- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /2007 оны 07 сарын 05-ны хуулиар хүчингүй болгосон/

/Энэ хуулийг 2007 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах нөхцөл шаардлагыг тодорхойлох, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдож төмөр замын болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж
1.Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
1/"төмөр замын тээврийн байгууллага" /цаашид "төмөр замын байгууллага" гэх/ гэдэгт өмчлөгчөөс эрх олгосноор төмөр замын объектыг эзэмшиж, ашиглаж, төмөр замын тээврийн үйл ажиллагааг төвлөрсөн нэгдмэл удирдлагаар ханган, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, төмөр замын бусад байгууллагатай үйл ажиллагаагаа харилцан уялдуулж, улсын болон бүс нутгийн эдийн засаг, хүн амд төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий хуулийн этгээдийг ;
2/"тээвэрлэлтийн үйл ажиллагаа" гэдэгт ачаа, тээшийг тээвэрлэхэд бэлтгэх, хүлээн авах, ачих, тээвэрлэх, буулгах, хүлээн авагчид хүлээлгэн өгөх болон зорчигч тээвэрлэх үеийн зохион байгуулалт, технологийн харилцан уялдаатай цогцолбор ажил, үйлчилгээг;
3/"зорчигч" гэдэгт зорчигчийн галт тэргээр зорчин явах тасалбартайгаар аялж яваа этгээдийг;
4/"ачаа" гэдэгт тогтоосон журмын дагуу ачааны вагоноор тээвэрлэхээр хүлээн авсан эд зүйлсийг;
5/"тээш" гэдэгт тогтоосон журмын дагуу зорчигчийн галт тэргээр тээвэрлэж байгаа эд зүйлсийг ;
6/"төмөр замын байгууламж" гэдэгт төмөр замын холбоо, дохиолол, эрчим хүч, усан хангамжийн сүлжээний тоног төхөөрөмж, ул шороо, зам шугам, гарам, гүүр, хоолой, хориг хашаа, үерийн хамгаалалтыг;
7/"төмөр замын объект" гэдэгт төмөр замын байгууламж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, техник болон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйлдвэр-технологийн барилгыг;
8/"төмөр замын шугам" гэдэгт төмөр замын өртөө хоорондын шугам болон өртөөн дэх түүний шууд үргэлжлэлийг;
9/"салбар зам" гэдэгт сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар төмөр замын шугам, өртөөний замаас салаалж тавьсан зам шугамыг;
10/"төмөр замын гарам" гэдэгт авто зам, төмөр замын шугамтай нэг түвшинд огтлолцсон уулзварыг;
11/"овор" гэдэгт хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүйн техникийн шаардлагын дагуу төмөр замын объект, хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын ойролцоох барилга байгууламж, ачаа байршлын зайн хязгаарыг тогтоосон хэмжээг;
12/"төмөр замын зурвас газар" гэдэгт төмөр замын байгууламж байрлаж байгаа, төмөр замын шугамын дагуух тээврийн аюулгүй байдлыг хангах, технологийн онцлог үйл ажиллагааг явуулах зориулалт бүхий газрыг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төмөр замын тээврийн аюулгүй байдал
4 дүгээр зүйл.Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах
1.Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах явдал нь зорчигчийн осол аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, ачаа, тээшийг бүрэн бүтэн тээвэрлэх, тээврийн болон техник хэрэгслийг аюулгүй ашиглах, төмөр замын ажилтанд тавих аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхад чиглэсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаагаар хэрэгжинэ.
2.Төмөр замын тээврийг зохион байгуулах, аюулгүй байдлыг нь хангах журам, төмөр замын объектын техникийн болон ашиглалтын нөхцөл, тээврийн үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг төмөр замын техник ашиглалтын дүрмээр зохицуулна.
5 дугаар зүйл.Төмөр замын тээврийн аюулгүй байдлын зарчим
1/төвлөрсөн нэгдмэл удирдлагатай байх;
2/тээврийн үйл ажиллагаа тасралтгүй байх;
3/байнгын хяналттай байх.
6 дугаар зүйл.Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, онцгой нөхцөл дэх ажлын зохион байгуулалт
1.Төмөр замын байгууллага, түүний салбар, нэгж болон салбар зам эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжийн галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг технологийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангасан нэгдсэн график /цаашид "зурмаг" гэх/ -аар зохицуулна. Зурмагийг төмөр замын байгууллагын дарга батална.
2.Галт тэрэгний хөдөлгөөнийг түүний захирагчийн, сэлгээний хөдөлгөөнийг өртөөний жижүүрийн удирдлага, хяналтын дор, зурмагийн дагуу гүйцэтгэнэ.
3.Төмөр замын шугам болон өртөөний замд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг төмөр замын байгууллагын даргын тогтоосон хурдаар явуулна.
4.Төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаатай холбоотой ажлыг зогсоохыг хориглоно.
5.Эрчим хүчээр хангагч нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр замын технологийн тасралтгүй ажиллагааг хангах үүднээс төмөр замын байгууллагад эрчим хүчний хангалтыг хязгаарлахгүй байх үүрэгтэй.
6.Зорчигч, тээш тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн галт тэргийг өртөө, зөрлөгт зөвхөн зориулалтын замаар хүлээн авч, явуулна. Зорчигчийн галт тэргийг хүлээн авах, явуулах зориулалтын зам нь тогтоосон хэмжээний гэрэлтүүлэг, тавцан, талбайтай байна.
7.Төмөр замын байгууллага салбар зам эзэмшигч, ашиглагч нь тэмдэг, дугаар бүхий "хатуу тооцоотой" багаж хэрэгсэлтэй байна. Хатуу тооцоотой багаж хэрэгслийн жагсаалт, тоо, хүлээлцэх журмыг төмөр замын байгууллага тогтооно. Багаж, хэрэгслийн жагсаалтыг улсын аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.
8.Цацраг идэвхит болон химийн бодисын хордуулалт, хүн, малын гоц халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон тухай холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэн төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр тухайн бүс нутагт төмөр замын тээврийн үйл ажиллагааг уг нөхцөл байдал арилтал зогсоож болох бөгөөд энэ тухай байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд зарлаж мэдээлнэ.
9.Төмөр замын байгууллага гал түймэр, осол, сүйрэл, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах зориулалтын техник хэрэгсэл бүхий сэргээн босгох болон галын галт тэрэгтэй байх, тэдгээрийг байнгын бэлэн байдалд байлгах үүрэгтэй. Сэргээн босгох болон галын галт тэргийг байрлуулах газрыг төмөр замын байгууллагын дарга тогтооно.
10.Төмөр замаар тээвэрлэх нууц болон хүн ам, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхит, хортой бодисыг ачиж буулгах, тээвэрлэх, хадгалах журмыг төмөр замын байгууллага улсын аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
11.Монгол Улсын төрийн тэргүүн, гадаад улсын төрийн тэргүүн зэрэг өндөр албан тушаалын хүн зорчих тусгай галт тэрэгний аялах журмыг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаагийн төв байгууллагатай зөвшилцөн батална.
12.Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой технологийн горимыг төмөр замын байгууллагын даргын баталсан техник ашиглалтын дүрэм, дохиолол, холбооны болон галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөний журмаар тогтооно.
7 дугаар зүйл.Төмөр замын объект ашиглахад тавих шаардлага
1.Төмөр замын дагуу барих буюу ашиглаж байгаа барилга, байгууламж төмөр замын тээврийн хэвийн ажиллагаа, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага, улсын болон төмөр замын байгууллагын стандартын шаардлагыг хангасан байна.
2.Хэтрүү овортой болон аюултай ачааг зөвхөн төмөр замын байгууллагын даргын олгосон зөвшөөрлөөр, тогтоосон журмын дагуу тээвэрлэнэ.
3.Зохих журмын дагуу шалгаж, баталгаажуулаагүй төмөр замын объектыг төмөр замын тээвэрт ашиглахыг хориглоно.
4.Төмөр замын байгууламжийг нурамтгай, гулгамтгай хөрс, үер усны аюулаас хамгаалж сэргийлэхийн тулд хамгаалалтын байгууламж барина.
5.Төмөр замын шугамын тодорхой хэсгийг өргөтгөх, татан буулгах бол энэ тухай төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.
8 дугаар зүйл.Төмөр замын гармыг ашиглах дэглэм
1.Төмөр замын гармыг нээх, хаах, хамгаалалтын дохио, тэмдэг, төхөөрөмжөөр тоноглох, засварлах, түүний зэрэглэлийг тогтоох журмыг төмөр замын байгууллага цагдаагийн байгууллагатай зөвшилцөн батална. Төмөр замын гармын байршлыг тогтоохдоо нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзана.
2.Гинжит машин механизм, хэтрүү овортой ачаа бүхий авто тээврийн хэрэгслийг төмөр замын гармаар гаргахдаа төмөр замын тухайн гармыг хариуцсан байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтны зөвшөөрлөөр, түүний томилсон ажилтны хяналтын дор гүйцэтгэнэ.
9 дүгээр зүйл.Салбар зам эзэмших, ашиглах дэглэм
1.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн салбар зам барих, түүнд өргөтгөл хийх, татан буулгахдаа тухайн салбар замыг үйлчлэх төмөр замын байгууллагаас тавьсан шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Салбар зам эзэмших, ашиглахад төмөр замын байгууллага, салбар зам эзэмшиж, ашиглаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж,иргэний хооронд байгуулсан гэрээг мөрдөнө.
3.Салбар зам эзэмшиж, ашиглаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн салбар замд сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, салбар зам дээрх төмөр замын объектыг тогтоосон журмын дагуу ашиглах, үзлэгт оруулах, тээврийн аюулгүй байдлын талаар төмөр замын байгууллагын нэгдсэн удирдлагад захирагдах, ажлын технологийн горимыг мөрдөх, салбар зам ашиглах гэрээг дангаар өөрчлөхгүй байх үүрэгтэй.
10 дугаар зүйл.Төмөр замын дохиолол, холбоо
1.Төмөр замын тээврийн хөдөлгөөний зохицуулалтад дуут болон үзэгдэх дохио хэрэглэнэ. Дуут дохионд зүтгүүр, төмөр замаар явагч бусад хөдлөх бүрэлдэхүүний шүгэл, төмөр замын бялт, төмөр замын ажилтны гар шүгэл, бүрээний дуу хамаарна. Үзэгдэх дохионд тогтоосон өнгийн дохионы гэрэл, дарцаг, самбар, тэмдэг хамаарна.
2.Төмөр замын байгууллага нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг удирдах, зохицуулахдаа галт тэрэгний хөдөлгөөний захирагчийн, өртөө хоорондын, зам шугамын, сумчны, галт тэрэгний утсан, радио холбоо, төмөр замын гол шугамын утсан болон бусад холбоог хэрэглэнэ.
11 дүгээр зүйл.Төмөр замын зурвас газар, түүний дэглэм
1.Төмөр замын зурвас газар нь өртөө хоорондын замд 12О метр, өртөөний хязгаарт З00 метрийн өргөнтэй байна.
2.Төмөр замын зурвас газарт мал бэлчээх, төмөр замд холбогдолгүй ажил гүйцэтгэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.
3.Төмөр замын зурвас газарт мод, бут, өвс, ургамал нь тээврийн аюулгүй байдалд саад учруулах нөхцөл бүрдсэн тохиолдолд төмөр замын байгууллага тэдгээрийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох, хадах, түймэр гаргахгүйгээр шатаах зэргээр аюулгүй байдлын нөхцөлийг хангана.
4.Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт-буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр нутаг /цаашид "аюултай бүс" гэх/, төмөр замын зурвас газрын шаардлагатай хэсэгт төмөр замын болон, салбар зам эзэмшигч байгууллага хаалт, хамгаалалт хийнэ.
5.Аюултай бүс нь аюулгүй байдлыг хангахуйц гэрэлтүүлэгтэй байна. Өртөө, зөрлөгийн гэрэлтүүлэг, чимэглэл нь дохионы үзэгдэлтийг бууруулахаар байж болохгүй.
6.Төмөр замын аюултай бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, төмөр замын шугамыг хөндлөн гарах нийтлэг үндэслэл, журмыг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
7.Төмөр замын зурвас газар улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд төмөр замын байгууллага эзэмшиж, ашиглана.
8.Галт тэрэгний хөдөлгөөн, сэлгээний болон ачилт буулгалтын ажлыг хэвийн явуулах, төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хамгаалах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд учрах хор хөнөөлийг багасгах, тэдгээрийн аюулгүй нөхцөлийг хангах зорилго бүхий аюулгүйн бүс нь төмөр замын гол шугамаас хоёр тийш 5ОО метрийн өргөнтэй байна.
9.Аюултай бодис үйлдвэрлэх, хадгалах, ачих, буулгах объектыг төмөр замын аюулгүйн бүсэд барих, байрлуулахыг хориглоно.
10.Хот тосгоны хилийн заагаас гадна орших аюулгүйн бүсэд төмөр замчдаас бусад байгууллага, аж ахуйн нэгж байрлах, айл суурьшихыг хориглоно.
11.Төмөр замын байгууллагаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн аюулгүйн бүсэд аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга төмөр замын байгууллагын даргатай зөвшилцөн олгоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын талаар төрийн байгууллагын бүрэн эрх
12 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
1/төмөр замын тээврийн үндсэн дүрэм, төмөр замын тээврийн улсын хяналтын дүрэм, төмөр замын хамгаалалтын албаны дүрэм, төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмийг батлах;
2/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төмөр замын шугам барих зөвшөөрөл олгох;
3/төмөр замын зурвас газрыг төмөр замын байгууллагын эзэмшилд тодорхой хугацаа, нөхцөлтэйгээр олгох, газрын төлбөр авах, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;
4/төмөр замын байгууллагад нөхөн төлбөр олгосны үндсэн дээр нийгэм, эдийн засагт шууд нөлөөтэй зарим нэр төрлийн ачааны тээвэрлэлтийг тогтоосон тарифаас доогуур тарифаар гүйцэтгүүлэх.
13 дугаар зүйл.Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
1.Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төмөр замын тээврийн салбарт төрийн зохицуулалтыг гүйцэтгэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах үндсэн чиг үүрэгтэй байна.
2.Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам батлах;
2/төмөр замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох; /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3/төмөр замын тээврийн үйлчилгээ эрхлэх, төмөр замын техник хэрэгсэл үйлдвэрлэх байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эзэмшилд олгох газрын зураглал, төслийг хянаж саналаа Засгийн газарт оруулах;
4/төмөр замын асуудлаар олон улсын үйл ажиллагаанд оролцох;
5/төмөр замын тээврийн салбарт Засгийн газраас хийсэн хөрөнгө оруулалт, түүнчлэн гадаад орны зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1,2,4-т заасан бүрэн эрх, болон төмөр замын үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу төмөр замын аль нэг байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлж болно.
4.Сонирхогч этгээд энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
1/техник, эдийн засгийн үндэслэл;
2/үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт;
3/үйлчлэх хүрээ, эзэмшлийн зааг;
4/байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
5/байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө;
6/үйл ажиллагаа эхлэх хугацаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр;
7/мэргэжлийн боловсон хүчний талаарх танилцуулга;
8/галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага, тогтоосон техник, технологийн нөхцөл. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
14 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
1.Төмөр зам дайран өнгөрдөг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/төмөр замын холбогдох байгууллагатай харилцан ажиллах;
2/төмөр замын зурвас газар, өртөө, буудал, объектод нийгмийн хэв журам сахиулах ажлыг төмөр замын байгууллагатай хамтран зохион байгуулах;
3/хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төмөр замын ашиглалт, зүтгүүр, вагон, зам, дохиолол холбоо, эрчим хүч зэрэгт ээлжээр ажилладаг ажилтныг цэргийн албанд татахаас бусад дайчилгаанд хамааруулахгүй байх;
4/байгалийн гамшиг, осол, сүйрлийн хор уршгийг арилгах, төмөр замын байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах мод, хайрга чулуу, элс, ус зэргийг хууль тогтоомжийн дагуу олгох;
5/төмөр замын осол, сүйрлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, шаардлагатай бол нутаг дэвсгэрийнхээ байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс тоног төхөөрөмжийг нөхөн олговортойгоор гаргуулах, хүн хүчний туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, үүрэг
15 дугаар зүйл.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх
1/аюулгүй байдлыг хангасан хөдлөх бүрэлдэхүүн, техник хэрэгслээр үйлчлэхийг шаардах;
2/тээвэрлүүлэх ачаанд тохирсон төрлийн вагоныг сонгон авах;
3/үнэ, тариф, үйлчилгээний хөлс, галт тэрэгний цагийн хуваарь, ачаа ирэлтийн талаар мэдээлэл авах;
4/төмөр замын байгууллагын үйлчилгээг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх;
5/36 килограммаас илүүгүй жинтэй гар тээшийг үнэ төлбөргүй авч явах, хот, дүүргийн галт тэргэнд дээр дурдсанаас гадна 50 килограммаас хэтрэхгүй жинтэй тээшийг тарифын хөлс төлөн авч явах;
6/төмөр замын байгууллага, албан тушаалтан хууль, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэнтэй холбогдсон гомдлоо тогтоосон журмын дагуу төмөр замын байгууллагад гаргах. Төмөр замын байгууллагын шийдвэрийн талаар гомдлоо шүүхэд гаргана.
16 дугаар зүйл. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг
1.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дор дурдсан үүрэгтэй байна:
1/төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр гаргасан шийдвэр, эрх зүйн бусад актыг биелүүлэх;
2/төмөр замын зурвас газар, аюултай болон аюулгүйн бүс, төмөр замын объектод нэвтрэх, үйл ажиллагаа явуулахдаа төмөр замын байгууллагын дарга буюу энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан албан тушаалтнаас зөвшөөрөл авах;
3/ажил үүргээ гүйцэтгэж байгаа төмөр замын ажилтнаас эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлэх;
4/гэрээгээр үйлчлүүлдэг буюу өртөө, зөрлөгийн замыг ашиглан өөрийн хөдлөх бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулдаг бол тухайн төмөр замын байгууллагын техник ашиглалтын дүрмийг мөрдөх. Энэ заалтад заасан этгээдийн төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан холбогдох төмөр замын байгууллагын мэргэжлийн комисст жил тутам шалгалт өгч, ажиллах эрх авна;
5/иргэн, төмөр замын тээврээр зорчих болон төмөр замын аюултай бүсэд байхдаа хэв журмыг чанд сахих, тээврийн хэрэгслийн эд анги, бусад хөрөнгөд гамтай хандах;
6/хүний эрүүл мэнд, амь нас хохирох, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг зөрчих үйлдэл, осол, сүйрэл гарах нөхцөл бүрдсэн бол энэ тухай төмөр замын байгууллага, сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх;
7/төмөр замын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, тээврийн хэрэгслийг саатуулснаас учруулсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөх;
8/төмөр замын тээвэрлэлтийн явцад хүний амь нас, эрүүл мэнд, ачааны бүрэн бүтэн байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулсан осол, сүйрэл гарсан, байгалийн гамшиг тохиолдсон үед төмөр замын байгууллагад мэдээлэх, туслалцаа үзүүлэх.
2.Төмөр замын тээврийн технологийн зориулалттай цахилгаан эрчим хүч, усан хангамжийн шугам сүлжээнээс төмөр замын байгууллагын зөвшөөрөлгүйгээр холболт хийх, ашиглахыг хориглоно.
3.Тэсэрч дэлбэрэх, түргэн шатах, цацраг идэвхит болон химийн хорт бодис зэрэг аюултай ачааг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу ачаа илгээгч, эсхүл хүлээн авагч заавал дагалдах бөгөөд тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлын баталгааг хариуцаж, гарч болох ослын хор уршгийг арилгах хүч хэрэгсэлтэй байна. Өндөр үнэтэй, түргэн гэмтэх, муудах ачааг тээврийн гэрээнд заасан тохиолдолд дагалдаж болно.
4.Зорчигчийн болон ачаа-суудлын галт тэргээр аюултай, эвгүй үнэртэй ачаа, тээш тээвэрлэх, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 5-д зааснаас илүү тээш авч явахыг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын талаар төмөр замын байгууллагын эрх, үүрэг
17 дугаар зүйл.Төмөр замын байгууллага, түүний эрх, үүрэг
1.Төмөр замын байгууллага нь шууд үйлдвэрлэлийн, цэрэгжүүлсэн хамгаалалтын болон хяналтын албатай байна.
2.Төмөр замын байгууллага нь худалдаа, орон сууц, холбоо, эрүүл мэнд, сургалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн зэрэг салбар нэгжтэй байж болно.
3.Төмөр замын байгууллага нь төмөр замын тээвэрлэлт, түүний аюулгүй байдлын талаар дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ:
1/хэрэглэгчдийн захиалга, төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг харгалзан боловсруулж баталсан төлөвлөгөө, гэрээний дагуу зорчигч, ачаа, тээшийг тээвэрлэх;
2/эзэмшиж буй төмөр замын объект, салбар зам, техник хэрэгслийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах, тэдгээрийн бүртгэлийг хөтөлж, тогтоосон журам, технологийн дагуу үзлэг, үйлчилгээ хийх;
3/төмөр замын тээврийн үнэ, тарифыг улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хэрэглэгчийн ашиг сонирхлыг харгалзан тогтоож, мөрдөх. Төмөр замын байгууллага үнэ тариф болон түүний өөрчлөлтийн талаар нийтэд мэдээлнэ.
4/тээврийн болон бусад ажил, үйлчилгээний чанарын үзүүлэлт тогтоож, мөрдүүлэх;
5/төмөр замын тээврийн хэвийн ажиллагааг алдагдуулсан байгалийн гамшиг, осол, сүйрлийг арилгах, төмөр замын хөдөлгөөнийг нэн даруй сэргээх арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангаж, зохион байгуулах;
6/тээвэрлэж байгаа ачаа, тээш төмөр замын байгууллага, ажилтны буруугаас алдагдсан, дутагдсан, гэмтсэн тохиолдолд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан үнэ, эсхүл зарласан үнээр нөхөн төлөх. Ачаа, тээшийн дутагдал, гэмтэл, үнийг тогтоох боломжгүй бол шалган магадлах экспертизээр тогтоолгоно.
4.Төмөр замын байгууллага дор дурдсан эрхтэй байна:
1/төмөр замын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр гаргасан шийдвэрийн дагуу төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр замын объектыг өмчлөх, төрийн өмчийн болон бусад төмөр замыг хууль, гэрээний дагуу ашиглах;
2/хэрэглэгч нь ачаа, тээшийг тогтоосон журмын дагуу аюулгүй байдлын нөхцөлийг ханган тээвэрлэлтэд бэлтгээгүй, илгээх ачааны үнийг ижил нэр, чанар бүхий барааны зах зээлийн үнээс өндрөөр зарласан, эсхүл төлбөрийн чадваргүй болсон бол тээврийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах;
3/гадаад орны болон дотоодын төмөр замын байгууллагатай тээврийн аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах;
4/галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүнийг Монгол Улсын олон улсын гэрээгээр тогтоосон хугацаанд явуулалгүй төмөр замын тээврийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан этгээдээс учруулсан хохирлыг төлөхийг шаардах;
5/төмөр замын шугамын тодорхой хэсгийг өргөтгөн шинэчлэх;
6/төмөр замын тусгай хамгаалалттай объект, гэрээгээр үйлчлүүлдэг байгууллагын салбар зам, дохиоллын хэрэгсэлд үзлэг, засвар үйлчилгээ хийх, салбар замын овор, арчилгааны норм зөрчигдсөн эсэхийг шалгаж хөдөлгөөний аюулгүй байдал зөрчигдөх, осол, сүйрэл гарах нөхцөл бий болсон үед уг объектын ашиглалтыг түр зогсоох.
7/төмөр замын тээврийн үйлчилгээ эрхлэх, салбар зам барих, түүнд өргөтгөл хийх, татан буулгах, төмөр замын техник хэрэгсэл үйлдвэрлэх, төмөр замын обьект ашиглахад тавигдах техник, аюулгүй ажиллагааны шаардлагыг тогтоох. /Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.Төмөр замын ажилтан дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэнэ. Дүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журмыг төмөр замын байгууллагын дарга тогтооно.
18 дугаар зүйл.Төмөр замын тээврийн хяналтын алба
1.Төмөр замын байгууллагын дэргэдэх хяналтын алба нь тээврийн үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлнэ.
2.Төмөр замын байгууллага Засгийн газраас эрх олгосны дагуу захиргааны хяналтыг хяналтын албаараа дамжуулан хэрэгжүүлнэ.
3.Хяналтын алба нь төмөр замын тээврийн үйлчилгээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомж, төмөр замын объект, технологи, ажил үйлчилгээний стандарт, холбогдох бусад дүрэм, журам, зааврын биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох чиг үүрэгтэй байна.
4.Хяналтын алба нь тээврийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч / цаашид "улсын байцаагч" гэх/ -аас бүрдэнэ.
5.Төмөр замын тээврийн улсын ерөнхий байцаагчийг төмөр замын байгууллагын даргын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
6.Төмөр замын тээврийн улсын ерөнхий байцаагч нь хяналтын албаны дарга байна.
7.Төмөр замын тээврийн улсын ахлах байцаагч, байцаагчийг төмөр замын байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
19 дүгээр зүйл.Хяналтын албаны бүрэн эрх
1.Хяналтын алба дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/төмөр замын аюулгүй байдлыг хангах, төмөр замын тээврийн үйлчилгээг явуулах, зохицуулахтай холбогдсон хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр гаргасан бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
2/төмөр замын тээвэрт ашиглаж буй техник, төхөөрөмж, төмөр замын байгууллагын ажил, үйлчилгээ, технологийн горим нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, экологи, аюулгүй байдал, технологийн стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг өмчийн хэлбэр, байршил харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжид шалгах;
3/төмөр замын тээвэрт гарсан гологдол, осол, сүйрлийн шалтгааныг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, осол, сүйрэлд орсон төмөр замын объектод магадлагаа хийх, осол, сүйрлийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах;
4/төмөр замын объектын ашиглалт, хамгаалалт, төмөр замын байгууллагын бичиг баримт, салбар зам ашиглалтад хяналт тавих;
5/төмөр замын хяналтын мэргэжлийн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, тэдний ажиллах нөхцөлийг хангах ажлыг зохион байгуулах;
6/тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал тавих.
2.Хяналтын албаны улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, бусад хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.Хяналтын албаны улсын байцаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ төмөр замын байгууллагын бүх төрлийн тээврийн хэрэгслээр эрхийн үнэмлэхээр үнэгүй зорчино.
20 дугаар зүйл.Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын алба
1.Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын алба /цаашид "хамгаалалтын алба" гэх/ нь төмөр замын объект, тээвэрлэж байгаа ачаа, тээшийг гэмт халдлагаас хамгаалах, төмөр замын тээврийн салбарт галын аюулгүй байдлыг хангуулах, түүнд хяналт тавих, гал түймэртэй тэмцэх үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.
2.Хамгаалалтын албаны ажилтан төмөр замын объект, тээвэрлэж байгаа ачаа, тээшийг гэмт халдлагаас хамгаалах, гал түймэр унтраах үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэнд нь хохирсон, амиа алдсан бол түүнд буюу ар гэрт нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн З7 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү, зардлыг олгоно.
3.25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын хамгаалалтын албанд ажилласан ажилтан нас харгалзахгүйгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан зардлыг төмөр замын байгууллага хариуцна.
5.Хамгаалалтын албаны ажилтан дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэнэ. Дүрэмт хувцасны загвар, ялгах тэмдгийг Засгийн газар батална.
21 дүгээр зүйл.Хамгаалалтын албаны ажилтны бүрэн эрх
1/ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ачаа, тээшинд үзлэг хийх, зөрчил гаргагчдын нэр хаягийг тодруулах, бичиг баримтыг үзэж шалгах, түр саатуулж, цагдаагийн байгууллага буюу холбогдох газарт хүргэх, мэдээлэх;
2/төмөр замын тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн ачаа, тээшийн бүрэн бүтэн байдалд халдсан үйлдлийг таслан зогсоох;
3/төмөр замын аюултай бүсэд ажил үүргээ гүйцэтгэхээр нэвтрэн орох;
4/гал түймэр гарах бодит аюул учирсан үед холбогдох байгууллага, иргэдийн тодорхой үйлдлийг хэсэгчлэн буюу бүрэн хориглох, ажил үйлчилгээ явуулахыг түр зогсоох, холбогдох байгууллага, албан тушаалтанд асуудлыг тавьж шийдвэрлүүлэх;
5/байгалийн гамшиг, гэнэтийн аюул, төмөр замын осол, сүйрэл, үйлдвэрлэлийн бүлэг осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах, хорио цээрийн дэглэмийг сахиулах ажиллагаанд оролцох;
6/төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор төмөр замын зарим объектыг төмөр замын байгууллагын даргын шийдвэрийн дагуу хамгаалах;
7/албан үүргээ гүйцэтгэж явах үедээ галт зэвсэг, тусгай хэрэгсэл биедээ авч явах.
22 дугаар зүйл.Хамгаалалтын албаны ажилтан тусгай хэрэгсэл, мэх, галт зэвсэг хэрэглэх
1.Хамгаалалтын албаны ажилтан харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үедээ халдлагын шинж байдлаас шалтгаалан резинэн бороохой, цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буюу, шүршүүр, резинэн буюу хуванцар сумтай буу, хамгаалах тусгай хэрэгсэл болон самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэж, шаардлагатай бол албаны нохой ашиглаж болно.
2.Хамгаалалтад нь байгаа объектод нууцаар нэвтрэн орсон, эсхүл зэвсэг хэрэглэн, бүлэглэн довтолсон үед уг үйлдлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол хамгаалалтын албаны ажилтан галт зэвсэг хэрэглэж болно. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх зааврыг улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн төв байгууллагын дарга батална.
3.Хамгаалалтын албаны ажилтан бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна.
4.Галт зэвсэг хэрэглэснээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол зэвсэг хэрэглэсэн хамгаалалтын албаны ажилтан эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
5.Төмөр замын байгууллага хамгаалалтын албаны ажилтныг галт зэвсэг, тусгай хэрэгслээр хангах ажлыг цагдаагийн байгууллагын хяналтын дор гүйцэтгэнэ.
23 дугаар зүйл.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны хөдөлмөрийн харилцаа, сахилга
1.Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны хөдөлмөрийн харилцаа дараахь шаардлагад нийцсэн байна:
1/ээлжийн ажилтны ажлын цагийн үргэлжлэх хугацаа 12 цагаас илүүгүй байх. Онцгой нөхцөлд ажлын цагийн үргэлжлэх хугацааг төмөр замын байгууллагын дарга, түүний орлогчийн тушаалаар 4 хүртэл цагаар сунгаж болно. Ээлжийн ажилтны нэгтгэн бодсон ажлын цаг нь тооцоот хугацаанд ногдох ажлын цагийн нийлбэрээс хэтэрч болохгүй:
2/зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын эргэлтийн амрах байранд амрах хугацаа нь өмнөх аяллын үргэлжлэх хугацааны хагасаас багагүй буюу З цагаас доошгүй байна;
3/машинч, туслах машинчийг шөнийн ээлжинд 2-оос илүү удаа ажиллуулахыг хориглоно;
4/зохих сургалт хийж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд ажлын шаардлага хангасан иргэнийг ажиллуулна. Эрүүл мэндийн үзлэг хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
2.18 насанд хүрээгүй хүмүүсийг галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилд ажиллуулж болохгүй. Тийм ажлын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
3.Төмөр замын байгууллагын захиргаа болон ажилтны эрх үүрэг, хариуцлага, урамшуулал, төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны ажил, амралтын дэглэмийг төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрмээр зохицуулна.
4.Төмөр замын байгууллагын захиргаа хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд дараахь сахилгын шийтгэл ногдуулна:
1/сануулах;
2/хөдөлмөрийн хөлсийг З сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувь бууруулах;
3/албан тушаал, мэргэжлийн зэргийг 6 сар хүртэл хугацаагаар бууруулах;
4/төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх;
5/ажлаас халах.
24 дүгээр зүйл.Төмөр замын ажилтны нийгмийн баталгаа
1.Төмөр замын ажилтан дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:
1/төмөр замын ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан бол нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэлэг ар гэрт нь олгоно;
2/төмөр замын байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэйг төмөр замын байгууллагаас тэтгэвэрт гарахад нь зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэлэг олгоно;
3/төмөр замын ажилтан нь Монгол Улсын дотор төмөр замаар аялах тохиолдолд жилд нэг удаа ирэх, очих замд галт тэргээр үнэгүй зорчино.
2.Төмөр замын ажилтан хууль тогтоомжид заасан нийгмийн бусад халамж, баталгааг эдэлнэ.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн халамж, баталгаатай холбогдон гарах зардлыг төмөр замын байгууллага хариуцна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Хариуцлага
25 дугаар зүйл.Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч дор дурдсан шийтгэл ногдуулна:
1/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 7;7 дугаар зүйлийн 1, 2, 3; 8 дугаар зүйлийн 2; 9 дүгээр зүйлийн 1, 3; 11 дүгээр зүйлийн 2, 4, 5, 9,11; 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалт; 2, 3 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй буюу хориглосон үйл ажиллагаа явуулсан байгууллагыг 250000 хүртэл, албан тушаалтныг 50000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
2/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, 3, 6, 7, 9; 7 дугаар зүйлийн З, 4, 5; 9 дүгээр зүйлийн 2, 11 дүгээр зүйлийн З, 4, 5; 16 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй төмөр замын байгууллагыг 250000 хүртэл, төмөр замын ажилтныг 25000 хүртэл төгрөгөөр торгох.
3/энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 9, 10, 11; 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, З, 4, 5, 6; 2, 4 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй буюу хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг 25000 хүртэл төгрөгөөр торгох; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
4/зохих бичиг баримтгүй, жолоодох эрхгүйгээр төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодсон бол 30000-50000 төгрөгөөр торгох;
5/машинч, туслах машинч, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхтэй жолооч нь зүтгүүр, төмөр замын тээврийн бусад хэрэгслийг согтуугаар жолоодсон бол жолоодох эрхийг нь 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл 30000-50000 төгрөгөөр торгох.
26 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
