- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬЧДААС СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2007 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
/ЭНЭ ХУУЛИЙГ 2007 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
2003 оны 05 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ХУУЛЬЧДААС СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох, өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажиллах хуульчдыг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль тогтоомж
2.1.Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Шүүхийн тухай2, Прокурорын байгууллагын тухай3, Өмгөөллийн тухай4, Нотариатын тухай5, Цагдаагийн байгууллагын тухай6, Тагнуулын байгууллагын тухай7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай8 , Авлигын эсрэг хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
3.1.2. "хуульчдын сонгон шалгаруулалт" гэж шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох, өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажиллах хуульчдаас мэргэжлийн хангалттай мэдлэг, чадварыг эзэмшсэн эсэхийг шалгаж , гэрчилгээ олгох ажиллагааг.
4 дүгээр зүйл.Хуульчдаас сонгон шалгаруулах
4.1.Хуульчдаас сонгон шалгаруулах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, ил тод байдал, тэгш эрх, шударга ёсыг хангах, хууль дээдлэх, хараат бус байх, нууцыг чандлан хадгалах, шударга өрсөлдөөний зарчмыг баримтална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах
5 дугаар зүйл. Орон тооны бус зөвлөл
5.1.Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.
5.2.Зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга тэргүүлэх ба бүрэлдэхүүнд нь Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх, цагдаагийн байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн дарга орно.
/Энэ хэсэгт 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
6 дугаар зүйл. Зөвлөлийн бүрэн эрх
6.1.Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.хуульч боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар бодлого боловсруулах;
6.1.2.сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбогдсон журам, заавар тогтоох;
6.1.3.хуульчдын сонгон шалгаруулалт /цаашид "сонгон шалгаруулалт" гэх/ явуулах газар, хугацааг товлох, зарлах;
6.1.4.энэ хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд сонгон шалгаруулалтад оролцох эрх олгох буюу татгалзах;
6.1.5.сонгон шалгаруулалтын даалгавар боловсруулах ажлыг зохион байгуулах;
6.1.6.сонгон шалгаруулалтын явцад хяналт тавих;
6.1.7.сонгон шалгаруулалтад ашиглах, туслах материалын жагсаалт гаргах;
6.1.8.сонгон шалгаруулалттай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх;
6.1.9.шалгалтын хорооны бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх;
6.1.10.сонгон шалгаруулалтын дүнг мэдээлэх;
6.1.11.сонгон шалгаруулалтад тэнцсэн этгээдэд гэрчилгээ олгох;
6.1.12.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдсон журам тогтоох;
6.1.13.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
6.2.Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх бөгөөд шийдвэрээ олонхийн саналаар гаргана.
7 дугаар зүйл. Зөвлөлийн ажлын алба, түүний чиг үүрэг
7.1.Зөвлөлийн ажлын албаны үүргийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж гүйцэтгэж, дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1.хуульч боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулах асуудлаар Зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.1.2.хуульч боловсон хүчний улсын нэгдсэн бүртгэл, судалгаа хөтлөх, ойрын болон хэтийн нөөцийн судалгаа хийх;
7.1.3.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
8 дугаар зүйл.Шалгалтын хороо
8.1.Шалгалтын хороо /цаашид "хороо" гэх/ нь шүүх, прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон өмгөөллийн байгууллагад ажиллаж байгаа хуульч, эрх зүйн салбарын багш, эрдэмтэд /цаашид "шалгагч" гэх/-ээс бүрдэнэ.
8.2.Хорооны бүрэлдэхүүнийг Зөвлөл сонгон шалгаруулалт явуулах бүрт томилох бөгөөд шалгагчдын нэрсийн жагсаалт нь сонгон шалгаруулалт явуулах өдөр, цаг хүртэл байгууллагын нууцад хамаарна.
8.3.Хороо нь Зөвлөлөөс баталсан журмын дагуу дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
8.3.1.сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийг хянаж, дүгнэх;
8.3.2.шалгалтын дүнг нэгтгэн Зөвлөлд хүргүүлэх.
8.4.Хорооноос энэ хуулийн 8.3-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь аливаа байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох буюу нөлөөлөхийг хориглоно.
8.5.Хороо нь сонгон шалгаруулалттай холбогдон үүссэн маргаантай асуудлаар Зөвлөлд санал оруулах эрхтэй.
8.6.Хорооны гишүүдэд урамшуулал олгох бөгөөд түүний хэмжээг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хуульчдаас сонгон шалгаруулах журам
9 дүгээр зүйл. Сонгон шалгаруулалт
9.1.Сонгон шалгаруулалт нь эрх зүйн салбарын хүрээнд тодорхой өгөгдлийг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлого болон ярилцлагын хэлбэртэй байна.
9.2. Сонгон шалгаруулах шалгалт /цаашид "шалгалт" гэх/-ын үргэлжлэх нийт хугацаа гурав хоног байна.
9.3.Шалгалтад авбал зохих нийт онооны 70-аас доошгүй хувийг авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнд тооцно.
9.4.Шалгалтын нэгдсэн дүнг шалгалт дууссаны дараа нууцалсан дугаараар гаргаж, мэдээлнэ.
10 дугаар зүйл. Сонгон шалгаруулалт явуулах газар, хугацаа
10.1.Зөвлөл сонгон шалгаруулалт явуулах газар, хугацааг жилд нэг удаа товлон зарлана.
10.2.Зөвлөл сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд зэрэг эхэлж, дуусахаар зохион байгуулна.
10.3. Өмнөх жилийн сонгон шалгаруулалт явуулснаас хойш 10-аас доошгүй сарын дараа тухайн жилийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
10.4. Шалгалт эхлэхээс 45-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын товыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
10.5.Сонгон шалгаруулалтын товд шалгалтын хуваарь, бүртгэх, шалгалт авах газар, хугацаа, шалгалтын дарааллыг заана.
11 дүгээр зүйл. Сонгон шалгаруулалтын даалгавар
11.1.Зөвлөл сонгон шалгаруулалтын даалгавар, түүний хариултыг хуульч, эрх зүйн салбарын багш, эрдэмтдээр гэрээний үндсэн дээр урьдчилан бэлтгүүлэн авч болох бөгөөд энэ нь сонгон шалгаруулалт явуулах өдөр, цаг хүртэл байгууллагын нууцад хамаарна.
11.2.Тухайн жилийн сонгон шалгаруулалтын даалгавар нь орон даяар ижил байна.
11.3.Сонгон шалгаруулалтад оролцогчийн даалгаврын гүйцэтгэлийн хуудсыг нууцалсан тоогоор дугаарлах бөгөөд дугаартай холбогдох нэрсийн жагсаалт нь байгууллагын нууцад хамаарна.
11.4.Сонгон шалгаруулалтын даалгаврыг гурваас доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэх ба дүнг тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар гаргана.
12 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтад оролцох
12.1.Дараахь шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн сонгон шалгаруулалтад оролцоно:
12.1.1. Монгол Улсад эрх зүйн чиглэлээр суралцаж бакалаврын болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн;
12.1.2. ял шийтгэлгүй;
12.1.3. Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
12.2.Гадаад улсад эрх зүйн чиглэлээр суралцаж бакалаврын зэргийн диплом авсан, энэ хуулийн 12.1.2-т заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
13 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтад оролцох тухай өргөдөл гаргах
13.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан этгээд Зөвлөлд хандаж сонгон шалгаруулалтад оролцох тухай өргөдөл гаргана.
13.2.Өргөдлийг сонгон шалгаруулалтын товыг зарласан өдрөөс эхлэн хүлээн авч, шалгалт эхлэхээс ажлын 7 өдрийн өмнө дуусгавар болгоно.
13.3.Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөлд дараахь баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн хавсаргана:
13.3.1.Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичиг;
13.3.2.эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом;
13.3.3. ял шийтгэлгүй болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт.
14 дүгээр зүйл. Сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах
14.1. Дараахь үндэслэл байвал Зөвлөл сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах эрхтэй:
14.1.1.хүсэлт гаргагч энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
14.1.2.энэ хуулийн 13.3-т заасан баримт бичгийг бүрдүүлээгүй буюу хуурамчаар бүрдүүлсэн;
14.1.3.сонгон шалгаруулалтын товд заасан хугацаанд бүртгүүлээгүй.
15 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтад дахин оролцох
15.1. Сонгон шалгаруулалтад тэнцээгүй этгээд сонгон шалгаруулалтад дахин оролцох эрхтэй.
16 дугаар зүйл.Гэрчилгээ олгох
16.1.Зөвлөл сонгон шалгаруулалтад тэнцсэн этгээдэд гэрчилгээ олгох бөгөөд түүний загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.2. Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
16.3. Гэрчилгээ авсан этгээд нь энэ хуулийн 1.1-д заасан ажил, албан тушаал эрхлэх бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалтад орох буюу тусгай зөвшөөрөл авна.
16.4. Гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, нотариатч, шийдвэр гүйцэтгэгчээр, гадаадын иргэн, харьяалалгүй хүн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу мэргэшлийн шалгалт өгнө.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл
17 дугаар зүйл. Сонгон шалгаруулалтын санхүүжилт
17.1.Сонгон шалгаруулалтад оролцох нэг оролцогчид ногдох зардлын хэмжээг санхүүгийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.
17.2. Сонгон шалгаруулалтад оролцогч энэ хуулийн 17.1-д заасан зардлыг өөрөө хариуцна.
18 дугаар зүйл.Сонгон шалгаруулалтын нууцыг хамгаалах
18.1.Энэ хуулийн 8.2, 11.1, 11.3-т заасан этгээд сонгон шалгаруулалтын нууцыг задруулахыг хориглоно.
18.2.Энэ хуулийн 18.1-д заасан сонгон шалгаруулалтын нууцыг задруулсан этгээдийг сонгон шалгаруулалтын бүхий л үйл ажиллагаанд оролцуулахгүй.
19 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Энэ хуулийн 18.1-д заасан сонгон шалгаруулалтын нууцыг задруулсан этгээдийг 60000 төгрөгөөр торгоно.
20 дугаар зүйл.Сонгон шалгаруулалттай холбогдон үүссэн
20.1.Сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалттай холбоотой гомдлоо тухайн шалгалтын дүн гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор Зөвлөлд бичгээр гаргана.
20.2.Зөвлөл энэ хуулийн 20.1-д заасан гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.
20.3.Гомдол гаргагч Зөвлөлийн шийдвэрийг үл зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.
ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
1 Монгол Улсын Yндсэн хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
2 Шүүхийн тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 29 дүгээрт нийтлэгдсэн.
3 Прокурорын байгууллагын тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 29 дїгээрт нийтлэгдсэн.
4 Өмгөөллийн тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 21 дүгээрт нийтлэгдсэн.
5 Нотариатын тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
6 Цагдаагийн байгууллагын тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 8 дугаарт нийтлэгдсэн
7 Тагнуулын байгууллагын тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 35 дугаарт нийтлэгдсэн.
8 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
Текст томруулах
A
A
A
