- Нүүр
- Монгол Улсын хууль
- ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
/Энэ хуулийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүйд тооцсон/
1994 оны 12 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэхэд чиглэсэн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа /цаашид "өмгөөллийн үйл ажиллагаа" гэх/-ны зарчим, зохион байгуулалт, өмгөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх баталгаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Өмгөөллийн тухай хууль тогтоомж
1.Өмгөөллийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, өмгөөлүүлэх эрхийг хангахтай холбогдсон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагааны нийтлэг зарчим
Өмгөөллийн үйл ажиллагаанд дараахь зарчим баримтална:
1/хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах, хууль дээдлэх;
2/өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох;
3/өмгөөллийн үйл ажиллагаа төрийн ивээлд байх, аливаа байгууллага, албан тушаалтан өмгөөлөгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс үл оролцох;
4/өмгөөлөгч нь хуулийн хүрээнд өмгөөлүүлэгчийнхээ эрх, ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах.
4 дүгээр зүйл.Өмгөөллийн үйл ажиллагааны төрөл
Өмгөөлөгч нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хууль зүйн дараахь туслалцаа үзүүлнэ:
1/хууль зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл, лавлагаа өгөх;
2/эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиож туслах;
3/иргэний хэрэг, захиргааны зөрчлийн талаар шүүх болон төр, захиргааны байгууллагад төлөөлөх;
4/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцох;
5/иргэд, байгууллагын хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн бусад туслалцаа үзүүлэх.
5 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
1.Хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх буюу өмгөөлөгчдийн байгууллагад хүсэлт гаргана. Өмгөөлөгчдийн байгууллага мэргэжлийн өмгөөлөгчдийн нэр, хаягийн лавлагаа өгч, хүссэн өмгөөлөгчийг нь томилно.
2.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэхэд туслахыг хүссэн тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллага нь мэргэжлийн өмгөөлөгчдийн болон өмгөөлөл эрхэлдэг байгууллагын нэр, хаягийн лавлагааг өгөх үүрэгтэй.
3.Хууль зүйн туслалцаа хүсэгч нь эрүүл мэнд, төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлүүлэх эрхээ өөрөө хэрэгжүүлэх боломжгүй, түүнчлэн өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллага энэ тухай өмгөөлөгчдийн байгууллагад мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авах үүрэгтэй.
6 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалт
1.Өмгөөлөгчдийн байгууллага нь өмгөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн, ашгийн төлөө бус олон нийтийн байгууллага бөгөөд дараахь бүтэцтэй байна:
1/Монголын өмгөөлөгчдийн холбоо;
2/аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл.
2.Өмгөөлөгч нь товчоо байгуулан ажиллаж болно.
3.Өмгөөлөгчдийн холбоо, зөвлөл, товчоо нь хуулийн этгээдийн эрх эдлэх бөгөөд өөрийгөө санхүүжүүлэх үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.
4.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэн өмгөөлөл явуулж буй хэлбэрээс үл хамааран өмгөөлөгчдийн олон нийтийн байгууллагад нэгдэнэ.
5.Монголын өмгөөлөгчдийн холбоо нь өмгөөлөгчдийг мэргэжил, арга зүйн нэгдмэл удирдлагаар хангах, өмгөөлөгч бэлтгэх, сургах, давтан сургах, тэдгээрийн эрх, ашиг сонирхлыг төр, захиргаа, олон нийтийн байгууллагад төлөөлөх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ.
6.Холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааг дүрмээр зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, өмгөөлөгчийг бүртгэх
7 дугаар зүйл.Өмгөөлөгч
1.Хуульч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, өмгөөлөгчийн мэргэшлийн шаардлага хангасан, тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулалтад орж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан Монгол Улсын иргэн өмгөөлөгчөөр ажиллаж болно. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нь уул албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 1 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
2.Иргэн өөрийгөө өмгөөлөх, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй боловч итгэл бүхий, ял шийтгэлгүй этгээдээр өөрийгөө өмгөөлүүлэх эрхтэй.
3.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өмгөөлөл эрхлэх эрх бүхий гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтоосон журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж болно.
8 дугаар зүйл.Мэргэжлийн хороо
1.Өмгөөлөгчөөр ажиллах хүнийг сонгон шалгаруулах орон тооны бус мэргэжлийн хороог хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.
2.Мэргэжлийн хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд түүний дүрмийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9 дүгээр зүйл.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, өмгөөлөгчийг бүртгэх
1.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан, сонгон шалгаруулалтад тэнцсэн Монгол Улсын иргэнд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл авсан иргэн Монголын өмгөөлөгчдийн холбоонд бүртгүүлж үйл ажиллагаагаа явуулна.
10 дугаар зүйл.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээс чөлөөлөх, түдгэлзүүлэх
1.Өмгөөлөгч нь эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд өөрийнх нь хүсэлт буюу Монголын өмгөөлөгчдийн холбооны санаачилгаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээс чөлөөлж, бүртгэлээс хасна.
2.Өмгөөлөгч эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдолд эцсийн шийдвэр гарах хүртэл эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь түдгэлзүүлж болно.
3.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхээс чөлөөлөх, түдгэлзүүлэх шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөлөгдсөн этгээд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт дахин гаргавал шинээр бүртгүүлнэ.
11 дүгээр зүйл.Өмгөөлөл эрхлэх эрхийг хасах
1.Өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн тухай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өмгөөлөл эрхлэх эрхийг нь хасна.
2.Өмгөөлөгчийн болон хуульчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн бол Өмгөөлөгчийн сахилгын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өмгөөлөл эрхлэх эрхийг нь З жил хүртэл хугацаагаар хасч болно.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эрхээ хасуулсан өмгөөлөгч гомдлоо шүүхэд гаргаж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Өмгөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагааны баталгаа
12 дугаар зүйл.Өмгөөлөгчийн эрх
Өмгөөлөгч нь өмгөөлөл,төлөөллийн үйл ажиллагаа гүйцэтгэхдээ дараахь эрх эдэлнэ:
1/хууль зүйн туслалцаа хүсэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аль ч байгууллагад төлөөлөх;
2/өмгөөлж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдолтой тэдгээрийн байгаа газарт чөлөөтэй нэвтрэн орж ганцаарчлан уулзах;
3/эрүү, иргэний хэргийн нотлох баримттай танилцах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж хуулбарлан авах;
4/нотлох баримт гаргаж өгөх, шинэ нотлох баримт шаардах буюу хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах санал хүсэлт тавих;
5/хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурор, шүүх хурлын нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгч, шинжээч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэл байвал татгалзах;
6/хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын үйл ажиллагаа, тэдгээрийн шийдвэрт гомдол гаргах;
7/хууль зүйн туслалцаа үзүүлэхэд ач холбогдол бүхий баримт бичгийг байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулах буюу хувилж хуулбарлан авах, тэмдэглэл хийх, баримт сэлтийг бэхжүүлэх зорилгоор дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглах;
8/тусгай мэдлэг шаардагдах асуудлаар мэргэжлийн байгууллага, хүмүүсээс зөвлөгөө авах;
9/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцаж, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн нэхэмжлэгч,хариуцагч болон бусад оролцогчдод асуулт тавих, өмгөөлүүлэгч, төлөөлүүлэгчийнхээ гаргаж буй мэдүүлэг, тодорхойлолтод тайлбар, залруулга хийх;
10/өөрийн байлцсан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж санал хүсэлтээ бичгээр гаргах;
11/давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд өөрийн санаачилгаар буюу шүүгдэгчийн хүсэлтээр оролцож санал, дүгнэлт гаргах;
12/хууль тогтоомжид заасан бусад эрх
13 дугаар зүйл.Өмгөөлөгчийн үүрэг
1.Өмгөөлөгч нь дараахь үүрэг биелүүлнэ:
1/Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон өмгөөлөгч, хуульчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;
2/өмгөөлүүлж, төлөөлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга,хэрэгслийг ашиглан бүрэн, тууштай хамгаалах;
3/өмгөөлөл, төлөөллийн үүрэг гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүн болон өмгөөлүүлэгч, төлөөлүүлэгчийн нууцыг задруулахгүй байх;
4/өмгөөлөх байгууллагаас өгсөн томилолтыг биелүүлэх.
2.Өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа авахыг хүсэгчийн эд хөрөнгө буюу эрхийг өөрийн болон бусад этгээдийн нэрээр худалдан авах, эсхүл өөр бусад аргаар олж авах, эзэмшихийг хориглоно.
14 дүгээр зүйл.Өмгөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа
1.Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад түүнд хэн ч шахалт, дарамт үзүүлэх буюу хөндлөнгөөс оролцох, саад учруулах, ямар нэг баталгаа шаардах, заналхийлэхийг хориглоно.
2.Өмгөөлөгчөөс мэргэжлийн үүргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтан саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.
3.Өмгөөлөх үйл ажиллагааны явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан өмгөөлөгчийг гэрчээр байцаах, холбогдох мэдээллийг өмгөөлөгч болон өмгөөлөл эрхэлдэг байгууллагын ажилтнаас гаргуулж авахаар шаардаж үл болно.
4.Өмгөөллийн үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн нууцыг хуулиар хамгаална.
5.Төр, захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага өмгөөлөгч, өмгөөлөгчдийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
15 дугаар зүйл.Өмгөөллийн нууц
1.Өмгөөлөгчөөс туслалцаа хүссэн тодорхой асуудал, үйл баримт, өмгөөлөгчийн өгсөн зөвлөгөө, тайлбар,түүнчлэн өмгөөлөгч, туслалцаа авагч хоёрын хоорондын аминчилсан ярианд холбогдох мэдээ болон бусад баримт сэлт нь өмгөөллийн нууцад хамаарна.
2.Өмгөөлөгч, өмгөөлөгчдийн байгууллагын ажилтан өмгөөллийн нууцыг задлах, эсхүл амин хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
бусад зүйл
16 дугаар зүйл.Өмгөөлөгчийн хөдөлмөрийн хөлс
1.Өмгөөлөл,хууль зүйн бусад туслалцааг төлбөртэй үзүүлэх бөгөөд энэ нь өмгөөлөгчийн хөдөлмөрийн хөлсний эх сурвалжийг бүрдүүлнэ.
2.Хууль зүйн туслалцаа үзүүлэхэд төлөх хөлсний жишгийг Монголын өмгөөлөгчдийн холбооны саналыг үндэслэн хууль зүйн болон хүн амын бодлого, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.
3.Өмгөөллийн хөлсний хэмжээг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон жишигт багтаан хууль зүйн туслалцаа авагч, өмгөөлөгч нар харилцан тохиролцож тогтооно. Талууд тохиролцвол хөлсний хэмжээг жишигт зааснаас ихэсгэх буюу багасгаж болно.
4.Өмгөөлөгчийн хөдөлмөрийн хөлсний 6 хувийг Монголын өмгөөлөгчдийн холбоонд, 4 хувийг өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд төвлөрүүлнэ.
17 дугаар зүйл.Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардал
Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Энэхүү зардлыг санхүүжүүлэх, тайлан тооцоо гаргах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооны саналыг үндэслэн хууль зүй, хүн амын бодлого, хөдөлмөрийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.
18 дугаар зүйл.Өмгөөлөгчийн хариуцлага
1.Өмгөөлөгчийн хариуцлагагүй ажиллагааны улмаас хууль зүйн туслалцаа авагчид эд хөрөнгийн хохирол учирсан бол уул хохирлыг нөхөн төлүүлнэ.
2.Өмгөөлөгч гэрээнд заасан туслалцаа үзүүлээгүй бол хөлсийг буцааж төлнө.
3.Хууль тогтоомж, өмгөөлөгчийн болон хуульчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн өмгөөлөгчид сахилгын дараахь шийтгэл ногдуулна:
1/сануулах;
2/өмгөөлөл эрхлэх эрхийг нь хасах тухай урьдчилан сануулах;
3/өмгөөлөл эрхлэх эрхийг хасах.
4.Өмгөөлөгч сахилгын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
5.Өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулах журам, сахилгын зөвлөлийн дүрмийг Монголын өмгөөлөгчдийн холбооны саналыг үндэслэн Хууль зүйн сайд батална.
19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийг 1995 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A
