A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, түүнчлэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Шүүхийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

Шүүхийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх

Хэвлэх

1.Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

2.Шүүх хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа мөн.

3.Хуулиар шүүхэд харьяалуулсан хэрэг, маргааныг шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх эрхгүй.

4 дүгээр зүйл.Шүүхийн тогтолцоо

Хэвлэх

1.Шүүхийн үндсэн тогтолцоо нь Монгол Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ.

2.Эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх /цаашид "дагнасан шүүх" гэх/ байгуулж болно.

5 дугаар зүйл.Шүүх байгуулах

Хэвлэх

1.Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг аймаг, нийслэлийн Засаг даргатай, дагнасан шүүхийг Улсын дээд шүүхтэй тус тус зөвшилцөн гаргасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/ саналыг үндэслэн Улсын Их Хурал байгуулж, өөрчилж, татан буулгана.

2.Шүүх байгуулахдаа түүний харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, хэрэг, маргааны гаралтын түвшинг харгалзан үзнэ.

3.Монгол Улсад хүн, аж ахуйн нэгж, байгууллага хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд харшлах болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх талаар хуулиар тогтоосон нийтлэг журмыг үл баримтлах шүүх байгуулахыг хориглоно.

6 дугаар зүйл.Шүүгч, түүнийг томилох

Хэвлэх

1.Шүүгчээр Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйлд заасан болзлыг хангасан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэнийг томилно.

2.Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

3.Улсын дээд шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч томилно.

4.Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчдийн дотроос Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно.

5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно.

6.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилж болно.

7.Аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг түр буюу ажлын 12 өдрөөс дээш хугацаагаар эзгүйд түүнийг тухайн шүүхийн шүүгч; Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг түр эзгүйд түүнийг Улсын дээд шүүхийн аль нэг танхимын тэргүүн шүүгч тус тус орлоно. Энэ тухай шийдвэрийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч гаргана. /Энэ хэсэгт 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8.Ерөнхий шүүгч болон шүүгчээр томилуулахаар санал болгосон хүнийг Ерөнхийлөгч татгалзвал Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр хүнийг санал болгоно.

61дүгээр зүйл.Шүүгчийг орлон ажиллах

Хэвлэх

1.Шүүгч түр буюу ажлын 12 өдрөөс дээш хугацаагаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон /өвчилсөн, чөлөөтэй зэрэг/ тохиолдолд түүнийг Үндсэн хуулийн тавин нэгдүгээр зүйл, Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзлыг хангасан туслах шүүгч, энэ хуулийн 7 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан тэтгэвэрт гарсан шүүгчдийн дотроос Ерөнхий зөвлөлийн шийдвэрээр түр орлуулж болно. Орлох ажиллах шүүгч нь шүүгчийн тангараг өргөнө.

2.Орлон ажиллах шүүгч тухайн шатны шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, цалин хөлс, дархан эрх, хараат бус байдлын бусад баталгаагаар нэгэн адил хангагдана. Харин насны тэтгэвэрт гарсан шүүгч шүүгчийг орлон ажиллаж байгаа бол түүнд шүүгчийн албан тушаалын цалин, тэтгэврийг бүрэн хэмжээгээр олгоно. /Энэ хэсэгт 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

62дугаар зүйл.Шүүгчийн зэрэг дэв

Хэвлэх

1.Шүүгч Монгол Улсын шүүхийн тэргүүн түшээ, дэд түшээ, гутгаар түшээ, дөтгөөр түшээ, тавдугаар түшээ гэсэн зэрэг дэвтэй байна. Шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал тогтооно.

2.Шүүгчид зэрэг дэв олгохдоо албан тушаал, шүүгчээр ажилласан хугацаа, мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвар, ёс зүйн хэм хэмжээг сахиж байгаа байдлыг харгалзан үзнэ. /Энэ хэсэгт 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

7 дугаар зүйл.Шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

1.Бүх шатны шүүхийн шүүгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Ерөнхий шүүгчийн томилсноор шүүх хуралдааныг даргалах буюу түүнд оролцох;

2/шүүх хуралдааныг товлон зарлаж, түүний оролцогчдыг тогтоох;

З/шүүх хуралдааны бэлтгэл хангах ажлыг зохицуулан удирдах;

4/хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдуулж иргэн, албан тушаалтныг дуудан ирүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай нотлох баримт гаргуулан авах, иргэн, хуулийн этгээдийн банкин дахь данс, гүйлгээний талаархи мэдээллийг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн зөвшөөрөлтэйгээр гаргуулах, тэдний шийдвэр төр, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, хүний эрх, эрх чөлөөнд ноцтой хохирол учруулахаар байвал түүнийг биелүүлэх ажиллагааг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэтэл түдгэлзүүлэх, шинжээч томилон дүгнэлт гаргуулах болон хуульд заасан байцаан шийтгэх бусад ажиллагаа явуулах; /Энэ заалтад 1998 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

5/давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үед доод шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу түдгэлзүүлэх;

6/албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах;

7/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2.Шүүгч хуулиар тогтоосон үүрэгт нь хамаарахгүй ажил, албан тушаал хавсарч болохгүй. Харин багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж болно.

3.Шүүгчээр ажиллаж байгаад насны тэтгэвэрт гарсан хүн нь тэтгэвэрт гарсан өдрөөс хойш 5 жилийн хугацаанд шүүгчийг орлон ажиллах эрхтэй. /Энэ хэсэгт 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хуулиар нэмэлт орсон./

8 дугаар зүйл.Шүүх бүрэлдэхүүн

Хэвлэх

1.Анхан шатны журмаар хэрэг, маргааныг З шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, хуульд тусгайлан заасан тохиолдолд шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.

2.Аймаг, нийслэлийн шүүх хэрэг, маргааныг давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд З шүүгч оролцоно. /Энэ хэсэгт 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хуулиар нэмэлт орсон./

3.Улсын дээд шүүх нийт шүүгчийн олонхийн бүрэлдэхүүнтэйгээр хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэнэ.

4.Анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй.

5.Энэ зүйлийн 4 дэх заалт нь Улсын дээд шүүхийн хяналтын шүүх хуралдаанд хамаарахгүй. /Энэ хэсэгт 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

9 дүгээр зүйл.Шүүгчийн тангараг, шүүхийн бэлгэ тэмдэг, шүүгчийн өмсгөл

Хэвлэх

/Энэ зүйлийн гарчигт 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

1.Шүүгч томилогдсон өдрөөс хойш З0 хоногийн дотор "Шүүгч би аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга ёсыг чанд сахиж явахаа батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөнө.

2.Шүүх бэлгэ тэмдэгтэй, шүүгч өмсгөлтэй байна. /Энэ хэсэгт 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

3.Шүүгчийн тангараг өргөх журам, шүүхийн бэлгэ тэмдэг, шүүгчийн өмсгөлийн загвар, тэдгээрийн хэрэглэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална. /Энэ хэсэгт 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./

10 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр

Хэвлэх

1.Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд таслан шийдвэрлэх тогтоол, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлээд шийдвэр, шийтгэвэр, давж заалдах шатны шүүх магадлал, хяналтын шатны шүүх тогтоол, байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж /цаашид "шүүхийн шийдвэр" гэх/ гаргана.

2.Шүүх хамтын зарчмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ шийдвэрээ олонхийн саналаар гаргана.

3.Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж, төрийн сүлд бүхий хэвлэмэл хуудсан дээр үйлдэн шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тамга дарна.

11 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх

Хэвлэх

1.Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлнэ.

2.Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан биелүүлнэ.

3.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх журмыг хуулиар тогтооно.

12 дугаар зүйл.Шүүхийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас

Хэвлэх

1.Шүүх соёмбо бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэгтэй байна.

2.Шүүх албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

13 дугаар зүйл.Шүүх хуралдааны танхим

Хэвлэх

1.Шүүх хуралдааныг шаардлага хангасан танхимд явуулна.

2.Бүх шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд төрийн сүлд, төрийн далбааг байрлуулна. /Энэ хэсэгт 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчим

14 дүгээр зүйл.Шүүгч гагцхүү хуульд захирагдах

Хэвлэх

1.Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуульд захирагдана.

2.Шүүгчийн хараат бус байдал Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажина.

15 дугаар зүйл.Мэтгэлзэх зарчим

Хэвлэх

1.Шүүн таслах ажиллагааг мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.

2.Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хуулиар эрх олгосон бусад оролцогч хэрэг, маргааны үйл баримт, шүүгдэгчийн болон зохигчдын гэм буруу байгаа эсэхийг шүүхэд нотлох замаар мэтгэлзэнэ.

16 дугаар зүйл. Хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч оролцох

Хэвлэх

1.Шүүх анхан шатны журмаар хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ З хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

2.Иргэдийн төлөөлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

1/хэрэг, маргааны үйл баримт, шүүгдэгч болон зохигчдын гэм буруугийн талаар дүгнэлт өгөх;

2/хэрэг, маргааны үйл баримт, шүүгдэгчийн болон зохигчдын гэм буруугийн асуудлаар шүүхийн шийдвэрт гомдол гаргах;

3/хуульд заасан бусад бүрэн эрх.

3.Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ бичгээр гаргаж шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

4.Хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

5.Иргэдийн төлөөлөгч шүүхэд ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлсийг Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан шүүхийн төсвөөс олгоно. /Энэ хэсэгт 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт орсон./

17 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийг сонгох

Хэвлэх

1.Иргэдийн төлөөлөгчийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгчдийнхээ саналыг үндэслэн 4 жилийн хугацаагаар сонгоно.

2.Иргэдийн төлөөлөгчдийн тоог тухайн шүүхийн харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтрал, хэрэг, маргааны гаралтын түвшинг харгалзан Ерөнхий зөвлөл тогтооно. /Энэ хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Иргэдийн төлөөлөгч тухайн шүүхийн харьяалан ажиллах нутаг дэвсгэрт хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцоно.

18 дугаар зүйл.Гэм буруутайд тооцож үл болно

Хэвлэх

Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.

19 дүгээр зүйл.Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх

Хэвлэх

Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэр, эрх хэмжээний ялгаваргүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

20 дугаар зүйл.Өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх

Хэвлэх

1.Шүүгдэгч болон шүүхээр эрхээ хамгаалуулж байгаа аливаа этгээд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгон авах, хэргийн баримт сэлттэй танилцах, шүүх хуралдаанд биеэр оролцох эрхтэй. Харин хуульд өөрөөр заагаагүй бол шүүгдэгчийг шүүх хуралдаанд заавал биеэр оролцуулна.

2.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг тайлбарлаж энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах үүрэг хүлээнэ.

3.Өмгөөллийн хөлс төлөх чадваргүй шүүгдэгчид төрөөс туслалцаа үзүүлнэ.

21 дүгээр зүйл.Шүүн таслах ажиллагааг явуулах хэл

Хэвлэх

1.Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.

2.Монгол хэл мэдэхгүй хүн хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцах, шүүх хуралдаан дээр эх хэлээрээ үг хэлэх, хэлмэрч авах эрхтэй.

22 дугаар зүйл.Шүүх хуралдааныг нээлттэй явуулах

Хэвлэх

1.Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.

2.Хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар хаалттай хянан шийдвэрлэнэ.

23 дугаар зүйл.Шүүхээс хууль хэрэглэх

Хэвлэх

1.Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хуулийг хэрэглэнэ.

2.Шүүх Үндсэн хуульд нийцээгүй, хэрэг, маргаан гарах үед хүчин төгөлдөр болоогүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.

3.Шүүх тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал оруулна. Улсын дээд шүүх уг саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ мэдүүлнэ.

4.Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж мөрдөнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын шүүх

24 дүгээр зүйл.Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

1.Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага мөн.

2.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, 16 шүүгчээс бүрдэнэ.

3.Улсын дээд шүүх шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Иргэний хэргийн танхим болон Эрүүгийн хэргийн танхимтай байна. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

4.Танхимын бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн санал болгосноор Улсын дээд шүүх батална. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.Танхимын тэргүүн шүүгчийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.Улсын дээд шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй хэрэг, маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх;

2/Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэрэг, маргааныг шүүх хуралдаанд оролцогчдын гомдлыг үндэслэн давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх;

3/хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

4/шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж, нийт шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах. Энэ нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй;

5/хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;

6/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах. Улсын дээд шүүхийн тайлбарыг тухайн хуулийг хэрэглэж байгаа хүн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө;

7/Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах шүүгчийн тухай санал гаргах;

8/Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах хүний тухай санал гаргах;

9/нэр дэвшсэн шүүгчдээс Ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгох;

10/цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийдвэртэй хэргийг хяналтын шатны журмаар заавал хянан шийдвэрлэх;

11/хуульд заасан бусад бүрэн эрх.

25 дугаар зүйл.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Улсын дээд шүүхийг тэргүүлж, түүнийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

2/Улсын дээд шүүх анхан шатны болон давж заалдах шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох;

3/Улсын дээд шүүхийн хуралдааныг товлон зарлаж даргалах;

4/шүүх, түүний байгууллага, шүүгч, ажилтнуудын шүүн таслах болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулалтын удирдлагаар хангах, тэднийг төр, засгийн дээд шагналаар шагнаж урамшуулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэхийг Ерөнхий зөвлөлд санал болгох; /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5/Ерөнхий зөвлөлийн гишүүнд шүүгчийн нэр дэвшүүлэх;

6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн ажлын албатай байна.

З.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргана.

251дүгээр зүйл. Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

1.Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг орлох;

2/танхимыг тэргүүлж танхимын шүүгчид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын ажлыг удирдан зохицуулах;

3/танхимын шүүх хуралдааныг даргалах, эсхүл шүүх хуралдааны даргалагч, оролцогч, илтгэгчээр шүүгчдийг томилох;

4/танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын чиглэлээр шүүх, шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

5/танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

6/танхимын эрхэлсэн шүүн таслах ажлын чиглэлээр хэргийн харьяалал тогтоох;

7/хууль, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын талаар шүүгчийн мэргэшлийн хороогоор дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавих;

8/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2.Танхимын тэргүүн шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7-д заасан асуудлаар захирамж гаргана.

/Энэ зүйлийг 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

26 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

1./Энэ хэсгийг 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2.Аймаг, нийслэлийн шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

3.Аймаг, нийслэлийн шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэртэй хэрэг, маргааныг давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх;

2/хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

3/сум буюу сум дундын, дүүргийн шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах. Энэ нь тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй;

4/хуульд заасан бусад бүрэн эрх.

27 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/аймаг, нийслэлийн шүүхийг тэргүүлж, түүнийг төлөөлөх;

2/шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох;

3/сум буюу сум дундын, дүүргийн, дагнасан шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах;

4/шүүгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих;

5/шүүх, түүний байгууллага, шүүгч, ажилтнуудын шүүн таслах болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулалтын удирдлагаар хангах, тэднийг шагнаж урамшуулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх;

6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

28 дугаар зүйл. Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүний бүрэн эрх

Хэвлэх

1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх анхан шатны шүүх мөн.

2.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

З.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хуулиар Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, дагнасан шүүхэд харьяалуулснаас бусад хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;

2/хуульд заасан бусад бүрэн эрх.

29 дүгээр зүйл.Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

Сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчийн

бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох; /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2/шүүхийг тэргүүлж, түүнийг төлөөлөх, шүүгч, ажилтны үйл ажиллагааг зохицуулах;

3/шүүгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих;

/Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмж, 3 дахь заалтыг 4 болгон өөрчилсөн./

4/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

30 дугаар зүйл.Дагнасан шүүх

Хэвлэх

1.Дагнасан шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр байгуулагдсан шүүх мөн бөгөөд түүнийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн хэлбэрээр байгуулж болно.

2.Дагнасан шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.

3.Дагнасан шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх;

2/хуульд заасан бусад бүрэн эрх.

4.Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.

31 дүгээр зүйл.Дагнасан шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрх

Хэвлэх

Дагнасан шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч энэ хуульд заасан адилтгах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрх, түүнчлэн хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Ерөнхий зөвлөл

32 дугаар зүйл.Ерөнхий зөвлөл, түүний үүрэг

Хэвлэх

1.Үндсэн хуульд зааснаар Ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий хамтын удирдлагын, орон тооны бус байгууллага мөн.

2.Ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангах үүргийг хэрэгжүүлнэ.

3.Ерөнхий зөвлөл соёмбо бүхий тамга, тогтоосон загвараар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

33 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн

Хэвлэх

1.Ерөнхий зөвлөл 12 гишүүнээс бүрдэнэ.

2.Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга албан тушаалаараа, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс томилсон тус бүр нэг хүн, зохих журмын дагуу нэр дэвшүүлж Улсын дээд шүүх сонгосон, бүх шатны шүүхээс тус бүр 2 шүүгч орно.

3.Ерөнхий зөвлөлийн дарга нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. /Энэ хэсгийг 1996 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

34 дүгээр зүйл. Ерөнхий зөвлөлийг байгуулах, түүний гишүүний бүрэн эрхийн хугацаа

Хэвлэх

1.Улсын Их Хурлаас томилогдох Ерөнхий зөвлөлийн гишүүнийг Улсын Их Хурлын дарга нар дэвшүүлж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар томилно.

2.Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох Улсын дээд шүүхийн шүүгчийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн хуралдаанаас тус тус нэр дэвшүүлж, Улсын дээд шүүхийн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар сонгоно.

3.Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар шүүхийн ажлын дадлага туршлагатай хүнийг Ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

4.Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд Ерөнхий зөвлөл, аймаг, нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулна. /Энэ хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Ерөнхий зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр бүрдсэнээр түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

6.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна. Энэ хугацаа албан тушаалаараа Ерөнхий зөвлөлд орсон гишүүдэд хамаарахгүй.

7.Ерөнхий зөвлөлийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, гишүүний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаар биелүүлэх боломжгүй болсон бол Ерөнхий зөвлөлийн санал буюу өөрийнх нь хүсэлтийг үндэслэн түүнийг томилсон буюу сонгосон байгууллага хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэнэ.

8.Ерөнхий зөвлөлийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн буюу огцорсон бол энэ зүйлийн 1,2,З дахь хэсэгт заасан журмын дагуу нөхөн томилох буюу сонгоно.

35 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх

Хэвлэх

1.Ерөнхий зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/зохих байгууллага, албан тушаалтантай зөвшилцөн Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, байршлыг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд оруулах;

2/бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд оруулах;

3/шүүхийн төсвийн төслийг хөндлөнгийн магадлан шинжлэх байгууллагаар дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах, батлагдсан төсвийг хуваарилах, зарцуулалтад хяналт тавих; /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4/шүүгчийг томилуулах, чөлөөлүүлэх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;

5/шүүгчийг шилж олох, шалгаруулах, мэргэшлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах; /Энэ заалтад 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

6/Энэ заалтыг Цэцийн 94 оны 1 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

7/шүүгчийг шилжүүлэн томилох;

8/шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах болон шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, мэргэшлийн түвшинд дүгнэлт гаргах журам, шалгуурыг тогтоох;

9/шүүгч , шүүхийн болон шүүхийн байгууллагын ажилтны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төрийн дээд шагналд тодорхойлох, шүүхийн шагналын журам тогтоох. /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10/шүүхийн хуяг, тогтоол гүйцэтгэгчээс албаны дүрэмт хувцас, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг зохих байгууллагатай зөвшилцөн тогтоох; /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

11/хууль тогтоомжийн дагуу шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын зэрэг дэвийн болон бусад нэмэгдэл олгох; /Энэ заалтыг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

12/хууль, тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2.Ерөнхий зөвлөл ажлын албатай байна. Ерөнхий зөвлөлийн ажлын албаны үүргийг Хууль зүйн яамны зохих алба гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

36 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн даргын бүрэн эрх

Хэвлэх

1.Ерөнхий зөвлөлийн дарга Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Ерөнхий зөвлөлийг тэргүүлж, түүнийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

2/Ерөнхий зөвлөлийн хуралдааныг товлох, даргалах;

3/Шүүхийн тамгын хэлтсийн даргыг томилох, чөлөөлөх тухай саналаа Ерөнхий зөвлөлд оруулах; /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

4/Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

5/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2.Ерөнхий зөвлөлийн даргыг түр эзгүйд түүний томилсон Ерөнхий зөвлөлийн гишүүн орлоно. Харин Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга орлож болохгүй.

361 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын бүрэн эрх

Хэвлэх

1.Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Ерөнхий зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангаж, түүний шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;

2/аймаг, нийслэлийн шүүхийн тамгын хэлтсийг байнгын удирдлагаар хангах;

3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2.Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга нь үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

37 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх

Хэвлэх

Ерөнхий зөвлөлийн гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;

2/Ерөнхий зөвлөлийн хуралдаанд таслах эрхтэй оролцох;

3/Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;

4/ /Энэ заалтыг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

38 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн хуралдаан

Хэвлэх

1.Ерөнхий зөвлөл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хэлэлцэн хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

2.Ерөнхий зөвлөлийн тогтоолд дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тамга дарна.

3.Ерөнхий зөвлөл хуралдааныхаа дэгийг тогтооно.

39 дүгээр зүйл.Шүүгчийн сахилгын хороо

Хэвлэх

1.Сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хянан шийдвэрлэх шүүгчийн сахилгын хороо Улсын дээд шүүх болон аймаг, нийслэлийн шүүхийн дэргэд тус тус ажиллана.

2.Аймаг, нийслэлийн шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороо аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчдийн хуралдаанаас; Улсын дээд шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороог Улсын дээд шүүхийн хуралдаанаас З-5 гишүүний бүрэлдэхүүнтэй 6 жилийн хугацаагаар тус тус сонгоно.

3.Аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг тухайн аймаг, нийслэлийн шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороо; Улсын дээд шүүхийн шүүгч, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг Улсын дээд шүүхийн дэргэдэх шүүгчийн сахилгын хороо тус тус хянан шийдвэрлэнэ.

4.Шүүгчийн сахилгын хорооны даргыг уг хорооны гишүүд дотроосоо олонхийн саналаар сонгоно.

5.Шүүгчийн сахилгын хороо нь шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан шийдвэрлэнэ.

6.Шүүгчийн сахилгын хорооны дүрмийг Ерөнхийлөгч батална.

/Энэ зүйлийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

391дүгээр зүйл.Шүүгчийн мэргэшлийн хороо

Хэвлэх

1.Шүүгчийн мэргэшлийн хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр З жилийн хугацаагаар Ерөнхий зөвлөл байгуулна.

2.Шүүгчийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд өндөр мэргэшилтэй, хуулийн болон шүүн таслах ажлын дадлагатай шүүгч, түүнчлэн хуульч, эрдэмтдийг оруулна. Шүүгчийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Ерөнхий зөвлөлийн гишүүн орохгүй.

3.Шүүгчийн мэргэшлийн хороо нь нэр дэвшигчийн, түүнчлэн Ерөнхий зөвлөл буюу энэ хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,З-т заасан шүүх бүрэлдэхүүн, албан тушаалтны хүсэлтээр шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгаж дүгнэлт гаргана. Нэр дэвшигч болон шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын талаар гаргасан мэргэшлийн хорооны дүгнэлт 6 сарын хугацаанд хүчинтэй байна.

4.Шүүгчийн мэргэшлийн хорооны даргыг гишүүдийнх нь дотроос Ерөнхий зөвлөл томилно.

5.Шүүгчийн мэргэшлийн хорооны дүрмийг Ерөнхий зөвлөл батална. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

40 дүгээр зүйл.Шүүгчид нэр дэвшүүлэх

Хэвлэх

1.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, хуульчдын мэргэжлийн олон нийтийн байгууллагын удирдах байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүгчид нэр дэвшүүлэх эрхтэй.

2.Үндсэн хууль болон энэ хуульд заасан болзол хангасан Монгол Улсын иргэн шүүгчид өөрийн нэрийг дэвшүүлж болно.

41 дүгээр зүйл.Шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэх

Хэвлэх

Шүүгчид нэр дэвшигчийг хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг судалсны үндсэн дээр түүний оршин суугаа газрын шүүхийн тамгын газар, хэлтэс бүртгэнэ.

42 дугаар зүйл.Шүүгчид нэр дэвшигчийг шалгаруулах

Хэвлэх

1.Ерөнхий зөвлөл нэр дэвшигчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвар, хувийн зан суртахуун, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан нэр дэвшигч нэг бүрээр хэлэлцэж нууцаар санал хурааж олонхийн саналаар авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

2.Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан Ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийн байна. /Үндсэн хуулийн Цэцийн 1994 оны 1 дүгээр тогтоолоор хүчингүй./

43 дугаар зүйл.Шүүгчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Шүүгч өөрийн хууль бус ажиллагааны болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөний төлөө энэ хууль, бусад хуульд заасан хариуцлага хүлээнэ.

44 дүгээр зүйл. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл

Хэвлэх

1.Шүүгчийн тангарагт харш дараахь зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулна:

1/хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал;

2/шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн;

3/байгууллагын дотоод журам ноцтой зөрчсөн.

2.Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон байвал зохино.

45 дугаар зүйл.Сахилгын шийтгэл

Хэвлэх

1.Гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан шүүгчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

1/сануулах;

2/шүүгчдийн өмнө буруушаан зэмлэх;

3/шүүгчийн албан тушаалын цалинг З-6 сарын хугацаагаар 2О

хүртэл хувиар хасах; /Энэ заалтад 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4/шүүгчээс огцруулах.

2.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

3.Шүүгчид үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч уг зөрчилд сахилгын хэрэг үүсгэх үндэслэлтэй байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор эрх бүхий этгээд түүнд сахилгын хэрэг үүсгэж болно.

46 дугаар зүйл.Сахилгын хэрэг үүсгэх үндэслэл

Хэвлэх

Шүүгчид сахилгын хэргийг дараахь үндэслэлээр үүсгэнэ:

1/шүүгч хууль, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад илэрсэн;

2/шүүгч хууль, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэдийн гомдол, мэдээллийг үндэслэлтэй гэж үзсэн.

47 дугаар зүйл.Сахилгын хэрэг үүсгэх эрх

Хэвлэх

1.Сахилгын хэрэг үүсгэх эрхийг дараахь шүүх бүрэлдэхүүн, байгууллага, албан тушаалтан эдэлнэ:

1/Улсын дээд шүүхийн хуралдаан, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн, Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгч Монгол Улсын бүх шүүгчдэд; /Энэ заалтад Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 1 дүгээр тогтоолоор өөрчлөлт, 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

2/аймаг, нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч тухайн аймаг, нийслэлийн болон сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгчдэд;

3/сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч тухайн шүүхийн шүүгчдэд.

2.Сахилгын хэрэг үүсгэсэн тухай шүүх бүрэлдэхүүн тогтоол, Ерөнхий шүүгч захирамж гаргана. /Энэ хэсэгт Үндсэн хуулийн цэцийн 19894 оны 1-р тогтоолоор өөрчлөлт орсон./

3.Сахилгын хэрэг үүсгэсэн шүүх бүрэлдэхүүн, албан тушаалтан, тогтоол, захирамжаа холбогдох баримт сэлтийн хамт 5 хоногийн дотор шүүгчийн сахилгын хороонд шилжүүлнэ.

48 дугаар зүйл.Сахилгын хэргийг шалгаж шийдвэрлэх хугацаа

Хэвлэх

1.Шүүгчийн сахилгын хороо сахилгын хэрэг үүсгэсэн тогтоол, захирамжийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шалган сахилгын хорооны З гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тухайн сахилгын хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнийг шүүгчийн сахилгын хорооны дарга томилно.

2.Тухайн шүүгч өөр хүсэлт гаргаагүй бол түүнийг сахилгын хорооны хуралдаанд биечлэн оролцуулна.

49 дүгээр зүйл.Сахилгын хорооны шийдвэр

Хэвлэх

1.Сахилгын хороо сахилгын хэргийг хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж тогтоол үйлдэнэ:

1/сахилгын шийтгэл ногдуулах;

2/сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох;

3/шүүгчийг эрүүгийн хариуцлагад татуулахаар холбогдох баримт сэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх.

2.Сахилгын хороо тогтоолоо сахилгын хэрэг үүсгэсэн байгууллага, албан тушаалтанд болон шийтгэл хүлээсэн шүүгчид шийдвэр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хүргүүлнэ.

3.Шүүгч сахилгын шийтгэл ногдуулсан шүүгчийн сахилгын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргаж болно. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар хуулиар өөрчлөн найруулсан./

4.Улсын дээд шүүх гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор түүнийг хянан шийдвэрлэнэ. Улсын дээд шүүх шүүгчийн сахилгын хорооны шийдвэрийг хянан хэлэлцээд түүнийг хэвээр үлдээх, өөрчлөх, эсхүл хүчингүй болгож сахилгын хэргийг дахин шалгуулж шийдвэрлүүлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгчийг цагаатгах шийдвэрийн аль нэгийг гаргана. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар хуулиар өөрчлөн найруулсан./

50 дугаар зүйл.Сахилгын шийтгэлгүйд тооцох

Хэвлэх

Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс эхлэн нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

51 дүгээр зүйл.Шүүгчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл

Хэвлэх

1.Ерөнхийлөгч Ерөнхий зөвлөлийн санал болгосноор дараахь үндэслэлээр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлнө:

1/өөрөө хүсэлт гаргасан;

2/өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн өөр ажил, албан тушаалд

сонгосон буюу томилсон;

3/биеийн эрүүл мэндийн байдлаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;

4/хуульд зааснаар тэтгэвэрт гарах насанд хүрсэн;

5/мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварын хувьд шүүгчээр ажиллах боломжгүй тухай дүгнэлт мэргэшлийн хороо гаргасан; /Энэ заалтыг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар хуулиар өөрчлөлт орсон./

6/Шүүгчийг орлон ажиллах хугацаа дууссан.

2.Ерөнхий зөвлөл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийг чөлөөлүүлэх тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчийг чөлөөлүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулсан байна.

52 дугаар зүйл.Шүүгчийг огцруулах

Хэвлэх

1.Ерөнхийлөгч дараахь үндэслэлээр шүүгчийг огцруулна: /Энэ хэсэгт Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 1-р тогтоолоор өөрчлөлт орсон./

1/шүүгчээс огцруулах тухай шүүгчийн сахилгын хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсон; /Энэ заалтыг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар хуулиар өөрчлөлт орсон./

2/сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн;

3/шүүгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон.

2.Ерөнхий зөвлөл шүүгчийг огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчдийг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд урьдчилан танилцуулсан байна.

3.Ерөнхийлөгч шүүгчийг чөлөөлүүлэх болон огцруулах тухай Ерөнхий зөвлөлийн саналыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шийдвэрлэнэ.

53 дугаар зүйл.Шүүхийн тамгын хэлтэс

Хэвлэх

1.Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүхийн өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй тамгын хэлтсийг Ерөнхий зөвлөлийн шийдвэрээр Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүхэд байгуулж ажиллуулна.

2.Шүүхийн тамгын хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны журмыг Ерөнхий зөвлөл тогтооно.

3.Шүүхийн тамгын хэлтэс нь шүүхийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

4.Шүүхийн тамгын хэлтэс нь дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:

1/шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах;

2/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавих;

3/шүүхийн статистик,шүүхийн практикийг судлан дүгнэлт хийх, шүүх, шүүгчийг холбогдох мэдээллээр хангах, сургалт, семинар зохион байгуулах;

4/шүүхийн санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хөтлөн явуулах.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

54 дүгээр зүйл. Шүүхийн тамгын хэлтсийн даргын бүрэн эрх

Хэвлэх

1.Шүүхийн тамгын хэлтсийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/шүүхийн тамгын хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

2/шүүхийн тамгын хэлтсийн ажилтнуудыг Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;

3/шүүхийн батлагдсан төсвийг захиран зарцуулах;

4/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Шүүхийн тамгын хэлтсийн дарга үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлийн өмнө хариуцан тайлагнана.

3.Шүүхийн тамгын хэлтсийн даргыг Ерөнхий шүүгч, шүүгч орлохгүй.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ТАВДУГААР БҮЛЭГ

Шүүхийн байгууллага, ажилтан

55 дугаар зүйл.Шүүхийн судалгааны төв

Хэвлэх

Улсын дээд шүүхийн дэргэд шүүхээс хууль хэрэглэх, тайлбарлахад хууль зүйн онолын асуудлаар зөвлөмж өгөх, шүүхийн тоо бүртгэл, практикийг нэгтгэн дүгнэж санал гаргах үүрэг бүхий шүүхийн судалгааны төв ажиллана.

551дүгээр зүйл.Туслах шүүгч, түүний бүрэн эрх

Хэвлэх

1.Сум буюу сум дундын, дүүргийн шүүхэд туслах шүүгч ажиллана.

2.Туслах шүүгч нь хууль зүйн дээд боловсролтой, Монгол Улсын иргэн байна.

3.Туслах шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Ерөнхий зөвлөл тогтооно.

4.Туслах шүүгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 6З, 65-69, 72, 74, 75 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, 79, 126 дугаар зүйл, 1З4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 141 дүгээр зүйл, 145 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 157 дугаар зүйл, 197, 200, 219 дүгээр зүйл, 225 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 226 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 228, 229 дүгээр зүйлд заасан ажиллагааг шүүгчийн даалгавраар гүйцэтгэх;

2/Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйл, 222 дугаар зүйлийн 1-4, 7 дахь заалт, 22З, 229, 2З0, 2З1, 233, 2З4, З50, З51 дүгээр зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааг шүүгчийн даалгавраар гүйцэтгэх;

3/захиргааны зөрчилтэй хэргийн нотлох баримтын бүрдлийг хангуулах;

4/хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохиох;

5/хуульд заасан бусад бүрэн эрх.

5.Туслах шүүгч энэ зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2-т заасан ажиллагааг гүйцэтгэхдээ захирамж гаргах эрхтэй.

6.Энэ зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2-т заасан туслах шүүгчийн бүрэн эрх нь шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарна.

/Энэ зүйлийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

56 дугаар зүйл.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

Хэвлэх

1.Бүх шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллана.

2.Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны зохион байгуулалтын бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх зэрэг хуульд заасан болон шүүгчээс хүлээлгэсэн үүргийг биелүүлнэ.

57 дугаар зүйл.Шүүхийн хуяг

Хэвлэх

Шүүх хуралдааны дэг журмыг сахиулах, шүүгч, бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүхийн дуудлаганд ирэхгүй байгаа этгээдийг албадан ирүүлэх, шаардлагатай тохиолдолд шүүх, шүүгч, түүний шүүн таслах ажиллагаа явуулсантай нь холбогдуулан гэр бүлд нь бодит аюул занал учирвал тэдний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон үүргийг цагдаагийн байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

58 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр биелүүлэх төв байгууллага

Хэвлэх

1.Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр биелүүлэх төв байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.

2.Шүүхийн шийдвэр биелүүлэх төв байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

/Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

59 дүгээр зүйл./Энэ зүйлийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа

60 дугаар зүйл.Шүүхийн төсөв, ажиллах нөхцөл

Хэвлэх

1.Шүүхийг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.

2.Шүүхийн төсвийг Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал баталж, улсын төвлөрсөн төсөвт тусгана. Шүүхийн төсөв нь Улсын дээд шүүхийн төсөв, орон нутгийн шүүхийн ба дагнасан шүүхийн төсөв, Ерөнхий зөвлөлийн төсвөөс бүрдэх бөгөөд тэдгээрийг Улсын Их Хурал тус, тусад нь батална. Шүүхийн төсөв нь шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. /Энэ хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Шүүхийг байнга болон нүүдэллэн ажиллах байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, ажилтныг орон байраар хангах зэрэг шүүх, шүүгч зүйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн захиргааны байгууллага бүх талын дэмжлэг үзүүлнэ.

61 дүгээр зүйл.Шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс үл нөлөөлөх

Хэвлэх

Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

62 дугаар зүйл.Шүүгчийн улс төрийн эрх

Хэвлэх

1.Шүүгч өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, мэргэшлээ дээшлүүлэх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор мэргэжлийн олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрх чөлөө эдэлнэ.

2.Шүүгч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.

3.Шүүх, шүүхийн байгууллагад улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Шүүгчийн албан тушаал хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ.

63 дугаар зүйл.Шүүгчийн халдашгүй эрх

Хэвлэх

1.Шүүгчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, гэр, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

2.Шүүгчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан буюу эрүүгийн хариуцлагад татах хангалттай үндэслэл тогтоовол энэ тухай Ерөнхий зөвлөлд 48 цагийн дотор мэдэгдэнэ.

3.Шүүгчийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл зөвшөөрөл авах хүсэлтийг Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид тавина.

4.Ерөнхийлөгч Ерөнхий зөвлөлийн хүсэлтийг хүлээн аваад шүүгчийг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгох, эсэх асуудлыг 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.

5.Шүүгчийг эрүүгийн хариуцлагад татсантай холбогдуулан түүний бүрэн эрхийг Ерөнхийлөгч түдгэлзүүлж болно.

6.Шүүгчийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, гэр, албан тасалгаа болон биед нь халдах, үзлэг, нэгжлэг хийх шаардлагатай бол энэ зүйлийн 2,З,4 дэх хэсэгт заасан журмаар зөвшөөрөл авна.

64 дүгээр зүйл.Шүүгчийн цалин хөлс, дархан эрх, хараат бус байдлын бусад баталгаа

Хэвлэх

1.Хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.

2.Шүүгчийн цалин хөлс нь шүүгчийн албан тушаалын цалин болон

шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.

Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлүүдийн хэмжээ, нэмэгдэл олгох журмыг Улсын Их Хурал тогтооно.

Улсын дээд шүүхийн шүүгч төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон албан тушаалын цалин авна.

Бусад шүүгчийн цалинг Улсын дээд шүүхийн шүүгчийн цалинтай зохист харьцаатай байхаар тооцож тогтооно. Шүүгчид Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан, шүүгчийн бүрэн эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу түдгэлзүүлснээс бусад тохиолдолд түүний цалинг бууруулж болохгүй. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн болон 1995оны10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Шүүгч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

4.Шүүгч цэргийн жинхэнэ албанд татагдвал Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, албан тушаалыг нь хэвээр хадгална.

5.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан шүүгчийн бие махбодид гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд шүүгчид тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нийт хугацаанд олгоно. Хэрэв дээр дурдсан шалтгаанаар хохирсноос шүүгч хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол зардлыг улсын төсвөөс олгоно. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан шүүгчийн амь насыг хохироосон бол ар гэрт нь хохирогчийн З жилийн албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.Энэ зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан тэтгэвэр, тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, буцалтгүй тусламжийг улсын төсвөөс олгож, хуульд заасан тохиолдолд хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

8.Шүүн таслах ажиллагааны явцад шүүгчийн гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.

9.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн орон сууцны хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Улсын төсвөөс санхүүжүүлэх орон сууцны хөлсний дээд хэмжээг тухай бүр Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

10. Шүүгч хууль тогтоомжид заасан бусад баталгаагаар хангагдана. /Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн./

65 дугаар зүйл. Шүүхийг үл хүндэтгэгчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

Шүүхийг үл хүндэтгэгчид хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ