A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 1984 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 249 ДҮГЭЭР ЗАРЛИГИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ

1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

 Дугаар 42 

Улаанбаатар хот

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 1984 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 249 ДҮГЭЭР ЗАРЛИГИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

   "БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 249 дүгээр зарлигийн зарим заалтыг шүүхийн практикт нэг мөр, зөв хэрэглэх зорилгоор БНМАУ-ын Дээд Шүүхийн бүгд хурлаас ТОГТООХ нь:

   1.Өршөөлийн 249 дүгээр зарлиг нь 1984 оны 11 дүгээр сарын 25-ны 00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна.

   2.Энэ зарлиг хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн дор дурдсан этгээдийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг мөн зарлигийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох асуудлыг захиран тушаах хурлаар хэлэлцэн магадлал гарган шийдвэрлэж байсугай.

   а/ энэ зарлигийн 1 дүгээр зүйлийн "а", "б", "в", "г", "д", "е"-д заасан бөгөөд мөн зарлигийн 11, 12 дугаар зүйлд үл хамаарах этгээдийн хэрэг;

   б/ энэ зарлигийн 1 дүгээр зүйлийн "б"-д заасан бөгөөд мөн зарлигийн 12 дугаар зүйлд үл хамаарах этгээдийн хэрэг;

   г/ гэмт хэрэг санаатай үйлдэж анх удаа гурван жилээс дээшгүй, болгоомжгүй үйлдэж таван жилээс дээшгүй хугацаагаар хорих буюу хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэгдвэл зохих бөгөөд мөн зарлигийн 11, 12 дугаар зүйлд үл хамаарах этгээдийн хэрэг эдгээр болно.

   Харин зарлигийн 9 дүгээр зүйлд заасан хорих ялын хэмжээг тодорхойлохдоо тухайн этгээдийн хэргийг зүйлчлэн ангилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлд ангид заасан хорих хорих ялын дээд хэмжээг үндэс болгоно.
 

   3.Энэ зарлигийн 2, 4, 5, 6, 11 дүгээр зүйлд заасан болзол, журмаар өршөөл үзвэл зохих этгээдийн хэргийг шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж таслан шийдвэрлэх тогтоол гарган эдгээр зүйлийн аль тохирохоор зохих өршөөл үзүүлж байсугай.

   4.Өршөөл үзүүлэх дор дурдсан асуудлыг таслан шийдвэрлэх тогтоол гаргасан аймаг, хотын болон тусгай шүүх, район, орон нутгийн хотын ардын шүүх, харин хэсгийн ардын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолтой хэргийн хувьд уул шүүхийг харьяалах аймаг, хотын шүүх энэ зарлигийн 14 дүгээр зүйлд заасан хугацаанд багтаан шүүх хурлаар хянан хэлэлцэж магадлал гарган шийдвэрлэнэ.

   а/ хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг зарлигийн 2 дугаар зүйлд зааснаар аршаал хэлтрүүлэх; 

   б/ насанд хүрээгүй хүмүүсийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн 341 дүгээр зүйлд зааснаар хойшлуулснаас үлдсэн хугацаа, мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар ял тэнсэгдсэн этгээдийн үлдсэн хянан харгалзах хугацааг зарлигийн 8 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох;   

   5.Энэ зарлигийн 11 дүгээр зүйлд нэрлэж заасан Эрүүгийн хуулийн зүйл, ангиар хорих ял шийтгүүлж байгаа бөгөөд 12 дугаар зүйлд үл хамаарах этгээдийн ялын доод хэмжээг харгалзахгүйгээр зөвхөн дөрөвний нэг хувиар өршөөн хасах бөгөөд тэдгээрт зарлигийн 2, 4, 5 дугаар зүйл хамаарахгүй.

   Харин уг этгээд энэ зарлигийн 12 дугаар зүйлийн "г"-д зааснаас бусад өөр төрлийн хөнгөн ял шийтгэгдсэн бол түүнд зарлигийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөл үзүүлнэ.

   6.Энэхүү өршөөлийн зарлигийг шүүх хэрэглэхдээ дараахь тайлбарыг анхаарч баримталсугай.

   а/ энэ зарлигийн 1 дүгээр зүйлд заасан этгээдэд өршөөл үзүүлэх үндэслэл болж байгаа болзлууд нь мөн зарлиг хүчин төгөлдөр болох хүртэлх байдлаар, хууль ёсны нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байвал зохино;

   б/ урьд санаатай буюу болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан этгээд одоо болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа бол түүнд энэ зарлигийн 2, 4 дүгээр зүйлийн аль тохирохоор өршөөл үзүүлнэ;

   в/ энэ зарлигийн 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "б", 9 дүгээр зүйлийн "гэмт хэрэг санаатай үйлдэж анх удаа ... хорих ял шийтгүүлсэн" гэдэг заалтад урьд огт ял шийтгэлж байгаагүй хүмүүсээс гадна,

   - хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлж байсан
   - урьд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ял шийтгэгдээгүйд тооцогдсон,
   - урьд гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж хорих ял шийтгүүлээд Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлд заасан ял шийтгэгдээгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн,
   - болгоомжгүй болон санаатай үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт нэг таслан шийвэрлэх тогтоолоор анх удаа хорих ял шийтгүүлж байгаа этгээдийг тус тус хамааруулан ойлговол зохино; 
   

   7.Энэ зарлигийн 12 дугаар зүйлд хамаарагдах этгээдэд түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг үл харгалзан мөн зарлигийн 3, 7 дугаараас бусад зүйлд заасан өршөөл үзүүлэхгүй.

   8.Уг нутгаас зайлуулах, нутаг зааж суулгах ял /зарлигийн 12 дугаар зүйлийн "г"/-д үндсэн ба нэмэгдэл ялын аль аль нь хамаарна.

   Иймд эдгээр ял шийтгэгдвэл зохих гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дор дурдсан журам баримтална.

   а/ тухайн этгээдийн үйлдсэн хэрэгт оногдуулж болохоор Эрүүгийн хуулинд заасан үндсэн ял энэ зарлигийн 1, 2, 9 дүгээр зүйлд зааснаар бүрэн өршөөгдөхгүйгээр байвал уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ;

   б/ тухайн этгээдийн үйлдсэн хэрэгт энэ зарлигийн 12-р зүйлийн "г"-д заасан ялыг үндсэн ялын чанартай хэрэглэж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл ангид заасан байвал мөн журмаар шийдвэрлэнэ; 

   в/нутаг зааж суулгах, уг нутгаас зайлуулах, ямар нэгэн тодорхой албан тушаал гүйцэтгэх буюу ажил хэрэг эрхлэхийг хориглох ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартай хэрэглэхээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн боловч үндсэн ял нь энэ зарлигийн 1, 9 дүгээр зүйлд зааснаар бүрэн өршөөгдөх байвал уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг мөн зарлигийн 9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно (Энэ заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1985 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан).

   9.Энэ зарлигийн 12 дугаар зүйлийн "д"-д заасныг дор дурдсанаар ойлгож хэрэглэвэл зохино:

   а/ "Монгол Ардын Хувьсгалын 60 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 198 дугаар зарлигаар өршөөл үзсэн" гэдэгт 1981 оны 7-р сарын 10-наас хойш хорих ялаас өршөөн суллагдсан болон хорих ялын тодорхой хувийг өршөөлөөр хасуулсан этгээд хамаарна;

   б/ "1980 оны 1-р сарын 1-нээс хойш уучлалын журмаар суллагдсан гэдэгт мөн хугацаанд хорих ялаас буюу эдлээгүй үлдсэн хорих ялаас БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар уучлагдан суллагдсан этгээд хамаарна;

   в/ "Өршөөл үзсэн буюу уучлалын журмаар суллагдсаны дараа гэмт хэрэг санаатай үйлдэж дахин хорих ял шийтгүүлсэн" гэдэгт энэ зүйлийн "а", "б"-д дурдсан этгээд дараа нь гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн болон шийтгүүлж байгааг нэг адил хамааруулж үзнэ. 

10.Энэ тогтоол 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА Б.ЧИМИД
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГИШҮҮН, БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АЮУШ