхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хөндлөнгийн гэрч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны бүх үйл явцыг нотлох үүрэг хүлээх бөгөөд уг ажиллагаанд түүнийг оролцуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурна. 5.Битүүмжилсэн эд хөрөнгийг лацдах буюу ломбодож эзэмшигчид нь хариуцуулан өгнө.
6.Эзэмшигч нь түүнд хариуцуулан өгсөн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, татварын албаны зөвшөөрөлгүйгээр лац, ломбо, түгжээг хөдөлгөх, битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, бусдад худалдах, шилжүүлэхгүй байх үүрэгтэй.
Эзэмшигч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагын талаар татварын улсын байцаагч түүнд тайлбарлаж, энэ тухай тэмдэглэлд тусган эзэмшигчээр гарын үсэг зуруулна.
/Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
39 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх үйл ажиллагааг түр зогсоох
1.Татварын ногдлыг тодорхойлох хяналт шалгалтын явцад хууль тогтоомж ноцтой зөрчсөн нь тогтоогдвол татвар төлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх үйл ажиллагааг татварын алба уг зөрчил болон түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилган шийдвэрлэх хүртэлх хугацаанд түр зогсоож болно.
2.Татвар төлөгч буюу түүний хууль ёсны төлөөлөгч энэ хуулийн 37,38 дугаар зүйл, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаатай холбогдсон гомдлоо татварын албаны удирдах дээд байгууллага, шүүхэд гаргаж болно.
/Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
40 дүгээр зүйл. Хүлээлгэх хариуцлага
/Энэ зүйлийн дугаарыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар “37” байсныг “40” болгон өөрчилсөн. /
1.Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль зөрчсөн дараахь иргэн, албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
1/энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хугацаанд Татварын албанд бүртгүүлээгүй иргэнийг З000-5000, албан тушаалтныг 60000-150000 төгрөгөөр торгох;
2/энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 6, 25 дугаар зүйлийн 4, 31 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 33 дугаар зүйлд заасан татварын тайлан, Татварын албанд гаргаж өгөх бусад мэдээ баримтыг хугацаанд нь гаргаж өгөөгүй холбогдох албан тушаалтан, иргэнийг 1000-20000 төгрөгөөр торгох;
З/энэ хуулийн З дугаар зүйлийн 5, 5 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 2, З1 дүгээр зүйлийн 2, З дахь заалтад заасныг зөрчсөн албан тушаалтныг 30000-150000 төгрөгөөр торгох;
4/татварын хяналт шалгалтад саад учруулсан аливаа иргэн, албан тушаалтныг 10000-150000 төгрөгөөр торгох.
Татварын хяналт шалгалтад саад учруулсан гэдэг ойлголтод дараахь үйлдлийг хамруулна:
а/Татварын алба, байцаагчаас өгсөн мэдэгдэл, акт, мэдэгдэх болон төлбөрийн хуудас, шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй;
б/Татварын алба, байцаагчаас шаардсан өөрт байгаа мэдээ, баримтыг гаргаж өгөөгүй;
в/татварын улсын байцаагч, эрх олгогдсон албан тушаалтныг байр, агуулахад нэвтрэн ороход саад учруулсан;
г/татварын улсын байцаагч, эрх олгогдсон албан тушаалтнаас баримт, бүртгэлд шалгалт хийх, эд хөрөнгө, мөнгө тоолох, ажлын зураг авалт, үзлэг хийхэд саад учруулсан;
д/эрх бүхий албан тушаалтнаас Татварын алба, байцаагчид албан үүргээ биелүүлэхэд нь дарамт, шахалт үзүүлсэн;
5/энэ хуулийн 8 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн албан тушаалтан, иргэнийг 50000-100000 төгрөгөөр торгох.
/Энэ зүйлд 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
41 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
/Энэ зүйлийн дугаарыг 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар “38” байсныг” 40” болгон өөрчилсөн. /
Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
