A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2005 ОНЫ 2 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2005 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хyчингyй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Монгол Улсын иргэд Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан эрхийнхээ дагуу улс төрийн нам /цаашид нам гэж нэрлэх/ байгуулах, нийгэм, улс төрийн амьдралд оролцох эрх зүйн баталгааг хангахад энэ хуулийн гол зорилт оршино.

Энэ хууль намын үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоож, нам байгуулах, бүртгэх, түүний үйл ажиллагааг зогсоох, намыг тараахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулна.

2 дугаар зүйл.Нам байгуулах журам

Хэвлэх

18 насанд хүрсэн Монгол Улсын иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах нам байгуулж болно. Харин Монгол Улсын иргэд хоёр, түүнээс дээш намд нэгэн зэрэг гишүүн байж болохгүй.

Намын байгууллагыг гагцхүү нутаг дэвсгэрийн шинжээр байгуулж болно. Энэ заалт үйлдвэрчний эвлэлээс бусад улс төрийн үйл ажиллагаа явуулдаг улс төр-олон нийтийн байгууллагад нэгэн адил хамаарна. /Энэ хэсгийг 1991 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, үндсэн хуулийн биш аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг түйвээн үймүүлэх, аллага хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, түүнчлэн улс эх орон, ард түмний эрх ашгийн эсрэг болон бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, суртал нэвтрүүлэг явуулах зорилго бүхий нам байгуулахыг хориглоно.

3 дугаар зүйл.Намууд хуулийн хамгаалалтад байх

Хэвлэх

Намууд Монгол Улсын хуулийн хамгаалалтад байж, хоорондоо тэгш эрхтэй харилцана.

Нам, түүний гишүүдийг үзэл бодолтой нь холбогдуулан мөшгөн хавчих, заналхийх, гүтгэх, доромжлох явдлыг хориглоно.

Иргэний хувийн байдлыг тодорхойлсон аливаа албаны бичиг баримтад хуульд зааснаас бусад тохиолдолд тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр аль намын гишүүн болох талаар тодорхойлохыг хориглоно. /Энэ хэсгийг 1991 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/.

4 дүгээр зүйл.Намын үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

Нам үйл ажиллагаандаа дор дурдсан үндсэн зарчмыг баримтлана:

а/Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахин биелүүлэх;

б/эх орон, ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаагаа ил тод явуулах;

в/бусад намын нэр төрийг хүндэтгэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс үл оролцох, тэдгээрт өөрийн үзэл бодлыг тулган шаардахгүй байх;

г/өөрийн мөрийн хөтөлбөрөө нарийн чанд сахин мөрдөх;

д/хүмүүнлэг, ардчилсан энэрэнгүй ёсыг эрхэмлэн дээдлэх;

е/Монгол Улсаас бусад оронтой тогтоосон найрамдал, хамтын ажиллагааг эрхэмлэн хүндэтгэх.

41дүгээр зүйл.Намын гишүүний болон төрийн албан хаагчийн үүргийг зааглах

Хэвлэх

Төрийн албан хаагч албан тушаалын үүрэг гүйцэтгэхдээ аль нэг намын эрх ашгийн үүднээс бус гагцхүү улсын эрх ашгийн үүднээс хандаж эрх зүйн хэм хэмжээнд захирагдан ажиллана.

/Энэ зүйлийг 1991 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Намыг бүртгэх тухай

5 дугаар зүйл.Намыг бүртгүүлэхээр өргөдөл гаргах

Хэвлэх

Намын удирдагч нь намаа улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг Монгол Улсын Дээд шүүхэд гаргана.

Өргөдөлд:

а/намын нэр, төв нь байрлаж байгаа газрын нэр, намын бүтэц,зохион байгуулалтын мэдээ;

б/батлагдсан дүрэм, мөрийн хөтөлбөр;

в/801-ээс доошгүй гишүүний бүртгэл /гишүүдийн овог, нэр, нас,хүйс, оршин суугаа газар, ажлын газрын хаяг/;

г/хөрөнгийн тухай мэдээг тус тус хавсаргана.

6 дугаар зүйл.Намыг бүртгэх

Хэвлэх

Намыг бүртгүүлэх тухай ирүүлсэн материалыг Монгол Улсын Дээд шүүх хянан үзээд намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуульд нийцэж байвал 21 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэнэ. Намыг бүртгэсэн тухай Монгол Улсын Дээд шүүх албан ёсоор зарлана.Хэрэв Монгол Улсын Дээд шүүх намыг бүртгэхээс татгалзвал шийдвэртээ тодорхой үндэслэлийг заана.

Бүртгэгдсэн нам хуулийн этгээд болно.

МАХН-ыг энэ хуулийн дагуу бүртгэхэд тэр нь хуулийн этгээдийн эрхийг залгамжлан хэрэгжүүлнэ.

Нам тэмдэг, мөрийн хөтөлбөртөө нэмэлт, өөрчлөлт оруулбал түүнийг Монгол Улсын Дээд шүүхэд 7 хоногийн дотор бүртгүүлнэ.

/Энэ зүйлийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7 дугаар зүйл.Намыг бүртгэхтэй холбогдсон шийдвэрт гомдол гаргах

Хэвлэх

Намыг бүртгэх талаар гарсан Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд Хуралд гаргана.

Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурал гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ нь эцсийн шийдвэр болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Парламентын намын тухай

8 дугаар зүйл.Нам Улсын Их хурлын гишүүнд, парламентад суудалтай нам Ерөнхийлөгчид өөрийн гишүүд, дэмжигчдээсээ нэр дэвшүүлэх эрхтэй. Тухайн нам өөр намын гишүүнийг Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг хориглоно.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Улсын Их Хурлын гишүүн намыг төлөөлөх боломжгүй гэж үзвэл Улсын Их Хурлын гишүүнээс түүнийг эгүүлэн татах тухай саналаа тухайн нам Улсын Их Хурал дахь өөрийн намын бүлэг болон хууль санаачлах эрх бүхий этгээдээр уламжлан Улсын Их Хуралд тавих эрхтэй.

Хэвлэх

/Энэ бүлгийг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Намын санхүү, хөрөнгийн тухай

/Энэ бүлгийн дугаарыг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

10 дугаар зүйл. Нам санхүүжих зарчим

Хэвлэх

/Энэ зүйлийн дугаарыг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

Нам нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллана.

Нам санхүүгийнхээ тайланг жил бүр Монгол Улсын Засгийн газарт тавина.

/Энэ бүлгийн болон зүйлийн дугаарыг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

11 дүгээр зүйл.Намын хөрөнгө

Хэвлэх

/Энэ зүйлийн дугаарыг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

Намын хөрөнгө нь дараахь зүйлээс бүрдэнэ:

а/гишүүдийн татвар буюу хандив;

б/талархан дэмжигч Монгол Улсын иргэд, байгууллагын хандив;

в/намын үйл ажиллагаатай холбогдсон бусад орлого;

г/харьяа үйлдвэрийн газар өөрийн мэдлийн хөрөнгөөс оруулах орлого.

Нам нь гадаад орны нам, иргэдээс Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хандив авч болно. Ийнхүү авсан хандивын хэмжээг нийтэд мэдээлж байна.

/Энэ зүйлийн дугаарыг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

12 дугаар зүйл.Улсын Их Хуралд суудал бүхий намд авсан суудлын тоог баримтлан Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд нэг сая төгрөгөөр тооцож Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам санхүүжилт олгоно. Энэхүү хэмжээг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож байна. /Энэ хэсгийг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

ТАВДУГААР БҮЛЭГ

Нам тарах, түүний үйл ажиллагааг

зогсоох, намыг тараах

/Энэ бүлгийн дугаарыг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

13 дугаар зүйл.Нам тарах, үйл ажиллагаагаа зогсоох

Хэвлэх

/Энэ зүйлийн дугаарыг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

Нам сайн дураараа тарах буюу бусад намд нэгдэж үйл ажиллагаагаа зогсоож болно.Энэ тухай Монгол Улсын Дээд шүүхэд 10 хоногийн дотор мэдэгдэнэ.

14 дүгээр зүйл.Намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах

Хэвлэх

/Энэ зүйлийн дугаарыг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

Нам үйл ажиллагаагаараа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хууль зөрчсөн буюу дүрэм, мөрийн хөтөлбөрөөс гажсан нь нотлогдвол Монгол Улсын Дээд шүүх уг зөрчлийг арилгахыг шаардах буюу намын үйл ажиллагааг зогсооно.

Энэ хуулийн 2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа намыг Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр тарааж болно.

Намыг тараасан тохиолдолд тухайн намын хөрөнгийг улсын орлого болгоно.

Намын үйл ажиллагааг зогсоосон буюу намыг тараасан тухай Монгол Улсын Дээд шүүх нийтэд мэдээлнэ.

15 дугаар зүйл. Намын үйл ажиллагааг зогсоох буюу намыг тараах тухай шийдвэрт гомдол гаргах

Хэвлэх

/Энэ зүйлийн дугаарыг 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

Намын үйл ажиллагааг зогсоох буюу намыг тараахтай холбогдсон гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хуралд гаргаж болно.

Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурал уг гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДАРГА П.ОЧИРБАТ

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ДАШДЭМБЭРЭЛ