- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- БНМАУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖИЙН ДАМПУУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

1991 оны 07 сарын 08
№ 65
Улаанбаатар хот
ДАМПУУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЖУРМЫН ТУХАЙ
БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:
1.БНМАУ-ын аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийн (цаашид "хууль" гэх) 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "аж ахуйн нэгж харилцагч талын өмнө хүлээсэн төлбөр тооцооны үүргээс хугацаанд нь биелүүлж чадахгүй байвал" гэдэгт тухайн аж ахуйн нэгж банкин дахь харилцах болон тооцооны, хадгаламжийн дансандаа, түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөн хөрөнгөгүйгээс харилцагч талаас нийлүүлсэн, худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, банкнаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн үүргээ хууль, гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэж чадаагүйг ойлгоно.
2.Харилцагч тал нь аж ахуйн нэгжийг төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүй болсны улмаас үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэж үзэж хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргахдаа ИХШХШ тухай хуулийн шаардлагыг хангасан байвал зохино.
Нэхэмжлэлд тухайн аж ахуйн нэгжээс хүлээсэн төлбөр, тооцооны үүрэг, төлбөрийн чадваргүй болсон буюу төлбөрийн чадваргүйн улмаас үүргээ биелүүлэхгүй байна гэж үзсэн үндэслэл, үүргийг биелүүлэх болон биелүүлээгүй хэтрүүлсэн хугацаа зэргийг зааж, тэдгээрийг нотлох зохих баримтыг хавсарган төлбөрийн чадваргүй болсон гэж үзэж байгаа аж ахуйн нэгжийг харьяалах аймаг, хотын шүүхэд гаргана. (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).
Хэрэв аж ахуйн нэгж төлбөрийн чадваргүй болсноо өөрөө мэдэгдвэл энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг мэдэгдэлдээ хавсаргасан байвал зохино.
3.Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
5.Шүүх аж ахуйн нэгж дампуурсан тухай хэрэг үүсгэсэн тухайгаа хэрэг үүсгэснээс хойш 10 хоногийн дотор тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны хүрээг харгалзан төв, орон нутгийн хэвлэлд нийтлэж буюу бусад аргаар зарлан мэдээлнэ.
6.Хэрэв аж ахуйн нэгж харилцагч талын нэхэмжлэлийг хангах баталгаа гаргасан буюу сонирхогч этгээд хүсэлт гаргасан бол аж ахуйн нэгж дампуурсан тухай хэрэг шийдвэрлэхийг шүүх магадлал гарган хуулийн 6 дугаар зүйлд заасан хугацаагаар түдгэлзүүлнэ. Хэрэв шүүхээс заасан хугацаанд аж ахуйн нэгж баталгаа гаргаагүй буюу сонирхогч этгээд хүсэлт гаргаагүй бол хэргийг шүүхэд шилжүүлэх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэнэ. /Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
7.Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын "харилцагч талын нэхэмжлэлийг хангах баталгаа нь" төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж өөрийн төлбөр тооцоог дампуурсан тухай хэрэг шийдвэрлэхийг түдгэлзүүлснээс хойш 3 сараас дээшгүй хугацаанд хийж дуусгах талаар шүүх болон харилцагч талын өмнө бичгээр хүлээсэн үүрэг мөн. Хэрэв баталгаагаа биелүүлээгүй бол уг хугацаанд нэмэгдэж гарсан төлбөр тооцоог нэгэн адил хариуцаж барагдуулна.
8.Хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу сонирхогч этгээдээр оролцож төлбөрийн чадваргүй болсон тухайн аж ахуйн нэгжийг төлбөрийн чадвартай болгож зохион байгуулах тухай хүсэлтийг ямар ч аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч гаргах эрхтэй.
Хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээдийн хүсэлт нь төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгжийн төлбөр тооцоог бүгдийг буюу заримыг дампуурсан тухай хэрэг шийдвэрлэхийг түдгэлзүүлснээс хойш 1 жилийн дотор барагдуулах, үйл ажиллагаагаа сэргээхэд туслах, хэрэв үүргээ биелүүлээгүй бол уг хугацаанд шинээр үүссэн төлбөр тооцоог өөрйин эд хөрөнгөөр хариуцах талаар шүүх, хариуцагч талуудын өмнө бичгээр хүлээсэн үүрэг мөн.
Сонирхогч этгээдийн хүсэлтийг төлбөрийн чадваргүй болсон аж ахуй нэгж, түүний бүх харилцагч талууд бичгээр зөвшөөрсөн байвал зохино.
Сонирхогч этгээд аж ахуйн нэгжийг төлбөрийн чадвартай болгон зохион байгуулах тухай хүсэлтдээ төлбөр, тооцоог барагдуулах үндэслэл, хугацааг тодорхойлсон байх нь зүйтэй.
9.Дампуурсан тухай хэрэг шийдвэрлэхийг түдгэлзүүлэх үндэслэл гараагүй, эсхүл төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж харилцагч талын нэхэмжлэлийг хангах баталгаагаа, сонирхогч этгээд хүсэлтээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгж төлбөрийн чадваргүй болсон нь батлагдвал шүүх түдгэлзүүлсэн хэргийг сэргээн аж ахуйн нэгжийг дампуурсанд тооцож шийдвэр гаргана.
10.Хуулийн 7 дугаар зүйлд зааснаар аж ахуйн нэгж төлбөрийн чадваргүй болсныг тухайн аж ахуйн нэгж харилцах болон тооцооны, хадгаламжийн дансандаа мөнгөн хөрөнгөгүй болсон тухай банкны байгууллагын тодорхойлолт, бүх харилцагч талуудтай тооцоо нийлсэн баримт, өр авлагын тухай харилцагч талуудын тодорхойлолт, аж ахуйн нэгж кассандаа бэлэн мөнгөн хөрөнгөгүй тухай баримт, тухайн аж ахуйн нэгж болон сонирхогч этгээдээс төлбөр тооцоог хийж барагдуулаагүйг хүлээн зөвшөөрсөн баримт зэрэг нотлох баримтаар тогтоосон байвал зохино.
11.Аж ахуйн нэгжийг дампуурсанд тооцох шүүх хуралд тухайн аж ахуйн нэгжийн болон нэхэмжлэгч талуудын эрх баригчид буюу тэдний төлөөлөгч, сонирхогч этгээдийг оролцуулна. Тогтоолын энэ болон 15 дугаар зүйлд заасан төлөөлөгч нь Иргэний хуулийн 60,61 дүгээр зүйлд заасны дагуу олгосон итгэмжлэхтэй байвал зохино. (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).
12.Шүүхийн шийдвэрт тухайн аж ахуйн нэгж хэзээ, хаана бүртгүүлсэн, улсын гэрчилгээний дугаар, ямар үйл ажиллагаа явуулж байсан, хаана, ямар хэмжээний өр төлбөртэй, түүнийг төлөх хугацааг ямар хугацаагаар хэтрүүлсэн, төлбөрийн чадваргүй болсныг нотлох баримт материал зэргийг заасан байх нь зүйтэй.
Шүүх шийдвэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагын дагуу гаргаж аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хуулийн зохих зүйл, ангийг баримтална. /Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчилсөн./
14.Хуулийн 9 дүгээр зүйлд " … тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсооно" гэдэгт тухайн аж ахуйн нэгжийн өөрийн өдөр тутмын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатайгаас бусад биет болон мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгчдийн хурал хүртэл зогсоохыг ойлгоно. Ийнхүү аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд харилцагч талуудтай төлбөр тооцоо хийж, банкнаас зээл авах, зээлийн хүүг тооцох, төлөх зэрэг тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаа нэгэн адил зогсоно.
15.Хуулийн 11 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчдийн хурлыг шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэгч бүрээс төлөөлөгч оролцуулан хийнэ. Нэхэмжлэгч нь иргэн бол өөрөө, хуулийн этгээд бол эрх баригч нь, эсхүл тэдний төлөөлөгч нэхэмжлэгчдийн хуралд оролцоно.
16.Хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "нэхэмжлэгчдийн хурлыг шүүх зохион байгуулна" гэдэг нь нэхэмжлэгчдийн хурал хийх сар, өдөр, цагийг тогтоон мэдэгдэх, хурлын бэлтгэл хангах хэсгийг нэхэмжлэгчдээс томилон ажиллуулах, түүгээр холбогдох баримт бичгийг бэлтгүүлэх зэрэг техник-зохион байгуулалтын бэлтгэл арга хэмжээ авахыг ойлгоно.
17.Нэхэмжлэгчдийн хурлаас хэрэг гүйцэтгэгчээр томилуулах хүний талаар санал гаргаж, эд хөрөнгийг хэрэг гүйцэтгэгчийн саналын үндсэн дээр хуваарилах, хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэг гүйцэтгэгчийн тайланг сонсох зэрэг үйл ажиллагааг явуулах журмыг тогтооно.
Нэхэмжлэгчдийн тоо 7-гоос доош байвал нэхэмжлэгчдийн хурлаас нэхэмжлэлийн зөвлөлийг байгуулахгүй бөгөөд уг хурал нэхэмжлэгчдийн зөвлөлийн эрхийг эдэлж, үүргийг биелүүлнэ.
18.Нэхэмжлэгчдийн хурлын саналыг үндэслэн хэрэг гүйцэтгэгчийг шүүгчийн тогтоолоор томилж, эрх, үүргийг тайлбарлан, үйл ажиллагаагаа явуулж дуусгах хугацааг тогтоож өгнө.
Хуулийн 12 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадваргүй болсон аж ахуй нэгж болон нэхэмжлэгчдээс ямар нэг байдлаар хараат бус хөндлөнгийн хүн байх бөгөөд төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамаарч нэг буюу хэд хэдэн хүнийг хэрэг гүйцэтгэгчээр томилж болно.
Хэрэв хэрэг гүйцэтгэгчээс явуулах ажиллагаа нь шүүхээс тогтоосон хугацаанд багтахгүй бол энэ тухай үндэслэлээ тодорхойлсон санал тавьж хугацааг шүүгчийн тогтоолоор сунгуулна.
19.Хэрэг гүйцэтгэгч нь шүүхээс томилогдсоны дараа тухайн аж ахуйн нэгжийг татан буулгах ажилд холбогдох хүмүүсийг оролцуулах, мэргэжлийн туслалцаа авах шаардлагатай эсэхийг шийдэж, дампуурсан аж ахуйн нэгж, түүний бүрэн хариуцлагатай гишүүдийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтад авч, тооллого явуулна.
Дампуурсан тухай хэрэг үүсгэгдсэн аж ахуй нэгжид өр төлбөртэй этгээд шүүхээс аж ахуй нэгжийг дампуурсанд тооцож, үйл ажиллагаа нь зогсоогдох хүртэл хугацаанд хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр тооцоог хийж дуусгаагүй бол хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэл гаргаж уг төлбөрийг шийдвэрлүүлж болно.
Эд хөрөнгийн тооллого явуулсны дараа тэдгээр эд хөрөнгийг үнэлэн дуудлагын хугацааг зохион байгуулж борлуулсны дараа хөрөнгө хуваарилах санал боловсруулж нэхэмжлэгчдийн хурлаар хэлэлцүүлж батлуулна.
20.Харин бүрэн хариуцлагатай гишүүний өөрийн нь эд хөрөнгөөс төлбөр төлүүлэхдээ Эрүүгийн хуулийн 32, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийг мөрдөнө. (Энэ заалтад УДШ-ийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).
21.Хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хөрөнгө хуваарилахдаа тухайн аж ахуйн нэгжийн эд хөрөнгө нь харилцагч талуудын нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байвал БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх хуулийн 38-р бүлэгт заасан журмыг баримтлан хөрөнгийг хураана. Дампуурсан аж ахуйн нэгжийн хөрөнгийг хуваарилахад бүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаад хөрөнгө үлдсэн тохиолдолд улсын үйлдвэрийн газрын тухайд үлдсэн хөрөнгийг улсын орлого, бусад аж ахуйн нэгжийн тухайд түүний гишүүдэд тэдний хариуцлагын хэлбэр, оруулсан хувь хөрөнгийн хэмжээг харгалзан олгоно. (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).
Хэрэв аж ахуйн нэгжийн эд хөрөнгө нь нэхэмжлэгчийг хангахад хүрэлцэхгүй бол хуулийн 15-р зүйлд зааснаар хөрөнгийг хуваарилна. Тэгэхдээ шүүхийн зардлыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн хөлс, тэтгэмжийн дараагийн ээлжинд гаргуулна.
22.Хувийн аж ахуй дампуурсан тохиолдолд уг аж ахуйг эрхэлж байгаа этгээдийн эд хөрөнгөөс, бүрэн хариуцлагатай хоршооны тухайд хоршооны болон түүний бүх гишүүдийн эд хөрөнгөөс, бүрэн бус хариуцлагатай хоршоо бол хоршоо ба бүрэн хариуцлагатай гишүүний эд хөрөнгөөс төлбөрийг төлж хүрэлцэх хэмжээний дуудлагын худалдаагаар борлуулан хуваарилж нэхэмжлэлийн шаардлагыг хангах арга хэмжээ авна.
Аж ахуйн нэгжийн дампуурлын хуулийн 15 дугаар зүйлд зааснаар дампуурсан аж ахуйн нэгжийн хөрөнгө нэхэмжлэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн бүрэн хариуцлагатай гишүүний эд хөрөнгөөс гаргуулах учир уг хуулийн 10 дугаар зүйлд болон 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-6-гийн заалт нь дампуурсан аж ахуйн нэгжийн бүрэн хариуцлагатай гишүүдийн эд хөрөнгөд нэгэн адил хамаарна.
23.БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг дампуурсанд тооцоход энэ хуулийг хэрэглэнэ.
Текст томруулах
A
A
A
