A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 07 сарын 16-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2009 оны 07 сарын 16-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, түүнчлэн цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтад тавих үндсэн шаардлагатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "ионжуулагч цацраг" гэж шууд болон шууд бус замаар бодис, биологийн биет дотор хос ион үүсгэх цацрагийг;

3.1.2. "цөмийн материал" гэж цөмийн зэвсэгт хэрэглэгддэг уран, плутонийн изотоп бүхий зүйлсийг;

3.1.3. "цацрагийн үүсгүүр" гэж цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа техник хэрэгслийг;

3.1.4. "цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал" гэж хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангасныг;

3.1.5. "шарлага" гэж цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүрээс хүнд үзүүлэх нөлөөллийг;

3.1.6. "мэргэжлийн шарлага" гэж ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа нөлөөллийг;

3.1.7. "тун" гэж ионжуулагч цацрагаас бие махбодид шингээгдсэн энергийн хэмжээгээр тодорхойлогддог цацрагийн шарлагыг илэрхийлэх хэмжигдэхүүнийг;

3.1.8. "цацраг идэвхт хаягдал" гэж цацраг идэвхт изотопын агуулгын хэмжээ нь стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлсийг;

3.1.9. "цацраг идэвхт ашигт малтмал" гэж уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс бодисын хуримтлалыг.

4 дүгээр зүйл. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зарчим

Хэвлэх

4.1. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үндсэн зарчмыг баримтална:

4.1.1. үндэслэлгүйгээр аливаа шарлага үүсгэхгүй байх;

4.1.2. шарлагын тунг зохистой хэмжээний доод түвшинд байлгах;

4.1.3. хүн ам үүний дотор цацрагтай ажиллагчийг шарлагын тунгийн тогтоосон хязгаараас илүүгээр өртүүлэхгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Цөмийн энергийн комисс

5 дугаар зүйл. Цөмийн энергийн комисс

Хэвлэх

5.1. Улсын хэмжээнд цөмийн энерги ашиглах, цөмийн судалгаа, технологийг хөгжүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Цөмийн энергийн комисс /цаашид "Комисс" гэх/ ажиллана./Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.2. Монгол Улсын Ерөнхий сайд Комиссын дарга байна.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.3. Комиссын бүтэц, орон тоог Засгийн газар тогтооно.

5.4. Комиссын дүрмийг Засгийн газар батална.

5.5. Комисс нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

5.6. Комисс нь ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүр болон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах тусгай байгууламжтай байна.

5.7. Тусгай байгууламж нь улсын онцгой объект байна.

5.8. Комисс нь улсын төсвөөс санхүүжинэ.

/5.6-5.8 дахь хэсгийг 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

51дүгээр зүйл.Цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

Хэвлэх

51.1.Цөмийн судалгаа, технологийг хөгжүүлэх, цацрагийн үүсгүүр, цөмийн эрчим хүч ашиглах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүргийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ хэрэгжүүлнэ.

51.2.Төрийн захиргааны байгууллага нь цөмийн материал, цөмийн болон ашиглагдахгүй болсон цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах тусгай байгууламжтай байна.

51.3.Тусгай байгууламж нь улсын онцгой объект байна.

6 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

6.1. Төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.1. цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх;

6.1.2. Монгол Улсын нэгдэн орсон цөмийн судалгаа, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, түүний явцад гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хяналт тавих, гадаад орон болон олон улсын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

6.1.3. ашиглагдахгүй болсон цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт хаягдлыг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

6.1.4. цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран зохицуулах;

6.1.5. цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, цацрагийн аюулгүйн стандарт, холбогдох заавар, журам болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн биелэлтийг хангуулах;

 /Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6.1.6. энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгох;

6.1.7. цацрагийн үүсгүүрийн улсын бүртгэл хөтөлж, цацрагтай ажиллагсдын өртөж байгаа мэргэжлийн шарлагын тунгийн мэдээллийн сан бүрдүүлэх;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

6.1.8. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

6.1.9. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

6.1.10. цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, гарсан ослын шалтгааныг тогтоох, хор уршгийг арилгах, цацрагийн ослын үед ажиллах журам, авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, мэргэжлийн холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

6.1.11. хүрээлэн байгаа орчны болон ахуйн өргөн хэрэглээний бараа, материал, хүнсний бүтээгдэхүүн, ундны усны цацрагийн түвшний хяналт-шинжилгээ хийх, тэдгээр нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг тогтоох ажлыг холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч гүйцэтгэх, цацрагийн аюулгүй байдлын баталгаажилтыг хангах арга хэмжээ авах;

6.1.12. үйл ажиллагааныхаа хүрээнд судалгаа явуулах, захиалгат төсөл гүйцэтгэх, лаборатори, орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулах, шинжээч томилох, холбогдох лаборатори, мэргэжлийн байгууллага, мэргэжилтний туслалцаа авах;

6.1.13. хуульд заасан үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгжээс үнэ төлбөргүй гаргуулан авах;

6.1.14. цацрагтай холбогдсон үйл ажиллагаанд тавих шаардлага хангаагүй хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

6.1.15. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

6.1.16. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл. Цацрагийн хяналтын байцаагч, түүний эрх, үүрэг

Хэвлэх

7.1. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/

7.2. Цацрагийн хяналтын байцаагч нь цацрагийн хяналтын чиглэлээр мэргэшсэн, зохих шалгалт өгч тэнцсэн байна.

7.3. Цацрагийн хяналтын байцаагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

7.3.1. энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;

7.3.2. цацрагийн хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэх;

7.3.3. Төрийн хяналт шалгалтын тухай1 хууль, Захиргааны хариуцлагын тухай2 хууль болон бусад хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

8 дугаар зүйл. Цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Хэвлэх

8.1. Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлага, цацрагийн аюулгүйн стандартыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цацрагтай холбогдсон дараахь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно:

8.1.1. цацрагийн үүсгүүрийг захиалах, импортлох, экспортлох, хүлээн авах, хуваарилах, угсрах, байрлуулах, ашиглалтад оруулах, эзэмшилдээ буюу ашиглалтад байлгах, хэрэглэх, засвар үйлчилгээний болон шилжүүлэх шатанд байлгах, худалдах, түрээслэх, үйлдвэрлэх, боловсруулах, дахин боловсруулах, олборлох, олж авах, түүнийг ашиглах техникийн төсөл зохиох, ашиглалтаас гаргах, задлах, тээвэрлэх, хадгалах, идэвх сулруулах, булшлах;

8.1.2. цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, түүнийг ашиглах, олборлох, боловсруулах, баяжуулах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх үйл ажиллагаа явуулах.

8.2. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан цацрагийн үүсгүүрийнхээ аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай бол түүнийг энэ хуулийн 51.2-т заасан тусгай байгууламжид хадгалуулна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

9.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай1 хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь нэмэлт баримт бичгийг бүрдүүлж төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.1. цацрагийн үүсгүүр ашиглаж явуулах үйл ажиллагааны зорилго, төрөл, үндсэн чиглэл, техник, эдийн засгийн үндэслэл, мэргэжлийн боловсон хүчний тухай танилцуулга;

9.1.2. ашиглах үүсгүүр, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрийн гэрчилгээ, үндсэн үзүүлэлтүүд;

9.1.3. үйл ажиллагаа явуулах байрны цацрагийн хамгаалалт, цацрагийн аюулгүйн стандартын шаардлага хангасан тухай төрийн захиргааны байгууллагын үнэлгээ;

9.1.4. үйл ажиллагаа явуулах байрны хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн шаардлага хангасан тухай хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн холбогдох хяналтын албаны дүгнэлт;

9.1.5. цацрагийн үүсгүүр ашиглаж явуулах үйл ажиллагааны төсөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж гаргуулсан дүгнэлт;

9.1.6. цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө;

9.1.7. цацрагийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтныг томилсон тухай шийдвэр;

9.1.8. төрийн захиргааны байгууллагаар батлуулсан цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаархи

10 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын

Хэвлэх

10.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1. нутаг дэвсгэртээ цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, цацрагийн аюулгүйн стандарт, холбогдох дүрэм, журам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

10.1.2. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа явуулах.

11 дүгээр зүйл. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг

Хэвлэх

11.1. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаар иргэд дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

11.1.1. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах;

11.1.2. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, цацрагийн түвшний хяналт-шинжилгээтэй холбогдсон үнэн зөв мэдээлэл авах;

11.1.3. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

11.1.4. цацрагийн осол гарсан, эсхүл цацрагийн үүсгүүр алдагдсан тохиолдолд төрийн захиргааны байгууллага, иргэний хамгаалалт, тагнуул болон цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх;

11.1.5. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаархи зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх.

12 дугаар зүйл. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах талаархи аж ахуйн нэгж  байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

12.1. Цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

12.1.1. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, цацрагийн аюулгүйн стандарт, холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах;

12.1.2. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж ажиллах, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулах;

12.1.3. төрийн захиргааны байгууллага, цацрагийн хяналтын байцаагчаас тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлж хариу мэдэгдэх, илэрсэн зөрчлийг бүрэн арилгах арга хэмжээ авах;

12.1.4. мэргэжилтнийхээ мэдлэгийг дээшлүүлэх, цацрагийн ослын аюулыг арилгах арга ажиллагаанд сургах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;

12.1.5. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах асуудлаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

12.1.6. цацрагийн түвшний тухай мэдээллийг холбогдох байгууллагад гаргаж өгөх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Цацрагийн үүсгүүрээс хамгаалах, түүнийг ашиглахад тавих шаардлага

13 дугаар зүйл. Цацрагийн үүсгүүрээс хамгаалах

Хэвлэх

13.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхлэхдээ энэ хууль, цацрагийн аюулгүйн стандарт, холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллана.

13.2. Цацрагийн үүсгүүрийг ашиглах явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамгаалах, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, гарсан ослын хор уршгийг арилгах арга хэмжээг үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн зардлаар хэрэгжүүлнэ.

14 дүгээр  зүйл. Цацрагийн үүсгүүрийг экспортлох, импортлоход тавих үндсэн шаардлага

Хэвлэх

14.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цацрагийн үүсгүүрийг экспортлох, импортлоход дараахь шаардлагыг биелүүлнэ:

14.1.1. цацрагийн үүсгүүрийг ашиглах, шинээр гарган авах үүсгүүрийн шинж чанар, цацрагийн төрөл, цацраг идэвхийн хэмжээ, нөлөөллийн талаар төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гаргуулж, тусгай зөвшөөрөл авах;

14.1.2. цацрагийн үүсгүүрийг захиалах, экспортлох, импортлоход төрийн захиргааны байгууллагын дүгнэлт гаргуулж, тусгай зөвшөөрөл авах.

15 дугаар зүйл. Цацрагийн үүсгүүрийг хадгалахад тавих үндсэн шаардлага  

Хэвлэх

15.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цацрагийн үүсгүүрийг хадгалахад дараахь шаардлагыг биелүүлнэ:

15.1.1. тухайн цацрагийн үүсгүүрийн онцлог шинж чанарыг харгалзан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрсөн зориулалтын тусгай байранд цацрагийн хамгаалалт, аюулгүйн дүрмийн дагуу хадгалах;

15.1.2. технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, эсхүл ашиглагдахгүй байгаа цацрагийн үүсгүүрийг энэ хуулийн 51.2-т заасан тусгай байгууламжид хадгалуулах.

16 дугаар зүйл. Цацрагийн үүсгүүрийг тээвэрлэхэд тавих үндсэн шаардлага

Хэвлэх

16.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цацрагийн үүсгүүрийг тээвэрлэхэд дараахь шаардлагыг биелүүлнэ:

16.1.1. цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж тээвэрлэхэд төрийн захиргааны байгууллагаас баталсан цацрагийн үүсгүүр, цацраг идэвхт хаягдлыг аюулгүй тээвэрлэх дүрмийг мөрдөх;

16.1.2. хуульд өөрөөр заагаагүй бол улс хоорондын тээврийг олон улсын холбогдох гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэх.

16.2. Цацрагийн үүсгүүрийг хүн, амьтан болон бараа, бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.

17.1. Цацрагийн үүсгүүрийг экспортлох, импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрсний дагуу цацрагийн үүсгүүрийг худалдах эрхтэй.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18 дугаар зүйл. Цацрагийн үүсгүүрийн ашиглалтад тавих үндсэн шаардлага

Хэвлэх

18.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цацрагийн үүсгүүрийг ашиглахад дараахь шаардлагыг биелүүлнэ:

18.1.1. цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл хөтөлж, тайлан, мэдээг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх;

18.1.2. цацрагийн үүсгүүрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор төрийн захиргааны байгууллага, тагнуулын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх;

18.1.3. цацрагтай холбогдсон үйл ажиллагааг цацрагийн аюулгүйн стандартыг бүрэн хангасан, төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрсөн зориулалтын байранд явуулах;

18.1.4. цацрагийн үүсгүүр ашиглах явцад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангаж ажиллах;

18.1.5. үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг боловсруулж төрийн захиргааны байгууллагаар батлуулж, мөрдөх;

18.1.6. гарсан осол, зөрчлийг төрийн захиргааны байгууллага болон иргэний хамгаалалт, тагнуул, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг холбогдох дүрэм, журмын дагуу авч хэрэгжүүлэх;

18.1.7. цацрагтай ажиллагч нь тусгай хөтөлбөрийн дагуу явагдах цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалт, давтан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх.

18.2. Цацрагийн үүсгүүрийг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр шуудангаар илгээх, бусдаар дамжуулах, нийтийн тээврийн хэрэгслээр биедээ авч явахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.3. Цацрагийн үүсгүүрийн нэр төрөл, шинж чанар, идэвхийн хэмжээ, хэрэглэх зориулалт, аргачлал нь тодорхой бус бол түүнийг хэрэглэхийг хориглоно.

19 дүгээр зүйл. Цацрагийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлэх

Хэвлэх

19.1. Цацрагийн үүсгүүр болон цацрагийн үүсгүүр бүхий багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20 дугаар  зүйл. Цацраг идэвхт хаягдал, түүнийг  булшлах

Хэвлэх

20.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цацраг идэвхт хаягдлыг булшлахад дараахь шаардлагыг биелүүлнэ:

20.1.1. цацраг идэвхт хаягдлыг булшлахад цацрагийн хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулж, төрийн захиргааны байгууллага болон холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах;

20.1.2. цацраг идэвхт хаягдлыг булшлах ажлыг төрийн захиргааны байгууллага болон холбогдох мэргэжлийн хяналтын байцаагч нарын хяналтын дор гүйцэтгэх.

20.2. Цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэхдээ төрийн захиргааны байгууллагын баталсан дүрмийг мөрдөнө.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21 дүгээр  зүйл. Цөмийн материал

Хэвлэх

21.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цөмийн материалыг боловсруулах, үйлдвэрлэх, бусад аргаар олж авах, эзэмших, хадгалахыг хориглоно.

21.2. Цөмийн материалыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

22 дугаар  зүйл. Мэргэжлийн шарлагад тавих үндсэн шаардлага

Хэвлэх

22.1. Цацрагтай ажиллагч нь мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагдана.

22.2. Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын нэгдсэн бүртгэлийг архивт 50 жил хадгална.

22.3. Цацрагтай ажиллагчийг цацрагийн аюулгүйн стандартад заасан шарлагын тунгийн хязгаараас илүүгээр өртүүлэхийг хориглоно.

22.4. Цацрагтай ажиллагч нь цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлага, хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг хангах асуудлаар байгууллагын захиргаанд шаардлага тавих, ажиллахаас татгалзах, төрийн захиргааны байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.5. Цацрагтай ажиллагч нь мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн тогтмол хяналтад байж, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдана.

22.6. Шаардлагатай бол цацрагтай ажилладаг жирэмсэн эмэгтэй Хөдөлмөрийн тухай1 хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу ажлын нөхцөлөө өөрчлөх эрхтэй бөгөөд энэ нь түүнийг ажлаас халах үндэслэл болохгүй.

22.7. Насанд хүрээгүй хүнийг цацрагтай холбогдсон ажилд авч ажиллуулахыг хориглоно.

23 дугаар зүйл. Эмнэлгийн шарлагад тавих үндсэн шаардлага

Хэвлэх

23.1. Эмнэлгийн шарлага хийхэд дараахь үндсэн шаардлага тавина:

23.1.1. цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийхдээ энэ хууль, цацрагийн аюулгүйн стандарт болон бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах;

23.1.2. цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийхэд ашиглаж байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тохируулга, чанарын баталгаа, тогтмол хийж байх;

/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

23.1.3. хүүхдэд цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийхдээ түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг авна;

23.1.4. рентген оношлогооны үед цацрагийн аюулгүйн стандартад заасан тунгийн хязгаараас илүү шарлагад өртүүлэхгүй байх.

24 дүгээр  зүйл. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтад      

Хэвлэх

24.1. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, түүнийг ашиглах, олборлох, боловсруулах, баяжуулах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.2. Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цацраг идэвхт ашигт малтмал ашиглахтай холбоотой тусгай зөвшөөрөл олгоно.

24.3. Энэ хуулийн 24.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх явцад хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс хамгаалах арга хэмжээг уг үйл ажиллагааг эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн зардлаар хэрэгжүүлнэ.

24.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 24.1-д заасан үйл ажиллагааг явуулахдаа энэ хууль, цацрагийн аюулгүйн стандарт болон холбогдох дүрэм, журмыг баримтална.

24.5. Цацраг идэвхт ашигт малтмалыг тээвэрлэхэд төрийн захиргааны байгууллагын баталсан цацраг идэвхт ашигт малтмалыг аюулгүй тээвэрлэх дүрмийг мөрдөнө.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25 дугаар зүйл. Цацрагийн ослоос сэргийлэх, хор уршгийг арилгах

Хэвлэх

25.1. Цацрагтай холбогдсон үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, гарсан ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох шаардлагатай арга хэмжээг тусгай хөтөлбөрийн дагуу өөрийн зардлаар хэрэгжүүлнэ.

25.2. Цацрагийн ослын түвшин, шалтгааныг тогтоох, ослын хор уршгийг арилгах ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.3. Цацрагийн ослын түвшингээс шалтгаалан түүний хор уршгийг арилгах арга хэмжээг Улсын байнгын онцгой комиссын удирдлагын дор төрийн захиргааны байгууллага, иргэний хамгаалалтын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.4. Нийтийг хамарсан цацрагийн ослын хор уршгийг арилгахад гарах зардлыг Засгийн газар хариуцна.

ТАВДУГААР БҮЛЭГ

Хяналт, хариуцлага

26 дугаар  зүйл. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн биелэлтэд тавих хяналт

Хэвлэх

26.1. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн биелэлт, цацрагтай холбогдсон үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

26.2. Цацрагтай холбогдсон үйл ажиллагаандаа цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, цацрагийн аюулгүйн стандарт, дүрэм, журмын шаардлагыг хангах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дотоодын хяналт тавина.

26.3. Төрийн бус байгууллага хуулиар тогтоосон эрх хэмжээнийхээ хүрээнд энэ хууль, цацрагийн аюулгүйн стандарт, дүрэм, журмын биелэлтэд олон нийтийн хяналт тавьж, санал хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно.

/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

27.1. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдад болон байгаль орчинд учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

27.2. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын шаардлага, цацрагийн аюулгүйн стандарт хангагдаагүйгээс бусдад болон байгаль орчинд хохирол учирсан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон бол үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг хохирлыг барагдуулах буюу нөхөн төлнө.

27.3. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

27.4. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол шүүгч, эсхүл цацрагийн хяналтын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

27.4.1. цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж бүртгүүлээгүй, ашиглалтын мэдээ, тайланг гаргаж өгөөгүй буюу санаатайгаар худал ташаа мэдээлсэн, цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй иргэнийг 5000-25000, албан тушаалтныг 15000-40000, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох;

27.4.2. үйл ажиллагаанаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээ аваагүй, тусгай зөвшөөрөлд заагдсан үүсгүүрийн нэр төрлийг өөрчилсөн, хэмжээг хэтрүүлж ашигласан, эсхүл ашиглахыг завдсан иргэнийг 15000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;

27.4.3. цацрагийн хяналтын улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай иргэнийг 15000-50000, албан тушаалтныг 25000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 80000-150000 төгрөгөөр торгох;

27.4.4. цацрагийн үүсгүүрийг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх, булшлах болон түүнтэй ажиллагчид тавих шаардлагыг зөрчсөн, эсхүл төрийн захиргааны байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр буюу тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж , зөрчил гаргасан иргэнийг 30000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 хүртэл төгрөгөөр торгох.

   МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА               Л.ЭНЭБИШ