- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ хуулийг 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 05 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цэрэг, цагдаагийн албан хаагч, цэрэг, цагдаагийн багийг Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид "НҮБ" гэх/-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль тогтоомж
2.1. Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг баримтална.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дараахь утгаар ойлгоно:
3.1.1."НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа" гэж НҮБ-ын мандатын дор олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа олон үндэстний цэрэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг;
3.1.2. "олон улсын бусад ажиллагаа" гэж олон улсын холбогдох байгууллага, аливаа улсын санаачлагаар зохион байгуулж байгаа энхийг сахиулах төрөл бүрийн сургалт, дадлага, цэргийн хээрийн сургууль; гамшиг, ослын хор уршгийг арилгах, авран хамгаалах болон хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагааг;
3.1.3. "НҮБ-ын энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцох" гэж цэрэг, цагдаагийн албан хаагч сайн дурын үндсэн дээр томилогдон хилийн чанадад үүрэг гүйцэтгэхийг;
3.1.4. "цэрэг, цагдаагийн баг" гэж энхийг сахиулах болон олон улсын тухайн ажиллагаанд оролцохоор томилогдсон, зохих агсамж, нормт хангалтын зүйлс, техник хэрэгсэл бүхий цэрэг, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг;
3.1.5. "энхийг сахиулагч" гэж энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын цэрэг, цагдаагийн албан хаагчийг;
3.1.6. "агсамж" гэж цэрэг, цагдаагийн албан хаагчийн нэг бүрийн иж бүрэн хувцас, хэрэглэл, зэвсэглэлийг;
3.1.7. "нормт хангалтын зүйлс" гэж цэрэг, цагдаагийн албан хаагч нэг бүрд тогтоосон хүнс, эм, ороох, боох материал, бусад зүйлийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Удирдлага, зохион байгуулалт
4 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
4.1.Монгол Улсын Засгийн газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн цэрэг, цагдаагийн багийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах, эгүүлэн татах шийдвэр гаргах;
4.1.2. энхийг сахиулах ажиллагаанд оролцох асуудлаар НҮБ-тай холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулах;
4.1.3. цэргийн багийг олон улсын тухайн ажиллагаанд оролцуулах, эгүүлэн татах асуудлыг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэх;
4.1.4. энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг өөрийн оронд зохион байгуулах;
4.1.5. Монгол Улсад зохион байгуулагдах энхийг сахиулах хүчний хээрийн сургуульд оролцох гадаад орны томилгоот бүрэлдэхүүний агсамж, нормт хангалтын зүйлс, тээврийн хэрэгсэлд хил, гаалийн шалгалт хийх, навигацийн болон бусад үйлчилгээний журмыг тогтоох;
4.1.6. энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний агсамж, хангалтын төрөл, тэдгээрийн хэмжээ, олгох журмыг тогтоох;
4.1.7. энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, оролцох асуудлыг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийг мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэйгөөр шаардлагатай үед байгуулж, ажиллах журмыг тогтоох.
5 дугаар зүйл. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн
5.1.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.цэрэг, цагдаагийн албан хаагчийг энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах асуудлыг Засгийн газрын холбогдох гишүүнтэй хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт хэлэлцүүлж шийдвэрлүүлэх;
5.1.2. цэрэг, цагдаагийн албан хаагчийг энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах асуудлаар НҮБ, холбогдох улс, байгууллагатай харилцаж, шуурхай зохицуулах;
5.1.3. энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцож байгаа цэрэг, цагдаагийн албан хаагч Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомж, НҮБ-аас тогтоосон дүрэм, журам зөрчсөн буюу эрүүл мэндийн байдал, ар гэрийн шалтгаанаар үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд холбогдох байгууллагын саналыг үндэслэн эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэх.
6 дугаар зүйл. Батлан хамгаалахын болон хууль зүйн
6.1. Батлан хамгаалахын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.цэргийн мэргэжлийн удирдлагын төв, эсхүл цагдаагийн төв байгууллагын сонгож, санал болгосноор энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг томилох;
6.1.2. энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагааны чиглэлээр сургалт, дадлагад цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулах;
6.1.3. цэрэг, цагдаагийн албан хаагч, баг энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож байгаа байдлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт мэдээлэх;
6.1.4. энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгох, үүрэг гүйцэтгэх журмыг батлах.
7 дугаар зүйл. Мэргэжлийн удирдлага, бэлтгэл
7.1. Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагч, баг гүйцэтгэж буй үйл ажиллагааны хувьд тухайн ажиллагааг удирдаж байгаа олон улсын цэргийн хүчний командлалд, захиргааны хувьд үндэсний цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагад захирагдана.
7.2. Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож байгаа цагдаагийн албан хаагч, баг гүйцэтгэж буй үйл ажиллагааны хувьд тухайн ажиллагааг удирдаж байгаа НҮБ-ын бүрэн эрхт төлөөлөгчид, захиргааны хувьд үндэсний цагдаагийн төв байгууллагад захирагдана.
7.3. Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний мэргэжлийн бэлтгэлийг цэргийн мэргэжлийн удирдлагын төв, цагдаагийн төв байгууллага зохион байгуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
8 дугаар зүйл. Цалин хангамж
8.1. Цэрэг, цагдаагийн албан хаагчийг энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох хугацаанд ажиллаж байсан албан тушаалыг хэвээр хадгалж, өөрөө зөвшөөрсөн тохиолдолд цалин, нэмэгдлийг гэр бүлд нь олгож болно.
8.2. Энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэх үедээ амь үрэгдсэн, тахир дутуу болсон, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн2 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэнэ.
8.3.НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн албан хаагчийг оролцуулсны нөхөн төлбөрөөс энхийг сахиулагчид олгох хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно.
9 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид
9.1.Цэрэг, цагдаагийн албан хаагч энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцохдоо хууль, тогтоомж зөрчсөн үйлдэлд олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дотоодын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
