- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

/Энэ хуулийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 06 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын хууль тогтоомж
2.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Цэвэр усыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбогдсон харилцааг Усны тухай1 хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."төвлөрсөн ус хангамж" гэж ус олборлох, цэвэрлэх, дамжуулах зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийг ашиглан хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг;
3.1.2 "төвлөрсөн бус ус хангамж" гэж ус олборлож, зөөвөрлөн түгээж, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг;
3.1.3."ариутгах татуурга" гэж хэрэглээнээс гарсан бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийг;
3.1.4."ус хангамжийн эх үүсвэр" гэж гүний худаг, цуглуулах шугам, усан сан, насосны станц, цэвэршүүлэх байгууламжийг;
3.1.5."шугам сүлжээ" гэж цэвэр ус дамжуулах, хуваарилах, хэрэглэгчид хүргэх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах байгууламжийг;
3.1.6."ус түгээгүүрийн гол түгээх шугам" гэж усны эх үүсвэрийн барилга байгууламжаас салбар шугам хүртэлх шугам сүлжээг;
3.1.7. "хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс" гэж ус хангамжийн эх үүсвэрийг аж ахуйн үйл ажиллагааны улмаас хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор заагласан газрыг;
3.1.8."хэрэглэгч" гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээдийг;
3.1.9."хангагч" гэж хэрэглэгчийг цэвэр усаар хангах, тэдгээрийн хэрэглээнээс гарах бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;
3.1.10."техникийн нөхцөл" гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан зөвшөөрлийг.
4 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
4.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1. ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын норм норматив, нийтлэг мөрдөх журам, заавар батлах;
4.1.2. цэвэр усны үнэ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тогтоох аргачлал Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.1.3.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн үүргийг Барилгын тухай2хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх;
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.4.ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, өргөтгөх хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах;
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.5.ус хангамж, ариутгах татуургын ашиглалттай холбогдуулан төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.6.орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.7.ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын норм, норматив боловсруулах;
/Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.1.8. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарыг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
5 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
5.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн үүргийг Барилгын тухай2 хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх;
5.1.2.ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, өргөтгөх хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажил зохион байгуулах;
5.1.3.ус хангамж, ариутгах татуургын ашиглалттай холбогдуулан төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
5.1.4.орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
5.1.5.ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын норм, норматив боловсруулах.
/Дээрх 5 дугаар зүйлийг 2005 оны 1 дүгэр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Техникийн нөхцөл,тусгай зөвшөөрөл
6 дугаар зүйл. Техникийн нөхцөл
6.1. Хангагчаас олгох техникийн нөхцөл дараахь шаардлагыг хангана:
6.1.1.хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн голчийн хэмжээ, хоолойн суултын гүн, усны даралтын хэмжээг тодорхой тусгасан;
6.1.2.цэвэр, бохир усны найрлага тэдгээрийг шугам сүлжээнд нийлүүлэх нөхцөлийг заасан;
6.1.3.цэвэр ус хэмнэлттэй зарцуулах, бусад хэрэглэгчийг холбох боломжийг тусгасан.
6.2.Хэрэглэгчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай3 хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу батлуулсан техникийн нөхцөлийг хангагч олгоно.
6.3.Хэрэглэгчийн техникийн нөхцөл өөрчлөгдвөл хангагч техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах буюу шинээр олгоно.
6.4.Энэ хуулийн 6.3-т заасны дагуу техникийн нөхцөл олгосны дараа хангагчийн техникийн үйлчилгээнд өөрчлөлт орсон бол хэрэглэгчид мэдэгдэнэ.
6.5.Хэрэглэгч техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно.
7 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл
7.1. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.
7.2. Энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд дараахь үйл ажиллагааг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:
7.2.1.ус хангамжийн барилга байгууламж, технологийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
7.2.2.ариутгах татуурга түүний шугам сүлжээ, технологийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;
7.2.3.орон сууцны хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
7.2.4.ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжид туршилт тохируулга хийх үйлчилгээ;
7.2.5.хот, суурины уст цэг, ус түгээх байрны ашиглалт, засвар, үйлчилгээ.
7.3.Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн талаархи хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай4 хуулийн 12-14,18 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хангагч, хэрэглэгчийн харилцаа
8 дугаар зүйл. Гэрээ
8.1.Хангагч, хэрэглэгчийн хоорондын харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/ -гээр зохицуулна.
8.2.Хангагч энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан техникийн нөхцөл хангасан хэрэглэгчтэй гэрээ байгуулна.
8.3.Гэрээнд нийлүүлэх цэвэр ус болон татан зайлуулах бохир усны хэмжээ, чанар, найрлага, гэрээг дүгнэх хугацаа, төлбөр тооцооны арга, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хохирол тооцох журам болон шаардлагатай гэж үзсэн бусад зүйлийг тусгана.
8.4. Цэвэр усны үнэд орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 30 хоногийн өмнө, төлөвлөгөөт засвар хийх үед цэвэр усаар хангах үйл ажиллагааг түр зогсоох тухай урьдчилан хэрэглэгчид мэдэгдэх буюу мэдээлэх хэрэгслээр зарлана.
8.5.Үнийн өөрчлөлтийн талаар хэрэглэгчид мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацаанд гэрээнд өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.
8.6.Хангагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.
8.7.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээг цуцлахтай холбогдсон харилцааг Иргэний хуулийн5 178 дугаар зүйлд заасны дагуузохицуулна.
9 дүгээр зүйл. Хангагчийн эрх, үүрэг
9.1. Хангагч дараахь эрх, үүрэгтэй:
9.1.1.гэрээний нөхцөлд тохирсон тоо, хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах;
9.1.2.хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулахад зориулсан тоног төхөөрөмж суурилуулж, хэрэглэгчийн эзэмшилд шилжүүлэх;
9.1.3.хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулж, технологийн дагуу цэвэрлэх, усны чанар, бохир усны цэвэршилтэд хяналт тавих;
9.1.4.ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаархи хууль тогтоомж, дүрэм, заавар, норм, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөх;
9.1.5. өөрийн эзэмшилд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар, үйлчилгээ, шинэчлэлтийг тогтоосон хугацаанд нь хийх;
9.1.6.гэнэтийн осол, аваар гарсан болон зайлшгүй урьдчилан сэргийлэх, засвар, үйлчилгээ хийх үед энэ тухай хэрэглэгчид мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авах;
9.1.7. цэвэр усны үнэ, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоож аймаг, нийслэл, сумын Засаг даргатай зөвшилцөж мөрдөх;
9.1.8.хэрэглэгчийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид үзлэг, шалгалт хийж заавар, зөвлөгөө өгөх;
9.1.9.хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах.
9.2. Хангагч хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно.
9.3.Хангагч нь хэрэглэгчийн шугамаас дамжуулан шинээр хэрэглэгч холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгож болно.
10 дугаар зүйл. Хэрэглэгчийн эрх, үүрэг
10.1. Хэрэглэгч дараахь эрх, үүрэгтэй:
10.1.1.энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх;
10.1.2.цэвэр усаар хангуулах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх;
10.1.3.цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;
10.1.4.хангагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг нь төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр хангагчаас нэхэмжлэх;
10.1.5.техникийн болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх;
10.1.6.хангагчийн төлөөлөгчийг энэ хуулийн 9.1.8-д заасан үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангах;
10.1.7.хангагчаас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах техникийн нөхцөл авах;
10.1.8.хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээ хийх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх;
10.1.9.хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө, бололцоогүй бол хангагчаар хийлгэж, гарсан зардлыг төлөх;
10.1.10.хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах;
10.1.11. энэ хуулийн 10.1.10-т заасны дагуу бусдад цэвэр ус түгээх, тэдгээрийн хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд тухайн байгууллагаас үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийн төлбөрийг гэрээний дагуу авах;
10.1.12.өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны тоолуурын бүрэн бүтэн байдлыг хариуцах.
11 дүгээр зүйл. Цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох нөхцөл
11.1.Хангагч дор дурдсан нөхцөлд урьдчилан хэрэглэгчид мэдэгдэхгүйгээр цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагаанд хязгаарлалтыг хийж болно:
11.1.1.ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжид эрчим хүчний гэнэтийн тасалдал гарсан;
11.1.2.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй, онцгой нөхцөл байдал үүссэний улмаас усны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болсон;
11.1.3.ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжид ноцтой гэмтэл гарсан.
11.2.Хангагч дор дурдсан нөхцөлд урьдчилан хэрэглэгчид мэдэгдсэний үндсэн дээр цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах буюу зогсоох хүртэл арга хэмжээ авна:
11.2.1.эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулахуйц нөхцөл бий болсон;
11.2.2.ус хангамжийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд төлөвлөгөөт урсгал ба их засвар хийх болсон;
11.2.3.цэвэр усны алдагдал, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтлийг тогтоосон хугацаанд засварлаагүй;
11.2.4.ус хангамжийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд зөвшөөрөлгүй холболт хийсэн;
11.2.5.усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн;
11.2.6.энэ хуулийн 13.1-д заасны дагуу тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй бохир ус нийлүүлсэн.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
12 дугаар зүйл. Ус хангамж
12.1.Онц чухал обьект болох улсын зэрэглэлтэй хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг Дотоодын цэргийн тухай6 хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын дагуу хэрэгжүүлнэ. Аймгийн зэрэглэлтэй хотын ус хангамжийн эх үүсвэр нь энгийн харуул хамгаалалттай байна.
12.2.Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр нь хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй байна. Хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг Усны тухай хуулийн 31.4-д заасны дагуу тогтооно.
/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
12.3.Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд аймаг, нийслэл, сумын Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.
12.4.Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг аймаг, нийслэл, сумын Засаг дарга дараахь байдлаар тогтооно:
12.4.1.хот, суурины төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метр, хамгаалалтын бүсийг 200 метрээс багагүй зайд;
12.4.2.төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүсийг Усны тухай хуулийн 31.3-т заасны дагуу; хамгаалалтын бүсийг газрын гадаргад ойр байрлалтай буюу хөрсний ус хялбар нэвтрэх уст үеэс ус авч ашиглавал 500 метрээс багагүй, хөрсний уснаас хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 100-200 метрээс багагүй зайд;
/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
12.4.3.төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт урсгал уснаас шууд тэжээгдэх худгийн усыг ашиглахдаа хамгаалалтын бүсийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 500 метрээс багагүй зайд;
12.4.4.урсгал усыг төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа тохиолдолд тухайн газрын хөрс, чулуулгийн тогтолцоо, голын урсацыг харгалзан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Усны тухай хуулийн 31.4-д заасан хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн дагуу.
/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
12.5.Улсын болон аймгийн зэрэглэлтэй хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тухайн усны эх үүсвэрийн тэжээлийн бүс болон түүнтэй гидравлик холбоотой гол, нуурын ус хуримтлуулах талбайг хамруулан тогтоож болно.
12.6.Төвлөрсөн ус хангамжийн ус түгээгүүрийн гол түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш 5 метрт хамгаалалтын бүс тогтооно.
12.7.Хотын доторхи цэвэр, бохир усны салбар болон түгээх шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна.
12.8.Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 34.1-д зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
12.8.1.газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис хадгалах;
12.8.2.орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барих;
12.8.3.байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөөгүй бордоо ашиглан таримал ургамал тарих, бодис, арга технологи хэрэглэн хөнөөлт шавьж, мэрэгчийг устгах.
12.9.Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд энэ хуулийн 12.8-д зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
12.9.1.унд, ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;
12.9.2. хөрсөнд төрөл бүрийн бордоо хэрэглэх.
12.10.Усны чанарын шинжилгээний дээж авах цэг, давтамжийг эрүүл мэндийн хяналтын байгууллагаас тогтоож түүний хэрэгжилтэд хяналт тавина.
12.11.Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжид хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглоно.
12.12. Иргэн хувийн хэрэгцээндээ зориулж гаргасан усны эх үүсвэрээс бусад хэрэглэгчийг усаар хангах нөхцөлд хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөнө.
13 дугаар зүйл. Цэвэрлэх байгууламж
13.1.Хэрэглэгч хэрэглээнээсээ гарсан бохир усыг цэвэрлэх байгууламжид шууд буюу цэвэрлэн нийлүүлэхдээ байгаль орчин, эрүүл мэнд, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг баримтлана.
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
13.2.Цэвэрлэх байгууламжийн байршлыг дараахь зүйлийг харгалзан тогтооно:
13.2.1.хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;
13.2.2.байгалийн гэнэтийн аюул усны үер, гал түймэр, газар хөдлөлт г.м-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө;
13.2.3. цэвэрлэх байгууламжийг өргөтгөх талбай;
13.2.4. хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоох талбай;
13.2.5.ажиллагчдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын болон аюулгүй ажиллагааны нөхцөл.
13.3.Цэвэрлэсэн бохир усны найрлагад эрүүл мэнд, байгаль орчны хяналтын алба, технологийн горимд дэд бүтцийн хяналтын алба тус тус хяналт тавина.
ТАВДУГААР БҮЛЭГ
Үнэ, үйлчилгээний төлбөр, цэвэр, бохир усны хэмжээ тогтоох
14 дүгээр зүйл. Үйлчилгээний төлбөр, үнэ тогтоох зарчим
14.1.Цэвэр ус олборлон түгээх үнэ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, үйлчилгээний төлбөрийг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалыг үндэслэн хангагч тогтооно.
14.2.Үнэ, үйлчилгээний төлбөрийг хангагчийн үйл ажиллагааны бодит зардалд тулгуурлан, хэрэглэгчид ойлгомжтой, энгийн, ил тод байх зарчмыг баримтлан тогтооно.
14.3.Хэргэлээнээс гарсан бохир усны найрлага зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалыг үндэслэн үйлчилгээний төлбөрийг өсгөн тооцно.
15 дугаар зүйл. Цэвэр , бохир усны хэмжээ тогтоох
15.1. Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно.
15.2.Усны тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг байгаль орчин, асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно.
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
15.3.Хэрэглэгчээс нийлүүлэх бохир усны хэмжээг байгаль орчин, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно.
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
15.4.Усны тоолуургүй хэрэглэгч цэвэр ус хэрэглээний талаар буруу мэдээлэл өгсөн, эсхүл усны тоолуурын заалтаар усны зарцуулалт нь 30%-иас илүү байвал хангагч сүүлчийн тооцоо хийсэн өдрөөс эхлэн цэвэр усны зарцуулалтын хэмжээг шинэчлэн тогтоож болно.
16 дугаар зүйл. Цэвэр ус, хэрэглээнээс гарсан бохир усны төлбөр тооцоо хийх, торгууль ногдуулах
16.1.Хэрэглэгчийн усны тоолуур нь баталгаагүй буюу эвдэрсэн, тоолуурын битүүмжлэлийг задалсан нь тогтоогдсон бол хэрэглэсэн цэвэр ус болон татан зайлуулсан бохир усны хэмжээг өмнөх 3 сарын дундаж хэмжээгээр тооцно.
16.2.Хангагч нь цэвэр ус түгээх болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Хяналт, хариуцлага
17 дугаар зүйл. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн биелэлт, түүнд тавих хяналт
17.1.Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч хяналт тавина.
17.2.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, цэвэр усны мөрдөж буй үнэ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийн үндэслэлд олон нийтийн хяналт тавина.
18 дугаар зүйл. Маргаан шийдвэрлэх
18.1.Хангагч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх бүхий байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж болно.
19 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ус ашиглалт, ариутгах татуургын улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
19.1.1. ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, холболт хийсэн, эвдэж гэмтээсэн, техникийн нөхцлийг дур мэдэн өөрчилсөн иргэнийг 5000-50000, албан тушаалтныг 20000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;
19.1.2.бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл урьдчилан цэвэрлээгүй бохир усыг ариутгах татуургын сүлжээнд нийлүүлсэн бол үйл ажиллагааг зогсоож албан тушаалтныг 35000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;
19.1.3.хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн, эрүүл ахуйн бүсийн хязгаарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 20000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;
19.1.4.баталгаагүй хэмжүүр ашигласан, хэмжүүрийн узель өөрчилсөн, битүүмжлэл задалсан гэм буруутай иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 35000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
1 Усны тухай хууль "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.
2 Барилгын тухай хууль "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1998 оны 9 дїгээрт нийтлэгдсэн.
3 Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1995 оны 5 дугаарт нийтлэгдсэн.
4 Аж ахуйн їйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хууль "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн
5 Иргэний хууль "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1995 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.
6 Дотоодын цэргийн тухай хууль "Тєрийн мэдээлэл" эмхтгэлийн 1995 оны 12 дугаарт нийтлэгдсэн
Текст томруулах
A
A
A
