- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ

/Энэ хуулийг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
1963 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журам
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрд зохих ял шийтгэлийг шударгаар оногдуулах, гэм буруугүй нэг ч хүнийг хилсээр эрүүгийн хариуцлагад татаж шийтгэхгүй байхын тулд алив гэмт хэргийг түргэн шаламгай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоон хуулийн заалтыг зөв хэрэглэх явдлыг хангах зорилготой.
/Энэ зүйлийн 2 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэх хэмжээ хязгаар
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг харгалзахгүй бүх нөхцөлд энэ хуулийг журамлан явагдана.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг явуулахдаа хэрэг бүртгэх буюу түүнд урьдчилан мөрдөн байцаалт явуулах, эсхүл шүүхээр хэргийг хэлэлцэх үед хүчинтэй байгаа эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримтлана.
Дипломат халдашгүй эрх эдэлж байгаа хүмүүсээс бусад гадаад улсын иргэд, эсхүл аль ч улсын иргэн биш хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байцаан шийтгэх ажиллагааг энэ хуульд заасан журмыг баримтлан явуулна.
4 дүгээр зүйл. Гэмт хэргийг илрүүлэх үүрэг
Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тухайд прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэх байгууллага өөр өөрсдийн эрх хэмжээний дотор гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар хуульд заасан шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5 дугаар зүйл. Хуулиар тогтоосон үндэслэл ба журмаас гадуур яллагдагчаар татаж болохгүй
Хуулиар тогтоосон үндэслэл ба журмаас гадуур хэнийг ч яллагдагчаар татаж болохгүй.
6 дугаар зүйл. Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлууд
Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно:
1/гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй;
2/хөөн хэлэлцэх хугацаа дууссан;
3/үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулах явдлыг өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон;
4/хохирогчийн гомдлоор үүсэх хэрэгт гомдол гараагүй буюу хохирогч нь яллагдагчтай эвлэрсэн. /Энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан тохиолдол үүнд хамаарахгүй/;
5/хэрэгт холбогдогч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүмүүст холбогдох нөхцөл байдал шинээр илэрснээс уг хэргийг сэргээн хэлэлцэх явдал үүнд хамаарахгүй/;
6/тухайн хэргийн талаар шүүхээс урьд гаргасан таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий байгууллагын тогтоол хүчинтэй байгаа.
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан тохиолдолд шүүх цагаатгах таслан шийдвэрлэх тогтоол, 3-д заасан тохиолдолд таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гаргаж шийтгэгдсэн этгээдийг ялаас чөлөөлнө.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-д заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгч, 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагчийн өмгөөлөгч, төрөл садны хүмүүс эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана. Энэ тохиолдолд шүүх байцаан шийтгэх ажиллагааг ердийн журмаар явуулж яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7, 8, 8I, 9, 10, 11 дүгээр зүйл. /Эдгээр зүйлүүдийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12 дугаар зүйл. Хүний халдашгүй эрхийг хамгаалах
Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжиж, баривчилж, хорьж, мөрдөн мөшгиж, эрх чөлөөг нь хязгаарлаж үл болно.
Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, нэр төрийг нь доромжилж, хүнлэг бус, хэрцгий хандаж болохгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13 дугаар зүйл. Иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хамгаалах
Иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
Иргэний орон байрыг нэгжиж, хувийн хадгаламж, захидал харилцаа, бусад бичиг баримт болон эд хөрөнгөнд үзлэг хийх, битүүмжлэх, хураан авах явдлыг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
14 дүгээр зүйл. Шүүн таслах ажлыг гагцхүү шүүх гүйцэтгэх
Эрүүгийн хэргийн шүүн таслах ажлыг гагцхүү шүүх гүйцэтгэнэ.
Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолгүйгээр хэнийг боловч гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн ял шийтгэл оногдуулж болохгүй.
15 дугаар зүйл. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх
Монгол Улсын хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн
Энэ хуулийн 161дүгээр зүйлд заасан хэргийг шүүгч дангаар, бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Давж заалдах шатны журмаар хэргийг 3 шүүгч хянан шийдвэрлэнэ.
Аймаг, нийслэлийн шүүх хяналтын журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
Улсын дээд шүүх нийт шүүгчийн олонхийн бүрэлдэхүүнтэйгээр хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
161дүгээр зүйл. Шүүгч дангаар хянан шийдвэрлэх гэмт хэргүүд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйл, 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 79, 791, 93-101 дүгээр зүйл, 103 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 104-107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 110 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 115, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 118-120 дугаар зүйл, 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 129 дүгээр зүйл, 130 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 131-133 дугаар зүйл, 134 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 136 дугаар зүйл, 137 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 138, 142, 144 дүгээр зүйл, 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 146, 147 дугаар зүйл, 148 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 149, 1511, 1521, 163-168, 1691, 170 дугаар зүйл, 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1711дүгээр зүйл, 1721дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 174 дүгээр зүйл, 1751дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1761, 178-180, 182, 184, 186, 187, 188, 190, 191, 194, 198 дугаар зүйл, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 212 дугаар зүйл, 213 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 216, 224, 226, 228, 230-234, 236-238 дугаар зүйл, 239 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 240, 242, 243 дугаар зүйл, 244 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 246 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 248 дугаар зүйл, 249 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 250-252, 255-259 дүгээр зүйл, 260 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэг, 261-263, 265 дугаар зүйл, 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 270 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 271 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 272 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 275 дугаар зүйл, 276 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 277 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 278 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 279 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 281 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 283 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 284 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 285 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 287 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 288 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 289 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 290 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 292 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 293 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 301 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шүүгч дангаар шийдвэрлэнэ.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ээдрээ төвөгтэйн улмаас хамтын зарчмаар хянан шийдвэрлэх шаардлагатай гэж шүүгч үзвэл уг асуудлыг шүүгчийн саналыг үндэслэн тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
162дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хамтран хянан шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч оролцуулах
Шүүх анхан шатны журмаар эрүүгийн онц хүнд гэмт хэргийг хамтран хянан шийдвэрлэхэд 3, хүнд гэмт хэргийг хамтран хянан шийдвэрлэхэд 2, бусад гэмт хэргийг хамтран хянан шийдвэрлэхэд 1 иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
17 дугаар зүйл. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах
Эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
171дүгээр зүйл. Гэм буруугүйд тооцох
Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.
Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл түүнийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Түүнчлэн эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарлах, хэрэглэхэд гарах эргэлзээг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл. Байцаан шийтгэх ажиллагааг явуулах хэл
Байцаан шийтгэх ажиллагааг монгол хэл дээр явуулна. Монгол хэл мэдэхгүй этгээд хэргийн бүх материалтай орчуулагчийн тусламжтайгаар бүрэн танилцах, түүнчлэн өөрийн төрөлх буюу мэдэх хэл дээр өргөдөл өгөх, мэдүүлэг гаргах, шүүх хурал дээр үг хэлэх эрхээр хангагдана.
Мөрдөн байцаалтын ба шүүхийн бичиг баримтуудыг яллагдагчийн төрөлх буюу түүний мэдэх өөр хэл дээр орчуулж энэ хуулиар тогтоосон журмаар гардуулан өгнө.
19 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалахаас бусад тохиолдолд бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна. Хэрэв шүүх хуралдааныг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20 дугаар зүйл. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангах
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн бусад туслалцаа авах эрхтэй.
Хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангах, түүний хувийн болон эд хөрөнгийн эрхийг хамгаалах талаар хуульд заасан арга хэмжээ авах үүрэгтэй.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
201дүгээр зүйл. Шүүх хуралдааны мэтгэлзэх зарчим
Эрүүгийн хэргийг анхан шатны болон давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан мэтгэлзэх зарчмын үндсэн дээр явагдана.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд яллах болон өмгөөлөх ажиллагааг тус тусад нь явуулна.
Яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л асуудлаар нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад оролцох, хүсэлт гаргах, үг хэлэх адил эрхтэй байна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
21 дүгээр зүйл. Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх
Шүүх, прокурор, мөрдөн байцаагч ба хэрэг бүртгэгч нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэхийн тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах ба цагаатгах, хэргий нь хүндрүүлэх ба хөнгөрүүлэх байдлыг илрүүлэх үүрэгтэй.
Шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч хэн боловч сэжигтэн буюу яллагдагчид өөрөөр нь нотлуулахаар даалгах эрхгүй.
Шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Түүнчлэн яллагдагчийн гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдээс нь түүний эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж болохгүй. Хэрэв эдгээр хүмүүс өөрсдөө мэдүүлэг өгөх хүсэлтээ гаргавал тэдгээрт мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг нь тайлбарласны эцэст мэдүүлэг авна.
/Энэ зүйлийн хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, түүнд 1995 оны 6 дугаар сарын 29- ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
22 дугаар зүйл. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг илрүүлэх
Эрүүгийн хэргийг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах ба шүүх хурлын ажиллагааны үед хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг илрүүлж, түүнийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй.
23 дугаар зүйл. Шүүх, прокурор, мөрдөн байцаагч хэрэг бүртгэгчийн ажиллагаа, шийдвэрийг давж заалдах эрх
Шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн ажиллагаа, шийдвэрийг энэ хуульд тогтоосон журмын дагуу сонирхогч иргэд, албан үйлдвэр, аж ахуй, олон нийтийн байгууллага давж заалдаж болно.
24 дүгээр зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй хүмүүс
Шүүгч, иргэдийн төлөөлөгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, шүүх хурлын нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, уг хэрэгт шууд буюу шууд бус хувийн ямар нэг сонирхолтой байвал эрүүгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.
25 дугаар зүйл. Шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэх байгууллагын шаардлагыг заавал биелүүлэх
Гэмт хэрэгтэй тэмцэх явдалд иргэд, албан үйлдвэр, аж ахуй, олон нийтийн байгууллагын албан тушаалтан хэн боловч шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэх байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
Шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэх байгууллагаас эрүүгийн хэргийг мөрдөх буюу хэлэлцэх явдалтай холбогдуулан тавьсан шаардлагыг иргэд, албан үйлдвэр, аж ахуй, олон нийтийн байгууллагын албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй.
26 дугаар зүйл. Дээд шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэх
Аймаг, нийслэлийн шүүх нь сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
Улсын дээд шүүх нь аймаг, нийслэлийн шүүхээс хянан шийдвэрлэсэн хэргийг давж заалдах болон хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
27 дугаар зүйл. /Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
28 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг нэгтгэх ба тусгаарлах
Хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн хэргийг хамтран үйлдсэн, мөн нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн буюу түүнчлэн урьдаас үгсэн хэлэлцээгүй боловч эдгээр гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгүй хэрэгт яллагдаж байгаа этгээдийн хэргийг мөрдөн байцаалтын ба шүүн таслах нэг ажиллагаанд нэгтгэж болно.
Зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх ба зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол уг хэргийг тусгаарлаж болно.
Хэргийг нэгтгэх ба тусгаарлах явдлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоолоор буюу шүүхийн тогтоол, захирамжаар гүйцэтгэнэ.
29 дүгээр зүйл. Хохирогчийн гомдлоор үүсэх эрүүгийн хэргүүд
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 118 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийг зөвхөн хохирогчийн гомдлоор үүсгэх бөгөөд хэрэв хохирогч яллагдагчтай эвлэрвэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно. Тэгэхдээ хохирогч яллагдагчтай таслан шийдвэрлэх тогтоол гаргахаар шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө эвлэрснийг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд тооцно.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 150 дугаар зүйлд заасан хэргийг хохирогчийн гомдлоор үүсгэх боловч хохирогч яллагдагчтай эвлэрснээр хэрэгсэхгүй болгож болохгүй бөгөөд уг хэргийн байцаан шийтгэх ажиллагааг ердийн журмаар явуулна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 118, 150 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн хохирогч нь яллагдагчийн эрхшээлд байгаагаас, эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй тохиолдолд прокурор уг хэргийг хохирогчийн гомдолгүйгээр үүсгэх эрхтэй. Прокурор үүсгэсэн хэргийг хэрэг бүртгэлт буюу мөрдөн байцаалт явуулахаар шилжүүлэх бөгөөд мөрдөн байцаалт дуусмагц түүнийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд хохирогч яллагдагчтай эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй. Прокурор хохирогчийн гомдлоор үүсгэсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 118 дугаар зүйлд заасан гэмт хэргийн байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед оролцох, шүүх хуралдаанд яллах эрхтэй. Прокурор тийнхүү оролцсон тохиолдолд хохирогч яллагдагчтай эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй.
/Энэ зүйлийг АИХТ-ийн 1987 оны 93 дугаар зарлигаар өөрчлөн найруулсан/
30 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэлэлцэхэд иргэний хэргийн талаар шүүхээс гаргасан шийдвэр, тогтоол, захирамжийн ач холбогдол
Шүүхээс иргэний хэргийн талаар гаргасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол, захирамжийг шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нь гагцхүү хэрэг явдал болсон эсэх тухай асуудлаар заавал баримтлах бөгөөд харин яллагдагчийн гэм бурууг тогтооход хамаарахгүй.
31 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл
Гэмт хэргийн улмаас эд материалын хохирол хүлээсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь яллагдагчид буюу түүний учруулсан эд материалын хохирлыг хариуцвал зохих этгээдэд иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэнэ. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иргэний нэхэмжлэлийг Эрүүгийн хэргийг үүсгэсэн үеэс эхлэн шүүхийн байцаалт хүртэл гаргаж болно. Нэхэмжлэгч нь иргэний журмаар хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт дахин гаргах эрхгүй.
/Энэ зүйлийн 3 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
Иргэний нэхэмжлэл гаргаагүй байсан ч шүүх нь таслан шийдвэрлэх тогтоол гаргахдаа гэмт хэргээс учирсан эд материалын хохирлыг нөхөн төлүүлэх тухай асуудлыг өөрийн санаачлагаар шийдвэрлэх эрхтэй.
Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь энэ хуульд тогтоосон журмаар нотлогдоно.
Хэрэв эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг гаргаагүй буюу түүнчлэн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол түүнийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага иргэний журмаар гаргах эрхтэй.
32 дугаар зүйл. Гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлыг нөхөн төлүүлэх явдлыг хангах ба шүүхийн тогтоолын эд хөрөнгө хураахтай холбогдсон хэсгийг биелүүлэх
Гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохирлын тухай хангалттай баримт байвал хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нэгэнт гаргасан буюу цаашид гаргаж болох иргэний нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.
Эд хөрөнгө хураах ял оногдуулж болох эрүүгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагааны үед хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь яллагдагчийн хөрөнгийг нуун далдлахаас сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
33 дугаар зүйл. Шүүх, прокурор, мөрдөн байцаах ба бүртгэх байгууллагаас гадаад улсын зохих байгууллагатай харилцах журам
Шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагаас гадаад улсын шүүх, мөрдөн байцаах байгууллагатай харилцах журам, түүнчлэн гадаад улсын дээр дурдсан байгууллагуудын хүсэлтийг биелүүлэх журам нь Монгол Улсын хууль тогтоомж ба Монгол Улсаас гадаадын зохих улстай байгуулсан олон улсын гэрээгээр тодорхойлогдоно.
34 дүгээр зүйл. Энэ хуульд заасан нэр томъёоны тайлбар
Энэ хуульд заасан нэр томъёонууд нь хэрэв тусгайлан заасан зүйлгүй бол доорхи утгыг хадгална:
1/"шүүх"-Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх;
2/"анхан шатны шүүх" эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх;
3/"давж заалдах шатны шүүх"-эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх;
4/"хяналтын шатны шүүх"-Улсын дээд шүүх;
5/"шүүгч"-бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч;
6/"прокурор"-Улсын ерөнхий прокурор, түүний харьяа прокурорууд;
7/"мөрдөн байцаах албаны дарга"-мөрдөн байцаах газар, хэлтэс, тасгийн дарга, тэдгээрийн орлогчид;
8/"мөрдөн байцаагч"-мөрдөн байцаах байгууллагын мөрдөн байцаагч;
9/"хэрэг бүртгэгч"-хуулиар хэрэг бүртгэх эрх олгогдсон албан тушаалтан;
10/"гэр бүлийн гишүүд"-сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй нэг гэрт амьдарч байгаа эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, төрөл садны хүмүүс;
11/"үр хүүхэд"-төрсөн болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, жич, гуч;
12/"хууль ёсны төлөөлөгч"-яллагдагч буюу хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, яллагдагч, хохирогчийг харгалзан дэмжиж байдаг байгууллагын төлөөлөгч;
13/"төрөл садан"-төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, төрсөн буюу үрчилж авсан хүүхэд, ах, эгч, өвөг эцэг, эмэг эх, хадам эцэг, эх, ач, зээ;
14/"таслан шийдвэрлэх тогтоол"-шүүгдэгч гэм буруутай эсэх, түүнд ял шийтгэл оногдуулах эсэх талаар гаргасан шүүхийн шийдвэр;
15/"магадлал"-давж заалдах журмаар хэргийг хянаад гаргасан шүүхийн шийдвэр;
16/"тогтоол"-Улсын дээд шүүхээс анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг хянаад гаргасан шийдвэр, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагааны талаар мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, прокуророос гаргасан яллах дүгнэлтээс бусад шийдвэр;
17/"шүүгчийн захирамж"-эрүүгийн хэргийг шийдвэрлэх асуудалтай холбогдуулж гаргасан таслан шийдвэрлэх тогтоолоос бусад шүүгч дангаараа гаргасан бүх шийдвэр;
18/"прокурорын дүгнэлт"-прокуророос шүүх хуралдаан дээр хуульд дурдсан тохиолдлуудад гаргасан санал;
19/"шөнийн цаг"- орон нутгийн цагаар 22 цагаас дараа өдрийн 06 цаг хүртэл;
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХЭРГИЙН ХАРЬЯАЛАЛ
35 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн шүүх, сум дундын, дүүргийн шүүхээс харьяалан анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрүүгийн хэрэг
Эрүүгийн хуульд заасан онц хүнд хэргийг аймаг, нийслэлийн шүүх, бусад хэргийг сум болон сум дундын, дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
36, 37, 38 дугаар зүйл. /Эдгээр зүйлүүдийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
39 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал
Эрүүгийн хэргийг уг хэрэг гарсан газрын шүүх хянан шийдвэрлэнэ. Хэрэв гэмт хэрэг гарсан газрыг тогтоох бололцоогүй байвал уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж дууссан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.
40 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг нэгтгэхэд харьяаллыг тогтоох
Нэг буюу нэг хэсэг хүмүүс янз бүрийн шүүхэд харьяалагдах хэд хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол аль дээд шатны шүүх нь бүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийн 2 дахь хэсгийг 94 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Адил эрхтэй хэд хэдэн шүүхэд харьяалагдах хэргийг мөрдөн байцаалт дууссан газрын шүүх хэлэлцэнэ.
41 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх
Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн захирамжаар харьяалах шүүхэд шилжүүлнэ.
Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдаан дээр мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэн явуулна. Харин уг хэрэг дээд буюу доод шатны шүүхэд харьяалагдахаар байвал харьяалах шүүхэд заавал шилжүүлнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
42 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх
Эрүүгийн хэргийг цаг тухайд нь түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд адил эрх бүхий нэг шүүхээс нөгөө шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө шилжүүлж болно.
Хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, дүүргийн шүүхэд, түүнчлэн өөр аймгийн буюу нийслэлийн шүүхэд Улсын дээд шүүхийн танхимын Тэргүүн шүүгчийн захирамжаар, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, түүнчлэн өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүхийн харьяалал тогтоон шилжүүлнэ. Хэргийг шүүхийн харьяалал тогтоон шилжүүлсэн захирамжийн талаар гарсан маргааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28, 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/
Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй бол дээд шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд олонхи шүүгч нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан хэлэлцэнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
43 дугаар зүйл. Харьяаллын талаар маргаж болохгүй
Харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй. Энэ хуулийн 41, 42 дугаар зүйлд дурдсан журмаар шилжиж ирсэн хэргийг шүүх нь заавал хүлээн авч хянан шийдвэрлэж байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД БА ТЭДНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
44 дүгээр зүйл. Яллагдагч ба түүний эрх
Энэ хуулиар тогтоогдсон журмын дагуу тогтоол үйлдэгдэж яллагдагчаар татагдсан этгээдийг яллагдагч гэнэ.
Шүүхэд шилжсэн яллагдагчийг шүүгдэгч гэж нэрлэнэ. Яллагдагчийн хувьд шүүх таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гаргасан бол түүнийг ялтан гэнэ.
Яллагдагчийн эрх: ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан үеэс эхлэн өмгөөлөгч авах, сонсгосон ялын талаар санал хэлэх, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримтыг шалгуулах хүсэлт гаргах, өөрийн эсрэг болон зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа этгээдтэй нүүрэлдэх, мөрдөн байцаалт дуусмагц хэргийн бүх материалтай танилцаж түүнээс төр, байгууллага, хувь хүний нууцад үл хамаарах нотлох баримтыг өөрийн зардлаар хувилах, хуулбарлан авах, анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэлмэрч, шинжээчийг татгалзах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагаанд гомдол гаргах, эх хэлээрээ ярих, хэлмэрч авах, өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох, шүүх хуралдаан дээр эцсийн үг хэлэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах, давж заалдах гомдол, эсэргүүцэлтэй танилцах, тайлбар өгөх.
Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.
Яллагдагчийн үүрэг: хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт хүрэлцэн ирэх, биед үзлэг хийх, шинжилгээ хийхээр хэв хэлбэр авах, эмнэлгийн байгууллагад шилжүүлэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тогтоол болон байцаан шийтгэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад шийдвэрийг биелүүлэхэд саад хийхгүй байх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүх хуралдааны журмыг сахих.
/Энэ зүйлийн 3, 4 дэх хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэгтгэн найруулж, 4, 5 дахь хэсгийг нэмсэн/
45 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох
Гэмт хэрэг үйлдсэн явдалд сэрдэгдэж албадан саатуулагдсан буюу байцаагдах үеэс эхлэн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрхтэй.
Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн яллагдагчийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй.
Шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож болохгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
46 дугаар зүйл. Өмгөөлөгчийг сонгон авах
Сэжигтэн, яллагдагч өөрөө өмгөөлөгчөө сонгон авна. Сэжигтэн, яллагдагчийн зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний төрөл садны хүмүүс, хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийг сонгон авч болно.
Хэрэв сэжигтэн, яллагдагч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор буюу шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй.
Сэжигтэн, яллагдагчийн сонгож авсан өмгөөлөгч уг хэрэгт орох боломжгүй болсон түүнчлэн өмгөөлөгчөөсөө татгалзсан бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөр өмгөөлөгч сонгон авна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
47 дугаар зүйл. Өмгөөлөгчийг заавал оролцуулах
Дор дурдсан хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчийг заавал оролцуулна:
1/уг хэрэгт улсын яллагч оролцож байгаа бол;
/Энэ заалтад 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
2/хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэл мэдрэлийн гэмтлийн улмаас өмгөөлөх эрхээ биелүүлж чадахгүй байвал;
3/насан хүрээгүй хүмүүсийн хэрэгт;
4/монгол хэл мэдэхгүй этгээдийн хэрэгт;
5/хэргийнхээ талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагчийн аль нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол;
6/шүүхэд шилжсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт ялын дээд хэмжээ оногдуулж болох байвал;
Энэ зүйлд дурдсан тохиолдолд яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч буюу төрөл садны хүн, үүнчлэн яллагдагчийн хүссэнээр буюу зөвшөөрснөөр бусад хүмүүс хүмүүс өмгөөлөгчийг уриагүй бол мөрдөн байцаагч буюу шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй.
/Энэ зүйлийн 2 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
48 дугаар зүйл. /Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28 -ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
49 дүгээр зүйл. Өмгөөлөгчийн үүрэг, эрх
Өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах буюу түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авах бөгөөд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид шаардагдах хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
Хэрэгт оролцох талаар тохиролцсон буюу томилогдсон үеэс эхлэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй ганцаарчлан уулзах, тэдгээрийг байцаахад байлцах, асуулт тавих, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр гэрч, хохирогч, шинжээчийг байцаахад байлцаж тэдгээрт асуулт тавих, сэжигтэн, яллагдагч буюу өмгөөлөгчийн хүсэлтээр хийгдэж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байлцаж тухайн ажиллагаанд оролцож байгаа гэрч, шинжээч болон бусад этгээдэд аль ч үед асуулт тавих, өөрийн байлцсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг протоколд бүрэн зөв бичсэн эсэх тухай саналаа бичгээр гаргах, өөрсдийнх нь зөвшөөрснөөр байгууллага, хувь хүнээс тайлбар, тодорхойлолт гаргуулж авах, хэрэгт ач холбогдол бүхий баримт бичиг хуулбарлах, дууны болон дүрс бичлэг хийх замаар баримт сэлт гаргаж өгөх, хүсэлт гаргах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дуусмагц хэргийн бүх материалтай танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад үл хамаарах нотлох баримтыг өөрийн зардлаар хувилах, хуулбарлан авах, анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдааны ажиллагаанд оролцох, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, иргэдийн төлөөлөгч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт тавих эрхтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
491 дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчдийн эрх, үүрэг
Иргэдийн төлөөлөгч хэргийн бүх материалтай танилцах, түүнээс хэрэгцээтэй зүйлийг тэмдэглэж авах, шүүхийн байцаалтад оролцож, шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчид асуулт тавих, нэмэлт нотлох баримтыг судлах талаар хүсэлт гаргах, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй.
Иргэдийн төлөөлөгч өөрийн дотоод итгэл, эрхийн ухамсрыг үндэслэн шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан бүх нотлох баримтыг үнэлж, хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь судалж үзсэний үндсэн дээр шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлтээ бичгээр өгөх үүрэгтэй. Иргэдийн төлөөлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар дүгнэлтээ бичгээр гаргах боломжгүй бол энэ талаар шүүх хуралдааны протоколд тэмдэглүүлж дүгнэлтээ амаар гаргаж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
492дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийг томилох
Шүүх хуралдаанд тухайн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрээс сонгогдсон иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.
Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг энэ хуулийн 57 дугаар зүйлийг удирдлага болгон тухайн шүүх хуралдаан даргалагч томилно.
/Энэ зүйлийг1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
50 дугаар зүйл. Сэжигтэн, түүний өмгөөлөгч
Дор дурдсан этгээдийг сэжигтнээр тооцож, үндэслэл бүхий тогтоол гаргана:
1/уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан;
2/үзсэн хүн буюу хохирогч гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд заасан;
3/уг этгээдийн бие, хувцас, орон байранд нь гэмт хэргийн ул мөр тодорхой илэрч олдсон;
4/уг этгээд хэргээ илчлэн ирсэн;
5/гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий бусад баримт байгаа бол.
Чухам ямар хэрэгт сэрдэгдэж байгааг сэжигтэнд тэр даруй, түүний гэр бүлийнхэн буюу өмгөөлөгчид нь 24 цагийн дотор мэдэгдэнэ.
Сэжигтэн нь ямар хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдэх, энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан үеэс өмгөөлөгч авах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримтыг шалгуулах хүсэлт гаргах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, хэлмэрч, шинжээчийг татгалзах, эх хэлээрээ ярих, хэлмэрч авах, өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр байцаан шийтгэх ажиллагаанд оролцох, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
Хэрэг бүртгэлт буюу мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэгт сэрдэх үндэслэлгүй болсон бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч буюу прокуророос энэ тухай уг этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
Сэжигтэн өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн гэмт хэрэгт холбогдолгүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
51 дүгээр зүйл. Хохирогч
Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ. Иргэнийг хохирогчоор тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
Хохирогч болон түүний төлөөлөгч өмгөөлөгч авах /энэ заалт нь төлөөлөгчөөр оролцож байгаа тохиолдолд хамаарахгүй/, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссан үеэс эхлэн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны ажиллагаанд оролцох, асуулт тавих, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэлмэрч, шинжээчийг татгалзах, гомдол гаргах, эх хэлээрээ ярих, хэлмэрч авах, шүүхийн шийдвэрийг давж заалдах, шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол, эсэргүүцэлтэй танилцаж тайлбар гаргах эрхтэй.
Өмгөөлөгч нь хохирогчоос итгэмжлэлээр олгогдсон эрхийг эдэлнэ. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол энэ зүйлд заасан эрхийг түүний ойрын төрөл садны хүмүүс эдэлнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
52 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэгч
Гэмт хэргийн уршгаар эд материалын хохирол хүлээсэн бөгөөд түүнийгээ нөхөн төлүүлэхээр шаардлага тавьж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг иргэний нэхэмжлэгч гэнэ.
Иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх үндэслэл бүхий тогтоол, шүүгч захирамж гаргана.
Иргэний нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгч нь хэрэгт ач холбогдол бүхий баримт бичиг гаргаж өгөх, хүсэлт гаргах, шүүх хуралдааны ажиллагаанд оролцох, хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, шүүхэд өөрийн нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авахыг хүсэх, иргэний нэхэмжлэлээ дэмжих, мөрдөн байцаалт дууссан үеэс эхлэн хэргийн материалтай танилцах, байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа этгээдүүдийн хэн алиныг татгалзах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагаанд гомдол гаргах, түүнчлэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.
Иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдсон өөртөө байгаа баримт бичгийг шүүхийн шаардсанаар гаргаж өгөх үүрэгтэй.
53 дугаар зүйл. Иргэний хариуцагч
Иргэний хариуцагчаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу бусад хүмүүс, түүнчлэн яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн уршгаар учирсан эд материалын хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулж болно. Иргэний хариуцагчаар татах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх үндэслэл бүхий тогтоол, шүүгч захирамж гаргана.
Иргэний хариуцагч буюу түүний төлөөлөгч нь гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх, гаргасан нэхэмжлэлийн талаар тайлбар өгөх, баримт бичиг гаргаж өгөх, хүсэлт гаргах, мөрдөн байцаалт дууссан үеэс эхлэн хэргийн материалтай танилцах, шүүх хуралдааны ажиллагаанд оролцох, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын хэн алиныг татгалзах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагаанд гомдол гаргах, түүнчлэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын иргэний нэхэмжлэлд холбогдох хэсгийг давж заалдах эрхтэй.
54 дүгээр зүйл. Хохирогч, иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчийн төлөөлөгчид
Эрүүгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр: мэргэжлийн өмгөөлөгч, ойрын төрөл садны хүмүүс, хууль ёсны төлөөлөгчид, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрх хуулиар олгогдсон бусад хүмүүс оролцож болно.
55 дугаар зүйл. Хэлмэрч
Орчуулга хийхэд шаардагдах хэлний мэдлэгтэй бөгөөд энэ хуулийн 18 дугаар зүйлд дурдсан тохиолдолд хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс томилогдсон хүнийг хэлмэрч гэнэ.
Хэлмэрч нь дуудсан цагт ирж хэлмэрчлүүлэхээр даалгасан үүргийг бүрэн, зөв биелүүлэх үүрэгтэй.
Хэлмэрч санаатайгаар буруу хэлмэрчилбэл түүнд Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Энэ зүйлд дурдсан журам нь хэлгүй, дүлий хүний дохиог мэддэг бөгөөд байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулахаар уригдсан хүмүүст нэг адил хамаарна.
56 дугаар зүйл. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг тайлбарлах ба хангах үүрэг
Шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нь байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг тайлбарлаж, тэрхүү эрхийг биелүүлэх бололцоогоор хангах үүрэгтэй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ БАЙДАЛ
57 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хэлэлцэхэд шүүгч оролцож болохгүй үндэслэл
Эрүүгийн хэргийг хэлэлцэхэд шүүгч оролцож болохгүй үндэслэл:
1/хэрэв шүүгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа бол;
2/хэрэв шүүгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн буюу тэдний төлөөлөгчдийн төрөл садан, эсхүл яллагдагчийн буюу түүний хууль ёсны төлөөлөгчийн төрөл садан, түүнчлэн яллагч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн төрөл садан байвал;
3/хэрэв шүүгч өөрөө шууд буюу шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.
Эрүүгийн хэрэг хэлэлцэж байгаа шүүх бүрэлдэхүүнд хоорондоо төрөл садны холбоотой шүүгч оролцож болохгүй. Анхан шатны шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчийн төрөл садны хүмүүс уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд орж болохгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
58 дугаар зүйл. Хэрэг хэлэлцэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл
Эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэхэд оролцсон шүүгч уг хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, түүнчлэн түүний оролцоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болгохоор гарсан таслан шийдвэрлэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосон бол анхан шатны журмаар дахин хэрэг хэлэлцэхэд оролцож болохгүй.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэхэд оролцсон шүүгч, уг хэргийг анхан шатны буюу хяналтын журмаар хянан хэлэлцэх, түүнчлэн түүний оролцоотойгоор гаргасан магадлалыг хүчингүй болгосон бол давж заалдах шатны шүүхээр уг хэргийг дахин хянан хэлэлцэхэд оролцож болохгүй.
Хяналтын шатны журмаар хэрэг хэлэлцэхэд оролцсон шүүгч уг хэргийг анхан шатны ба давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх, түүнчлэн түүний оролцоотойгоор гаргасан тогтоолыг хүчингүй болгосон бол хяналтын шатны шүүхээр уг хэргийг хянан хэлэлцэхэд оролцож болохгүй.
Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт дурдсан журам Улсын дээд шүүхийн шүүгч хяналтын шүүх хуралдаанд оролцоход хамаарахгүй.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
59 дүгээр зүйл. Шүүгчийг татгалзах
Энэ хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан үндэслэл байвал шүүгч өөрөө татгалзах үүрэгтэй. Мөн энэ үндэслэлээр шүүгчийг яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчид татгалзаж болно.
Татгалзах явдал үндэслэлтэй бөгөөд шүүхийн байцаалт эхлэхээс өмнө гүйцэтгэгдвэл зохино. Харин татгалзах үндэслэл шүүхийн байцаалт эхлэснээс хойш уг татгалзах хүнд мэдэгдсэн бол тухайн үед нь татгалзаж болно.
60 дугаар зүйл. Шүүгчийг татгалзсан явдлыг шийдвэрлэх журам
Шүүгчийг татгалзсан асуудлыг бусад шүүгчдээс түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч нь бусад шүүгчдээ уг асуудлын шалтгааны талаар нийтийн өмнө урьдчилан тайлбарлах эрхтэй. Санал тэнцвэл уг шүүгчийг татгалзагдсанд тооцно.
Хоёр шүүгчийг буюу шүүхийн бүх бүрэлдэхүүнийг татгалзсан байвал шүүх бүх бүрэлдэхүүнээрээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Татгалзсан тухай асуудлыг шүүх зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэнэ.
Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзсан нь энэ хуулийн 57, 58 дугаар зүйлд заасан үндэслэлтэй байвал шүүгч хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулж уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулна. Ерөнхий шүүгч уг асуудлыг хянаж шүүгчийг татгалзсан нь үндэслэлтэй байвал өөр шүүгчийг шүүх хуралдаан даргалуулахаар томилно. Энэ талаар гарсан Ерөнхий шүүгчийн шийдвэрт давж заалдаж болохгүй.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
61 дүгээр зүйл. Прокурорыг татгалзах
Энэ хуулийн 57 дугаар зүйлд дурдсан үндэслэл байвал прокурор эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.
Прокурор мөрдөн байцаалт явуулахад буюу хэрэг бүртгэх, түүнчлэн шүүхэд яллагчаар оролцож байсан явдал түүнийг уг хэрэгт цаашид оролцоход саад болохгүй.
Татгалзах үндэслэл байвал эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцохоос прокурор өөрөө зайлах үүрэгтэй. Мөн энэ үндэслэлээр прокурорыг сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчид татгалзаж болно.
Хэрэг бүртгэх ба мөрдөн байцаалт явуулах үед прокурорыг татгалзсан байвал дээд шатны прокурор, шүүх хуралдаан дээр татгалзсан бол уг хэргийг хэлэлцэж байгаа шүүх шийдвэрлэнэ.
62 дугаар зүйл. Мөрдөн байцаагч ба хэрэг бүртгэгчийг татгалзах
Энэ хуулийн 57 дугаар зүйлд дурдсан үндэслэл байвал мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч хэрэг мөрдөхөд оролцож болохгүй. Энэ хэргийг бүртгэх ба мөрдөн байцаалт явуулахад тэднээс урьд оролцож байсан явдал татгалзах үндэслэл болохгүй.
Татгалзах үндэслэл байвал мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч хэрэг мөрдөхөд оролцохоос өөрсдөө зайлах үүрэгтэй. Мөн энэ үндэслэлээр тэднийг сэжигтэн яллагдагч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчид татгалзаж болно.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийг татгалзсан тухай асуудлыг тухайн албаны дарга шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
621дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгчийг татгалзах
Энэ хуулийн 57 дугаар зүйлд дурдсан үндэслэл байвал иргэдийн төлөөлөгч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд оролцож болохгүй. Мөн энэ үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийг яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч татгалзаж болно.
Иргэдийн төлөөлөгчийг татгалзсан тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
Татгалзан гарсан иргэдийн төлөөлөгчийн оронд шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг энэ хуулийн 492дугаар зүйлд заасан журмын дагуу томилно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
63 дугаар зүйл. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзах
Энэ хуулийн 57, 59 дүгээр зүйлд дурдсан журам шүүх хуралдааны нарийн бичгийн даргад нэг адил хамаарна. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар урьд энэ хэрэгт оролцож байсан явдал татгалзах үндэслэл болохгүй.
Нарийн бичгийн даргыг татгалзах тухай асуудлыг хэрэг хэлэлцэж байгаа шүүх шийдвэрлэнэ.
64 дүгээр зүйл. Хэлмэрчийг татгалзах
Энэ хуулийн 57 дугаар зүйлд дурдсан үндэслэл байх буюу орчуулга хийж болохгүй байдал илэрвэл хэлмэрч эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохгүй.
Мөн энэ үндэслэлээр хэлмэрчийг сэжигтэн, яллагдагч, яллагч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчид татгалзаж болно.
Энэ хэрэгт урьд хэлмэрчээр оролцож байсан явдал татгалзах үндэслэл болохгүй.
Хэрэг бүртгэх буюу мөрдөн байцаалт явуулах үед хэлмэрчийг татгалзсан тухай асуудлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч буюу прокурор, харин шүүх хуралдаан дээр татгалзсан бол уг хэрэг хэлэлцэж байгаа шүүх шийдвэрлэнэ.
65 дугаар зүйл. Шинжээчийг татгалзах
Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагаанд шинжээч оролцож болохгүй:
1/энэ хуулийн 57 дугаар зүйлд дурдсан үндэслэл байвал, харин уг хэрэгт урьд шинжээчээр оролцсон явдал татгалзах үндэслэл болохгүй;
2/шинжээч нь албан тушаалын ба бусад талаар сэжигтэн, яллагдагч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрхшээлд байсан буюу байгаа бол;
3/шинжээчээс энэ хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол;
4/шинжээчээр оролцож болохгүй байдал илэрсэн байвал.
Шинжээчийг татгалзсан тухай асуудлыг энэ хуулийн 64 дүгээр зүйлд дурдсан журмаар шийдвэрлэнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
НОТЛОХ БАРИМТ
66 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд
Эрүүгийн хэргийг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах ба шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нотлогдвол зохих байдлууд:
1/гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн ба бусад байдлууд/;
2/гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийн гэм буруу ба гэмт хэргийн шалтгаан;
3/яллагдагчид хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх байдал ба түүний хувийн чанарыг тодорхойлох бусад байдлууд;
4/гэмт хэргийн уршгаар учруулсан хохирлын шинж байдал, хэмжээ.
Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байдлуудыг нэг адил тодруулна.
67 дугаар зүйл. Нотлох баримт
Гэмт хэргийн нөхцөл, байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг эрүүгийн хэргийн нотлох баримт гэнэ.
Эрүүгийн хэргийн нотлох баримт нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт, гэрэл болон кино зураг, дүрс, дууны бичлэг, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны протокол, бусад баримт бичгээр тогтоогдоно.
Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу явуулсан гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болно.
Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Нэргүй захидал болон мэдээлэл нь нотлох баримт болохгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
68 дугаар зүйл. Нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор энэ хуулиар тогтоосон журмаар сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогч, шинжээчийг байцаах, нүүрэлдүүлж байцаах, таньж олуулах, нэгжих, үзлэг хийх, туршилт хийх, баримт бичиг, эд зүйлийг хураан авах, харьцуулан шинжлэхээр хэв хэлбэр авах, шинжилгээ хийх, түүнчлэн энэ хуульд заасан мөрдөн байцаалтын бусад ажиллагааг явуулж нотлох баримтыг цуглуулна.
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч болон иргэн, байгууллага баримт сэлт гарган өгч болно.
Нотлох баримтыг цуглуулахдаа иргэний амь нас, эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаасан ажиллагаа явуулах, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлох, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж болохгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
681 дүгээр зүйл. Нотлох баримтыг бэхжүүлэх
Эрүүгийн хэрэгт цугларсан баримт сэлт, эд зүйлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны болон шүүх хуралдааны протоколд тэмдэглэж бэхжүүлнэ.
Протокол үйлдэх үүргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээнэ.
Нотлох баримтыг бэхжүүлэхдээ протокол үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дүрс болон дууны бичлэг, кино болон гэрэл зураг, төлөвлөгөө, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг бусад аргыг хэрэглэж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
69 дүгээр зүйл. Нотлох баримтыг үнэлэх
Шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нь хууль болон эрхийн ухамсрыг удирдлага болгож хэргийн бүх байдлыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.
Шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчид урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
Нотлох баримт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан журам, арга хэрэгслээр цугларсан эсэх талаас нь үнэлэлт өгнө.
Хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Энэ заалт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгахад хамаарахгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
70 дугаар зүйл. Гэрчийн мэдүүлэг
Гэрчийг уг хэргийн талаар тогтооход шаардагдах ямар ч байдал, түүний дотор сэжигтэн, яллагдагч, хохирогчийн хувийн байдал, түүнчлэн тэдэнтэй ямар харилцаатай болох тухай асуудлаар байцааж болно.
Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй бол тэр нь нотлох баримт болж чадахгүй.
71 дүгээр зүйл. Гэрчээр байцааж болохгүй хүмүүс
Гэрчээр байцааж болохгүй хүмүүс:
1/өмгөөлөх үүргээ гүйцэтгэж байх явцад хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч;
2/эрхтэн дутуу буюу сэтгэл мэдрэлийн, гэмтлийн өвчний улмаас хэрэгт холбогдох байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон хүмүүс;
/Энэ зүйлд 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар 3 дахь заалт нэмсэн бөгөөд 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар уг заалтыг хассан/
72 дугаар зүйл. Гэрчийн үүрэг
Гэрч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
Гэрч нь дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэрээр түүнийг цагдаагийн байгууллага албадан ирүүлнэ.
Гэрч худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс татгалзсан буюу зайлсхийсэн бол түүнд эрүүгийн хуулийн 205, 206 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Гэрч нь гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Энэ зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь өөрийн гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон хохирогчид нэгэн адил хамаарна.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны болон 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
73 дугаар зүйл. Хохирогчийн мэдүүлэг
Хохирогч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх бүх зүйлээ мэдэгдэж, тавьсан асуултад хариулт өгч, үнэн зөв, мэдүүлэг өгөх үүрэгтэй.
Хэргийг тодруулахад шаардлагатай өөрт нь мэдэгдэж байгаа баримт, түүнчлэн сэжигтэн буюу яллагдагчтай ямар харилцаатай болох талаар хохирогчийг байцааж болно.
Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй бол тэр нь нотлох баримт болж чадахгүй.
Хохирогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, түүнчлэн санаатайгаар худал мэдүүлэг өгсөн байвал түүнд энэ хуулийн 72 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэнэ.
74 дүгээр зүйл. Сэжигтний мэдүүлэг
Сэжигтэн нь албадан саатуулагдсан буюу цагдан хоригдох арга хэмжээ авагдсаны үндэслэл болсон байдал, түүнчлэн хэргийн талаар мэдэж байгаа бусад байдлын тухай мэдүүлэг өгөх үүрэгтэй.
Сэжигтнээс мэдүүлэг өгөхийг шаардах, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
75 дугаар зүйл. Яллагдагчийн мэдүүлэг
Яллагдагч сонсгосон ялын талаар, түүнчлэн хэргийн тухай мэдэж байгаа бусад байдал ба хэрэгт байгаа нотлох баримтын талаар мэдүүлэг өгөх эрхтэй.
Яллагдагчаас өөрийнхөө гэм бурууг хүлээж байгаа явдал нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно.
Яллагдагчаас мэдүүлэг өгөхийг шаардах, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлохыг хориглоно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
76 дугаар зүйл. Шинжилгээ
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагаанд шинжлэх ухаан, техник, урлаг, гар урлалын тусгай мэдлэг зайлшгүй шаардагдвал шинжилгээ хийлгэнэ. Шинжилгээг зохих байгууллагын шинжээчид, эсхүл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор,шүүхээс томилогдсон тусгай мэргэжлийн бусад хүмүүс гүйцэтгэнэ. Дүгнэлт гаргуулахын тул зохих мэдлэг бүхий хэнийг ч болов шинжээчээр дуудан ирүүлж болно.
Шинжээчид тавих асуулт ба түүний гаргах дүгнэлт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрч болохгүй.
77 дугаар зүйл. Шинжилгээ заавал хийлгэх
Шинжилгээг заавал хийлгэх нь:
1/гадны нөлөөллөөр буюу сэжигтэй байдлаар нас нөгчсөн бол түүний шалтгаан, түүнчлэн бие махбодид учирсан гэмтлийн шинж байдлыг тогтоох;
/Энэ заалтыг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2/эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааны үед яллагдагч, сэжигтнээс хэргийнхээ үйлдлийг тайлбарлах ба түүнийг хариуцах талаар ухаан санаа нь эрүүл эсэх, мөн энэ талаар чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл тэдний сэтгэл мэдрэлийн байдлыг тогтоох;
3/гэрч, хохирогч нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг зөвөөр тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл тэдний сэтгэл мэдрэл, эрүүл мэндийн байдлыг тодорхойлох;
4/яллагдагч, сэжигтэн, хохирогчийн насны тухай баримт бичиг байхгүй бөгөөд тэдний насыг тогтоох явдал хэрэгт ач холбогдолтой байвал.
78 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлт
Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн, тусгай мэдлэгтээ зохицуулан өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна.
Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээч томилсон бол тэд нь дүгнэлт өгөхөөс өмнө хоорондоо зөвлөнө. Хэрэв нэг төрлийн мэргэжлийн шинжээчид санал нэгтэй байвал дүгнэлтэд бүгдээрээ гарын үсэг зурна. Хэрэв шинжээчид өөр хоорондоо санал зөрвөл шинжээч бүр тус тусдаа дүгнэлт гаргана.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаагаа үндэслэсэн байвал зохино.
79 дүгээр зүйл. Нэмж буюу дахин шинжилгээ хийлгэх
Дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн биш байвал нэмж шинжилгээ хийлгэхээр уг шинжээч буюу өөр шинжээчид даалгаж болно.
Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй буюу зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж болно.
80 дугаар зүйл. Шинжээчийн үүрэг ба эрх
Шинжээч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, өөртөө тавигдсан асуултад бодит дүгнэлт өгөх үүрэгтэй.
Хэрэв тавигдсан асуулт шинжээчийн мэргэжлийн хүрээнээс хэтэрсэн буюу ирүүлсэн материал нь дүгнэлт өгөхөд дутагдалтай байвал шинжээч дүгнэлт өгөх боломжгүй байгаа тухайгаа шинжилгээ хийлгэхээр даалгасан байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
Шинжээчийн эрх:
1/хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах;
2/дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэгдэл материал ирүүлэхийг хүсэх;
3/хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлтэйгээр хүмүүсийг байцаахад ба мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагааг явуулахад байлцах, байцаагдаж байгаа хүмүүст шинжилгээтэй холбогдох асуулт тавих.
Шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгэвэл зохих үүргээсээ татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт өгсөн байвал Монгол Улсын эрүүгийн хуулийн 205, 206 дугаар зүйлд дурдсанаар хариуцлага хүлээнэ.
/Энэ хэсгийг АИХТ-ийн 1987 оны 93 дугаар зарлигаар өөрчилсөн/
81 дүгээр зүйл. Эд мөрийн баримт
Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл буюу гэмт хэргийн ул мөр үлдсэн зүйл, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн объект, түүнчлэн гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, бусад үнэ бүхий зүйл, гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт этгээдийг олох, эсхүл яллагдагчийн гэм бурууг үгүйсгэх буюу хөнгөрүүлж болох бусад зүйлийг тооцно.
82 дугаар зүйл. Эд мөрийн баримтыг хадгалах
Эд мөрийн баримтыг үзлэгийн протоколд бичиж, бололцоо байвал гэрэл зургийг авах ба боломжтой бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын тусгай тогтоолоор буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хавтаст хэрэгт хавсаргана. Эд мөрийн баримтыг эрүүгийн хэрэгт хадгална.
Хэрэв эд мөрийн баримт хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол гэрэл зургийг авч, бололцоо байвал лацдаж битүүмжлээд, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зааж өгсөн тусгай газар хадгалж, энэ тухай тодорхойлолтыг хэрэгт хавсаргана.
Хэргийг нэг газраас нөгөөд шилжүүлэхэд хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар уг хэрэгт хавсаргах боломжгүйгээс бусад эд мөрийн баримтыг хэргийн хамт явуулна.
83 дугаар зүйл. Эд мөрийн баримтыг хадгалах хугацаа
Таслан шийдвэрлэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, захирамжийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримт хадгална. Эд зүйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг иргэний журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хадгална.
Зарим үед хэрэв хэргийн ажиллагаанд хохирол учруулахгүй бол эд мөрийн баримтыг зохих эзэнд нь дээр дурдсан хугацаа дуусахаас өмнө эгүүлэн өгч болно.
Түргэн гэмтэх эд мөрийн баримтыг эзэмшигчид нь эгүүлэн өгөх боломжгүй нөхцөлд хэрэгцээний нь дагуу ашиглуулахаар зохих байгууллагад шилжүүлэн өгнө. Шаардлагатай бол эзэмшигчид нь адил төрөл, чанарын эдийг олгох буюу эсхүл үнийг төлнө.
84 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээ
Таслан шийдвэрлэх тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол буюу захирамжаар эд мөрийн баримтыг хэрхэх тухай асуудлыг шийдвэрлэнэ:
1/яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхэд өөрийн нь хэрэглэсэн зэвсэг, хэрэгслийг хураан авч зохих байгууллагад шилжүүлэх буюу устгах;
2/гүйлгээнд хориглогдсон зүйлийг зохих байгууллагад шилжүүлэх буюу устгах;
3/цаашид ашиглаж болохгүй эд зүйлийг устгах ба хэрэв сонирхогч этгээд буюу байгууллагаас хүсвэл өгөх;
4/гэмт үйлдлийн замаар олсон орлого болон тэдгээртэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь эгүүлэн олгох бөгөөд хэрэв эзнийг тогтоох боломжгүй бол шүүхийн шийдвэрээр улсын орлого болгоно. Эд зүйлийн эзэмшлийн талаар маргаан гарвал иргэний журмаар шийдвэрлэнэ. Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3, 5-д дурдсан үндэслэлээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон бол гэмт үйлдлийн замаар олсон орлого болон тэдгээртэй адилтган үзэх бусад эд зүйлийн тухай асуудлыг шүүх шийдвэрлэнэ;
/Энэ заалтыг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5/эд мөрийн баримт болох баримт бичгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх, эсхүл сонирхогч байгууллага буюу этгээдэд шилжүүлэн өгнө.
85 дугаар зүйл. Мөрдөн байцаалтын ба шүүхийн ажиллагааны протокол
Үзлэг, нэгжлэг хийх, зарим зүйлийг хураан авах, албадан саатуулах, таниулж олуулах, түүнчлэн мөрдөн байцаалтын туршилт хийх үед тогтоогдсон байдал, баримтыг гэрчилж байгаа бөгөөд энэ хуульд заасан журмаар бичигдсэн протокол нь эрүүгийн хэрэгт нотлох баримтын эх сурвалж болно.
86 дугаар зүйл. Баримт бичиг
Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн баталсан ба бичсэн баримт бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно.
Хэрэв баримт бичиг нь энэ хуулийн 81 дүгээр зүйлд заасан шинж бүхий байвал эд мөрийн баримт болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
87 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх
Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болох буюу эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болох, эсхүл гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол тэдгээрт дараахь таслан сэргийлэх арга хэмжээний аль нэгийг хэрэглэж болно: оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах, батлан даалтад өгөх, хөрөнгө барьцаалах, цагдан хорих.
Таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.
Таслан сэргийлэх арга хэмжээ болгож цэргийн албан хаагчийг хянаж харгалзуулахаар түүний алба хааж байгаа цэргийн анги, нэгтгэл, байгууллагын удирдлагад шилжүүлж болно.
Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй бол дуудсан цагт ирэх, оршин суугаа газраа өөрчилсөн тухайд мэдэгдэж байх үүрэг яллагдагчид хүлээлгэж гарын үсэг авна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
88 дугаар зүйл. Сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах
Онцгой тохиолдолд гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдэд ял сонсгохын өмнө таслан сэргийлэх арга хэмжээ авч болно. Тэгэхдээ таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр ял сонсговол зохино. Хэрэв энэ хугацаанд ял сонсоогүй бол таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоно.
Харин мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй хэргийн хэрэг бүртгэлтийн хугацааг энэ хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу сунгасан бол мөн хугацаагаар сэжигтэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж болно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
89 дүгээр зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ авахад анхаарвал зохих байдлууд
Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай эсэх, түүнчлэн таслан сэргийлэх ямар арга хэмжээ авбал зохих тухай асуудлыг шийдвэрлэхэд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх энэ хуулийн 87 дугаар зүйлд дурдсан байдлаас гадна сонсгосон ялын хүнд, хөнгөн, сэжигтэн буюу яллагдагчийн хувийн байдал, түүний ажил төрөл, нас, эрүүл мэнд, гэр бүлийн байдал болон бусад байдлыг анхаарах ёстой.
90 дүгээр зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол, захирамж
Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх үндэслэл бүхий тогтоол, шүүгч захирамж гаргаж, түүндээ уг этгээд ямар гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа буюу яллагдаж байгаа, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлийг заана.
Тогтоол буюу захирамжийг таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаа этгээдэд сонсгоно.
91 дүгээр зүйл. Гадагш явж болохгүй тухай баталгаа авах
Сэжигтэн, яллагдагчаас байнга буюу түр оршин сууж байгаа газраасаа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр гадагш явахгүй тухай баталгааг бичгээр гаргуулж авна.
Хэрэв сэжигтэн, яллагдагч энэ арга хэмжээг зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг чангаруулж болох бөгөөд энэ тухай баталгаа авах үед түүнд урьдчилан мэдэгдэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
92 дугаар зүйл. Батлан даалт
Батлан даалт гэдэг нь байнга оршин суух хаягтай, тодорхой ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгийн эх үүсвэртэй, батлан даагчийн үүргийг бүрэн хүлээх чадвартай, насанд хүрсэн иргэнээс сэжигтэн, яллагдагчийг төлөв, томоотой байлгах, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж, бичгээр үүрэг авахыг хэлнэ. Батлан даагч нь хоёроос доошгүй байна.
Чухам ямар хэргийн учир таслан шийдвэрлэх арга хэмжээ авагдсан, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлсхийвэл хүлээлгэх хариуцлагын тухай батлан даагчид мэдэгдэнэ. Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлвал батлан даагчийг шүүгчийн захирамжаар энэ хуулийн 315 дугаар зүйлд заасан журмаар 500-25000 хүртэл төгрөгөөр торгож сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг нөхөн төлүүлнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
93дугаар зүйл. /Энэ зүйлийг1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
94 дүгээр зүйл. Цагдан хорих
Онц хүнд, хүнд, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл удаа дараа ял шийтгэгдэж байсан буюу онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн мөрдөн байцаалтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэх буюу оргон зайлсхийж болох хангалттай үндэслэл байвал уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ хуулийн 12 дугаар зүйлийн шаардлагын дагуу хэрэглэж болно.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлийн аль нэг нь байвал жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлгийн байгууллагын хяналтын дор цагдан хорьж болно.
Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн буюу хүнд өвчтэй этгээд, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл байхгүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхийг хориглоно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
95 дугаар зүйл. Хорьж мөрдөх хугацаа
Яллагдагчийн хорьж мөрдөх хугацааг 2 сараас хэтрүүлж болохгүй. Гагцхүү хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийг хэргийн төвөгтэй байдлыг харгалзан цаашид хорь мөрдөх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл сум, сум дундын болон дүүргийн прокурор 1 сар хүртэл, аймаг, нийслэлийн болон дагнасан прокурор 2 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах 3 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын орлогч 2 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно. Сунгасан хугацаанд мөрдөн байцаалт дуусаагүй бөгөөд цаашид зайлшгүй шаардлагатай тохиолдолд хорьж мөрдөх хугацааг Улсын ерөнхий прокурор 26 сар хүртэл хугацаагаар нэмж сунгана.
Мөрдөн байцаагч хорьж мөрдөх хугацааг сунгах тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө зохих прокурорт явуулна.
Шүүхээс нэмж мөрдөн байцаалгахаар буцаасан хэргийн яллагдагчийг цаашид хорьж мөрдсөн хугацааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд оруулж тооцно.
Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шатанд яллагдагчийг хорьж мөрдөх хугацаа дуусвал тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хэргийг хянан шийдвэрлэхэд шаардагдах хугацаагаар захирамж гарган сунгаж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
96 дугаар зүйл. Цагдан хоригдохоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн хүүхдийг харгалзан дэмжих ба эд хөрөнгийг хамгаалах
Хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор, шүүх дор дурдсан үүрэгтэй:
1/цагдан хоригдохоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн харж үзэх хүнгүй буюу эд хөрөнгийн талаар амьдрах бололцоогүй үлдсэн насанд хүрээгүй хүүхдийг харгалзан дэмжүүлэхээр төрөл садны буюу бусад хүмүүст, эсхүл зохих байгууллагад хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шилжүүлэн өгөх;
2/цагдан хоригдохоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн эзэнгүй үлдсэн эд хөрөнгө, орон сууцыг хамгаалах арга хэмжээ авах.
Хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор, шүүх авсан арга хэмжээний тухай цагдан хоригдохоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдэд мэдэгдэнэ.
97 дугаар зүйл. Барьцаа
Мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт саадгүй ирж байхыг яллагдагч өөрөө баталж, эсхүл яллагдагчийг тийнхүү ирүүлж байх үүргийг бусад хүн, байгууллага хүлээж, уг таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа байгууллагын дансанд шилжүүлсэн бэлэн мөнгө буюу бусад үнэ бүхий зүйлийг барьцаа гэнэ.
Барьцаа авсан тухай протокол үйлдэж, хуулбарыг барьцаа өгөгчид гардуулна.
Барьцааны хэмжээг таслан сэргийлэх энэ арга хэмжээ авч байгаа байгууллага барьцаа өгөгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хэргийн байдалд тохируулан тогтооно.
Яллагдагч нь мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй зайлсхийвэл барьцаанд өгсөн зүйлийг шүүгчийн захирамжаар энэ хуулийн 315 дугаар зүйлд заасан журмаар улсын орлого болгоно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
98 дугаар зүйл. Цэргийн анги, нэгтгэл, байгууллага удирдлагад хянан харгалзуулахаар өгөх
Гэмт хэрэг үйлдсэн цэргийн албан хаагчийг цэргийн анги, нэгтгэл, байгууллагын удирдлагад хянан харгалзуулахаар өгөх гэдэг нь яллагдагчийг төлөв томоотой байлгах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт ирүүлж байхыг хариуцаж Монгол Улсын цэргийн албаны дүрэмд заасан арга хэмжээ авахыг хэлнэ.
Чухам ямар хэргийн учир таслан сэргийлэх энэ арга хэмжээ авагдсан болохыг цэргийн анги, нэгтгэл, байгууллагын удирдлагад мэдэгдэнэ.
Цэргийн анги, нэгтгэл, байгууллагын удирдлага нь хянан харгалзах арга хэмжээ авсан тухайгаа таслан сэргийлэх энэ арга хэмжээ авсан байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
981 дүгээр зүйл. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх
Гэмт хэргийн бодит байдлыг тогтооход албан тушаалаа ашиглан саад учруулж болзошгүй тохиолдолд яллагдагчийг эрхэлж байгаа албан үүргээ биелүүлэхийг түр хугацаагаар түдгэлзүүлэхээр мөрдөн байцаагч үндэслэл бүхий тогтоол гаргаж прокурор батална. Уг тогтоолыг биелүүлэхээр эрх бүхий байгууллагад явуулна.
Энэ арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй бол албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн явдлыг мөрдөн байцаагчийн тогтоолоор хүчингүй болгоно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
99 дүгээр зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх
Таслан сэргийлэх арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон бол хүчингүй болгоно. Хэргийн болон сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг чангатгах буюу хөнгөрүүлэн өөрчилж болно. Таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх явдлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор үндэслэл бүхий тогтоолоор, уг хэрэг шүүхэд шилжсэн бол шүүхийн үндэслэл бүхий тогтоол, шүүгчийн захирамжаар тус тус гүйцэтгэнэ.
Прокурорын заалтаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гагцхүү прокурорын зөвшөөрснөөр хүчингүй болгох буюу өөрчилж болно.
100 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээ авахад прокуророос тавих хяналт
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах байгууллагаас авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хууль ёсны үндэслэлтэй болсон эсэхэд прокурор хяналт тавина. Сэжигтэн буюу яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, нэгэнт авсан арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх шаардлагатай бол прокурор дээрх байгууллагуудад бичгээр мэдэгдэх эрхтэй.
Прокурорын заалтыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ПРОТОКОЛ
101 дүгээр зүйл. Протокол заавал үйлдэх
Мөрдөн байцаах ажиллагаа явуулах, түүнчлэн шүүх хуралдаанд протокол заавал үйлдэнэ.
102 дугаар зүйл. Мөрдөн байцаах ажиллагааны протокол
Мөрдөн байцаах ажиллагааны протоколыг хэрэг бүртгэгч буюу мөрдөн байцаагч, мөрдөн байцаах ажиллагааны явцад буюу түүнийг дуусмагц үйлдэнэ. Протоколд мөрдөн байцаах ажиллагаа хэзээ, хаана явагдсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, протокол үйлдсэн хүний албан тушаал, нэр, мөрдөн байцаах ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, нэр, шаардлагатай бол тэдний хаяг, түүнчлэн мөрдөн байцаах ажиллагааны агуулга ба түүний явцад илэрсэн хэрэгт чухал ач холбогдолтой байдал болон мөрдөн байцаах ажиллагаа явагдсан дэс дарааллыг бичнэ. Протоколыг мөрдөн байцаах ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүмүүс унших бөгөөд тэдэнд протоколд засвар оруулахаар санал гаргах эрхтэй болохыг тайлбарлаж өгсөн байвал зохино.
Мөрдөн байцаах ажиллагаа явуулсан ажилтан, байцаагдсан этгээд, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаах ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бусад хүмүүс протоколд гарын үсэг зурна.
Протоколд кино болон гэрэл зураг, төлөвлөгөө, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, хээг хавсаргаж болох ба энэ тухай протоколд зохих заалт, тэмдэглэлийг хийнэ. Бүх өөрчлөлт, засвар, нэмэлтийг протоколд тайлбарлан бичвэл зохино.
103 дугаар зүйл. Мөрдөн байцаах ажиллагааны протоколд гарын үсэг зурахаас татгалзсан буюу зурах бололцоогүй байсныг батлах
Хэрэв сэжигтэн, яллагдагч, гэрч буюу бусад хүмүүс мөрдөн байцаах ажиллагааны протоколд гарын үсэг зурахаас татгалзах, эсхүл эрхтэн дутуу буюу бусад шалтгаанаар гарын үсэг зурах бололцоогүй бол протоколын эцэст тэмдэглэл хийж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан ажилтан ба хөндлөнгийн хоёр гэрч гарын үсэг зурж батална.
Протоколд гарын үсэг зурахаас татгалзсан этгээдэд тухайн шалтгааныг тайлбарлах бололцоо олгож тайлбарыг протоколд тэмдэглэнэ.
104 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 1993 оны З дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
105 дугаар зүйл. Шүүх хуралдааны протокол
Шүүх хуралдааны протоколд хурлыг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн ба дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга, хэлмэрч, яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон тэдний төлөөлөгч, түүнчлэн шүүхэд дуудагдан ирсэн бусад хүмүүсийн нэр, хэлэлцэж байгаа хэрэг, шүүгдэгчийн биеийн байцаалт ба таслан сэргийлэх арга хэмжээ, шүүхийн ажиллагаа явагдсан дэс дараалал, шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүсийн өргөдөл ба хүсэлт, зөвлөлдөх тасалгаанд оролгүйгээр гаргасан тогтоол, захирамж, зөвлөлдөх тасалгаанд ямар тогтоол, захирамж гаргасан, шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүсийн эрх, үүргийг тайлбарласан тухай мэдүүлгийн тодорхой агуулга, шүүх хуралдааны явцад үзлэг ба нотлох баримт цуглуулах талаар хийсэн бусад ажиллагааны үр дүн, шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүсээс протоколд бичихийг хүссэн зүйл, шүүх хуралдаанд журам зөрчсөн явдал гарсан бол хэн яаж зөрчсөн, шүүх хуралдааны шүүмжлэл ба шүүгдэгчийн эцсийн үгний товч утга, таслан шийдвэрлэх тогтоолыг уншин сонсгосон ба түүнийг давж заалдах журмыг тайлбарласан тухайг бичнэ.
Хэрэв цаазаар авах ял оногдуулсан бол уучлал гуйх эрхтэй болохыг шүүгдэгчид тайлбарлаж өгснийг протоколд тэмдэглэвэл зохино.
Шүүх хуралдааны протоколыг шүүх хуралдааны явцад үйлдэх бөгөөд шүүх хуралдаан дууссанаас хойш З хоногоос хэтрүүлэлгүйгээр бэлтгэж, гарын үсэг зуруулсан байвал зохино.
Протоколд хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Бүх өөрчлөлт, засвар, нэмэлтийг протоколд тэмдэглэвэл зохино.
106 дугаар зүйл. Шүүх хуралдааны протоколд засвар оруулах
Яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон тэдний төлөөлөгчид протоколд гарын үсэг зурагдсанаас З хоногийн дотор уг протоколтой танилцах эрхтэй ба мөн хугацааны дотор түүнд засвар оруулах саналаа өгөх эрхтэй. Уг саналыг шүүх хуралдааны протоколд гарын үсэг зурсан дарга, нарийн бичгийн дарга хамтран хянаад зөвшөөрвөл түүний зөв болохыг баталж шүүх хуралдааны протоколд хавсаргана.
Хэрэв зөвшөөрөхгүй бол энэ асуудлыг шүүх хуралдаанд оролцсон яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны З дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Шүүх хуралдааны протоколд өгсөн саналыг хэлэлцэхэд шаардлагатай бол санал өгсөн хүнийг байлцуулна.
Өгсөн саналыг хэрэгт хавсаргана.
107 дугаар зүйл. Протокол үйлдэх журам зөрчсөнөөс гарах холбогдол
Эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааны үед үйлдсэн протоколд бичигдээгүй мөрдөн байцаалт ба шүүх хуралдааны ажиллагаа нь нотлох баримт болж чадахгүй.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ХУГАЦАА БА ШҮҮХИЙН ЗАРДАЛ
108 дугаар зүйл. Хугацаа тоолох
Энэ хуульд дурдсан хугацааг цаг, хоног, сараар тоолно.
Хугацааг тоолоход уг хугацаа эхэлсэн цаг, хоногийн тооцоонд оруулахгүй.
Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлчийн хоногийн 24 цагт дуусна. Хугацааг сараар тоолоход сүүлчийн сарын мөн өдөр уул хугацаа дуусна. Хэрэв энэ сард тохирох өдөр байхгүй бол мөн сарын эцсийн хоногт хугацаа дуусна. Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг дараачийн ажилд орсон анхны өдрөөр тоолно.
Гомдол ба бусад баримт бичгийг хугацаа дуусахын өмнө шууданд өгсөн, түүнчлэн хоригдож байгаа этгээд хорих газрын захиргаанд өгсөн байвал хугацаа хэтэрсэнд тооцохгүй.
109 дүгээр зүйл. Хэтэрсэн хугацааг сэргээх
Хэтэрсэн хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд түүнийг сонирхогч этгээдээс сэргээхийг хүсвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол буюу шүүгчийн захирамжаар сэргээнэ.
Давж заалдах гомдлыг тогтоосон хугацаанаас хэтрүүлж гаргасан байвал түүнтэй холбогдох шийдвэрийг сонирхогч этгээдийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг сэргээх тухай асуудлыг шийдвэрлэх хүртэл биелүүлэхийг түдгэлзэж болно.
Хэтэрсэн хугацааг сэргээх буюу шийдвэрийг биелүүлэх явдлыг түдгэлзүүлэхийг татгалзсан тухай тогтоол буюу захирамжийг ердийн журмаар давж заалдаж болно.
110 дугаар зүйл. Шүүхийн зардал
Шүүхийн зардал нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ:
1/гэрч, хохирогч, шинжээч, хэлмэрч, хөндлөнгийн гэрчид төлөх зардал;
2/эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэн явуулах, шинжлүүлэхэд гарсан зардал;
3/уг хэргийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдож гарсан бусад зардал.
111 дүгээр зүйл. Гэрч, хохирогч, шинжээч, хэлмэрч, хөндлөнгийн гэрчид зардал төлөх
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор буюу шүүхэд гэрч, хохирогч, шинжээч, хэлмэрч, хөндлөнгийн гэрчээр дуудагдсан хүмүүст мөн хугацааны цалинг ажлын нь газраас олгоно. Үүнээс гадна дээр дурдсан хүмүүс, түүнчлэн ажилчин, албан хаагч биш хүмүүс дуудагдаж ирсэн явдалтай холбогдож гарсан зардлаа нөхөн төлүүлж авах эрхтэй.
Шинжээч, хэлмэрч өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн тухай шагнал авах эрхтэй. Харин эрхэлсэн ажлын хувиар уг үүргийг биелүүлсэн бол үүнд хамаарахгүй.
Дуудагдсан явдалтай холбогдсон зардал ба шагналыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах байгууллага буюу шүүхийн хөрөнгөнөөс гаргана. Зардал олгох журам ба түүний хэмжээг Монгол Улсын Их Хурал тогтооно.
112 дугаар зүйл. Шүүхийн зардлыг гаргуулах
Шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс шүүхийн зардлыг гаргуулах эрхтэй.
Хэрэв хэд хэдэн шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол шүүхийн зардлын хэмжээг хүн нэг бүрийн гэм буруу, хариуцлагын хэр хэмжээ, хөрөнгийн байдлыг харгалзан шүүх хуваарилж тогтооно.
Уг хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан, түүнчлэн шийтгэгдсэн этгээдээс шүүхийн зардлыг гаргуулах боломжгүй гэж шүүх үзвэл шүүхийн зардлыг улс хариуцна.
Хохирогчийн гомдлоор үүссэн хэрэгт шүүгдэгч нь цагаатгагдвал гомдол гаргаж хэрэг хэлэлцүүлж эхэлсэн этгээдээс шүүхийн зардлыг бүрэн буюу заримыг шүүх гаргуулах эрхтэй. Хэрэв хохирогч яллагдагчтай харилцан эвлэрснээр уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байвал шүүхийн зардлыг тэдний аль нэгээс буюу хоёр талаас шүүх гаргуулах эрхтэй.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн боловч ял шийтгэлээс чөлөөлөгдсөн байвал түүнээс шүүх зардлаа гаргуулах эрхтэй.
П ХЭСЭГ
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ, ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААЛТ ЯВУУЛАХ
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ
113 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл
Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл:
1/иргэний өргөдөл, гомдол;
2/аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны мэдээлэл;
3/хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл;
4/хэргээ илчлэн ирэх;
5/хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокуророос гэмт хэргийн шинж тэмдгийг шууд өөрөө илрүүлэх.
Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хангалттай баримт, үндэслэл байвал эрүүгийн хэрэг үүсгэж болно.
Нэр, хаяггүй мэдээлэл нь дангаараа эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болохгүй бөгөөд түүнийг урьдчилан шалгаж гэмт хэрэг гарсан гэх хангалттай баримт, үндэслэл тогтоогдвол энэ хуулийн 1 дэх хэсгийн 5-д заасан албан тушаалтан эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны З дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
114 дүгээр зүйл. Гэмт хэргийн тухай өргөдөл ба мэдээлэл
Иргэдийн өргөдөл амаар ба бичгээр байж болно.
Амаар гаргасан өргөдлийг протоколд бичиж, өргөдөл гаргагч ба түүнийг бичиж авсан хүн гарын үсэг зурна. Бичгээр гаргасан өргөдөл дээр өргөдөл гаргагч гарын үсэг зурна.
Өргөдөл гаргагчид санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлан өгч, энэ тухайгаа протоколд тэмдэглэн өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулна.
Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны мэдээлэл нь бичгээр байвал зохино.
115 дугаар зүйл. Хэргээ илчлэн ирэх
Хэргээ илчлэн ирсэн этгээдийн биеийн байцаалтыг тогтоож, гаргасан мэдүүлгийг протоколд тодорхой бичиж, хэргээ илчилж ирсэн этгээд ба протокол үйлдсэн хүн гарын үсэг зурна.
116 дугаар зүйл. Гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг заавал хянаж үзэх
Гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа тухай гомдол, мэдээллийг прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэх байгууллага хүлээн авах үүрэгтэй. Гомдол, мэдээллийг прокурор, мөрдөн байцаагч нь хэрэг бүртгэх байгууллагад харьяаллын дагуу нэн даруй шилжүүлэх бөгөөд хэрэг бүртгэх байгууллага хүлээн авсан гомдол, мэдээллийг шалгаж 5 хоногийн дотор онцгой тохиолдолд 14 хоногоос хэтрүүлэлгүйгээр дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:
1/эрүүгийн хэрэг үүсгэх;
2/эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах.
Гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтан хэрэг бүртгэлт явуулах эсэхийг шийдвэрлэхийн тулд дараахь хойшлуулшгүй ажиллагаа явуулж болно:
1/хүний нэр хаягийг тодруулах зорилгоор баримт бичгийг үзэж шалгах;
2/хүний бие, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийх;
3/иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эд зүйл, хөрөнгө, мөнгө агуулсан байр, савыг битүүмжлэх;
4/хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, эд зүйл, мөнгийг түр хугацаагаар хурааж авах;
5/шүүх эмнэлэг, криминалистикийн болон бусад шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах;
6/иргэн, албан тушаалтнаас тайлбар гаргуулах;
7/тодорхой нутаг дэвсгэр, орон байранд нэвтрэн орох, гарахад хяналт тогтоох;
8/гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг мөрдөх үед байгууллага, иргэдийн орон байранд орох;
9/согтууруулах ундаа, мансууруулах, хордуулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах.
Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2, З, 4, 5-д заасан ажиллагааг гагцхүү энэ хуульд заасан журмын дагуу явуулна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
117 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэх журам
Эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан, үндэслэл байвал хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор, өөрийнхөө эрх хэмжээний дотор эрүүгийн хэрэг үүсгэх үүрэгтэй.
Прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэх байгууллага, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол гаргана.
Тогтоолд түүнийг хэзээ, хаана, хэн үйлдсэн, хэрэг үүсгэсэн шалтгаан ба үндэслэл эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгээр үүсгэсэн, түүнчлэн уг хэргийг цааш хэрхэх тухай заана.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэх байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай тогтоолын хуулбарыг прокурорт нэн даруй явуулна.
Эрүүгийн хэрэг үүсгэхийн зэрэгцээгээр гэмт хэрэг гаргуулахгүй байх буюу гэмт хэргийг таслан зогсоох, түүнчлэн гэмт хэргийн ул мөрийг хамгаалах талаар арга хэмжээ авна.
118 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзах
Хэрэв гомдол буюу мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй, түүнчлэн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй байдал илэрвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, гомдол, мэдээлэл гаргасан иргэн, байгууллагад энэ тухай мэдэгдэнэ.
Хэрэв хүлээн авсан гомдол, мэдээлэлд захиргааны буюу сахилгын зөрчлийн талаар дурдсан байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор уг асуудлыг захиргааны буюу сахилгын арга хэмжээ авахуулахаар материалыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.
Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тохиолдолд гомдол, мэдээлэл гаргагч нь зохих прокурорт давж заалдах эрхтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
119 дүгээр зүйл. Хэрэг үүсгэсний дараа явуулах ажиллагаа
Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол гаргасны дараа:
1/прокурор мөрдүүлэх буюу бүртгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалт явуулах буюу хэрэг бүртгэх байгууллагад шилжүүлнэ;
2/хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулж эхэлнэ.
3/Энэ заалтыг 1994 оны З дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
120 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд тавих хяналт
Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд прокурор хяналт тавина.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хууль зүйн үндэслэл, баримтгүйгээр хэрэг үүсгэсэн байвал прокурор өөрийн тогтоолоор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох буюу хэрэв түүнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн байвал хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Хэрэв хэрэг үүсгэхийг үндэслэлгүйгээр татгалзсан байвал прокурор өөрийн тогтоолоор мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож хэрэг үүсгэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
АРАВДУГААР БҮЛЭГ
ХЭРЭГ БҮРТГЭХ
121 дүгээр зүйл. Хэрэг бүртгэх байгууллага
Хэрэг бүртгэх байгууллага нь:
1/цагдаагийн байгууллага;
2/Тагнуулын ерөнхий газар эрүүгийн хуулийн 60-65, 67, 68, 70-74, 79-84, 1462, 153-157, 1721, 249, 253-255 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар.
Өөрсдөө илрүүлсэн эрүүгийн хуулийн 192, 195-197 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар.
Тагнуулын ажилтны үйлдсэн эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар.
/Энэ заалтад 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, 1999 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3/цэргийн хэрэг бүртгэх алба-цэргийн албан хаагч, цэргийн алба хаах үүрэг бүхий хүмүүс түр сургууль хийж байх үедээ үйлдсэн бүх гэмт хэргийн талаар, түүнчлэн цэргийн анги, байгууллагын ажилчин, албан хаагчдаас үүрэгт ажлаа биелүүлэхтэй холбогдуулж үйлдсэн буюу цэргийн анги, байгууллагын байрлаж байгаа газарт гарсан гэмт хэргийн талаар;
4/хорих ял эдлүүлэх байгууллагын дарга, гүйцэтгэх ажилтан-ялтны үйлдсэн, түүнчлэн тус байгууллагын ажилтнуудаас үүрэгт ажлаа биелүүлэхтэй холбогдуулж үйлдсэн гэмт хэрэг болон хорих ял эдлүүлэх байгууллагын байрлаж байгаа газар гарсан гэмт хэргийн талаар;
5/хил хамгаалах байгууллагын хэрэг бүртгэх алба эрүүгийн хуулийн 79, 791, 1721дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар болон хилийн цэргийн анги байгууллагын ажилчин, албан хаагчдаас үүрэгт ажлаа биелүүлэхтэй холбогдуулан үйлдсэн буюу хилийн цэргийн анги, байгууллагын байрлаж байгаа газарт гарсан гэмт хэргийн талаар;
/Энэ заалтыг 1996 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6/гаалийн байгууллагын хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтан-гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн талаар;
7/улсын татварын байгууллагын хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтан-татварын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн талаар;
8/хөлөг онгоцны ахмад хөлөг онгоцон дээр гарсан гэмт хэргийн талаар;
/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
9/гал түймэртэй тэмцэх байгууллага эрүүгийн хуулийн 185, 186, 244 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар;
/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
Цагдаагийн байгууллага эрүүгийн хуулийн 60, 61, 70-72, 291 дүгээр зүйлд зааснаас бусад өөрсдөө илрүүлсэн эрүүгийн хэрэгт харьяалал харгалзахгүйгээр хэрэг бүртгэлт явуулна.
10/хилийн тагнуулын алба нь эрүүгийн хуулийн 79, 791, 1721 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн талаар.
/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
122 дугаар зүйл. Хэрэг бүртгэх байгууллагын үүрэг
Хэрэг бүртгэх байгууллага нь гэмт хэрэг болон түүнийг үйлдсэн этгээдийг олж илрүүлэхийн тулд энэ хуульд заасан бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй.
Гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх зорилгоор явуулах гүйцэтгэх ажлыг зөвхөн энэ хуулийн 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4, 10-т заасан хэрэг бүртгэх байгууллага гүйцэтгэх эрхтэй.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гүйцэтгэх ажлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах бөгөөд түүнд прокурор хуульд заасан журмын дагуу хяналт тавина.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
123 дугаар зүйл. Хэрэг бүртгэх байгууллагын ажиллагаа
Гэмт хэргийн шинж байгаа бол хэрэг бүртгэх байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг удирдлага болгон, гэмт хэргийн ул мөрийг олж тогтоох ба хамгаалах талаар мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагааг хийх үүнд: үзлэг, нэгжлэг хийх, шаардлагатай зүйлийг хураан авах, сэжигтэнг албадан саатуулах ба байцаах, хохирогч, гэрчийг байцаах, түүнчлэн яллагдагчаар татах тухай тогтоол гаргах ба ял сонсгохоос бусад энэ хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг хэлнэ.
Хэрэг бүртгэх байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай нэн даруй прокурорт мэдэгдэнэ. Хэрэг бүртгэх байгууллага мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагааг 14 хоногийн дотор гүйцэтгэж, хэргийг прокурорт шилжүүлнэ. Мөрдөн байцаалт явуулахгүйгээр шүүхэд шууд шилжүүлэх хэргийн хугацааг хяналт тавьж байгаа прокурор 14 хүртэл хоногоор сунгах эрхтэй. Хэрэг бүртгэх байгууллага нь мөрдөн байцаалтад шилжүүлсэн хэрэгт мөрдөн байцаагчийн даалгавраар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох талаар зайлшгүй шаардлагатай байцаан шийтгэх ажиллагааг үргэлжлүүлэн хийх үүрэгтэй. Гүйцэтгэсэн ажлынхаа дүнг тухай бүр мөрдөн байцаагчид мэдэгдэж байна.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийн 3 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
124 дүгээр зүйл. Хэрэг бүртгэж дуусах
Эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагаа нь хэргийг прокурорт шилжүүлэх тухай тогтоол гаргаснаар дуусна.
Мөрдөн байцаалт явуулахгүйгээр шүүхэд шууд шилжүүлэх хэргийн хувьд хэрэг бүртгэгч энэ хуулийн 200, 201, 204, 205 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны З дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
1241дүгээр зүйл. Хэрэг бүртгэлтээс шилжиж ирсэн хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр
Хэрэг бүртгэх байгууллагаас шилжүүлсэн хэргийг прокурор хянаж дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлэх;
2/хэргийг шүүхэд шилжүүлэх;
3/эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох;
4/нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэх байгууллагад буцаах.
Энэ хуулийн 126 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийг прокурор хянаж, түүнийг шүүхэд шилжүүлэх нотолгоо хангалттай бүрдсэн гэж үзвэл уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Мөрдөн байцаалт
125 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах байгууллага
Эрүүгийн хуулийн 60-65, 67, 70-74, 79-84, 1462, 153-157 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болон тагнуулын ажилтны үйлдсэн Эрүүгийн хуулийн 292, 293 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагч, бусад зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаах байгууллагын мөрдөн байцаагч мөрдөн байцаалт явуулна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28, 1995 оны 6 дугаар сарын 29, 1999 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/
126 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах хэргүүд
Эрүүгийн хуулийн 98, 99, 100 дугаар зүйл, 10З дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 104, 105 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 107, 111 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 115, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 118, 119, 120 дугаар зүйл, 121 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 149, 178, 188, 228, 2З4 дүгээр зүйл, 2З9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 247, 256, 261, 262 дугаар зүйл, 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 270 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 272 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 27З дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 274 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 275 дугаар зүйл, 276 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 277 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 287 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад хэрэгт мөрдөн байцаалт явуулна.
Мөрдөн байцаалт явуулахаар заасан хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэрэг бүртгэлтийн шатанд хангалттай нотолж тогтоосон бөгөөд уг хэргийг шүүхэд шилжүүлэх боломжтой гэж прокурор үзсэн тохиолдолд мөрдөн байцаалт явуулахгүй байж болно.
Онц хүнд, хүнд гэмт хэрэг болон насанд хүрээгүй хүмүүс, түүнчлэн эрхтэн дутуу буюу сэтгэл мэдрэлийн өвчний учир өөрийн эрхийг хамгаалж чадахгүй болсон хүмүүсийн үйлдсэн бүх хэрэгт мөрдөн байцаалт заавал явуулна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба түүнд 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
127 дугаар зүйл. Мөрдөн байцаагчийн эрх хэмжээ
Мөрдөн байцаагч нь мөрдөн байцаалт явуулах үед хуульд зааснаар прокурорын зөвшөөрөл авахаас бусад тохиолдолд мөрдөн байцаалтыг хэрхэн явуулах ба мөрдөн байцаах ажиллагааны бүх асуудлыг биеэ дааж шийдвэрлэх бөгөөд түүнийг хууль ёсоор цаг тухайд нь гүйцэтгэх явдлыг бүрэн хариуцна.
Яллагдагчаар татах, хэрэгт оногдуулах хуулийн зүйл, хэсэг, яллах хэмжээ, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх буюу хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокуророос өгсөн заалтыг мөрдөн байцаагч зөвшөөрөхгүй байвал татгалзсан тухайгаа тодорхойлсон бичгийн хамт уг хэргийг дээд шатны прокурорт явуулах эрхтэй. Энэ талаар прокурор доод шатныхаа прокурорын заалтыг хүчингүй болгох буюу уг хэргийг мөрдүүлэхээр өөр мөрдөн байцаагчид даалгана.
Мөрдөн байцаагч нь мөрдөж байгаа хэргийнхээ талаар хэрэг бүртгэх байгууллагуудад эрэн сурвалжлах, мөрдөн байцаах ажиллагаа хийлгэхээр даалгавар заалт өгөх, мөрдөн байцаалтын зарим ажиллагаа явуулахад тэднээс туслалцаа үзүүлэхийг шаардах эрхтэй.
Мөрдөн байцаагч ийм даалгавар, заалтыг бичгээр өгөх бөгөөд хэрэг бүртгэх байгууллага заавал биелүүлнэ.
Өөрийн мөрдөж байгаа эрүүгийн хэргийн талаар хуулийн дагуу гаргасан мөрдөн байцаагчийн тогтоолыг бүх аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ.
127 дугаар зүйл. Мөрдөн байцаах албаны даргын эрх хэмжээ
Мөрдөн байцаах албаны дарга нь гэмт хэргийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мөрдөн байцаагчийн ажиллагаа цаг тухайдаа хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодит байдлаар явуулах арга хэмжээ авах.
Мөрдөн байцаах албаны дарга мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр заалт өгөх, хэргийг нэг мөрдөн байцаагчаас нөгөөд шилжүүлэх, хэрэг мөрдөн ажиллагааг хэд хэдэн мөрдөн байцаагчид даалгах, түүнчлэн мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох, мөрдөн байцаагчийн эрх хэмжээг эдэлж, өөрөө мөрдөн байцаалт явуулах эрхтэй.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Мөрдөн байцаах албаны даргаас эрүүгийн хэргийн талаар мөрдөн байцаагчид өгөх заалт нь бичгээр байх бөгөөд түүнийг заавал биелүүлнэ.
Өгсөн заалтыг прокурорт давж заалдах явдал энэ хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд түүнийг биелүүлэх ажиллагааг зогсоохгүй.
Энэ хуулиар тогтоосон журмын дагуу прокуророос эрүүгийн хэргийн талаар өгсөн заалтыг мөрдөн байцаах албаны дарга заавал биелүүлнэ. Уг заалтыг дээд шатны прокурорт давж заалдах явдал түүнийг биелүүлэх ажиллагааг зогсоохгүй.
/Энэ зүйлийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1968 оны 13 дугаар зарлигаар нэмсэн/
128 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг эхлэх
Мөрдөн байцаах ажиллагааг гагцхүү эрүүгийн хэрэг үүсгэсний дараа энэ хуульд дурдсан журмаар явуулна.
Мөрдөн байцаагч эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтыг нэн даруй эхлэх үүрэгтэй бөгөөд мөрдөн байцаалт явуулах ажиллагаа нэгэн зэрэг хийгдэж байгаа бол энэ тухай нэг тогтоол гаргана. Мөрдөн байцаагч эдгээр тогтоолын хуулбарыг прокурорт нэн даруй явуулна.
Хэрэв хэрэг нь ээдрээ, түвэгтэй байвал мөрдөн байцаах албаны дарга мөрдөн байцаалт явуулахыг хэд хэдэн мөрдөн байцаагчид даалгаж болох бөгөөд энэ тохиолдолд мөрдөн байцаагчдын нэг нь хэрэгт мөрдөн байцаалт явуулахаар хүлээн авч, бусад мөрдөн байцаагчдын ажиллагааг удирдана. Харин сэжигтэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчид мөрдөн байцаагчийг татгалзах тухай эрхийг тайлбарлаж өгөхдөө мөрдөн байцаагчдын бүх бүрэлдэхүүнийг мэдэгдэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
129 дүгээр зүйл. Мөрдөн байцаагчийг татгалзсан тухай асуудлыг шийдвэрлэх журам
Мөрдөн байцаагч өөрийгөө татгалзсан тухай өргөдлийг хүлээн авмагц тайлбарынхаа хамт 24 цагийн дотор мөрдөн байцаах албаны даргад явуулна. Энэ хуулийн 62 дугаар зүйлд дурдсан үндэслэл байвал мөрдөн байцаагч уг хэрэгт мөрдөн байцаалт явуулах ажиллагаанаас татгалзаж байгаа хүсэлтээ мөрдөн байцаах албаны даргад гаргах үүрэгтэй.
Мөрдөн байцаах албаны дарга уг хүсэлтийг хүлээн авснаас хойш З хоногийн дотор шийдвэр гаргах үүрэгтэй. Мөрдөн байцаах албаны даргыг шийдвэр гаргах хүртэл мөрдөн байцаах ажиллагааг зогсоож болохгүй.
130 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулах хугацаа
Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг 2 сараас хэтрүүлэхгүй хугацаанд дуусгавал зохино. Энэ хугацааг хэрэг үүсгэснээс эхлэн уг хэргийг яллах дүгнэлт буюу эсхүл эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авахуулах асуудлыг хэлэлцүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлэх тухай тогтоолын хамтаар прокурорт явуулах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох буюу мөрдөн байцаах ажиллагааг түдгэлзүүлэх хүртэлх үеийг оролцуулан тоолно.
Тухайн хэрэг нь олон сэжигтэн, яллагдагчтай буюу олон үйлдэлтэй, эсхүл алслагдсан газарт шалгалт хийх шаардлагатай, түүнчлэн шүүх-нягтлан бодох бүртгэлийн болон бусад нарийн төвөгтэй шинжилгээ хийх, дахин шинжилгээ явуулах зэрэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хугацааг цаашид сум, сум дундын болон дүүргийн прокурор 2 сар хүртэл, аймаг, нийслэлийн болон дагнасан прокурор 3 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын туслах 2 сар хүртэл, Улсын ерөнхий прокурорын орлогч 4 сар хүртэл нэмж сунгана. Сунгасан хугацаанд мөрдөн байцаалт дуусаагүй бол хэргийн хугацааг цаашид сунгах асуудлыг Улсын ерөнхий прокурор шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Шүүхээс нэмж мөрдөн байцаалт явуулахаар буцаасан, түүнчлэн түдгэлзүүлсэн буюу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, нэмж мөрдөн байцаалт явуулах хугацааг мөрдөн байцаалтад хяналт тавьж байгаа прокурор уг хэргийг мөрдөхөөр хүлээн авсан өдрөөс эхлэн 1 сар хүртэл хугацаагаар тогтооно. Хугацааг цаашид сунгах явдлыг ердийн журмаар гүйцэтгэнэ.
Мөрдөх хугацааг сунгах явдал зайлшгүй шаардагдвал мөрдөн байцаагч энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, мөрдөн байцаалт явуулах хугацаа дуусахын өмнө зохих прокурорт явуулна.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААЛТ ЯВУУЛАХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛҮҮД
131 дүгээр зүйл. Гэмт хэрэг илрүүлэхэд олон нийтийг оролцуулах
Гэмт хэргийг мөрдөхдөө хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэгчийг эрэн сурвалжлах, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд түлхэц болсон шалтгаан, нөхцөлийг арилгахад олон нийтийн туслалцааг өргөн ашиглавал зохино.
132 дугаар зүйл. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг мөрдөн байцаалтаар тогтоомогц хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч нь зохих аж ахуйн нэгж, байгууллагад тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана.
Зохих аж ахуйн нэгж, байгууллага нь хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагчийн мэдэгдлийг 1 сарын хугацааны дотор хэлэлцэж шаардлагатай арга хэмжээ авч тэр тухай хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагчид мэдэгдэх үүрэгтэй.
133 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг задруулж болохгүй
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг гагцхүү хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын зөвшөөрснөөр, тэдний бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно.
Шаардлагатай үед хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг задруулж болохгүй тухай гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч, шинжээч, хэлмэрч хөндлөнгийн гэрч, мөрдөн байцаалт явуулахад байлцсан бусад хүмүүст урьдчилан мэдэгдэж, хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж тэднээс гарын үсэг авна.
134 дүгээр зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах газар
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг уг гэмт хэрэг гарсан газар явуулна. Хэрэг мөрдөх ажиллагааг түргэн шуурхай, бодит байдлаар бүрдэл болгохын тулд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг гэмт хэрэг илэрсэн буюу сэжигтэн яллагдагч болон олонхи гэрчийн байгаа газар гүйцэтгэж болно.
Мөрдөн байцаагч уг хэрэг өөрт нь харьяалагдахгүй болохыг тогтоомогц мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд дараа нь хэргийг мөрдөн байцаалтын харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт явуулна. Хэргийн мөрдөн байцаалтын харьяаллын тухай асуудлыг мөрдөн байцаалт эхэлсэн орон нутгийн прокурор шийдвэрлэнэ.
135 дугаар зүйл. Зарим даалгавар
Хэрэг бүртгэгч буюу мөрдөн байцаагч өөр газарт гүйцэтгэх шаардлагатай мөрдөн байцаалтын ба эрэн сурвалжлах зарим ажиллагааг өөрөө гүйцэтгэх буюу тухайн орон нутгийн хэрэг бүртгэх зохих байгууллага буюу мөрдөн байцаагчаар гүйцэтгүүлэхээр даалгах эрхтэй бөгөөд тэд нь тэрхүү даалгаврыг 10 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй.
136 дугаар зүйл. Хэрэгт ач холбогдол бүхий хүсэлтийг заавал хангах
Сэжигтэн, яллагдагч, түүний өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчдөөс хэрэгт ач холбогдолтой байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргавал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь гэрч байцаах, шинжилгээ ба мөрдөн байцаалтын бусад ажиллагаа хийх явдлаас татгалзах эрхгүй.
Хүсэлт гаргагчид хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдэгдэнэ. Хүсэлтийг бүгдийг буюу түүний заримыг хэрэгсэхгүй болгосон тухай үндэслэл бүхий тогтоол гаргана.
137 дугаар зүйл. Сэжигтэнг албадан саатуулах
Сэжигтэнг хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор дор дурдсан үндэслэлээр албадан саатуулах эрхтэй:
1/уг этгээд оргон зугатахыг завдсан;
2/байнга суух орон байргүй;
3/хэн болох нь тогтоогдохгүй байгаа буюу онц хүнд, хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үндэслэл байвал.
Хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч албадан саатуулах тухай үндэслэлийг дурдсан протокол үйлдэж 24 цагийн дотор прокурорт мэдэгдэх үүрэгтэй.
Прокурор албадан саатуулсан тухай мэдээ авснаас хойш 48 цагийн дотор албадан саатуулагдаж байгаа этгээдийг цагдан хорих зөвшөөрөл өгөх буюу суллах үүрэгтэй.
Албадан саатуулах хугацааг протокол үйлдсэн үеэс эхэлж тоолно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
138 дугаар зүйл. Сэжигтэнг дуудах ба байцаах
Сэжигтэнг дуудах ба байцаах явдлыг хэрэг бүртгэх байгууллага, мөрдөн байцаагч, прокурор энэ хуулийн 146, 147, 150-152 дугаар зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
Сэжигтэнг байцаахын өмнө энэ хуулийн 50 дугаар зүйлд дурдсан түүний эрхийг тайлбарлаж өгнө. Ямар хэрэгт сэрдэгдэж байгааг сэжигтэнд мэдэгдэж, тэр тухайгаа түүнийг байцаасан протоколд тэмдэглэнэ.
Хэрэв сэжигтэн нь албадан саатуулагдаж байгаа буюу цагдан хоригдохоор таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байвал байцаалтыг нэн даруй явуулна. Байцаалтыг нэн даруй явуулах боломжгүй байвал сэжигтэнг албадан саатуулснаас эхлэн 24 цагаас хэтрүүлэхгүй байцаавал зохино.
139 дүгээр зүйл. Хэлмэрчийг оролцуулах
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан тохиолдлуудад мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хэлмэрчийг оролцуулна. Хэлмэрчид түүний эрх, үүргийг тайлбарлан санаатайгаар худал хэлмэрчилбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, тэр тухайгаа мөрдөн байцаалтын зохих ажиллагаа явуулсан протоколд тэмдэглэж хэлмэрчээр гарын үсэг зуруулна.
140 дүгээр зүйл. Хөндлөнгийн гэрчийг оролцуулах
Үзлэг, нэгжлэг хийх, зарим зүйлийг хураан авах, түүнчлэн энэ хуульд дурдсанаар мөрдөн байцаалтын бусад ажиллагаа явуулахад хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг заавал оролцуулна.
Хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн сонирхолгүй насанд хүрсэн иргэнийг оролцуулж болно.
Хөндлөнгийн гэрч өөрийнхөө оролцоотойгоор хийгдсэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан байдал, түүний агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй. Хөндлөнгийн гэрч хийгдсэн ажиллагааны талаар протоколд засвар оруулахыг шаардах эрхтэй.
Хөндлөнгийн гэрчүүдийн оролцоотойгоор хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа явагдахын өмнө хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тэдний эрх, үүргийг тайлбарлан өгнө.
141 дүгээр зүйл. Хохирогчийг тогтоох
Хэрэг бүртгэгч буюу мөрдөн байцаагч гэмт хэргийн уршгаар хүний сэтгэл санаа, бие эрхтэн буюу эд хөрөнгөнд хохирол учирсныг тогтоовол өөрийн санаачилгаар буюу уг этгээдийн хүсэлтийг үндэслэн хохирогчоор тогтоох тухай үндэслэл бүхий тогтоол гаргана. Хохирогчоор тогтоосон тухай тогтоолыг хохирогч буюу түүний төлөөлөгчид мэдэгдэнэ.
Хохирогчийг байцаах ба хүрэлцэн ирэхэд энэ хуулийн 51 дүгээр зүйлд дурдсан түүний эрхийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тайлбарлан өгч, тэр тухайгаа байцаасан протокол буюу хохирогчоор тогтоосон тухай тогтоолд тэмдэглэнэ.
142 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэлийг тогтоох
Хэрэг бүртгэгч буюу мөрдөн байцаагч гэмт хэргийн уршгаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад эд материалын хохирол учирсан гэж үзвэл тэдэнд буюу тэдний төлөөлөгчид иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлан өгч, тэр тухай протокол үйлдэх буюу иргэний нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэнэ.
Хэрэв иргэний нэхэмжлэл гаргасан байвал хэрэг бүртгэгч буюу мөрдөн байцаагч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон буюу татгалзсан тухай үндэслэл бүхий тогтоол гаргах үүрэгтэй. Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай тогтоолыг иргэний нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгчид мэдэгдэнэ. Иргэний нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгч хүрэлцэн ирвэл тэдэнд энэ хуулийн 52 дугаар зүйлд дурдсан эрхийг тайлбарлан өгч, тэр тухайгаа тогтоолд тэмдэглэн иргэний нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж батлуулна. Иргэний нэхэмжлэгчээр тогтоохыг татгалзсан тухай тогтоолыг уг этгээдэд мэдэгдэж гарын үсэг зуруулна.
143 дугаар зүйл. Иргэний хариуцагчаар татах
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн уршгаар учирсан эд материалын хохирлыг хуульд зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу бусад хүмүүс, эсхүл аж ахуйн нэгж, байгууллага хариуцвал зохихыг тогтоовол тэр тухайгаа тодорхойлон зохих этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллагыг иргэний хариуцагчаар татах тухай үндэслэл бүхий тогтоол гаргана.
Уг тогтоолыг иргэний хариуцагч буюу түүний төлөөлөгчид мэдэгдэж, тэдэнд энэ хуулийн 53 дугаар зүйлд дурдсан эрхийг нь тайлбарлан өгч тэр тухайгаа тогтоолд тэмдэглэн иргэний хариуцагч буюу түүний төлөөлөгчөөр гарын үсэг зуруулж батлуулна.
АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЯЛ СОНСГОХ БА ЯЛЛАГДАГЧИЙГ БАЙЦААХ
144 дүгээр зүйл. Яллагдагчаар татах
Гэмт хэрэг үйлдсэн тухай ял сонсгох үндэслэл бүхий хангалттай нотлох баримт байвал мөрдөн байцаагч, прокурор нь уг этгээдийг яллагдагчаар татах тухай үндэслэл бүхий тогтоол гаргана.
145 дугаар зүйл. Яллагдагчаар татах тухай тогтоол
Яллагдагчаар татах тухай тогтоолд: түүнийг хэзээ, хаана, хэн үйлдсэн, яллагдагчаар татагдаж байгаа этгээдийн овог, нэр, уг этгээд ямар хэрэгт яллагдаж байгаа, хэргийн материалаар уг хэргийг хэзээ, хаана үйлдсэн ба бусад ямар байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг бичнэ.
Хэрэв яллагдагч нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлд заагдсан гэмт хэрэгт яллагдаж байгаа бол яллагдагчаар татах тухай тогтоолд яллагдагч ямар тодорхой хэргүүдэд яллагдаж байгааг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг нэг бүрээр заана.
146 дугаар зүйл. Яллагдагч заавал ирэх
Мөрдөн байцаагчийн дуудсан цагт яллагдагч ирэх үүрэгтэй.
Хэрэв яллагдагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол түүнийг албадан ирүүлнэ. Гагцхүү яллагдагч мөрдөн байцаалтаас оргон зайлсхийсэн буюу оршин суух тодорхой хаяггүй бол яллагдагчийг урьдчилан дуудахгүйгээр албадан ирүүлж болно.
Яллагдагчийг хойшлуулж болохгүйгээс бусад тохиолдолд шөнийн цагт албадан ирүүлж болохгүй. Мөрдөн байцаагч албадан ирүүлэх тухай тогтоол гаргаж яллагдагчид сонсгоно.
Албадан ирүүлэх явдлыг мөрдөн байцаагчийн даалгавраар цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
147 дугаар зүйл. Яллагдагчийг дуудах журам
Гадуур байгаа яллагдагчийг зарлан дуудах хуудсаар дуудна.
Зарлан дуудах хуудсыг яллагдагчид гардуулан өгч, цагийг тэмдэглэн гарын үсэг зуруулан авна. Зарлан дуудах явдлыг утас, цахилгаанаар буюу баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга, байгууллагын захиргаагаар дамжуулан гүйцэтгэж болно.
Зарлан дуудах хуудсанд яллагдагчаар хэнийг хэн, хаана, хэдийд ирүүлэхээр дуудаж байгаа, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол хэрхэх тухайг дурдсан байна. Хэрэв яллагдагч түр хугацаагаар байхгүй байвал зарлан дуудах хуудсыг түүнд дамжуулан өгүүлэхээр түүнтэй хамт суудаг гэр бүлийн насанд хүрсэн хүмүүсийн аль нэгэнд буюу баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга, байгууллагын захиргаадын аль нэгэнд өгч, гарын үсэг зуруулан авна.
Цагдан хоригдож байгаа яллагдагчийг хорих газрын захиргаагаар дамжуулан дуудна.
148 дугаар зүйл. Яллагдагчаар татах тухай тогтоолыг сонсгох
Яллагдагчаар татах тухай тогтоол гарснаас хойш 2 хоногоос хэтрүүлэхгүйгээр ял сонсговол зохино.
Мөрдөн байцаагч яллагдагчийн биеийн байцаалтыг шалгаж, түүнд яллагдагчаар татсан тухай тогтоолыг уншин сонсгож, сонсгосон ялын агуулгыг танилцуулна. Эдгээр ажиллагааг гүйцэтгэж, хэдийд ял сонсгосныг уг тогтоолд тэмдэглэж, яллагдагчаар гарын үсэг зуруулан батлуулна.
Хэрэв яллагдагч гарын үсэг зурахаас татгалзвал мөрдөн байцаагч нь яллагдагчаар татах тухай тогтоолд уг тогтоолыг яллагдагчид уншиж сонсгосон тухай тэмдэглэл хийнэ. Хэрэв яллагдагч гарын үсэг зурахаас татгалзсан шалтгаанаа тодорхойлсон бол тэр тухай прокурорт нэн даруй мэдэгдэнэ.
149 дүгээр зүйл. Мөрдөн байцаалтад яллагдагчийн эрхийг тайлбарлан өгөх
Яллагдагчаар татах тухай тогтоолыг сонсгосны дараа мөрдөн байцаагч яллагдагчид энэ хуулийн 44 дүгээр зүйлд дурдсан түүний эрхийг тайлбарлан өгөх үүрэгтэй бөгөөд тэр тухайгаа анхны байцаалтын протоколд тэмдэглэж, яллагдагчийн гарын үсгийг зуруулж батлуулна.
150 дугаар зүйл. Яллагдагчийг байцаах журам
Яллагдагчаар татах тухай тогтоолыг яллагдагчид сонсгосны дараа нэн даруй байцаалтыг явуулна.
Хойшлуулж болохгүйгээс бусад тохиолдолд яллагдагчийг өдрийн цагаар байцаана.
Яллагдагчдыг тус тусад нь байцаах бөгөөд мөрдөн байцаагч нэг хэрэгт дуудагдсан яллагдагчдыг өөр хоорондоо харилцахгүй байлгах арга хэмжээ авна.
Мөрдөн байцаагч нь яллагдагчаас сонсгосон ялыг хүлээж байгаа эсэхийг асууж, байцаалтыг эхэлсний дараа уг хэргийн талаар мэдүүлэг өгөх учрыг яллагдагчид мэдэгдэнэ.
Мөрдөн байцаагч нь яллагдагчийн мэдүүлэг сонссоны дараа түүнд асуулт тавьж болно.
151 дүгээр зүйл. Яллагдагчийг байцаасан протокол
Байцаалт бүрт протокол үйлдэж, протоколд байцаалтыг хэзээ, хаана, хэнээс явуулсныг дурдана. Яллагдагчийг байцаасан анхны протоколд яллагдагчийн биеийн байцаалт, тухайлбал: овог, нэр, төрсөн он, газар, аль улсын иргэн болох, үндэс угсаа, боловсрол, ажлын газар, албан тушаал буюу эрхэлсэн ажил, оршин суух газар, гэр бүлийн байдал, урьд шийтгэгдэж явсан эсэх, түүнчлэн хэргийн байдлаас шаардлагатай бусад зүйлүүдийг бичнэ.
Яллагдагчийн мэдүүлгийг протоколд нэгдүгээр бие дээр боломжийн хэрээр үгчлэн бичиж, яллагдагчид тавьсан асуулт, түүний хариултыг бичнэ.
Байцаалт дуусмагц яллагдагчид протоколыг уншуулахаар өгөх буюу түүний хүсэлтээр мөрдөн байцаагч уншиж өгнө. Яллагдагч протоколд өөрийн өгсөн мэдүүлгийн дагуу нэмэлт, засвар оруулахыг шаардах эрхтэй бөгөөд уг нэмэлт, засварыг протоколд заавал бичнэ.
Протоколд яллагдагч, мөрдөн байцаагч, түүнчлэн байцаалтад оролцсон бусад хүмүүс гарын үсэг зурна. Хэрэв протокол хэд хэдэн хуудастай байвал яллагдагч хуудас бүр дээр гарын үсэг зурна. Протоколд яллагдагчийн гарын үсгийн өмнө протоколыг яллагдагч өөрөө уншсан буюу түүнд мөрдөн байцаагч уншиж өгсөн алин болохыг тэмдэглэнэ.
Протоколд хийсэн бүх нэмэлт, засварыг яллагдагч ба мөрдөн байцаагч гарын үсэг зурж батална.
Хэрэв байцаалтыг хэлмэрчийн оролцоотойгоор явуулсан бол байцаалтын протоколд хэлмэрчид түүний үүргийг тайлбарлан өгсөн ба санаатайгаар хэлмэрчилсэн бол хариуцлага хүлээлгэх тухай урьдчилан сануулсныг тэмдэглэж, хэлмэрч гарын үсэг зурж батална. Түүнчлэн яллагдагчид хэлмэрчийг татгалзаж болох тухай түүний эрхийг таниулж өгсөн ба үүнтэй холбогдуулж яллагдагчаас гаргасан хүсэлтийг протоколд тэмдэглэнэ.
Хэлмэрч протоколын хуудас тус бүр дээр нь ба протоколд бүхэлд нь гарын үсэг зурна. Яллагдагчид протоколыг амаар хэлмэрчилж өгсөн нь түүний гаргасан мэдүүлэгтэй тохирч байгааг яллагдагч протоколын эцэст гарын үсэг зурж батална.
Хэрэв байцаалтын протоколыг өөр хэл дээр бичгээр орчуулсан бол түүний хуудас тус бүрт ба бүхэлд нь, хэлмэрч болон яллагдагч гарын үсэг зурсан байвал зохино.
152 дугаар зүйл. Яллагдагч мэдүүлгээ өөрөө бичих
Мэдүүлгээ өгсний дараа хэрэв яллагдагч хүсвэл мэдүүлгээ өөрөө бичих бололцоо түүнд олгож, энэ тухай протоколд тэмдэглэнэ. Ийнхүү яллагдагчийн бичсэн мэдүүлэгт яллагдагч, мөрдөн байцаагч гарын үсэг зурсан байна.
Мөрдөн байцаагч нь яллагдагчийн бичгээр өгсөн мэдүүлэгтэй танилцаад түүнд нэмэлт асуулт тавьж болно. Асуулт хариултыг протоколд бичих бөгөөд зөв бичигдсэнийг яллагдагч, мөрдөн байцаагч гарын үсэг зурж батална.
153 дугаар зүйл. /Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
154 дүгээр зүйл. Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэх
Хэрэв мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал мөрдөн байцаагч яллагдагчид энэ хуулийн 144, 145, 148 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу шинээр ял сонсгох бөгөөд шинээр сонсгосон ялын талаар байцаалт явуулах үүрэгтэй.
Хэрэв сонсгосон ялын аль нэг хэсэг нь мөрдөн байцаалтын явцад батлагдахгүй байвал мөрдөн байцаагч тэр хэсгийг өөрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож яллагдагчид мэдэгдэнэ.
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГЭРЧ БА ХОХИРОГЧИЙГ БАЙЦААХ
155 дугаар зүйл. Гэрчийг дуудах журам
Гэрчийг зарлан дуудах хуудсаар дуудна. Зарлан дуудах хуудсыг гэрчид гардуулан өгч цагийг тэмдэглэн гарын үсэг зуруулан авна. Хэрэв гэрч түр хугацаагаар байхгүй байвал зарлан дуудах хуудсыг түүний гэр бүлийн насанд хүрсэн хүмүүсийн аль нэгэнд буюу баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга, байгууллагын захиргаадын аль нэгэнд өгнө.
Зарлан дуудах хуудсанд: гэрчээр хэнийг, хаана хэдийд ирүүлэхээр дуудаж байгаа, түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй бол хэрхэх тухай дурдвал зохино.
Гэрчийг утас, цахилгаанаар буюу баг, хороо, сум, дүүргийн Засаг дарга, байгууллагын захиргаагаар дамжуулан дуудаж болно.
Насанд хүрээгүй гэрчийг эцэг, эх буюу түүний хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дуудна. Өөр журмыг гагцхүү хэргийн байдлаас шалтгаалан хэрэглэж болно.
156 дугаар зүйл. Гэрч байцаах газар
Гэрчийг мөрдөн байцаалт явагдаж байгаа буюу хэрэг бүртгэж байгаа газар байцаана. Хэрэв шаардлагатай гэж үзвэл мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч гэрчийг байгаа газар нь байцаах эрхтэй.
157 дугаар зүйл. Гэрчийг байцаах журам
Нэг хэрэгт дуудагдсан гэрчүүдийг тус тусад нь байцаана. Нэг хэрэгт байцаагдаж байгаа гэрчүүдийг байцаах үед өөр хоорондоо харилцахгүй байлгах арга хэмжээ авна.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч байцаалт явуулахын өмнө гэрчийн биеийн байцаалтыг шалгаж, түүнд үүргий нь тайлбарлан, гэрчлэхээс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал гэрчилбэл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулж, энэ тухай протоколд тэмдэглэн гэрчээр гарын үсэг зуруулж батлуулна.
16 нас хүрээгүй гэрчид хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлан өгнө. Харин гэрчлэхээс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал гэрчилбэл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй.
Байцаалтыг эхлэхдээ гэрч нь сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоож, гэрчийн биеийн байцаалттай холбогдох бусад зүйлийг тодруулна.
Гэрчийг байцаах ажиллагаа нь ямар хэргийн талаар дуудагдаж ирсэн, тэр хэргийн талаар мэдэх бүх зүйлийг яриулахаас эхэлнэ. Гэрчээс мэдүүлэг өгч дууссаны дараа түүнд асуулт тавьж болно. Харин тэгэхдээ хөтлөх маягаар асууж болохгүй.
158 дугаар зүйл. Насанд хүрээгүй гэрчийг байцаах
16 хүртэлх насны гэрчийг байцаахдаа сурган хүмүүжүүлэгчийг оролцуулна. Хэрэв шаардлагатай байвал түүний эцэг, эх буюу хууль ёсны бусад төлөөлөгч, эсхүл ойрын төрөл садны хүмүүсийг оролцуулж болно.
Байцаалт эхлэхийн өмнө тэдэнд эрх, үүргий нь тайлбарлан өгч энэ тухай протоколд тэмдэглэнэ. Дурдсан хүмүүс байцаалтад байлцаж, гэрчид асуулт тавьж болно. Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч дээр дурдсан хүмүүсээс тавьсан асуултад хариу өгүүлэхгүй байх эрхтэй бөгөөд харин уг асуултыг протоколд тэмдэглэвэл зохино.
Байцаалт дуусмагц мэдүүлэг зөв бичигдсэнийг баталж байцаалтад байлцсан хүмүүс гарын үсэг зурна.
159 дүгээр зүйл. Гэрчийг байцаасан протокол
Гэрчийг байцаасан протоколыг энэ хуулийн 102, 103, 158 дугаар зүйлийн шаардлагын дагуу үйлдэнэ.
Гэрчийн мэдүүлгийг нэгдүгээр бие дээр боломжийн хэрээр үгчлэн бичнэ. Гэрчид тавьсан асуулт ба түүний хариултыг бичнэ.
Байцаалт дуусмагц гэрчид протоколыг уншуулахаар өгөх буюу түүний хүсэлтээр уншиж өгнө. Гэрч протоколд нэмэлт, засвар оруулахыг шаардах эрхтэй бөгөөд уг нэмэлт, засварыг протоколд заавал бичнэ. Гэрч протоколтой танилцаж үзээд мэдүүлэг зөв бичсэнийг баталж энэ тухай протоколд тэмдэглээд гарын үсэг зурна. Гэрчийн гарын үсгийн өмнө тэрээр протоколыг өөрөө уншсан, эсхүл түүнд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч уншиж өгсөн алин болохыг протоколд тэмдэглэнэ. Хэрэв протокол хэд хэдэн хуудастай байвал гэрч хуудас тус бүр дээр гарын үсэг зурна.
Мэдүүлэг өгсний дараагаар хэрэв гэрч хүсвэл түүнд мэдүүлгээ өөрөө бичих бололцоо олгож, тэр тухай протоколд тэмдэглэнэ.
Протоколд гэрч, мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч болон байцаалтад байлцсан бусад хүмүүс гарын үсэг зурна.
Хэрэв байцаалтыг хэлмэрчийн оролцоотойгоор явуулсан бол протоколыг энэ хуулийн 151 дүгээр зүйлд дурдсан журмын дагуу үйлдэнэ.
160 дугаар зүйл. Хохирогчийг дуудах ба байцаах
Хохирогчийг дуудах, түүнийг байцаах ба байцаасан тухай протокол үйлдэхэд энэ хуулийн 155-159 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.
АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
НҮҮРЭЛДҮҮЛЖ БАЙЦААХ БА ТАНЬЖ ОЛУУЛАХ
161 дүгээр зүйл. Нүүрэлдүүлж байцаах
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гаргасан мэдүүлэгт ноцтой зөрөө байвал урьд байцаагдсан хоёр этгээдийг нүүрэлдүүлж байцаана.
162 дугаар зүйл. Нүүрэлдүүлж байцаах журам
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж байцаахаас өмнө мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлэг гаргавал хүлээлгэх хариуцлагын талаар тэдэнд урьдчилан сануулж, энэ тухай протоколд тэмдэглэнэ.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч нүүрэлдүүлэн байцааж эхлэхдээ нүүрэлдэж байгаа этгээдүүдээс бие биеэ таних эсэх, хоорондоо ямар харилцаатай болохыг асууна. Дараа нь тодруулах гэж байгаа зүйлийнхээ талаар тэднээр ээлжлэн мэдүүлэг гаргуулна. Мэдүүлэг өгсний дараа мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч байцаагдаж байгаа этгээд тус бүрт асуулт тавьж болно. Харилцан нүүрэлдэж байгаа этгээдүүд бие биедээ асуулт тавьж болох ба энэ тухай протоколд тэмдэглэнэ.
Нүүрэлдүүлж байцаах үед гаргасан мэдүүлэг нь урьдах мэдүүлгээс зөрөөтэй байвал нүүрэлдэх үеийн мэдүүлгийг протокол бичсэний дараа урьд гаргасан мэдүүлгийн уншин сонсгож болно.
Протоколд нүүрэлдүүлж байцаасан этгээдүүдийн мэдүүлгийг гаргасан дэс дарааллаар бичнэ. Нүүрэлдүүлж байцаахад оролцсон этгээд нэг бүр өөрийнхөө гаргасан мэдүүлгийн хуудас бүрт гарын үсэг зурна.
163 дугаар зүйл. Таньж олуулах
Хэрэв шаардлагатай байвал мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч зохих этгээд буюу эд зүйлийг гэрч, хохирогч, сэжигтэн буюу яллагдагчаар таньж олуулж болно.
Зохих этгээд буюу эд зүйлийг ямар байдалтай байхад үзсэн, ямар шинж тэмдэг ба онцлогоор таньж болохыг таньж олох гэж байгаа хүнээс урьдчилан асууна.
164 дүгээр зүйл. Таньж олуулах журам
Танигдах гэж байгаа этгээдийг түүнтэй гаднах байдлаараа аль болохоор адил төстэй гурваас доошгүй бусад хүмүүсийн хамтаар таньж олох гэж байгаа хүнд үзүүлнэ.
Таньж олуулахын өмнө танигдах гэж байгаа этгээдийг бусад хүмүүсийн дотор дуртай суудлаа эзлэхийг хэлж, протоколд тэмдэглэнэ.
Уг этгээдийг биеэр үзүүлэх бололцоогүй байвал түүний гэрэл зургийг гурваас доошгүй бусад гэрэл зургийн дотроос таньж олуулж болно.
Эд зүйлийг бусад адил нэр төрлийн эд зүйлийн хамт үзүүлнэ.
Хэрэв таньж олох гэж байгаа хүн нь гэрч буюу хохирогч байвал тэдэнд мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай урьдчилан сануулж, протоколд тэмдэглэнэ.
Өөрийн мэдүүлэгт дурдсан этгээд ба эд зүйлийг зааж өгөхийг таньж олох гэж байгаа хүнээс шаардана. Харин хөтлөх маягаар асууж болохгүй.
Хэрэв таньж олох гэж байгаа хүн үзүүлсэн этгээд буюу эд зүйлийн аль нэгийг энэ мөн гэж заавал, ямар шинж тэмдэг ба онцлогоор уг этгээд буюу эд зүйлийг таньсан болохыг түүнээр тайлбарлуулна.
Таньж олох явдлыг хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан гүйцэтгэнэ.
165 дугаар зүйл. Таньж олуулах тухай протокол
Таньж олуулах тухай протоколыг энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд дурдсан журмын дагуу үйлдэнэ. Протоколд таньж олох гэж байгаа хүний биеийн байцаалт, үзүүлэх гэж байгаа этгээд, эд зүйлийн тухай болон таньж олж байгаа этгээдийн мэдүүлгийг үгчлэн бичнэ.
АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХУРААН АВАХ, НЭГЖИХ, ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭХ
166 дугаар зүйл. Хураан авах, нэгжлэг хийх үндэслэл
Ямар нэг газар буюу аль нэг этгээдэд хэрэгт холбогдолтой эд зүйл буюу баримт бичиг байна гэх хангалттай үндэслэл байвал мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч түүнийг эзэмшигчээс шаардан гаргуулж хураан авна. Хэрэв гаргаж өгөхгүй байвал албадан хурааж авна.
Улсын нууц агуулсан баримт бичгийг хураан авахад гагцхүү прокурорын зөвшөөрөлтэйгээр, зохих байгууллагын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэнэ.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч ямар нэг орон байр бусад газар, эсхүл аль нэгэн айлд эрэн сурвалжилж байгаа этгээд нуугдаж байгаа буюу гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан эд, үнэ бүхий зүйл, түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий бусад эд зүйл буюу баримт бичиг байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг олж илрүүлэхээр нэгжлэг хийнэ. Түүнчлэн хүүрийг олж илрүүлэхийн тулд нэгжлэг хийж болно.
167 дугаар зүйл. Хураан авах, нэгжлэг хийх журам
Хураан авах ба нэгжлэг хийх явдлыг мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн үндэслэл бүхий тогтоолоор прокурорын зөвшөөрснөөр гүйцэтгэнэ.
Хойшлуулж болшгүй тохиолдолд хураан авах ба нэгжлэг хийх явдлыг прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж, энэ тухайгаа 24 цагийн дотор прокурорт мэдэгдэнэ.
Хойшлуулж болшгүйгээс бусад тохиолдолд хураан авах ба нэгжлэг хийх явдлыг өдрийн цагаар гүйцэтгэнэ. Хураан авах ба нэгжлэг хийх үедээ энэ тухай тогтоолыг уншиж сонсгоно.
Хураан авах ба нэгжлэг хийхэд эзэн нь сайн дураараа онгойлгож өгөхгүй тохиолдолд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч орон байранд нэвтрэн орох эрхтэй. Тэгэхдээ хэрэг бүртгэгч буюу мөрдөн байцаагч шаардлагагүйгээр оньс түгжээ, хаалга, бусад эд зүйлийг эвдэхээс болгоомжилбол зохино.
Хураан авах ба нэгжлэг хийх үед илэрсэн хувийн нууцыг задруулахгүй байлгах талаар мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч арга хэмжээ авах үүрэгтэй.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч нэгжлэг хийж байгаа газар байлцагчид буюу орж ирсэн хүмүүсийг нэгжлэг дуустал тэр газраас явах ба бие биетэйгээ харилцахыг хориглох эрхтэй.
168 дугаар зүйл. Хураан авах ба нэгжлэг хийхэд байлцах хүмүүс
Хураан авах ба нэгжлэг хийхэд хөндлөнгийн гэрч, эд зүйл буюу бичиг баримтаа хураалгаж байгаа, нэгжлэг хийлгэж байгаа этгээд буюу түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчийг заавал байлцуулна.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа орон байранд нэгжлэг хийх буюу түүнээс эд зүйл хураан авахад уг байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.
Эд зүйлээ хураалгаж байгаа буюу нэгжүүлж байгаа этгээд хөндлөнгийн гэрч, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нь мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн гүйцэтгэж байгаа бүх ажиллагаанд байлцах ба тэдгээр ажиллагааны талаар протоколд тэмдэглэвэл зохих санал, хүсэлт гаргах эрхтэй болохыг тэдэнд тайлбарлан өгвөл зохино.
169 дүгээр зүйл. Хураан авах, нэгжлэг хийх үед олдсон эд зүйл, баримт бичиг гаргуулан авах
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч нь хураан авах, нэгжлэг хийх үед олдсон гагцхүү хэрэгт ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг гаргуулан авах явдлаар хатуу хязгаарлана. Гүйлгээнд хориглогдсон эд зүйл, баримт бичгийг хэрэгт холбогдох эсэхийг харгалзахгүй гаргуулан авна.
Гаргуулан авч байгаа бүх эд зүйл, баримт бичгийг хөндлөнгийн гэрч болон бусад байлцагсдад үзүүлэн, хэрэв шаардлагатай байвал уг зүйлийг хураан авсан ба нэгжлэг хийсэн газар нь битүүмжилнэ.
170 дугаар зүйл. Биед нэгжлэг хийх
Хүний биед нэгжлэг хийхэд энэ хуулийн 166-169 дүгээр зүйлд дурдсан журмыг баримтална.
Тусгай тогтоол гаргахгүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний биед нэгжлэг хийж болох үндэслэл:
1/албадан саатуулах буюу цагдан хорих арга хэмжээ авахад;
2/хураан авах буюу нэгжлэг хийж байгаа орон байр, бусад газар байсан этгээд хэрэгт холбогдол бүхий эд зүйл буюу баримт бичгийг биедээ нууж байна гэх хангалттай үндэслэл байвал.
Нэгжлэг хийх этгээдийн биед үзлэг хийхэд ижил хүйсийн хүн байвал зохих бөгөөд энэ зарчим хөндлөнгийн гэрчид нэгэн адил хамаарна.
171 дүгээр зүйл. Дипломат төлөөлөгчийн орон байранд нэгжлэг хийх ба хураан авах
Дипломат төлөөлөгчдийн газрын эзэмшиж байгаа орон байр, түүнчлэн дипломат төлөөлөгчдийн газрын гишүүд, тэдгээрийн гэр бүлийн хүмүүсийн сууж байгаа орон байранд нэгжлэг хийх буюу түүнээс хураан авах явдлыг дипломат төлөөлөгчийн хүсэлтээр буюу түүний зөвшөөрснөөр хийж болно. Хураан авах ба нэгжлэг хийх тухай зөвшөөрлийг дипломат төлөөлөгчөөс Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан асуулгана.
Дээр дурдсан орон байранд нэгжлэг хийх буюу түүнээс хураан авахад прокурор ба Монгол улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчийг заавал байлцуулна.
172 дугаар зүйл. Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг хураан авах
Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан-цахилгаан харилцааны байгууллага байх үед битүүмжлэх, хураан авах ба түүнд үзлэг хийх явдлыг прокурорын зөвшөөрөлтэйгээр буюу шүүхийн тогтоол, эсхүл шүүгчийн захирамжаар гүйцэтгэнэ.
Шуудан-цахилгаан явуулсан зүйлийг битүүмжлэх, хураан авах, түүнд үзлэг хийх шаардлагатай бол мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч тэр тухай үндэслэл бүхий тогтоол гаргана. Уг тогтоолыг прокурор баталсны дараа мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч нь шуудан цахилгаан харилцааны зохих байгууллагад явуулж, шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг хүлээлгэхийг мэдэгдэж, хүлээлгэсэн зүйлд үзлэг хийх буюу түүнийг хураан авахаар очих цагаа мэдэгдэнэ. Үзлэг хийх ба хураан авах явдлыг шуудан-цахилгаан харилцааны байгууллагын ажилтнуудын дотроос хөндлөнгийн гэрчийг байлцуулан гүйцэтгэнэ.
Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг битүүмжлэх энэ арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон бол мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн тогтоолоор хүчингүй болгоно.
173 дугаар зүйл. Хөрөнгө битүүмжлэх
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч иргэний нэхэмжлэл ба хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч буюу сэжигтэн, эсхүл хуулиар тэдний төлөө эд материалын хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй.
Хөрөнгө битүүмжлэх явдлыг хураан авах буюу нэгжлэг хийх ажиллагаатай хамтатгах, эсхүл тусгайд нь хийж болно.
Хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч үндэслэл бүхий тогтоол гаргана. Битүүмжилж байгаа хөрөнгийг бүртгэж данслах ажиллагааг энэ хуулийн 167, 168 дугаар зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэнэ. Бүртгэж дансалсан бүх хөрөнгийг хөндлөнгийн гэрч болон бусад байлцсан хүмүүст үзүүлнэ.
Яллагдагч ба түүний асрамжид байгаа хүмүүсийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээний эд зүйлийг битүүмжилж болохгүй. Эдгээр эд зүйлийн жагсаалтыг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтооно.
Битүүмжилсэн хөрөнгийг мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн тогтоолоор уг хөрөнгийг эзэмшигч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болон бусад итгэлтэй хүмүүст хадгалуулахаар өгч, хөрөнгийг бүрэн бүтэн байлгах хариуцлагыг тайлбарлан өгч энэ тухай гарын үсэг авна. Шаардлагатай тохиолдолд битүүмжилсэн хөрөнгийг түр хураан авч болно. Битүүмжилсэн хөрөнгийг дээр дурдсан хүмүүст хариуцуулах бололцоогүй бол түүнийг хадгалах, бүрэн бүтэн байлгах асуудлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага хариуцна.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Мөнгөн хадгаламжийг битүүмжилсэн байвал ямар нэг гүйлгээ хийхийг зогсооно.
Энэ арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй болсон бол хөрөнгө битүүмжилсэн явдлыг мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн тогтоолоор хүчингүй болгоно.
174 дүгээр зүйл. Хураан авах, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх протокол
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч нь энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд дурдсан журмыг баримтлан хураан авах, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх тухай протокол үйлдэнэ. Хэрэв хураан авсан буюу тусгайлан хадгалуулахаар өгсөн эд зүйл, баримт бичигт тусгай бүртгэл хийсэн байвал түүнийг протоколд хавсаргана. Хураан авах, нэгжлэг хийх, хөрөнгө битүүмжлэх тухай протоколд энэ хуулийн 168 дугаар зүйлд дурдсан эрхийг байлцсан хүмүүст тайлбарлан өгсөн тухай ба тэднээс гаргасан хүсэлтийг бичнэ.
Хураан авсан эд зүйл, баримт бичгийг зохих этгээд сайн дураараа өгсөн буюу албадан гаргуулж авсан, уг зүйлүүд хаанаас ямар байдлаар олдсоныг протоколд бичнэ.
Бүх хурааж авсан эд зүйл, баримт бичиг, түүнчлэн бүртгэсэн эд хөрөнгийг протоколд буюу түүний хавсралтад тоо чанар, их, бага, хүнд, хөнгөний хэмжээ, нэг бүрийн шинж тэмдгийг нарийвчлан тодорхойлж, бололцоо байвал үнийг бичнэ.
Хэрэв хураан авах, нэгжлэг хийх, хөрөнгө битүүмжлэхэд нэгжигдэж байгаа буюу бусад этгээдээс эд зүйл, баримт бичгийг устгах буюу нуухыг оролдсон, эсхүл журам зөрчсөн явдал гарсан бол тэр тухай ба энэ талаар мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчээс ямар арга хэмжээ авсныг протоколд бичнэ.
175 дугаар зүйл. Протоколын хуулбарыг заавал гардуулан өгөх
Протоколын хуулбарыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, нэгжүүлсэн буюу хөрөнгөө битүүмжлүүлсэн этгээд буюу түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүд, эсхүл өмгөөлөгчид нь гардуулан өгч гарын үсэг зурна.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хэрэв хураан авах, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх явдлыг аж ахуйн нэгж, байгууллагын мэдлийн орон байранд гүйцэтгэсэн бол протоколын хуулбарыг зохих албан тушаалтанд гардуулан өгч гарын үсэг авна.
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
ҮЗЛЭГ
176 дугаар зүйл. Үзлэг хийх үндэслэл
Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч гэмт хэргийн ул мөр, эд мөрийн бусад баримтыг олох, гэмт хэрэг гарсан байдал ба гэмт хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор гэмт хэрэг гарсан болон бусад газар, эд зүйл, баримт бичигт үзлэг хийнэ.
177 дугаар зүйл. Үзлэг хийх журам
Үзлэгийг хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан хийнэ.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч шаардлагатай тохиолдолд үзлэг хийхэд яллагдагч буюу сэжигтэн, хохирогч, гэрчийг оролцуулах эрхтэй.
Шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч үзлэг хийхэд оролцуулахаар уг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэргэжилтэн урьж болно.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч үзлэг хийхэд хэмжих, гэрэл, кино зураг авах, төлөвлөгөө зохиох, дүрс бичлэг хийх, ул мөрний хэв, хуулбар авах ажлыг хийж болно.
Хураан авах буюу нэгжлэг хийх, гэмт хэрэг гарсан болон бусад газар үзлэг хийх үед илэрч олдсон эд зүйл, баримт бичигт үзлэг хийхэд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч мөрдөн байцаалтын зохих ажиллагааг газар дээр нь гүйцэтгэнэ.
Үзлэг хийсний дүнг мөрдөн байцаалтын зохих ажиллагааны протоколд бичнэ. Эд зүйл, баримт бичигт үзлэг хийхэд удаан хугацаа шаардагдах буюу үндэслэл байвал мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч үзлэгийг мөрдөн байцаалт явуулж байгаа газар хийнэ. Шаардлагатай байвал хураан авсан зүйлүүдийг хайрцаг саванд хийж лацдана.
Шуудан-цахилгаанаар явуулсан зүйлд үзлэг хийхэд энэ хуулийн 172 дугаар зүйлийн дагуу гүйцэтгэнэ.
178 дугаар зүйл. Хүүрэнд үзлэг хийх
Хүүрт олдсон газар дээр нь гаднах үзлэгийг мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчээс хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан, шүүх-эмнэлгийн шинжээч буюу хэрэв түүнийг оролцуулах боломжгүй бол өөр их эмчийн оролцоотойгоор гүйцэтгэнэ.
Хүүрийг оршуулсан газраас нь гаргаж авах хэрэгцээ тохиолдвол мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч тэр тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, прокуророор батлуулна. Хүүр гаргаж авах явдлыг мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч, түүнчлэн шүүх-эмнэлгийн шинжээч, хөндлөнгийн гэрчийг байлцуулан гүйцэтгэнэ.
179 дүгээр зүйл. Хүний биед үзлэг хийх
Яллагдагч, сэжигтэн, гэрч буюу хохирогчийн биед байгаа гэмт хэргийн ул мөр буюу онцлог тэмдгийг тогтооход хэрэв шүүх-эмнэлгийн шинжилгээ шаардлагагүй байвал мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч тэдний биед үзлэг хийх эрхтэй.
Хүний биед үзлэг хийх тухай мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч тогтоол гаргана. Хүний биед үзлэг хийх тухай гаргасан тогтоолыг холбогдох этгээд заавал биелүүлнэ.
Хүний биед үзлэг хийх явдлыг хөндлөнгийн гэрчийг байлцуулан, шаардлагатай тохиолдолд их эмчийн оролцоотойгоор гүйцэтгэнэ.
Уг этгээдийг нүцэглэх шаардлагатай үед мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч нь ижил хүйсийн биш байвал хүний биед үзлэг хийх ажиллагаанд оролцож болохгүй. Энэ тохиолдолд хүний биед үзлэг хийх явдлыг их эмчээс хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан гүйцэтгэнэ.
Хүний биед үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэхэд уг этгээдийн алдар нэрийг гутаах буюу түүний эрүүл мэндэд аюултай явдлыг гаргаж болохгүй.
180 дугаар зүйл. Үзлэгийн протокол
Энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмын дагуу мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч үзлэг хийсэн тухай протокол үйлдэнэ.
Протоколд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн бүх ажиллагаа, түүнчлэн үзлэг хийхэд илэрсэн бүх зүйл, үзлэгийг яаж хийсэн, үзлэг хийхэд илэрсэн зүйл нь ямар байдалтай байсныг тэр дэс дараалал, байдлаар нь тодорхойлон бичнэ. Түүнчлэн протоколд үзлэг хийхэд хураан авсан бүх зүйлүүдийг нэгбүрчлэн жагсааж тодорхойлон бичнэ.
181 дүгээр зүйл. Мөрдөн байцаалтын туршилт
Хэрэгт холбогдолтой байдлыг шалгах ба тодруулахын тулд мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн тогтоолоор тодорхой ямар нэг явдлын үйлдэл, бусад байдлыг сэргээн босгож дүрслэх шаардлагатай туршлагын ажиллагааг явуулах замаар мөрдөн байцаалтын туршилт хийж болно. Тэгэхдээ мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч хэрэгцээ тохиолдвол хэмжих, гэрэл, кино зураг авах, төлөвлөгөө зохиох, дүрс бичлэг хийх ажлыг гүйцэтгэж болно.
Мөрдөн байцаалтын туршилтыг түүнд оролцож байгаа хүмүүс болон орчин тойрны хүмүүсийн алдар нэрийг гутаахгүй, тэдний эрүүл мэндэд аюул учруулахгүй нөхцөлд хийнэ.
Мөрдөн байцаалтын туршилт хийхэд хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулна.
Хэрэв хэрэгцээ тохиолдвол мөрдөн байцаалтын туршилт хийхэд сэжигтэн буюу яллагдагч, хохирогч, гэрчийг оролцуулж болно.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаалтын туршилт хийхэд уг хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтэнг урьж оролцуулах эрхтэй.
Мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай протоколыг энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэнэ. Протоколд мөрдөн байцаалтын туршилт хийсэн нөхцөл, явц, дүнгийн тухай тодорхой бичнэ.
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
182 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэх журам
Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч тэр тухай тогтоол гаргаж, түүндээ шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжээчийн буюу шинжилгээ хийвэл зохих байгууллагын нэр, шинжээчид тавьсан асуулт, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн материалыг тодорхойлон бичнэ.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч нь сэжигтэн буюу яллагдагчид шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг танилцуулж, энэ хуулийн 183 дугаар зүйлд дурдсан түүний эрхийг тайлбарлан өгөх үүрэгтэй. Энэ тухай протокол үйлдэж, мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч, түүнчлэн яллагдагч буюу сэжигтэн гарын үсэг зурна.
Шинжилгээ хийх үед мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч байлцах эрхтэй.
Сэжигтэн буюу яллагдагчийн сэтгэл мэдрэлийн өвчний байдлаас түүнд сонсгох боломжгүй байвал шүүх сэтгэл мэдрэлийн шинжилгээ хийлгэх тухай тогтоол, шинжээчийн дүгнэлтийг сонсгохгүй байж болно.
183 дугаар зүйл. Шинжилгээ хийлгэхэд сэжигтэн, яллагдагчийн эрх
Шинжилгээ хийлгэх үед сэжигтэн, яллагдагч дор дурдсан эрхтэй:
1/шинжээчийг татгалзах;
2/нэр цохсон хүмүүсээс шинжээч томилохыг хүсэх;
3/шинжээчээр дүгнэлт гаргуулж авахаар нэмэлт асуулт тавих;
4/шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тэр талаар тайлбар гаргах;
5/мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн зөвшөөрөлтэйгээр шинжилгээ хийхэд байлцах, шинжээчид тайлбар өгөх;
6/шинжээчийн дүгнэлттэй танилцах.
Хэрэв сэжигтэн буюу яллагдагчийн хүсэлтээр хангасан байвал мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч шинжилгээ хийлгэх тухай өөрийн тогтоолыг уг хүсэлтийн дагуу өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулна.
Хэрэв хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч тэр тухай тогтоол гаргаж, түүнийгээ сэжигтэн буюу яллагдагчид сонсгон гарын үсэг зуруулна.
184 дүгээр зүйл. Харьцуулан шинжлэхээр хэв хэлбэр авах
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч харьцуулан шинжлэхэд шаардлагатай гарын үсгийн хэв хэлбэр буюу бусад хэв хэлбэр сэжигтэн буюу яллагдагчаас авах эрхтэй бөгөөд энэ тухай тогтоол гаргана.
Түүнчлэн мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч гэмт хэрэг гарсан газар буюу эд мөрийн баримтад гэрч буюу хохирогч ул мөрөө үлдээсэн байж магадгүй болохыг зөвхөн шалгах шаардлагатай бол харьцуулан шинжлэхээр тэднээс гарын үсгийн болон бусад хэв хэлбэр авах эрхтэй.
Харьцуулан шинжилгээ хийхийн тул хэв хэлбэр авах ажиллагааг шаардлагатай байвал уг хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтний оролцоотойгоор гүйцэтгэнэ.
Харьцуулан шинжилгээ хийхээр хэв хэлбэр авах тухай протоколыг энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэнэ.
185 дугаар зүйл. Шинжилгээг шинжилгээний байгууллагад хийлгэх
Зохих шинжилгээний байгууллагын шинжээчээр шинжилгээ хийлгэхээр даалгахад мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч өөрийн тогтоол ба шинжилгээ хийхэд зайлшгүй шаардагдах материалыг уг байгууллагад явуулна.
Шинжилгээний байгууллагын удирдлага нь мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүлээн авмагц өөрийн байгууллагын нэг буюу хэсэг хүмүүст шинжилгээ хийлгэхээр даалгавар өгнө. Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн даалгавраар шинжилгээний байгууллагын удирдлага шинжилгээ хийхээр даалгавар авсан хүмүүст энэ хуулийн 80 дугаар зүйлд дурдсан шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан өгч дүгнэлт өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт өгвөл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 205, 206 дугаар зүйлд зааснаар тэдэнд хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, тэр тухай тэднээс гарын үсэг авч шинжээчийн дүгнэлтийн хамтаар мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчид явуулна.
186 дугаар зүйл. Яллагдагч буюу сэжигтэнг эмнэлгийн байгууллагад шилжүүлэх
Хэрэв шүүх эмнэлгийн буюу шүүх-сэтгэл мэдрэлийн шинжилгээ хийхэд эмнэлгийн байгууллагад байлгаж хяналт тавих шаардлагатай бол мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч нь яллагдагч буюу сэжигтэнг зохих эмнэлгийн байгууллагад шилжүүлж, энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргана.
Цагдан хоригдох арга хэмжээ авагдаагүй яллагдагч буюу сэжигтэнг сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх байгууллагад шилжүүлэх явдлыг прокурорын зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ.
Сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх байгууллагад байсан хугацааг цагдан хоригдох хугацаанд оролцуулан тооцно.
187 дугаар зүйл. Шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх
Хэрэв шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргасны дараа шинжилгээ хийхээр томилогдож байгаа этгээдийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, яллагдагч, сэжигтэн, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчийг татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгана.
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг гардуулан өгч түүнд энэ хуулийн 80 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж, дүгнэлт өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал дүгнэлт гаргавал Монгол Улсын Эрүүгийн хуулийн 205, 206 дугаар зүйлд зааснаар хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна. Эдгээр ажиллагааг гүйцэтгэснийг шинжилгээ хийлгэх тухай тогтоолд тэмдэглэж, шинжээчээр гарын үсэг зуруулна.
Хэрэв шинжээч уг хэргийн талаар ямар нэгэн өргөдөл буюу хүсэлт гаргавал мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмын дагуу протокол үйлдэх үүрэгтэй.
188 дугаар зүйл. Шинжээчийн дүгнэлтийн агуулга
Шинжээч зохих шинжилгээнүүдийг хийсний дараа дүгнэлт гаргана. Дүгнэлтэд шинжилгээг хэзээ, хаана, хэн/ овог нэр, боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг ба цол, албан тушаал/, юуг үндэслэж хийсэн, шинжилгээ хийхэд хэн байлцсан, шинжээч ямар материал ашигласан, ямар шинжилгээг хийсэн, шинжээчид ямар асуулт тавигдсан, түүнд өгсөн үндэслэл бүхий хариултыг бичнэ. Шинжилгээ хийж байх үед шинжээч уг хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг олж тогтоосон бол энэ талаар асуулт тавигдаагүй ч байсан өөрийнхөө дүгнэлтэд заах эрхтэй.
Дүгнэлтийг бичгээр гаргаж шинжээч гарын үсэг зурна.
189 дүгээр зүйл. Шинжээчийг байцаах
Мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгч шинжээчийн гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах буюу тодруулах зорилгоор шинжээчийг байцаах эрхтэй.
Шинжээч хариултыг өөрөө бичиж өгөх эрхтэй. Шинжээчийг байцаасан протоколыг энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд дурдсан журмын дагуу үйлдэнэ.
190 дүгээр зүйл. Яллагдагчид шинжээчийн дүгнэлтийг сонсгох
Шинжээчийн дүгнэлт өгөх бололцоогүй тухай шинжээчээс мэдэгдсэн мэдэгдэл, түүнчлэн шинжээчийг байцаасан протоколыг яллагдагчид сонсгох бөгөөд яллагдагч нь тайлбар өгөх, татгалзах, түүнчлэн шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт буюу дахин шинжилгээ хийлгэхийг хүсэх эрхтэй. Дээрх ажиллагааг хийсэн тухай яллагдагчийг байцаасан протоколд тэмдэглэнэ.
Энэ зүйлд дурдсан журам нь уг этгээдийг яллагдагчаар татахаас өмнө хийсэн шинжилгээнд нэгэн адил хамаарна.
191 дүгээр зүйл. Нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх журам
Энэ хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх явдлыг мөн хуулийн 182-190 дүгээр зүйлд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
МӨРДӨН БАЙЦААЛТЫГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ
192 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл, хугацаа
Мөрдөн байцаалтыг дор дурдсан үндэслэлээр түдгэлзүүлнэ:
1/гэмт хэрэг үйлдсэн этгээд тогтоогдоогүй, эсхүл байгаа газар нь мэдэгдэхгүй байгаа;
2/сэжигтэн, яллагдагч оргон зайлсан;
3/сэжигтэн, яллагдагч сэтгэл мэдрэлийн буюу өөр хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан;
4/зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй тохиолдолд.
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндэслэлээр түдгэлзүүлэх тогтоолыг хэрэг бүртгэгч, 1-4-т заасан үндэслэлээр түдгэлзүүлэх тогтоолыг мөрдөн байцаагч гаргана. Хэрэв хоёр буюу хэд хэдэн сэжигтэн, яллагдагч хэрэгт татагдсан бөгөөд мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл нь бүх сэжигтэн, яллагдагчид хамаарахгүй байвал зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлж болно.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Энэ хуулийн 1дэх хэсгийн 1, 2, 4-т заасан тохиолдолд мөрдөн байцаалтыг уг хэргийг мөрдөх хугацаа дуусмагц түдгэлзүүлнэ. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан тохиолдолд мөрдөн байцаалтын хугацаа дуусахын өмнө түдгэлзүүлж болно. Сэжигтэн сэтгэл мэдрэлийн өвчтэй болох нь хэрэг бүртгэлтийн шатанд тогтоогдвол хэргийг түдгэлзүүлэх тухай асуудлыг мөрдөн байцаалтад шилжүүлсний дараа шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэхийн өмнө хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийн байхгүйд гүйцэтгэж болох мөрдөн байцаалтын бүх ажиллагааг явуулах, гэмт хэрэг үйлдсэн болон оргон зайлсан этгээдийг олж илрүүлэх бүх арга хэмжээг авах үүрэгтэй.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Түдгэлзүүлсэн хэргийг Эрүүгийн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дуусмагц хэрэгсэхгүй болгоно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
193 дугаар зүйл. Сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах
Сэжигтэн, яллагдагч оргон зайлсан байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрэн сурвалжлах шаардлагатай арга хэмжээг авна. Мөрдөн байцаагч эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгах эрхтэй бөгөөд энэ тухай тогтоол гаргана.
Эрэн сурвалжлах явдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед буюу хэргийг түдгэлзүүлэхийн хамт зарлана. Энэ хуулийн 87, 94 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал мөрдөн байцаагч эрэн сурвалжилж байгаа этгээдийг прокурорын зөвшөөрөлтэйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
194 дүгээр зүйл. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох арга хэмжээ
Энэ хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан тохиолдолд хэргийг түдгэлзүүлсний дараа мөрдөн байцаах байгууллага өөрөө буюу цагдаагийн болон хэрэг бүртгэх бусад байгууллагатай хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох арга хэмжээ авах үүрэгтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
195 дугаар зүйл. Мөрдөн байцаалтыг сэргээн явуулах
Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэл арилсан буюу мөрдөн байцаах ажиллагааг нэмж хийх шаардлагатай байвал мөрдөн байцаагч, прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтыг сэргээн явуулна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОРЬДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ
196 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл
Дор дурдсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно:
1/Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 5, 6-д заасан тохиолдолд;
/Энэ заалтыг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2/хэрэв нэмэгдэл нотлох баримтыг цуглуулах бүх бололцоотой ажиллагааг хийсэн боловч яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал.
Хэрэв хэд хэдэн яллагдагч хэрэгт татагдсан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нийт яллагдагчид хамаарахгүй байвал мөрдөн байцаагч зөвхөн зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийн талаархи нотлох баримт Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд дурдсан хугацааны дотор шинээр илэрвэл дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болно.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
197 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох журам
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийг хэрэгсэхгүй болгох тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, түүндээ уг хэргийн агуулга ба хэрэгсэхгүй болгох үндэслэлийг заана. Энэ тогтоолоор эд мөрийн баримтын тухай болон таслан сэргийлэх арга хэмжээ ба хөрөнгө битүүмжилснийг хүчингүй болгох тухай асуудлыг шийдвэрлэвэл зохино. Тогтоолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гарын үсэг зурж, түүнийг хаана, хэзээ гаргасныг заана.
Хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоолын хуулбарыг прокурорт явуулахын хамт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ба түүний үндэслэлийг сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээд, хохирогч, түүнчлэн уг хэрэг байгууллагын мэдээлэл буюу хүний өргөдлөөр үүсгэгдсэн байвал тэр байгууллага буюу хүнд мэдэгдэж гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө.
Хэрэв сэжигтэн, яллагдагчаар татагдсан буюу бусад этгээдийн хувьд захиргааны болон сахилгын арга хэмжээ ногдуулах баримт тогтоогдвол прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шаардлагатай материалыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно.
198 дугаар зүйл. Ухаан солиу буюу эдгэршгүй хүнд өвчтэй яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
Яллагдагч гэмт хэрэг үйлдэх үед ухаан солиу байсан нь тогтоогдсон буюу хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэл мэдрэлийн буюу эдгэршгүй хүнд өвчнөөр өвчилсөн байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Мөрдөн байцаагч энэ тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргаж, шаардлагатай бол эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авах асуудлыг шийдвэрлүүлэхээр яллагдагчийг хэргийн хамтаар прокурорт шилжүүлнэ.
199 дүгээр зүйл. Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх
Үндэслэлтэй байвал прокурор өөрийн тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож уг хэргийг мөрдөхөөр сэргээх эрхтэй.
Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээх явдлыг хөөн хэлэлцэх хугацааны дотор гүйцэтгэж болно.
Хэрэв энэ хуулийн 6 дугаар зүйлийн 2 буюу 3-ыг баримтлан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийг хэрэгсэхгүй болгосныг сэжигтэн, яллагдагч татгалзвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч өөрийн тогтоолоор уг хэргийг мөрдөх явдлыг сэргээнэ.
Сэжигтэн яллагдагч нас барснаас хэргийг хэрэгсэхгүй болгосон бол түүний өмгөөлөгч, төрөл садан нь нас барсан этгээдийг цагаатгах зорилгоор мөрдөн байцаалтыг дуустал явуулахыг хүсч болно.
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
МӨРДӨН БАЙЦААЛТЫГ ДУУСГАХ
200 дугаар зүйл. Хэргийн материалыг хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчид танилцуулах
Мөрдөн байцаагч мөрдөн байцаалт дууссан, цуглуулсан нотлох баримт хангалттай болсон гэж үзвэл энэ тухай хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчдөд мэдэгдэх ба хэргийн материалтай танилцах эрхтэй болохыг тэдэнд тайлбарлан өгөх үүрэгтэй.
Дээр дурдсан хүмүүсээс хэргийн материалтай танилцахыг хүсвэл мөрдөн байцаагч, тэдний хүсэлтийг хангах ёстой. Харин мөрдөн байцаагч нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчдөд хэргийн материалаас зөвхөн иргэний нэхэмжлэлд холбогдох хэсгийг танилцуулна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчдөд хэргийн материалыг танилцуулсан тухай энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмын дагуу протокол үйлдэнэ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчдийг хэргийн ямар материалтай танилцуулсан, түүнчлэн ямар хүсэлт гаргасныг протоколд тэмдэглэнэ. Бичгээр гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргана.
Мөрдөн байцаагч нь гаргасан хүсэлтийг бүгдийг буюу зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргана. Уг тогтоолыг хүсэлт гаргасан хүнд мэдэгдэнэ.
201 дүгээр зүйл. Мөрдөн байцаалт дууссан тухай яллагдагчид мэдэгдэх
Мөрдөн байцаагч мөрдөн байцаалт дууссан, цуглуулсан нотлох баримт хангалттай болсон гэж үзвэл энэ тухай яллагдагчид мэдэгдэж, мөрдөн байцаалтын материалтай танилцах, мөрдөн байцаалтад нэмэлт ажиллагаа хийхийг хүсэх эрхтэй болохыг тайлбарлан өгнө.
Дээр дурдсан ажиллагааг гүйцэтгэсэн тухай мөрдөн байцаагч протокол үйлдэж түүндээ яллагдагчаас гаргасан хүсэлтийг тэмдэглэнэ.
202 дугаар зүйл. Яллагдагчид мөрдөн байцаалтын материалыг танилцуулах
Мөрдөн байцаагч мөрдөн байцаалт дуусмагц мөрдөн байцаалтын бүх материалыг үдэж дугаарлан, яллагдагчид өгч, өөрөө буюу өмгөөлөгчийн туслалцаатай танилцах бололцоо олгох үүрэгтэй.
Мөрдөн байцаалтын явцад кино зураг, дүрс, дууны бичлэг хийсэн бол тэдгээртэй танилцах бололцоог яллагдагч, түүний өмгөөлөгчид нэгэн адил олгоно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хэргийн материалтай танилцуулах явдлыг өмгөөлөгч ирэхийг хүртэл хойшлуулж болох боловч 5 хоногоос хэтрүүлж болохгүй. Яллагдагчийн сонгож авсан өмгөөлөгч заасан хугацаанд ирж чадахгүй бол мөрдөн байцаагч өөр өмгөөлөгчийг яллагдагчийн хүсэлтээр ирүүлэх арга хэмжээ авна. Мөрдөн байцаагч нь яллагдагч буюу өмгөөлөгч хүсвэл тэдэнд хэргийн материалтай тус тусдаа танилцахыг зөвшөөрөх эрхтэй. Хэрэв яллагдагчаар хэрэгт хэд хэдэн этгээд татагдсан бол бүх материалыг хүн тус бүрт танилцуулах үүрэгтэй.
Яллагдагч хэргийн материалтай танилцаж түүнээс төр, байгууллага, хувь хүний нууцад үл хамаарах нотлох баримтыг өөрийн зардлаар хувилах, хуулбарлан авах эрхтэй.
Яллагдагч болон түүний өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж дуусмагц мөрдөн байцаагч нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх эсэх, ямар асуудлаар хийлгэхийг хүсч байгааг тэднээс асуух үүрэгтэй.
203 дугаар зүйл. Хэргийн материалтай танилцах үед өмгөөлөгчийн эрх
Яллагдагчийн өмгөөлөгчийн эрх:
1/яллагдагчтай ганцаарчлан уулзах;
2/хэргийн бүх материалтай танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад үл хамаарах нотлох баримтыг өөрийн зардлаар хувилах, хуулбарлан авах;
3/хүсэлт гаргах тухай асуудлыг яллагдагчтай хамтран хэлэлцэх;
4/мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх, хэрэгт нотлох баримт шаардан гаргуулж хавсаргах, түүнчлэн хэрэгт ач холбогдолтой бусад бүх асуудлын талаар хүсэлт гаргах;
5/мөрдөн байцаагч, прокурор, шинжээч, хэлмэрчийг татгалзах;
6/мөрдөн байцаагчаас өмгөөлөгч буюу яллагдагчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах;
7/яллагдагч, өмгөөлөгчийн хүсэлтээр гүйцэтгэж байгаа мөрдөн байцаалтын ажиллагаанд байлцах.
204 дүгээр зүйл. Яллагдагч, түүний өмгөөлөгч мөрдөн байцаалтад нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах
Мөрдөн байцаалтад нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг яллагдагч, түүний өмгөөлөгч амаар буюу бичгээр гаргаж болно. Гаргасан хүсэлтийг протоколд тэмдэглэхийн хамт бичгээр гаргасныг хэрэгт хавсаргана.
Хүсэлтийг мөрдөн байцаагч хянаж үзээд түүнийг хангасан буюу хэрэгсэхгүй болгосон тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, уг тогтоолыг яллагдагч буюу түүний өмгөөлөгчид мэдэгдэнэ.
Хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг тодруулахаар хүсэлт гаргасан байвал мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж гүйцэтгэх үүрэгтэй. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэтгэхэд хэрэв өмгөөлөгч байлцаж байгаа бол тэр нь гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчид асуулт тавих, түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг протоколд тэмдэглэхийг хүсэх эрхтэй.
/Энэ хэсэгт 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
Мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагааг хийсний дараа мөрдөн байцаагч нь яллагдагч, түүний өмгөөлөгчийг энэ хуулийн 201-203, 205 дугаар зүйлд заасан журмын дагуу хэргийн материалтай дахин танилцуулах үүрэгтэй.
/Энэ 1994 оны З дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
205 дугаар зүйл. Яллагдагч, түүний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулсан тухай протокол
Яллагдагч, түүний өмгөөлөгчид хэргийн бүх материалыг танилцуулсан тухай мөрдөн байцаагч энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмын дагуу протокол үйлдэнэ. Протоколд яллагдагчид мөрдөн байцаалт дууссан тухай сонсгосон, түүний эрхийг тайлбарлаж өгсөн, ямар материалыг /хавтас ба хуудасны тоо/ танилцуулахаар өгсөн, хаана, хэдэн цагийн дотор ямар журмаар танилцсан, яллагдагч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг тэмдэглэнэ.
Хэрэв яллагдагч хэргийн материалтай танилцахаас татгалзсан байвал энэ тухай протоколд зааж, татгалзсан шалтгааныг яллагдагч тодорхойлсон бол түүнийг тэмдэглэнэ.
206, 207 дугаар зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
208 дугаар зүйл. Хэргийг прокурорт шилжүүлэх
Мөрдөн байцаагч нь яллагдагч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчид хэргийн материалыг танилцуулсны дараа хэргийг прокурорт нэн даруй шилжүүлнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХЭРЭГ БҮРТГЭХ, МӨРДӨН БАЙЦААЛТ ЯВУУЛАХ АЖИЛЛАГААНД ХУУЛИЙГ ХЭРХЭН БИЕЛҮҮЛЖ БАЙГААД ТАВИХ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ
209 дүгээр зүйл. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хууль хэрхэн хэрэгжиж байгаад Улсын ерөнхий прокурор, түүний харьяа прокурорууд Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, энэ хуулийн заалтыг удирдлага болгон хяналт тавина.
Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн дагуу дор дурдсан ажиллагаанд хяналт тавина:
1/гэмт хэргийн үйл баримтыг шалгаж тогтоох, гэмт этгээдийг илрүүлэх талаар хийж байгаа хэрэг бүртгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх;
2/мөрдөн байцаах ажиллагаа эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
3/мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх;
4/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагаас хүний эрх, эрх чөлөө, хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хязгаарлах талаар явуулж буй үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;
5/бусдыг нэгжих, албадан саатуулах, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх.
Прокурор энэ зүйлд заасан хяналтыг дор дурдсан үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар гүйцэтгэнэ:
1/хэргийн тухай гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалган шийдвэрлэх ажиллагааг хянан шалгах;
2/эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагаанд хяналт тавих;
3/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явц, үр дүнг хянахын тулд хэргийн баримт материал, бусад мэдээг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас танилцах;
4/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хуулийн заалтыг хангуулах, хуулийг хэрэглэх талаар болон тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид заалт өгөх;
5/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хүний эрх, эрх чөлөө, хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байр, өмчийн халдашгүй байдлыг хөндсөн ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага гарвал зөвшөөрөл өгөх асуудлыг хянан шийдвэрлэх;
6/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах зарим ажиллагааг явуулахад оролцох;
7/хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хууль бус үндэслэлгүй шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох;
8/мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзвэл эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтээс мөрдөн байцаалтад шилжүүлэх;
9/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хуулийг ноцтой зөрчсөн буюу уг хэрэгт хувийн сонирхолтой, эсвэл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байвал хэргийг бодитойгоор мөрдүүлэхийн тулд тухайн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар хэргийг цаашид мөрдүүлэхийг зогсоох, өөр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид шилжүүлэх;
10/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны үр дүнг үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад болон шүүхэд шилжүүлэх, эсхүл нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах;
11/хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
12/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаар прокурорын байгууллагад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;
13/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон хяналтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг аль ч байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцах,мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;
14/албан тушаалтан, иргэнээс тайлбар, мэдүүлэг гаргуулах, хуульд заасан тохиолдолд албадан ирүүлэх арга хэмжээ авах;
15/хуулийг биелүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд санал тавих буюу гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгахыг шаардах;
16/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэвийн ажиллагааг хангах, уул ажиллагаанд илэрсэн нийтлэг зөрчлийг арилгуулах талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын захиргаанд шаардлага тавих;
17/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлыг шалгах;
18/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын захиргаанаас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны талаар гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, хууль зөрчсөн тушаал, шийдвэрт эсэргүүцэл бичих;
19/баривчлах, албадан саатуулах, цагдан хорих байранд ямар ч цагт саадгүй нэвтрэн орох, хоригдож байгаа хүмүүстэй биечлэн уулзах, хууль зүйн үндэслэлгүйгээр хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах;
20/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлын байдлыг судалж дүгнэлт гаргахын тулд тодорхой хэргүүдийг татаж хянах.
Энэ хуулийн 374 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 3-т заасан нөхцөл байдал илэрсэн, эсхүл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих явцад хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй гэж үзвэл прокурор, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийг биечлэн байцаах, шинжээчийг дахин томилж, дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
210 дугаар зүйл. Прокурорын шийдвэрийг заавал биелүүлэх
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан прокурорын шийдвэрийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч биелүүлэх үүрэгтэй.
Прокурорын шийдвэрийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч давж заалдсан явдал нь энэ хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд түүнийг биелүүлэх явдлыг зогсоохгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
211 дүгээр зүйл. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос шийдвэрлэвэл зохих асуудлууд
Мөрдөн байцаагчаас шилжүүлсэн хэргийн талаар прокурор дор дурдсан асуудлыг хянах үүрэгтэй:
1/гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх;
2/хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл хэрэгт байгаа эсэх;
3/мөрдөн байцаалтыг бүрэн, бодитой явуулсан эсэх;
4/сонсгосон ял нь хэрэгт байгаа нотолгоонд үндэслэгдсэн эсэх;
5/яллагдагчид сонсгосон ял нь мөрдөн байцаалтаар тогтоосон бүх гэмт хэргийг хамарч чадсан эсэх;
6/гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх;
7/эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг зөв хэрэглэсэн эсэх;
8/таслан сэргийлэх арга хэмжээг зөв хэрэглэсэн эсэх;
9/иргэний нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авсан эсэх;
10/гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөх шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
212 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр
Мөрдөн байцаалт явуулсан хэргийг прокурор 14 хоногоос хэтрүүлэлгүй хянаж үзээд дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/хэргийг шүүхэд хянуулах;
2/хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах;
3/энэ хуулийн 197 дугаар зүйлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох.
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан тохиолдолд прокурор яллах дүгнэлт үйлдэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
213 дугаар зүйл. Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед ялыг өөрчлөх
Яллах дүгнэлт үйлдэх үед прокурор урьд сонсгосон ялын зарим хэсгийг хасах, түүнчлэн хөнгөн ялтай хуулийг хэрэглэх эрхтэй.
Хэрэв ялыг хүндрүүлэх буюу жинхэнэ бодит байдлаар нь урьд сонсгосон ялаас онцын ялгаатай болгож өөрчлөх шаардлагатай бол прокурор шинээр ял сонсгуулахаар хэргийг мөрдөн байцаагчид буцаана.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
214 дүгээр зүйл. Прокурор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх
Прокурор таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх, хэрэв урьд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бол шинээр авах эрхтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
215 дугаар зүйл. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх
Прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлж, энэ тухай яллагдагчид мэдэгдэнэ.
Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийн талаар гарсан хүсэлт, гомдлыг шүүхэд шууд явуулна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2151дүгээр зүйл. Яллах дүгнэлт
Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.
Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, хугацаа, сэдэлт, санаа зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотолгоо зэргийг дурдана.
Тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь тус улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн хүний албан тушаал, зэрэг дэв, нэр, үйлдсэн хугацааг бичнэ.
Яллах дүгнэлтийн хавсралтад дор дурдсан зүйлийг заана:
1/таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан эсэх, түүний хугацаа;
2/эд мөрийн баримт, битүүмжилсэн эд хөрөнгийн талаархи тодорхойлолт;
3/иргэний нэхэмжлэл, түүнийг хангах талаар авсан арга хэмжээ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХЭРЭГ БҮРТГЭХ БАЙГУУЛЛАГА, МӨРДӨН БАЙЦААГЧ, ПРОКУРОРЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ГОМДОЛ ГАРГАХ
216 дугаар зүйл. Гомдол гаргах журам
Хэрэг бүртгэх байгууллага буюу мөрдөн байцаагчийн ажиллагааны талаар гаргасан гомдлыг прокурорт шууд буюу уг хэргийг гардан эрхэлж байгаа хэрэг бүртгэгч буюу мөрдөн байцаагчаар дамжуулан өгнө. Гомдол нь бичгээр буюу амаар байж болно.
Амаар гаргасан гомдлыг протоколд бичиж, гомдол гаргагч ба гомдлыг хүлээн авсан хүн гарын үсэг зурна.
Хэрэг бүртгэгч ба мөрдөн байцаагч, гомдлыг хүлээн авмагц 24 цагийн дотор өөрийн тайлбарын хамт прокурорт хүргүүлнэ.
Хэрэв хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч буюу прокурор шаардлагатай гэж үзээгүй бол гомдолд холбогдсон ажиллагааг уг гомдлыг шийдвэрлэх хүртэл зогсоож болохгүй.
217 дугаар зүйл. Прокурор гомдлыг хянаж үзэх
Прокурор гомдлыг хүлээн авмагц З хоногийн дотор хянаж шийдвэрлээд тогтоол гаргаж, уг гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл мөрдөн байцаагч буюу хэрэг бүртгэгчийн ажиллагаанд ямар дутагдал байсныг заах ба хэрэв гомдлыг үндэслэлгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгосон шалтгааныг дурдаж уг тогтоолыг хэрэгт хавсаргана. Гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай гомдол гаргагчид мэдэгдэнэ.
218 дугаар зүйл. Прокурорын ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах
Прокурорын ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо дээд шатны прокурорт гаргана.
III ХЭСЭГ
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЯЛЛАГДАГЧИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ БА ШҮҮХ ХУРАЛДААНД БЭЛТГЭХ АЖИЛЛАГАА
219 дүгээр зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх
Прокуророос шилжүүлсэн хэргийг шүүгч хянаж үзээд захирамж гаргаж, дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;
2/нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг буцаах;
3/хэргийг түдгэлзүүлэх;
4/хэргийг харьяалах шүүхэд нь шилжүүлэх.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
220 дугаар зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
221 дүгээр зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай асуудлыг уг хэргийг шүүх хүлээн авсан өдрөөс эхлэн шүүгч 15 хоногоос хэтрүүлэхгүйгээр шийдвэрлэнэ. Энэ хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг сунгаж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
222 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхэд шийдвэрлэвэл зохих асуудал
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгч нь яллагдагч нэг бүрийн талаар дор дурдсан асуудлыг шийдвэрлэж, захирамж гаргана:
1/яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх;
2/шүүх хуралдааныг хаана, хэзээ хийх;
3/мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч аваагүй шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах;
4/шүүх хуралдаанд яллагч, өмгөөлөгч, гэрч, шинжээч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, хэлмэрчийг дуудах, оролцуулах;
5/энэ хуулийн 19 дүгээр зүйлд дурдсан тохиолдолд хэргийг хаалттай шүүх хуралдаанаар хэлэлцэх;
6/шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг томилох;
7/иргэний нэхэмжлэл болон хөрөнгө хураах ялыг хангах арга хэмжээ авах.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
223 дугаар зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед гаргасан хүсэлтийг хянаж хэлэлцэх
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед шүүгч нь нэмэлт баримт шаардах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, иргэний нэхэмжлэл хангах арга хэмжээ авах талаар яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хянаж үзэх үүрэгтэй. Шүүгч хүсэлт гаргасан хүмүүсээс тайлбар авч болно.
Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хүсэлт гаргасан хүмүүст мэдэгдэнэ.
Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргаж болохгүй боловч шүүх хуралдаан дээр хүсэлтээ дахин тавьж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
224, 225, 226, 227, 228 дугаар зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
229 дүгээр зүйл. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжид хэнийг шүүхэд шилжүүлж байгаа, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ, түүнчлэн энэ хуулийн 222 дугаар зүйлд заасан асуудлын талаархи шийдвэрийг тусгана.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
230 дугаар зүйл. Хэргийг түдгэлзүүлэх, харьяаллын дагуу шүүхэд шилжүүлэх
Хэрэв яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч оргон зайлсан буюу оршин байгаа газар нь мэдэгдэхгүй байвал шүүгч захирамж гаргаж, яллагдагчийг олох хүртэл хэргийг түдгэлзүүлж, түүнийг эрэн сурвалжлах даалгаврыг цагдаагийн байгууллагад өгнө. Цагдаагийн байгууллага шүүхийн даалгаврыг өөрийн зардлаар заавал гүйцэтгэнэ.
Сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчний улмаас яллагдагч шүүх хуралдаанд оролцох бололцоогүй болох нь шүүхээс томилсон их эмчийн магадлагаагаар нотлогдсон бол яллагдагчийг эдгэртэл уг хэргийг түдгэлзүүлэх тухай шүүгч захирамж гаргана.
Хэрэв уг хэрэг өөр шүүхэд харьяалагдахаар байвал шүүгчийн захирамжаар түүнийг харьяаллын дагуу шилжүүлнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
231 дүгээр зүйл. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах
Дор дурдсан тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана:
1/урьд сонсгосон ял дээр өөр ял нэмж сонсгох, эсхүл ялыг хүндрүүлэх;
2/уг хэрэгт холбогдуулан өөр этгээдийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байгаа бөгөөд түүний хэргийг тусгаарлах боломжгүй байх;
3/хэргийг буруу нэгтгэсэн буюу тусгаарласан;
4/яллагч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн.
Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахдаа хэргийг буцааж байгаа үндэслэл, нэмж шалгах асуудлыг тодорхой зааж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн байвал зохино.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28, 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/
232 дугаар зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
233 дугаар зүйл. Хэргийн материалтай танилцуулах
Яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа яллагдагч шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчдийг хэргийн бүх материалтай танилцах ба түүнээс хэрэгцээтэй зүйлээ тэмдэглэн авах бололцоогоор шүүгч хангах үүрэгтэй.
234 дүгээр зүйл. Яллах дүгнэлтийн хуулбарыг гардуулан өгөх
Шүүх яллах дүгнэлтийн хуулбарыг зарлан дуудах хуудасны хамт шүүгдэгчид гардуулан өгнө.
Хэрэв шүүхэд шилжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ таслан сэргийлэх арга хэмжээ, эсхүл шүүхэд дуудагдвал зохих хүмүүсийн жагсаалтыг өөрчилсөн байвал тэр тухай гаргасан шүүгчийн захирамжийн хуулбарыг шүүгдэгчид нэг адил гардуулан өгнө.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 118 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт явуулаагүй бол шүүгдэгчид хохирогчийн өргөдлийн хуулбарыг гардуулан өгнө.
Эдгээр баримт бичгийг шүүгдэгчид гардуулан өгснөөс хойш 3 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн эхэлж болохгүй.
Шүүгдэгч монгол хэл мэдэхгүй бол энэ зүйлд заасан баримт бичгүүдийг түүний төрөлх хэл буюу мэдэх хэл дээр орчуулж гардуулан өгнө.
/Энэ зүйлийн зарим хэсгийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 93 дугаар зарлиг,Улсын Их Хурлын 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
235 дугаар зүйл. Шүүх хуралдаанд дуудах
Захирамжид заасан хүмүүсийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх, шүүх хуралдаанд бэлтгэх бусад арга хэмжээг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
Шүүхийн зарлан дуудах хуудас хүлээн аваад ирээгүй оролцогчид болон гэрч шинжээчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
236 дугаар зүйл. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хугацаа
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан өдрөөс эхлэн 10 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлбэл зохино.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
237 дугаар зүйл. Шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичих
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүлээн авсан өдрөөс 5 хоногийн дотор прокурор давж заалдах эсэргүүцэл бичих эрхтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
238 дугаар зүйл. Шүүх хуралдааны ажиллагааг шууд биечлэн тасалдалгүй явуулах
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийн нотлох баримтыг шууд биечлэн шинжилж үзэх үүрэгтэй. Үүнд: шүүгдэгч, хохирогч, гэрчийг байцаах, шинжээчийн дүгнэлтийг сонсох, эд мөрийн баримтад үзлэг хийх, протокол ба бусад баримт бичгийг уншин сонсгох.
Шүүх хуралдааныг тасалдалгүй явуулах бөгөөд үүнд амралтад зориулсан цагийг оролцуулахгүйгээр тасралтгүй үргэлжлүүлэн явуулна. Шүүгчид хэлэлцэж эхэлсэн хэргээ дуусалгүйгээр өөр хэрэг хэлэлцэж болохгүй.
239 дүгээр зүйл. Хэргийг шүүх хуралдаанд хэлэлцэж байхад шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж болохгүй
Шүүх хуралдаанд хэрэг нэг бүрийг шүүхийн нэг бүрэлдэхүүнээр хэлэлцэж дуусгана. Хэрэв шүүгчдийн хэн аль нь хуралдаанд үргэлжлэн оролцох бололцоогүй болсон бол өөр шүүгчээр сольж, хэрэг хэлэлцэх ажиллагааг шинээр эхэлнэ.
240 дүгээр зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
241 дүгээр зүйл. Шүүх хуралдаан даргалагч
Шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, эсхүл түүний томилсон шүүгч даргална.
Даргалагч шүүх хуралдааныг гагцхүү тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн, бодитойгоор судлан шинжилж, үнэн байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
242 дугаар зүйл. Шүүх хуралдааны ажиллагаанд оролцогчид тэгш эрхтэй
Яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч ба тэдний төлөөлөгчид шүүх хуралдааны ажиллагаанд нотлох баримт гаргах, нотлох баримтыг шинжлэхэд оролцох, хүсэлт гаргах талаар тэгш эрх эдэлнэ.
243 дугаар зүйл. Шүүгдэгч шүүх хуралдааны ажиллагаанд оролцох
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхэд шүүгдэгчийг заавал оролцуулна.
Гагцхүү шүүгдэгч нь Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийвэл шүүгдэгчгүйгээр хэрэг хэлэлцэж болно.
Энэ зүйлд дурдсанаас өөр тохиолдолд шүүгдэгч ирээгүй байвал хэрэг хэлэлцэх явдлыг хойшлуулна.
Шүүх нь ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх ба түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрхтэй.
244 дүгээр зүйл. Прокурор шүүх хуралдааны ажиллагаанд оролцох
Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэхэд оролцох, шүүх хуралдааны ажиллагааны явцад гарсан асуудлын талаар энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт өгч, шүүгдэгчид эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэх, ямар ял оногдуулах болон бусад асуудлын талаар өөрийн саналыг шүүхэд гаргана.
Прокурор яллахдаа хуулийн шаардлага ба хэргийн бүх байдлыг хянан үзсэнийг үндэслэсэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгоно.
Яллагч дор дурдсан тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргана:
1/шүүгдэгч гэм буруугүй болох нь нотлогдсон;
2/хэргийн талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай.
Яллагч шүүх хуралд яллах дүгнэлт уншин сонсгохоос өмнө аль ч үед яллахаас татгалзаж болох боловч нэгэнт шүүхийн шинэчилсэн байцаалт эхэлсэн бол энэ хуулийн 289 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд саналаа илэрхийлнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/ .
Энэ зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасан тохиолдолд шүүх шүүгдэгчийг цагаатгах 2-т заасан тохиолдолд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана.
Төрийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах буюу гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
245 дугаар зүйл. Шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгч оролцох
Өмгөөлөгч нотлох баримт гаргах, нотлох баримт шинжлэхэд оролцох, шүүх хуралдааны ажиллагааны явцад гарсан асуудалд саналаа хэлэх ба хэргийн талаар яллагдагчийг цагаатгах буюу түүний хариуцлагыг хөнгөрүүлж байгаа байдалтай харьцуулан өмгөөлж, шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээ, гэмт хэргийн улмаас иргэний эрхтэй холбогдох гарсан асуудлын талаар саналаа шүүхэд гаргана.
246 дугаар зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
247 дугаар зүйл. Шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч ирээгүйн холбогдол
Шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч ирээгүй явдал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.
Прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол тэднийг сольж болно. Өмгөөлөгчийг гагцхүү шүүгдэгчийн зөвшөөрснөөр солино.
Шинээр оролцох прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчид хэргийн материалтай танилцах, шүүгдэгчтэй уулзах, шүүх хуралдаанд бэлтгэх хугацаа олгоно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
248 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэгч буюу иргэний хариуцагч ирээгүйн холбогдол
Иргэний нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгч ирээгүй бол шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээх бөгөөд иргэний нэхэмжлэгчид нэхэмжлэлээ иргэний журмаар гаргах эрх нь хэвээр үлдэнэ.
Шүүх иргэний нэхэмжлэгчийн хүсэлтээр, түүний оролцоогүйгээр иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх эрхтэй.
Хэрэв нэхэмжлэлийг прокурор дэмжиж байгаа буюу шүүх шаардлагатай гэж үзвэл иргэний нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгчийн ирсэн эсэхийг харгалзахгүй иргэний нэхэмжлэлийг хэлэлцэнэ.
Иргэний хариуцагч буюу түүний төлөөлөгч ирээгүй явдал иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхэд саад болохгүй.
249 дүгээр зүйл. Хохирогч ирээгүйн холбогдол
Шүүх хуралдаанд хохирогч ирээгүй бол хохирогчийн оролцоогүйгээр хэргийн бүх байдлыг бүрэн тодруулж, түүний эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалах бололцоотой эсэх талаас нь эрүүгийн хэргийг хэлэлцэх буюу хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 118 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт явуулаагүй бөгөөд хохирогч буюу түүний төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хэрэг хэлэлцэх явдлыг хойшлуулах буюу хохирогчийн оролцоогүйгээр хэргийг уг хуралдаанд хэлэлцэж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
250 дугаар зүйл. Шүүх хуралдааны ажиллагааны хэмжээ хязгаар
Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн яллагдагчдын хувьд гагцхүү тэднийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.
Хэрэв шүүгдэгчийн байдлыг дордуулахгүй ба өмгөөлөх эрхийг нь зөрчихгүй байвал шүүх ялыг өөрчилж болно. Хэрэв ялыг өөрчлөх явдал шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчихөд хүрвэл шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад прокурорын саналыг үндэслэн буцаана.
Шүүх ялыг хүндрүүлэх буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн ялаас онцын ялгаатай болгон өөрчилж болохгүй.
Хэрэв ялын заримыг буюу шүүгдэгчийн хариуцлагыг хүндрүүлж байгаа гэмт хэргийн шинжээс хасаж ялыг өөрчлөх байвал шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг үргэлжлүүлэх эрхтэй.
251, 252 дугаар зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
253 дугаар зүйл. Хэрэг хэлэлцэх явдлыг хойшлуулах ба эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх
Шүүхэд дуудагдсан хүмүүсийн хэн аль нь ирээгүй буюу шинэ нотлох баримт шаардаж авах явдалтай холбогдож, хэргийг хэлэлцэх бололцоогүй бол шүүх хэрэг хэлэлцэх явдлыг хойшлуулж, ирээгүй хүмүүсийг дуудах буюу шинэ нотлох баримт шаардаж ирүүлэх арга хэмжээ авна.
Хэрэв шүүгдэгч шүүхээс оргон зайлсан ба түүний байгаа газар нь мэдэгдэхгүй, түүнчлэн эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа их эмчийн магадлагаагаар сэтгэл мэдрэлийн буюу өөр хүнд өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй болсон нь нотлогдсон бол шүүх тэр шүүгдэгчийн хувьд түүнийг олдтол буюу эдгэртэл хэргийг түдгэлзүүлж бусад шүүгдэгчийн талаар шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлнэ. Харин тусгаарлан хэлэлцэх явдал хэргийн үнэнийг тогтооход бэрхшээл учруулах бол хэрэг хэлэлцэх бүх ажиллагааг түдгэлзүүлнэ.
Оргон зайлсан шүүгдэгчийг эрэн сурвалжлах явдлыг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар зарлана.
254 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах
Шүүх хуралдааны явцад энэ хуулийн 231 дүгээр зүйл, 244 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасан байдал илэрвэл шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана.
Нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаахдаа шүүх ямар үндэслэлээр хэргийг буцааж байгаа, нэмж тодруулах асуудлыг тогтоолд заах бөгөөд яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх үүрэгтэй.
Нэмэлт мөрдөн байцаалт явуулж дууссаны дараа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шүүгч ердийн журмаар шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2541 дүгээр зүйл. Эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх саналыг яллагдагчид тавих
Мөрдөн байцаалт явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн, эсхүл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнөөс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг бүрэн нотолж чадаагүй гэж шүүх хуралдааны явцад үзвэл шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 30 хоног хүртэл хоногоор хойшлуулж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх саналыг яллагдагчид тавьж болно.Энэ тохиолдолд шүүх нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх саналынхаа үндэслэлийг тодорхой зааж тогтоол, захирамж гаргах бөгөөд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн байвал зохино.
Яллагдагч шүүхийн саналын дагуу нэмэлт мөрдөн байцаалт хийх бол энэ хуульд заасан журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэтгүүлж, тогтоол, захирамжид заасан хугацаанд нотлох баримтыг шүүхэд шилжүүлнэ.
Нэмэлт мөрдөн байцаалт хийх шаардлагагүй гэж үзвэл яллагч үндэслэл бүхий тайлбараа 7 хоногийн дотор шүүхэд ирүүлнэ.
Шүүх яллагчийг ирүүлсэн нэмэлт нотлох баримт буюу тайлбарыг хүлээн аваад оролцогч талуудад мэдэгдсэний үндсэн дээр шүүх хуралдааны товыг наашлуулах буюу эсхүл товлосон хугацаандаа шүүх хуралдааныг эхэлж, энэ хуульд заасан ердийн журмаар хэргийг хянан хэлэлцэнэ.
/Энэ зүйлийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
255 дугаар зүйл. Шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
Дор дурдсан тохиолдолд шүүх хуралдаанаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно:
1/энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан байдал тогтоогдвол;
2/энэ хуулийн 196 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан үндэслэл байвал;
3/яллагч энэ хуулийн 244 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1-д заасан үндэслэлээр яллахаас татгалзсан бол.
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3-т дурдсан учир байдал Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд заасан хугацааны дотор арилсан бол шүүх хэргийг ердийн журмаар хэлэлцэнэ.
/Энэ зүйлийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
256 дугаар зүйл. Таслан сэргийлэх арга хэмжээний тухай асуудлыг шийдвэрлэх
Шүүх хуралдааны ажиллагааны үед шүүх нь шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Шүүх хуралдааны явцад шийдвэрлэж буй бүх асуудлаар шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргана.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, түдгэлзүүлэх буюу хэрэгсэхгүй болгох, таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, шүүх хуралдаанд оролцогчдын хэн алиныг татгалзах, шинжилгээ хийлгэх тухай зөвлөлдөх тасалгаанд шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гаргаж гарын үсэг зурна.
Бусад асуудлыг шийдвэрлэхдээ тогтоол, захирамжийг шүүх өөрийн үзэмжээр дээр дурдсан журмаар, эсхүл шүүгчид байрандаа зөвлөсний дараа шүүх хуралдааны протоколд тэмдэглэх замаар гаргаж болно.
Шүүх хуралдааны үед гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг уншин сонсгоно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28, 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/
258 дугаар зүйл. Шүүх хуралдааны дотоод журам
Шүүгчдийг орж ирэхэд шүүх хуралдааны танхимд байлцагчид бүгд босно.
Шүүх хуралдааны ажиллагаанд оролцогчид шүүхэд хандаж, мэдүүлэг өгөх буюу үг хэлэхдээ суудлаасаа босно.
Хэрэв хэн аль нь өвчтэй байвал хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр суугаагаар мэдүүлэг гаргаж, үг хэлж болно.
Шүүх хуралдааны ажиллагаанд оролцогчид, шүүх хуралдааны танхимд байгаа иргэд хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны журам сахиулах тухай өгсөн шийдвэрт үг дуугүй захирагдана.
16-гаас доош насны хүмүүсийг хэрэв шүүх дуудаагүй бол шүүх хуралдаанд оруулахгүй.
Яллагч, өмгөөлөгч таслан шийдвэрлэх тогтоол уншихад байлцвал зохино.
259 дүгээр зүйл. Шүүх хуралдааны журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Шүүх хуралдааны үед шүүгдэгч хуралдааны журам зөрчсөн, түүнчлэн хуралдаан даргалагчийн өгсөн шийдвэрт захирагдахгүй бол хуралдаан даргалагч түүнийг хуралдааны танхимаас зайлуулах тухай урьдчилан сануулна. Журам дахин зөрчвөл шүүгдэгчийг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хуралдааны танхимаас зайлуулж, хэрэг хэлэлцэх ажиллагааг түүний оролцоогүйгээр үргэлжлүүлнэ.
Харин таслан шийдвэрлэх тогтоолыг уншиж сонсгохдоо шүүгдэгчийг байлцуулна.
Хэрэв яллагч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон тэдний төлөөлөгч, шинжээч, хэлмэрч шүүх хуралдааны журам зөрчсөн буюу хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдахгүй байвал хуралдаан даргалагч сануулга өгнө. Дээр дурдсан хүмүүсээс хуралдааны журам дахин зөрчвөл тэдэнд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүмүүс дээрх байдлыг гаргавал хуралдаан даргалагчийн шийдвэрээр тэднийг шүүх хуралдааны танхимаас зайлуулж Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
260 дугаар зүйл. Шүүх хуралдааны протокол
Шүүх хуралдааны ажиллагааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 105 дугаар зүйлд заасан журмын дагуу протокол үйлдэнэ. Протоколд засвар оруулах саналыг энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан журмаар өгөх ба хэлэлцэнэ.
Хуралдаан даргалагч шүүх хуралдааны ажиллагаанд оролцогчдыг шүүх хуралдааны протоколтой танилцах бололцоогоор хангах үүрэгтэй.
ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
261 дүгээр зүйл. Шүүх хуралдааныг нээх
Хуралдаан даргалагч нь эрүүгийн хэргийг хэлэлцэхээр тогтоосон цагтаа шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хэлэлцэх гэж байгааг зарлана.
Шүүх нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд дурдсан тохиолдолд шүүхийн хаалттай хуралдаан хийх тухай асуудлыг шийдвэрлэнэ.
262 дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцогчдын ирцийг шалгах
Прокурор, иргэдийн төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, хэлмэрч, гэрч, шинжээч шүүхэд хүрэлцэн ирсэн тухай шүүх хуралдааны нарийн бичгийн дарга илтгэж, ирээгүй хүмүүсийн шалтгааныг мэдэгдэнэ.
263 дугаар зүйл. Хэлмэрчид түүний үүргийг тайлбарлах
Хэлмэрч нь хуралдаанд оролцож байгаа монгол хэл мэддэггүй хүмүүсийн мэдүүлэг ба хүсэлтийг шүүхэд, мөн хүмүүст шүүх хуралдаан дээр гарсан мэдүүлэг, хүсэлт, уншсан баримт бичиг, түүнчлэн хуралдаан даргалагчийн ба шүүхийн шийдвэрийн агуулгыг хэлмэрчлэх үүрэгтэй болохыг хуралдаан даргалагч түүнд тайлбарлаж өгнө.
Санаатайгаар худал хэлмэрчилбэл Монгол улсын Эрүүгийн хуулийн 205 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг хуралдаан даргалагч нь хэлмэрчид урьдчилан сануулна.
264 дүгээр зүйл. Гэрчүүдийг шүүх хуралдааны танхимаас гаргах
Ирсэн гэрчүүдийг байцаах хүртэл тэднийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, тусгай тасалгаанд оруулна.
Хуралдаан даргалагч шүүх хуралдаанд байцаагдсан гэрчүүдийг байцаагдаагүй гэрчүүдтэй хооронд нь харилцуулахгүй байлгах талаар арга хэмжээ авна.
265 дугаар зүйл. Шүүгдэгчийн биеийн байцаалт болон түүнд яллах дүгнэлтийн хуулбарыг цаг тухайд нь өгсөн эсэхийг шалгах
Хуралдаан даргалагч нь шүүгдэгчийн овог, нэр, төрсөн газар, он, сар, өдөр, оршин суух газар, эрхэлсэн ажил, боловсрол, гэр бүлийн байдал, урьд ял шийтгүүлсэн эсэхийг тодруулж шалгана. Мөн хуралдаан даргалагч энэ хуулийн 234 дүгээр зүйлд заасан баримт бичгийн хуулбарыг өгсөн эсэх, чухам хэдийд өгснийг шүүгдэгчээс асууна.
Хэрэв дурдсан баримт бичгийг энэ хуулийн 2З4 дүгээр зүйлд заасан хугацаанд өгөөгүй бол хэрэг хэлэлцэх явдлыг хойшлуулна.
266 дугаар зүйл. Шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг зарлаж, татгалзах эрхийг тайлбарлах
Хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, иргэдийн төлөөлөгч, яллагч, өмгөөлөгч, түүнчлэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, хэлмэрчээр хэн, хэн оролцож байгааг мэдэгдэж, шүүгдэгч ба шүүх хуралдааны ажиллагаанд оролцож байгаа бусад хүмүүст шүүх бүрэлдэхүүн буюу дээр дурдсан хүмүүсээс хэнийг ч татгалзах эрхтэй болохыг тайлбарлан өгнө.
Татгалзсан тухай асуудлыг энэ хуулийн 59-61, 63-65 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ.
267 дугаар зүйл. Шүүгдэгчид түүний эрхийг тайлбарлах
Хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны ажиллагааны үед шүүгдэгч энэ хуулийн 44 дүгээр зүйлд дурдсанаар ямар эрхтэй болохыг түүнд тайлбарлан өгнө.
268 дугаар зүйл. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчдөд эрхийг нь тайлбарлан өгөх
Хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны ажиллагааны үед хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч энэ хуулийн 51, 54 дүгээр зүйлд зааснаар ямар эрхтэй болохыг тэдэнд тайлбарлан өгнө. Үүнээс гадна Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 118 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн талаар мөрдөн байцаалт явагдаагүй бол хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрэх эрхтэй болохыг тайлбарлан өгнө.
269 дүгээр зүйл. Шинжээчид эрх, үүргий нь тайлбарлах
Хуралдаан даргалагч нь шинжээчид энэ хуулийн 80 дугаар зүйлд дурдсан түүний эрх, үүргийг тайлбарлан өгч, санаатайгаар худал дүгнэлт гаргах ба дүгнэлт өгөхөөс зайлсхийвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 205, 206 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулна.
270 дугаар зүйл. Хүсэлт гаргах ба түүнийг шийдвэрлэх
Шинээр гэрч, шинжээч дуудах, эд мөрийн ба баримт бичиг шаардах талаар хүсэлт байгаа эсэхийг яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, түүнчлэн хохирогч иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчөөс хуралдаан даргалагч асууна. Хүсэлт гаргасан хүн ямар зүйлийг тодруулахад нэмэлт нотлох баримт шаардлагатай байгааг заах үүрэгтэй.
Шүүх нь шүүх хуралдааны ажиллагаанд оролцож байгаа бусад хүмүүсийн саналыг сонсож гаргасан хүсэлт бүрийг хэлэлцэж, хэрэв байдлыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байвал түүнийг хангах, эсхүл гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тухай үндэслэл бүхий тогтоол, захирамж гаргана.
Хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон явдал нь шүүх хуралдааны ажиллагааны явцын байдлаас тэр хүний хүсэлтээ дахин гаргах эрхий нь хязгаарлахгүй.
Хүсэлт гаргасан эсэхийг харгалзахгүйгээр шүүх, шинэ гэрч дуудах, шинжилгээ хийлгэх, баримт бичиг ба бусад нотлох баримт шаардах тухай тогтоол, захирамж гаргах эрхтэй.
271 дүгээр зүйл. Шүүх хуралдааны ажиллагаанд оролцогчдын аль нэгний оролцоогүйгээр эрүүгийн хэргийг хэлэлцэх бололцоо байгаа эсэх тухай асуудлыг шийдвэрлэх
Шүүх хуралдааны ажиллагаанд оролцогчдын хэн аль нь түүнчлэн гэрч буюу шинжээч ирээгүй бол шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж болох эсэх тухай яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчийн саналыг сонсож, хэрэг хэлэлцэх ажиллагааг үргэлжлүүлэх буюу хойшлуулах тухай тогтоол, захирамж гаргана.
272 дугаар зүйл. Шүүхийн байцаалт эхлэх
Шүүхийн байцаалт яллагч яллах дүгнэлт уншиж сонсгохоос эхэлнэ.
Хэрэв хэрэгт мөрдөн байцаалт явагдаагүй бол шүүхийн байцаалт яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг уншиж сонсгохоос хэлнэ.
Хуралдаан даргалагч нь шүүгдэгч нэг бүрээс яллах дүгнэлт ойлгогдож байгаа эсэхийг асууж, хэрэв шаардлагатай байвал шүүгдэгчид яллах дүгнэлтийн утгыг тайлбарлаж өгнө.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
273 дугаар зүйл. Нотлох баримт шинжлэх тухай
Шүүхийн байцаалтад нотлох баримтыг шинжлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах болон бусад баримтыг шинжлэх дарааллыг баримтална.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
274 дүгээр зүйл. Шүүгдэгчийг байцаах журам
Хуралдаан даргалагч нь шүүгдэгчээс үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж түүнийг байцаах ажиллагааг эхэлнэ. Дараа нь яллагч, өмгөөлөгч, бусад шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон тэдний төлөөлөгч хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр асуулт тавина.
Шүүгч өөрийн үзэмжээр, харин иргэдийн төлөөлөгч, яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүхийн байцаалтын аль ч үед шүүгдэгчийг асуух эрхтэй.
Хэргийн үнэнийг тогтооход шаардлагатай онцгой тохиолдолд шүүгдэгчийг бусад шүүгдэгчийн оролцоогүйгээр байцаах явдлыг гагцхүү шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор гүйцэтгэж болно. Тэгэхдээ шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимд орж ирсний дараа түүний байхгүйд гаргасан мэдүүлгийн утгыг хуралдаан даргалагчаас танилцуулж өөрийн нь байхгүйд байцаагдсан шүүгдэгчид асуулт тавих бололцоог түүнд олгоно.
Хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүгдэгч шүүхийн байцаалтын ямар ч үед нэмж мэдүүлэг өгч болно.
/Энэ зүйлийг 1994 орны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
275 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед шүүгдэгчийн гаргасан мэдүүлгийг уншиж сонсгох
Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэхийн тулд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны үед шүүгдэгчийн гаргасан мэдүүлгийг дор дурдсан тохиолдолд шүүх хуралдаан дээр уншиж сонсгоно:
1/урьд гаргасан мэдүүлэг нь шүүх хуралдаан дээр гаргаж байгаа мэдүүлгээс ноцтой зөрсөн;
2/шүүгдэгч шүүх хуралдаан дээр мэдүүлэг гаргахаас татгалзсан;
3/хэргийг шүүгдэгчийн байхгүйд хэлэлцэж байгаа.
Энэ журам нь шүүгдэгчээс урьд шүүхэд гаргасан мэдүүлгийг уншихад нэгэн адил хамаарна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
276 дугаар зүйл. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу санаатай худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай гэрчид сануулах
Хуралдаан даргалагч гэрчийг байцаахын өмнө түүний биеийн байцаалт, шүүгдэгч, хохирогчидтой ямар харилцаатай болохыг тодруулж, хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүргийг тайлбарлан мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлэг гаргавал хүлээлгэх хариуцлагын тухай гэрчид сануулна. Энэ талаар шүүх хуралдааны протоколд гарын үсэг зуруулна.
Хуралдаан даргалагч 16 нас хүрээгүй гэрчид хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн ач холбогдлыг тайлбарлан өгөх бөгөөд харин мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай тэдэнд сануулж болохгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
277 дугаар зүйл. Гэрчийг байцаах журам
Гэрчийг тус тусад нь байцаана.
Гэрчид хэргийн талаар мэдэх бүх зүйлээ ярихыг, мэдэгдэнэ.
Гэрчид түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан этгээд тэргүүн ээлжинд асуулт тавина. Дараа нь гэрчээс яллагч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр асуулт тавина.
Хэрэгт холбогдолгүй асуулт тавихыг хуралдаан даргалагч хориглоно.
Шүүгч өөрийн үзэмжээр, харин иргэдийн төлөөлөгч, яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүхийн байцаалтын аль ч үед гэрчид асуулт тавих эрхтэй.
Шүүх өөрийн санаачилгаар, эсхүл яллагч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, түүнчлэн бусад оролцогчдын хүсэлтээр гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцааж болно.
Байцаагдсан гэрчүүд шүүх хуралдааны танхимд үлдэх бөгөөд шүүхийн байцаалт дуустал хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр гадагш явж болохгүй.
Хуралдаан даргалагч нь яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчдийн саналыг сонссоны дараа байцаагдсан гэрчийг шүүхийн байцаалт дуусахаас өмнө шүүх хуралдааны танхимаас гарч явахыг зөвшөөрч болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
278 дугаар зүйл. Гэрч тэмдэглэл, баримт бичиг ашиглах
Гэрч шүүх хуралдаанд байцаагдахдаа түүний гаргах мэдүүлэг нь санаж тогтооход бэрхтэй тоо ба бусад мэдээтэй холбоотой бол тэмдэглэлийн зүйлийг ашиглаж болно. Уг тэмдэглэлийг шүүхэд өгнө.
Өөрийнхөө мэдүүлэгтэй холбогдох баримт бичиг уншихыг гэрчид зөвшөөрөх бөгөөд уг баримт бичгээ шүүхэд өгөх ба түүнийг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хэрэгт хавсаргаж болно.
279 дүгээр зүйл. Насанд хүрээгүй гэрчийг байцаах
16 нас хүрээгүй гэрч буюу мөн шүүхийн үзэмжээр 16-18 хүртэлх насны гэрчийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийг ирүүлнэ. Хэрэв шаардлагатай байвал насанд хүрээгүй хүмүүсийн эцэг, эх буюу хууль ёсны бусад төлөөлөгчдийг дуудаж болно.
Дурдсан хүмүүс хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр гэрчид асуулт тавьж болно.
Хэргийн үнэнийг тогтооход шаардлагатай байвал шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар насанд хүрээгүй гэрчийг шүүгдэгчийн оролцоогүйгээр байцааж болно. Шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимд орж ирсний дараа гэрчийн мэдүүлгийг танилцуулж, түүнд тэрхүү гэрчид асуулт тавих бололцоо олгоно.
16 нас хүрээгүй гэрчийг шүүх байлгах шаардлагатай гэж үзээгүй бол түүнийг байцааж дууссаны дараа шүүх хуралдааны танхимаас гаргана.
280 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гэрчийн гаргасан мэдүүлгийг уншиж сонсгох
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гэрчийн гаргасан мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс ноцтой зөрсөн, түүнчлэн гэрч шүүх хуралдаанд ирээгүй бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед түүний гаргасан мэдүүлгийг уншиж сонсгож болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
281 дүгээр зүйл. Хохирогчийг байцаах
Хохирогчийг энэ хуулийн 276, 280 дугаар зүйлд заасан журмын дагуу байцаана. Хохирогчийг гэрчээс өмнө байцаана.
282 дугаар зүйл. Шүүх хуралдааны үед шинжилгээ хийлгэх
Шүүх хуралдааны үед хэрэгт холбогдолтой зүйлийг шинжлэхэд шинжээч оролцоно. Шинжээч дүгнэлт өгөхөд ач холбогдол бүхий байдлын талаар шүүгдэгч, хохирогч, гэрчүүдэд асуулт тавьж болно.
Дүгнэлт өгөхөд ач холбогдол бүхий байдлыг тодруулмагц хуралдаан даргалагчаас яллагч, өмгөөлөгч, шүүгдэгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон тэдний төлөөлөгчдөд асуулт байвал шинжээчид бичгээр өгч болохыг мэдэгдэнэ. Шинжээчид тавьсан асуултыг уншин сонсгож, түүний талаар шүүх хуралдааны ажиллагаанд оролцогчдын санал, прокурорын дүгнэлтийг сонсгоно. Эдгээр асуултыг шүүх хянаж үзээд түүнээс хэрэгт холбогдолгүй буюу шинжээчийн эрх хэмжээнд багтахгүй асуултыг хасаж, дахин боловсруулсны дараа шинжээч дүгнэлт гаргах ажилд эхэлж орно.
Шинжээч дүгнэлтээ бичгээр өгөх бөгөөд түүнийг шүүх хуралдаан дээр уншин сонсгож асуултын хамтаар тухайн хэрэгт хавсаргана.
Шинжээчид асуулт тавигдаагүй боловч түүний эрх хэмжээнд багтах бөгөөд хэрэгт холбогдолтой байдлын талаар тогтоогдсон зүйлийг шинжээч өөрийн дүгнэлтэд оруулах эрхтэй.
283 дугаар зүйл. Шинжээчийг байцаах
Шинжээч гаргасан дүгнэлтээ уншин сонсгосны дараа түүнийг тайлбарлуулах буюу тодруулахаар шинжээчид асуулт тавьж болно.
Асуултыг эхлээд яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, түүнчлэн хохирогч иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр тавина. Шүүгч өөрийн үзэмжээр, харин иргэдийн төлөөлөгч, яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр шүүхийн байцаалтын аль ч үед шинжээчид асуулт тавих эрхтэй.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Шинжээчид тавьсан асуулт ба түүний хариултыг шүүх хуралдааны протоколд тэмдэглэнэ.
284 дүгээр зүйл. Шинжилгээг нэмж буюу дахин хийлгэх
Энэ хуулийн 79 дүгээр зүйлд дурдсан тохиолдолд шүүх үндэслэл бүхий тогтоол, шүүгчийн захирамжаар шинжилгээг нэмж буюу дахин хийлгэж болно.
Нэмж буюу дахин шинжилгээ хийлгэхэд энэ хуулийн 282, 283 дугаар зүйлд дурдсан журмыг баримтална.
285 дугаар зүйл. Эд мөрийн баримтад үзлэг хийх
Эд мөрийн баримтад үзлэг хийх явдлыг шүүх хуралдааны байцаалтын ямар ч үед шүүхийн санаачилга ба шүүх хуралдааны ажиллагаанд оролцогчдын хүсэлтээр хийж болно. Эд мөрийн баримтад шүүх үзлэг хийж, уг баримтыг яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчдөд үзүүлж танилцуулна. Хэрэв шаардлагатай байвал эд мөрийн баримтыг гэрч шинжээчид үзүүлэн танилцуулж болно. Эд мөрийн баримтыг үзэж танилцсан хүмүүс үзлэгтэй холбогдсон ямар нэг байдлыг шүүхэд анхааруулж болно.
Шүүх хуралдаанд ирүүлэх бололцоогүй эд мөрийн баримтад үзлэг хийх шаардлагатай байвал энэ тухай үндэслэл бүхий тогтоол, захирамж гаргаж, эд мөрийн баримт байгаа газар шүүх бүрэлдэхүүнээрээ очиж энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан үзлэг хийнэ.
286 дугаар зүйл. Баримт бичигт үзлэг хийх ба түүнийг уншин сонсгох
Шүүхийн санаачилга буюу шүүх хуралдааны ажиллагаанд оролцогсдын хүсэлтээр шүүх хуралдаанд өгсөн баримт бичгийн бүгдэд буюу заримд нь үзлэг хийх ба түүнийг уншин сонсгож болно.
Баримт бичигт үзлэг хийсэн журам ба дүнгийн тухай шүүх хуралдааны протоколд тэмдэглэнэ.
287 дугаар зүйл. Газар ба орон байранд үзлэг хийх
Шүүх гэмт хэрэг гарсан газар, бусад газар буюу орон байранд үзлэг хийх нь чухал гэж үзвэл бүх бүрэлдэхүүнээрээ иргэдийн төлөөлөгч, яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчдийг байлцуулан үзлэг хийнэ. Хэрэв шаардлагатай байвал үзлэгийг гэрч, шинжээч нарыг байлцуулан хийнэ.
Үзлэг хийх газар ирмэгц хуралдаан даргалагч шүүх хуралдаан үргэлжилж байгааг зарлаж, шүүх үзлэг хийх ажилд орно. Тэгэхдээ шүүгдэгч хохирогч, гэрч, шинжээчид үзлэг хийх явдалтай холбогдсон асуулт тавьж болно.
Үзлэг хийхэд байлцаж байгаа хүмүүс хэргийн байдлыг тодруулахад тус болно гэж үзсэн бүх зүйлийг шүүхэд анхааруулж болно.
Үзлэг хийсэн журам ба дүнгийн тухай шүүх хуралдааны протоколд тэмдэглэнэ.
288 дугаар зүйл. Шүүх хуралдааны байцаалтыг дуусгах
Бүх нотлох баримтыг хянаж үзсэний дараа иргэдийн төлөөлөгч, яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгчөөс шүүх хуралдааны байцаалтад нэмэлт оруулах санал бий эсэх, байвал ямар санал байгааг хуралдаан даргалагч асууна. Хэрэв шүүх хуралдааны байцаалтад нэмэх зүйл байгаа тухай хүсэлт гарвал түүнийг шүүх хэлэлцэж шийдвэрлэнэ.
Хүсэлтийг шийдвэрлэх ба шаардлагатай мөрдөн байцаалтын ажиллагааг хийж дуусмагц хуралдаан даргалагч шүүх хуралдааны байцаалт дууссаныг мэдэгдэнэ.
289 дүгээр зүйл. Шүүх хуралдааны шүүмжлэлийн агуулга ба журам
Шүүхийн байцаалт дууссаны дараагаар шүүмжлэл сонсох асуудалд шилжиж орно. Шүүмжлэл нь яллагч, өмгөөлөгч, хэрэв шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцоогүй бол шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч буюу тэдний төлөөлөгчийн хэлэх үгээс бүрдэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 118 дугаар зүйлд дурдсан гэмт хэргийн талаар шүүх хуралдааны шүүмжлэлд хохирогч буюу түүний төлөөлөгчид оролцоно.
/Энэ хэсгийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 93 дугаар зарлигаар өөрчилсөн/
Шүүмжлэл явуулах хүмүүсийн үг хэлэх дарааллыг тэдний саналаар шүүх тогтооно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Шүүх хуралдааны шүүмжлэлд оролцогсод нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг үндэслэх эрхгүй.
Хэрэв шинэ нотлох баримт гаргах шаардлагатай бол тэд шүүх хуралдааны байцаалтыг дахин сэргээх тухай хүсэлт гаргаж болно.
Шүүх хуралдааны шүүмжлэлийг цагаар хязгаарлаж болохгүй боловч шүүмжлэлд оролцогчид хэлэлцэж байгаа хэрэгт холбогдолгүй зүйл яривал хуралдаан даргалагч зогсоох хэрэгтэй.
Шүүмжлэлд оролцогчид үг хэлж дууссаны дараа тэд шүүмжлэлд яригдсан зүйлийн талаар тус бүр нэг удаа тайлбар хэлж болно. Харин хамгийн эцэст үг хэлэх эрх өмгөөлөгч, шүүгдэгчид олгогдоно.
290 дүгээр зүйл. Шүүгдэгчийн эцсийн үг
Хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны шүүмжлэл дууссаны дараа шүүгдэгчид эцсийн үг хэлэхийг мэдэгдэнэ. Эцсийн үг хэлж байхад шүүгдэгчид асуулт тавьж болохгүй.
Шүүх нь шүүгдэгчээс эцсийн үгийг хэлэх явдлыг цагаар хязгаарлаж болохгүй боловч түүнээс хэрэгт илэрхий холбогдолгүй зүйлийг хэлэх явдлыг хуралдаан даргалагч зогсоох эрхтэй.
Хэрэв шүүгдэгч эцсийн үгэнд хэрэгт чухал ач холбогдол бүхий шинэ байдлыг мэдэгдвэл шүүх нь шүүх хуралдааны байцаалтыг сэргээн явуулах үүрэгтэй.
2901дүгээр зүйл. Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах
Шүүх хуралдаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч шүүгдэгч гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргана.
Иргэдийн төлөөлөгч шаардлагатай гэж үзвэл дүгнэлтээ зөвлөлдөх тасалгаанд гаргана. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар иргэдийн төлөөлөгчдийн санал нэгдвэл хамтарсан дүгнэлт, зөрвөл тус тусдаа дүгнэлт гаргана.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
291 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх тогтоол гаргахаар шүүх зөвлөлдөх тасалгаанд орох
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг сонссоны дараа шүүх таслан шийдвэрлэх тогтоол гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох бөгөөд хуралдаан даргалагч энэ тухай шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүст зарлан мэдэгдэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ
ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛ ГАРГАХ
292 дугаар зүйл. Монгол Улсын нэрийн өмнөөс таслан шийдвэрлэх тогтоол гаргах
Шүүх таслан шийдвэрлэх тогтоолыг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана.
/Энэ зүйлийг 1994 орны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
293 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх
Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.
Шүүх таслан шийдвэрлэх тогтоолоо гагцхүү шүүх хуралдаан дээр хянаж хэлэлцсэн нотлох баримтыг үндэслэн гаргана.
294 дүгээр зүйл. Шүүгчдийн зөвлөлгөөний нууц
Шүүх таслан шийдвэрлэх тогтоолыг зөвлөлдөх тасалгаанд үйлдэнэ. Шүүгчид зөвлөлдөж байгаа үед зөвлөлдөх тасалгаанд уг хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнээс өөр хүмүүс байж болохгүй.
Шүүгчид зөвлөх үед хэлэлцсэн зүйлийг задруулж болохгүй.
295 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудал
Таслан шийдвэрлэх тогтоолыг гаргах үед шүүх, зөвлөлдөх тасалгаанд дор дурдсан асуудлыг шийдвэрлэнэ:
1/шүүгдэгчийн яллагдаж байгаа гэмт хэрэг гарсан эсэх;
2/уг хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байсан эсэх, хэрэв байгаа бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заагдсан;
3/энэ гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх;
4/гэмт хэрэг үйлдсэн явдалд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах эсэх;
5/шүүгдэгчид ямар ял шийтгэл оногдуулбал зохих, ялыг эдлүүлэх эсэх;
6/иргэний нэхэмжлэлийг хангах эсэх, хэрэв хангавал хэнд, ямар хэмжээгээр гаргуулах, түүнчлэн иргэний нэхэмжлэл гараагүй бол эд материалын хохирлыг нөхөн төлүүлэх эсэх;
7/эд мөрийн баримтыг хэрхэх;
8/шүүхийн зардлыг хэнээс, ямар хэмжээгээр гаргуулах;
9/шүүгдэгчийн хувьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх.
Хэрэв шүүгдэгч хэд хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол асуудлыг гэмт хэрэг нэг бүр дээр шийдвэрлэнэ.
Хэрэв гэмт хэргийг хэд хэдэн шүүгч үйлдсэн бол асуудлыг шүүгдэгч нэг бүр дээр шийдвэрлэнэ.
296 дугаар зүйл. Тэнсэгдсэн этгээдэд хяналт тавих ба түүнийг хүмүүжүүлэх асуудлыг хэлэлцэх
Шүүх ялыг тэнсэхдээ уг этгээдэд хяналт тавих ба түүнийг хүмүүжүүлэх асуудлыг хэнд хариуцуулахыг шийдвэрлэнэ.
Гэм буруутай этгээдийг тэнсэх тухай ажлын газрынх нь хамт олон, олон нийтийн байгууллагаас гаргасан хүсэлтийг харгалзан уг этгээдийг тэнссэн бол шүүх түүнийг засаж хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан байгууллага буюу хамт олонд шилжүүлэн өгч болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
297 дугаар зүйл. Шүүгдэгчийн сэтгэл мэдрэлийн өвчний тухай асуудлыг хэлэлцэх
Мөрдөн байцаалт буюу шүүх хуралдааны ажиллагааны үед шүүгдэгчийн сэтгэл мэдрэлийн өвчний тухай асуудал гарсан бол түүнийг шүүн таслан шийдвэрлэх тогтоол гаргахдаа дахин хэлэлцэх үүрэгтэй.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан буюу гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт өгөх буюу түүнийгээ хариуцаж чадахгүйд хүргэсэн тийм сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн гэж үзвэл шүүх энэ хуулийн гучин тавдугаар бүлэгт дурдсан журмаар тогтоол, шүүгч захирамж гаргана.
298 дугаар зүйл. Шүүгчдийн зөвлөлгөөний журам
Таслан шийдвэрлэх тогтоол гаргахын өмнө шүүгчид зөвлөлгөөн хийнэ.
Хуралдаан даргалагч уг зөвлөлгөөнийг удирдаж, шүүхээр шийдвэрлүүлэх асуудлыг энэ хуулийн 295-297 дугаар зүйлд заасан журмын дагуу тавина.
Зөвшөөрсөн буюу татгалзсан хариу авахаар асуудал нэг бүрийг эрс шийдвэртэй тавина.
Шүүгчдийн аль нь ч санал өгөхөөс түдгэлзэх эрхгүй.
Хуралдаан даргалагч саналаа хамгийн сүүлд гаргана. Бүх асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
299 дүгээр зүйл. Шүүгчийн тусгай санал
Шүүгч тусгай саналтай байвал түүнийгээ зөвлөлдөх тасалгаанд бичгээр гаргах эрхтэй. Тусгай саналыг таслан шийдвэрлэх тогтоол уншиж сонсгоход зарлахгүй бөгөөд харин хэрэгт хавсаргана.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
300 дугаар зүйл. Шүүх хуралдааны байцаалтыг сэргээх буюу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах
Хэрэв энэ хуулийн 295-297 дугаар зүйлд заасан асуудлыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж байх үед хэрэгт ач холбогдол бүхий ямар нэгэн байдлыг тодруулах шаардлагатай гэж шүүх үзвэл шүүх хуралдааны байцаалтыг сэргээж энэ тухай тогтоол, шүүгч захирамж гаргана. Сэргээн үргэлжлүүлсэн шүүх хуралдааны байцаалтыг аль шаардлагатай гэж үзсэн асуудлаас эхлэх бөгөөд түүнийг дуусмагц шүүх хуралдааны шүүмжлэлийг шинээр явуулж, шүүгдэгчийн эцсийн үгийг сонсоно.
Хэрэв шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж зөвлөлдөх тасалгаанд тогтсон бол тэр тухай энэ хуулийн 231 дүгээр зүйлд дурдсан шаардлагыг баримтлан үндэслэл бүхий тогтоол, шүүгч захирамж гаргана.
301 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолын хэлбэр
Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байж болно.
Таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол нь таамаглалыг үндэслэж болохгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдааны ажиллагааны үед шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон бол сая таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гаргана.
Шүүхэд хэрэг хэлэлцэх үед уг гэмт хэрэг нийгэмд аюулгүй болсон бол шүүх шийтгэгдсэн этгээдэд ял оноолгүй таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гаргах ба шүүх хуралдааны ажиллагааны шатанд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3, 4-д заасан байдал илэрвэл шийтгэгдсэн этгээдийг ялаас чөлөөлж таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гаргана.
Хэрэв гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй буюу шүүгдэгчид холбогдож байгаа хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй бол таслан шийдвэрлэх цагаатгах тогтоол гаргана.
302 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоол гаргах үед иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх
Шүүх таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл ба хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан иргэний нэхэмжлэлийг бүгдийг буюу хагасыг хангах буюу хэрэгсэхгүй болгоно.
Шүүх таслан шийдвэрлэх цагаатгах тогтоол гаргахдаа:
1/хэрэв гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно;
2/шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхино.
Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй онцгой тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.
303 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон буюу хэлэлцээгүй орхисны холбогдол
Иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэг хэлэлцэх үед хэрэгсэхгүй болгосон бол иргэний нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхээ алдана.
Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол иргэний нэхэмжлэгч түүнийг иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэй.
304 дүгээр зүйл. Иргэний нэхэмжлэлийг хангах
Хэрэв иргэний нэхэмжлэлийг ёсоор болгосон бөгөөд уг нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ урьд аваагүй бол шүүх таслан шийдвэрлэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авахаар тогтоох эрхтэй. Хэрэв энэ хуулийн 31 дүгээр зүйлд дурдсан журмаар иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас эд материалын хохирол учирсан гэж шүүх үзвэл таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний журмаар гаргаж болох нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авахаар тогтоох эрхтэй.
305 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоол үйлдэх
Энэ хуулийн 295-297 дугаар зүйлд заасан асуудлыг шийдвэрлэмэгц шүүх таслан шийдвэрлэх тогтоол үйлдэнэ. Таслан шийдвэрлэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн бөгөөд удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.
Таслан шийдвэрлэх тогтоолыг монгол хэл дээр, түүнийг гаргахад оролцож байгаа шүүгчдийн аль нэг нь бичиж шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.
Тусгай саналтай шүүгч нэг адил гарын үсэг зурна.
Таслан шийдвэрлэх тогтоолд засвар оруулсан бол тайлбар хийж, таслан шийдвэрлэх тогтоолыг уншин сонсгохоос өмнө уг тайлбарт шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд гарын үсэг зурна.
306 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолын удиртгал хэсэг
Таслан шийдвэрлэх тогтоолын удиртгал хэсэгт заах зүйлүүд:
1/таслан шийдвэрлэх тогтоолыг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан;
2/таслан шийдвэрлэх тогтоолыг хэзээ, хаана гаргасан;
3/таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, яллагч, өмгөөлөгч, түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, хэлмэрч;
4/шүүгдэгчийн овог, нэр, төрсөн газар, он, сар, өдөр түүний оршин суугаа газар, ажлын газар, эрхэлсэн ажил, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи бусад мэдээ;
5/шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт хамаарах.
307 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолын тодорхойлох хэсэг
Таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн нотлогдсон байдлыг гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийн хамт заах, шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлж байгаа байдал, хэргийн заримыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол түүний үндэслэл, түүнчлэн хэрэв урьд сонсгосон ялыг шүүхээс өөрчилсөн бол түүний үндэслэл бичигдсэн байна. Үүнээс гадна шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн, тэнссэн, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шалтгаан, түүнчлэн уг гэмт хэрэгт эрүүгийн хуулиар оногдвол зохих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан буюу өөр хөнгөн ялаар сольсон тухайн үндэслэлийг тодорхойлно. Хэрэв хэрэгт хэд хэдэн шүүгдэгч оролцож байгаа бол дурдсан заалтуудыг шүүгдэгч тус бүр дээр тодорхойлно.
Таслан шийдвэрлэх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг шүүх ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлно. Таслан шийдвэрлэх цагаатгах тогтоолд шүүгдэгчийг гэм буруугүй болоход эргэлзээ төрүүлэх зүйлийг оруулж болохгүй.
Таслан шийдвэрлэх ба цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэл буюу гэмт хэргээс учирсан эд материалын хохирлын талаар шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг дурдана.
/Энэ зүйлд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 302 дугаар зарлигаар нэмэлт орсон/
308 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолын тогтоох хэсэг
Таслан шийдвэрлэх тогтоолын тогтоох хэсэгт заах зүйлүүд:
1/шүүгдэгчийн овог, нэр;
2/шүүгдэгч монгол Улсын Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн;
3/нотлогдсон гэмт хэрэг нэг бүрийн талаар шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Монгол Улсын Эрүүгийн хуулийн З7, З8 дугаар зүйлд дурдсаны дагуу жинхэнэ эдэлбэл зохих ялын хэмжээ, хэрэв ялыг тэнссэн бол хянан харгалзах хугацаа, шийтгэгдсэн этгээдийг хянах үүргийг хэнд хариуцуулсан болох, хоригдохоор шийтгэгдсэн ялтны ялаа эдэлбэл зохих дэглэм;
4/хэрэв шүүгдэгч нь таслан шийдвэрлэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдож байсан бол урьдчилан хоригдсон хугацааг тооцоолсон тухай шийдвэр;
5/шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай шийдвэр;
6/насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа болон шийтгүүлсэн этгээдэд хяналт тавих, түүнийг хүмүүжүүлэх ажил зохиох үүргийг хэнд хариуцуулсан тухай.
/Энэ заалтыг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 302 дугаар зарлигаар нэмсэн/
Хэрэв шүүгдэгчийг удаа дараа шийтгэгдсэн онц аюултай гэмт хэрэгтэн гэж үзвэл энэ тухай таслан шийдвэрлэх тогтоолын тогтоох хэсэгт заана.
Хэрэв шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт зааснаар ял сонсгосон бол түүний дотроос ямарт нь цагаатгагдаж, ямарт нь шийтгэгдсэнийг тогтоох хэсэгт нэгбүрчлэн заана.
Хэрэв шүүгдэгч ял эдлэхээс чөлөөлөгдсөн байвал тэр тухай таслан шийдвэрлэх тогтоолын тогтоох хэсэгт заана.
Таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс өгсөн ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэг эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино.
Таслан шийдвэрлэх цагаатгах тогтоолын хэсэгт заах зүйлүүд:
1/шүүгдэгчийн овог нэр;
2/шүүгдэгчийг цагаатгасан тухай шийдвэр;
3/таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заалт;
4/хэрэв иргэний нэхэмжлэл ба эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заалт.
/Энэ зүйлийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 93 дугаар зарлиг, 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар зарим хэсгийг өөрчилсөн/
309 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэвэл зохих бусад асуудал
Таслан шийдвэрлэх шийтгэх ба цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт энэ хуулийн 308 дугаар зүйлд заасан асуудлаас гадна дор дурдсан зүйлүүд орсон байвал зохино:
1/гаргасан иргэний нэхэмжлэлийн талаар буюу хохирлыг төлүүлэх тухай шийдвэр;
2/эд мөрийн баримтын тухай шийдвэр;
3/шүүхийн зардлыг хуваарилсан тухай заалт;
4/таслан шийдвэрлэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих журмыг заах.
310 дугаар зүйл. Шүүхийн энгийн магадлал
Шүүх таслан шийдвэрлэх тогтоол гаргахын зэрэгцээгээр хэрэв шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг гарах явдалд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг дурдаж, зохих арга хэмжээ авахуулахаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд энгийн магадлалаар мэдэгдэнэ.
Энгийн магадлалын хуулбарыг зохих аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд явуулах бөгөөд тэд нь ямар арга хэмжээ авснаа 1 сарын дотор шүүхэд мэдэгдэх үүрэгтэй.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах үед гаргасан зөрчлийн тухай шүүх зохих албан тушаалтанд энгийн магадлалаар мэдэгдэх эрхтэй.
Энгийн магадлал дээр шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах бөгөөд уг магадлалыг шүүхийн үзэмжээр шүүх хуралдаан дээр уншин сонсгож болно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
311 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолыг уншиж сонсгох
Таслан шийдвэрлэх тогтоолд гарын үсэг зурсны дараа шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны танхимд буцаж орох бөгөөд хуралдаан даргалагч таслан шийдвэрлэх тогтоолыг уншин сонсгоно. Шүүх хуралдааны танхимд байлцагчид болон шүүх бүрэлдэхүүн таслан шийдвэрлэх тогтоолыг босч сонсоно.
Шүүгдэгч монгол хэл мэдэхгүй бол уг таслан шийдвэрлэх тогтоолыг уншиж сонсгосны дараа хэлмэрч түүнийг шүүгдэгчийн төрөлх хэл буюу түүний мэдэх хэл дээр хэлмэрчлэн уншина.
312 дугаар зүйл. Цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллах
Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлүүлэхээс чөлөөлсөн, эсхүл түүнд хорихоос өөр ял оногдуулсан буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдож байгаа бол түүнийг шүүх нь шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллана.
313 дугаар зүйл. Шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээдэд таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарыг гардуулан өгөх
Таслан шийдвэрлэх тогтоолыг уншин сонсгосноос хойш 3 хоногоос хэтрүүлэлгүйгээр түүний хуулбарыг шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээдэд гардуулан өгнө.
Хэрэв шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээд монгол хэл мэдэхгүй бол таслан шийдвэрлэх тогтоолыг уг этгээдийн төрөлх хэл буюу мэдэх хэл дээр орчуулж бичгээр өгнө.
314 дүгээр зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ АЖИЛЛАГАА
315 дугаар зүйл. Торгууль оногдуулах журам
Энэ хуулийн 92, 259, 384 дүгээр зүйлд дурдсан торгуулийг уг эрүүгийн хэргийг харьяалан авч хэлэлцэх шүүх оногдуулна.
Хэрэв зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол торгох тухай шийдвэрийг уг хэргийг хэлэлцэж байгаа шүүх тухайн шүүх хуралдаанаас гаргана.
Бусад тохиолдолд торгууль оногдуулах асуудлыг шүүгч торгууль хүлээлгэвэл зохих этгээдийг дуудан ирүүлж шийдвэрлэнэ.
Дуудагдсан этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдал хэрэг хэлэлцэхэд саад болохгүй.
Шүүгч уг зөрчлийн тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч буюу прокуророос үйлдсэн протокол буюу шүүх хуралдааны протоколоос зөвхөн холбогдох хэсгийг уншиж сонсгоно. Дараа нь зөрчил гаргасан этгээдийн үгийг сонсож шийдвэр гаргана.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
316 дугаар зүйл. Барьцааг улсын орлого болгох журам
Яллагдагч мөрдөн байцаалт буюу шүүхэд ирэхээс зайлсхийсэн бол өгсөн барьцааг улсын орлого болгох тухай асуудлыг шүүх шийдвэрлэхдээ энэ хуулийн З15 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
IV ХЭСЭГ
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ШҮҮХ ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛ, ТҮҮНЧЛЭН ШҮҮХИЙН ТОГТООЛ, ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИД ДАВЖ ЗААЛДАХ, ГОМДОЛ ГАРГАХ, ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧИХ
/Энэ бүлгийн нэрийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
317 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрхтэй хүмүүс
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч, түүнчлэн хохирогч, түүний төлөөлөгч, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч таслан шийдвэрлэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.
Шүүхээр цагаатгагдсан этгээд таслан шийдвэрлэх тогтоолын цагаатгасан шалтгаан, үндэслэлд холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
318 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолд гомдол гаргах ба эсэргүүцэл бичих журам
Таслан шийдвэрлэх тогтоолд давж заалдах гомдол буюу эсэргүүцэл бичих:
1/сум болон сум дундын, дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын талаар зохих аймаг, нийслэлийн шүүхэд;
2/аймаг, нийслэлийн шүүх, Улсын дээд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолын талаар Улсын дээд шүүхэд.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Давж заалдах гомдол, эсэргүүцлийг таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүхээр дамжуулан өгөх боловч гомдол буюу эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд шууд өгсөн явдал нь гомдол буюу эсэргүүцлийг хэлэлцэхэд саад болохгүй.
Хэргийг дахин хэлэлцээд гаргасан таслан шийдвэрлэх тогтоолд ердийн журмаар гомдол гаргах буюу эсэргүүцэл бичиж болно.
319 дүгээр зүйл. Эсэргүүцэл ба гомдол бичигдсэн тухай мэдэгдэх
Анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд эсэргүүцэл буюу гомдол бичсэн байвал энэ хуулийн 317 дугаар зүйлд дурдсан зохих хүмүүст анхан шатны шүүх мэдэгдэх бөгөөд тэд эсэргүүцэл буюу гомдолтой танилцах ба хэрэв түүнийг татгалзаж байгаа бол тэр тухайгаа бичиж өгөх эрхтэй.
Гомдол буюу эсэргүүцлийг татгалзаж ирүүлсэн тодорхойлолтыг хэрэгт хавсаргах буюу хэрэгт нэмж хавсаргахаар ирснээс нь хойш 1 хоногийн дотор явуулна.
320, 321 дүгээр зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
320 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих хугацаа
Анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолд гомдол, эсэргүүцлийг таслан шийдвэрлэх тогтоол уншин сонсгосон өдрөөс хойш арав хоногийн дотор гаргаж болох бөгөөд хэрэв шийтгэгдсэн этгээд цагдан хоригдож байгаа бол таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарыг түүнд гардуулан өгсөн өдрөөс эхлэн хугацааг тоолно.
Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор хэргийг шүүхээс шаардан авч болохгүй. Прокурор, түүнчлэн шийтгэгдсэн ба цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болон тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагаа ба гарсан гомдол, эсэргүүцэлтэй танилцах эрхтэй.
Хугацаа хожимдуулж гаргасан гомдол, эсэргүүцлийг буцаана.
/Энэ зүйлийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
321 дүгээр зүйл. Гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих хугацааг сэргээх
Таслан шийдвэрлэх тогтоолд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол давж заалдах гомдол буюу эсэргүүцэл бичих эрх бүхий хүмүүс хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж болно.
Хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх бөгөөд шүүгч тайлбар авахын тулд хүсэлт гаргасан этгээдийг дуудах эрхтэй.
Хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүгчийн захирамжид гомдол буюу эсэргүүцлийг дээд шатны шүүхэд ердийн журмаар гаргаж болох бөгөөд дээд шатны шүүх хэтэрсэн хугацааг сэргээн, хэргийг гомдол буюу эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэх эрхтэй.
/Энэ зүйлийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
322 дугаар зүйл. Гомдол буюу эсэргүүцэл бичсэний холбогдол
Таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад давж заалдах гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн байвал таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг түдгэлзүүлнэ.
Шүүх хэргийг гомдол, эсэргүүцлийн хамт давж заалдах шатны шүүхэд явуулна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
323 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих
Эрүүгийн хэргийн талаар гарсан таслан шийдвэрлэх шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид энэ хуулийн 317 дугаар зүйлд дурдсан /иргэдийн төлөөлөгчөөс бусад/ хүмүүс гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болно.
Энэ хуулийн 41, 42, 106, 223, 229, 230, 243, 253, 254, 256, 259 /үүнд торгууль оногдуулах тухай шийтгэвэр хамаарагдахгүй/, 270, 271, 274, 279, 282 дугаар зүйл, 300 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 361, 391, 3911дүгээр зүйлд заасан тохиолдлуудад гаргасан таслан шийдвэрлэх тогтоол, шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичиж болохгүй.
Шүүхийн тогтоол, захирамжид тэдгээрийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргаж болно. Гомдол, эсэргүүцлийг энэ хуулийн гучдугаар бүлэгт дурдсан журмын дагуу хэлэлцэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ГУЧДУГААР БҮЛЭГ
ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ БА ЭСЭРГҮҮЦЛИЙН ДАГУУ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ
324 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шалгах
Давж заалдах шүүх давж заалдсан хэргийг хянаж хэлэлцэхдээ таслан шийдвэрлэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт байгаа болон бусад нэмэгдэл материалыг үндэслэн шалгана. Шүүх давж заалдсан гомдол буюу эсэргүүцэлд дурдсан зүйлээр хязгаарлахгүй ба бусад шийтгэгдэгчдийн талаар давж заалдах гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүй бүх шийтгэгдэгчдийн хэргийг бүхэлд нь шалгаж үзнэ. Таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөхөд хүргэсэн хуулийн зөрчлийг илрүүлсэн бол шүүх энэ хуулийн 330-333 дугаар зүйлийг удирдлага болгоно.
325 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхэд эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх хугацаа
Давж заалдах гомдол буюу эсэргүүцэлтэй эрүүгийн хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногоос хэтрүүлэхгүйгээр хянан хэлэлцэнэ. Энэ хугацаанд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй бол тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг сунгаж болно.
Хэрэг хянан хэлэлцэх цагийг З хоногийн өмнө зарлан мэдэгдэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
326 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхэд хэргийг нээлттэй хянаж хэлэлцэх
Давж заалдах шатны шүүх энэ хуулийн 19 дүгээр зүйлд дурдсанаас бусад тохиолдолд хэргийг нээлттэй хуралдаанаар шүүх хянаж хэлэлцэнэ.
327 дугаар зүйл. Давж заалдах шатны журмаар эрүүгийн хэрэг хянан хэлэлцэхэд оролцох хүмүүс
Давж заалдах шатны журмаар эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор, шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээд, түүний өмгөөлөгч, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч болон давж заалдах гомдол гаргасан иргэдийн төлөөлөгч оролцох эрхтэй.
Дээр дурдсан хүмүүс давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргавал тэдэнд хэрэг хэлэлцэх өдөр, цаг, газрыг заавал мэдэгдэнэ. Оролцогчид шүүх хуралдаанд ирээгүй явдал нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй. Гэвч энэ тохиолдолд тэдгээрийн урьд өгсөн мэдүүлэг, гаргасан хүсэлт, саналыг заавал уншин сонсгоно.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
328 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхэд шинэ материал гаргаж өгөх
Энэ хуулийн 317 дугаар зүйлд дурдсан хүмүүс хэрэг хэлэлцэхийн өмнө буюу хэлэлцэж байгаа үед гомдол буюу эсэргүүцэлд дурдсан зүйлийг нотлох буюу үгүйсгэж, давж заалдах шатны шүүхэд нэмэлт нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
329 дүгээр зүйл. Давж заалдах шатанд хэрэг хэлэлцэх журам
Хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хэлэлцэх тухай зарлана. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шүүх хуралдааны ирцийг танилцуулсны дараа хэрэг хэлэлцэх бололцоотой эсэх тухай асуудлыг хуралдаан даргалагч шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн болон прокурор, шинжээч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэлмэрчийн нэрийг зарлаж, хэрэг хэлэлцэхэд оролцох хүмүүс нь шүүх бүрэлдэхүүн болон дээр дурдсан хүмүүсээс хэн алиныг татгалзах эсэхийг асууна.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хуралдаан даргалагч хэрэг хэлэлцэхэд оролцох хүмүүсээс хүсэлт байгаа эсэхийг асууж, хэрэв хүсэлт гаргасан байвал түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай тогтоол гаргана.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хэрэг хэлэлцэх ажиллагаа нь шүүхийн аль нэг шүүгчийн илтгэлээр эхлэх бөгөөд илтгэлд хэргийн агуулга, гомдол болон эсэргүүцлийн үндэслэлийг дурдана. Шүүгч илтгэсний дараагаар давж заалдагч гомдол, эсэргүүцлээ тайлбарлаж ярина.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Дараа нь нэмэлт нотлох баримтыг шинжлэн судалж шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүс тайлбар гаргаж улмаар прокурорын дүгнэлт, шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээд, тэдний өмгөөлөгчийн нэмэлт тайлбарыг авч магадлал гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Шүүх хуралдааны дотоод журам, түүнийг зөрчигчдөд авах арга хэмжээ нь энэ хуулийн 258, 259 дүгээр зүйлд дурдсанаар тодорхойлогдоно.
Таслан шийдвэрлэх тогтоолд гомдол буюу эсэргүүцэл бичсэн хүмүүс шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол буюу эсэргүүцлийг буцаан авах эрхтэй. Түүнчлэн дээд шатны прокурор доод шатныхаа прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авах эрхтэй.
3291дүгээр зүйл. Давж заалдах шатны шүүх хуралдааны протокол
Оролцогчид давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа бол нарийн бичгийн дарга энэ хуулийн 105 дугаар зүйлд заасан журмыг баримтлан протокол үйлдэнэ. Протоколд засвар оруулах саналыг энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан журмаар гаргах буюу хэлэлцэнэ.
/Энэ хэсгийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдыг протоколтой танилцах бололцоогоор хангах үүрэгтэй.
Шүүх хуралдааны протоколыг тухайн хэрэгт заавал хавсаргана.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
330 дугаар зүйл. Магадлал гаргах
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцээд дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/давж заалдах гомдол буюу эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож таслан шийдвэрлэх тогтоолыг өөрчлөхгүй хэвээр үлдээх;
2/таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буюу анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах;
3/таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох;
4/таслан шийдвэрлэх тогтоолыг өөрчлөх.
Шүүх магадлал гаргахдаа энэ хуулийн 298, 299, 305 дугаар зүйлийн шаардлагыг удирдлага болгоно. Гаргасан магадлалыг хуралдаан даргалагч буюу шүүгч шүүх хуралдааны танхимд даруй уншин сонсгоно.
331 дүгээр зүйл. Давж заалдах шатны шүүх шийтгэгдэгчдэд оногдуулсан ялыг хүндрүүлэх буюу түүнд хүнд ялтай хуулийг хэрэглэж болохгүй
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхээс өгсөн ялыг хөнгөрүүлэх буюу хөнгөн ялтай хуулийг хэрэглэж болох бөгөөд харин ялыг хүндрүүлэх буюу хүнд ялтай хуулийг хэрэглэх эрхгүй.
Хүнд ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай, ял хөнгөдсөн тухай прокурор эсэргүүцэл бичсэн буюу хохирогчоос гомдол гаргасан бол таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож болно.
332 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх цагаатгах тогтоолыг хүчингүй болгох
Давж заалдах шатны шүүх таслан шийдвэрлэх цагаатгах тогтоолыг прокурорын эсэргүүцэл буюу хохирогчийн гомдол, эсхүл шүүхээр цагаатгасан этгээдийн гомдлоор хүчингүй болгож болно.
333 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэл
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэх үед таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэлүүд:
1/мөрдөн байцаалт буюу шүүхийн байцаалт явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн;
2/шүүхээс таслан шийдвэрлэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;
3/Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн;
4/Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;
5/шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй.
334 дүгээр зүйл. Мөрдөн байцаалт буюу шүүхийн байцаалтыг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн
Мөрдөн байцаалт буюу шүүхийн байцаалтыг явуулахдаа таслан шийдвэрлэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулаагүй орхигдуулсан байвал нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзнэ.
Мөрдөн байцаалт буюу шүүхийн байцаалт нь нэг талыг барьсан буюу гүйцэд биш гэдэг нь:
1/хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй буюу хуулиар заавал шинжилгээ хийлгэвэл зохих байсныг хийлгээгүй, түүнчлэн хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг буюу эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй;
2/нэмэлт мөрдөн байцаалтад буюу шүүхээр хянан хэлэлцүүлэхээр шилжүүлсэн хэргийн талаар захирамж, тогтоолд заасан зүйлийг биелүүлээгүй;
3/яллагдагчийн биеийн байцаалтыг бүрэн гүйцэд тогтоогоогүй.
Энэ хуулийн 328 дугаар зүйлд заасан журмаар ирсэн нэмэгдэл материалтай холбогдуулж, хэрэв ямар нэгэн байдлыг шалган тодруулах шаардлагатай байвал таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгоно.
335 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй
Таслан шийдвэрлэх тогтоол хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэдэг нь:
1/шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал;
2/шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан бол;
3/шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг шүүх таслан шийдвэрлэх тогтоолд заагаагүй бол;
4/таслан шийдвэрлэх тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь шийтгэгдсэн ба цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх тухай асуудлыг шийдвэрлэх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх буюу ялыг зөв оногдуулахад нөлөөлсөн буюу нөлөөлж болох ноцтой зөрүү байвал.
336 дугаар зүйл. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчих
Хэрэг хэлэлцэхэд оролцогсдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий таслан шийдвэрлэх тогтоол гаргахад эсрэгээр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ.
Дор дурдсан тохиолдолд таслан шийдвэрлэх тогтоолыг заавал хүчингүй болгоно:
1/энэ хуулийн 255 дугаар зүйлд дурдсан үндэслэл байсан атал шүүх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй;
2/таслан шийдвэрлэх тогтоолыг шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр гаргасан;
3/хуульд зааснаар шүүгдэгчийг заавал байлцуулбал зохих байтал түүний оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн;
4/сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй;
/Энэ заалтыг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5/зөвлөлдөх тасалгаанд болсон шүүгчдийн зөвлөлгөөний нууцыг зөрчсөн;
6/таслан шийдвэрлэх тогтоолд шүүгчийн хэн аль нь гарын үсэг зураагүй;
7/хэрэгт шүүх хуралдааны протокол байгаагүй;
8/эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хамтран шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй.
/Энэ заалтыг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
337 дугаар зүйл. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэг нь:
1/шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;
2/хэрэглэж болохгүй хуулийг хэрэглэсэн;
3/хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн.
338 дугаар зүйл. Шүүхээс оногдуулсан ял нь гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй
Шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт заасан хэмжээнд багтаж байгаа боловч гэмт хэргийн хүнд, хөнгөн, шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд илтэд зохицоогүй байвал ял нь гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй гэж үзнэ.
339 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх ба мөрдөн байцаалтад буцаах
Таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хянан хэлэлцүүлэх ба мөрдөн байцаалтад буцаахдаа хэргийг нэмж мөрдүүлэх буюу шүүхэд шилжүүлэх, эсхүл шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэх алин болохыг шүүх магадлалдаа заана.
Хэрэв ялыг хүндрүүлэн сонсгох буюу урьд сонсгосон ялаас жинхэнэ байдлаараа онцгой ялгавартай ял сонсгохоор таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгосон байвал таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүхээр дамжуулан нэмж мөрдөн байцаалгахаар прокурорт явуулна.
Хэрэв хэргийг шүүхэд хэлэлцэх үед зөрчил гаргасны улмаас таслан шийдвэрлэх тогтоолыг өөрчилж байгаа бол уг хэргийг таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүхэд өөр бүрэлдэхүүнтэйгээр буюу өөр шүүхэд хэлэлцүүлэхээр буцаана.
Урьд нь гэм буруутайд тооцогдож шүүхээр ял шийтгүүлж уг ялаа эдэлж байсан буюу эдэлж дууссан этгээдийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан бол уг хэргийг шүүхээр заавал дахин хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана. Энэхүү заалт нь шүүх хяналтын журмаар болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан хэргийг шийдвэрлэхэд нэгэн адил хамаарна.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
340 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох
Шүүх давж заалдсан хэргийг хэлэлцэх үед дор дурдсан тохиолдолд таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно:
1/энэ хуулийн 6 дугаар зүйлд дурдсан үндэслэл байвал;
2/хэрэв шүүгдэгчид сонсгосон ял нь анхан шатны шүүхийн хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд нэмж мөрдөн байцаалгах буюу шүүхээр хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал.
341 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолыг өөрчлөх
Давж заалдсан хэргийг хэлэлцэх явцад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу ял оногдуулахдаа гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохируулаагүй нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх уг хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр энэ хуулийн 331 дүгээр зүйлд дурдсан журмыг баримтлан таслан шийдвэрлэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж болно. Тэгэхдээ таслан шийдвэрлэх тогтоолыг өөрчилж, шинээр оногдуулсан ял нь анхан шатны шүүхээс оногдуулсан ялаас хүнд байж болохгүй ба түүнчлэн хүнд ялтай хуулийг хэрэглэж болохгүй.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй байдал буюу үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж таслан шийдвэрлэх тогтоолд өөрчлөлт оруулах эрхгүй.
342 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн магадлал
Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдвал зохих зүйлүүд:
1/магадлалыг хэзээ, хаана гаргасан;
2/магадлал гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэхэд оролцсон бусад хүмүүс;
3/давж заалдах гомдол буюу эсэргүүцэл бичсэн хүн;
4/давж заалдах шатны шүүхээс гомдол буюу эсэргүүцлийн талаар гаргасан шийдвэр.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Гомдол буюу эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон бол магадлалд гомдол эсэргүүцэлд дурдсан зүйлийг буруу буюу чухал биш гэж үзсэн үндэслэлийг дурдвал зохино.
Таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөхдөө хуулийн ямар зүйлийн шаардлагыг зөрчсөн болох, ямар зөрчил гаргасан, таслан шийдвэрлэх тогтоол үндэслэлгүй болсон шалтгааныг магадлалд заана.
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буюу шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан бол хэргийн байдлыг тодруулах гэж байгааг заана.
343 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн заалтыг заавал биелүүлэх
Нэмэлт мөрдөн байцаалт явуулах ба хэргийг шүүхэд дахин хэлэлцэхэд давж заалдах шатны шүүхээс өгсөн заалтыг заавал биелүүлнэ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох буюу түүнийг нотлогдсон гэж үзэх, түүнчлэн хэрэг нотлогдсон эсэх, аль нэг нотлох баримт үнэн зөв эсэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүх эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.
344 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх анхны тогтоолыг хүчингүй болгосны дараа, анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх
Шүүхийн таслан шийдвэрлэх анхны тогтоолыг хүчингүй болгосны дараа хэргийг ердийн журмаар хэлэлцэнэ.
Прокурорын давж заалдах эсэргүүцэл буюу хохирогчийн давж заалдах гомдлыг үндэслэн ялыг хүндрүүлэх буюу хүнд ялтай хууль хэрэглэх шаардлагатай болсноос таслан шийдвэрлэх анхны тогтоолыг хүчингүй болгосны дараа хэргийг дахин хэлэлцэх явцад яллагдагч хүнд гэмт хэрэг үйлдсэн байдал тогтоогдвол уг хэргийг анхан шатны шүүх дахин шинээр хэлэлцэхдээ ялыг хүндрүүлэх буюу хүнд ялтай хуулийг хэрэглэж болно.
345 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэх
Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар эсэргүүцэл бичиж болно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Магадлалыг гаргаснаас хойш 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр хэргийн хамт таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүхэд биелүүлэхээр явуулна.
Давж заалдах гомдол буюу эсэргүүцэл, нэмэгдэл материалыг хэрэгт хавсаргана.
Шийтгэгдсэн этгээд давж заалдах шатны шүүхийн магадлалын үндсэн дээр хорих газраас суллагдах болсон бол тэрхүү магадлалыг биелүүлэхээр хуулбарыг давж заалдах шатны шүүхээс хорих газрын захиргаанд 1 хоногийн дотор шууд явуулна.
346 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн энгийн магадлал
Давж заалдсан гомдол буюу эсэргүүцлээр хэргийг хянаж хэлэлцсэн шүүх хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт явуулах буюу шүүхээс хэрэг хэлэлцэх үедээ гаргасан зөрчлийн талаар энгийн магадлалаар зохих албан тушаалтанд мэдэгдэх ба түүнчлэн энэ хуулийн З10 дугаар зүйлд заасны дагуу бусад энгийн магадлалыг гаргах эрхтэй.
V ХЭСЭГ
ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭХ
347 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох ба түүнийг биелүүлэх
Таслан шийдвэрлэх тогтоол гарсан өдрөөс хойш 10 хоног дуусмагц хуулийн хүчин төгөлдөр болно. Таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд давж заалдах гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн бол уг тогтоол дээд шатны шүүхээс хэргийг хянаж хэлэлцсэнээр хуулийн хүчин төгөлдөр болно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийн 2 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлнэ.
Хэрэв цагаатгах ба шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлөхөөр таслан шийдвэрлэх тогтоол гарсан бол шүүх хоригдож байгаа шүүгдэгчийг нэн даруй шүүх хуралдааны танхимаас суллана.
Таслан шийдвэрлэх тогтоолыг хууль ёсоор биелүүлж байгаа эсэхэд прокурор хяналт тавина.
348 дугаар зүйл. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болох ба тэдгээрийг биелүүлэх
Шүүхийн тогтоол ба шүүгчийн захирамж нь түүнд гомдол эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц хуулийн хүчин төгөлдөр болж биелэгдэнэ. Хэрэв энгийн гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн байвал уг хэргийг дээд шатны шүүхээс хянаж хэлэлцсэнээр хуулийн хүчин төгөлдөр болж биелэгдэнэ.
Шүүхийн давж заалдах гомдол гаргаж болохгүй магадлал ба шүүгчийн захирамж нь гармагц нэн даруй хуулийн хүчин төгөлдөр болж биелэгдэнэ.
349 дүгээр зүйл. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, тогтоол, шүүгчийн захирамжийг заавал биелүүлэх
Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, тогтоол, шүүгчийн захирамжийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
350 дугаар зүйл. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол болон магадлал, тогтоолыг биелүүлэх журам
Таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх явдлыг таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүх хариуцна. Шүүгч буюу Ерөнхий шүүгч таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх тухай шийдвэрийг таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарын хамт түүнийг биелүүлэх үүрэг хүлээсэн байгууллагад явуулна. Давж заалдах буюу хяналтын журмаар хэргийг хэлэлцээд таслан шийдвэрлэх тогтоолыг өөрчилсөн бол таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарт давж заалдах буюу хяналтын шатны шүүхийн магадлал буюу тогтоолын хуулбарыг хавсаргана.
Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх байгууллага түүнийг биелүүлснээ нэн даруй таслан шийдвэрлэх тогтоолыг гаргасан шүүхэд мэдэгдэнэ. Түүнчлэн хорих газрын захиргаа шийтгэгдсэн этгээд ялаа хаана эдэлж байгааг таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүхэд мэдэгдэнэ.
Шүүхийн тогтоол ба шүүгчийн захирамжийг биелүүлэх явдлыг энэ зүйлийн нэгдүгээр ангид заасан журмаар гүйцэтгэнэ.
/Энэ зүйлийн 4, 5, 6, 7 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3501 дүгээр зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
351 дүгээр зүйл. Шийтгэгдсэн этгээдийг төрөл садны нь хүмүүстэй уулзуулах ба тэдэнд таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх болсныг мэдэгдэх
Шүүгч буюу Ерөнхий шүүгч нь шийтгэгдсэн бөгөөд хоригдож байгаа этгээдийг ойрын төрөл садны хүмүүстэй тэдний хүсэлтээр таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийн өмнө уулзуулах бололцоо олгох үүрэгтэй.
Хорих ял оногдсон этгээд хоригдож байгаа бол таслан шийдвэрлэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хорих газрын захиргаа шийтгэгдсэн этгээд ялаа хаана эдлэхийг түүний гэр бүлд мэдэгдэх үүрэгтэй.
352 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх явдлыг хойшлуулах
Хорих, засан хүмүүжүүлэх ажил хийх ялаар шийтгэсэн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг дор дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал хойшлуулж болно:
/Энэ хэсгийн эхний доголыг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
1/шийтгэгдсэн этгээд ялаа эдлэхэд саад болох хүнд өвчнөөр өвчилсөн бол эдгэртэл нь;
2/шийтгэгдсэн этгээд жирэмсэн бол төрөхөөс өмнө 45 хоног, төрснөөс хойш 1 жилээс илүүгүйгээр;
3/галын ба бусад гэнэтийн аюул, гэр бүлийн доторх хөдөлмөрийн чадвартай ганц хүнд хүнд өвчин тохиолдсон, нас нөгцсөн, эсхүл бусад онц байдлаас болж ялыг нэн даруй эдлүүлэх явдал нь шийтгэгдсэн этгээд буюу түүний гэр бүлд онц хүнд аюул учруулж болох байвал 3 сараас хэтрүүлэхгүйгээр.
Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу санаатай гэмт хэрэгт удаа дараа шийтгэгдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээдийн талаар гарсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх явдлыг хойшлуулж болохгүй.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Шийтгүүлсэн этгээд торгуулийг богино хугацаанд төлөх бололцоогүй байвал 6 сар хүртэл хойшлуулах буюу мөн хугацааны дотор хэсэгчлэн төлүүлж болно.
353 дугаар зүйл. Өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх
Хэрэв хорих ял шийтгэгдсэн этгээд хоригдож байх хугацаандаа ял эдлэхэд саад болохоор сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчнөөр өвчилбөл шүүх нь хорих ял эдлүүлэх байгууллагын тодорхойлолтоор гурваас доошгүй их эмчийн бүрэлдэхүүн бүхий эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шийтгэгдсэн этгээдийг зохих журам, дэглэм бүхий сэтгэл мэдрэлийн тусгай буюу бусад эмнэлэгт байлгах, эсхүл түүнийг цаашид ял эдлэх явдлаас чөлөөлөх тухай захирамж гаргах эрхтэй.
Хэрэв засан хүмүүжүүлэх ажил хийлгэхээр ял шийтгэгдсэн этгээд сэтгэл мэдрэлийн буюу бусад хүнд өвчнөөр өвчилсөн бол шүүх түүнийг цаашид ял эдлэхээс чөлөөлөх тухай захирамж гаргана.
Шүүх шийтгэгдсэн этгээдийг сэтгэл мэдрэлийн өвчний учир цаашид ял эдлэхээс чөлөөлөхдөө эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авах буюу түүнийг эрүүлийг хамгаалах байгууллагын асрамжид шилжүүлэх эрхтэй.
Сэтгэл мэдрэлийн өвчнөөс бусад хүнд өвчнөөр өвчилсөн этгээдийг цаашид ял эдлэхээс чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхдээ шүүх гэмт хэргийн хүнд, хөнгөн шийтгэгдсэн этгээдийн хувийн ба бусад байдлыг харгалзана. Ял эдэлж байгаа этгээд бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулснаас өвчилсөн бол ял эдлэх явдлаас чөлөөлж болохгүй.
Хэрэв өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэх явдлаас чөлөөлөх тухай захирамж гарсан байвал чөлөөлөгдвөл зохих этгээдийг нэн даруй шүүх хуралдааны танхимаас суллана.
Өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэх явдлаас чөлөөлөх тухай шүүхийн захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.
3531дүгээр зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
354 дүгээр зүйл. Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, ялыг хөнгөн ялаар солих
Эрүүгийн хуулийн 50, 53 дугаар зүйлд дурдсанаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих тухай асуудлыг хорих ял эдлүүлэх байгууллагын тодорхойлолт, прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял эдлүүлэх байгууллагын оршин байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох ялаас чөлөөлөх асуудлыг шийтгэгдсэн этгээдийн хүсэлт, түүний ажиллаж байгаа газрын тодорхойлолтыг үндэслэн шүүгч шийдвэрлэнэ.
Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 6 сар болоогүй бол уг асуудлыг шүүх дахин авч хэлэлцэхгүй.
Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих тухай хүсэлтийг шүүгч шийдвэрлэхдээ гэмт хэргийн хүнд, хөнгөн, шийтгэгдсэн этгээдийн хувийн байдал, зан төлөв, засрал, хүмүүжил зэргийг харгалзан үзнэ.
Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих тухай захирамж гарсан бол уг этгээдийг нэн даруй суллана.
Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
355 дугаар зүйл. Гянданд хорих ялыг хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих
Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих явдлыг хорих ял эдлүүлэх байгууллагын саналаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
Гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр солих тухай саналыг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гарсан өдрөөс хойш 1 жил болоогүй бол уг асуудлыг шүүх дахин авч хэлэлцэхгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
356 дугаар зүйл. Торгох буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг хорих ялаар солих, хорих ял тэнссэнийг буюу насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх
Торгох буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг хорих ялаар солих, хорих ял тэнссэнийг буюу насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай асуудлыг тухайн төрлийн ялыг эдлүүлэх буюу уг ажиллагаанд хяналт тавьж байгаа байгууллагын хүсэлт, санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
Шүүгчийн энэ захирамжид ердийн журмаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичиж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28, 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/
357 дугаар зүйл. Эмнэлгийн байгууллагад байсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох
Хэрэв хорих ял эдэлж байсан этгээдийг эмнэлгийн байгууллагад байлгаж байсан бол тэнд байсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.
Хорих ял эдэлж байгаа этгээд бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулах буюу гэмт хэрэг үйлдэж байхдаа гэмтсэн, түүнчлэн хуурамчаар өвчилсөн бол уг этгээдийн эмнэлэгт байсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
358 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлээгүй байгаа бусад таслан шийдвэрлэх тогтоолтой нэгтгэж биелүүлэх
Хэрэв шийтгэгдсэн этгээдийн талаар биелэгдээгүй хэд хэдэн таслан шийдвэрлэх тогтоол байгаа бөгөөд түүнийг сүүлчийн таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүх мэдээгүй байсан бол энэ шүүх буюу үүнтэй адил эрхтэй бөгөөд таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлбэл зохих шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлд дурдсаныг удирдлага болгон шийтгэгдсэн этгээдэд бүх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэж хэрэглэх тухай захирамж гаргах үүрэгтэй.
359 дүгээр зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх явдалтай холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх шүүх
Таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах. эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн дагуу таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхгүй болон торгох, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялыг өөр ялаар солих, түүнчлэн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэх үед гарсан ямар нэг тодорхой биш зүйлийг тодруулах асуудлыг уг тогтоол гаргасан шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хэрэв таслан шийдвэрлэх тогтоол нь уг тогтоолыг гаргасан шүүхийн нутаг дэвсгэрийн харьяалалд хамаарахгүй өөр орон нутагт биелэгдэж байгаа бол дээр дурдсан асуудлыг таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж байгаа адил эрхтэй шүүх, хэрэв адил эрхтэй шүүх байхгүй бол дээд шатны шүүх шийдвэрлэнэ. Тэгэхдээ захирамжийн хуулбарыг таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүхэд явуулна.
Өвчний учраас ял эдлүүлэх явдлаас чөлөөлөх, хугацаанаас өмнө тэнсэж ялаас чөлөөлөх буюу хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, үлдэж байгаа ялыг өөр хөнгөн ялаар солих, гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид хорих ялаар солих, зохих дэглэмийн хорих ангид хорих ялыг гянданд хорих ялаар солих асуудлыг уг таслан шийдвэрлэх тогтоолыг ямар шүүх гаргасныг харгалзахгүй таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
360 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх явдалтай холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх журам
Таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх явдалтай холбогдож гарсан асуудлыг шүүх хуралдаанаар прокурорыг оролцуулан шийдвэрлэнэ.
Шийтгэгдсэн этгээд ба түүний хүсэлтээр өөрийн нь өмгөөлөгчийг шүүх хуралдаанд дуудна. Хэрэв таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэх асуудал иргэний нэхэмжлэлд хамаарагдаж байгаа бол иргэний нэхэмжлэгчийг дуудна. Дуудагдсан хүмүүс ирээгүй явдал нь уг хэргийг хэлэлцэхэд саад болохгүй.
Шүүх шийтгэгдсэн этгээдийг өвчний учир хугацаанаас нь өмнө ял эдлэхээс чөлөөлөх буюу эмнэлгийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дүгнэлт өгсөн эмч нарын комиссын төлөөлөгчийг заавал байлцуулна.
Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу ялыг хөнгөн ялаар солих, гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр солих, зохих дэглэмийн хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих тухай асуудлыг шийдвэрлэхэд хорих ял эдлүүлэх байгууллагын төлөөлөгчийг оролцуулна.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Хэрэг хэлэлцэх ажиллагааг шүүгчийн мэдээллээр эхлэх бөгөөд дараа нь шүүх хуралдаанд ирсэн хүмүүсийн санал ба прокурорын дүгнэлтийг сонсож улмаар шүүгч захирамж гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
361 дүгээр зүйл. Ял шийтгэлгүйд тооцох тухай хүсэлтийг хэлэлцэх
Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд дурдсанаар хугацаанаас өмнө ял шийтгэлгүйд тооцох тухай асуудлыг ялаа эдэлж дууссан этгээдийн оршин байгаа газрын сумын болон сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ял эдэлсэн этгээд буюу түүний өмгөөлөгчийн, эсхүл ажиллаж байгаа байгууллагынх нь хүсэлтээр шийдвэрлэнэ.
Шүүхэд ирсэн энэхүү хүсэлтийн тухай прокурорт мэдэгдэнэ. Шүүх хуралдаанд прокурор ирээгүй явдал уг хүсэлтийг хэлэлцэхэд саад болохгүй.
Хүсэлтийг хэлэлцэхэд өмгөөлөгч, холбогдох этгээд, хүсэлт гаргасан байгууллагын төлөөлөгчийг байлцуулж болно. Ял шийтгэлгүйд тооцох тухай хүсэлтийг хэлэлцэх ажиллагаа нь шүүгчийн мэдээллээр эхлэх бөгөөд дараа нь прокурорын дүгнэлт, шүүхэд дуудагдсан хүмүүсийн саналыг сонсоно.
Ял шийтгэлгүйд тооцох хүсэлтийг шууд хэрэгсэхгүй болгож захирамж гаргасан тохиолдолд захирамж гарсан өдрөөс хойш 1 жил өнгөрөөгүй бол тэр тухай хүсэлтийг дахин авч хэлэлцэхгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
VI ХЭСЭГ
ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛ, МАГАДЛАЛ, ТОГТООЛЫГ ХЯНАХ
/VI хэсгийн гарчгийн нэрийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны болон 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН АЖИЛЛАГАА
362 дугаар зүйл. Хяналтын журмаар эсэргүүцэл бичих
Аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолд; Улсын дээд шүүхийн шүүгч сум буюу сум дундын, дүүргийн, аймаг, нийслэлийн шүүхийн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд хэргийн оролцогчийн гомдлоор буюу өөрийн санаачилгаар эсэргүүцэл бичих эрхтэй.
Улсын ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй.
Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч бичсэн эсэргүүцлээ хяналтын журмаар хянан хэлэлцэхээс өмнө буцаан авч болно.
/Энэ зүйлийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3621дүгээр зүйл. Хяналтын журмаар бичсэн эсэргүүцлийг ямар шүүх хэлэлцэх
Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээс сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоолд бичсэн эсэргүүцлийг зохих аймаг, нийслэлийн шүүх хяналтын журмаар, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокуророос анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн аймаг, нийслэлийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, тогтоол, давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд бичсэн эсэргүүцлийг Улсын дээд шүүх хяналтын журмаар хянан шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
363 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал биелүүлэхийг түдгэлзүүлэх
Эсэргүүцэл бичигдсэн таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж биелүүлэхийг уг хэргийг хянаж шийдвэр гаргах хүртэл Дээд шүүхийн шүүгч түдгэлзүүлэх эрхтэй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
364 дүгээр зүйл. Ял хөнгөдсөн, хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан тухай таслан шийдвэрлэх тогтоол болон магадлалд хяналтын журмаар эсэргүүцэл бичих
Ял хөнгөдсөн буюу шийтгэгдсэн этгээдэд хүнд ялтай хууль хэрэглэх шаардлагатай гэх үндэслэлээр таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол, түүнчлэн таслан шийдвэрлэх цагаатгах тогтоол болон хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил өнгөрсөн бол шүүхийн хяналтын журмаар хянан хэлэлцэж болохгүй.
365 дугаар зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
366 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг татан авах
Улсын дээд шүүх гомдол, эсэргүүцлийн дагуу хэргийг хянах, шүүхийн практик судлахын тулд эрүүгийн ямар ч хэргийг доод шатны шүүхээс татан авах эрхтэй.
Улсын ерөнхий прокурор нь шүүх хуралдаанд оролцсон прокурор санал бичсэн хэргийг зохих шатны шүүхээс татан авах эрхтэй. Түүнчлэн эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар дүгнэлт гаргах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажлын байдлыг судалж үзэхийн тулд Улсын ерөнхий прокурор шүүхээс эрүүгийн хэрэг татан авч болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
367, 3671 дугаар зүйл. /1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
368 дугаар зүйл. Хэргийг хяналтын журмаар хянан журам
Хяналтын журмаар хэлэлцэх хэргийг шүүх хүлээн авснаас хойш 15 хоногоос хэтрүүлэхгүйгээр хянан хэлэлцэнэ.
Хяналтын шүүх хуралдаанд прокурор оролцох эрхтэй. Хэргийг хянасан шүүгч хуралдаанд илтгэнэ. Илтгэгч хэргийн байдал, таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, тогтоол, болон эсэргүүцлийн агуулгыг танилцуулна. Хуралдаанд оролцож байгаа шүүгчид хэрэг илтгэгчид асуулт тавьж болно. Үүний дараа прокурор тухайн хэргийн талаар санал хэлнэ.
Дараа нь шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж тогтоол гаргана. Хэргийн талаар гарах тогтоолыг хуралдаанд оролцож байгаа шүүгчдийн олонхийн саналаар батлах бөгөөд хэрэв санал тэнцсэн бол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоно.
Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоол эцсийн шийдвэр болно. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч түүнд нэг удаа эсэргүүцэл бичиж хэлэлцүүлэх эрхтэй.
/Энэ зүйлд 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
369 дүгээр зүйл. Хяналтын шатны шүүхийн шийдвэр
Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/таслан шийдвэрлэх тогтоол, тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох;
/Энэ заалтад 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
2/таслан шийдвэрлэх тогтоол, тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах;
/Энэ заалтад 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
3/давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулах;
/Энэ заалтад 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
4/тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл түүнийг шинэчлэн мөрдөн байцаалгах буюу шүүхээр шинэчлэн хэлэлцүүлэхээр буцаах.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
370 дугаар зүйл. Тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэл
Давж заалдах хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон буюу өөрчилсөн, эсхүл үндэслэлгүйгээр хэвээр үлдээсэн, түүнчлэн давж заалдах шатны шүүхээс хэрэг хянахдаа хууль зөрчсөн нь түүнээс тогтоол, магадлал зөв гаргах явдалд эсрэгээр нөлөөлсөн гэж хяналтын шатны шүүх үзвэл тогтоол эсхүл давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох буюу өөрчилнө.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
371 дүгээр зүйл. Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ
Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэх үүрэгтэй. Хэрэгт хэд хэдэн этгээд шийтгэгдсэн бөгөөд эсэргүүцэл нь шийтгэгдсэн нэг буюу хэсэг этгээдийн талаар бичигдсэн байсан ч шүүх хэргийг бүх шийтгэгдэгчийн талаар хянан хэлэлцэх үүрэгтэй.
Шүүх хэргийг шүүхийн хяналтын журмаар хянан хэлэлцэхдээ шийтгэгдсэн этгээдэд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх буюу хөнгөн ялтай хуулийг хэрэглэж болох бөгөөд харин ялыг хүндрүүлэх буюу хүнд ялтай хуулийг хэрэглэх эрхгүй.
Анхан шатны болон давж заалдах хяналтын шатны шүүхээс шүүгдэгчийг цагаатгасан буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал нь буруу болсон, түүнчлэн шийтгэгдсэн этгээдэд оногдуулсан ял нь хөнгөн болсон гэж үзвэл хяналтын шатны шүүх энэ хуулийн 364 дүгээр зүйлд дурдсан нөхцөлийг баримтлан таслан шийдвэрлэх тогтоол буюу тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг шинэчлэн хэлэлцүүлэхээр зохих анхан шатны шүүхэд буцаана. Хяналтын шатны шүүх хэргийг шинээр хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахдаа аль шатнаас хэлэлцэхийг заана.
Хэрэв давж заалдах хяналтын журмаар хэрэг хянан хэлэлцэх үед үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу шийтгэгдсэн этгээдийн ялыг хууль бусаар хөнгөрүүлсэн бол хяналтын шатны шүүх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг хэвээр үлдээх, эсхүл шүүгдэгчийн байдлыг дордуулахгүйгээр өөрчлөлт оруулах эрхтэй.
Хэргийг хяналтын журмаар хянасан шүүхээс өгсөн заалтыг нэмэлт мөрдөн байцаалт явуулах ба хэргийг шүүхээр дахин хэлэлцэхэд заавал биелүүлнэ.
Хяналтын журмаар хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүх анхан шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох буюу түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
372 дугаар зүйл. Тогтоолын агуулга
Хэргийг хяналтын журмаар хянаж хэлэлцээд гаргасан шүүхийн тогтоол энэ хуулийн З42 дугаар зүйлийн шаардлагад нийцсэн байвал зохино.
Тогтоолд аймаг, нийслэлийн шүүхийн тогтоолд шүүх бүрэлдэхүүн, Дээд шүүхийн тогтоолд шүүх хуралдаан даргалагч, илтгэсэн шүүгч гарын үсэг зурна.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
373 дугаар зүйл. Таслан шийдвэрлэх анхны тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосны дараа хэргийг дахин хэлэлцэх
Таслан шийдвэрлэх анхны тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосны дараа хэргийг ердийн журмаар хэлэлцэнэ.
Гагцхүү таслан шийдвэрлэх анхны тогтоол буюу магадлалыг ял хөнгөдсөн, хүнд ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай болсноос хяналтын журмаар хүчингүй болгосны дараа хэргийг шинэчлэн мөрдөх явцад яллагдагч хүнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол анхан шатны буюу давж заалдах шатны шүүх хэрэг хэлэлцэхдээ ялыг хүндрүүлэх, хүнд ялтай хуулийг хэрэглэж болно.
Хэргийг дахин хэлэлцээд гаргасан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг ердийн журмаар давж заалдах гомдол гаргах ба түүнд эсэргүүцэл бичиж болно.
ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛААС ХЭРГИЙГ СЭРГЭЭХ
374 дүгээр зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлаас хэргийг сэргээх үндэслэл
Хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоол болон тогтоол, магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас хүчингүй болгож болно.
Шинээр илэрсэн нөхцөл байдлаас эрүүгийн хэргийн сэргээх үндэслэл:
1/гэрчийн санаатай худал мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн санаатай худал гаргасан дүгнэлт, түүнчлэн эд мөрийн хуурамч баримт, мөрдөн байцаалтын ба шүүхийн ажиллагааны хуурамч протокол, бусад хуурамч баримт бичиг буюу санаатай худал орчуулсан орчуулгыг үндэслэснээс таслан шийдвэрлэх тогтоол буюу тогтоол, магадлал нь үндэслэлгүй буюу хууль бус болсон нь шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдсон бол;
/Энэ заалтад 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
2/хэргийг шийдвэрлэсэн шүүгчид нь эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашигласан явдал хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдсон бол;
3/хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашигласнаас болж үндэслэлгүй, хууль бус таслан шийдвэрлэх тогтоол буюу хэргийг хэрэгсэхгүй болгох тухай магадлал гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдсон бол;
/Энэ заалтад 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4/шүүхээс таслан шийдвэрлэх тогтоол буюу тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан байдлууд илэрсэн нь биеэ дааж буюу урьд тогтоогдсон байдлын хамтаар байсан байдлууд илэрсэн нь биеэ дааж буюу урьд тогтоогдсон байдлын хамтаар шийтгэгдсэн этгээдийг гэм буруугүй буюу үйлдсэн гэмт хэрэг нь түүний шийтгэгдсэн хэргээс хөнгөн, эсхүл хүнд болох нь нотлогдсон, түүнчлэн цагаатгагдсан буюу хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон этгээд гэм буруутай болох нь нотлогдвол.
/Энэ заалтад 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өршөөл, уучлал үзүүлсэн, түүнчлэн яллагдагч нас барснаас таслан шийдвэрлэх тогтоол гаргах бололцоогүй болсон бол энэ зүйлийн 1-3-т дурдсан шинээр илэрсэн байдлыг энэ хуулийн 377 дугаар зүйлд дурдсан журмаар мөрдөж тогтооно.
375 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлаас хэргийг сэргээх хугацаа
Цагаатгагдсан тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүхийн магадлалыг хянаж үзэх, түүнчлэн ял хөнгөдсөн буюу шийтгэгдсэн этгээдэд хүнд ялтай хуулийг хэрэглэх шаардлагатай болсноос таслан шийдвэрлэх шийтгэх тогтоол, магадлалыг хянаж үзэх явдлыг зөвхөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татаж болох хөөн хэлэлцэх хугацааны дотор, шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жил өнгөрөөгүй бол гүйцэтгэж болно.
Шинэ нөхцөл байдал илэрснээс таслан шийдвэрлэх шийтгэх тогтоолыг хянаж үзэх явдал нь шийтгэгдсэн этгээдэд ашигтай байвал хугацаагаар хязгаарлахгүй.
Шийтгэгдсэн этгээдийг цагаатгахын тулд хэргийг шинэ нөхцөл байдал илэрснээс сэргээхэд уг этгээд нас барсан явдал саад болохгүй.
376 дугаар зүйл. Шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагааг үүсгэх
Шинэ нөхцөл байдал илэрсэн тухай гомдол, хүсэлтийг прокурорт явуулна.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Энэ хуулийн 374 дүгээр зүйлд дурдсан үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж уг байдлыг мөрдөх ба эсхүл энэ талаар мөрдөн байцаагчид даалгавар өгнө. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг мөрдөхөд энэ хуульд заасан журмыг баримтлан мөрдөн байцаалтын бүх шаардлагатай ажиллагааг гүйцэтгэнэ.
Хэрэв прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл үндэслэл бүхий тогтоол гаргана.
Прокурорын тогтоолыг гомдол, хүсэлт гаргасан хүмүүст мэдэгдэх бөгөөд тэд дээд шатны прокурорт гомдлоо гаргаж болно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
377 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг мөрдөж дуусмагц прокуророос гүйцэтгэх ажиллагаа
Шинээр илэрсэн нөхцөл байдлыг мөрдөж дуусмагц прокурор хэргийг сэргээх үндэслэл байвал уг хэргийг мөрдсөн материал ба өөрийн дүгнэлтийн хамтаар энэ хуулийн З78 дугаар зүйлийг удирдлага болгон шүүхэд явуулна.
/Энэ хэсэгт 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
Хэргийг сэргээх үндэслэлгүй бол прокурор тэр тухай өөрийн үндэслэл бүхий тогтоолоор уг хэргийн ажиллагааг зогсооно. Энэ тогтоолыг сонирхогч хүмүүс, байгууллагад мэдэгдэх бөгөөд тэд нь дээд шатны прокурорт уг тогтоолын талаар гомдол гаргаж болно.
378 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлаас хэргийг сэргээх тухай асуудлыг шүүх шийдвэрлэх
Шинээр илэрсэн нөхцөл байдлаас хэргийг сэргээх нь:
1/сум болон сум дундын, дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолтой хэргийг аймаг, нийслэлийн шүүх;
2/аймаг, нийслэлийн болон Улсын дээд шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолтой хэргийг Улсын дээд шүүх.
Давж заалдах болон хяналтын шатны журмаар хэргийг урьд нь хянан хэлэлцсэн явдал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дурдсан шатны шүүхүүдээс уг хэргийг дахин хянан хэлэлцэхэд саад болохгүй.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх явдлыг шүүх хуралдаанаар энэ хуулийн 329, 368 дугаар зүйлд дурдсан журмыг баримтлан гүйцэтгэнэ.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
379 дүгээр зүйл. Прокурорын дүгнэлтийг хянаж үзээд шүүхээс гаргах магадлал
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх хэргийг хянаж хэлэлцээд магадлал гаргана:
1/таслан шийдвэрлэх тогтоол болон тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэрэгт шинээр мөрдөн байцаалт явуулах буюу хэргийг шинэчлэн хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлэх тухай;
2/таслан шийдвэрлэх тогтоол болон тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай;
3/прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох тухай.
380 дугаар зүйл. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээсний дараа гүйцэтгэх ажиллагаа
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээсний дараа мөрдөн байцаалт явуулах ба шүүх хуралдаанаар хэлэлцэх, түүнчлэн шинээр гаргасан таслан шийдвэрлэх тогтоолд гомдол гаргах явдлыг ердийн журмаар гүйцэтгэнэ.
Таслан шийдвэрлэх тогтоолыг шинэ нөхцөл байдал илэрсэн явдалтай холбогдуулан хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэхдээ хүчингүй болгосон таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын хэмжээтэй холбож үзэхгүй.
VII ХЭСЭГ
ЗАРИМ ХЭРГИЙН ТАЛААР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ОНЦГОЙ ЖУРАМ
ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙН ХЭРГИЙН ТАЛААР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА
381 дүгээр зүйл. Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн талаар гүйцэтгэх ажиллагааны журам
Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн талаар эрүүгийн хэргийг байцаан шийтгэх ажиллагаа нь энэ хуульд дурдсан ерөнхий журмаас гадна дор дурдсан зүйлүүдээр тодорхойлогдоно.
Энэ бүлэгт дурдсан журмыг гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан хүмүүсийн үйлдсэн хэрэгт хэрэглэнэ.
382 дугаар зүйл. Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн хэргийн талаар тогтоовол зохих байдлууд
Насанд хүрээгүй хүмүүсийн хэрэгт мөрдөн байцаалт явуулах ба түүнийг шүүхээр хэлэлцэхэд энэ хуулийн 66 дугаар зүйлд дурдсан байдлаас гадна дор дурдсан зүйлүүдийг тодруулахад онцгой анхаарал тавибал зохино:
1/насанд хүрээгүй этгээдийн нас /төрсөн он, сар, өдөр/;
2/амьдралын нөхцөл байдал ба хүмүүжил;
3/насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл;
4/насанд хүрсэн өдөөн хатгагч ба бусад хамтран оролцогсод байсан эсэх.
Сэтгэл мэдрэлийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь хөгжөөгүй насанд хүрээгүй этгээд өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхийг илрүүлбэл зохино.
Эдгээр байдлуудыг тогтоохын тулд насанд хүрээгүй этгээдийн эцэг, эх, түүний багш хүмүүжүүлэгч болон хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг мэдэж болох бусад хүмүүсийг байцаах, түүнчлэн хэрэгцээтэй баримт бичгийг шаардан авах, мөрдөн байцаалтын болон шүүхийн бусад ажиллагааг явуулна.
383 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдийг албадан саатуулах ба цагдан хорих
Гагцхүү үйлдсэн хэрэг нь хүнд ба энэ хуулийн 89, 94, 137 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий онцгой тохиолдолд насанд хүрээгүй этгээдийг албадан саатуулах, түүнчлэн түүнд таслан сэргийлэх арга хэмжээ болгож түүнийг цагдан хорьж болно.
Албадан саатуулах ба цагдан хорихоор арга хэмжээ авагдсан насанд хүрээгүй этгээдийг насанд хүрсэн хүмүүс ба шийтгэгдсэн насанд хүрээгүй хүмүүсээс тусгайд нь байлгавал зохино.
384 дүгээр зүйл. Насанд хүрээгүй хүмүүсийг хяналтад өгөх
Насанд хүрээгүй этгээдэд энэ хуулийн 87 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хяналтад шилжүүлэн өгч болно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Насанд хүрээгүй этгээдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийг хүмүүжүүлэх байгууллагын хяналтад шилжүүлэхэд дурдсан хүмүүс буюу байгууллагын захиргаа нь насанд хүрээгүй этгээдийг мөрдөн байцаагч ба шүүхээс дуудсан цагт ирүүлж байх, түүнчлэн түүнийг төлөв томоотой байлгах үүргийг бичгээр авна.
/Энэ хэсэгт 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
Насанд хүрээгүй этгээдийг хяналтдаа авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийг хүмүүжүүлэх байгууллагын удирдагчдад насанд хүрээгүй этгээдийн сэжиглэгдэж байгаа буюу яллагдах гэж байгаа хэргийн шинж төлөвийг мэдэгдэж хүлээсэн үүргээ зөрчвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулна.
/Энэ хэсэгm 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
Насанд хүрээгүй этгээдийг хяналтдаа авсан хүмүүс хүлээсэн үүргээ зөрчвөл түүнд энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу арга хэмжээ авна.
385 дугаар зүйл. Насанд хүрээгүй яллагдагчийг дуудах журам
Насанд хүрээгүй этгээдийг мөрдөн байцаагч ба шүүхэд эцэг, эх буюу хууль ёсны бусад төлөөлөгчөөр нь дамжуулан дуудах журамтай. Зөвхөн хэргийн байдлаас шалтгаалж өөр журмаар ирүүлж болно.
Цагдан хоригдож байгаа насанд хүрээгүй этгээдийг хорих газрын захиргаагаар дамжуулан дуудна.
386 дугаар зүйл. Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн хэргийг тусгаарлах
Хэрэв насанд хүрээгүй этгээд насанд хүрсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон бол бололцоо байвал мөрдөн байцаалтын шатанд тусгаарлана.
Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийг тусгаарлах явдал нь насанд хүрсэн этгээдтэй хамт нэг хэрэгт татагдсан насанд хүрээгүй этгээдийн талаар холбогдох хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор илрүүлэхэд ноцтой саад болж болох байвал хэргийг тусгаарлалгүйгээр дурдсан журмыг баримтална.
387 дугаар зүйл. Насанд хүрээгүй хүмүүсийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах
16 насанд хүрээгүй яллагдагчийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийг заавал оролцуулна. 16-18 хүртэлх насны этгээдийг оюун ухаан нь гүйцэд хөгжөөгүй гэж үзвэл түүнийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийг оролцуулж болно.
Байцаалтад оролцсон сурган хүмүүжүүлэгч нь мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр яллагдагчид асуулт тавих эрхтэй.
Байцаалт дууссаны дараа түүнд оролцсон сурган хүмүүжүүлэгч байцаалтын протоколтой танилцах ба түүнд бичигдсэн зүйл бүрэн зөв болсон эсэх талаар саналаа бичгээр өгөх эрхтэй. Мөрдөн байцаагч насанд хүрээгүй этгээдийг байцаахын өмнө сурган хүмүүжүүлэгчид түүний эрхийг тайлбарлан өгөх үүрэгтэй бөгөөд тэр тухайгаа протоколд тэмдэглэнэ.
388 дугаар зүйл. Насанд хүрээгүй яллагдагч, түүний эцэг эх буюу бусад хууль ёсны төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулах
Насанд хүрээгүй яллагдагчид мөрдөн байцаалт дууссан тухай мэдэгдэх ба хэргийн материалтай танилцуулахад хэрэв яллагдагч хүсвэл түүний эцэг эх буюу бусад хууль ёсны төлөөлөгчийг оролцуулна.
Хэрэв насанд хүрээгүй этгээдийн сонирхолд хохирол учруулж болзошгүй гэж үзвэл мөрдөн байцаагч нь насанд хүрээгүй яллагдагчид хэргийн материалыг танилцуулахад түүний эцэг эх буюу бусад хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүй байж болно.
389 дүгээр зүйл. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй шүүгдэгчийн эцэг, эх буюу бусад хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах
Шүүх хуралдаанд насанд хүрээгүй шүүгдэгчийн эцэг, эх буюу бусад хууль ёсны төлөөлөгчийг дуудан ирүүлнэ. Тэд шүүхийн байцаалт дээр нотлох баримт шинжлэхэд оролцох, нотлох баримт, хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцогчдоос хэн алиныг татгалзах эрхтэй. Дурдсан эрхийг шүүх хуралдаан нээмэгц тэдэнд тайлбарлаж өгнө.
Шүүгдэгчийн эцэг, эх болон хууль ёсны бусад төлөөлөгчийг гэрчээр асуух шаардлагатай байвал тэдний мэдүүлгийг хохирогчийг асуусны дараа сонсоно. Шүүгдэгчийн эцэг, эх буюу бусад хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны ажиллагааны туршид байлцана.
Шүүх хуралдаанд эцэг, эх буюу бусад хууль ёсны төлөөлөгч оролцох явдал насанд хүрээгүй шүүгдэгчийн сонирхолд хохирол учруулж болохуйц онцлох шалтгаан байвал шүүх тэр тухай үндэслэл бүхий тогтоол, шүүгч захирамж гаргаж эцэг, эх буюу хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оруулахгүй байх буюу шүүх хуралдааны ажиллагааны аль нэгэн хэсэгт оролцохыг хязгаарлах эрхтэй.
Шүүгдэгчийн эцэг, эх буюу бусад хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах нь зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзээгүй бол тэдний ирээгүй явдал уг хэрэг хэлэлцэх явдлыг хойшлуулах шалтгаан болохгүй.
390 дүгээр зүйл. /1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
391 дүгээр зүйл. Насанд хүрээгүй шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас гаргах
Шүүх нь шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийн санал, прокурорын дүгнэлтийг сонсож, насанд хүрээгүй этгээдэд эсрэгээр нөлөөлж болох байдлыг шинжлэх үед тогтоол, захирамж гаргаж, насанд хүрээгүй этгээдийг шүүх хуралдааны танхимаас гаргах эрхтэй.
3911дүгээр зүйл. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахтай холбогдсон ажиллагаа
Хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан тохиолдолд насанд хүрээгүй этгээдийг ялаас чөлөөлөх явдлыг хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлтээр тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх хянан шийдвэрлэнэ.
Хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, шийтгэгдсэн этгээдийг таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ял эдлүүлэхээр явуулахыг зохих хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан саналаар тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх хянан шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 302 дугаар зарлигаар нэмсэн ба түүнд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 93 дугаар зарлиг, 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
3912дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийн талаар таслан шийдвэрлэх тогтоол гаргах үед шүүхээс шийдвэрлэх асуудал
Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийн талаар таслан шийдвэрлэх тогтоол гаргах үед шүүх энэ хуулийн 295 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан асуудлыг шийдвэрлэнэ:
1/насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хойшлуулах боломж байгаа эсэх;
2/ял тэнссэн, хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах буюу таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тохиолдолд насанд хүрээгүй этгээдэд олон нийтийн хүмүүжүүлэгч томилох шаардлагатай эсэх.
/Энэ зүйлийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1980 оны 302 дугаар зарлигаар нэмсэн ба түүнд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 93 дугаар зарлиг, 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
392 дугаар зүйл. Шүүхээс насанд хүрээгүй этгээдэд албадан хүмүүжүүлэх чанарын арга хэмжээ авах
Шүүх нь хэрэв шүүх хуралдааны ажиллагааны дүнд 18 хүртэлх насны этгээдээс үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар бага, түүнд эрүүгийн ял хэрэглэхгүйгээр засаж болно гэдэг дүгнэлтэд хүрвэл уг хэргийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлд заасан албадан хүмүүжүүлэх чанарын арга хэмжээний аль нэгийг хэрэглэхээр магадлал гаргана.
Шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахдаа энэ хуулийн 257 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
/Энэ зүйлийн 3 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ
ЭМНЭЛГИЙН ЧАНАРТАЙ АЛБАДАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЖИЛЛАГАА
393 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авах үндэслэл
Эрүүгийн хуульд дурдсан нийгэмд аюултай гэмт хэргийг ухаан солиу байх үедээ үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийнхөө үйлдэлд дүгнэлт өгөх түүнийгээ хариуцаж чадахгүйгээр сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн бөгөөд үйлдсэн хэргийн шинж чанар ба өвчний байдлаас уг этгээд нийгэмд аюултай байвал түүнд шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд дурдсан эмнэлгийн чанартай албадах арга хэмжээг хэрэглэнэ.
/Энэ хэсэгт Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 93 дугаар зарлигаар өөрчлөлт орсон/
Шүүх эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авахдаа энэ хуулийн ерөнхий журмаас гадна хуулийн дор дурдсан зүйлийг баримтална.
394 дүгээр зүйл. Мөрдөн байцаалт явуулах журам
Ухаан солиу хүмүүсийн үйлдсэн нийгэмд аюултай гэмт хэрэг, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн хүмүүсийн гэмт хэрэгт мөрдөн байцаалт заавал явуулна.
Мөрдөн байцаалт явуулах үед дараахь байдлыг нэмж тогтоовол зохино:
1/нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээд нь урьд өмнө сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан эсэх, нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдэх ба хэргийг мөрдөх үед уг сэтгэл мэдрэлийн өвчний хэр хэмжээ ба шинж ямар байсан;
2/нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдэхийн өмнө ба дараа тэр этгээдийн зан байдал ямар байсан;
3/нийгэмд аюултай гэмт хэргийн уршгаар учруулсан хохирлын шинж ба хэмжээ.
Гагцхүү энэ этгээд нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн болохыг заасан хангалттай мэдээ байгаа бөгөөд тэр үндэслэлээр эрүүгийн хэргийг үүсгэж мөрдөн байцаалт явуулж байгаа үед түүнийг шүүх-сэтгэл мэдрэлийн шинжилгээ хийлгэхээр явуулж болно.
Хэрэв сэтгэл мэдрэлийн өвчний улмаас нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдийг оролцуулан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах бололцоогүй бол мөрдөн байцаагч энэ тухай протокол үйлдэнэ.
395 дугаар зүйл. Өмгөөлөгчийг оролцуулах
Нийгэмд аюултай гэмт хэргийг ухаан солиу байх үедээ үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн этгээдийн хэрэгт өмгөөлөгчийг заавал оролцуулна.
/Энэ зүйлийн 2 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
396 дугаар зүйл. Мөрдөн байцаалт явуулж дуусгах
Мөрдөн байцаалт явуулж дуусмагц мөрдөн байцаагч тогтоол гаргана:
1/энэ хуулийн 196 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох;
/Энэ заалтыг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2/нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эмнэлгийн чанартай албадах арга хэмжээг авах үндэслэл тогтоогдвол хэргийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоолд мөрдөн байцаалтаар тогтоогдсон бүх байдал ба эмнэлгийн чанартай албадах арга хэмжээг хэрэглэх болсон үндэслэлийг бичсэн байвал зохино. Тогтоолыг хэргийн хамт прокурорт явуулах бөгөөд тэрээр зөвшөөрвөл шүүхэд шилжүүлэх ба хэрэв зөвшөөрөхгүй бол нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцаана.
/Энэ зүйлийн 2 дахь хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
397 дугаар зүйл. Шүүх хуралдаанд бэлтгэх ажиллагаа
Шүүх хэргийг хүлээж авмагц түүнийг хэлэлцэх өдрийг тогтоосон шүүгчийн захирамж гаргаж тэр тухай прокурор, өмгөөлөгч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэж гэрч, хохирогч, шаардлагатай бол шинжээчийг дуудна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өвчний шинж байдлыг харгалзан түүнийг шүүх хуралдаанд оролцуулж болно.
/Энэ зүйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
398 дугаар зүйл. Эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагаа
Энэ хуулийн 396 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирсэн хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар энэ хуулийн хорин тав, хорин зургадугаар бүлэгт дурдсан журмын дагуу иргэдийн төлөөлөгч, яллагч, өмгөөлөгчийг заавал оролцуулан хэлэлцэнэ.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Шүүх хуралдаанаар уг этгээд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэнийг нотолж байгаа буюу үгүйсгэж байгаа нотлох баримтыг шалгаж, яллагдагчийн сэтгэл мэдрэлийн өвчний талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авах тухай асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий бусад байдлыг шалгавал зохино.
Шүүх нь шүүхийн байцаалт дуусмагц иргэдийн төлөөлөгч болон яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн үгийг сонсоно.
/Энэ хэсгийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
399 дүгээр зүйл. Шүүх хэргийг шийдвэрлэх
Шүүх хэргийг зөвлөлдөх тасалгаанд тогтоол гаргаж шийдвэрлэнэ.
Тогтоол гаргахдаа шүүх дор дурдсан асуудлыг шийдвэрлэнэ:
1/Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байсан эсэх;
2/уг этгээд хэлэлцэгдэж байгаа гэмт хэргийг үйлдсэн эсэх;
3/Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт хэргийг уг этгээд ухаан солиу байхдаа үйлдсэн эсэх;
4/уг этгээд гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийнхөө үйлдэлд дүгнэлт өгөх буюу түүнийгээ хариуцаж чадахгүйгээр сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилсөн эсэх, тэр нь уг хэргийг түдгэлзүүлэхээр сэтгэл мэдрэлийн түр зуурын өвчин байсан эсэх;
5/эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авах шаардлагатай эсэх, хэрэв шаардлагатай бол ямар арга хэмжээ авах.
400 дугаар зүйл. Шүүхийн тогтоол
Гэмт этгээд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт хэргийг ухаан солиу байхдаа үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийнхөө үйлдэлд дүгнэлт өгөх буюу түүнийг хариуцаж чадахгүйгээр сэтгэл мэдрэлийн архаг өвчнөөр өвчилсөн нь нотлогдвол шүүх уг этгээдийг эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлээс чөлөөлөх ба эмнэлгийн чанартай албадах ямар арга хэмжээ авах, эсхүл түүний үйлдсэн хэргийн шинж чанар, өвчний байдлаас уг этгээд нийгэмд аюулгүй болсон учир түүнийг албадан эмчлүүлэх шаардлагагүй гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгох буюу эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авахгүйгээр магадлал гаргаж өвчтөний тухай эрүүлийг хамгаалах байгууллагад мэдэгдэнэ.
Гэмт хэрэг үйлдэхдээ уг этгээд ухаан солиу байсан нь тогтоогдоогүй буюу гэмт хэрэг үйлдсэн этгээд өвчилсөн боловч ялаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж шүүх үзвэл тогтоол гаргаж уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах буюу цаашид хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ.
Уг этгээд нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдэхэд оролцсон явдал нь нотлогдоогүй гэж шүүх үзвэл, эсхүл энэ хуулийн 6 дугаар зүйлд дурдсан байдлыг тогтоовол тэр талаар тогтоосон үндэслэлийг баримтлан өвчилсөн эсэх, өвчний шинж байдлыг харгалзахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргаж түүнийгээ эрүүлийг хамгаалах байгууллагад мэдэгдэнэ.
Шүүхийн тогтоолд энэ хуулийн 309 дүгээр зүйлд заасан асуудал шийдвэрлэгдсэн байвал зохино.
401 дүгээр зүйл. Шүүхийн тогтоолыг давж заалдах
Шүүхийн тогтоолыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмгөөлөгч, хохирогч, уг этгээдийн хууль ёсны төлөөлөгч буюу ойрын төрөл садны хүмүүс 7 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах ба прокурор дээд шатны шүүхэд эсэргүүцэл бичиж болно.
402 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадах арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх
Ухаан солиу этгээд эдгэрсэн буюу түүний эрүүл мэндийн байдал өөрчлөгдсөнөөс урьд авсан эмнэлгийн чанартай албадах арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй бол уг этгээдийг эмчилж байгаа эмнэлгийн байгууллагын хүсэлтээр эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүгч нь эмнэлгийн чанартай албадах арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай асуудлыг энэ хуулийн 360 дугаар зүйлийн нэг ба тав дахь хэсэгт дурдсан журмын дагуу хэлэлцэнэ.
Эмнэлгийн чанартай албадах арга хэмжээг хүчингүй болгуулах буюу өөрчлүүлэх тухай хүсэлтийг ухаан солиу этгээдийн ойрын төрөл садан ба бусад сонирхогч хүмүүс гаргаж болно. Хэрэв ийм хүсэлт гарвал шүүх уг этгээдийн эрүүл мэндийн байдлыг эмнэлгийн зохих байгууллагаас лавлана.
Энэ зүйлд заасан асуудлыг эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авах тухай тогтоол гаргасан шүүгч буюу тэр арга хэмжээг биелүүлж байгаа газрын шүүх нь прокурорыг заавал оролцуулан шийдвэрлэнэ.
403 дугаар зүйл. Эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авагдсан этгээдийн хэргийг сэргээх
Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж эмнэлгийн чанартай албадах арга хэмжээ авагдсан этгээдийг эмч нарын комиссоос эдгэрсэн гэж үзсэн бол шүүх нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн, энэ хуулийн З60 дугаар зүйлийн дагуу урьд авсан эмнэлгийн чанартай албадах арга хэмжээг хүчингүй болгох тухай тогтоол гаргаж, ердийн журмаар мөрдөн байцаалт явуулахаар хэргийг шилжүүлэх, уг этгээдийг яллагдагчаар татах, шүүхэд шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Эмнэлгийн байгууллагад байсан хугацааг хоригдсон хугацаанд оруулан тооцно.
VIII ХЭСЭГ
ГУЧИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ
/Хуулийн VIII хэсэг буюу гучин зургадугаар бүлэг /танхайрсан хэргийн талаар гүйцэтгэх ажиллагаа/-ийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A
