- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- БНМАУ-ЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 277, 278, 279, 281 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 50
Улаанбаатаp хот
БНМАУ-ЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 277, 278, 279, 281 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
1.Цэргийн албан хаагчид анги буюу алба хааж байгаа газраасаа дур мэдэн чөлөөгүй явах, анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхих, оргон зайлах, биедээ гэмтэл учруулах замаар буюу өөр арга хэрэглэн цэргийн албанаас зайлсхийх нь цэргийн алба хаах талаар тогтоосон журмыг зөрчиж, улмаар Зэвсэгт хүчний байлдааны байнгын бэлэн байдал, байлдах чадварыг хангах, бие бүрэлдэхүүний сахилгыг бэхжүүлэхэд хохирол учруулдаг нийгэмд нэн аюултай гэмт хэрэг мөн.
2.Эдгээр гэмт хэргийг зөв зүйлчлэхэд дараах ойлголтыг нэгдмэлээр ойлгож хэрэгжүүлсүгэй.
Энэ ойлголтод албан үүрэг гүйцэтгэхээр томилогдох, өөр өнгид шилжих үед буюу албан томилолт, түр чөлөөний хугацаа дууссан, эмнэлгээс гарсны дараа хүндэтгэх шалтгаангүйгээр анги буюу алба хааж байсан газраа ирээгүйг хамааруулж ойлгоно.
б/"анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхих" гэдэг нь цэргийн албан хаагчид анги буюу алба хааж байгаа газраа бүрмөсөн орхих гэсэн санаа бодолгүй, харин түр хугацаагаар яваад буцаж ирэх гэсэн санаа зорилгоор эрүүгийн хуулийн 278-р зүйлд заасан хугацаагаар дур мэдэн орхиж явах, түүнчлэн албанд томлогдох, өөр ангид шилжих үед буюу түр чөлөө, албан томилолт, амралтын хугацаа дууссан, эмнэлгээс гарсны дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн хугацаанд анги, алба хааж байгаа газраа ирэхгүй байхыг хэлнэ.
в/Эрүүгийн хуулийн 277, 278-р зүйлийн "хүндэтгэх шалтгаан" гэдэгт хүндээр өвчлөх, тээврийн хэрэгсэл саатах, хорио, цээр тогтоогдох, байгалийн гэнэтийн аюул, бэрхшээл тохиолдох зэрэг анги буюу алба хааж байсан газраа зохих хугацаандаа ирж чадахгүйд шууд хүргэсэн нөхцөл байдлыг ойлгох бөгөөд уг шалтгаан нь алббн ёсны баримтаар нотлогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
г/Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйлийн "оргон зайлах" гэдэг нь цэргийн албан хаагчид алба хаах явдлаас бэрхшээж анги буюу алба хааж байсан газраа цэргийн албанаас бүрмөсөн зайлсхийх зорилгоор орхиж явах, мөн зорилгоор буцаж ирэхгүй байхыг хэлэх бөгөөд уг этгээд оргон зайлахдаа хуурамж баримт, бичиг ашиглан үнэн байдлаа нуух, ажилд орох, овог нэрээ өөрчлөх зэрэг арга хэрэглэж болно.
д/ Эрүүгийн хуулийн 278, 279 дүгээр зүйлийн "цэргийн албан хаагч" гэдэгт зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэрэг, улсын аюулгүй байдлыг хангах байгууллага, шүүхийн шийдвэр биелүүлэх газрын цэргийн тангараг өргөсөн албан хаагч, офицер, улирагсад , жинхэнэ хугацаат болон гэрээт цэргийн албан хаагч, цэргийн үүрэгтэн хамаарна. (Энэ хэсгийг Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).
е/"анги буюу алба хааж байгаа газар" гэсэн ойлголтод цэргийн анги, байгууллагын байрлаж байгаа тогтоосон нутаг дэвсгэр, сургалтын төв, хээрийн сургууль явагдаж байгаа район, түүнчлэн захирагч /дарга/-ийн тушаал шийдвэрийн дагуу /мал маллах, барилга барих, бусад аж ахуйн ажил үүрэг гүйцэтгэх г.м/ цэргийн албаныхаа үүргийг гүйцэтгэж байсан зэрэг газрыг ойлгоно.
ж/анги буюу алба хааж байгаа газраас дур мэдэн чөлөөгүй явах, анги буюу алба хааж байгаа газраа дур мэдэн орхих гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийг эхэлснийг гэмт этгээд анги буюу алба хааж байгаа газраас анх явсан буюу анги, алба хааж байсан газартаа ирвэл зохих хугацаагаар, харин эцсийн хугацааг нь гэмт этгээд анги, алба хааж байсан газартаа эргэж ирсэн буюу баригдсан хугацаагаар тооцно.
Харин оргон зайлах гэмт хэрэг нь анги, алба хааж байгаа газраа бүрмөсөн орхиж явсанаар буюу анги, алба хааж байгаа газраа буцаж ирэх хугацаандаа ирээгүйгээр үйлдэл төгссөн гэж үзэх бөгөөд баригдах хүртэл үргэлжилсэн хугацаа нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүн, хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй болно.
з/ "нэг сар"-ыг тухайн сард хэдэн /28, 29, 30, 31/ хоног байгаагаас хамаарахгүйгээр зөвхөн календарийн сар /тухайлбал 2-р сарын 25-наас 3-р сарын 25/-аар тооцож, нэгдмэлээр ойлгосугай.
3.Эрүүгийн хуулийн 277 дугаар зүйлийн "нэгээс гурав хоног хүртэл" гэсэн хугацаанд 24 цагаас дээш 3 хоног ороод тэдгээрийн хоорондох бүх хугацааг, эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "арав хоногоос нэг сар хүртэл" гэсэн хугацаанд 10 хоногоос дээш 1 сар ороод тэдгээрийн хоорондох хугацааг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "1 сараас дээш хугацаагаар" гэдэг календарийн нэг сараас дээших бүх хугацааг тус тус хамааруулан ойлгохыг тайлбарласугай.
Харин 277 дугаар зүйлийн 1 хоногоос бага хугацаа гэдэгт 1 хоногийг, 278 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "10 хоногоос бага хугацаа" гэдэгт 10 хоногийг тус тус оруулан тооцно.
4.Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "1 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн" гэдэгт тасралтгүй үргэлжилсэн 1 сараас дээш хугацааг ойлгох бөгөөд гэмт этгээд янз бүрийн /15 хоног, 17 хоног, 35 хоног г.м/ хугацаагаар анги буюу алба хааж байгаа газраа орхисон бол эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилж, шүүх ялыг хэсэг тус бүрд нь оногдуулсны дараа жинхэнэ эдэлбэл зохих ялыг тогтоож байхыг тайлбарласугай.
5.Анги, алба хааж байгаа газраасаа дур мэдэн чөлөөгүй явсан, анги, алба хааж байгаа газраа дур мэдэн орхисон хугацаа нь 277, 278 дугаар зүйлүүдэд заасан тодорхой хугацаанд хүрээгүй боловч уг хугацаанаас дээш хугацаагаар явах гэсэн санаа зорилготой байсан нь мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй, ямар ч маргаангүй тогтоогдвол мөн хугацаагаар явахыг завдсан гэж үзэж эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийг журамлан 277, 278 дугаар зүйлийн зохих хэсгээр хэргийг зүйлчлэх үндэслэл болно.
6.Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
7.Эрүүгийн хуулийн 281 дүгээр зүйлийн "Биедээ гэмтэл учруулах замаар буюу өөр арга хэрэглэн цэргийн албанаас зайлсхийх" гэмт хэргийн субъект нь зөвхөн жинхэнэ хугацаат албанд татагдсан цэргийн албан хаагч байх бөгөөд уг этгээд цэргийн албанаас бэрхшээж зайлсхийхийн тулд энэ зүйлд нэрлэж заасан үйлдлийг санаатай хийснээр /цэргийн албанаас чөлөөлөгдсөн эсэхийг харгалзахгүйгээр/ гэмт хэрэг төгссөн гэж үзэхийг тайлбарласугай.
"Бие эрхтэндээ гэмтэл учруулах" нь хөл, гар зэрэг эрхтэнээ буудах, цавчих, зүү залгих, хор уух зэрэг хэлбэрээр, "худал өвчлөх" нь хэлгүй, дүлий болох, өвчтэй болж баашлах зэрэг хэлбэрээр, "хуурамч баримт бичиг үйлдэх, мэхлэх" нь эцэг, эх, ах, дүүгийн хүн нас барсан гэж хуурамч бичиг, цахилгаан ирүүлэх, төрсний гэрчилгээ, бусад үнэмлэх бичгийг засварлах зэрэг хэлбэрээр илэрч болохыг заасугай.
8.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, цэргийн алба хаах журмын эсрэг дээрх гэмт хэрэгтэй тэмцэхэд хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар шүүхийн практикийг жил бүр судлан дүгнэлт хийж шаардагдах арга хэмжээ авч ажиллахыг Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Шүүх судлалын Төвд даалгасугай. (Энэ заалтад Улсын Дээд Шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан).
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх