A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

/Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

1998 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь хот байгуулалтын бодлогын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон харилцан уялдаатай, харьцангуй бие дааж хөгжих бүс нутгийн зохистой бүтэц бүрдүүлэх, хот, тосгоны хөгжлийг тодорхойлох, барьж байгуулахад төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хот байгуулалтын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хот байгуулалтын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."Хот байгуулалт" гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүний амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагаа;

3.1.2."Хот байгуулалтын техникийн нөхцөл" гэж хот, тосгон, түүний тодорхой хэсэг, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний цогцолборын зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио, дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, галын аюулаас хамгаалах хяналтын албанаас авах зөвшөөрөл;

3.1.3."Инженерийн бэлтгэл ажил" гэж хот, тосгон, барилга байгууламж барьж байгуулахад зориулж тухайн газрын гадаргууд тэгшилгээ хийх, үер, хөрсний нуралт, элсний нүүлт, цасны хунгарлалтаас хамгаалах бэхэлгээ, далан, суваг, гүүр, гарц, зам талбай барьж байгуулах урьдчилсан арга хэмжээ;

3.1.4."Хүн амын амьдрах орчны чанар" гэж хот, тосгоны хүрээлэн буй орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, барилгажилт, архитектурын орон зайн зохион байгуулалт, бүх төрлийн үйлчилгээ, инженерийн шугам сүлжээний хангамж, тохижилт, гоо зүйн цогцолбор үзүүлэлт;

3.1.5."Хот байгуулалтын кадастр" гэж нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдлын үнэлгээ, инженерийн шугам сүлжээний хангамжийн түвшин, хүн амын амьдрах орчны чанарын тухай зураглал, мэдээллийн нэгдмэл сан.

4 дүгээр зүйл.Хот байгуулалтын баримт бичиг, түүнд тавих үндсэн шаардлага

Хэвлэх

4.1.Хот байгуулалтын баримт бичиг нь хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үе шатны бусад зураг төслүүдээс бүрдэнэ.

4.2.Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгалийн нөхцөл, нөөц, экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын сөрөг үр дагаварт иж бүрэн үнэлгээ өгсний үндсэн дээр хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжлийг тэтгэх дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, тосгоны тогтолцоог бүрдүүлэх шаардлагыг хангасан байна.

4.3.Бүс нутгийн хөгжлийн төсөл нь тухайн нутаг дэвсгэрт хот байгуулалтын тодотгосон үнэлгээ хийсний үндсэн дээр бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, бүсийн төвүүд болон нийгэм, соёл ахуйн үйлчилгээний зохистой хүрээгээр сум дундын төвийг тогтоон бусад бүс нутагтай харилцан уялдаатай харьцангуй бие дааж хөгжих шаардлагыг хангасан байна.

4.4.Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь харъяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн хот, тосгоны орчмын бүсийн экологийн тэнцвэрт байдал, инженерийн шугам сүлжээний эх үүсвэр, эдэлбэр газрын инженер-геологийн нөхцөлд хот байгуулалтын үнэлгээ өгсний үндсэн дээр хүн амын нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн архитектур, барилгажилт, тохижилт бүхий орон зайн зохистой бүтэц, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангасан байна. /Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

5 дугаар зүйл.Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах

Хэвлэх

5.1.Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үе шатны бусад зураг төслийг боловсруулах ажлыг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлж болно. /Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.2.Хот байгуулалтын баримт бичгийг, зураг төслийн захиалга, техникийн нөхцөл болон энэ хуулийг 4 дүгээр зүйлд заасан үндсэн шаардлагад нийцүүлэн Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр боловсруулна. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

5.3.Захиалгад түүний үндэслэл, тухайн зураг төслийг хэрэгжүүлэх газар, түүний хэмжээ, хүн амын тоо, техникийн нөхцөл, баримтлах чиглэл, хамрах хүрээ, төлөвлөлтийн хугацаа, шийдвэрлэх асуудлыг заана.

5.4.Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төслийг боловсруулах ажлын захиалагч нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын захиалагч нь зохих шатны Засаг дарга, хот, тосгоны захирагч байна.

5.5.Захиалагч нь гүйцэтгэгчээ өөрөө сонгох эрхтэй бөгөөд харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг Иргэний хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн байгуулсан гэрээндээ тодорхой заана.

6 дугаар зүйл.Хот байгуулалтын баримт бичиг батлах

Хэвлэх

6.1.Улсын Их Хурал хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.1.1.Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл;

6.1.2.Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн төсөл.

6.2.Засгийн газар хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.2.1.Бүс нутгийн хөгжлийн төсөл;

6.2.2.Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө.

6.3.Хот байгуулалтын асуудал эрхэлсэн сайд хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.3.1.Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн хүрээнд боловсруулсан дэд бүтцийн салбарын хөгжлийн төсөл;

6.3.2.Бүс нутгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;

6.3.3.Аялал жуулчлал, амралт сувиллын хөгжлийн төсөл.

6.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.4.1.Бүс нутгийн хөгжлийн төслийн үндсэн шийдэлтэй уялдуулан аймаг, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;

6.4.2.Орон нутгийн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө.

6.5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хот байгуулалтын дараахь баримт бичгийг батална:

6.5.1.Нийслэл, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө;

6.5.2.Нийслэл хот орчмын бүсийн дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө.

7 дугаар зүйл.Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах ажлын санхүүжилт

Хэвлэх

7.1.Хот байгуулалтын баримт бичгийг боловсруулах ажлыг дараахь байдлаар санхүүжүүлнэ:

7.1.1.Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, нийслэл болон бүс нутгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын төсвөөс; /Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

7.1.2.Аймаг, орон нутгийг хөгжүүлэх төсөл, аймгийн төв, нийслэл хот орчмын бүсийн дагуул хот, орон нутгийн хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн төсвөөс.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх

8 дугаар зүйл. Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх дараалал

Хэвлэх

8.1.Улс орны болон бүс нутаг, хот, тосгоны тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хот байгуулалтын үйл ажиллагаанд тодорхой дарааллыг баримтална:

8.1.1.Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төслийг хэрэгжүүлэхдээ эхний ээлжинд зам тээвэр, эрчим хүч, холбоожуулалтын үндсэн сүлжээг барьж байгуулах;

8.1.2.Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ инженерийн бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр ус, цахилгаан, дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, гол замууд, холбоожуулалтын сүлжээнээс эхлэн барьж байгуулах;

8.1.3.Орон сууцны хороолол, үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг зам, талбай, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, тохижилтын хамт иж бүрэн гүйцэтгэх.

9 дүгээр зүйл.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага,иргэний эрх, үүрэг

Хэвлэх

9.1.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь эрх, үүрэгтэй:

9.1.1.Хот байгуулалтын тухай хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг биелүүлэх;

9.1.2.Эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх;

9.1.3.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орчны бохирдлоос сэргийлэх, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;

9.1.4.Улсын экспертизийн дүгнэлт, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;

9.1.5.Хот байгуулалтын үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг мэдээлэх, эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.

10 дугаар зүйл.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйл

Хэвлэх

10.1.Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:

10.1.1.Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горимыг зөрчиж газар олгох;

10.1.2.Техникийн нөхцөлийн зөвшөөрөл, бүрдэлгүй газар олгох;

10.1.3.Олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах;

10.1.4.Инженер-геологийн судалгаа, зураг төсөлгүй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, өргөтгөх, шинэчлэх;

10.1.5.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг мэргэжлийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хот байгуулалтын үйл ажиллагааны талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

11 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

11.1.Улсын Их Хурал хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.Хот байгуулалтын талаархи төрийн бодлогыг тодорхойлох;

11.1.2.Хот, тосгоныг шинээр байгуулах болон татан буулгах, нүүлгэн шилжүүлэх талаар шийдвэр гаргах;

11.1.3.Хотод улсын зэрэглэл тогтоох.

12 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

12.1.Засгийн газар хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.Улсын Их Хурлаас тодорхойлсон хот байгуулалтын төрийн бодлого, баталсан баримт бичгийг үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх;

12.1.2.Хот байгуулалтын төрийн бодлогын хүрээнд улс, бүс нутаг, хот, тосгоны тогтвортой хөгжлийг хангах, салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах.

13 дугаар зүйл.Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

13.1.Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.Хот байгуулалтын төрийн бодлогыг хэрэгжүүлж, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төсөл, салбарын хөгжлийн ерөнхий төсөл, хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний харилцан уялдааг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

13.1.2.Хот байгуулалтын дүрэм, журам, норм батлах;

/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

13.1.3./Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон./

13.1.4.Аж ахуйн нэгж, байгууллагад хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх олгох;

13.1.5.Хот байгуулалтын баримт бичигт улсын экспертизийн дүгнэлт гаргах;

13.1.6.Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдсон журам баталж, мөрдүүлэх.

14 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

14.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээний хот байгуулалтын баримт бичиг боловсруулах талаар шийдвэр гаргах, уг баримт бичгийг батлах;

14.1.2.Хот байгуулалтын баримт бичгийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс гаргах шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх;

14.1.3.Хот байгуулалтын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэх;

14.1.4.Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар олголт, техникийн нөхцөлийн үндэслэл, бүрдэл, гүйцэтгэлд хяналт тавих.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

15 дугаар зүйл.Хохирлыг нөхөн төлөх

Хэвлэх

15.1.Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил гүйцэтгэх явцад учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагааг гүйцэтгэсэн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө.

15.2.Газарт орсон барилгыг нурааж зайлуулах, зам талбай, инженерийн шугам сүлжээ, мод зүлэг, тохижилтыг нөхөн сэргээх зардлыг захиалагч этгээд бүрэн хариуцна.

16 дугаар зүйл.Хот байгуулалтын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

16.1.Хот байгуулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд зөрчлийн шинж байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

16.1.1.Энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.4-т заасныг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;

16.1.2.Энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасныг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 25000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 120000-150000 төгрөгөөр торгох;

16.1.3.Энэ хуулийн 9.1.3, 10.1.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 10000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

16.1.4.Энэ хуулийн 9.1.4, 10.1.5-д заасныг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ