- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2001 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ХУУЛИ

/Энэ хуулийг 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН БУСАД ШИЙДВЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ
Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хууль санаачлагч хууль санаачлах эрхээ хэрэгжүүлж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"хууль санаачлагч" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрыг хэлнэ.
2/"хууль санаачлах эрх" гэж хууль санаачлагчаас тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлж, мэргэжлийн түвшинд боловсруулах, боловсруулсан хуулийн төслийг хянаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг хэлнэ.
3/"хуулийн төсөл" гэж хууль санаачлагчаас мэргэжлийн түвшинд боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа уул төслийн эх бичвэрийг хэлнэ.
4/"Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл" гэж хууль санаачлагч болон эрх бүхий бусад байгууллагаас Улсын Их Хуралд хэлэлцүүлэхээр оруулж байгаа Улсын Их Хурлын тогтоолын төслийн эх бичвэрийг хэлнэ.
3 дугаар зүйл.Хууль санаачлах эрхийг хэрэгжүүлэх
1.Хууль санаачлагч хууль санаачлах эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь асуудлыг шийдвэрлэсэн байна:
1/нийгмийн тухайн харилцааны төлөв байдал болон түүнийг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судалсны үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах болон дагаж мөрдөж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлсон байх;
2/хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох;
3/хуулийг хэрэгжүүлэх талаар цаашид авах арга хэмжээний тухай санал, түүнтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоог гаргасан байх;
4/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн нь санаачилж буй хуулийн төслийнхөө талаар Засгийн газрын, түүнчлэн хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг авсан байх.
2.Иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид бичгээр уламжилна.
3.Хууль санаачлагч нь иргэн, хуулийн этгээдээс уламжилсан саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болно.
Хоёрдугаар бүлэг
Хуулийн төсөл боловсруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх
4 дүгээр зүйл.Хуулийн төсөл боловсруулах ажлыг төлөвлөх
1.Хууль санаачлагч нь санаачлан боловсруулах хуулийн төслийнхөө талаар урьдчилан төлөвлөж, хууль боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгуулна.
2.Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна.
3.Үндсэн чиглэлийн төсөлд санал өгч байгаа хууль санаачлагч нь нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судалсны үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах болон дагаж мөрдөж буй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг тодорхой заасан байна.
4.Үндсэн чиглэлийг тодорхой хугацаагаар боловсруулж, Засгийн газар хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Үндсэн чиглэлийг Улсын Их Хурал хэлэлцэн батална.
5.Үндсэн чиглэлд тусгагдаагүй боловч хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хууль санаачлагч холбогдох хуулийн төсөл санаачилж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.
5 дугаар зүйл.Хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах
1.Хуулийн төсөл боловсруулах ажлыг хууль санаачлагч хариуцан зохион байгуулна.
2.Ерөнхийлөгч тодорхой асуудлаар хуулийн төсөл боловсруулах чиглэлийг Засгийн газарт өгч болно.
3.Улсын Их Хурал тодорхой асуудлаар хуулийн төсөл боловсруулахыг Засгийн газарт даалгаж болно.
4.Засгийн газраас санаачлах хуулийн төслийг төрийн захиргааны төв байгууллагууд үндсэн чиглэлийн дагуу буюу Засгийн газрын даалгавраар зохих хүрээ, салбарын асуудлаар хариуцан боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ.
6 дугаар зүйл.Хуулийн төсөл боловсруулах талаархи хууль санаачлагчийн бүрэн эрх
Хууль санаачлагч хуулийн төсөл боловсруулах талаар дараахь бүрэн эрх эдэлнэ:
1/хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлох, энэ талаар чиглэл өгөх;
2/байгууллагын удирдлагатай нь тохиролцсоны үндсэн дээр холбогдох эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсийг хуулийн төсөл боловсруулах ажилд татан оролцуулах;
3/хуулийн төсөл боловсруулахад шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ баримтыг холбогдох хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргуулан авах,тэдгээрийн саналыг авах;
4/хуулийн төсөл, түүнийг боловсруулах ажлын явцын талаар шаардлагатай гэж үзвэл нийтэд мэдээлэх.
7 дугаар зүйл.Хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах хэлбэр
Хууль санаачлагч нь хуулийн төсөл боловсруулах ажлыг дараахь хэлбэрээр зохион байгуулна:
1/хуулийн төслийг өөрөө боловсруулах;
2/холбогдох байгууллагын эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
3/хуулийн этгээд, иргэнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.
8 дугаар зүйл.Хуулийн төсөл боловсруулах ажлыг санхүүжүүлэх
1.Хууль санаачлагч хуулийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлнэ.
2.Засгийн газраас хуулийн төслийг гэрээний үндсэн дээр боловсруулахад хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэр шаардагдахаар бол холбогдох төсвийг төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.
3.Хуулийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болно.
9 дүгээр зүйл.Хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл боловсруулах
1.Хууль санаачлагч хуулийн төсөл боловсруулахын өмнө түүний үзэл баримтлалыг тодорхойлно.
2.Үзэл баримтлалыг хууль санаачлагчаас өгсөн чиглэлийн дагуу тухайн хуулийн төсөл боловсруулах ажлыг хариуцаж байгаа ажлын хэсэг, хуулийн этгээд, иргэн боловсруулж болно.
3.Үзэл баримтлалд дараахь асуудлыг тусгана:
1/хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага;
2/хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;
3/хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал;
4/хуулийн төсөл нь бусад хуультай хэрхэн уялдах,түүнийг хэрэгжүүлэх зорилгоор цаашид шинээр боловсруулах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд үзэл баримтлалыг хууль санаачлагчид танилцуулсан байна.
5.Хуулийн төслийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага боловсруулж байгаа бол түүний үзэл баримтлалыг Сайд батална.
6.Ажлын хэсэг, хуулийн этгээд, иргэн хуулийн төслийг түүний үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна.
7.Хуулийн төсөл боловсруулах явцад холбогдох хуулийн этгээд, эрдэмтэн, мэргэжилтний санал авч төсөл боловсруулахад харгалзан үзнэ.
8.Хуулийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, холбогдох тооцоо судалгаа хийсэн байна.
9.Хуулийн төсөл боловсруулж байгаа ажлын хэсэг, хуулийн этгээд, иргэн нь хууль санаачлагч буюу түүнийг зохион байгуулж байгаа байгууллагын удирдлагад ажлын явцыг тогтмол мэдээлж, шаардлагатай зөвлөгөө авч ажиллана.
10 дугаар зүйл.Хуулийн төсөл боловсруулах талаархи хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн төсөл боловсруулах талаар дараахь бүрэн эрх эдэлнэ:
1/хууль боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөл, төрийн байгуулалт, эрүү, иргэний зэрэг салбарын бус нийтлэг харилцааг зохицуулсан хуулийн төслийг хариуцан боловсруулах, энэ ажилд эрдэмтэн, холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах, ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
2/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн бодлогод хэрхэн нийцэж байгаа, түүнчлэн энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэх талаар энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу Засгийн газрын өгөх санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;
3/Засгийн газраас санаачилсан хуулийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль, эрх зүйн бодлого болон энэ хуулиар тогтоосон шаардлагад нийцсэн эсэхийг энэ хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;
4/төрийн захиргааны бусад төв байгууллага хуулийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
5/хуулийн төсөл боловсруулах арга зүйн асуудлаар зөвлөмж, аргачлал гаргах, хууль зүйн нэр томъёог нэг мөр болгон жигдлэх арга хэмжээ авах.
Гуравдугаар бүлэг
Хуулийн төслийн төрөл, түүнд тавих шаардлага, бүтэц, хэлбэр
11 дүгээр зүйл.Хуулийн төслийн төрөл
Хуулийн төсөл дараахь төрөлтэй байна:
1/анхдагч хуулийн төсөл;
2/хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
12 дугаар зүйл.Хуулийн төсөлд тавих нийтлэг шаардлага
Хуулийн төсөл дараахь нийтлэг шаардлага хангасан байна:
1/Үндсэн хуульд нийцсэн, бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний заалттай уялдсан байх;
2/тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг аль болох бүрэн тусгасан байх;
3/тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх;
4/тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгох тухай заалт тусгахгүй байх;
5/зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх;
6/хэм хэмжээ тогтоогоогүй тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх;
7/бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай бол түүнийг иш татах, энэ тохиолдолд ишлэлийг тодорхой хийж, хуулийн бүрэн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг заасан байх;
8/хуулийн зорилт, тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаа, хамрах хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогчдоос удирдлага болгох, харгалзан үзэх нөхцөл / гипотези/ , тэдгээрийг биелүүлэх журам, эрх, үүрэг / диспозици/ , онцгойлон үзэх нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг тодорхой заасан байх;
9/шаардлагатай тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хуулийг дагаж мөрдөх журмын тухай хэм хэмжээ, хууль, хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох, хасах, бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байх.
13 дугаар зүйл.Хуулийн төсөлд тавих нэр томъёо, хэл зүйн шаардлага
1.Хуулийн төсөл нь нэр томъёо, хэл зүйн дараахь шаардлагыг хангасан байна:
1/Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэх;
2/нэг нэр томъёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх;
3/нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;
4/монгол хэлэнд тохирох үг нь байвал гадаад хэлний нэр томъёо хэрэглэхгүй байх;
5/үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих.
2.Хуулийн төсөлд дараахь тохиолдолд нэр томъёоны тайлбар хийнэ:
1/нэр томъёо нь олон утгатай бол;
2/нэр томъёо нь өргөн утгатай бөгөөд түүнийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай бол;
3/шинээр бий болсон ойлголт буюу нэр томъёо нь нийтэд ойлгомжгүй бол.
3.Хуулийн төсөлд дараахь тохиолдолд гадаад хэлний нэр томъёо хэрэглэж болно:
1/уг нэр томъёог оноосон нэр монгол хэлэнд байхгүй бол;
2/уг нэр томъёог олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж хэвшсэн бол;
3/уг нэр томъёог Монгол Улсын олон улсын гэрээнд хэрэглэж байгаа бол.
14 дүгээр зүйл. Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хэм хэмжээ
1.Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хэм хэмжээ нь түүнийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой цаг хугацаа, бэлтгэл хангах, бусад хуульд нийцүүлэх зэрэг заалтыг агуулсан байна.
2.Эдгээр заалтаар дараахь асуудлыг зохицуулна:
1/шилжилтийн хугацаанд шийдвэрлэж дуусгах асуудал;
2/урьд үйлчилж байсан хуулийн дагуу үүссэн эрх, үүргийн хувьд шинэ хэм хэмжээг хэрэглэх эсэх, хэрэглэх бол ямар хүрээ, хэмжээнд хэрэглэх;
3/шинэ хэм хэмжээгээр хасагдаж байгаа эрх зүйн аливаа ойлголт бүрмөсөн үгүй болж байгаа эсэх, эсхүл ямар хугацаанд хүчинтэй байх;
4/шинээр бий болж байгаа байгууллага байгуулах, урьд өмнө байсан байгууллагыг өөрчлөх болон шинэ хэм хэмжээнд бусад хуулийг нийцүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлж дуусах хугацааг заах.
15 дугаар зүйл.Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тавих бусад шаардлага
1.Нэмэлт, өөрчлөлтийг хуулийн анхдагч эх бичвэрт оруулна.
2.Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн нэг хуульд хамааруулж хийх бөгөөд нэмэлт, өөрчлөлт орж байгаа хуулийн нэр,зүйл, заалтын дугаарыг тодорхой бичнэ.
3.Олон нэмэлт, өөрчлөлт оруулах буюу үүний улмаас хуулийн бүтэц, уялдаа алдагдахад хүрэх, эсхүл тухайн хуульд урьд нь олон удаа нэмэлт, өөрчлөлт орсон бол шинээр хуулийн төсөл боловсруулж болно.
16 дугаар зүйл.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд тавих нэмэлт шаардлага
1.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд уул олон улсын гэрээг гадаад хэлнээс эх хэлнээ, эх хэлнээс гадаад хэлэнд хөрвүүлсэн орчуулгыг хавсаргана.
2.Олон улсын гэрээний орчуулгыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн болон тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бусад байгууллагатай хамтран хийж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулна.
17 дугаар зүйл.Хуулийн төслийн бүтэц, хэлбэр
1.Хуулийн төсөл дараахь бүтэцтэй байна:
1/агуулгыг товч, тодорхой илэрхийлсэн оноосон нэр;
2/хуулийн бүтцийн үндсэн нэгж болох зүйл мөн;
3/шаардлагатай бол бүлэг, анги;
4/зүйлийн доторхи хэсэг;
5/хэсгийн доторхи заалт.
2.Хуулийн төслийн бүтэц нь дараахь шаардлагыг хангасан байна:
1/зүйл нь хоорондоо уялдаа холбоо, дэс дараалал бүхий, агуулгыг нь товч илэрхийлсэн гарчиг нэгдсэн дугаартай байна;
2/бие даасан санаа бүрийг зүйлд тусгана;
3/бие даасан санаа нь хэд хэдэн өгүүлбэрээр илэрхийлэгдэж байвал зүйлийг хэсэгт хуваана;
4/заалт нь аль болох нэг өгүүлбэрээс бүрдсэн байна;
5/зүйлүүдийг сэдвээр нь бүлэглэж, бүлгийг ангид нэгтгэж болно.
3.Хуулийн төслийн бүтцийг дараахь хэлбэрт оруулж байрлуулна:
1/хуулийн төслийн оноосон нэр;
2/нийтлэг хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн "ерөнхий анги" буюу, эсхүл "нийтлэг үндэслэл" гэсэн анги, бүлэг;
3/нэр томъёоны тайлбар;
4/тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн "тусгай анги" буюу, эсхүл агуулгаар нь бүлэг болгосон эрх зүйн хэм хэмжээ;
5/иргэн, хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулах журам, тэдгээрийн эрх, үүрэг;
6/онцгойлон үзэх нөхцөл байдал;
7/хариуцлага тогтоож байгаа хэм хэмжээ;
8/шаардлагатай бол хууль хүчин төгөлдөр болох тухай хэм хэмжээ;
9/бусад зүйл.
4.Хуулийн төслийн бүтцийн хэсгүүдийг дараахь байдлаар дугаарлана:
1/ангийг ром тоогоор;
2/бүлгийг бичгээр;
3/зүйлийг ард нь "дүгээр" буюу "дугаар" зүйл гэж араб тоогоор /1 дүгээр зүйл. г.м/;
4/хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1.1 г. м./;
5/ хэсгийн доторхи заалтыг баруун талдаа цэг бүхий араб тоогоор /1.1.1.г.м/
5.Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараахь хэлбэрт оруулж байрлуулна:
1/хуульд оруулах нэмэлт;
2/хуульд оруулах өөрчлөлт;
3/хасах үг, өгүүлбэр;
4/хүчингүй болгох хууль буюу зүйл, заалт.
6.Нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зүйл доторхи заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор дугаарлана. /1/ г.м/
7.Хуульд шинээр нэмэгдэх зүйлийн дугаарыг тэмдэглэхдээ нэмэлт орж байгаа хуулийн агуулга, зүйлийн дарааллыг баримтлах бөгөөд баруун дээд өнцөгт нь араб тоогоор дугаарлана/ 52 дугаар зүйл г. м/
Дөрөвдүгээр бүлэг
Хуулийн төсөл боловсруулах ажлыг дуусгах, хуулийн төслийг өргөн мэдүүлэх
18 дугаар зүйл.Хуулийн төсөлд санал авах
1.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ажлын хэсэг,хуулийн этгээд, иргэн төслийг боловсруулж дуусмагц хууль санаачлагчид уламжилна.
2.Хууль санаачлагч хуулийн төслийг хянан үзэж холбогдох байгууллагаас санал авахаар шийдвэрлэх буюу эсхүл цаашид дахин боловсруулах чиглэл өгнө.
3.Төрийн захиргааны төв байгууллага нь боловсруулсан хуулийн төсөлдөө төрийн захиргааны бусад төв байгууллагын, шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагын саналыг авч,үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгах бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын саналд Сайд гарын үсэг зурсан байна.
4.Хуулийн төсөл боловсруулсан төрийн захиргааны төв байгууллага нь төслийг Сайдын зөвлөлөөр нягтлан хэлэлцсэний эцэст, Сайдын гарын үсэгтэйгээр холбогдох бусад бичиг баримтын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна.
5.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад хуулийн төслөө явуулна. Засгийн газар төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлтээ 30 хоногт багтаан хууль санаачлагчид ирүүлнэ. Шаардлагатай бол хууль санаачлагчтай тохиролцон энэ хугацааг хойшлуулж болно.
19 дүгээр зүйл.Хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх
1.Шаардлагатай гэж үзвэл хууль санаачлагч нийгмийн нэн чухал харилцааг зохицуулахаар санаачилсан хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай саналаа Улсын Их Хуралд оруулж болно.
2.Улсын Их Хурал хууль санаачлагчаас хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай оруулсан саналыг чуулганаар хэлэлцэж, гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд төслийг ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэлэлцүүлэх хүрээ болон түүнтэй холбогдон гарах зардлыг хэрхэн санхүүжүүлэхийг тодорхой заасан байна.
3.Хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэхдээ дараахь хүрээнд хэлэлцүүлж болно:
1/нийт ард түмнээр;
2/нийгмийн тодорхой бүлэг, ажил мэргэжлийн хүмүүсээр;
3/тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд.
4.Хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх тухай Улсын Их Хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газар энэ ажлыг зохион байгуулж дүнг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхэд танилцуулна.
5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасны дагуу хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг нутаг дэвсгэртээ зохион байгуулна.
20 дугаар зүйл.Хуулийн төслийг өргөн мэдүүлэх
1.Хууль санаачлагч төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлэхээс өмнө түүнийг холбогдох бичиг баримтын хамт Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад ирүүлнэ.
2.Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга 72 цагийн дотор хуулийн төсөл, холбогдох бичиг баримтыг энэ зүйлийн 3,4 дэх хэсгийн заалтыг баримтлан хянаж, шаардлага хангасан гэж үзвэл төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлэх хугацааг товлон хууль санаачлагчид мэдэгдэнэ. Хэрэв дээрх шаардлагыг хангаагүй байвал түүнийг хангуулах арга хэмжээ авна.
3.Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөлд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна:
1/хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг;
2/хуулийн төслийн танилцуулга;
3/шаардлагатай бол холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл;
4/хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шаардлагатай арга хэмжээний санал, түүнтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцоо;
5/Засгийн газар, холбогдох бусад байгууллагын санал;
6/олон улсын гэрээ соёрхон батлуулах тухай хуулийн төсөлд уг олон улсын гэрээний орчуулга, түүнийг хянасан тухай хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг.
4.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуулийн төсөл, холбогдох бусад бичиг баримт нь албан бичиг хэргийг хөтлөх нийтлэг шаардлагыг хангасан байна.
Тавдугаар бүлэг
Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах, боловсруулах, өргөн мэдүүлэх
21 дүгээр зүйл.Улсын Их Хурлын бусад шийдвэр
Улсын Их Хурлын бусад шийдвэр нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар тогтоол хэлбэртэй байна.
22 дугаар зүйл. Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлах
1.Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуульд заасан бол бусад байгууллага санаачилна.
2.Улсын Их Хурлын өөрийн дотоод зохион байгуулалтын болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаас тогтоол гаргахаар хуульд заасан асуудлаар гаргах тогтоолын төслийг холбогдох Байнгын хороо санаачилж болно.
3.Энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан заалт нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын тухай гаргах тогтоолын төсөлд хамаарахгүй бөгөөд уг төслийг Улсын Их Хурлын Тамгын газар боловсруулна.
23 дугаар зүйл.Улсын Их Хурлын тогтоолын төслийн бүтэц
1.Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь тэмдэглэх / шаардлагатай бол/ , тогтоох гэсэн хэсэгтэй байна.
2.Төслийн тэмдэглэх хэсэгт уул тогтоол гарах болсон үндэслэл, шаардлагыг товч тодорхой дурдсан байна.
3.Төслийн тогтоох хэсэгт уул тогтоолоор шийдвэрлэх асуудлыг Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан дарааллын дагуу энгийн, ойлгомжтой байдлаар томъёолж бичнэ.
24 дүгээр зүйл.Тогтоолын төслийн бүтцийн хэлбэр
1.Тогтоолын төслийн бүтэц дараахь хэлбэртэй байна:
1/тогтоолын гарчиг;
2/тэмдэглэх хэсэг;
3/тогтоох хэсэг;
4/шаардлагатай бол урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай хэсэг;
5/шаардлагатай бол тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа.
2.Тогтоолын төслийн бүтцийн хэсгүүдийг дараахь байдлаар дугаарлана:
1/хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор;
2/хэсгийн доторх заалтыг баруун талдаа хаалт бүхий араб тоогоор.
25 дугаар зүйл. Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх
1.Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлагч нь төслөө энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан журмын дагуу өргөн мэдүүлнэ.
2.Өргөн мэдүүлж байгаа тогтоолын төсөлд энэ хуулийн 2О дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3, 4, 5 дахь заалтад заасан бичиг баримтыг хавсаргасан байна.
3.Тогтоолын төсөлд хавсрагдах бичиг баримт нь албан бичиг хэргийг хөтлөх нийтлэг шаардлагыг хангасан байна.
4.Энэ зүйлийн 1,2 дахь хэсгийн заалт нь энэ хуулийн 22 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт хамаарахгүй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
