- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАР НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТӨД ХЯНАЛТ ТАВИХ, ТАТВАР ХУРААХ ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
ТАТВАР НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТӨД ХЯНАЛТ ТАВИХ,
ТАТВАР ХУРААХ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль тогтоомж
2.1. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль болон татварын бусад хуулиуд, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
З дугаар зүйл. Татварын алба, татварын улсын байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг хангах
3.1. Үндэсний татварын алба /цаашид "татварын алба" гэх/, татварын улсын байцаагч /цаашид "татварын байцаагч" гэх/ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгоно.
3.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан нь татварын алба, татварын байцаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно. Татварын алба, татварын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлж байгаа этгээдийн талаар холбогдох байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ.
3.З. Татварын алба, татварын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар хууль тогтоомжоор эрх олгосноос бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.
3.4. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээж болохгүй.
3.5. Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан татварын албаны удирдах дээд байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангах
4.1. Татварын алба, татварын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана.
4.2. Татварын алба, татварын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд үл оролцоно.
4.З. Татварын алба, татварын байцаагч, татварын албаны бусад албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар тодорхойлсон татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд зөвхөн төрийн байгууллагын дор дурдсан албан тушаалтанд татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно:
4.3.1. татварын хууль тогтоомжийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа татварын байцаагч, татварын албаны бусад албан тушаалтан;
4.3.2. татварын хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбогдуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа явуулж байгаа болон прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд уг зөрчилд нь холбогдох асуудлаар;
4.З.3. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бусад орны татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтан.
4.4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг нийтэд танилцуулж болно.
4.5. Татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдсон, эсхүл татвар төлөхөөс зайлсхийсэн, хаяг байршлаас оргон зайлсны улмаас эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Татварын албанаас татвар төлөгчтэй харилцах
5 дугаар зүйл. Татвар төлөгчийн бүртгэл
5.1. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллага нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 3 хоногийн дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн бүртгүүлнэ.
5.2. Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн бүртгүүлнэ.
5.3. Татварын алба нь татвар төлөгч, татвар суутган авагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрт регистрийн дугаараар нь хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараахь баримт, мэдээллийг хадгална:
5.3.1. татвар төлөгч иргэний овог, нэр, регистрийн дугаар, гэрчилгээ буюу дэвтрийн дугаар, гэрийн хаяг, харилцах утасны дугаар;
5.3.2. татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, хаяг, ажилчдын тоо, удирдлагын гишүүдийн товч анкет, зураг, иргэний үнэмлэхний дугаар;
5.3.3. аж ахуйн нэгж, байгууллагын татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл;
5.3.4. үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн хөрөнгийн хэмжээ, эргэлтийн хөрөнгө зэргийг тусгасан, баталгаажуулсан тайлангийн хуулбар;
5.3.5. хөрөнгө оруулагчид болон харьяа салбар нэгжийн нэр, тоо, тэдгээрийн байршил, хаяг, харилцах утасны дугаар;
5.3.6. татвар төлөгчийн төлөх татварын нэр төрөл, банк дахь харилцах дансны дугаар;
5.3.7. тайлан тэнцэл, акт, мэдэгдэх хуудасны хувь.
5.4. Татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэнэ.
5.5. Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх тухай бүр өөрчлөлт орсноос хойш 14 хоногийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ.
5.6. Аж ахуйн нэгж, байгууллагад олгосон регистрийн дугаарыг татвар төлөгч, суутган авагч аливаа байгууллага татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн болон бусад шаардлагатай баримтуудад бичнэ.
6 дугаар зүйл. Татвар төлөгчид үйлчлэх
6.1. Татварын алба, татварын байцаагч хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид туслах зорилгоор дараахь үйлчилгээг үзүүлнэ:
6.1.1. татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах;
6.1.2. татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргийг тодорхойлох, тайлан, мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах;
6.1.З. татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч хэсгээрээ буюу ганцаарчлан зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж, зөвлөгөө өгөх.
7 дугаар зүйл. Татварын алба, татварын байцаагчаас татвар төлөгчтэй харилцахад үйлдэх баримт бичиг
7.1. Татварын алба, татварын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид "тэмдэглэл" гэх/ үйлдэнэ.
7.2. Татварын алба, татварын байцаагч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичгийг дараахь үндэслэл, журмын дагуу үйлдэх бөгөөд тэдгээрт тавигдсан шаардлагыг татвар төлөгч биелүүлэх үүрэгтэй:
7.2.1. татварын алба, татварын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичнэ. Мэдэгдэлд түүнийг бичсэн он, сар, өдөр, татварын албаны даргын, эсхүл татварын байцаагчийн овог, нэр, гарын үсэг, шаардлага биелүүлэх хугацаа, гардуулсан он, сар, өдрийг тусгана;
7.2.2. татварын алба, татварын байцаагч нь татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, Татварын ерөнхий хуулийн 1З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэхэд акт үйлдэнэ. Актад түүнийг бичсэн он, сар, өдөр, татварын албаны даргын болон татварын байцаагчийн овог, нэр, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, гардуулсан он, сар, өдрийг тусгана;
7.2.3. татварын алба, татварын байцаагч татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардлага бичнэ. Шаардлагад түүнийг бичсэн он, сар, өдөр, татварын албаны даргын, эсхүл татварын байцаагчийн овог, нэр, гарын үсэг, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж, хариу өгөх хугацаа, гардуулсан он, сар, өдрийг тусгана;
7.2.4. татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичнэ. Мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 18.1 дэх хэсэг, татвар төлөгчийн харилцагч банкинд өгөх бол энэ хуулийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ;
7.2.5. цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах бол татвар төлөгчид орлого олгож буй аж ахуйн нэгж, байгууллагад төлбөрийн хуудас бичнэ. Төлбөрийн хуудсанд татварын өрийг хүлээн авах газрын нэр, хаяг, бичсэн он, сар, өдөр, татварын албаны даргын болон татварын байцаагчийн овог, нэр, гарын үсэг, татвар төлөгчийн хаяг, гаргуулах татварын өрийн хэмжээ, гардуулсан он, сар, өдөр, хариу мэдэгдэх хугацааг тусгана;
7.2.6. татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлого нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичнэ. Дүгнэлтэд түүнийг бичсэн он, сар, өдөр, эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын байцаагчийн овог, нэр, тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, түүнд уг дүгнэлтийг танилцуулсан он, сар, өдрийг тусгана;
7.2.7. татварын алба, татварын байцаагч татварын өрийг барагдуулах зорилгоор татвар төлөгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалахдаа Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулна;
7.2.8. татварын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгчийн байр, агуулахад үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах болон татвар төлөгчөөс тайлбар, лавлагаа авах зэргээр асуулга, ярилцлага хийхдээ тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд татварын албаны даргын, эсхүл татварын байцаагчийн овог, нэр, татвар төлөгчийн хаяг, он, сар, өдрийг тодорхой тусгаж, тэмдэглэл үйлдэхэд байлцсан хүмүүс гарын үсэг зурна.
7.3. Татварын алба, татварын байцаагчийн мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, тэмдэглэлийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу тэдгээрийн оршин байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр дээрх баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцно. Татвар төлөгчийн хаяг нь холбогдох бүртгэл хөтлөх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаяг байна.
8 дугаар зүйл. Татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах
8.1. Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлохтой холбогдсон баримтыг бүрдүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын тухайд нягтлан бодох бүртгэл, иргэний тухайд энгийн бүртгэл хөтөлнө.
8.2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримтыг гадаад хэл дээр үйлдсэн бол татвар төлөгч түүнийг монгол хэл дээр орчуулж өгөх үүрэг хүлээнэ. Ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч хариуцна.
8.3. Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгална.
9 дүгээр зүйл. Татварын тайлан, орлого, татвар тодорхойлох хуудсыг бөглөх, тушаах
9.1. Татвар төлөгч татварын тайлан, орлого, татвар тодорхойлох хуудас /цаашид "татварын тайлан" гэх/-ыг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу бөглөж, харьяалсан татварын албанд тушаана.
9.2. Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд түүнд татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх эсэхийг татварын тайланг үндэслэн шийдвэрлэнэ.
9.З. Татварын албанд бүртгүүлж, шалгалт өгсөн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нь хэд хэдэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын тооцоог хийхэд оролцож болно.
9.4. Татварын тайланд аж ахуйн нэгж, байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон татвар төлөгч иргэн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна.
9.5. Татвар төлөгчийн татварын тайланг гаргасан буюу гаргахад оролцсон этгээд татварын тайланд гарын үсэг зурна. Хариуцсан үүргийнхээ дагуу татварын тайланг гаргахад хэд хэдэн албан тушаалтан оролцдог бол татварын тайланд ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурна .
9.6. Татвар ногдох зүйлийг бусдад шилжүүлсэн аливаа этгээд нь энэ тухай баримтыг шилжүүлэн авсан этгээдэд тухай бүр, татварын албанд шаардсан үед гаргаж өгөх үүрэг хүлээнэ .
10 дугаар зүйл. Мэдээ, баримт цуглуулах
10.1. Татварын алба, татварын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг явуулж, татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийхдээ дараахь журмыг баримтална:
10.1.1. татварын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлах;
10.1.2. холбогдох баримт, материалыг түр хугацаагаар хураан авах, хуулбарлахдаа хөндлөнгийн гэрчийг, эсхүл итгэмжлэгдсэн нягтлан бодогч байлцуулан тэмдэглэл үйлдэж, гарын үсгийг зуруулах;
10.1.З. нотолгооны чанартай баримтын гэрэл зургийг авах, дүрс бичлэг хийх;
10.1.4. тайлбар, лавлагааг бичгээр гаргуулах, эсхүл асуулга, ярилцлагад тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах;
10.1.5. татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураах, хянан шалгахтай холбогдсон мэдээ, баримтыг татвар төлөгч болон холбогдох этгээдээс шаардах.
10.2. Татварын байцаагч шаардлагатай мэдээ, баримтыг хуулбарлан авахдаа бусдын техник хэрэгслийг ашигласан бол ашигласны хөлсийг зах зээлийн үнээр, эсхүл харилцан тохиролцсон үнээр төлнө.
11 дүгээр зүйл. Байр, агуулахад нэвтрэн орох журам
11.1. Татварын байцаагч Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасны дагуу татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татварын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримтыг хадгалж байгаа, нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний болон албан байр, агуулах, зооринд нэвтрэн орж хяналт шалгалт явуулна.
11.2. Энэ зүйлийн 1 дэх хэсэг нь гадаад орны дипломат болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын дипломат эрх бүхий албан тушаалтны ажлын байр, агуулахад хамаарахгүй.
12 дугаар зүйл. Үзлэг хийх журам
12.1. Татварын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураах зорилгоор Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасны дагуу үзлэг хийхдээ дараахь журмыг баримтална:
12.1.1. үзлэг хийхэд итгэмжлэгдсэн нягтлан бодогч, эсхүл хөндлөнгийн гэрчийг байлцуулна. Хөндлөнгийн гэрч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн ажиллагаанд хувийн сонирхолгүй, түүнчлэн өөр хоорондоо захирах, захирагдах ёсны холбоогүй хүн байна;
12.1.2. үзлэг хийх ажиллагаанд үзлэгт хамрагдаж байгаа байр, агуулах болон хадгалах, тээвэрлэх, зөөвөрлөх сав, хэрэгсэл эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, хэрэв боломжгүй бол зохих нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулна;
12.1.3. үзлэг явуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Үзлэг хийхэд оролцсон болон байлцсан бүх хүмүүс тэмдэглэлд гарын үсэг зурах бөгөөд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай шалтгааныг тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргана.
12.2. Үзлэгт хамрагдах зүйл нь хэний эзэмшилд байгаагаас үл хамаарч үзлэгийг хийнэ.
13 дугаар зүйл. Тооллого явуулах журам
13.1. Татварын байцаагч татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох зорилгоор Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасны дагуу тооллого хийхдээ дараахь журмыг баримтална:
13.1.1. бараа, эд хөрөнгө, бэлэн мөнгөний тооллогыг татвар төлөгч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн нягтлан бодогч, эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулан хийж, тооллогын бүртгэл, тэмдэглэл үйлдэнэ;
13.1.2. тооллогын бүртгэл, тэмдэглэлд тооллого явуулсан татварын байцаагч болон тооллого явуулахад байлцсан бусад хүмүүс гарын үсэг зурах бөгөөд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай шалтгааныг тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргана.
14 дүгээр зүйл. Ажлын зураг авалт хийх журам
14.1. Татварын байцаагч Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасны дагуу ажлын зураг авалт хийхдээ дараахь журмыг баримтална:
14.1.1. татвар төлөгчийн төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлох, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, зардлыг тогтоох зорилгоор ажлын зураг авалт хийнэ;
14.1.2. ажлын зураг авалтыг татвар төлөгчид урьдчилан мэдэгдэх буюу мэдэгдэхгүйгээр хийж болно. Ажлын зураг авалт хийх тухай урьдчилан мэдэгдсэн тохиолдолд уг үйл ажиллагаанд татвар төлөгчийг, урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчийг, эсхүл итгэмжлэгдсэн нягтлан бодогчийг оролцуулна;
14.1.3. ажлын зураг авалтад төрөл бүрийн хэмжих хэрэгсэл ашиглаж, холбогдох мэргэжилтэнг оролцуулж болно;
14.1.4. татварын байцаагч ажлын зураг авалтын зохих тооцоог хийж, тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд уг ажиллагаа явуулахад байлцсан хүмүүс гарын үсэг зурах бөгөөд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай шалтгааныг тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төлбөл зохих татварын ногдлыг тодорхойлох,
бүртгэх, барагдуулах
15 дугаар зүйл. Татварын ногдлыг тодорхойлох, хянан шалгах
15.1. Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгана. Татвар төлөгч татварын ногдлыг буруу тодорхойлсон гэж үзвэл татварын алба, татварын байцаагч шалган тогтооно.
15.2. Татвар төлөгч хуульд заасан хугацаанд татварын тайланг тушаагаагүй буюу тушаасан боловч түүнд татварын ногдлыг тусгаагүй бол татварын алба, татварын байцаагч өөрт байгаа мэдээ, баримтад тулгуурлан тодорхойлох, шалгах болон шууд бус аргаар ногдуулах үндсэн дээр татварын ногдлыг тодорхойлно.
15.З. Татварын алба, татварын байцаагчийн татварын ногдлыг тодорхойлох, хянан шалгах бүрэн эрх нь татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал хүчин төгөлдөр байна.
16 дугаар зүйл. Татварын ногдлыг бүртгэх
16.1. Татварын алба татварын ногдол, төлөлтийн бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн татвар төлөгч бүрээр хөтөлнө.
17 дугаар зүйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох
17.1. Үйл ажиллагаа эрхэлж байгаа болон эрхэлж байсан нь нотлогдсон боловч үйл ажиллагаандаа бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй тохиолдолд тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг татварын алба дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно:
17.1.1. бодит үнийн арга;
17.1.2. жишгээр тодорхойлох арга.
17.2. "Бодит үнийн арга" гэж харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэсэн үнэ нь ийм харилцан хамааралгүй этгээдийн хооронд хэрэглэсэн үнээс ялгаатай байвал зах зээлийн ердийн нөхцөлд хэрэглэж болох үнийг харьцуулалт, тооцооллын аргыг ашиглан тогтоохыг хэлнэ. "Харилцан хамаарал бүхий этгээд" гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа аж ахуйн нэгжийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ.
17.3. Татвар төлөгч нь Монгол Улсын болон гадаад улсад байгаа харилцан хамаарал бүхий этгээдтэй хийсэн борлуулалт, худалдан авалт, боловсон хүчин илгээх, техникийн үйлчилгээ үзүүлэх, хоршсон үйлдвэрлэл явуулах зэрэг үйл ажиллагаанд хэрэглэсэн үнэ, төлбөр, хураамж нь /цаашид "үнэ" гэх/ бодит үнээс их буюу бага байвал татварын ногдлыг тодорхойлохдоо бодит үнийн аргыг хэрэглэнэ.
17.4. "Жишгээр тодорхойлох арга" гэж татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдлыг тодорхойлохыг хэлнэ.
17.5. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална .
17.6. Шууд бус аргаар татварын ногдлыг тодорхойлж байгаа тохиолдолд татвар төлөгч татварын албанд шаардлагатай материалыг гаргаж өгөх үүрэгтэй.
17.7. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох ажлыг тухайн аж ахуйн нэгжийг хариуцан ногдуулалт хийсэн татварын байцаагч, хяналт шалгалт хариуцсан татварын байцаагчтай хамтран акт үйлдэж гүйцэтгэнэ. Шууд бус аргаар ногдуулсан татварын актыг тухайн татварын албаны дарга хянаж батална.
18 дугаар зүйл. Мэдэгдэх хуудас гардуулах
18.1. Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулна. Түүнд дараахь зүйлийг тусгана:
18.1.1. татвар төлөгчийн овог, нэр;
18.1.2. татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;
18.1.3. мэдэгдэх хуудас бичсэн он, сар, өдөр;
18.1.4. татвар ногдох зүйл;
18.1.5. төлбөл зохих татварын хэмжээ;
18.1.6. мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 1О хоногт багтаан татварыг төлөх шаардлага;
18.1.7. татвар төлөх газар;
18.1.8. татварын ногдлыг тооцсон үндэслэл;
18.1.9. татварын албанаас зайлшгүй гэж үзсэн бусад шаардлага.
18.2. Татварын ногдлыг төлөхгүйд хүрч болзошгүй тохиолдолд татварын албаны дарга энэ хуулийн 18.1.6-д зааснаас богино хугацаанд татварыг төлүүлэхээр шийдэж болно.
19 дүгээр зүйл. Татварын өрийг барагдуулах дараалал
19.1. Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, хүү, торгуулийн өр /цаашид "татварын өр" гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна:
19.1.1. тухайн татварт ногдох хүү;
19.1.2. торгууль;
19.1.3. татварын үндсэн өр.
19.2. Хэрэв татвар төлөгч тухайн татварын өрийг аль хугацааны, ямар татварт хамаарахыг заагаагүй бол татварын өрийн дарааллыг татварын алба тусгайлан тогтооно.
20 дугаар зүйл. Татварын өр төлөх хугацаа, түүнийг сунгах
20.1. Татварын алба, татварын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурдсанаар тогтооно:
20.1.1. татвар төлөгчид татварын ногдуулалтаар гарсан өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш ажлын 15 хүртэл хоног;
20.1.2. хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, хүү, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш ажлын 10 хүртэл хоног.
20.2. Бодит шалтгааны улмаас энэ хуулийн 18.1.6, 18.2, 20.1-д заасан хугацаанд татвараа төлж чадаагүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар татвар төлөх хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
21 дүгээр зүйл. Татварыг суутган тооцох, буцаан олгох
21.1. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 5-д заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараахь журмаар шийдвэрлэнэ:
21.1.1. тухайн шатны төлбөл зохих бусад татварт суутган тооцох;
21.1.2. татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох;
21.1.3. буцаан олгох.
21.2. Илүү төлсөн татварыг суутган тооцох бол энэ тухай татварын алба татвар төлөгчид мэдэгдэнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Татвар хураах
22 дугаар зүйл. Төлөөгүй татварыг хураах
22.1. Хууль тогтоомжид заасан хугацаанд татвар төлөгч татвараа төлөөгүй бол татварын алба түүнийг төлүүлэх талаар дараахь ажиллагаа явуулна:
22.1.1. үл маргах журмаар гаргуулах;
22.1.2. эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах;
22.1.3. шүүхэд нэхэмжлэл гаргах.
22.2. Татвар төлөгчийн төлөх ёстой татварын өрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааг давхардуулан явуулж болно.
2З дугаар зүйл. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах
23.1. Энэ хуулийн 18.1.6, 18.2, 20 дугаар зүйлд заасан хугацаанд татварын өрийг барагдуулаагүй тохиолдолд татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөнөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулна. Хэрэв татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна.
23.2. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах тухай татварын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкны байгууллагад хүргүүлнэ. Мэдэгдэх хуудсанд татварын өр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны тухай заасан байна.
24 дүгээр зүйл. Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах
24.1. Татвар төлөгч энэ хуулийн 18.1.6, 18.2, 20 дугаар зүйлд заасан хугацаанд татварын өрийг барагдуулаагүй, энэ хуулийн 2З дугаар зүйлд заасны дагуу татварын өрийг үл маргах журмаар гаргуулах боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татвар төлөгчтэй тохиролцож гаргуулна.
24.2. Татварын өрийг эд хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогоос төлөх тухай татвар төлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр татварын алба холбогдох шийдвэр гаргана.
25 дугаар зүйл. Татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах журам
25.1. Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулахдаа дараахь журмыг баримтална:
25.1.1. цалин хөлс, бусад орлогоос татварын өрд суутгал хийлгүүлэхээр татвар төлөгчид орлого олгож байгаа буюу түүний ажиллаж байгаа үндсэн аж ахуйн нэгж, байгууллагад төлбөрийн хуудас хүргүүлнэ;
25.1.2. аж ахуйн нэгж, байгууллага төлбөрийн хуудсыг хүлээн авмагц татвар төлөгчийн орлогоос зохих суутгалыг сар тутам хийж, суутгал хийснээс хойш З хоногийн дотор уг мөнгийг төлбөрийн хуудсанд заасан дансанд шилжүүлнэ;
25.1.3. татварын өрийг шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлс, бусад орлогоос нь суутгал хийж байгаагаас бусад өр, төлбөрийн өмнө суутгана;
25.1.4. татвар төлөгч ажлаас гарвал аж ахуйн нэгж, байгууллага нь түүний гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор татварын өрд суутгасан мөнгөний хэмжээ, хаана шилжсэнийг тэмдэглэж, төлбөрийн хуудсыг татварын албанд буцаана.
26 дугаар зүйл. Татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өр гаргуулах журам нэхэмжлэл гаргах
26.1. Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өр гаргуулахдаа татварын албаны даргын шийдвэрээр комисс томилно.
26.2. Эд хөрөнгөөс татварын өр гаргуулах комисс дараахь үйл ажиллагаа явуулна:
26.2.1. татварын өрд өгөх эд хөрөнгийн чанар, хэрэгцээ, элэгдсэн байдал, татвар төлөгчийн санал, орон нутгийн тухайн үеийн ханшийг харгалзан дуудлагын худалдаанд оруулах анхны үнийг тогтоож, тэмдэглэл үйлдэнэ. Хөрөнгийн бүртгэлийг тэмдэглэлд хавсаргана;
26.2.2. татварын өрд өгсөн эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдана. Татвар төлөгч хүсвэл түүнийг буюу түүний хууль ёсны төлөөлөгчийг дуудлагын худалдаанд байлцуулна;
26.2.3. дуудлагын худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг татвар төлөгчид буцаан олгоно;
26.2.4. дуудлагын худалдаагаар борлуулсан эд хөрөнгийн үнэ нь татварын өр, дуудлагын худалдааны зардлаас давбал энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэнэ;
26.2.5. дуудлагын худалдаагаар борлуулсан эд хөрөнгийн үнэ нь татварын өрд хүрэлцэхгүй бол татвар төлөгч уг татварын өрийн үлдсэн хэсгийг барагдуулах үүргээс чөлөөлөгдөхгүй.
26.3. Эд хөрөнгийн дуудлагын худалдаанд оруулах анхны үнийг тогтооход мэргэжлийн байгууллага, хүмүүсийн туслалцаа авч болно.
27 дугаар зүйл. Татварын өрийг гаргуулах тухай шүүхэд
27.1. Энэ хуулийн 18.1.6, 18.2, 20 дугаар зүйлд заасан хугацаанд татвар төлөгч татварын өрийг барагдуулаагүй, уг өрийг энэ хуулийн 23, 24, 25, 26 дугаар зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй тохиолдолд татварын алба татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.
27.2. Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан журмын дагуу тохиролцсон боловч эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах ажиллагааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулсан, татгалзсан бол энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу холбогдох эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргана.
ТАВДУГААР БҮЛЭГ
Татварын байцаагчийн акт, дүгнэлт
28 дугаар зүйл. Татварын байцаагчийн акт, дүгнэлт бичих үндэслэл
28.1. Татварын байцаагч нь энэ хуулийн 7.2.2, 17.7, 39.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр акт, 7.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд акт, дүгнэлт нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ.
28.2. Татварын байцаагчийн акт, дүгнэлт нь түүнийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Татварын байцаагч татвар төлөгчид акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ. Акт, дүгнэлттэй татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга танилцан, гарын үсэг зурж баталгаажуулна. Акт, дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна.
28.3. Татварын байцаагч акт, дүгнэлтийг 3 хувь үйлдэж 1 дэх хувийг хяналт шалгалтын баримтад үлдээж, 2 дахь хувийг татвар төлөгчид өгч, 3 дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална.
29 дүгээр зүйл. Татварын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтийг хангах
29.1. Татварын алба, татварын байцаагч биелэлт нь хангагдахгүй байгаа акт, дүгнэлтийн талаар хууль тогтоомжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргана.
29.2. Татварын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд уг татварын байцаагчийн харьяалах хэлтэс, тасгийн дарга, татварын ахлах байцаагч болон тухайн татварын албаны дарга хяналт тавина
30 дугаар зүйл. Татварын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох
30.1. Татварын байцаагчийн акт, дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн татварын албаны даргын тушаалаар уг акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгоно.
30.2. Татварын байцаагчийн акт, дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг татварын албаны даргын тушаалаар томилогдсон комисс тогтооно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад этгээдийн үүрэг
31 дүгээр зүйл. Татварын үйл ажиллагааны талаар банк, санхүүгийн байгууллагын хүлээх үүрэг
31.1. Банк, санхүүгийн байгууллага татварын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар дараахь үүрэг хүлээнэ:
31.1.1. татвар төлөгчийн тооцооны болон бусад данс /цаашид "данс" гэх/-ыг Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу шинээр нээсэн болон дансны дугаарын өөрчлөлт, хөдөлгөөний тухай мэдээллийг ажлын 10 хоногийн дотор татварын албанд мэдэгдэх;
31.1.2. дансан дахь мөнгөн хөрөнгөөсөө татвар төлөх тухай татвар төлөгчийн, үл маргах журмаар татварын өр гаргуулах тухай татварын албаны шийдвэрийг хуульд заасны дагуу эхний ээлжинд шилжүүлэх ёстой өр, төлбөрөөс бусад тохиолдолд банк, санхүүгийн байгууллага, бусад зээлдэгч, нэхэмжлэгчид төлөх өр, төлбөрөөс өмнө биелүүлэх. /Энэ заалтад Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй/;
31.1.3. энэ хуулийн 18.1.6, 18.2, 20 дугаар зүйлд заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагын банк дахь харилцах дансны зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох тухай татварын албаны шийдвэрийг хэрэгжүүлэх.
32 дугаар зүйл. Хөрөнгийн биржийн хүлээх үүрэг
32.1. Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн тархалтын тухай мэдээллийг татварын албанд улирал тутам гаргаж өгнө.
33.1. Татварын алба, татварын байцаагчаас татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох болон шалгалт, тооллого, үзлэг явуулах үйл ажиллагааг хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар саатуулсан, эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн байгууллага шаардлагатай туслалцаа үзүүлж, уг үйл ажиллагааг явуулах бололцоог хангана.
33.2. Цагдаагийн байгууллага нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон хувь хүний нууцад үл хамаарах өөрт байгаа мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгнө.
33.3. Цагдаагийн байгууллага нь татвар төлөхөөс зайлсхийж, оргон зайлсан татвар төлөгчийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.
34.1. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон бусад төрийн байгууллага, албан тушаалтан үйл ажиллагааныхаа явцад илрүүлсэн татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээллийг татварын албанд шилжүүлж өгөх үүрэгтэй.
34.2. Гаалийн байгууллага нь гаалийн мэдүүлэгт татвар төлөгч регистрийн дугаараа тусгаж байгаа эсэхийг хянаж, татвар төлөгчийн экспорт, импортын үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг татварын албаны хүсэлтээр гаргаж өгнө.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
35 дугаар зүйл. Хүү, торгууль ногдуулах, төлүүлэх журам
35.1. Татварыг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хуульд заасан татвар төлөх өдрөөс татвар төлсөн өдрийг хүртэлх хугацаанд хүү ногдуулна.
35.2. Татварын албаны буруугаар илүү төлөгдсөн татварыг буцаан олгох бол татварыг төсөвт төлсөн өдрөөс буцаан олгосон өдрийг хүртэлх хугацаанд буцаасан татварын дүнгээс бодож хоног тутам 0.3 хувийн хүү төлнө. Энэ хүүг холбогдох шатны төсвөөс гаргана.
36 дугаар зүйл. Гомдлыг захиргааны журмаар шийдвэрлэх
36.1. Татварын үйл ажиллагаатай холбоотой татвар төлөгчийн гомдлыг захиргааны журмаар шийдвэрлэхэд энэ хууль болон татварын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөнө.
36.2. Татварын үйл ажиллагаатай холбоотой татварын байцаагчийн болон татварын албаны шийдвэрийн талаархи татвар төлөгчийн гомдлыг дараахь харьяаллаар хүлээн авч шийдвэрлэнэ:
36.2.1. татварын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн ажилладаг буюу шууд харьяалдаг татварын алба;
36.2.2. татварын албаны шийдвэрийн талаархи гомдлыг түүний дээд шатны татварын алба.
37 дугаар зүйл. Шүүхэд гомдол гаргах
37.1. Татвар төлөгч татварын албанаас гаргасан аливаа шийдвэрийн талаархи гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
38 дугаар зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх үндэслэл
38.1. Татварын албаны даргын шийдвэрээр татварын байцаагч нь татварын өртэй татвар төлөгчийн эд хөрөнгө, мөнгө, баримт, байр, агуулах /цаашид "эд хөрөнгө" гэх/-ыг дараахь үндэслэл, хугацаагаар битүүмжилж болно:
38.1.1. татварын хяналт шалгалт, тооллого, үзлэг, ажлын зураг авалт явуулахтай холбогдуулан эдгээр ажиллагааг хийж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл;
38.1.2. эд хөрөнгийг нуух, бусдад шилжүүлж болзошгүй тухай мэдээлэл байгаа бол түүнийг магадлан шалгаж дуусах хүртэл;
38.1.3. Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын а,б,в,г,е-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах үед баримт, бүртгэл, хуурамч буюу хүчингүй гэрээ, хэлцэл, мөнгө, эд хөрөнгийг хамгаалах шаардлагатай бол нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлэх хүртэл.
38.2. Энэ хуулийн 38.1.1, 38.1.2-т заасан хугацаа дуусвал битүүмжилсэн эд хөрөнгийг татварын алба эзэнд нь буцаан олгоно.
39 дүгээр зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх журам
39.1. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тооллого, үзлэг, шалгалт хийхээр томилогдсон болон шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргаж байгаа татварын байцаагч гүйцэтгэнэ.
39.2. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахад татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, итгэмжлэгдсэн нягтлан бодогч, эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч болон хөндлөнгийн гэрчийг байлцуулна.
39.3. Эд хөрөнгийг битүүмжилсэн тухай татварын байцаагч акт, тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд эд хөрөнгийн хэлбэр, хэмжээ, чанар, тоо, өнгө, шинж тэмдгийг тусгана. Актад эд хөрөнгийн битүүмжилсэн үндэслэл, хугацааг заана.
39.4. Эд хөрөнгийг битүүмжлэхэд байлцсан хөндлөнгийн гэрч болон итгэмжлэгдсэн нягтлан бодогч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны бүх үйл явцыг нотлох үүрэг хүлээх бөгөөд уг ажиллагаанд түүнийг оролцуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурна. Тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай шалтгааныг тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргана.
39.5. Битүүмжилсэн эд хөрөнгийг лацдах буюу ломбодож эзэмшигчид нь хариуцуулан өгнө.
39.6. Эзэмшигч нь түүнд хариуцуулан өгсөн эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, татварын албаны зөвшөөрөлгүйгээр лац, ломбо, түгжээг хөдөлгөх, битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх, бусдад худалдах, шилжүүлэхгүй байх үүрэг хүлээнэ. Эзэмшигч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагын талаар татварын байцаагч түүнд тайлбарлаж, энэ тухай тэмдэглэлд тусган эзэмшигчээр гарын үсэг зуруулна.
40 дүгээр зүйл. Эд хөрөнгө барьцаалах үндэслэл, журам
40.1. Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгийг барьцаалан гаргуулах бол дараахь журмыг баримтлана:
40.1.1. татварын өрийн барьцаанд авсан эд хөрөнгө нь тухайн татвар төлөгчийн өөрийн өмч байна;
40.1.2. эд хөрөнгийг барьцаанд авахдаа татвар төлөгчтэй гэрээ хийж, уг эд хөрөнгийн чанар, үнэ, хэлбэр, хэмжээ, байршил, хэний эзэмшилд хаана байхыг тодорхой заана. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол Үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлнэ;
40.1.3. барьцааны гэрээний хугацааг гэрээнд оролцогч талууд тохиролцож тогтооно;
40.1.4. татвар төлөгч гэрээнд заасан хугацааны дотор татварын өрийг барагдуулж, барьцаанд тавьсан эд хөрөнгөө буцааж авах эрхтэй. Татвар төлөгч барьцаалсан эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах, гэмтээх, үрэгдүүлэх эрхгүй. Хэрэв барьцаалсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, гэмтээсэн, чанарыг нь өөрчилсөн зэргээр хохирол учруулбал эзэмшилдээ байлгаж байгаа этгээд хариуцлага хүлээнэ;
40.1.5. татвар төлөгчийн дараахь эд хөрөнгийг битүүмжилж, барьцаалж болохгүй:
1/ татвар төлөгч, түүний гэр бүлийн гишүүдийн өдөр тутамд хэрэглэх /улирлын/ хувцас, хэрэглэл;
2/ удаан хадгалах боломжгүй, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
3/ хуучирч элэгдсэн, хэрэгцээ хангахгүй болсон эд зүйлүүд;
4/ татвар төлөгчийн байнга амьдран суугаа гэр, орон сууц, хүйтний улиралд түлээ, нүүрс.
40.2. Барьцааны эд хөрөнгийг худалдахдаа энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан журмыг баримтлана.
41 дүгээр зүйл. Эрхэлж байгаа үйл ажиллагааг түр зогсоох
41.1. Татварын ногдлыг тодорхойлох хяналт шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж ноцтой зөрчсөн нь тогтоогдвол татвар төлөгчийн эрхэлж буй үйл ажиллагааг татварын алба уг зөрчил болон түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилган шийдвэрлэх хүртэл хугацаанд түр зогсоож болно.
42 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
42.1. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгч болон холбогдох бусад этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
42.1.1. энэ хуулийн 5.1, 5.2, 5.4, 5.5, 5.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн иргэнийг 10000-20000, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;
42.1.2. татварын хууль тогтоомжид заасан татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй татвар төлөгч иргэнийг 500-10000, холбогдох албан тушаалтныг 5000-30000 төгрөгөөр торгох;
42.1.3. татварын байцаагчаас битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, бусдад дур мэдэн шилжүүлсэн, гэмтээсэн, зөвшөөрөлгүйгээр худалдсан бол иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 40000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;
42.1.4. татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр өгсөн мэдэгдэл, акт, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй, тэдэнд шаардлагатай мэдээ, баримтуудыг гаргаж өгөөгүй бол иргэнийг 500-10000, албан тушаалтныг 5000-30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр торгох;
42.1.5. байр агуулахад орж, үзлэг хийх, эд хөрөнгө, бэлэн мөнгө тоолох, ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах үйл ажиллагаанд саад учруулсан бол иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох;
42.1.6. энэ хуулийн З1, 32, 34 дүгээр зүйл, З.5, 33.2 дахь хэсэг, 25.1.2, 25.1.4 дэх заалтад заасан журмыг зөрчсөн холбогдох албан тушаалтныг 20000-60000 төгрөгөөр торгох;
42.1.7. энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн бол иргэнийг 10000-25000, албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр торгох.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
