A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1991 оны 10 сарын 26

№ 105

Улаанбаатар хот

                                                                                                            БНМАУ-ЫН АЖ АХУЙН НЭГЖИЙН ТУХАЙ
                                                                                                                 ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ
                                                                                                                              ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Аж ахуйн нэгж байгуулах, бүртгэхтэй холбогдуулан БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэмэн тайлбарлах шаардлага гарсныг үндэслэн БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

      БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

      1.БНМАУ-ын Аж ахуйн нэгжийн тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийн дагуу аж ахуйн нэгж болон зохион байгуулагдаж бүртгүүлээгүй, төрийн өмчид үлдэх буюу төрийн өмч давамгайлан оролцох үйлдвэрийн газар, байгууллагын эд хөрөнгөд /улсын өмчид/ үндэслэсэн нэг буюу хэд хэдэн аж ахуйн нэгж байгуулах, үүсгэн байгуулагч нь мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтад зааснаар зөвхөн төрийн эрх бүхий байгууллага байна (Энэ заалтаас Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны 399 дугаар тогтоолоор үг хассан).

      2.Хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ганц гишүүнтэй компани байгуулах тухай баримтыг 3 дугаар зүйлд заасан гэрээтэй адилтган үзнэ. Баримтыг нотариатаар гэрчлүүлбэл зохино.

      3.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулах, бүртгэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гагцхүү Монгол Улсын аж ахуйн нэгжийн хуулиар тогтоосон журам, нөхцөлийг баримтална. Энэ нь урьд байгуулагдан ажиллаж байгаа хамтарсан үйлдвэр, пүүс, хоршоо шинэчлэн зохион байгуулагдаж аж ахуйн нэгжээр бүртгүүлэхэд нэгэн адил хамаарна (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

      4.Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжийг байгуулахад "Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулах тухай хууль" -ийн 6 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газарт буюу түүнээс эрх олгосон байгууллагад асуудал оруулж шийдвэрлүүлсэн байвал зохино. Энэхүү шийдвэрийг хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан "зөвшөөрөл"," гэрчилгээ" -тэй адилтган үзнэ (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан).

      5.Хуулийн 24 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн "Дүрмийн санд гишүүдээс ...биет зүйлсээр оруулах хувь хөрөнгө компанийн мэдэлд бүрэн шилжсэн" гэдгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тухайд гадаадын иргэн, байгууллага, харьяалалгүй хүмүүсээс оруулах биет зүйлсээ аж ахуйн нэгжийн орших газарт ирүүлсэн байхыг ойлгоно.

       6.Хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, З дахь хэсгийн 6-д заасан хувь хөрөнгийн хэмжээнд аж ахуйн нэгжийн орших газрын үнэлгээг оруулан тооцохгүй.

      7.Хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "мөнгөн хэлбэрээр оруулах хувь хөрөнгө" -ийг төгрөгөөр болон чөлөөт валютаар оруулж болно. Валютын хэмжээг дүрмийн санг бүрдүүлэх үеийн албан ёсны ханшаар тогтоон тооцно.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ДАШДОРЖ