A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 1987 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН 146 ДУГААР ЗАРЛИГИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1987 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 45

Улаанбаатар хот


БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 1987 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН 146 ДУГААР ЗАРЛИГИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

   "Аугаа их Октябрийн социалист хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 146 дугаар зарлигийн зарим заалтыг шүүхийн практикт нэгдмэлээр зөв хэрэгжүүлэх зорилгоор БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1.Өршөөлийн 146 дугаар зарлиг нь 1987 оны 11 дүгээр сарын 6-ны 00 цагаас өмнө уг зарлигийн 8 дугаар зүйлийн "а"-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдэд хамаарна.

   2.Энэ зарлиг хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн дор дурдсан этгээдийн хэргийн шүүхээр хянан хэлэлцэх ажиллагааг мөн зарлигийн 7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Захиран тушаах хурлаар, хэрэв яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүх хурлаар хэлэлцэж магадлал гаргаж шийдвэрлэж байсугай. Үүнд:

      а/энэ зарлигийн нэгдүгээр зүйлийн "а", "б", "в" "г", "д", "е", "н"-д заасан мөн зарлигийн 5, 8-р зүйлд үл хамаарах этгээдийн хэрэг.

    б/гэмт хэрэг санаатай үйлдэж БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар гурван жилээс дээшгүй, болгоомжгүй үйлдэж зургаан жилээс дээшгүй хорих болон хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлбэл зохих бөгөөд мөн зарлигийн 5,8-р зүйлд үл хамаарах этгээдийн хэрэг. 

   3.Энэ зарлигийн 3, 5 дугаар зүйлд заасан журмаар өршөөл үзвэл зохих этгээдийн хэргийг шүүх ЭБШ хуульд заасан /ердийн/ журмаар хянан хэлэлцэж шүүхээс оногдуулсан ялд нь зохих өршөөл үзүүлэх ажиллагааг таслан шийдвэрлэх тогтоол гарган шийдвэрлэнэ.

   Энэ зарлигийн 3,5-р зүйлд заасан гэмт хэрэгт шийтгүүлж хорих ял эдлэж байгаа насанд хүрсэн эрэгтэй ялтны үндсэн ялын хоёрны нэг, гуравны нэгийг 3,5-р зүйлийн "б"-д зааснаар өршөөн хасах боловч уг этгээдийг хөдөлмөрт заавал татан оруулахаар хорих газраас тэнсэн суллаж тусгай комендатурт шилжүүлэх журмыг зөвхөн эрүүгийн хуулийн 52-р зүйлд заасан болзол нөхцөл хангасан этгээдэд хэрэглэхийг заасугай.  

   4.1987 оны 11 дүгээр сарын 6-наас хойш энэ зарлигийн 3, 5 дугаар зүйлийн "б"-д заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа этгээдэд шүүхээс оногдуулсан хорих ялд нь зохих /хоёрны нэг, гуравны нэг хувь/ өршөөлийг үзүүлэх бөгөөд түүний эдлэх ялыг өршөөлийн журмаар хөдөлмөрт заавал татан оруулахаар тэнсэхгүй.

   Харин шүүхээс оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийг журамлан хөдөлмөрт заавал татан оруулахаар тэнсэхэд дээрхи заалт саад болохгүй.

   5.Энэ зарлигийн 4 дүгээр зүйлийн заалт нь зөвхөн уг зарлиг хүчин төгөлдөр болохоос өмнө хөдөлмөрт заавал татан оруулахаар хорих ял нь тэнсэгдсэн болон хөдөлмөрт заавал татан оруулахаар хорих газраас тэнсэн суллагдсан этгээдэд хамаарахыг нийт шүүхэд заасугай.

   6.Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааны үлдсэнийг хэрэгсэхгүй болгох, түүнчлэн засан хүмүүжүүлэх ажил хийх болон торгох ял шийтгүүлсэн этгээдэд өршөөл үзүүлэх ажиллагааг таслан шийдвэрлэх тогтоол гаргасан буюу уг таслан шийдвэрлэх тогтоол биелэгдэж байгаа газрын аймаг, хот, тусгай болон район, орон нутгийн хотын буюу хэсгийн ардын шүүх энэ зарлигийн 9 дүгээр зүйлд заасан хугацааны дотор шүүх хурлаар хэлэлцэж магадлал гарган шийдвэрлэн дуусгахыг заасугай.

   7.Энэ зарлигийн 5 дугаар зүйлд тусгайлан нэрлэж заасан эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр хорих ял шийтгүүлсэн этгээдийн ялын доод хэмжээг үл харгалзан мөн зүйлийн "а", "б"-д заасан хувиар өршөөн хасна. Харин уг этгээд мөн зарлигийн 8 дугаар зүйлийн "д"-д зааснаас бусад төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн бол түүнээс өршөөн хэлтрүүлнэ.

   8.Энэ зарлигийн 2, 3 дугаар зүйлд заасан өршөөл нь мөн зарлигийн 5 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгээр хорих ял шийтгүүлсэн этгээдэд үл хамаарна.

   9.Өршөөл үзүүлэх тухай энэхүү зарлигийг шүүх хэрэглэхдээ дараахь тайлбарыг анхаарч ажиллахыг заасугай.

      а/энэ зарлигийн 1-р зүйлд дурдагдсан этгээдэд өршөөл үзүүлэх үндэслэл болж байгаа нөхцөл байдал нь зарлиг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд бий болсон нь хууль ёсны үндэслэлтэй нотлох баримтаар тогтоогдсон байвал зохино.

      б/мөн зүйлийн "д"-д заасан "хагас өнчин хүүхэдтэй эрэгтэйчүүд" гэдэгт уг хүүхдүүдийн төрсөн эх нь нас барсан нь тогтоогдсон байх бөгөөд харин эх нь эцгээс нв гэрлэлтээ цуцлуулснаас буюу нөхөр хүүхдээ орхин явж өөр газар тусдаа амьдарч байгаа байдал үл хамаарна;

      в/энэ зарлигийн 1,2,3,5,7-р зүйлүүдэд заасан анх удаа хорих ял шийтгүүлсэн гэдэгт урьд хорих ял огт шийтгүүлж байгаагүй байхаас гадна:
     -Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлж байсан;
     -Урьд хорих ял шийтгүүлж байсан боловч эрүүгийн хуулийн 54-р зүйлд зааснаар ял шийтгэүлгүй болсон;
     -Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн боловч нэг таслан шийдвэрлэх тогтоолоор анх удаа хорих ял шийтгүүлж байгаа этгээдийг тус тус хамааруулан ойлгох нь зүйтэй.

      г/эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа этгээдэд өршөөл үзүүлэхдээ хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж байгаа бол зүйл, хэсэгт ус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа хүнд ялд нь багтааж эдлэх ялыг тогтооно.

      Харин хорих ялыг хооронд нь нэмэн нэгтгэж байгаа бол нэмж нэгтгэхээр тогтоосон ял тус бүрээс зарлигийн аль тохирох зүйлээр өршөөн хасаж эдлэх ялын хэмжээг тогтоон зааж байсугай.
 

   10.Энэ зарлигийн 5 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн "а"-д заасан хүнд гэмт хэргийн тухай Эрүүгийн /1961 оны/ болон шинэчлэн найруулсан хуулийн зүйл анги, хэсгүүдийн харьцуулалтыг хавсралт жагсаалтаар тогтоосугай. /Харьцуулсан жагсаалтыг хавсаргав/

   11.Энэ зарлигийн 8 дугаар зүйлийн "в"-д заасныг дараахь байдлаар ойлгож хэрэгжүүлбэл зохино:

       а/"БНМАУ-ын Арлын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 198-р зарлиг болон түүнээс хойш хугацаанд өршөөл, уучлал үзсэн" гэдэгт 1981 оны 7-р сарын 10-ны өдрөөс хойш хорих ялаас өршөөн суллагдсан түүнчлэн мөн хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар  хорих ялаас уучлагдан суллагдсан этгээд тус тус хамаарна;

     б/дээрх өршөөл үзсэн буюу уучлалын журмаар суллагдсан этгээд ял шийтгэлгүй болох хуагцаа өнгөрөөгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж дахин хорих ял шийтгүүлсэн бол энэ зарлигт заасан өршөөлд үл хамаарна. 

   12.Энэ зарлигийн 8 дугаар зүйлийн "д" заалт нь "нутаг заах, уг нутгаас зайлуулах, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах" ялыг үндсэн болон нэмэгдэл ялын журмаар оногдуулсан буюу оногдуулж болох тохиолдолд хамаарна. Иймд тухайн этгээдийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуульд зааснаар оногдуулж болох хэд хэдэн төрлийн /хорих, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, торгох гэх мэт/ үндсэн ялын дотор нутаг заах, уг нутгаас зайлуулах, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг үндсэн болон нэмэгдэл ялаар хэрэглэж болохоор заасан бол бусад ял нь энэ зарлигийн 7 дугаар зүйлд зааснаар өршөөгдөх байлаа ч гэсэн уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

   Хэрэв уг этгээдэд шүүхээс хэрэглэсэн ял нь өршөөлд хамаарах бол тохирох өршөөлийг үзүүлэх бөгөөд нутаг заах, уг нутгаас зайлуулах, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялын аль нэгийг хэрэглэсэн бол тэр нь өршөөлд үл хамаарна. 

   13.Энэ тогтоол 1987 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Л.РЭНЧИН
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ПҮРЭВДОРЖ