A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын эрх зүйн үндсийг бүрдүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хөдөлмөрийн тухай хууль2, Нийгмийн даатгалын тухай хууль3, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1. Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "ажилгүй иргэн" гэж хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхлэх боломжтой, ажил идэвхтэй хайж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэнийг;

3.1.2. "ажил хайгч" гэж хөдөлмөр эрхэлдэг боловч ажлаа өөрчлөх хүсэлтэй, эсхүл нэмэлт цагаар буюу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил хийх боломжтой, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэнийг;

3.1.3. "ажил идэвхтэй хайж байгаа иргэн" гэж хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн өдрөөс хойш сард нэгээс доошгүй удаа ажил хайж байгаагаа мэдэгдсэн иргэнийг;

3.1.4. "ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн" гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан, байнгын бус орлоготой, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэнийг;

3.1.5. "ажилд зуучлах" гэж ажилд орохыг хүссэн иргэний хүсэл сонирхол, мэргэжлийн ур чадварт нь тохирсон ажил санал болгох, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэхийг.

3.1.6."бизнес инкубацийн үйлчилгээ" гэж жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон эрхлэхийг хүссэн иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээний байр, орлоготой болоход нь мэдээллээр хангах, мэргэжлийн зөвлөлгөө өгөх зэргээр дэмжлэг үзүүлж, аж ахуй эрхлэх таатай орчин бүрдүүлэхийг;

/Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тухай хуулиар нэмсэн/

3.1.7. "хөгжлийн бэрхшээлтэй иргэн" гэж Хөгжлийн бэрхшээлтэй

иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадварыг нь хөдөлмөр эрхлэлтийн албанаас сорилын аргаар тодорхойлсон иргэнийг.

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого

Хэвлэх

4.1. Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараахь бодлого хэрэгжүүлнэ:

4.1.1. хүн амын хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх;

4.1.2. хөрөнгө оруулалтыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээтэй уялдуулах;

4.1.3. ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг оновчтой зохицуулах;

4.1.4. ажиллах хүчийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх;

4.1.5. хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаарх бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох;

4.1.6. ажилгүйдлийн даатгалд хамрагчийн хүрээг өргөтгөж, иргэн бүрийг ажилгүйдлээс хамгаалах.

4.2. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхэд дараахь зарчим баримтална:

4.2.1. хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд иргэнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, боловсрол, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь үл ялгаварлах;

4.2.2. хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь адил тэгш, хүртээмжтэй, ажлын байрны мэдээлэл нээлттэй, ил тод байх нөхцөл бүрдүүлэх;

4.2.3. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд иргэн сайн дурын үндсэн дээр хамрагдах;

4.2.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх тэгш боломжийг хангах.

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр

Хэвлэх

5.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь дор дурдсан төрөлтэй байна:

5.1.1. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ;

5.1.2. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ;

5.1.3. ажилгүйдлийн тэтгэмж олгох.

5.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ дараахь хэлбэрээр хэрэгжинэ:

5.2.1.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг судлах, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн судалгаа гаргах, тэднийг бүртгэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээллээр хангах;

/Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2.2. ажилд зуучлах;

5.2.3. мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах;

5.2.4. хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ.

5.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ нь дараахь хэлбэрээр хэрэгжинэ:

5.3.1.нөхөрлөл, хоршооны хэлбэрээр, түүнчлэн хувиараа болон өрхийн аж ахуй эрхлэх иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

/Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.3.2. ажил олгогчийг дэмжих;

5.3.3. нийтийг хамарсан ажил зохион байгуулах;

5.3.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.3.5. хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ.

5.4. Ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөл, журмыг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай1 хуулиар тогтооно.

6 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  үйл ажиллагааны хамрах хүрээ

Хэвлэх

6.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд оролцогч ажилгүй иргэн, ажил хайгч болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олгогч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч хамрагдана.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ

7 дугаар зүйл. Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах

Хэвлэх

7.1.Хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн алба хөдөлмөрийн зах зээлийн судалгаа тогтмол явуулж, иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил, мэргэжлээ сонгох, мэргэжлийн сургалтад хамрагдах нөхцөлийн талаар зөвлөлгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

7.2. Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээ нь үнэ төлбөргүй байна.

7.3. Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг ганцаар буюу хэсэг, бүлгээр зохион байгуулна.

8 дугаар зүйл. Ажилд зуучлах

Хэвлэх

8.1. Хөдөлмөр эрхлэхийг хүссэн ажилгүй иргэн, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн алба бүртгэж, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг үндэслэн ажилд зуучилна.

8.2.Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөр зуучлалын алба нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр ажилд зуучлах үйлчилгээ гүйцэтгэж болох бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн болон ажилд зуучилсан үйл ажиллагаатай холбогдсон тайлан, мэдээг хөдөлмөр эрхлэлтийн албанд ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.3. Ажилд зуучлах тохиолдолд ажлын байрны захиалга, түүнд тавих шаардлагын талаарх мэдээлэл ил тод байна.

8.4. Ажилд зуучлах төрийн үйлчилгээ үнэ төлбөргүй байна.

8.5. Хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн алба нь ажилд зуучлагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогчтой гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах

Хэвлэх

9.1. Хөдөлмөр эрхлэлтийн алба нь эрх бүхий мэргэжлийн сургалтын байгууллага болон ажил олгогчтой хамтран мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлтэй дараахь иргэнийг мэргэжил олгох, давтан сургалтад хамруулна:

9.1.1. мэргэжилгүй, эсхүл мэргэжлийн ур чадвар доогуур хүн амын эмзэг бүлэгт хамрагдах ажилгүй иргэн;

9.1.2. эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажил олдохгүйгээс мэргэжлээ өөрчлөх шаардлагатай байгаа ажилгүйдэлд өртөж болзошгүй болон ажилгүй иргэн;

9.1.3. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас мэргэжлээ өөрчлөхийг хүссэн ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн;

9.1.4. мэргэжлийн онцлогоос шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө ажилгүйдэлд өртөж болзошгүй болон ажилгүй болсон иргэн;

9.1.5. тухайн онд ерөнхий боловсролын сургуулийн 8,10 дугаар анги төгссөн, эсхүл хугацаат цэргийн албанаас халагдсан ажил, сургуульгүй иргэн;

9.1.6. хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн албанд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

9.1.7. сургууль завсардсан, насанд хүрээгүй хүн.

/Дээрх 9.1.6, 9.1.7 дахь заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.2.Мэргэжлийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд тулгуурлан ажил олгогчдын хэрэгцээ, захиалга, гэрээний үндсэн дээр зохион байгуулна. Сургалт нь албан ба албан бус, зайны, оройн ээлжийн зэрэг хэлбэртэй байх бөгөөд тэдгээрийг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан сангийн, эсхүл ажилгүйдлийн даатгалын сангийн, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний зардлаар зохион байгуулж болно. Суралцагчийн тээврийн болон хоолны зардлын тодорхой хэсгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.3. Энэ хуулийн 9.1-д заасан иргэд мэргэжил олгох, давтан сургалтад хамрагдсанаас хойш 2 жилийн дараа дахин хамрагдаж болно.

9.4.Хөгжлийн бэрхшээлтэй болон насанд хүрээгүй иргэнд мэргэжлийн сургалтаар мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэнд хуулийн 13 дугаар зүйлд заасан сангаас тээвэр, хоолны болон сургалтын зардал олгох журам, түүнчлэн сургалтын зардлын дээд хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэжлээр нь ялгавартайгаар тогтооно.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр мэргэжлийн сургалтыг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.6.Хувиараа хөдөлмөр эрхлэхийг хүссэн иргэн мэргэжлийн болон аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтад дэс дараатайгаар хамрагдаж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.7.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан сангийн хөрөнгөөр мэргэжлийн сургалт зохион байгуулах, төгсөгчдийг үнэлж, мэргэжлийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн дагуу зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ

10 дугаар зүйл.Хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэнийг дэмжих

Хэвлэх

10.1.Хувиараа болон өрхийн аж ахуй, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч энэ хуулийн 3.1.1-д заасан иргэн, түүнчлэн малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дараахь дэмжлэг үзүүлнэ:

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

10.1.1.аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах;

10.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээгээ эхлэх болон шинээр ажлын байр бий болгох, өргөтгөхөд нь зориулан зээл олгох;

10.1.3.бизнес инкубацийн үйлчилгээнд хамруулах;

10.1.4.төсөл, хөтөлбөр боловсруулахад нь арга зүйн зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах.

10.2.Энэ хуулийн 10.1.2-т заасан зээлийн хүүгийн хэмжээ нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн доод түвшинтэй тэнцүү байна.

10.3.Энэ хуулийн 10.1-д заасан иргэнд материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад нь зориулж нэг сая хүртэл төгрөгийн зээлийг 1 жил хүртэл хугацаагаар олгож болно.

10.4. Энэ хуулийн 10.3-т заасан зориулалт, нөхцөлөөр олгосон зээлийн хүүг энэ хуулийн 10.2-т заасан банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө.

10.5.Нөхөн төлөх зээлийн хүүгийн хэмжээ тухайн банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн хэмжээнээс ихгүй байна.

10.6.Энэ хуулийн 10.1.-10.5-д заасан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг зохион байгуулах журмыг Засгийн газар батална.

11 дүгээр зүйл. Ажил олгогчийг дэмжих

Хэвлэх

11.1. Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй дор дурдсан иргэнийг 6 сараас доошгүй хугацаагаар ажиллуулж байгаа ажил олгогчид тус албатай байгуулсан гэрээний дагуу нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тухайн ажилтанд эхний 6 сарын хугацаанд олгосон цалин, хөлсний 60 хувийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн олгоно:

11.1.1. 16 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх / эцэг /;

11.1.2.Хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.1.3. 45-аас дээш насны ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн;

11.1.4.ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг тухайн онд төгссөн хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхэд;

11.1.5. хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлснээс хойш нэг жилээс дээш хугацаагаар ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн.

/Дээрхи 11.1 дэх хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруусан/

11.2. Хөдөлмөр эрхлэлтийн албатай байгуулсан гэрээний үндсэн дээр ажилгүй иргэнийг үйлдвэрлэл дээрээ сургалтад хамруулж, 3 сараас дээш хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид энэ хуулийн 9.4-т заасан хэмжээгээр нэг хүнд ногдох зардлыг тооцон, сургалтад хамрагдсан болон мэргэжил эзэмшсэн тухай баримт бичгийг үндэслэн сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн олгоно.

11.3. Шинээр ажлын байр бий болгож энэ хуулийн 3.1.1 болон 3.1.4-т заасан иргэнийг авч ажиллуулсан аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгож болно.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 24 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшууллыг ажиллуулсан хугацааг харгалзан олгоно.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

12 дугаар зүйл. Нийтийг хамарсан ажил зохион байгуулах 

Хэвлэх

12.1. Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ нь хөдөлмөр зарцуулалт ихтэй, мэргэжил болон мэргэжлийн урьдчилсан бэлтгэл шаардахгүй ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг олноор нь зохион байгуулж оролцуулахад чиглэнэ.

12.2.Тухайн орон нутгийн зам, гүүр, далан, суваг, худаг, усжуулалтын системийг байгуулах, засварлах, ой, голын сав, төв суурин газрын бохирдлыг цэвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай зориулалтын зам, орц, гарцыг барих зэрэг нийтийг хамарсан ажлыг Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн алба зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

12.3. Шаардлагатай тохиолдолд нийтийг хамарсан ажлыг тухайн нутаг дэвсгэрийн ажил олгогч санаачлан зохион байгуулж болно. Ажил олгогч нь нийтийг хамарсан ажил зохион байгуулах бол энэ талаар Хөдөлмөр эрхлэлтийн албатай гэрээ байгуулна.

12.4. Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь уг ажилд оролцож байгаа иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулна.

/Энэ хэсэгт 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

12.5. Нийтийг хамарсан ажил зохион байгуулах журмыг Засгийн газар тогтооно.

121дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулах

Хэвлэх

121.1.Хөдөлмөрийн зах зээлд бие даан оролцох боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор байгуулагдсан хөдөлмөр сургалтын төв, аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх үйлдвэрлэлийн тусгай цех, тасгийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

121.2. Хөдөлмөр эрхлэлтийн алба нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирох ур чадварыг сорилын аргаар тодорхойлж, дүгнэлт гаргасны үндсэн дээр хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлнэ.

121.3.Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу шалгаруулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

13 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

Хэвлэх

13.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.

13.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар тогтооно.

14 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогын эх үүсвэр

Хэвлэх

14.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:

14.1.2. орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;

14.1.3. ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос хуулийн дагуу зарцуулах хөрөнгө;

14.1.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү;

14.1.5. гадаад улс, олон улсын байгууллагаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олгосон зээл;

14.1.6. гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд оруулсан хандив, тусламж;

14.1.7.аж ахуйн нэгж, байгууллага, иргэн гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр;

/Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

14.1.8. бусад эх үүсвэр.

14.2. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг хуулиар зохицуулна.

15 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалт

Хэвлэх

15.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан үйлчилгээ, арга хэмжээнд зарцуулна:

15.1.1.ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох;

15.1.2.ажилд зуучлах;

15.1.3.мэргэжлийн сургалтад хамруулах;

15.1.4.нийтийг хамарсан ажил зохион байгуулах;

15.1.5.ажил олгогчийг дэмжих;

15.1.6.хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

15.1.7. хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох;

15.1.8 хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ үйлчилгээ, арга хэмжээг турших, нэвтрүүлэх;

15.1.9. хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих.

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

15.2.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос төвлөрүүлсэн хөрөнгийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу зарцуулна.

/Дээрхи 15.1, 15.2 дахь хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

16 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын төсөв

Хэвлэх

16.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс жил бүр олгох хөрөнгийн хэмжээ нь төсвийн орлогын 0,3 хувиас доошгүй байна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.2. Ажилгүйдэл, мөнгөний ханшны уналт, ажиллах хүчний оролцооны түвшинг харгалзан тухайн жилд улсын төсвөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална.

16.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

17 дугаар зүйл. Сангийн тайлан тэнцэл гаргах

Хэвлэх

17.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргана:

17.1.1. улирлын тайланг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн алба нийслэлийн, сумын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн ажилтан аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд дараа улирлын эхний сарын 5-ны дотор, аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн алба дараа улирлын эхний сарын 15-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагад тус тус ирүүлнэ;

17.1.2. хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага нь улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 5-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тус тус гаргаж, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын төв байгууллагад ирүүлнэ.

18 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  сангийн  бүртгэл тайлангийн маягт

Хэвлэх

18.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүртгэл, тайлангийн маягтын загварыг санхүүгийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

Хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих үйл ажиллагааны

удирдлага,  зохион байгуулалт

19 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын зохион байгуулалт

Хэвлэх

19.1. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын зохион байгуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлд заасны дагуу байна.

20 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл

Хэвлэх

20.1. Засгийн газар, ажил олгогч болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийг байгуулж ажиллуулна.

20.2. Үндэсний зөвлөлийн гурван талын төлөөлөгчдийн тоо адил байна.

20.3. Үндэсний зөвлөлийн дүрмийг ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн байгууллагатай зөвшилцөн Засгийн газар батална.

20.4. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг талуудын санал болгосноор Ерөнхий сайд 4 жилийн хугацаагаар батлах бөгөөд дарга нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. Үндэсний зөвлөл дараахь бүрэлдэхүүнтэй байна:

20.4.1. Засгийн газрыг төлөөлж хөдөлмөрийн болон санхүү, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг гишүүн;

20.4.2. улсын хэмжээний ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас гурван гишүүн;

20.4.3. улсын хэмжээний ажил олгогчийн дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан байгууллагаас гурван гишүүн.

20.5. Үндэсний зөвлөлийн орлогч даргыг гурван тал зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар батална. Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга, ажилтнуудыг үндэсний зөвлөлийн гишүүнээр батлахыг хориглоно.

20.6. Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.6.1. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны талаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тайлан, мэдээллийг сонсон хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

20.6.2. Хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомжийн биелэлт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын байдалд хяналт тавих;

20.6.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хагас жилийн болон жилийн төсвийн тайланг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;

20.6.4. хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар зөвлөмж гаргах;

20.7. Үндэсний зөвлөлийн гишүүдэд ажлын оролцоог харгалзан улирал тутам урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

21 дүгээр зүйл. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллага

Хэвлэх

21.1. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн талаарх төрийн бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

21.2.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албаны даргыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2, 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

21.3. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн алба нь улсын төсвөөс санхүүжинэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21.4. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.4.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг төлөвлөх, түүний чиг хандлагыг тодорхойлох;

21.4.2. хөдөлмөрийн зах зээлийн бодлогыг хэрэгжүүлж, ажиллах хүчийг хөгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах;

21.4.3. хөдөлмөр эрхлэлтийн байдалд судалгаа, дүгнэлт хийх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх;

21.4.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг баталсан төсвийн дагуу хуваарилах, зарцуулах, хяналт тавих, тайлагнах;

21.4.5. хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах.

21.5. Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага нь дараахь эрхтэй байна:

21.5.1. ажилгүйдлийн даатгал болон хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал оруулж шийдвэрлүүлэх;

21.5.2. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зориулсан сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний асуудлыг холбогдох байгууллагад хандаж шийдвэр гаргуулах;

21.5.3. ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжтэй холбогдсон иргэний санал, гомдлыг судалж шийдвэрлэх;

21.5.4. хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар шаардлагатай мэдээ, тайлан, тооцоо, судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах.

21.6. Хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн алба нь энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

21.7. Хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн албаны дүрмийг Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагын дарга батална.

22 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд  иргэн, ажил олгогчийн оролцоо

Хэвлэх

22.1. Ажилгүй буюу ажил хайгч иргэн өөрийн мэргэжил, ур чадварын дагуу ажилд орох хүсэлтээ тухайн хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн байгууллагад өөрийн биеэр мэдэгдэх бөгөөд уг байгууллагаас санал болгож байгаа үйлчилгээ, арга хэмжээний талаар сонголт хийх эрхтэй.

22.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан нөхцлөөр ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажил олгогч нь тухайн хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн байгууллагад нэг сарын өмнө мэдэгдэнэ.

22.3. Ажил олгогч нь ажиллах хүчний хэрэгцээ, ажлын сул байрны талаарх захиалга, ажилд авсан, халсан иргэний тухай мэдээллийг сар бүр хөдөлмөр эрхлэлтийн албанд ирүүлж байна.

22.4. Ажил олгогч нь өөрийн захиалгын дагуу иргэнийг ажилд авсан бол энэ тухай шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд мэдэгдэнэ.

22.5. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн албанд улирал тутам мэдээ, тайлан ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

23 дугаар зүйл. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

Хэвлэх

23.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжид дараахь эрх бүхий байгууллага, албан тушаалтан хяналт тавина:

23.1.1. улсын хяналтыг Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны Засаг дарга, төрийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ;

23.1.2. орон нутагт улсын хяналтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, түүний хяналтын алба хэрэгжүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

24 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

24.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дараахь захиргааны шийтгэлийг хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч ногдуулна:

24.1.1. энэ хуулийн 4.2.1-ийг зөрчсөн албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

24.1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эсхүл хууль бусаар ашигласан бол хохирлыг нөхөн төлүүлж, албан тушаалтныг 25000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-250000 төгрөгөөр шүүгч торгох;

24.1.3. энэ хуулийн 22.2-т заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-150000 төгрөгөөр торгох.

25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

25.1. Энэ хуулийг 2001 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

1 Үндсэн хууль. “Төрийн мэдээлэл”-ийн 1992 оны № 1 дугаарт нийтлэгдсэн.

2 Хөдөлмөрийн тухай хууль. “Төрийн мэдээлэл”-ийн 1999 оны № 25 дугаарт нийтлэгдсэн.

3 Нийгмийн даатгалын тухай хууль. “Төрийн мэдээлэл”-ийн 1994 оны № 8 дугаарт нийтлэгдсэн.

1 Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль.

 “Төрийн мэдээлэл”-ийн 1994 оны №  8 дугаарт нийтлэгдсэн.