A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХҮНСНИЙ ТУХАЙ /Энэ хуулийг 1999 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 1999 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮНСНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь хүнсний аюулгүй байдлыг хангах болон хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдон төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хүнсний тухай хууль тогтоомж

Хэвлэх

1.Хүнсний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуульд хэрэглэсэн нэр томъёо

Хэвлэх

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/"хүнсний аюулгүй байдал" гэж хүнсний зүйлийн хангамж, бүтцийн болон чанар, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээ хангагдсан байдлыг хэлнэ;

2/"хүнсний зүйл" гэж хүний хүнсний зориулалтаар бэлтгэсэн түүхий эд, хүнсний нэмэлт, тэдгээрийг боловсруулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, түүнчлэн хүний хоол унданд болон хүнсний үйлдвэрлэлд хэрэглэдэг усыг хэлнэ;

3/"хүнсний нэмэлт" гэж хүнсний зүйлд амт, үнэр, өнгө оруулах, хадгалалтын хугацааг нь уртасгах, хүнсний зүйлийг биежүүлэх, сийрэгжүүлэх, өвөрмөц чанартай болгох зэрэг зориулалтаар хэрэглэж байгаа байгалийн болон хими биологийн

гаралтай бодис, махбодь, тэдгээрийн хольцыг хэлнэ;

4/"зориулалтын хүнсний зүйл" гэж хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд болон газрын дор ажиллагч, 4 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэй ба хөхүүл хүүхэдтэй эх, өвчтөнд зориулсан бөгөөд тэдний эрхэлж буй ажил, бие махбодийн онцлогт тохирсон хүнсний зүйлийг хэлнэ;

5/"хүнсний зүйлийн үйлдвэрлэлийн хэрэгсэл" гэж хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх багаж, тоног төхөөрөмж, сав, баглаа боодол, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал, амьтан, газар, ургамал, ус, мөн эрүүл ахуйн нөхцөлийг хангах зориулалтын хувцас, ариутгал цэвэрлэгээний бодисыг хэлнэ;

6/"үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч" гэж борлуулахад зориулан хүнсний зүйлийг үйлдвэрлэх, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх болон хүнсний зүйлийг худалдах ажил байнга буюу түр эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг хэлнэ.

4 дүгээр зүйл.Хоол хүнстэй байх эрх

Хэвлэх

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүн бүр эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, бие махбодийнхоо хэвийн үйл ажиллагаа, өсөлт төлжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх хоол, хүнс хэрэглэх эрхтэй.

2.Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд болон газрын дор ажиллагч, 4 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэй ба хөхүүл хүүхэдтэй эх, өвчтөн /цаашид "зориулалтын хүнс хэрэглэгч" гэх/ зориулалтын хүнсний зүйлээр хангагдах эрхтэй.

5 дугаар зүйл.Хүнсний зүйлээр хангагдах үндсэн зарчим

Хэвлэх

Иргэн, өрх болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүр хүнсний зүйлээр өөрийгөө хангах ийнхүү хангахтай холбогдсон эрх зүйн үндэс, эдийн засгийн нөхцөлийг төрөөс бүрдүүлэх нь хүнсний зүйлээр хангагдах үндсэн зарчим мөн.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хүнсний аюулгүй байдлын талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үүрэг

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хүн амын хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

2/хүнсний зүйл, түүний үйлдвэрлэлийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийг татвар, мөнгө, зээлийн бодлогоор хөхүүлэн дэмжих.

7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1.Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний зүйлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг дэмжих, хүн амын хүнсний зүйлийн хэрэглээний зохистой хэм хэмжээг хангах, өлсгөлөн, өлөн зэлмүүн байдал, хоол тэжээлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх бодлого, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;

2/монгол хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт, төлжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөхөд шаардагдах хүнсний зүйлийн хангамж, бүтцийн зохистой хэм хэмжээг тогтоож, бодит гүйцэтгэлийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж, нийтэд мэдээлэх;

3/амьжиргааны баталгаажих түвшингээс бага орлоготой, нэн ядуугаас болж өлсгөлөн, өлөн зэлмүүн байдалд хүрсэн иргэдийн судалгааг гаргаж, өөрийгөө хүнсний зүйлээр хангахад нь тусламж, дэмжлэг үзүүлэх;

4/амьжиргааны баталгаажих түвшингээс бага орлоготой өрхийн 4 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэй болон хөхүүл хүүхэдтэй эх,хөдөлмөрийн чадваргүй, тахир дутуу иргэд, өндөр настай хүмүүсийг хүнсний хувьд эмзэг хэсэгт тооцож тэдэнд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;

5/хүнсний зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх, түүнд эрүүл ахуйн аюулгүй байдлын баталгаажуулалт хийх журам тогтоох;

6/хүн амын ундны төвлөрсөн усан хангамжийн сан, өргөх байгууламжийг тусгай хамгаалалтад байлгах журмыг тогтоох.

2.Засгийн газар нь хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дараахь байдлаар хөхүүлэн дэмжинэ:

1/ /Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2/ /Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3/хүүхдийн хоол тэжээл үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

4/мал аж ахуй, газар тариалангийн нэгжээс авах хүнсний бүтээгдэхүүнийг тогтвортой нэмэгдүүлэх болон эрчимтэй технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний урамшуулах журам тогтоож хэрэгжүүлэх.

3.Засгийн газар нь хүнсний зүйлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хөхүүлэн дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хүнсний зүйлийн улсын сан байгуулж, түүний дүрмийг батална.

4.Засгийн газар нь хүнсний зүйлийн дотоодын тэнцлийг харгалзан тухайн жилд экспортлох хүнсний зарим зүйлийн хэмжээг тогтоож болно.

5.Засгийн газар нь хүнсний дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор олон улсын худалдааны хэлэлцээрийн нийтлэг зарчимд нийцүүлэн тухайн жилд импортлох хүнсний зарим зүйлийн хэмжээг зохицуулж болно.

8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хүнсний зүйлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үндэсний уламжлалт болон дэвшилт технологи нэвтрүүлэх, хүнсний зүйлийн бүтэц, тэжээллэг чанарыг нь сайжруулах, нэр төрлийг олшруулах бодлогыг хэрэгжүүлэх;

2/аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах;

3/хүнсний зүйл, түүний үйлдвэрлэлийн хэрэгслийг үйлдвэрлэхэд мөрдөх технологийн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, биелэлтийг нь хянан шалгах;

4/тусгай зөвшөөрөлтэйгээр үйлдвэрлэх хүнсний зүйлийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтийг зохих журмын дагуу хянаж, саналаа Засгийн газарт оруулах;

5/хүн амын ундны усны хангамжийг сайжруулах, усны нөөц, уст цэгийг нэмэгдүүлэх, усыг цэнгэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх.

2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах талаар хүнсний зүйл, түүний үйлдвэрлэлийн хэрэгслийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг мөрдөх журам,зааврыг батлах, биелэлтийг нь хянан шалгах;

2/хүнсний зүйлийг ариутгах, хадгалах хугацааг нь уртасгах, мал, амьтныг эмчлэх, өсөлт бойжилтыг нь түргэтгэх, ургацыг нэмэгдүүлэх, хог ургамал, хортон шавьж, мэрэгч устгах зориулалттай цацраг идэвхт үүсгүүр, эм, даавар, бордоо, пестицид болон химийн бусад бодис, хүнсний үйлдвэрлэлд ашиглаж буй бичил биетэн, био бэлдмэлийн үлдэгдэл тухайн хүнсний зүйлд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхэд хяналт тавих журам тогтоож мөрдүүлэх,биелэлтэд хяналт тавих;

3/зориулалтын хүнс хэрэглэгчдийн хэрэглэх хүнсний зүйлийн зохистой хэм хэмжээг тогтоох;

4/хүнсний зүйлийн хэрэглээний бүтэц, чанар, илчлэг нь хүний бие махбодийн зохистой хэрэгцээ болон эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангаж байгаад судалгаа хийж, дүгнэлт гаргах.

9 дүгээр зүйл.Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын захирагч нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх бодлого, хөтөлбөр боловсруулж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж хэрэгжүүлнэ.Энэ нь хүн амын хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогын салшгүй хэсэг байна.

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын захирагч мэдэлдээ хүнсний зүйлийн тодорхой хэмжээний нөөцтэй байж болно.Нөөц бүрдүүлэх, зарцуулах, санхүүжүүлэх журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

3.Бүх шатны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдээс үйлдвэрлэл, үйлчилгээ шинээр зохион байгуулах, өргөтгөх, шинэчлэх, инженерийн байгууламж, шугам сүлжээгээр үйлчлүүлэх, газар ашиглах, эзэмших зөвшөөрөл авахад нь тэргүүн ээлжинд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

2/аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хүнсний бүтээгдэхүүн борлуулах нөхцөлийг нь бүрдүүлж, хяналт тавих;

3/хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, нутаг дэвсгэрийнхээ хүн амын хэрэглээний бодит гүйцэтгэлийг жил бүр тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан дээд шатны Засаг дарга буюу Засгийн газарт мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авах;

4/хүнсний зүйлээр өөрийгөө хангах боломжийг бүрдүүлэхэд нь нутаг дэвсгэрийнхээ өрх, иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;

5/хүн амыг ундны усаар хангах ажлыг зохион байгуулж, ундны усны эх булаг, сан, ус түгээх шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад байгууламжийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих.

10 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

Хэвлэх

1.Аж ахуйн нэгж, байгууллагын захиргаа хөдөлмөрийн хамтын гэрээ байгуулахдаа ажиллагчдынхаа хүнсний хангамжид дэмжлэг үзүүлэх, тэднийг ажлын үед нь хоол ундаар үйлчлэх асуудлыг түүнд тусгана.

2.Хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд болон газрын дор ажиллагсдыг ажлын үед нь зориулалтын хүнсний зүйлээр үйлчилнэ.

11 дүгээр зүйл.Иргэний журамт үүрэг

Хэвлэх

Хөдөлмөрийн чадвартай иргэн бүр эзэмшиж буй газар, мал, тэжээвэр амьтдын ашиг шим, байгалийн өгөөжийг зохистой ашиглах, хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх замаар өөрийн болон гэр бүлийнхээ хүнсний хэрэгцээг хангах, хүнсний зүйлийг зохистой хэрэглэх соёл, мэдлэг, арга барил эзэмших журамт үүрэг хүлээнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Стратегийн болон улсын нөөцийн хүнсний зүйл

12 дугаар зүйл.Стратегийн хүнсний зүйл

Хэвлэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын стратегийн хүнсний зүйл /цаашид "стратегийн хүнсний зүйл" гэх/ нь мах, буудай, тарианы үр байна.

2.Стратегийн хүнсний зүйлийн үйлдвэрлэлийг улсын захиалга өгөх, татварыг хөнгөлөх, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр төрөөс хөхүүлэн дэмжинэ.

3.Стратегийн хүнсний зүйлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжиж банкнаас хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээлийн хүүгийн зөрүүтэй тэнцэххэмжээний орлогыг тухайн банкны орлогын албан татвараас чөлөөлж болно.

13 дугаар зүйл.Улсын нөөцийн хүнсний зүйл, түүний нэр төрөл, тоо хэмжээ

Хэвлэх

1.Байгалийн гамшиг, үйлдвэрийн томоохон осол, гэнэтийн бусад аюул учирч хүнсний хангамжийн ноцтой бэрхшээл тохиолдсон нөхцөлд болон зэвсэгт хүчний дайчилгаанд хэрэглэх зорилгоор хүнсний зүйлийн улсын нөөцийг бүрдүүлнэ.

2.Улсын нөөцийн хүнсний зүйлд тураг мах, нөөш, амьтны болон ургамлын гаралтай тос, буудай, түүний үр, гурил, төрөл бүрийн будаа, элсэн чихэр, ёотон, цай, хатаамал сүү, давс, этилийн спиртийг тооцно.

3.Улсын нөөцийн хүнсний зүйлийн нэр төрлийг өөрчлөх шаардлага гарвал Засгийн газар Улсын Их Хуралд саналаа оруулж шийдвэрлүүлнэ.

4.Үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагад нийцүүлэн улсын нөөцөд хуримтлуулах хүнсний зүйлийн тоо, хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.

14 дүгээр зүйл.Улсын нөөцийн хүнсний зүйлийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах, нөхөн сэлбэх, хяналт тавих

Хэвлэх

1.Улсын нөөцийн хүнсний зүйлийг нэр төрөл, тоо хэмжээний дагуу бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах, нөхөн сэлбэх, хяналт тавих журмыг Засгийн газар тогтооно.

2.Улсын нөөцийн хүнсний зүйлийг бүрдүүлэх, хадгалах, шинэчлэх, зарцуулах, нөхөн сэлбэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

3.Улсын нөөцөөс зарцуулах хүнсний зүйлийн үнэ төлбөрийн асуудлыг Засгийн газар тухайн нөхцөл байдалд зохицуулж шийдвэрлэнэ.

4.Улсын нөөцийн хүнсний зүйлийн хөдөлгөөн, чанарын байдлын талаар Засгийн газар жил бүр Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлж байна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах, түүнд тавих

хяналт

15 дугаар зүйл.Хүнсний зүйлийн эрүүл ахуйн аюулгүй байдал

Хэвлэх

1.Эрүүл ахуйн үзүүлэлт нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа хүнсний зүйлийг аюулгүй гэж үзнэ.

2.Хүнсний зүйлийн эрүүл ахуйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээг Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуульд заасан журмын дагуу тогтооно.

16 дугаар зүйл.Хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах талаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн хүлээх үүрэг

Хэвлэх

1.Хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээг технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан нөхцөлд эрхэлж, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хариуцна.

2.Хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулагч нь улсын бүртгэлд бүртгүүлэхийн өмнө энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тухай дүгнэлтийг эрүүл ахуйн хяналтын эрх бүхий байгууллагаар гаргуулна.

3.Шинээр үйлдвэрлэж эхэлж байгаа хүнсний зүйлийг стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан тухай эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа худалдана.

4.Хүнсний зүйл, түүний үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, эрүүл ахуйн байдлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд шалгуулна.

5.Хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинээр ашиглах бичил биетэн, химийн бодис нэгдэл, хүнсний нэмэлт, эм, даавар, бордоо, шавьж мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхт үүсгүүрийг эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ.

6.Хүнсний зүйлийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх зориулалттай машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав, баглаа боодол, ариутгал цэвэрлэгээний бодис, нь стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байна. Хүнсний зүйлийг стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу савлаж бооно.

7.Хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, зайлшгүй хяналтад байвал зохих тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг хяналтын эрх бүхий байгууллагуудтай зөвшилцсөн зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.

8.Хүнсний зүйлийн сав, баглаа боодол буюу шошгонд үйлдвэрлэсэн огноо, хадгалах нөхцөл, хэрэглэх хугацаа, үйлдвэрлэгчийн хаягийг тэмдэглэх бөгөөд хэрэв стандартад заасан бол тохирлын тэмдэг, найрлага, хэрэглэх аргыг заана.

9.Монгол Улсад мөрдөж байгаа стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хүнсний зүйл, түүний үйлдвэрлэлийн хэрэгслийг импортлоно.

10.Импортлогч нь хүнсний экспортлогч улсын эрх бүхий байгууллагын чанар, эрүүл ахуйн баталгаатайгаар эсхүл дээж загварыг нь Монгол Улсын чанар, эрүүл ахуйн хяналтын байгууллагаар урьдчилан шинжлүүлж, дүгнэлт гаргуусны дараа импортлоно.

11.Хүнсний зүйлийг хүнсний зах, түүнчлэн эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн бусад цэгт худалдана.

12.Хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллагсдыг тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

13.Иргэн, албан тушаалтан нь хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын талаар төрийн хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид нийцүүлэн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

17 дугаар зүйл.Хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих төрийн хяналт

Хэвлэх

1.Хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих төрийн хяналтыг эрүүл ахуй, халдвар судлал, стандартчилал, чанарын баталгаажуулалт, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээрийн зэрэг хууль тогтоомжоор эрх олгогдсон байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.

2.Хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд төрийн хяналт тавих төв, орон нутгийн эрх бүхий байгууллага тэдгээрийн улсын байцаагчид дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, гарсан зөрчлийг таслан зогсоох, арилгуулах, зөрчил гаргагчдад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх;

2/хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон хүнсний зүйлийг акт үйлдэж устгуулах;

3/хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн үйлдвэрлэж, тээвэрлэж, хадгалж, худалдаж байгаа хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн байдал, түүнийг баталгаажуулсан баримт бичигтэй танилцах, шаардлагатай гэж үзвэл шинжилгээ хийх зорилгоор хүнсний зүйлийн дээж, загварыг зохих баримт бүрдүүлж үнэ төлбөргүй авах;

4/хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэдүзүүлж байгаа нөлөөллийг судалж дүгнэлт гаргах, авах арга хэмжээний талаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах, хүнсний аюулгүй байдлын талаар мэдээллийн сан бүрдүүлэх;

5/хоол хүнсний гаралтай хордлого, хордлогот халдварын шалтгааныг тогтоох, таслан зогсоох, мэдээлэх.

6/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2,З,1О дахь хэсэгт заасан дүгнэлтийг ажлын 7 хоногт, харин нөөшилсөн хүнсний зүйлийн шинжилгээ, дүгнэлтийг ЗО хоногт багтаан гаргана.

3.Хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих төрийн хяналтыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/аймаг, нийслэлийн хяналтын албадыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгуулах;

2/мэргэжлийн хяналтын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

3/хүнсний зүйлийн стандарт, эрүүл ахуйн үзүүлэлтийг боловсруулж батлуулах;

4/стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний зүйл түүний үйлдвэрлэлийн хэрэгслийг гадаадаас оруулахыг зогсоох;

5/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйлийг ашиглаж буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг улсын бүртгэлд бүртгэж хяналт тавих.

6/хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар гадаад улсын болон олон улсын холбогдох байгууллагатай зохих журмын дагуу хамтран ажиллах.

18 дугаар зүйл.Хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд тавих дотоод хяналт

Хэвлэх

Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтлэг шаардлагад нийцүүлэн технологийн горим, ариун цэврийн дүрмээ баталж, тэдгээрийн болон стандарт, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилтэд дотоод хяналт тавих журам тогтоож, биелэлтийг нь хангана.

19 дүгээр зүйл.Хүнсний аюулгүй байдалд тавих олон нийтийн хяналт

Хэвлэх

Иргэн, олон нийтийн байгууллага хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг төрийн захиргааны болон хяналтын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийг сэрэмжлүүлж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

20 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Хүнсний тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

2.Хүнсний тухай хууль тогтоомж дараахь байдлаар зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч дор дурдсан шийтгэл ногдуулна:

1/эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдөөгүй цэгт хүнсний зүйлийг нийтэд худалдсан, хүнсний зүйлээр нийтэд үйлчилсэн бол иргэнийг 10000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 5000 төгрөгөөр торгох;

2/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2, З, 10 дахь хэсэгт заасан дүгнэлтийг зохих хугацаанд гаргаж өгөөгүй, мөн энэ хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасан эрүүл мэндийн үзлэгт хамрагдвал зохих этгээд уг үзлэг хийлгэхээс санаатайгаар зайлсхийсэн бол 10000 хүртэл төгрөгөөр торгох;

3/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зүйлийг хүнсний зүйлийн сав, баглаа боодол буюу шошгонд тэмдэглээгүй, мөн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан ажлыг эрх бүхий байгууллагатай зөвшилцөөгүй зураг төслийн дагуу гүйцэтгэсэн, батлагдсан зураг төслийг зөрчсөн бол иргэнийг 15000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000 хүртэл төгрөгөөр торгох;

4/хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээг технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй нөхцөлд эрхэлсэн, мөн хүнсний зүйл, түүний үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, эрүүл ахуйн байдлыг зохих хугацаанд нь шалгуулаагүй бол иргэнийг 20000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 хүртэл төгрөгөөр торгох;

5/үүрэг бүхий албан тушаалтан хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллагсдыг тогтоосон журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй бол 1000-25000 төгрөгөөр торгох;

6/хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав баглаа, боодол, ариутгал цэвэрлэгээний бодис хэрэглэсэн, ийнхүү шаардлагыг зөрчиж савлаж боосон, мөн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд энэ хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйлийг зохих байгууллагад бүртгүүлэхгүйгээр ашигласан, тэдгээрийг хэрэглэх эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлага зөрчсөн бол иргэнийг 2000-25000 төгрөгөөр торгох, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-125000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

7/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүртгэлгүйгээр хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол иргэнийг З000-З0000 төгрөгөөр торгох, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

8/хүнсний зүйлийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын талаар төрийн хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид нийцүүлэн тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол иргэнийг 5000-40000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

9/шинээр үйлдвэрлэж эхэлж байгаа хүнсний зүйлийг энэ хуулийн 16 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан дүгнэлтгүйгээр худалдсан, мөн энэ хуулийн 16 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан баталгаагүй хүнсний зүйлийг импортлосон, худалдаа, үйлчилгээнд гаргасан бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хураах буюу хураахгүйгээр иргэнийг 10000-40000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох;

10/хүнсний зүйлийн сав, баглаа боодол буюу шошгонд түүнийг үйлдвэрлэсэн огноо, хадгалах нөхцөл, хэрэглэх хугацаа, үйлдвэрлэгчийн хаяг, тохирлын тэмдэг, найрлага, хэрэглэх аргыг хуурамчаар үйлдсэн, тэмдэглэсэн бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж иргэнийг 10000-40000 төгрөгөөр торгох, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох.

3.Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1, 5, 6, 7 дахь хэсгийн заалтыг зөрчсөн тохиолдолд хүнсний зүйлийн үйлдвэрлэл, үйлчилгээг тухайн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түр зогсооно.

4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэлийг үндэслэлгүй оногдуулсан, мөн З дахь хэсэгт заасан арга хэмжээг буруу авсан гэж үзвэл гомдлоо захиргааны буюу шүүхийн журмаар гаргаж болно.

5.Хүнсний тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.

21 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1995 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ