A

A

A

Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1992 оны 03 сарын 14

№ 23

Улаанбаатар хот

                                                                                                               БНМАУ-ЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ
                                                                                                              ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ
                                                                                                        ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Монгол Улсын Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:

      БНМАУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /цаашид "хууль" гэх/-ийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор түүний зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

      1.Хуулийн 1 дүгээр зүйлийн "хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцаа" гэдэгт үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, цахилгааны болон дулааны эрчим хүч, усан хангамж, тээвэр, холбоо, орон сууц, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээ зэрэг хүн амын үйлчилгээний хүрээний үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагч хуульд заасан буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс хэрэглэгч иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнд учирсан материаллаг хохирлыг арилгах, гэм буруутай үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг ойлгоно. Харин өмгөөлөл явуулах, хууль зүйн зөвлөлгөө өгөх зэрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төр, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны талаар гомдол гаргах зэрэг бусад хуулиар зохицуулагддаг харилцаа үүнд хамаарахгүй.

      2.Хуулийн 5 дугаар зүйлд заасан хохиролд согог гэмтэлтэй, иж бүрдэлгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөө хэрэглэгчийн төлсөн хууль буюу гэрээнд заасан үнэ, эсхүл тэдгээрийн зөрүү, дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэгч тээвэрлэх, засварлуулах, хэрэглэгчээс буцаан авах, эргүүлэн хүргэж өгөхөд гарсан зардал зэргийг багтаан ойлгоно.

      3.Хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн согог гэмтэлтэй иж бүрдэлгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн гэдгийг дор дурьдсанаар ойлгоно:

       1/ "согог гэмтэлтэй бүтээгдэхүүн" -д стандарт, техникийн нөхцөл, тэдгээртэй адилтгах норматив-техникийн баримт бичиг, түүнчлэн гэрээгээр тодорхойлсон шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнийг ойлгоно.

      2/ "Иж бүрдэлгүй бүтээгдэхүүн" гэдэгт стандарт, техникийн нөхцөл зэрэг норматив-техникийн баримт бичиг, түүнчлэн гэрээнд заасан бүтээгдэхүүний иж бүрдэлтэд хамаарах бие даасан эд анги, хэсэг, сэлбэг зэрэг нь дутуу бүтээгдэхүүнийг ойлгоно.

      3/ "Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн" -д уг бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний талаар стандарт, техникийн нөхцөл, барилгын норм дүрэм, формокопей, жор зэрэг норматив-техникийн баримт бичиг буюу гэрээнд заасан чанарын үзүүлэлтдээ нийцээгүйгээс өөрийнх нь зориулалтынх нь дагуу ашиглах боломжгүй буюу нэмэлт боловсруулалт хийж байж зориулалтаар нь ашиглаж болох бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ багтана.

      4.Хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2-т заасан "нуугдмал согог гэмтэл" гэдэгт ердийн байдлаар шалгахад илрэхгүй, харин боловсруулах, угсрах, турших, ашиглах явцад илрэх согог гэмтлийг ойлговол зохино.

      5.Хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирлыг арилгах журам нь зөвхөн согог гэмтэлтэй, иж бүрдэлгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн худалдан авахад төдийгүй мөн ийм ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд нэгэн адил хамаарах бөгөөд энэ хэсэгт зааснаар хохирлыг арилгахдаа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ хөлсийг гэрээ хийх үед эрх бүхий байгууллагаас тогтоосон буюу талууд тохиролцон гэрээнд заасан үнэ тарифаар тодорхойлно.

      6.Хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах бүтээгдэхүүний үнэ хөлсийг бүрэн буцааж өгвөл уг бүтээгдэхүүнийг худалдагч буцаан авч хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн төлнө. Харин үнэ хөлсний зөрүүг буцааж өгвөл худалдагч хохирлыг хариуцан төлөхгүй.

       7.Хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "хэрэглэгчийг зориуд төөрөгдүүлсэн мэдээлэл" гэдэгт бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд хамаарах мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар бодит байдалд нийцээгүй мэдээллийг ойлгох бөгөөд ийм мэдээлэл өгсөн үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагч нь хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан хариуцлага хүлээлгэнэ. Хэрэглэгчийн оюуны хэрэглээний хүрээн дэх ажил, үйлчилгээний тухай хэрэглэгчийг төөрөгдүүлсэн тухайлбал номд орсон зохиол, концертод тоглох жүжигчдийн бүтээгдэхүүн, бүтээл зэргийн талаар буруу мэдээлэл өгсөн тохиолдолд зохих гүйцэтгэгчид дээр дурдсан хариуцлагыг нэгэн адил хүлээлгэнэ.

      8.Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн мэдээлэл өгсний үндсэн дээр гэмтэл согогтой, иж бүрдэлгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн ажил, үйлчилгээ явуулсан бол хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан арга хэмжээг хуулийн бусад зүйл, хэсэгт заасан арга хэмжээтэй нэгэн зэрэг авна.

     9.Хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар шүүх бүтээгдэхүүний талаар гаргасан хэрэглэгчийн гомдлыг хянаж шийдвэрлэсэн улсын хяналтын холбогдох байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хүлээн авч БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх хуульд заасан журмыг баримтлан хянан шийдвэрлэнэ. Харин хэрэглэгчээс БНМАУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан журмыг зөрчиж шууд гаргасан гомдлыг шүүх хүлээн авахаас татгалзсан тогтоол гаргаж, материалыг худалдагчид буюу улсын хяналтын холбогдох байгууллагад шилжүүлж байвал зохино.

      10.Үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагчаас гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ түүний агуулгаас хамааран холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, зааврыг баримтална.

      11.Хэрэглэгч нь бүтээгдэхүүний талаархи гомдлоо бүтээгдэхүүний гэмтэл согогтой, иж бүрдэлгүй, чанарын шаардлагыг хангаагүйг илрүүлснээс хойш, гэхдээ тухайн төрлийн үүргийн харилцааг зохицуулж буй хууль, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, заавар, эсхүл баталгаат хугацааны дотор гаргасан байвал зохино.

      12.Хэрэглэгчийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэрэглэгч нь бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах зааврыг мөрдсөн эсэхийг хамтад нь шалган шийдвэрлэх бөгөөд хэрэв хэрэглэгч энэ зааврыг зөрчсөн бол гомдлыг хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэнэ.

ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ШАРАВДОРЖ