- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ /Энэ хуулийг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ хуулийг 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1991 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийн зорилт
Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн зорилт нь иргэд, хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомж
Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар зохицуулах харилцаа
Монгол Улсын Хөдөлмөрийн хуулиар дор дурдсан харилцааг зохицуулна:
1/улс, хоршоолол, олон нийт, хувийн үйлдвэрийн газар, байгууллагын захиргаа, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэн хоорондын хөдөлмөрийн харилцаа;
2/Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа хамтын болон гадаадын үйлдвэрийн газар, байгууллагын захиргаа, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэн хоорондын хөдөлмөрийн харилцаа;
3/иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээгээр үүссэн харилцаа /хөдөлмөрийн гэрээнд оролцогч талуудыг энэ хуульд цаашид "захиргаа", "ажилтан" гэж нэрлэнэ/.
4 дүгээр зүйл.Захиргааны үндсэн эрх, үүрэг
1.Захиргаа нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх эрхтэй.
2.Захиргаа нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон хөлс олгох, хэлэлцээ хийж хамтын гэрээ байгуулах, ажилтан Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад эрхээ эдлэх нөхцөлийг хангах үүрэгтэй.
5 дугаар зүйл.Ажилтны үндсэн эрх, үүрэг
1.Ажилтан мэргэжил, авьяас,сонирхолынхоо дагуу ажил сонгох, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлөөр хангагдах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон хөлс авах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх замаар эрх ашгаа хамгаалах, Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу амрах, тэтгэвэр, тэтгэмж авах, бусад хөнгөлөлт эдлэх эрхтэй.
6 дугаар зүйл.Хөдөлмөрийн харилцаанд хязгаарлал, давуу тал тогтоохыг хориглох
Хөдөлмөрийн харилцаанд нийгмийн гарал, байдал, арьсны өнгө, яс, үндэс, эрэгтэй, эмэгтэй, шашин шүтлэг, эд хөрөнгийн байдал, улс төрийн үзлээр ялгаварлан шууд буюу шууд бус аливаа хязгаарлал, давуу тал тогтоохыг хориглоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хамтын гэрээ
7 дугаар зүйл.Хамтын гэрээ байгуулах
1.Хамтын гэрээний зорилт нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж баталгаажуулахад оршино.
2.Хамтын гэрээг нэг талаас захиргаа, нөгөө талаас нийт ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллага, хэрэв тийм байгууллага байхгүй бол хамт олны төлөөлөгчийн /цаашид "үйлдвэрчний эвлэл" гэх/ хооронд хэлэлцээ хийж байгуулна.
3.Хамтын гэрээний хугацаа, түүнийг байгуулах, хэрэгжүүлэх, гэрээний биелэлтэд хяналт тавих журмыг гэрээнд оролцогч талууд тогтооно.
4.Хамтын гэрээ нь уг гэрээнд өөрөөр заагаагүй бол оролцогч талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
5.Хамтын гэрээ нь байгууллагын нийт ажилтанд хамаарна.
6.Монгол Улсын хууль тогтоомжид харшилсан хамтын гэрээний заалтыг хүчингүйд тооцно.
8 дугаар зүйл.Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа
1.Хамтын гэрээгээр дор дурдсан харилцааг зохицуулна:
1/хөдөлмөрийн хөлсний хуваарилалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтоох;
2/нийгэм ахуйн хөнгөлөлт үзүүлэх;
3/хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах;
4/ажил, амралтын цагийн горим тогтоох;
5/ажилтанд мэргэжил олгох, мэргэшлийг нь дээшлүүлэх;
6/энэ хуулиар шууд зохицуулаагүй хөдөлмөрийн харилцааны бусад асуудал.
2.Хамтын гэрээгээр Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас илүү хөнгөлөлтийг байгууллагын хөрөнгөөс олгохоор тогтоож болно.
9 дүгээр зүйл.Хамтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах
Хамтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг уг гэрээг анх байгуулсан журмын дагуу оролцогч талууд тохиролцож шийдвэрлэнэ.
10 дугаар зүйл.Хамтын гэрээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага
Хамтын гэрээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг уг гэрээнд харилцан тохиролцсоны дагуу болон Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар хүлээлгэнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн гэрээ
11 дүгээр зүйл.Хөдөлмөрийн гэрээ
Нэг талаас ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, тодорхой мэргэжил, мэргэшил, албан тушаалын үүрэгт ажил гүйцэтгэх, нөгөө талаас захиргаа ажилтанд Монгол Улсын хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээнд заасны дагуу болон өөртэй нь тохиролцсоноор хөдөлмөрийн хөлс олгох, хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг авсан хэлэлцээрийг хөдөлмөрийн гэрээ гэнэ.
12 дугаар зүйл.Хөдөлмөрийн гэрээ байгуулах
1.Хөдөлмөрийн гэрээг захиргаа болон ажилтан харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр байгуулна.
Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгүүлэхийг хориглоно.
2.Хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулна.
3.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө захиргаа, ажилтан харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг сунгаж болно.
4.Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад захиргаа, ажилтны аль нэг нь түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол уг гэрээг гэрээнд заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.
5.Монгол Улсын хууль тогтоомж болон хамтын гэрээнд харшилсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хүчингүйд тооцно.
13 дугаар зүйл.Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгүүлэхийг хориглох
Захиргаа нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг ажилтнаас шаардахыг хориглоно.
14 дүгээр зүйл.Ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлж авах
1.Ажилтны ажил, албан тушаалыг дор дурсдан тохиолдолд хэвээр хадгална:
1/төрийн байгууллагад сонгуульт үүрэг түр хугацаагаар /З сар хүртэл/ гүйцэтгэж байгаа;
2/ээлжийн амралттай байгаа;
3/эмнэлгийн шинжилгээ хийлгэх буюу донорын үүрэг гүйцэтгэж байгаа, эмчийн магадлагаагаар болон захиргааны зөвшөөрлөөр чөлөөтэй байгаа;
4/жирэмсний, амаржсаны амралттай байгаа;
5/хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа;
6/Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.
2.Захиргаа, ажилтан харилцан тохиролцож ажил, албан тушаалыг хэвээр хадгалах бусад тохиолдлыг тогтоож болно.
3.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасны дагуу ажилтны ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа хугацаанд энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт хамаарахгүй.
4.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болж ажлаас халагдсан ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн тохиолдод уг ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авна. Хэрэв тийм боломжгүй бол түүнтэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд авч ажиллуулна.
15 дугаар зүйл.Ажил, албан тушаал хавсрах, хослон ажиллах, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх
1.Ажилтан үндсэн ажлынхаа чөлөөт цагаар өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно.
Хавсран гүйцэтгэж болохгүй ажил, албан тушаалын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.
2.Ажилтан өөрийн байгууллагад ажлын цагтаа багтаан хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил хослон ажиллаж болно.
3.Захиргаа ажилтантай тохиролцсоны дагуу үндсэн ажлын нь зэрэгцээ эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.
16 дугаар зүйл.Үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх
Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах зэрэг үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлага гарвал захиргаа нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хоног хүртэл хугацаагаар шилжүүлж болно.
Энэ тохиолдолд хөдөлмөрийн хөлсийг гүйцэтгэсэн ажилд нь тохируулан олгох боловч урьд авч байсан дундаж хөлсийг бууруулж болохгүй.
17 дугаар зүйл.Сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх
Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд, эсхүл тухайн орон нутагт байгаа өөр байгууллагад өөртэй нь тохиролцсон хугацаагаар шилжүүлж болно.
18 дугаар зүйл.Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл
1.Хөдөлмөрийн гэрээ дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно:
1/хоёр тал хэлэлцэн тохирсон;
2/ажилтан санаачилсан, эсхүл тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан;
3/захиргаа санаачилсан;
4/хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон;
5/ажилтан жинхэнэ хугацаат цэргийн албанд татагдсан;
6/ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
7/хөдөлмөрийн гэрээ цуцлахыг Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллага шаардсан.
2.Байгууллагын харьяалал, захиргаа өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй.
19 дүгээр зүйл.Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах
1.Хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан нь ажлаас халагдах тухай өргөдлөө захиргаанд өгсөн өдрөөс хойш нэг сар өнгөрмөгц уг гэрээг цуцлагдсанд тооцно. /Энэ заалтад 1994 оны 12 дугаар сарын 8-ны хуулиар өөрчлөлт орсон./
2.Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл захиргаатай тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ зүйлд заасан хугацаанаас өмнө цуцалж болно.
20 дугаар зүйл.Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах
1.Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан үндэслэлээр захиргааны санаачилгаар цуцалж болно:
1/байгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
2/мэргэжил, чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон;
3/хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан; /Энэ заалтад 1993 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.
4/Монгол Улсын Тэтгэврийн хуулийн 9 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан болзол хангасан;
5/мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан захиргааны итгэлийг алдагдуулсан буруутай үйлдэл нь тогтоогдсон.
2.Ажлаас буруу халагдсан нь нотлогдон шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоох болсон тохиолдолд уг ажил, албан тушаалд шинээр орсон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж бололцооны дагуу өөр ажил олж өгнө.
3.Хөдөлмөрийн гэрээг энэ зүйлийн нэг дэх хэсгийн 1-д заасан үндэслэлээр цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө урьдчилан мэдэгдэнэ.
4.Хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 14 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэгт заасан тохиолдолд захиргааны санаачилгаар цуцлахыг хориглоно.
5.Захиргаа нь энэ зүйлийн нэг дэх хэсгийн 1, 2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтныг хөдөлмөрийн захад бүртгүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хураамж төлнө.
21 дүгээр зүйл.Ажлаас халагдсаны тэтгэмж
Захиргаа нь ажлаас халагдсан ажилтанд дор дурдсанаас бусад тохиолдолд нэг сараас доошгүй хугацааны дундаж хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно:
1/хамтын болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан;
2/энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6,7 /эрүүл мэндийн болон мэргэжлийн хувьд тэнцэхгүй болсноос бусад шалтгаанаар эрх бүхий байгууллагын шаардлагаар ажлаас халагдсан/, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З, 5-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан.
/Энэ зүйлд 199З оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
22 дугаар зүйл.Ажил, албан тушаал эрхлэхийг түр болиулах
Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түр болиулж хөдөлмөрийн хөлс олгохыг зогсооно.
23 дугаар зүйл.Хөдөлмөрийн дэвтэр
1.Хөдөлмөрийн дэвтэр нь ажилтны хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг мөн.
2.Захиргаа нь ажилтны ажил гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хөдөлмөрийн дэвтэр хөтөлнө.
24 дүгээр зүйл.Ажлаас халах, ажил хүлээлцэх тухай
1.Захиргаа нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлцэх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.
2.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.
3.Захиргаа нь ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмж, хөдөлмөрийн дэвтрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.
4.Захиргаа нь ажилтны хүсэлтээр ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, хөдөлмөрийн хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Ажил, амралтын цаг
25 дугаар зүйл.Ажлын цаг
1.Долоо хоногийн ажлын цаг нь 40-өөс илүүгүй байна. /Энэ хэсэгт 1997 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.
3.Хамтын гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцсоны дагуу ажлын өдрийн үргэлжлэлийг долоо хоногийн ажлын цагт багтаан өөрчлөн тогтоож болно.
4.Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байвал зохино.
26 дугаар зүйл.Ажлын цагийг богиносгох
1.Долоо хоногийн ажлын цаг нь 14, 15 насны ажилтанд ЗО цагаас, 16-гаас 18 хүртэлх насны ажилтанд З6 цагаас илүүгүй байна.
2.Захиргаа нь хөдөлмөрийн стандартыг баримтлан хүнд, хортой, халуун болон газрын доорх нөхцөлийг тогтоож, түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй.
3.Ажилтны ажлын цагийг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу богиносгож болно.
27 дугаар зүйл.Шөнийн цаг
1.Орон нутгийн цагаар 22 цагаас О6 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.
2.Энэ зүйлд заасан хугацаанд ажлын цаг нь 7-гоос илүүгүй байна.
28 дугаар зүйл.Ажлын бүтэн бус өдөр, долоо хоног тогтоох
1.Захиргаа нь ажилтантай тохиролцон ажлын бүтэн бус өдөр, долоо хоногийг тогтоож болно.Энэ тохиолдолд ажилласан цаг буюу хийсэн ажилд нь тохирсон хөдөлмөрийн хөлс олгоно.
2.Ажлын бүтэн бус өдөр, долоо хоног тогтоосон нь ажилтанд ээлжийн амралт олгох, ажилласан хугацааг тооцох зэрэг хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэглэхэд хязгаарлал болохгүй.
29 дүгээр зүйл.Ажлын цагийг нэгтгэн бодох
Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно. Энэ тохиолдолд нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ажлын цагийн нийлбэрээс хэтэрч болохгүй.
30 дугаар зүйл.Илүү цагаар ажиллуулахыг хязгаарлах
1.Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг захиргааны санаачилгаар хэтрүүлж ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ.
2.Дор дурдсанаас бусад тохиолдолд ажилтныг захиргааны санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:
1/улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
2/байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
3/нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
4/урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол байгууллагын буюу түүний нэгжийн хэвийн ажиллагаанд саад учруулж болзошгүй хойшлуулшгүй ажил гүйцэтгэх.
3.Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.
4.Ажилтныг дараалсан хоёр өдөрт илүү цагаар ажиллуулах хугацаа 4 цагаас хэтэрч болохгүй.
31 дүгээр зүйл.Амрах, хооллох завсарлага
1.Ажилтанд амарч, хооллоход нь зориулан завсарлага олгоно.
Завсарлага эхлэх, дуусах цагийг хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно.
2.Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй ажилтай ажилтныг захиргаа хооллох бололцоогоор хангана.
32 дугаар зүйл.Нийтээр амрах баярын өдөр
1.Дор дурдсан баярын өдрүүдэд нийтээр амарна:
1/шинэ жил-нэгдүгээр сарын 1;
2/билгийн улирлын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн 1, 2;
З/эх үрсийн өдөр-зургадугаар сарын 1; /Энэ заалтад 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/.
4/Монголын ардын хувьсгалын ойн баяр-долдугаар сарын 11, 12, 1З;
5/Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласны өдөр-арван нэгдүгээр сарын 26.
2.Нийтээр амрах баярын өмнөх ажлын өдрийн үргэлжлэл 6 цагаас илүүгүй байна.
33 дугаар зүйл.Долоо хоног бүрийн амралт
1.Бямба, ням гаригт нийтээр амарна. /Энэ хэсэгт 1997 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
2.Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан бямба, ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр өдөр амруулна. /Энэ хэсэгт 1997 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
3.Долоо хоногийн амралтын өдөр дараалсан байна. /Энэ хэсгийг 1997 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34 дүгээр зүйл.Нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хязгаарлах
1.Дор дурдсанаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр захиргааны санаачилгаар ажиллуулахыг хориглоно:
1/энэ хуулийн З0 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан тохиолдолд;
2/тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний болон хойшлуулшгүй засвар, ачиж буулгах ажил гүйцэтгэх.
2.Захиргаа нийтээр амрах баярын буюу долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулсан ажилтныг түүнтэй тохиролцсоноор өөр өдөр амруулах, эсхүл уг амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно. Ийм боломжгүй бол хөдөлмөрийн хөлсийг энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу олгоно.
35 дугаар зүйл.Ээлжийн амралт, түүний хугацаа
1.Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ.
2.Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 14 өдөр байна. /Энэ хэсэгт 1997 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.Ажилтны ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:
1/хөдөлмөрийн хэвийн нөхцөлд:
6-10 жилд З өдөр
11-15 жилд 5 өдөр
16-20 жилд 7 өдөр
21-25 жилд 9 өдөр
26-З1 жилд 11 өдөр
32-оос дээш 14 өдөр
2/хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд:
1-4 жилд 5 өдөр
5-8 жилд 7 өдөр
9-12 жилд 9 өдөр
3/газрын дор:
1-4 жилд 10 өдөр
5-6 жилд 14 өдөр
7-8 жилд 16 өдөр
9-10 жилд 18 өдөр
4.Нэмэгдэл амралтыг ажлын өдрөөр тооцно.
5.18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн амралтын хугацаа ажлын 21 өдөр байна.Тэдний ээлжийн амралтыг тухайн жилдээ хүссэн үед нь олгоно. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн ба энэ хэсэгт 1997 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6.Зарим ажилтны нэмэгдэл амралтын хугацааг Монгол Улсын Засгийн газар тогтооно.
36 дугаар зүйл.Чөлөө олгох
1.Захиргаа нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно.
2.Чөлөөтэй байсан хугацаанд ажилтанд тэтгэмж олгох эсэх асуудлыг хамтын гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.
/Энэ зүйлд 1993 оны 1 дүгээр сарын 14-ны хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/.
ТАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн хөлс, баталгаат болон
нөхөх олговор
37 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний зохицуулалт
1.Ажилтны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Монгол Улсын Засгийн газар тогтооно.
2.Хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож байна.
3.Төсөвт байгууллагын ажилтны хөдөлмөрийн хөлсний сүлжил, жишгийг Засгийн газар, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтны хөдөлмөрийн хөлсний сүлжил, жишгийг үйл ажиллагааныхаа үр дүн, хөрөнгийн бололцоог харгалзан тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн захиргаа тус тус тогтооно. /Энэ заалтад 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
4.Ажилтны хөдөлмөрийн хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.
5.Ажилтны буруу биш шалтгаанаар хөдөлмөрийн хөлс буурахад хүрвэл Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байж болохгүй.
6.Улсын үйлдвэрийн газрын даргын болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн ерөнхий захирлын хөдөлмөрийн хөлсний жишгийг Засгийн газар, орон нутгийн өмчийн болон уг өмч давамгайлсан аж ахуйн нэгжийн захирал /дарга/-ын хөдөлмөрийн хөлсний жишгийг тухайн шатны Засаг даргын саналыг үндэслэн засаг захиргаа, нутар дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тус тус тогтооно.
7.Эрх бүхий этгээд нь аж ахуйн нэгж, байгууллагын дарга захирлын хөдөлмөрийн хөлсийг, түүнчлэн захиргаа нь ажилтныхаа хөдөлмөрийн хөлсний сүлжил, жишгийг тогтооход энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан жишгийг үндэслэнэ.
/Энэ зүйлийн 6,7 дахь заалтыг 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/.
38 дугаар зүйл.Тариф-мэргэшлийн лавлах
1.Мэргэжил, албан тушаалын тариф-мэргэшлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гаргана.
2.Захиргаа нь энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргачлал, жагсаалт, тухайн ажлын шинж чанар, түвэгшлийг үндэслэн мэргэжил, албан тушаалын тариф-мэргэшлийн лавлахыг баталж мөрдөнө.
39 дүгээр зүйл.Нэмэгдэл хөлс
1.Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл хөлсний доод хэмжээг Монгол Улсын Засгийн газар тогтооно.
2.Мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл хөлсний хэмжээг захиргаа, харин мэргэжил хослон ажилласны болон эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсний хөлсний хэмжээг захиргаа ажилтантай тохиролцон тогтооно.
40 дүгээр зүйл.Илүү цагаар ажилласны хөлс
Илүү цагаар ажилласны хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэн олгоно:
41 дүгээр зүйл.Нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласны хөлс
1.Нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэн олгоно.
2.Нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулсан бол хөлсийг дээрх нэмэгдэлгүйгээр олгоно.
42 дугаар зүйл.Бүтээлийн норм биелүүлээгүй үеийн хөлс
1.Ажилтан өөрийн буруу биш шалтгаанаар бүтээлийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажлын хөлс дээр нь урьд авч байсан дундаж хөлсний зөрүүг нөхөн олгоно.
2.Ажилтан өөрийн буруугаас нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлс олгоно.
43 дугаар зүйл.Гологдол гаргасан үеийн хөлс
1.Ажилтан өөрийн буруу биш шалтгаанаар гологдол гаргасан бол тарифт хөлсийг бууруулж олгоно.
2.Ажилтан өөрийн буруугаас гологдол гаргасан бол гүйцэтгэсэн ажлын үр дүнгийнх нь хэрэгцээ хангах байдлыг харгалзан тарифт хөлсийг бууруулж олгоно.
3.Ажилтан өөрийн буруугаас бүрэн гологдол гаргасан бол хөлс олгохгүй.
44 дүгээр зүйл.Сул зогсолтын үеийн хөлс
1.Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хөлсийг хамтын гэрээнд заасан хэмжээгээр олгоно. Хамтын гэрээнд заасан сул зогсолтын хөлсний хэмжээ нь уг ажилтны үндсэн тарифт хөлсний 60 хувиас болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй. /Энэ заалтад 1994 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2.Ажилтны буруугаас гарсан сул зогсолтын хугацаанд хөлс олгохгүй.
3.Сул зогсолтын үед өөр ажилд шилжсэн ажилтанд гүйцэтгэсэн ажилд нь тохируулан хөлс олгох боловч урьд авч байсан дундаж хөлсний хэмжээнээс бага байж болохгүй.
45 дугаар зүйл.18 насанд хүрээгүй ажилтны хөдөлмөрийн хөлс
1.Ажил хүлээлцэх үеийн хөдөлмөрийн хөлсийг ажилтны ажиллаж байсан байгууллага олгоно.
2.Захиргааны буруугаар ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уул хугацааны хөлсийг ажилтанд олгоно.
Халагдаж байгаа хүний буруугаар ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уул хугацааны хөлсийг олгохгүй.
47 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлс олгох хугацаа
1.Ажилтны хөдөлмөрийн хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтоосон өдөр олгоно.
2.Ажилтанд хүсэлтээр нь хөдөлмөрийн хөлсний урьдчилгаа олгож болно.
48 дугаар зүйл.Хөдөлмөрийн хөлсний тухай мэдэгдэх
Захиргаа нь хөдөлмөрийн хөлсний хэлбэр, хэмжээг өөрчлөх, шинээр мөрдүүлэх тухай нэг сараас доошгүй хугацааны өмнө нийт ажилтанд мэдэгдэнэ.
49 дүгээр зүйл.Хөдөлмөрийн хөлснөөс хийх суутгал,түүний хэмжээг хязгаарлах
1.Ажилтны хөдөлмөрийн хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно:
1/дараа тайлан гаргахаар мөнгө авсан;
2/ажилтны нэг сарын дундаж хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай захиргааны шийдвэр гарсан;
3/Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.
2.Тооцооны алдаанаас бусад шалтгаанаар илүү олгосон мөнгийг ажилтнаас суутган авч болохгүй.
3.Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ хөдөлмөрийн хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол хөдөлмөрийн хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй.
50 дугаар зүйл.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд олгох хөлс, тэтгэмж
Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан тохиолдолд ажилтанд дундаж хөлс, хэрэв Монгол Улсын хууль тогтоомжид тусгайлан заасан бол тэтгэмж олгоно.
51 дүгээр зүйл.Өөр орон нутагт ажиллахаар шилжих үеийн нөхөх олговор
Нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор нэг сум, хорооноос нөгөө сум, хороонд сонгогдсон буюу томилогдсон ажилтанд уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжид нь байдаг хүмүүст уналга, ачаа тээшийн зардлыг хүлээн авч байгаа байгууллага олгоно.
52 дугаар зүйл.Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн нөхөх олговор
Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг,хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд тарифт хөлсний 50 хувьтай тэнцэх хэмжээний нөхөх олговор өгнө. Харин ийм гамшиг, саатлын хор уршгийг арилгахад биеэр оролцсон ажилтанд тарифт хөлсийг 100 хувь олгоно.
53 дугаар зүйл.Ажлын цагийг богиносгосон үеийн хөлс
Энэ хуулийн 26 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу ажлын цагийг нь богиносгосон ажилтанд зургаан сарын хугацаанд түүний урьд авч байсан дундаж хөлсийг олгоно.
54 дүгээр зүйл.Ажилтныг эрүүл мэндэд нь харш лахгүй өөр ажилд шилжүүлсэн үеийн хөдөлмөрийн хөлс
Энэ хуулийн 7З дугаар зүйлд заасны дагуу өөр ажилд шилжүүлсэн ажилтны хөдөлмөрийн хөлс буурахад хүрвэл зургаан сарын хугацаанд түүний урьд авч байсан дундаж хөлсийг олгоно.
55 дугаар зүйл.Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн хөлс
1.Буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж хөлсийг, хэрэв бага хөлстэй ажил хийж байсан бол зөрүүг нь нөхөн олгоно.
2.Ажлаас халсан шалтгааныг хөдөлмөрийн дэвтэрт буруу бичсэн нь ажилтан ажилд ороход саад болсон буюу бага хөлстэй ажилд ороход хүргэсэн бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж хөлсийг, хэрэв бага хөлстэй ажил хийж байсан бол зөрүүг нь нөхөн олгоно.
3.Захиргаа ажлаас халагдсан ажилтны хөдөлмөрийн дэвтрийг хугацаанд нь өгөлгүй саатуулснаас уг ажилтан ажилгүй байсан бол хүлээлгэсэн бүх хугацаанд урьд авч байсан дундаж хөлсийг олгоно.
4.Энэ зүйлд заасан хөлсийг ажлаас халсан байгууллагын захиргаа олгож, үүний улмаас байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх боловч тэр нь уг этгээдийн гурван сарын хөлсний хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.
56 дугаар зүйл.Өртөг, зардлыг нөхөх
Үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг зайлшгүй хангах шаардлагын улмаас ажилтан хувийнхаа техник, багаж хэрэгслийг захиргаатай харилцан тохиролцсоны үндсэн дээр ашигласан тохиолдолд тэдгээрийн элэгдлийн өртөг, бусад зайлшгүй зардлыг Монгол Улсын хууль тогтоомжид буюу гэрээнд заасны дагуу захиргаа нөхөн олгоно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага
57 дугаар зүйл.Хөдөлмөрийн дотоод журам
1.Захиргаа нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдөнө.
2.Хөдөлмөрийн дотоод журамд байгууллагын хөдөлмөр зохион байгуулалт, захиргаа болон ажилтны эрх, үүрэг, хариуцлага, ажилтныг урамшуулах нөхцөлийг тусгана.
3.Зарим салбарт төрийн зохих дээд байгууллагаас баталсан сахилгын тусгай дүрэмтэй байж болно.
58 дугаар зүйл.Хөдөлмөрийн сахилгын шийтгэл
1.Захиргаа хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргаж оногдуулна:
1/сануулах;
2/хөдөлмөрийн хөлсийг гурван сар хүртэл хугацаагаар 2О хүртэл хувиар бууруулах;
3/ажлаас халах.
2.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш зургаан сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.
3.Сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй.
4.Сахилгын шийтгэл оногдуулсан тухай хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэхийг хориглоно.
5.Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.
59 дүгээр зүйл.Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл
1.Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд бусад шийтгэл /сахилгын, захиргааны, эрүүгийн/ оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.Хохирлын хэмжээг шууд учирсан жинхэнэ хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг хохиролд оруулан тооцохгүй.
3.Үйлдвэрлэл, аж ахуйн туршилт, тохируулгаас шалтгаалж гарсан зайлшгүй хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй.
4.Захиргаа нь хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс шалтгаалж учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй.
60 дугаар зүйл.Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага
Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 61 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж хөлснөөс хэтэрч болохгүй.
61 дүгээр зүйл.Эд хөрөнгийн бүрэн хариуцлага
1.Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ:
1/ажилтны байгууллагад хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг зохих журмаар тогтоосон;
2/хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр Монгол Улсын хууль тогтоомжид заасан;
3/эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай энэ хуулийн 62 дугаар зүйлийн дагуу захиргаатай гэрээ байгуулсан ажилтан хариуцсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг дутагдуулсан;
4/дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг хугацаанд нь эгүүлж төлөөгүй;
5/эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь шууд холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар тавьж олгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн;
6/согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан.
2.Зарим төрлийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, дутагдлуулснаас байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх өөр журмыг гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоож болно.
62 дугаар зүйл.Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ
1.Захиргаа эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг хадгалах, боловсруулах, худалдах, олгох, тээвэрлэх болон тэдгээрийг үйлдвэрлэлд хэрэглэхтэй шууд холбоотой ажил гүйцэтгэж байгаа 18 насанд хүрсэн ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээг бичгээр байгуулна.
2.Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
63 дугаар зүйл.Байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох
1.Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө,үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн буюу балансын өртгөөс зохих нормоор бодсон элэгдлийг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тодорхойлно.
2.Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн үнээр тодорхойлно.
3.Хэд хэдэн ажилтны буруугаар учирсан хохирлын хэмжээг тус бүрийн гэм буруугийн хэр хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан хүн нэг бүрээр тодорхойлно.
64 дүгээр зүйл.Байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх
1.Ажилтны нэг сарын дундаж хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг захиргааны шийдвэрээр хөдөлмөрийн хөлснөөс нь суутгаж нөхөн төлүүлнэ. Суутгал буюу түүний хэмжээг ажилтан эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно.
2.Ажилтны нэг сарын дундаж хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргана.
3.Захиргаа ажилтны хөдөлмөрийн хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага хянаж шийдвэрлэнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөр хамгаалал
65 дугаар зүйл.Хөдөлмөр хамгааллын дүрэм
Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөр хамгааллын нийтлэг дүрмийг Монгол Улсын Засгийн газар, бусад дүрэм, хөдөлмөрийн стандартыг уг асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
66 дугаар зүйл.Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлөөр хангах
1.Захиргаа нь ажилтныгүйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцөлөөр хангах үүрэгтэй.
2.Захиргаа хөдөлмөр хамгааллын арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төлөвлөгөө, хамтын гэрээндээ тусгаж зарцуулна.
67 дугаар зүйл.Хөдөлмөр хамгааллын шаардлага хангаагүй үйлдвэрийн газрыг ашиглалтад оруулахыг хориглох, үйлдвэрлэлийн ажиллагааг зогсоох
1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй үйлдвэрийн газар, байгууллага, түүний нэгжийг ашиглалтад хүлээн авах, ажиллуулахыг хориглоно.
2.Шинээр барьж байгуулсан буюу өргөтгөл, шинэтгэл хийсэн барилга байгууламжийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашиглалтад оруулахыг хориглоно.
3.Үйлдвэрийн газар, байгууллага, түүний нэгжийн ажлын нөхцөл, машин, тоног төхөөрөмжийн ажиллагаа нь ажилтны амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй байвал тэдгээрийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах хүртэл хугацаагаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зогсооно.
68 дугаар зүйл.Ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн ахуйн байраар хангах
1.Захиргаа нь хүнд, хортой, халуун нөхцөлд болон газрын дор ажилладаг, түүнчлэн бохидолттой ажил хийдэг ажилтанд ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгсэл, ариутган цэвэрлэх буюу угаах, хамгаалах бодис үнэгүй олгоно.
2.Ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгсэл, бусад зүйлийг хадгалах, засч сэлбэх, угаах, хатаах, ариутгах, хорт бодис, хийг арилгах буюу саармагжуулах, үйлдвэрлэлийн ахуйн байраар хангах ажлыг захиргаа хариуцна.
3.Захиргаа нь хортой нөхцөлд ажилладаг ажилтанд сүү буюу хор саармагжуулах хүнсний бусад бүтээгдэхүүн, тусгай хоол, халуун нөхцөлд ажилладаг ажилтанд хийжүүлсэн буюу давстай ус үнэгүй олгоно.
69 дүгээр зүйл.Цаг уурын тохиромжгүй нөхцөлд ажиллахад олгох завсарлага
1.Захиргаа цаг уурын нэн тохиромжгүй /хэт халуун буюу хүйтэн зэрэг/нөхцөлд задгай газар, халаалгагүй байранд ажиллаж байгаа ажилтанд хөдөлмөрийн стандартын дагуу түр завсарлага тогтоож олгоно.
2.Түр завсарлагын хугацааг ажилласан цагт оруулан тооцно.
70 дугаар зүйл.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлан бүртгэх, мэдээлэх
1.Захиргаа нь үйлдвэрлэлийн осол гарах бүрд Монгол Улсын Засгийн газраас тогтоосон журмын дагуу ослыг судлан бүртгэх, акт тогтоох үүрэгтэй.
Ослын акт тогтооход үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
2.Захиргаа ослын акт тогтоохоос татгалзсан, эсхүл осол гарсан шалтгаан, нөхцөлийн тухай дүгнэлтийг ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт тавих байгууллагад гаргах эрхтэй. Уул гомдлыг хянан шийдвэрлэсэн байгууллагын шийдвэрийг захиргаа заавал биелүүлэх үүрэгтэй.
3.Захиргаа осолд өртсөн ажилтныг өөрийн уналга, эсхүл зардлаар эмнэлэгт хүргэх, ослын шалтгаан, хор уршгийг арилгах арга хэмжээг цаг тухайд нь авах үүрэгтэй.
4.Үйлдвэрлэлийн ослыг судлах, түүний шалтгаан, нөхцөлийг тогтоохтой холбогдсон зардлыг захиргаа хариуцна.
5.Мэргэжлээс шалтгаалах өвчний шалтгаан, нөхцөлийг эрх бүхий байгууллага судлан тогтооно.
6.Захиргаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тухай мэдээг тогтоосон журмын дагуу мэдээлнэ.
7.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг нуун дарагдуулахыг хориглоно.
71 дүгээр зүйл.Эрүүл мэндийн үзлэг хийлгэх
1.Захиргаа газрын дор болон хүнд, хортой, халуун нөхцөлд ажиллах ажилтныг анх ажилд ороход нь эмнэлгийн үзлэг хийлгэж, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэх эсэхийг тогтоохын хамт, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнийг эрүүл мэндийн үзлэгт жил тутам оруулж байна.
2.Хүнсний үйлдвэр, худалдаа, нийтийн хоол зэрэг хүн амын үйлчилгээний байгууллага ажилтныг эмнэлгийн үзлэгт тогтоосон журмын дагуу тогтмол оруулж байна.
72 дугаар зүйл.Амь бие, эрүүл мэндэд онц аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоох
1.Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь бие, эрүүл мэндэд онц аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ тухай захиргаанд мэдэгдэнэ.
2.Захиргаа нь уул нөхцөл байдлыг арилгах шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй.
73 дугаар зүйл.Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх
Захиргаа эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг түүний зөвшөөрснөөр эрүүл мэндэд нь харшлахгүй өөр нөхцөлийн ажилд шилжүүлэх буюу ажлын нөхцөлийг нь өөрчлөх үүрэгтэй.
74 дүгээр зүйл.Тахир дутуу, одой хүмүүсийн хөдөлмөр
1.Тахир дутуу, одой хүмүүсийн биеийн байдал нь хөдөлмөр эрхэлж ажил үйлчилгээ гүйцэтгэхэд саад болохооргүй байвал уг шалтгаанаар тэднийг ажилд авахаас татгалзахыг хориглоно.
2.Захиргаа тахир дутуу, одой хүмүүст тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу тэдний ажлын цагийг хорогдуулах, ажлын бүтэн бус өдөр, долоо хоног тогтоох, гэрээр ажиллуулах зэргээр хөдөлмөрийн нөхцөлийг нь хөнгөлөх арга хэмжээ авна.
3.Тахир дутуу болон бие эрхтний эмгэг согогтой насанд хүрээгүй хүнийг нийгмийн халамж, хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл, хяналттайгаар хөдөлмөр эрхлүүлж болно. /Энэ хэсгийг 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
75 дугаар зүйл.Ажилтанд учирсан хохирлыг захиргаа хариуцах
1.Хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаад захиргааны буруугаас бэртсэн буюу эрүүл мэнд нь хохирсны улмаас ажилтанд учирсан хохирлыг захиргаа нөхөн төлнө.
2.Захиргаа нь хохирлыг ажилтны урьд авч байсан дундаж хөлснөөс эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссоос тодорхойлсон хөдөлмөрийн мэргэжлийн чадвар алдалтын хэмжээнд ногдох хэсгийн хувиар бодож нөхөн төлөхөөс гадна бэртсэн буюу эрүүл мэнд нь хохирсны улмаас гарсан бусад нэмэгдэл зардал /эвдэрч хэрэгцээ хангаж чадахгүй болсон эд хөрөнгийн үнэ, эмчлүүлэх, асруулах, сувилуулахтай холбогдсон зардал, хиймэл эрхтэний үнэ зэрэг/-ыг бүрэн хариуцна.
76 дугаар зүйл.Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс
1.Тахир дутуу болсныг тогтоох, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хэмжээг тодорхойлох, хөдөлмөрийн чадвар хэсэгчлэн алдсан тахир дутуу хүмүүст хөдөлмөрийн тусгай нөхцөл тогтоох асуудлыг эмнэлэг-хөдөлмөрийн магдлах комисс шийдвэрлэнэ.
2.Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг Монгол Улсын Засгийн газар батална.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй
хүмүүсийн хөдөлмөр
77 дугаар зүйл.Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулахыг хориглох ажил
Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүсийг ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батална.
78 дугаар зүйл.Жирэмсэн эмэгтэйчүүд, эхчүүдийг ажлаас халахыг хориглох
Жирэмсэн эмэгтэйчүүд, хоёр /ихэр бол гурван/ нас хүрээгүй хүүхэдтэй эхчүүдийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.
79 дүгээр зүйл.Шөнийн буюу илүү цагаар ажиллуулах, албан томилолтоор явуулахыг хязгаарлах
1.Нэг насхүрээгүй хүүхэдтэй эхчүүдийг шөнийн буюу илүү цагаар ажиллуулах, албан томилолтоор явуулахыг хориглоно.
Энэ заалт ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.
2.Жирэмсэн эмэгтэйчүүд, 1-ээс 8 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд, 16 хүртэл насны хүүхэдтэй ганц бие эх, эцгийг зөвхөн өөрийнх нь зөвшөөрснөөр шөнийн болон илүү цагаар ажиллуулах буюу албан томилолтоор явуулж болно. Энэ заалт нярай хүүхэдтэй эцэгт нэгэн адил хамаарна.
80 дугаар зүйл.Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага
1.Амрах, хооллох нийтийн завсарлагаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад нь зориулан 6 сар хүрээгүй буюу нэг нас хүрээгүй ихэр хүүхэдтэй эхчүүдэд хоёр цагийн завсарлага, 6 сараас нэг хүртэл насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эх, ганц бие эцэгт нэг цагийн завсарлага олгоно.
2.Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцно.
81 дүгээр зүйл.Жирэмсний болон амаржсаны амралт
1.Эхчүүдэд хүүхдээ төрүүлэхээс нь өмнө 45 хоног, амаржсаны дараа 56 хоногийн амралт олгоно.
2.Хүндрэлтэй төрсөн эхчүүдэд амаржсаны дараа, ихэр хүүхэд төрүүлэх эхчүүдэд төрөхийн өмнө болон төрсний дараа 70 хоногийн амралт олгоно.
3.Жирэмсний амралтаа бүрэн эдлээгүй эхчүүдэд уг амралтын дутууг амаржсаны дараах амралт дээр нэмж олгоно.
4.Хүүхдээ 196 хоногоос дээш тээгээд дутуу төрүүлсэн буюу эмнэлгийн дүгнэлтээр үр хөндүүлсэн, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдэд амаржсаны дараах амралт олгоно.
Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд ажлаас чөлөө олгохдоо өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтална.
82 дугаар зүйл.Нярай хүүхэд үрчлэн авсан эхэд чөлөө, тэтгэмж олгох
1.Нярай хүүхэд үрчлэн авсан эхэд амаржсан эхийн нэгэн адил хүүхдийг нь 56 хоногтой болтол хугацаагаар чөлөө өгч, тэтгэмж олгоно.
2.Энэ зүйл нярай хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.
83 дугаар зүйл.Эхчүүдэд хүүхдээ асрахад зориулан чөлөө олгох
1.Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд өөрөө хүсвэл хүүхдээ асрахад зориулж хүүхдийг нь хоёр /ихэр бол гурван/ настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална.
2.Захиргаа нь хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх өөрөө хүсвэл түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.
З.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн заалт зохих насны хүүхэдтэй ганц бие эцэгт, мөн насны хүүхэд үрчлэн авсан хүмүүст нэгэн адил хамаарна.
84 дүгээр зүйл.Жирэмсэн эмэгтэйчүүд, эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлэх
1.Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн эмэгтэйчүүдийн ажлын цагийг хорогдуулах буюу тэднийг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно. Энэ тохиолдолд урьд авч байсан дундаж хөлсийг хэвээр олгоно.
2.Нэг нас хүрээгүй хүүхэдтэй эхчүүд эрхэлж байгаа ажлаа хийх боломжгүй бол хүүхдийг нь нэг нас хүртэлх хугацаанд тэднийг өөр ажилд шилжүүлж, хэрэв энэ хугацаанд хөдөлмөрийн хөлс нь буурахаар байвал урьд авч байсан дундаж хөлсийг олгоно.
85 дугаар зүйл.Ажилд авахыг зөвшөөрөх нас
1.16 насанд хүрсэн хүмүүсийг ажилд авна.
2.15 насанд хүрсэн хүмүүсийг эрүүл мэнд, бие бялдрын хэвийн өсөлт, ёс суртахуунд нь муугаар нөлөөлөхгүй ажилд эцэг, эх буюу тэднийг төлөөлөх хүний зөвшөөрөлтэйгээр авч ажиллуулж болно.
3.Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зоррилгоор 14 насанд хүрсэн хүмүүсийг эцэг, эх , харгалзан дэмжигч болон хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр ажиллуулж болно. /Энэ хэсгийг 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Энэ зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасан хүнийг ажилд авахдаа түүнтэй энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулна. /Энэ хэсгийг 1996 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./
86 дугаар зүйл.18 насанд хүрээгүй ажилтны эрүүл мэндийг хамгаалах
1.18 насанд хүрээгүй ажилтныг хүнд, хортой, халуун нөхцөлд болон газрын дор ажиллуулахыг хориглоно.
2.18 насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.
3.18 насанд хүрээгүй ажилтныг эмнэлгийн үзлэгт орсных нь дараа ажилд авах бөгөөд цаашид 18 насанд хүртэл нь хагас жил тутамд эмнэлгийн үзлэгт заавал оруулж байна.
4.18 насанд хүрээгүй ажилтан эрүүл мэндийн хувьд эрхэлж байгаа ажлаа үргэлжлүүлэн хийж болохгүй тухай эмнэлгийн дүгнэлт гарвал захиргаа уг ажилтанд эрүүл мэндийн байдалд нь тохирсон өөр ажил олгох үүрэгтэй.
5.18 насанд хүрээгүй ажилтны эрхэлж байгаа ажил эрүүл мэндэд нь хор учруулж байгаа буюу учруулахаар байвал түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт тавих байгууллагын шаардлагаар хөдөлмөрийг гэрээг цуцална.
87 дугаар зүйл.Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүсийн өргөх, зөөх ачааны хэмжээг хязгаарлах
Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэмжээнээс илүү хүнд ачааг эмэгтэйчүүд, насанд хүрээгүй ажилтнаар өргүүлэх буюу зөөлгөхийг хориглоно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Хөдөлмөрийн маргаан
88 дугаар зүйл.Хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх байгууллага
1.Захиргаа, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу хянан шийдвэрлэнэ.
2.Хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх журмыг энэ хууль болон БНМАУ-ычн хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
89 дүгээр зүйл.Хөдөлмөрийн хамтын маргааныг хянан шийдвэрлэх
1.Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд гарсан хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу хянан шийдвэрлэнэ.
2.Хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх журмыг энэ хууль болон Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.
89 дүгээр зүйл.Хөдөлмөрийнг хамтын маргааныг хянан шийдвэрлэх
Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хооронд гарсан хөдөлмөрийн хамтын маргааныг Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.
90 дүгээр зүйл.Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэх маргаан
1.Шүүхээр хянан шийдвэрлэхээр Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан шийдвэрлэнэ.
2.Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг үйлдвэрчний эвлэлтэй зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсын Засгийн газар батална.
91 дүгээр зүйл.Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг давж заалдах
Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг зөвшөөрөөгүй бол захиргаа буюу ажилтан комиссын шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд давж заалдах эрхтэй.
92 дугаар зүйл.Шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргаан
Шүүх дор дурдсан хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэнэ:
1/энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан журмын дагуу давж заалдсан;
2/захиргааны санаачилгаар буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол;
3/ажилтнаас байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай захиргааны нэхэмжлэл;
4/энэ хуулийн 55 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт заасан асуудлаар гарсан маргаан;
5/хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаад бэртсэн буюу эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл;
6/сахилгын шийтгэл буруу оногдуулсан тухай ажилтны гомдол;
7/хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг Монгол Улсын хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл;
8/иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргаан;
9/хоршоолол, хувийн үйлдвэрийн газар, байгууллагын захиргаа, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хоорондын хөдөлмөрийн маргаан;
10/Монгол Улсын хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан.
93 дугаар зүйл.Хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацаа
1.Хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд энэ зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргана.
2.Ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажилтан захиргааны шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/- ийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.
3.Энэ зүйлд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.
94 дүгээр зүйл.Ажилд нь эгүүлэн тогтоох
Ажилтныг буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн байвал шүүх уг ажилтныг өмнөх ажилд нь эгүүлэн тогтооно.
АРАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд
тавих хяналт шалгалт
95 дугаар зүйл.Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих байгууллага
Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналт шалгалтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, Монгол Улсын хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлийг 1993 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан орсон/.
96 дугаар зүйл.Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөний хариуцлага
Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн буруутай этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасан журмын дагуу сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД
Текст томруулах
A
A
A
