- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХИМИЙН ХОРТ БОДИСООС ХАМГААЛАХ ТУХАЙ /энэ хуулийг 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
/Энэ хуулийг 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
1995 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
ХИМИЙН ХОРТ БОДИСООС ХАМГААЛАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь химийн хорт бодис үйлдвэрлэх, экспортлох, импортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, хэрэглэх, устгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Химийн хорт бодисын тухай хууль тогтоомж
1.Химийн хорт бодисын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. /Энэ хэсгийг 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
3 дугаар зүйл.Химийн хорт бодис, түүний ангилал
1.Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд аюултай, хортой нөлөөлөл үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, бэлдмэл /цацраг идэвхт, мансууруулах болон сэтгэц заслын бодис, ахуйн зориулалтаар ашиглаж байгаа химийн бодис, эмийн бэлдмэл, хүнсний нэмэлтээс бусад/ нь химийн хорт бодист хамаарна. /Энэ хэсэгт 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
2.Химийн хорт бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хордуулах шинж чанараар нь онцгой тэсрэмтгий, тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, исэлдүүлэгч, онцгой шатамхай, шатамхай, онцгой идэмхий, идэмхий, онцгой цочроомтгой, цочроомтгой, онцгой хортой, хортой, бага хортой гэж ангилна. /Энэ хэсэгт 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
3.Тодорхой ангилалд хамаарах химийн хорт бодисын жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
4 дүгээр зүйл.Химийн хорт бодистой харьцах үйл ажиллагааг зохицуулах
1.Химийн хорт бодисоос хамгаалах, түүнийг ашиглах үйл ажиллагааг зохицуулах, хянах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран эрхэлнэ. /Энэ хэсэгт 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
2.Төрийн захиргааны төв байгууллага химийн хорт бодисоос хамгаалах талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/химийн хорт бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах, устгах, ашиглах зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуульд заасны дагуу олгох; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2/химийн хорт бодисоос хамгаалах, түүнийг ашиглах талаар зөвлөмж гаргах; /Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан./
3/улсын хэмжээнд хэрэглэж байгаа химийн хорт бодисын ашиглалт, зарцуулалтын тайлан гаргах;
4/химийн хорт бодисын үйлдвэрлэл, экспорт, импорт, хэрэглээний улсын бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;
5/ургамал хамгаалал, бордооны болон туршилтын зориулалтаар хэрэглэх агрохимийн бодисын жагсаалт, тэдгээрийн хэрэглээний хэмжээг жил бүр шинэчлэн батлах;
6/Монгол Улсын нэгдэн орсон химийн хорт бодисын талаархи олон улсын гэрээг хэрэгжүүлэх ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрхлэх; /Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
7/химийн хорт бодисын алдагдлын улмаас үндэсний аюулгүй байдал болон хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол, аюул учирвал түүнийг арилгахад олон улсын байгууллагын тусламж хүсэх саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
8/химийн хорт бодистой харьцаж ажиллагсдын мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах;
9/химийн хорт бодисын талаар олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, иргэдийг мэдээллээр хангах.
10/Монгол Улсад хэрэглэхийг хязгаарласан, хориглосон химийн хорт бодисын жагсаалтыг боловсруулж баталгаажуулах. /Энэ заалтыг 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
3.Химийн хорт бодисын ашиглалт, зарцуулалтын талаархи бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах, зөвлөх эрх бүхий орон тооны бус үндэсний /цаашид "Зөвлөл" гэх/ болон салбар зөвлөл төв, орон нутагт ажиллах бөгөөд Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Химийн зэвсгийн талаархи Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарт ашигладаг химийн хорт бодисын холбогдолтой үйл ажиллагааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлж, тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсгийг 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
5 дугаар зүйл.Химийн хорт бодисын мэдээллийн сан
1.Төрийн захиргааны төв байгууллага химийн хорт бодисын мэдээллийн сантай байна.
2.Химийн хорт бодисын мэдээллийн сан нь олон улсын мэдээллийн сан болон түүний жишигт нийцүүлэн бүрдүүлсэн улсын мэдээллийн сангаас бүрдэнэ.
3.Химийн хорт бодисын мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
4.Химийн хорт бодисын мэдээллийн сангийн мэдээ, баримтыг аж ахуйн нэгж, байгууллагад тэдгээрийн захиалгын дагуу олгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Химийн хорт бодисоос хамгаалах, түүнийг ашиглахад тавих шаардлага
6 дугаар зүйл.Химийн хорт бодисоос хамгаалах
1.Химийн хорт бодис ашиглах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд аюултай, хортой нөлөөлөхөөс хамгаалах арга хэмжээг химийн хорт бодис ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн зардлаар хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт бодис ашиглаж үйл ажиллагаа явуулахдаа зохих хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөнө.
7 дугаар зүйл.Химийн хорт бодис үйлдвэрлэх, импортлоход тавих үндсэн шаардлага
/Энэ зүйлийн гарчигт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт бодис үйлдвэрлэх, импортлоход дараахь шаардлагыг биелүүлнэ: /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
1/химийн хорт бодис үйлдвэрлэхдээ тухайн үйлдвэрлэлд ашиглах, шинээр гарган авах бодисын шинж чанар, нөлөөллийн талаар тодорхой мэдээлэл бэлтгэж эрх бүхий мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах;
2/тэсрэмтгий, исэлдүүлэгч, шатамхай, идэмхий, цочроомтгой, хортой, бага хортой химийн бодисыг үйлдвэрлэх, импортлоход салбар зөвлөлөөс дүгнэлт гаргуулж аймаг, нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авах; /Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
3/онцгой тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, онцгой шатамхай, онцгой идэмхий, онцгой цочроомтгой, онцгой хортой химийн бодис үйлдвэрлэх, импортлоход Зөвлөлөөс зохих дүгнэлт гаргуулж төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах; /Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
4/химийн хорт бодис үйлдвэрлэхэд мэргэжлийн мэдлэг, дадлагатай 18-аас дээш настай хүнийг ажиллуулах.
8 дугаар зүйл.Химийн хорт бодис хадгалахад тавих үндсэн шаардлага
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт бодис хадгалахад дараахь шаардлагыг биелүүлнэ:
1/химийн хорт бодисыг зориулалтын тусгай агуулахад тухайн бодисын онцлог шинж чанарыг нь харгалзан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу хадгалах;
2/химийн хорт бодис хадгалах агуулахыг химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон газарт байгуулах;
3/химийн хорт бодис хадгалахдаа түүний сав, баглаа, боодол дээр нэрийг нь тод, томоор бичиж шошго зүүх;
4/агуулахаас химийн хорт бодис алдагдвал цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
5/химийн хорт бодисыг түүний хорын зэрэглэл болон бусад бодистой хамт хадгалж болдоггүй шинж чанарыг харгалзан тусад нь ангилан хадгалах.
9 дүгээр зүйл.Химийн хорт бодис худалдахад тавих үндсэн шаардлага
1.Химийн хорт бодис үйлдвэрлэх, импортлох, ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт бодисыг худалдах эрхтэй. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт бодис худалдахад дараахь шаардлагыг биелүүлнэ:
1/химийн хорт бодис худалдах, худалдан авахдаа түүний нэр төрөл, шинж чанар, хэмжээ, зориулалт зэргийг тодорхойлж авсан, өгсөн тухай баримт үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулах;
2/худалдсан болон худалдан авсан химийн хорт бодисын тухай ашиглалт, зарцуулалтын тайланд тусгах;
3/химийн хорт бодисыг тусгай цэгээр дамжуулан хүнсний болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүнээс тусад нь зөвхөн химийн хорт бодис ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад худалдах;
4/онцгой тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, онцгой шатамхай, онцгой идэмхий, онцгой цочроомтгой, онцгой хортой химийн бодис худалдахад төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах. /Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
10 дугаар зүйл.Химийн хорт бодис тээвэрлэхэд тавих үндсэн шаардлага
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт бодис тээвэрлэхэд дараахь шаардлагыг биелүүлнэ:
1/химийн хорт бодисыг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх;
2/химийн хорт бодис тээвэрлэх тээврийн хэрэгсэлд тусгай сэрэмжлүүлэх тэмдэг тавих;
3/химийн хорт бодис тээвэрлэхдээ асгарах, хагарч хэмхрэхээс сэргийлэн зориулалтын сав, баглаа, боодол, хайрцагт хийж, түүн дээр нэр төрөл, шинж чанарыг нь тодорхой бичих;
4/галын аюултай, тэсрэмтгий онцгой хортой химийн бодисыг цагдаагийн байгууллагатай урьдчилан тохиролцож тогтоосон замаар тэдгээрийн хяналтын дор тээвэрлэх;
5/химийн хорт бодис тээвэрлэсний дараа тээврийн хэрэгслийг цэвэрлэж, ариутган хоргүй болгох.
2.Химийн хорт бодисыг хүн, мал, амьтан болон бараа, бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.
11 дүгээр зүйл.Химийн хорт бодис устгахад тавих үндсэн шаардлага
1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага химийн хорт бодисын хаягдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн хорт бодис устгахад дараахь шаардлагыг биелүүлнэ:
1/химийн хорт бодисын хаягдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн хорт бодисыг устгахад тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны болон эрүүл ахуйн байцаагчаас дүгнэлт гаргуулан аймаг, нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авах;
2/онцгой тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, онцгой шатамхай, онцгой идэмхий, онцгой цочроомтгой, онцгой хортой химийн бодисыг устгахад Зөвлөлөөс дүгнэлт гаргуулж төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах; /Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
3/химийн хорт бодисын хаягдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн хорт бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хоргүй аргаар устгах;
4/химийн хорт бодисын хаягдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн хорт бодисыг сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон цэгт тогтоосон журмын дагуу устгах;
5/химийн хорт бодисын хаягдал, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн хорт бодис устгах ажлыг байгаль орчны болон эрүүл ахуйн байцаагчийн хяналтын дор гүйцэтгэх.
12 дугаар зүйл.Химийн хорт бодисын хүлцэх хэмжээг тогтоох
Химийн хорт бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөхийг хүлцэх хэмжээг стандартаар тогтооно.
13 дугаар зүйл.Химийн хорт бодис ашиглах зөвшөөрөл олгох
1.Тэсрэмтгий, исэлдүүлэгч, шатамхай, идэмхий, цочромтгой, хортой, бага хортой химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сум, дүүргийн Засаг даргад бүртгүүлнэ. /Энэ хэсэгт 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Онцгой тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, онцгой шатамхай, онцгой идэмхий, онцгой цочроомтгой, онцгой хортой химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлнэ. /Энэ хэсэгт 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
3.Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрөл авахдаа химийн хорт бодисын нэр төрөл, шинж чанар, хэрэглэх хэмжээ, зориулалтыг тодорхойлж зөвшөөрөл олгох байгууллага, албан тушаалтанд гаргаж өгнө. /Энэ хэсэгт 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
14 дүгээр зүйл.Химийн хорт бодис ашиглахад тавих үндсэн шаардлага
1.Химийн хорт бодис ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь шаардлагыг биелүүлнэ:
1/ашиглаж байгаа химийн хорт бодисын бүртгэл хөтөлж ашиглалт, зарцуулалтын тайланг сум, дүүргийн Засаг даргад жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор гаргаж өгөх;
2/онцгой тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, онцгой шатамхай, онцгой идэмхий, онцгой цочроомтгой, онцгой хортой химийн бодисыг хүлээн авснаас хойш З хоногийн дотор сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэж бүртгүүлэх; /Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
3/ажлын байранд стандартаар тогтоосон хэм хэмжээ болон байгаль орчинд эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж химийн хорт бодис гаргахгүй байх;
4/химийн хорт бодистой харьцах үйл ажиллагааг хөдөлмөр хамгааллын нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байранд явуулах;
5/химийн хорт бодисыг ашиглах аж ахуйн нэгж, байгууллага өөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулан нутаг дэвсгэрийнхээ байгаль орчны болон эрүүл ахуйн байцаагчаар хянуулах;
6/гэнэтийн аюул, ослын улмаас химийн хорт бодисоос учирсан хохирол, хөнөөлийг арилгах арга хэмжээг зохих хууль тогтоомж, технологийн горимын дагуу яаралтай авч хэрэгжүүлэх;
7/химийн хорт бодистой харьцаж ажиллагсдыг өөрийн зардлаар сургалтад хамруулж, химийн хорт бодистой харьцаж ажиллах, ослоос сэргийлэх, гарсан осолд анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх;
8/химийн хорт бодисыг ашиглах үйл ажиллагаанд гарч болзошгүй ослоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар хэрэгжүүлэх.
2.Химийн хорт бодисыг шуудангаар илгээх, гадны хүнээр дамжуулах, биедээ авч нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглоно.
3.Химийн хорт бодис, бэлдмэлийг химийн зэвсгийн зориулалтаар үйлдвэрлэх, нөөцөлж хадгалах, хэрэглэх, бусдад дамжуулахыг хориглоно.
4.Химийн хорт бодисын нэр төрөл, шинж чанар, хэрэглэх зориулалт, аргачлал, заавар нь тодорхой бус бол түүнийг хэрэглэхийг хориглоно.
5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэр төрөл, шинж чанар, хэрэглэх зориулалт, аргачлал нь тодорхой бус химийн хорт бодисыг зайлшгүй хэрэглэх тохиолдолд өөрийн зардлаар эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тодорхойлолт гаргуулна.
15 дугаар зүйл. Химийн хорт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх
1.Зохих журмын дагуу авсан зөвшөөрөлгүйгээр химийн хорт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
2.Химийн хорт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтыг гаалийн байгууллага, эрүүл ахуйн хилийн хяналтын алба хэрэгжүүлнэ.
3.Химийн зэвсгийн зориулалттай химийн хорт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэхийг хориглоно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
бусад зүйл
16 дугаар зүйл.Химийн хорт бодисын ашиглалтад тавих хяналт
1.Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлт, химийн хорт бодис ашиглах үйл ажиллагаанд тавих хяналтыг бүх шатны Засаг дарга, байгаль орчны болон эрүүл ахуйн байцаагч хэрэгжүүлнэ.
2.Олон нийтийн байгууллага нь хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавьж, санал хүсэлтээ холбогдох төрийн байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно.
3.Аж ахуйн нэгж, байгууллагын химийн хорт бодисыг ашиглах үйл ажиллагаа, химийн хорт бодисын ашиглалт, зарцуулалт болон химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль тогтоомж, журам, технологийн горимын биелэлтэд тэдгээрийн удирдлага дотоодын хяналт тавина.
17 дугаар зүйл.Химийн хорт бодисын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
1.Шүүгч, байгаль орчны буюу эрүүл ахуйн байцаагч химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
1/химийн хорт бодисыг хүлээн авсан тухай холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй, ашиглалт, зарцуулалтын мэдээ, тайланг гаргаж өгөөгүй буюу зориуд буруу мэдээлсэн иргэнийг 1000-3000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 төгрөгөөр торгох;
2/химийн хорт бодисоос учирсан хохирол, хөнөөлийг арилгах арга хэмжээг аваагүй, байгаль орчинд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн химийн хорт бодис гаргасан иргэнийг 10000-20000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-75000 төгрөгөөр торгох;
3/энэ хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг 15000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 75000-100000 төгрөгөөр торгох;
4/химийн хорт бодисыг үйлдвэрлэх, импортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, устгах болон түүнтэй харьцаж ажиллахад тавих шаардлагыг зөрчсөн, эсхүл химийн хорт бодис ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 20000-30000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-150000 төгрөгөөр торгох; /Энэ заалтад 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
5/химийн зэвсгийн зориулалттай химийн хорт бодисыг бусдад дамжуулсан, үйлдвэрлэсэн, нөөцөлж хадгалсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 25000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.
2.Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол гэм буруутай этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа химийн хорт бодисыг шаардлагатай тохиолдолд хураан авна.
18 дугаар зүйл.Хохирлыг нөхөн төлүүлэх
Химийн хорт бодис ашиглахад тавих шаардлага, журам, технологийн горимыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
19 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
