A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ /энэ хуулийг 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь эрчим хүчний үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах болон эрчим хүчээр хангах, түүнийг хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хууль тогтоомж

Хэвлэх

1.Эрчим хүчний тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

1/"эрчим хүч" гэж эрчим хүчний нөөцийг ашиглан ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, түүнчлэн шугам сүлжээгээр түгээж байгаа байгалийн хийг хэлнэ;

2/"эрчим хүчний нөөц" гэж эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болох түлш, цөмийн болон нөхөн сэргэх эх үүсвэрийг хэлнэ;

3/"хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ;

4/"хангагч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчээр хангах үүрэгтэйгээр оролцож байгаа хуулийн этгээдийг хэлнэ;

5/"үйлдвэрлэгч" гэж эрчим хүчний үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээдийг хэлнэ;

6/"шугам сүлжээ" гэж эрчим хүчийг дамжуулах, хуваарилах зориулалт бүхий байгууламжийг хэлнэ;

7/"таваарын бүтээгдэхүүн гаргах" гэж эрчим хүчний үйлдвэрлэгч нь 72 цагаас доошгүй хугацаанд төслийн хүч чадлынхаа 6О-аас доошгүй хувийг хэрэглээ, хангалтын горимоор тогтвортой ажиллуулж эрчим хүч нийлүүлж эхэлснийг хэлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮРЭН ЭРХ

4 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

1/эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

2/улсын эрчим хүчний хангамжийн хэтийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;

3/улсын хэмжээнд нөлөөлөл үзүүлэхүйц эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах тухай эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх)-ас сонирхогч этгээдтэй байгуулсан урьдчилсан гэрээг хянаж тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх;

4/атомын эрчим хүчний нөөцөөр ажиллах эх үүсвэр барьж байгуулах тухай төрийн захиргааны төв байгууллагаас сонирхогч этгээдтэй байгуулсан урьдчилсан гэрээг хянан үзэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

5/эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам, цахилгаан, дулаан хэрэглэх, шугам сүлжээг хамгаалах, эрчим хүчний хяналтын болон эрчим хүчний салбарт ажиллагсдын сахилгын дүрмийг батлах;

6/гадаад орны эрчим хүчний шугам сүлжээнд холбогдох, гадаадаас эрчим хүч импортлох, улсын хэмжээний нэгдсэн шугам сүлжээг бүрдүүлдэг төрийн өмчийн гол шугамуудыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд худалдах, түрээслүүлэх тухай асуудлыг шийдвэрлэх;

7/эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, захиран зарцуулах.

5 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

1/эрчим хүчний тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/эрчим хүчний салбарын хөгжил, эрчим хүчний нөөц, эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай зарцуулах, хэрэглэх болон эрчим хүчний тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны талаар улсын нэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

3/эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

4/энэ хуулийн 4-р зүйлийн 5-д заасан журмын дагуу эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн зохих байгууллага (цаашид "мэргэжлийн байгууллага" гэх)-д олгох;

5/эрчим хүчний үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээний талаар нийтлэг мөрдөх журам, зааврыг баталж биелэлтийг хангуулах;

6/улсын эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний тэнцлийг хянаж батлах, тэнцэлд чадлын дутагдал гарвал эрчим хүчний хангамж, хэрэглээг зохицуулах;

7/байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед эрчим хүчний хангамжид зайлшгүй шаардлагатай бол тоног төхөөрөмж, эрчим хүчний нөөцийг төрийн өмчийн нэг үйлдвэрлэгчээс нөгөөд шилжүүлэх, бусад өмчлөгчөөс дайчлан гаргуулж нөхөх олговрыг олгуулах;

8/эрчим хүчний улсын хяналтыг хэрэгжүүлэх.

6 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

1/нутаг дэвсгэртээ эрчим хүчний тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/эрчим хүчний салбарын хөгжлийн улсын нэгдсэн бодлоготой уялдуулан тухайн нутгийн эрчим хүчний хангамж, хэмнэлтийн бодлогыг боловсруулж төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх;

3/нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний тэнцэлд чадлын дутагдал гарвал эрчим хүчний хангамж, хэрэглээг зохицуулах;

4/эрчим хүчний үйлдвэрлэл, борлуулалт, хэрэглээнд улсын хяналтыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх;

5/эрчим хүчний хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангуулах, эрчим хүчний тухай хууль тогтоомжийг биелүүлэх талаар нутаг дэвсгэртээ орших үйлдвэрлэгч, хангагчид үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;

6/эрчим хүчний үйлдвэрлэлийн осол, саатлаас урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, хохирлыг тогтоох ажилд хяналт тавих, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, зайлшгүй шаардлагатай бол нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагаас тоног төхөөрөмжийг нөхөх олговортойгоор гаргуулах, хүн хүчний туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах.

7 дугаар зүйл.Эрчим хүчний хангамжийн нэгдсэн сүлжээ, түүний удирдлага

Хэвлэх

1.Өөр хоорондоо шугам сүлжээгээр шууд холбоотой үйлдвэрлэгч, хангагчид нь үйл ажиллагаагаа нэгдсэн шуурхай удирдлагаар зохицуулах, тэдгээрийн тэгш байдлыг хангах зорилго бүхий эрчим хүчний хангамжийн нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллаж болно.

2.Эрчим хүчний хангамжийн нэгдсэн сүлжээ нь түүнд холбогдсон үйлдвэрлэгч, хангагч, хэрэглэгч болон төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн зөвлөлтэй байна.

3.Эрчим хүчний хангамжийн нэгдсэн сүлжээний ажиллах журмыг Засгийн газар батална.

4.Улсын хэмжээний нэгдсэн шугам сүлжээ бүрдүүлдэг гол шугамууд төрийн өмчид байна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

8 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл

Хэвлэх

1.Эрх бүхий байгууллагаас эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олгосон гэрчилгээг тусгай зөвшөөрөл (цаашид "тусгай зөвшөөрөл" гэх) гэнэ.

2.Тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу төрийн захиргааны төв байгууллага буюу түүнээс эрх авсан мэргэжлийн байгууллага олгоно.

3.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй.

4.Тусгай зөвшөөрөлд үйлдвэрлэл, борлуулалт явуулах газар нутаг, эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах тоног төхөөрөмж, тэдгээрийг байрлуулах газар, эрчим хүчний нөөцийн төрөл, хүчин чадал, техникийн онцлог, үйл ажиллагаагаа явуулж эхлэх хугацаа зэргийг тодорхой заана.

5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнд заасан зүйлүүдийг өөрчлөхдөө тусгай зөвшөөрөл олгосон байгууллагаас зөвшөөрөл авна.

6.Атомын эрчим хүчний нөөцөөр ажиллах эх үүсвэр барьж байгуулах тусгай зөвшөөрлийг Улсын Их Хурал шийдвэрлэснээр, улсын хэмжээнд нөлөөлөл үзүүлэхүйц эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах тусгай зөвшөөрлийг Засгийн газар шийдвэрлэснээр төрийн захиргааны төв байгууллага олгоно.

7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар зөвхөн өөрийн хэрэгцээнд эрчим хүч үйлдвэрлэх, өөрийн өмч, эзэмшлийн газар, барилга байгууламжийн дотор шугам сүлжээ барьж байгуулахад тусгай зөвшөөрөл авахгүй.

9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөл гаргах

Хэвлэх

1.Сонирхогч этгээд тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлөө төрийн захиргааны төв байгууллага буюу мэргэжлийн байгууллагад гаргана.

2.Тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх журмыг Засгийн газар батална.

3.Эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөлд дараахь баримтыг хавсаргана:

1/техник, эдийн засгийн үндэслэл;

2/эрчим хүчний нөөцийн судалгаа;

3/үйлдвэрлэх эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт;

4/үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлтүүд;

5/үйлчлэх хүрээ, үйлдвэрлэл, хэрэглээний тэнцэл;

6/байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

7/байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө;

8/үйлдвэрлэлийн ослын үед ажиллах горим.

4.Эрчим хүчний борлуулалт эрхлэх, шугам сүлжээ барьж байгуулах тусгай зөвшөөрөл авах тухай өргөдөлд дараахь баримтыг хавсаргана:

1/борлуулах эрчим хүчний төрөл, хэмжээ, чанарын үзүүлэлт;

2/борлуулалт хийх нутаг дэвсгэр, хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэгцээний судалгаа;

3/шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн үзүүлэлт, эзэмшлийн зааг;

4/борлуулалтын үйл ажиллагааны нөхцөл.

5.Атомын эрчим хүчний нөөцөөр ажиллах болон улсын хэмжээнд нөлөөлөл үзүүлэхүйц эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулахыг хүссэн этгээд өргөдөлдөө энэ зүйлийн З, 4 дэх хэсэгт заасан баримтаас гадна урьдчилсан гэрээний төслийг хавсаргана.

6.Урьдчилсан гэрээнд тусгай зөвшөөрөл, түүний дагуу байгуулах гэрээний үндсэн нөхцөлүүд, талуудын эрх, үүрэг, хариуцлага, техник, эдийн засгийн үндэслэл болон бусад баримтыг боловсруулах болон урьдчилсан гэрээний хүчинтэй байх хугацаа, тусгай зөвшөөрөл олгох журам, хугацаа зэргийг заана.

7.Урьдчилсан гэрээг дараахь тохиолдолд хүчингүй болсонд тооцно:

1/эрх бүхий байгууллага хянаж зөвшөөрөөгүй;

2/тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан этгээд нь урьдчилсан гэрээнд заасан хугацаанд техник, эдийн засгийн үндэслэл болон бусад баримтыг боловсруулж ирүүлээгүй;

3/урьдчилсан гэрээг эрх бүхий байгууллага хянаж зөвшөөрснөөс хойш 18 сарын дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулаагүй;

4/урьдчилсан гэрээний үндсэн нөхцөлүүдийг зөрчсөн;

5/урьдчилсан гэрээг цуцлахаар талууд тохиролцсон.

10 дугаар зүйл.Өргөдлийг хянан үзэх, тусгай зөвшөөрөл олгох

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох албан тушаалтан тусгай зөвшөөрөл авах тухай сонирхогчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудыг хүлээн авч түүнийг хянаж хуулийн шаардлага хангасан эсэхийг тогтооно.

2.Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өргөдөл хуульд заасан шаардлага хангасан бол түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

3.Төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл өргөдөл, түүнд хавсаргасан баримтуудын талаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээч томилж болно.

4.Тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан буюу улсын хэмжээнд нөлөөлөл үзүүлэхүйц эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүчний үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сонирхогчдыг өрсөлдүүлэн шалгаруулах замаар олгож болно.

5.Өрсөлдүүлэн шалгаруулах шалгууруудыг тусгай зөвшөөрөл олгох журмаар тодорхойлно.

11 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг тооцох, сунгах

Хэвлэх

1.Төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг тухайн үйлдвэр, шугам сүлжээний техник, эдийн засгийн үндэслэлээр тодорхойлсон хугацаагаар олгох бөгөөд энэ хугацаа нь 10 жилээс багагүй 60 жилээс илүүгүй байна.

2.Мэргэжлийн байгууллагаас олгох тусгай зөвшөөрлийн хугацаа 10 хүртэл жил байна.

3.Тусгай зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлох бөгөөд түүнийг олгосон өдрөөс эхлэн тоолно.

4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол түүний техник, технологийн найдвартай ажиллагааны байдалтай нь уялдуулан тусгай зөвшөөрлийн хугацааг төрийн захиргааны төв байгууллага 2 удаа тус бүр 20 хүртэл жил, мэргэжлийн байгууллага 5 хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно.

5.Хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана.

12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн давуу эрх

Хэвлэх

Үйлдвэрлэгч, хангагч нь тухайн нутаг дэвсгэрт эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байгаагаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрт түүнтэй адил нөхцөлөөр тусгай зөвшөөрөл олгохыг хориглоно.

13 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, хүчингүй болгох

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрөл болон түүгээр олгосон эрх, хүлээсэн үүргээ төрийн захиргааны төв байгууллага буюу мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх буюу уг эрх, үүргийг өөрчилсөн гэрээ байгуулахыг хориглоно.

2.Тусгай зөвшөөрөл, түүгээр олсон эрх, хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх, шилжүүлэн авахыг хүссэн хоёр тал энэ тухайгаа өргөдөл гаргаж шилжүүлэн авсан эрх, үүргийг зохих ёсоор биелүүлэхээ эрх залгамжлагч этгээд бичгээр нотлон мэдэгдсэн бол төрийн захиргааны төв байгууллага буюу мэргэжлийн байгууллага тийнхүү эрх шилжүүлэхийг зөвшөөрөх эсэхийгээ өргөдөл, мэдэгдэл хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

3.Тусгай зөвшөөрлийн хугацаа нь эзэмшигчээс түүнийг сунгуулах тухай өргөдөл гаргаагүй бол анх товлосон он, сар, өдрийн дараагийн ажлын өдөр болмогц дуусгавар болно.

4.Тусгай зөвшөөрлийг түүнийг олгосон байгууллага дараахь үндэслэлээр захиргааны журмаар дуусгавар болгоно:

1/тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан;

2/энэ хуульд заасан хугацаанд таваарын бүтээгдэхүүн гаргаж эхлээгүй, үйл ажиллагаагаа хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа тасалдуулсан;

3/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн;

4/зөвшөөрөлгүйгээр тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн;

5/хуульд заасан бусад үндэслэл.

5.Мэргэжлийн байгууллага нь энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасан журмыг зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон бол төрийн захиргааны төв байгууллага уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

6.Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, хүчингүй болгосон нь холбогдогч этгээдийн байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн дагуу байгуулах гэрээ

Хэвлэх

1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулна.

2.Гэрээнд эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах тоног төхөөрөмж, шугам сүлжээ, тэдгээрийг байрлуулах цэг, эрчим хүчний нөөцийн төрөл, үйл ажиллагаагаа явуулах үе шат, техникийн онцлог, тусгай зөвшөөрөлд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаагаа дуусгавар болгосноос учирсан хохирлыг тооцох журам, талуудын эрх, үүрэг, хариуцлага зэрэг асуудлыг тусгана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТ, ТҮҮНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

15 дугаар зүйл.Эрчим хүчний үйлдвэрлэл, борлуулалт, түүний аюулгүй ажиллагаа

Хэвлэх

1.Үйлдвэрлэгч, хангагч нь үйлдвэрлэл, борлуулалтын явцад төрийн эрх бүхий байгууллагаас баталсан аюулгүй ажиллагааны дүрэм, түүнийг үндэслэн өөрийн онцлогт тохируулан баталсан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны журам, зааврыг дагаж мөрдөнө.

2.Эрчим хүчний тоног төхөөрөмжийг суурилуулах, ашиглах, шинэчлэхэд мэргэжлийн зохих түвшинг хангасан, төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон инженерийн удирдлагын дор явуулна.

3.Үйлдвэрлэгч, хангагч нь зөвхөн шалгаж баталгаажуулсан өргөх, зөөх механизм, зуух, даралтат сав, шугам хоолой, цахилгаан, механикийн багаж хэрэгсэл ашиглана.

4.Үйлдвэрлэгч нь үйлдвэрээс гарах байгаль орчныг бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийн хэмжээг хянах хяналт-шинжилгээний багаж хэрэгсэлтэй байна.

5.Үйлдвэрлэгч, хангагч нь зохих аргачлал, маягтын дагуу өөрийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн үзүүлэлтийн бүртгэл хөтөлнө.

6.Үйлдвэрлэгч, хангагч нь үйлдвэрлэлийн осол, саатал, тэдгээрийн шалтгаан бүрийг холбогдох журмын дагуу судлан бүртгэж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга болон төрийн эрх бүхий бусад байгууллагад мэдээлнэ.

7.Улс, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдал, хүн амын хэвийн амьдралын нөхцөлийг хангахад гүйцэтгэх үүргийг харгалзан тодорхой үйлдвэрлэгчийг тусгай хамгаалалтад байлгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

16 дугаар зүйл.Эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөц

Хэвлэх

1.Засгийн газар нь байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, гэнэтийн бусад аюул учирч эрчим хүчний хангамжинд ноцтой бэрхшээл гарахад хэрэглэх эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлнэ.

2.Эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцөд үйлдвэрлэгч, хангагчид нийтлэг хэрэглэдэг тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгсэл, нүүрс, шингэн түлш зэрэг нөөц хадгалагдана.

3.Эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцөд хадгалагдах зүйлийн төрөл, хэмжээ, зарцуулах журмыг Засгийн газар тогтооно.

17 дугаар зүйл.Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын үед эрчим хүчний хангамжийг зохицуулах

Хэвлэх

1.Засгийн газар байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, гэнэтийн бусад аюулын улмаас нутаг дэвсгэрийн зарим хэсэг, хотын эрчим хүчний хангамж тасалдаж эдийн засаг, хүн амын хэвийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдалд шаардлагатай бол зарим үйлдвэрлэгч, хангагчийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд онцгой дэглэм тогтоож болно.

2.Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, гэнэтийн бусад аюулын үед үйлдвэрлэгч, хангагч нь тоног төхөөрөмж, эрчим хүчний нөөцийг шилжүүлэн хэрэглэх асуудлыг өмчлөгч, эзэмшигчтэй нь тохиролцон шийдвэрлэнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага тоног төхөөрөмж, эрчим хүчний нөөцийг төрийн өмчийн нэг үйлдвэрлэгчээс нөгөөд шилжүүлэх, бусад өмчлөгчөөс дайчлан гаргуулж нөхөх олговрыг нь тэдгээрийг хүлээн авсан этгээдээс гаргуулна.

4.Өмчлөгч, эзэмшигч нь төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гармагц тухайн тоног төхөөрөмж, эрчим хүчний нөөцийг гарган өгнө.

5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмаар тоног төхөөрөмж, эрчим хүчний нөөцийг өмчлөгч, эзэмшигчээс дайчлан гаргуулах нь түүнийг үндсэн үйл ажиллагаагаа зогсооход хүргэхгүй байвал зохино.

6.Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, нөхөх олговрын талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.

18 дугаар зүйл.Шугам сүлжээний хамгаалалтын зурвас

Хэвлэх

1.Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна.

2.Хамгаалалтын зурвасын дотор барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.Сум, дүүргийн Засаг дарга хамгаалалтын зурвасын хэмжээг шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу тогтооно.

4.Хамгаалалтын зурвасын дотор тарьсан, ургасан мод бут нь шугам сүлжээнд гэмтэл учруулахаар буюу үзлэг, үйлчилгээ хийхэд саад болохоор бол өмчлөгч, эзэмшигч нь түүнийг шилжүүлэн суулгах, эсхүл тайрах, огтлох үүрэгтэй.

5.Хангагчийн төлөөлөгч, эрчим хүчний улсын байцаагч нь шугам сүлжээнд үзлэг, үйлчилгээ хийх, хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор хамгаалалтын зурвасын дагуу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар, барилга байгууламжид нэвтрэн орох, дайран өнгөрөх, өмчлөгч, эзэмшигч нь энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол уг мод, бутыг шилжүүлэн суулгах, хэрэв боломжгүй бол тайрч огтлох эрхтэй.

19 дүгээр зүйл.Эрчим хүчний нөөц ашиглах

Хэвлэх

1.Үйлдвэрлэгч нь зураг төсөлд заасан технологийн шаардлага хангасан эрчим хүчний нөөц ашиглана.

2.Эрчим хүчний үйлдвэрлэлд судалж баталгаажуулаагүй буюу технологийн шаардлага хангаагүй эрчим хүчний нөөцийг ашиглахыг хориглоно.

20 дугаар зүйл.Эрчим хүчний ажилтан

Хэвлэх

1.Үйлдвэрлэгч, хангагч нь ажилтныг гүйцэтгэх ажлынх нь онцлог, хөдөлмөрийн нөхцөл, техник, технологийн шаардлагыг харгалзан эрүүл мэнд, нас, мэргэжил, дадлага, туршлагаар нь сонгон шалгаруулна.

2.Үйлдвэрлэгч, хангагч нь мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах бөгөөд ажилтандаа гүйцэтгэж байгаа ажлын онцлог, онцгой хариуцлага, хөдөлмөрийн нөхцөлтэй нь уялдуулан тогтоосон журмын дагуу цалин хөлс, түүний нэмэгдэл, тусгай хувцас, хөдөлмөр хамгаалах хэрэгсэл зэрэг зүйлийг үнэгүй олгоно.

3.Үйлдвэрлэгч, хангагч нь ажилтнаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

4.Үйлдвэрлэгч, хангагч нь ажилтны нийгмийн баталгааг хангах талаар холбогдох үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтын болон бусад гэрээ байгуулан ажиллана.

ТАВДУГААР БҮЛЭГ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ, ТАРИФ. ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ

21 дүгээр зүйл.Эрчим хүчний үнэ, тариф

Хэвлэх

1.Нэгдсэн сүлжээнд холбогдсон хангагчид нь зөвхөн Засгийн газраас эрх олгосон байгууллагаас энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчим, хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн хянаж зохицуулсан үнэ, тарифаар эрчим хүчийг борлуулна.

2.Нутгийн захиргааны байгууллага, хангагч, хэрэглэгчдийн төлөөлөгчид нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хангагчаас борлуулах эрчим хүчний үнэ, тарифыг энэ зүйлийн З дахь хэсэгт заасан зарчмыг үндэслэн хамтран тогтооно.

3.Эрчим хүчний үнэ, тарифыг хянаж зохицуулахад дараахь зарчмыг баримтална:

1/үнэ, тариф нь үнэн зөв тооцсон зардал, ашгийн нийлбэр байх;

2/үнэ, тариф нь чанарын үзүүлэлт, хэрэглээний горим зэргээс хамааран ялгавартай байх;

3/нэгдсэн сүлжээнд холбогдсон ижил нөхцөл, горимоор эрчим хүч авч байгаа хэрэглэгчдэд ялгавартай үнэ тогтоохгүй.

4.Үйлдвэрлэгч, хангагч нь үнэ, тарифын өөрчлөлтийн талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд тийнхүү мэдэгдсэнээс хойш 1О-аас доошгүй хоногийн дараа өөрчлөгдсөн үнэ, тарифыг мөрдөж эхэлнэ.

5.Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Засгийн газар эрчим хүчний үнэ, тарифыг бүс нутгийн хөгжил, эрчим хүчний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлоготой уялдуулан зохицуулж болно.

6.Эрчим хүчний үнэ, тарифыг хянаж зохицуулах эрх бүхий байгууллага нь үйлдвэрлэгч, хангагчийн үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгаж, шаардлагатай бол өртөг зардлаа хямдруулахыг түүнд даалгаж болно.

22 дугаар зүйл.Эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжих

Хэвлэх

/Энэ зүйлийг 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ, ХЭРЭГЛЭЭ

23 дугаар зүйл.Эрчим хүчний хэмнэлт

Хэвлэх

1.Эрчим хүчний тоног төхөөрөмжийн эрчим хүч зарцуулалтын зөвшөөрөгдөх дээд хэмжээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас илүү хэмжээний эрчим хүч зарцуулдаг эрчим хүчний тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

3.Эрчим хүч зарцуулалтын хэмжээ, ашигт үйлийн коэффициент, аюулгүй ашиглах заавар, аюулгүйн бусад анхааруулгагүй эрчим хүчний тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх, импортлохыг хориглоно.

4.Үйлдвэрлэгч, хангагч, хэрэглэгч бүр эрчим хүчийг хэмнэлттэй горимоор үйлдвэрлэх, түгээх, хэрэглэх талаар төрийн эрх бүхий байгууллагуудаас тогтоосон журмыг биелүүлэх үүрэгтэй.

5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь барилга байгууламжийг төлөвлөх, барих материалыг сонгохдоо төрийн захиргааны төв байгууллага болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан журмыг мөрдөнө.

24 дүгээр зүйл.Хэрэглэгчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Хэрэглэгч нь Иргэний хуульд зааснаас гадна дараахь эрх эдэлнэ:

1/хангагч нь эрчим хүчээр хангах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй эрчим хүчний үнийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр хангагчаас нэхэмжлэх;

2/энэ хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх.

2.Хэрэглэгч иргэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаас гадна дараахь үүргийг биелүүлнэ:

1/цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэх болон тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг биелүүлэх;

2/хууль тогтоомжийн дагуу хангагчаас эрчим хүчээр хангах техникийн нөхцөл авсан байх;

3/эрчим хүчээр хангах техникийн нөхцөлийн шаардлагыг хангасан байх;

4/хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль тогтоомжийн шаардлага хангасан тоолуур, хэмжүүртэй байх;

5/өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах.

3.Хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь үүргийг биелүүлнэ:

1/эрчим хүч зарцуулалтын тайланг гарган тогтоосон журмын дагуу мэдээлэх;

2/гэрээнд заасан эрчим хүчийг заасан хугацаандаа авахгүй болсон талаар хангагчид 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх;

3/өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах ажилтныг томилж ажиллуулах.

25 дугаар зүйл.Үйлдвэрлэгч, хангагчийн эрх, үүрэг

Хэвлэх

1.Хангагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/тусгай зөвшөөрөл авснаас хойш 18 сарын дотор таваарын бүтээгдэхүүн гаргах;

2/эрчим хүчний тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, эрчим хүчний чанарын үзүүлэлтийн зохистой хэмжээг дагаж мөрдөх;

3/эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах ажлын явцыг тусгай зөвшөөрөлд заасан хугацааны дагуу үе шат тус бүрээр нь төрийн захиргааны төв байгууллагад мэдээлэх;

4/үйл ажиллагаагаа тусгай зөвшөөрлийн хүрээнд тасралтгүй явуулах, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөхөд зохих зөвшөөрөл авах;

5/хууль тогтоомжийн дагуу хэрэглэгчдэд эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох;

6/үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, тайланг төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагад гаргаж өгөх;

7/үйл ажиллагаагаа бүхэлд нь буюу хэсэгчлэн бүрмөсөн зогсоох шаардлагатай бол 18 сараас доошгүй хугацааны өмнө төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх;

8/эрчим хүчний хангамжийг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай бол хэрэглэгчдэд 4-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдэх;

9/эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, хангамжийн горимоор зохицуулагдах зогсолтоос бусад тохиолдолд эрчим хүчний хангамжийг халаалтын улиралд 4 цагаас илүү, халаалтын бус улиралд 12 цагаас илүү хугацаагаар хязгаарлахгүй байх;

10/эрчим хүчний хангамжийн горимыг зөрчих буюу хэрэглэгчдэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар үйл ажиллагаагаа тодорхой хугацаагаар зогсоох шаардлагатай бол нэгдсэн сүлжээнд ажиллаж буй хангагч нь сүлжээний удирдлагад, нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хангагч нь тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад 6 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэж зөвшөөрөл авах.

2.Үйлдвэрлэгч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/тусгай зөвшөөрөл авснаас хойш 5 жилийн дотор таваарын бүтээгдэхүүн гаргах;

2/үйлдвэрлэж буй эрчим хүчээ өөрөө борлуулах буюу хангагчаа сонгон түүнтэй гэрээ байгуулан дамжуулан борлуулах;

3/хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хянаж зохицуулсан үнэ, тарифт багтаан дамжуулан борлуулж буй эрчим хүчний үнэ, тарифыг хангагчтай тохиролцох;

4/эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах өргөх, зөөх төхөөрөмж, зуух, даралтат сав, шугам хоолой, цахилгаан, механикийн багаж хэрэгслийг холбогдох дүрэмд заасан хугацаанд шалгаж баталгаажуулах;

5/эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаагаа бүхэлд нь буюу хэсэгчлэн бүрмөсөн зогсоох шаардлагатай бол 5 жил, тодорхой хугацаагаар зогсоох шаардлагатай бол 6 сараас доошгүй хугацааны өмнө төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх.

3.Үйлдвэрлэгч, хангагч нь хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, болзол тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлахыг хориглоно.

26 дугаар зүйл.Эрчим хүчээр хангах гэрээ

Хэвлэх

1.Хангагч, хэрэглэгч нь хууль тогтоомжид нийцүүлэн эрчим хүчээр хангах гэрээ байгуулна.

2.Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага, торгууль, алдангийн хэмжээ, хохирлыг тооцох журам, шаардлагатай бусад асуудлыг тусгана.

3.Аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа, шаардлагатай бусад асуудлыг тусгана.

4.Хангагч нь хэрэглэгчийн төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгааг үндэслэн эрчим хүчээр хангах гэрээг байгуулж болно.

5.Хангагч нь гэрээлсэн эрчим хүчний үнэ, тариф, чанарт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчдэд мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.

6.Хэрэглэгч энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 1О хоногийн хугацаанд багтаан хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулаагүй нь уг өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

7.Хангагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрчим хүчээр хангах гэрээ байгуулахаас болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй.

8.Хангагч, хэрэглэгч нь гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, эрчим хүчний тасалдал, түүний шалтгааныг тухай бүр хамтран тогтооно.

27 дугаар зүйл.Эрчим хүчний төлбөр хийх, торгууль ногдуулах

Хэвлэх

1.Хэрэглэгч нь эрчим хүчээр хангах гэрээнд өөрөөр заагаагүй бол сард хэрэглэх эрчим хүчний үнийн 30 хувьтай тэнцэх төлбөрийг тухайн сарын 10-ны өдрийн дотор урьдчилан төлнө.

2.Хэрэв талууд эрчим хүчний төлбөрийн талаар тохиролцон гэрээнд заасан бол банкны байгууллага хугацаандаа төлөөгүй эрчим хүчний төлбөрийг хангагчийн нэхэмжлэлийн дагуу хэрэглэгчийн харилцах данснаас шууд хийнэ.

3.Хэрэглэгч нь эрчим хүчний хангамжийг тасалдуулсан буюу гэрээлсэн тоо, хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүч нийлүүлээгүй хангагчид тасалдуулсан эрчим хүчний үнийн дүнгийн 5,0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

4.Хангагч, хэрэглэгч нь эрчим хүчээр хангах гэрээнд торгуулийн хэмжээг энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас өөрөөр тогтоож болно.

5.Хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлбөрийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.

6.Хангагч хэрэглэгчээс эрчим хүчний төлбөрийг бусад төрлийн төлбөртэй хамт хийхийг шаардах эрхгүй.

28 дугаар зүйл.Эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх

Хэвлэх

1.Эрчим хүчний улсын байцаагч дараахь тохиолдолд үйлдвэрлэгч, хангагчийн эрчим хүчний үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагааг бүхэлд нь буюу зарим тоног төхөөрөмжийн ашиглалтыг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлүүлж болно:

1/үйлдвэрлэлийн осол гарах болон ажиллагсдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц нөхцөл байдал бий болсон;

2/үйлдвэрлэн гаргаж буй эрчим хүч нь стандарт, чанарын үзүүлэлтийн шаардлага хангахгүй байгаа;

3/эрчим хүчний улсын байцаагчаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй;

4/байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө биелүүлээгүй буюу бусад хэлбэрээр байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөн;

5/техник, технологийн үндсэн шийдлийн аюулгүй ажиллагаа, үр ашгийн үзүүлэлтийг бууруулан өөрчилсөн.

2.Эрчим хүчний улсын байцаагч дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно:

1/хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон;

2/эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлгүй буюу техникийн нөхцөлийн шаардлагыг зөрчсөн;

3/эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;

4/гэрээнд заасан төлбөр, тооцооны болон бусад үүргээ биелүүлээгүй.

3.Хангагч, хэрэглэгчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх эрх бүхий ажилтан нь шийдвэртээ түдгэлзүүлэх болсон шалтгааныг тодорхой зааж, тоног төхөөрөмж, шугам сүлжээ, тоолуур, хэмжүүр, залгуур болон шаардлагатай бусад хэрэгслийг битүүмжилнэ.

4.Энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн нь хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг зөрчөөгүй бусад үйлдвэрлэгч, хангагч, хэрэглэгчийн эрхийг хөндөхгүй.

5.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн үйлдвэрлэгч, хангагч, хэрэглэгч нь түдгэлзүүлсэн шалтгааныг арилгасан тухайгаа түдгэлзүүлсэн эрх бүхий ажилтанд мэдэгдэж шалгуулахаас өмнө битүүмжилсэн тоног төхөөрөмж, шугам сүлжээг ашиглахыг хориглоно.

6.Эрчим хүчний хэрэглээг нь түдгэлзүүлж болохгүй хэрэглэгчдийн жагсаалтыг Засгийн газар батална.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

29 дүгээр зүйл.Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт

Хэвлэх

1.Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байгууллага, түүний байцаагч мэргэжлийн хяналт тавина. /Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

2.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, мөрдөж буй үнэ, тарифын үндэслэлд олон нийтийн хяналт тавина.

30 дугаар зүйл.Маргааныг хянан шийдвэрлэх

Хэвлэх

1.Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээтэй холбогдож гарсан маргааныг холбогдогч талууд зөвшилцөн шийдвэрлэж чадаагүй бол маргааныг шүүх шийдвэрлэнэ.

2.Эрчим хүчний төлбөр, тооцоотой холбогдуулан эрх бүхий байгууллага, ажилтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд асуудлыг шүүх шийдэх хүртэл уг шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, хэрэглээтэй холбогдуулан эрх бүхий байгууллага, ажилтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан нь уг шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

31 дүгээр зүйл.Хохирлыг нөхөн төлөх

Хэвлэх

1.Эрчим хүчний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэсэн эсэхийг үл харгалзан учруулсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.

2.Хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эрчим хүчийг тасалдуулсны улмаас хэрэглэгчид учруулсан шууд хохирлыг нөхөн төлнө.

3.Хэрэглэгч нь хангагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өөрт учирсан шууд бус хохирлыг эрчим хүчээр хангах гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүхэд нэхэмжлэн шийдвэрлүүлнэ.

4.Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн ослын улмаас хэрэглэгчид учирсан шууд болон шууд бус хохирлыг хангагчаар нөхөн төлүүлэх асуудлыг хууль тогтоомж, эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

5.Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасны дагуу эрчим хүчний хангамжийг тодорхой хугацаагаар хязгаарлах тухай мэдэгдсэн байхад хэрэглэгч өөрийн буруугаас хохирол хүлээсэн бол хохирлыг хангагч хариуцахгүй.

6.Хэрэглэгч нь эрчим хүч ашиглах журам, горим, гэрээг зөрчиж хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнийг нөхөн төлнө.

7.Хууль тогтоомж, эрчим хүч хэрэглэх горим, гэрээг зөрчиж хэрэглэсэн эрчим хүчний хэмжээг тогтоохдоо холбогдогч этгээдийн эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжид хийсэн хамгийн сүүлчийн шалгалтаас хойшхи хугацаанд авч буй хэрэглээний чадлаар тооцож тогтооно.

32 дугаар зүйл.Эрчим хүчний тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Эрчим хүчний тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

2.Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн гэм буруутай этгээдэд шүүгч болон эрчим хүчний улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой бүртгэл хөтлөх, мэдээ, тайлан гаргах журам зөрчсөн албан тушаалтныг З0000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 хүртэл төгрөгөөр торгох;

2/эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, техник, технологийн үндсэн шийдлийн аюулгүй ажиллагаа, үр ашгийн үзүүлэлтүүдийг бууруулсан, эсхүл технологийн шаардлага хангаагүй буюу шалгаж баталгаажуулаагүй эрчим хүчний нөөцийг хэрэглэсэн бол албан тушаалтныг 10000-З0000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 10000-20000 төгрөгөөр торгох;

3/хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, болзол тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлсэн, эсхүл эрчим хүчний хязгаарлалтын тухай хэрэглэгчдэд энэ хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан хугацаанд мэдэгдээгүй буюу хугацаа хожимдуулан мэдээлсэн албан тушаалтныг 25000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;

4/эрчим хүчийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэн борлуулсан, тусгай зөвшөөрөл, түүгээр олгосон эрх, хүлээсэн үүргээ зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хянаж зохицуулснаас өөр үнэ, тарифаар эрчим хүчнийг борлуулсан албан тушаалтныг З0000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;

5/эрчим хүчний улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй, улсын хяналт хэрэгжүүлэхэд нь саад учруулсан буюу шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дэглэм зөрчсөн иргэнийг 1000-5000 төгрөгөөр, албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;

6/хангагчтай гэрээ байгуулахгүйгээр буюу тоолуур, хэмжүүргүйгээр эрчим хүчийг хэрэглэсэн, эсхүл гэрээнд зааснаас өөрөөр холболт хийх, эрчим хүчний тоолуурын байрлал, битүүмжлэл, эд ангийн хэвийн ажиллагааг алдагдуулсан, эсхүл эрчим хүч зарцуулалтын тайлан гаргах журам зөрчсөн бол иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр, албан тушаалтныг 60000 хүртэл төгрөгөөр аж ахуйн нэгж, байгууллагыг 200000 хүртэл төгрөгөөр торгох;

7/байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, гэнэтийн бусад аюулын үед төрийн захиргааны төв байгууллага болон эрчим хүчний улсын байцаагчийн шийдвэрийг биелүүлээгүй иргэнийг 20000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг З0000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.

3.Эрчим хүчний үйлдвэрлэл, борлуулалтын явцад тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, мөн энэ хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж битүүмжилсэн эд зүйлийг дур мэдэн захиран зарцуулсан этгээдэд Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай болон Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

4.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон онцгой дэглэмийг зөрчсөн, эсхүл үйлдвэрлэлийн томоохон ослын шалтгааныг нуун дарагдуулсан, түүнийг тогтооход саад учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч буюу сумын Засаг даргын шийдвэрээр 20000-50000 төгрөгөөр торгох буюу 21 хүртэл хоногоор баривчлах шийтгэл ногдуулна.

33 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

1.Энэ хуулийг 1996 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2.Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.

3./Энэ заалтыг 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ