A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2003 ОНЫ 06 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарахаас бусад үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомж, түүний үйлчлэх хүрээ

Хэвлэх

1.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарахаас бусад газар, газраас салгамагц зориулалт, эдийн засгийн агуулгаа алдах барилга байгууламж, хөлөг онгоц, тарьц суулгац, олон наст ургамал зэрэг бодит болон хийсвэр аргаар хэмжиж болохуйц, тодорхой хил хязгаартай эд хөрөнгийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ. /Энэ хэсэгт 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

4.Гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж болно.

3 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүсэх

Хэвлэх

1.Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна.

2.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүснэ.

4 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн зарчим

Хэвлэх

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл нь хуулиар хориглосноос бусад нөхцөлд нээлттэй байна.

5 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага

Хэвлэх

1.Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх үйл ажиллагааг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага эрхэлнэ. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Бүртгэлийн байгууллагын эрх зүйн байдлыг энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор тодорхойлно.

3.Хуульд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг гагцхүү энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүртгэлийн байгууллага хариуцна.

6 дугаар зүйл.Бүртгэлийн байгууллагын чиг үүрэг

Хэвлэх

Бүртгэлийн байгууллага дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

1/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг хянан үзэж, зохих шийдвэр гаргах;

2/үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгох;

3/үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхтэй холбогдсон болон барьцааны гэрээний бүртгэл хөтлөх;

4/үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон шаардлагатай мэдээлэл, лавлагааг эрх бүхий этгээдэд зохих журмын дагуу гаргаж өгөх;

5/үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой гэрээний талаархи мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах;

6/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт бичгийн архивыг эрхлэн хөтлөх;

7/үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой газрын кадастрын зураглал, түүний хэмжээ /масштаб/ болон шаардлагатай бусад үзүүлэлтүүдийг бүртгэлд хавсарган хадгалах;

8/хуульд заасан бусад чиг үүрэг.

7 дугаар зүйл.Бүртгэлийн байгууллагын зохион байгуулалт

Хэвлэх

1.Бүртгэлийн байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэх үйл ажиллагааг орон нутагт эрхлэн явуулах нэгжтэй байна.

2.Бүртгэлийн байгууллагын дүрэм, улсын бүртгэгчийн ажиллах журмыг Засгийн газар батална.

3.Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг улсын бүртгэгч хөтөлнө. Улсын бүртгэгч нь туслах бүртгэгчтэй байна.

4.Бүртгэлийн байгууллага нь кадастрын хэмжилт, үнэлгээнд хяналт тавих үүрэг бүхий албатай байж болно.

5.Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дэвтэр, маягт, гэрчилгээний загварыг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх үйл ажиллагааг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

8 дугаар зүйл.Бүртгэлийн хураамж, үйлчилгээний хөлс

Хэвлэх

1.Энэ хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд тэмдэгтийн хураамж төлнө.

2.Төрөөс хуульд заасан журмын дагуу зохих хураамж төлж шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.

3.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу иргэн гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрыг анхны удаа үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад бүртгүүлэхэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө /Энэ хэсгийг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон эрхийг шилжүүлэх гэрээг бүртгэх, бүртгэлийн хуулбар хийх зэрэгт үйлчилгээний хөлс төлнө. /Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

4.Үйлчилгээний хөлс, түүнийг захиран зарцуулах журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ

9 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргах

Хэвлэх

1.Иргэн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг /цаашид "мэдүүлэг" гэх/ тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар орших бүртгэлийн байгууллагад гаргана.

2.Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр авсан байна.

3.Үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгч тус бүр өөрт ногдох хэсгээ бүртгүүлэхээр бие даан мэдүүлэг гаргана.

4.Нэг зориулалттай, нэгдмэл байдалтай ашиглагдах цогцолбор үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана.

5.Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана:

1/тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт;

2/тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт.

3/газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ. /Энэ заалтыг 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

3/өмчийн газрын кадастрын зураг./Энэ заалтыг 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Мэдүүлэгт хавсаргах бичиг баримтыг нотариатаар батлан гэрчлүүлсэн байна.

7.Мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө гаргасан мэдүүлгээ буцаан авах эрхтэй. Ийнхүү мэдүүлгээ буцаан авах нь мэдүүлгийг хүлээн авах журамтай адил байна.

8.Мэдүүлэг гаргагч нь тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаггүй бол тус улсад байнга оршин суугч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан дээрх эрхээ хэрэгжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх нь нотариатаар батлан гэрчлэгдсэн байна.

10 дугаар зүйл.Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах

Хэвлэх

1.Бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийн бүрдэл дутуу, эсхүл мэдүүлэг гаргах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн талаар маргаантай байвал уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно.

2.Ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид албан ёсоор мэдэгдэж холбогдох материалын хамт буцаан хүргүүлнэ.

11 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх журам

Хэвлэх

1.Бүртгэлийн байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн эсэхийг магадлан 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэх асуудлыг шийдвэрлэнэ.

2.Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ.

3.Бүртгэлийн байгууллага нь бүртгэлийг буруу хийсэн бол залруулга хийж, түүнийг хүчингүй болгох үүрэг хүлээнэ.

12 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл

Хэвлэх

1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дахь хэсэгт зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд /цаашид "улсын бүртгэл" гэх/ тусад нь бүртгэх бөгөөд уг бүртгэлд дор дурдсан зүйлийг тусгана:

1/үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэмжээ, зориулалт;

2/үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч иргэний овог, нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг;

3/өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, оршин байгаа газар, улсын бүртгэлийн регистрийн дугаар, хуулийн этгээдийг төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн овог нэр, оршин суугаа хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаар, гарын үсэг;

4/үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх болсон үндэслэл;

5/үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл;

6/мэдүүлэг гаргасан огноо;

7/улсын бүртгэлийг хаах тухай тэмдэглэл, үндэслэл;

8/дээр дурдсан холбогдох бичиг баримтуудыг батлан гэрчилсэн нотариатчийн овог нэр, регистрийн дугаар.

9/газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ. /Энэ заалтыг 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Хуулийн этгээд нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болон түүнийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бүртгүүлэхэд тухайн итгэмжлэл нь уг байгууллагын эрх баригчид, нягтлан бодогч буюу түүний үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг, тамга /тэмдэг/-тай байж нотариатаар батлан гэрчлэгдсэн байна.

13 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ

Хэвлэх

1.Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/ өмчлөгчид олгоно.

2.Улсын бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн тэмдэглэлийг үндэслэн улсын бүртгэгч бүртгэлийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгох журмыг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх үйл ажиллагааг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

3.Төрийн байгууллагаас олгосон гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ уг гэрчилгээнд бүртгэсэн тухай тэмдэглэл хийх замаар хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулна.

14 дүгээр зүйл.Улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

Хэвлэх

1.Улсын бүртгэлд дор дурдсан үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна:

1/үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжих;

2/эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч, эзэмшигч өөрчлөгдөх;

3/үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ нь өөрчлөгдөх.

2.Улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө ийнхүү нэмэлт, өөрчлөлт хийсний улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж болох иргэд, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байна.

3.Үл хөдлөх эд хөрөнгө өөр өмчлөгчид шилжсэн бол улсын бүртгэлд энэ тухай тэмдэглэл хийж, улсын бүртгэлийн гэрчилгээг шинэ өмчлөгчид олгоно.

4.Улсын бүртгэлд хийх нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэнэ

15 дугаар зүйл.Бүртгэлийн байгууллага тусгай тэмдэглэл хийх

Хэвлэх

Бүртгэлийн байгууллага дараахь тохиолдолд тусгай тэмдэглэлийг улсын бүртгэлд хийнэ:

1/хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан;

2/үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан;

3/өмчлөгчийг иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй, сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан тухай шүүхийн шийдвэр гарсан.

16 дугаар зүйл.Урьдчилсан тэмдэглэл хийх

Хэвлэх

1.Худалдан авагч болон өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тэдний гаргасан хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийнэ.

2.Худалдан авагч хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд дээрх тэмдэглэлийг үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бүртгэлийн байгууллагад хандаж урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгуулах эрхтэй.

3.Өмчлөгч урьдчилсан тэмдэглэл хүчинтэй байх хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн нотариатаар батлан гэрчлэгдсэн зөвшөөрлийг бичгээр авсан байна.

17 дугаар зүйл.Бүртгэлийг хаах

Хэвлэх

Бүртгэлийн байгууллага нь өмчлөгчийн өргөдөл, холбогдох бусад бичиг баримтыг үндэслэн улсын бүртгэлийг дор дурдсан тохиолдолд хааж бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно:

1/өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан;

2/гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгө устсан;

3/эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болсон.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ БУСДЫН ӨМЧЛӨЛ, ЭЗЭМШИЛ, АШИГЛАЛТАД ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭНИЙ БҮРТГЭЛ

18 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон гэрээний бүртгэл

Хэвлэх

1.Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаатай буюу хугацаагүй шилжүүлэх гэрээг энэ хуульд заасны дагуу бүртгүүлнэ.

2.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхтэй холбогдсон гэрээг /цаашид "гэрээ" гэх/ энэ хуульд заасан журмын дагуу бүртгэснээр тухайн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрхийг хамгаалах эрх зүйн үндэс бүрдэнэ.

3.Гэрээг Иргэний хуульд заасан нөхцөл, журмын дагуу байгуулна.

4.Гэрээний бүртгэл нь дор дурдсан агуулгатай байна:

1/гэрээний төрөл, агуулга;

2/гэрээний талууд, тэдгээрийн эдэлбэл зохих онцгой эрх;

3/гэрээний зүйл, түүний тодорхойлолт, үзүүлэлт;

4/гэрээний хугацаа;

5/гэрээгээр тохиролцсон үнэ;

6/гэрээ дуусгавар болох үндэслэл.

19 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэл

Хэвлэх

1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг энэ хуульд заасан журмын дагуу бүртгэнэ.

2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэлд дараахь зүйлийг тусгана:

1/барьцаалагч, барьцаалуулагч, үүрэг хүлээгчийн нэр, хаяг, иргэний паспортын болон регистрын дугаар;

2/барьцааны зүйл, түүний тодорхойлолт;

3/барьцаагаар хангагдах үүргийн агуулга, хугацаа, үнэ.

3.Үл хөдлөх эд хөрөнгийг дахин барьцаалахаар хэд хэдэн гэрээ байгуулсан бол гэрээ тус бүрийг энэ зүйлд заасны дагуу бүртгэнэ. Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүрэг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллыг баримтална.

20 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд тэмдэглэл хийх

Хэвлэх

1.Гэрээг бүртгэсэн тухай улсын бүртгэлд тэмдэглэнэ.

2.Гэрээний талуудын эрх, үүрэг өөрчлөгдөх, гэрээ дуусгавар болох, гэрээний зохигчид өөрчлөгдөх үед улсын бүртгэлд нэмэлт тэмдэглэл хийнэ.

3.Гэрээ дуусгавар болоход уг гэрээтэй холбогдох тэмдэглэлийг хаана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

бусад зүйл

21 дүгээр зүйл.Албадан дуудлага худалдаа

Хэвлэх

/Энэ зүйлийг 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

Хэвлэх

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

23 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлээс нуун дарагдуулсан, түүний тоо хэмжээг нь бууруулсан, энэ хуульд заасан журмыг зөрчиж бүртгүүлсэн бол улсын бүртгэгч иргэнийг 5000-З0000 төгрөг, албан тушаалтныг 15000-60000 төгрөг, хуулийн этгээдийг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгох;

2/энэ хуульд заасан журмыг зөрчсөн бүртгэх байгууллагын бүртгэгчийг шүүгч 30000-60000 хүртэл төгрөгөөр торгох.

2.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөнөөс учирсан хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлнэ.

3.Өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгөө энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 жилийн дотор бүртгүүлээгүй бол дараагийн 5 жилд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хураамжийн хэмжээг 10 дахин нэмэгдүүлнэ.

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ УРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ